Зүүн хойд Азийн орнуудын дээд хэмжээний уулзалт Төв аймагт болж байна
2019-07-29 17:58:22 Нийтлэгдсэн: НийгэмМонгол Улсын Төв аймаг, ОХУ-ын Приморын хязгаар, БНХАУ-ын Жилинь муж, БНСУ-ын Кангвон муж, Япон улсын Тоттори мужуудын хамтын ажиллагааны Зүүн хойд Азийн бүс нутгуудын Засаг захиргаадын харилцаа, хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт, 24 дэх удаагийн Саммит-2019-ыг Төв аймаг эх орондоо хүлээн авч бүс нутгуудын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа өргөжин хөгжих шинэ боломжуудыг бий болгох зорилгоор Зүүн Хойд Азийн орнуудын бүс нутаг хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах нь сэдвийн дор зохион байгуулж байна. 24 дэх удаагийн Саммит-2019-д Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, БНСУ-ын Ганвон мужийн Дэд Захирагч ноён Чон Ман Хо, Япон улсын Тоттори мужийн Дэд Захирагч ноён Нагова Сатоши, БНХАУ-ын Жилинь мужийн Засгийн газрын Дэд нарийн бичгийн дарга ноён Занг Kайминг, ОХУ-ын Приморийн хязгаарын Гадаад харилцааны газрын дарга ноён Старичков Алексей Юрьевич тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцож байна. Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал хэлсэн үгэндээ Манай аймаг хөдөө аж ахуйн боловсруулах салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлж гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Ноос, ноолуур, арьс шир, мах, газар тариалангийн бүтээгдэхүүнийг өндөр технологиор боловсруулж, экспортлох бодлого барьж ажилласнаар тодорхой ахиц гарсаар байна. Тухайлбал хонины ноосыг боловсруулж, ноосон пальто үйлдвэрлэн Унгар улсад, Мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж БНХАУ, ОХУ, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улсад, Гурвалжин будааг Япон улсад, Чацарганы гаралтай гоо сайхны бүтээгдэхүүнийг Америк, Солонгос, Хятад, Тайвань, Герман, Япон улсад экспортолж байна. Бид гадаадын улс оронд бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, экспортлон гаргахаас гадна гадны сайн технологи, хөрөнгө оруулалт татаж хамтарсан төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй байна. Зөвхөн бараа бүтээгдэхүүн солилцохоос гадна удаан хугацааны тогтвортой бизнесийг бий болгох чиглэлд илүү анхаарч байна. Манай аймгийн төвөөс 10 гаруй км-ийн зайд жилд 3,0 сая зорчигч хүлээн авах хүчин чадал бүхий Олон улсын нисэх онгоцны шинэ буудал ашиглалтад орж, шинэ хот, үйлдвэрлэл үйлчилгээ, тээвэр ложистикийн сүлжээ хурдацтай хөгжих боломж бүрдлээ. Монголын түүх соёл, байгалийн үзэсгэлэн, нүүдлийн соёл иргэншлийг үзэж сонирхохоор Монгол Улсыг зорин ирэх жуулчдын тоо сүүлийн жилүүдэд тасралтгүй өссөөр байна. Жуулчдын эрэлт, хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхолд нийцсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгохоор зорьж ажиллаж байна. Олон улсын нисэх онгоцны буудал манай аймгийн нутаг дэвсгэр дээр байрлаж байгаа давуу талаа ашиглан Буддын шашин соёлын түүхт газраа түшиглэн Соёл, шашин, аялал жуулчлалын цогцолбор-ыг Төв аймгийн төв Зуунмод хотоос 7 км зайд орших Богд Хан уулын өвөрт байгуулахаар ажиллаж байна. хэмээн онцоллоо. Бүс нутгууд 1995 оноос хамтын ажиллагааг эхлүүлсэн ба дээд хэмжээний уулзалт Саммит жил бүр зохион байгуулагддаг бөгөөд үндсэн хуралдаанаас гадна Эдийн засгийн зөвлөл, Байгаль орчин хамгаалах зөвлөл, Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн салбар хуралдаанууд мөн 5 мужийн зураачдын үзэсгэлэн гардгаараа онцлогтой. Дараа жилийн Зүүн хойд Азийн бүс нутгуудын Засаг захиргаадын харилцаа, хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт, Саммит-ыг БНСУ-ын Кангвон муж зохион байгуулах юм. Арга хэмжээний үеэр Төв аймгийн үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнг зохион байгуулж байна. Зочид төлөөлөгчид ирэх сарын 30-ны өдөр Монголын үндэсний өв соёл уламжлалыг харуулсан Төв түмний цэнгэл баяр наадамтай танилцсанаар арга хэмжээ төгсөх юм.
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын хэлэх үг
2019-07-29 09:20:23 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн ИТХ-аас нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид болон нийслэл, есөн дүүргийн төр, захиргааны байгууллагуудын удирдлагуудын дунд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ. Үндсэн хуулийн IV зүйлд оруулж буй нэмэлт өөрчлөлтийн төслийн танилцуулгыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба хийв. Энэ үеэр Үндсэн хуулийн 57 дугаар зүйлд оруулж буй нэмэлт, өөрчлөлтийг онцолсон юм. Тус заалтад хот, тосгоны зааг, ялгааг тодорхой болгосныг тэрбээр дурдлаа. Мөн бүх шатны ИТХ-ын чиг үүргийн давхардал, ажлын уялдааг зохицуулах зорилгоор тусгаад буй сум, дүүргийн ИТХ-аас аймаг, нийслэлийн ИТХ-ыг бүрдүүлэх саналыг дурдсан. Эл саналыг УИХ-ын эхний хэлэлцүүлгээр дэмжээгүй хэдий ч хэлэлцүүлгийн төсөлд байгаа заалт ажээ. Мөн уг өөрчлөлтөд бүх шатны Засаг дарга нарыг сонгох, томилохтой холбоотой заалт тусгасан бөгөөд ингэхдээ сум, дүүргийн Засаг даргыг иргэдээсээ сонгохоор тусгаад байгааг тэрбээр танилцуулгадаа онцолсон. Танилцуулга, мэдээллийг сонсоод нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан санал хэлсэн. Тэрбээр Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид ямар зарчмаар сонгогдож, ямар статустай ажиллах хийгээд нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааг баталгаажуулах, сонгох томилохтой холбоотой асуудлыг бид сайн ярилцах ёстой. Хэдийгээр Үндсэн хуульд Нийслэл бол эдийн засаг, нийгмийн тусгай цогцолбор мөн гэсэн заалт байдаг ч эдийн засаг, эрх зүйн талаасаа дутмаг, хязгаарлагдмал байдаг нь үнэн. Тиймээс оновчтой саналуудыг УИХ-д хүргүүлэх хэрэгтэй. Дүүргийн төлөөлөгчдөөс нийслэлийн төлөөлөгчдийг бүрдүүлнэ гэдэг бол байж болохгүй зүйл гэсэн юм. Нийслэлийн Засаг дарга ИТХ-ын төлөөлөгчид ямар зарчмаар сонгогдож, хэдий хугацаанд бүрэн эрх нь хэрэгжиж, ямар хугацаанд ажиллах вэ гэдэг болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааг баталгаажуулах нэр дэвшүүлэх, сонгох, томилохтой холбогдуулан ямар саналууд байж болох вэ гэдгийг бид сайн ярилцах ёстой хэмээн хэлэлцүүлгийн эхэнд онцолсон. Мөн төрийн удирдлагыг хэрэгжүүлдэг албан тушаалтныг томилдог, нутгийн ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ СОНГОДОГ БАЙХ ЗАРЧИМ БОЛ төлөөллийн ардчиллын ҮНДСЭН зарчим гэдгийг хотын Захирагч онцлоод Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудалд зарчмын шинжтэй ямар зохицуулалтууд тусгах талаар нийслэлийн удирдлагууд, дүүрэг, агентлаг, харъяа газрын удирдлага, албан хаагчид, нутгийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн хуульч, судлаач нарын дунд удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, санал, бодлоо солилцож, гарсан саналуудыг нэгтгэн Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогтод хүргүүлээд буйг дуулгасан. Нийслэлийн удирдлагуудын хувьд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийн IV бүлгийг өөрчлөх шаардлагагүй, харин түүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар органик хууль буюу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд тусгаж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь зүйтэй гэсэн санал, дүгнэлтийг гаргаад байгаа юм.
Чанар стандартын шаардлага хангасан материалаар замын ажлыг хийж гүйцэтгэхийг даалгалаа
2019-07-29 09:17:05 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 11, 12 дугаар хороо, Цагдаагийн гудамж, 100 айлын 1.6 км авто замыг энэ сарын 1-нээс эхлэн хэсэгчлэн хааж шинэчлэн засварлаж байгаа. Засвар шинэчлэлийн ажлын явцтай энэ сарын 26-нд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан танилцаж, зарим нэг ажлуудыг урагшлуулах талаар үүрэг чиглэл өгч ажиллалаа. Хотын Захирагчид нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, УБЗЗАГ-ын орлогч дарга Б.Алгаа болон замын ажлын ерөнхий гүйцэтгэгч компанийн төлөөлөл замын засвар, шинэчлэлийн ажлын явцын талаарх мэдээллийг хүргэсэн юм. Өнөөдрийн байдлаар нийт замын ажлын явц 40 хувьтай байна. Энэ зам нь 12 метр өргөн дөрвөн эгнээ, замын хоёр талаараа 2.25 м өргөнтэй явган хүний зам, гэрэлтүүлэг, дугуйн замтай цогц бүтээн байгуулалт юм байна. Төлөвлөгөөний дагуу 32-ын тойргоос Хангай хотхоны хойд уулзвар хүртэлх 300 метр замыг энэ сарын 10-нд нээгээд үргэлжлүүлэн долоодугаар сарын 14-28-ны хооронд Хангай хотхоны уулзвараас Улсын бүртгэлийн ерөнхий газар хүртэл, долоодугаар сарын 28-аас наймдугаар сарын 15 хүртэл Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын уулзвар хүртэл хэсэгчлэн хааж засч, шинэчлэх ерөнхий төлөвлөгөөтэй байгаа аж. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Замыг бүрэн хааж, орчны аюулгүй байдлыг ханган шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлэх хэрэгтэй. Ажил хэдий урагштай байгаа ч замтай холбоотой хоёр, гурван асуудал байна. Зам засварын ажлын талбар аль нь гэдэг мэдэгдэхгүй, худалдаа наймааны цэгүүдтэйгээ холилдсон ийм ойлгомжгүй байж болохгүй. Зохион байгуулалтаа сайжруулж ажилла. Замыг бүрэн хааж ажлуудаа хий. Мөн гүйцэтгэгч компани материалын чанар, стандартад хяналт тавьж, шаардлага хангасан материалаар хий. Хүний нүдэнд харагдахгүй юм чинь юугаар ч хийсэн хамаагүй гэсэн байдлаар хандаж болохгүй. Одоо хийсэн байгаа энэ холбооны хамгаалалтын шугамын хоолой чинь гарын ая даахгүй, даац авахгүй байна. Хэдхэн сар, жилийн дараа энэ чинь ямар ч хэрэглээгүй болж дахин энэ замыг ухаж засах ажил гарна. Ийм ажил хийх ёсгүй. Энэ 100 метр газарт суулгасан хоолойгоо бүгдийг нь буцаан хуулж аваад, шаардлага хангасан хоолойг нь хий. Хяналт тавих газрууд нь хяналтаа сайн тавьж ажилла гэсэн үүрэг чиглэлийг холбогдох албаны удирдлагуудад өгсөн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
С.Амарсайхан: Түгээлт, борлуулалттай холбоотой ажлуудыг наймдугаар сарын 15 гэхэд жигдрүүлсэн байх шаардлагатай
2019-07-29 09:13:29 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан энэ сарын 26-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 2018 оны Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд сайжруулсан түлшний борлуулалтын цэгүүдээр явж ажиллалаа. Эхлээд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Амгалан дахь зүүн бүсийн хангамжийн баазад очин, нөхцөл байдалтай танилцав. Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, Таван толгой түлш ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар болон бусад холбогдох албаны төлөөлөл, хангамжийн баазын ажилтнууд хотын Захирагчид үйл ажиллагаагаа танилцуулсан юм. Таван толгой түлш ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар Хангамжийн баазад одоогоор 3363 тонн 400 кг түлш буугаад байна. Баазад энэ жил 150 орчим мянган тонн түлш нөөцөлнө. 400 айл дунд нэг борлуулах цэг байхаар тооцож борлуулах цэгүүдийн тооцоог гарган ажиллаж байна гэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Хангамжийн баазууд түлшний хадгалалтад сайтар анхаарах шаардлагатай. Мөн иргэд, олон нийтэд түлшний борлуулах цэгүүдийн талаарх мэдээлэл, зөвлөмжийг сайн хүргүүлэх, судалгаагаа гаргаж өгөөгүй байгаа дүүргүүдийн мэдээллийг яаралтай нэгтгэж гаргах ёстой. Түгээлт, борлуулалттай холбоотой ажлуудыг наймдугаар сарын 15 гэхэд жигдрүүлсэн байх шаардлагатай байна хэмээлээ. Мөн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сайжруулсан шахмал түлшний борлуулах цэгээр орж, борлуулагч болон худалдан авагч иргэдтэй уулзан, тэдний санал сэтгэгдлийг сонсов. Энэ үеэр сайжруулсан шахмал түлш худалдаалах цэгийн борлуулагч Г.Ганчимэг Нам даралтын зуухтай айлд очиж, өөрөө түлж үзсэн шаталт их сайн байсан. Тортог, үнэр байхгүй 9-10 цаг дулаанаа барьж байсан. Иргэд худалдан авалт хийж, зуслан руугаа түлш авч явах нь ихэссэн байна. Одоогоор манай цэгт ямар нэгэн гомдол санал ирсэн юмгүй борлуулалт хэвийн байна гэв. Ахуйн зориулалтын найман төрлийн зууханд сайжруулсан шахмал түлшний шаталтын туршилт хийлээ Дараа нь хотын Захирагч албаны төлөөллийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах ШУТИС-ийн Дулаан техник, экологийн хүрээлэнгийн дэргэдэх Зуух хөгжлийн төв-д ажиллаж, сайжруулсан шахмал түлшний шаталтын процессыг газар дээр нь үзэн лабораторийн ажилчдын саналыг сонслоо. Зуух хөгжлийн төв-ийнхөн өнөөдөр ахуйн зориулалтын найман зууханд сайжруулсан шахмал түлшээр галлагаа хийж, шаталт болон дулаан хадгалалт, асалт гээд шаардлагатай бүх үзүүлэлтээр хэмжилт хийв. Энэ талаар нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал Өнөөдөр найман зууханд туршилт хийж байна. Шаталт нь их сайн, галын градус нь 469, ширмэн дээрээ 235 градус байна. Дөл нь их урт байгаа нь шаталт сайн байгааг харуулж байна. Нэг галлагаа нь 4-6 цаг асна гэсэн юм. Хотын Захирагч лабораторийн ажилчидтай санал солилцон, иргэдэд сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээг хэвшүүлэх, ямар зуух хэрэглэвэл илүү үр дүнтэй байх, түлшээр галаа хэрхэн зөв асаах зэрэг мэдээ мэдээлэл, зөвлөмжийг айл өрх бүрт хүргүүлж ажиллах үүрэг чиглэл өглөө. Мөн энэ үеэр 16 дугаар хорооны иргэдтэй уулзан, сайжруулсан шахмал түлшний хэрэглээг ямар байгааг асууж тодруулан, энэ чиглэлд өөр ямар ажил хийж хэрэгжүүлбэл зүйтэй талаар санал солилцсон юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
МАЛЧИД, ИРГЭД, ТЭЭВЭРЧДИЙН АНХААРАЛД Нутгийн баруун хагаст усархаг бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2019 ОНЫ 07 ДУГААР САРЫН 26-НЫ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Хэнтэйн уулархаг нутгаар бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна. ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи шөнөдөө зүүн хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна. ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 14-19 градус, бусад нутгаар 17-22 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 32-37 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна. 2019 ОНЫ 07 ДУГААР САРЫН 27-НООС 07 ДУГААР САРЫН 31-НИЙГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ 27-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, 28-нд нутгийн хойд хагаст, 29-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 30-нд нутгийн зүүн хэсгээр үргэлжилсэн бороо орно. Салхи 27,28-нд нутгийн зарим газраар, 29-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Хугацааны сүүлээр нутгийн зүүн хагаст сэрүүснэ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй