“Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: Мэдлэгээс төрийн бодлогод” сэдэвт семинарын эхний өдөр “Мэдлэг, төрийн бодлого, тэгш бус байдал” сэдвийг хэлэлцлээ

ЮНЕСКО-гийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: Мэдлэгээс төрийн бодлогод сэдэвт гурван өдрийн семинар /2019.07.17/ Төрийн ордонд эхэллээ. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар зохион байгуулж байгаа тус семинарыг Улсын Их Хурлын даргын зөвлөх Д.Бадарч хөтлөн явууллаа. Монгол Улсын хэмжээнд нийгмийн тэгш бус байдлыг бууруулахын тулд судалгааны ажил, шийдвэр гаргагчдын хоорондын уялдаа холбоог сайжруулах, зохих чадавхийг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа уг семинарыг нээж Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга дарга Д.Оюунхорол хэлсэн үгэндээ, Бидний тодорхойлж байгаа шийдвэрлэх хүчин зүйл бол хүмүүсийн хооронд итгэл дүүрэн харилцааг бий болгосон, хүүхэд залуучуудад чанартай боловсрол эзэмших боломжийг бүрдүүлсэн, стресс, хүчирхийлэл багатай, сэтгэлзүйн хувьд тогтвортой эрүүл нийгмийг тогтооход туслах юм. Хууль тогтоомжийн төслийг судалгаа, нотолгооны үндсэн дээр боловсруулж байх төрийн бодлого болон эрдэм судлалын ажлын үр дүнгийн уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байна.Тийм ч учраас УИХ-аас нийгмийн тэгш байдлын асуудалд онцгой анхаарч, тэгш бус байдлыг арилгах шийдлийг эрж хайх зорилгоор энэхүү семинарыг зохион байгуулж байна гэдгийг онцлов. Тэрбээр мөн хэлсэн үгэндээ сүүлийн 60-аад жилийн хугацаанд Монгол УлсЮНЕСКО-той үр өгөөжтэй хамтын ажиллагааг хөгжүүлж ирснийг тэмдэглэлээ. Мөн семинарын нээлтэд Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга нар үг хэлсэн юм. Дараа нь эхний өдрийн семинарын хоёр гол илтгэлийг танилцууллаа. Эхний илтгэлийг ЮНЕСКО-гийн Судалгаа, бодлого, форсайтын секцийн эрхлэгч Жон Кроули Тэгш бус байдлын талаарх судалгаа-төрийн бодлогын шүтэлцээ сэдвээр, хоёр дахь илтгэлийг МУИС-ийн Нийгмийн судалгааны хүрээлэнгийн захирал О.Мөнхбат Монголын нийгэм дэх тэгш бус байдал-төлөв байдал, чиг хандлага сэдвээр хийсэн юм. Үргэлжлүүлэн эрдэмтэн судлаачид Тэгш бус байдлын талаарх судалгаа, үзэл баримтлал, танин мэдэхүй, Монгол Улсад нийгмийн тэгш бус байдлыг бууруулах чиглэлээр өрнөж буй хамтын ажиллагаа сэдвээр илтгэл тавилаа. Гурван өдөр үргэлжлэх семинарын эхний өдөр ийнхүү Мэдлэг, төрийн бодлого, тэгш бус байдал сэдвийн хүрээнд болж байна. Семинар маргааш өглөө 09.00 цагаас Төрийн ордонд үргэлжилнэ. Семинарыг УИХ-ын Тамгын газар, Шинжлэх ухааны академи, ЮНЕСКО-гийн Нийгэм, хүмүүнлэгийн сектор, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс хамтран зохион байгуулж байна гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ЭКО дүүрэгт Хаман хот тарвасны хүлэмж бэлэглэлээ

БНСУ-ын Гёнгсан аймгийн Хаман сумын ИТХ-ын дарга Паг Юун Сун, Засаг дарга Жу Гын Жэ тэргүүтэй тус сумын ИТХ-ын төлөөлөгчид энэ сарын 10-наас 13-ны өдрүүдэд Хан-Уул дүүрэгт албан айлчлал хийсэн бөгөөд уг айлчлалын гол зорилго нь ихээхэн ач холбогдолтой байлаа. Бидний мэдэхгүй БНСУ-ын Гёнгсан аймгийн Хаман сум нь улсдаа ХАА-н чиглэлээр тэргүүлэгч сум бөгөөд, тэр дундаа хүлэмжийн аж ахуйг дэлхийн жишигт нийцсэн технологиор байгуулж, тарвас, амтат чинжүү, улаан лоольны тариалалтаараа улсдаа дээгүүрт ордог. Мөн Япон болон Азийн өндөр хөгжилтэй орнуудад экспортолдог амтат тарвасаараа Азидаа төдийгүй дэлхийд алдартай. Хан-Уул дүүрэг болон Хаман сумын хамтын ажиллагааны хүрээнд Хаман сум буцалтгүй тусламжаар, 100% хөрөнгө оруулалттайгаар Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах Хан-Уул Агро паркад 50 метр урттай 4 улирлын зориулалттай 8 ширхэг тарвасны хүлэмжийг бэлэглэхээр болж, өнгөрсөн 4 дүгээр сараас Хаман сумын мэргэжлийн баг хамт олон Хан-Уул Агро паркад ажиллаж эхэлсэн юм. Ийнхүү дэлхийд алдартай амтат тарвас эхнээсээ соёолж, ирэх наймдугаар сард боловсорч гүйцэх бөгөөд Нийслэл хотынхон маань энэхүү амтат тарвасыг амталж үзэх боломжтой болох нь. Цаашлаад Хан-Уул Агро паркын тариаланчид өөрсдөө тарвас тариалах боломжтой болсон ба энэ нь Эко дүүрэг болох зорилт тавьсан Хан-Уул дүүргийн ногоон хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан бодит ажил боллоо. Уг айлчлалын хүрээнд тус хүлэмжүүд нээлтээ хийсэн бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд хоёр талын тэргүүлэгчид буюу НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, ИТХ-ын дарга Б.Цэрэн нар оролцож, цаашдаа хоёр улсын хамтын ажиллагааны цар хүрээгээ улам тэлж, нягт хамтран ажиллахаар боллоо.

“Хөхүүрийн айраг” наадам гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр монголын уламжлалт исэг цагаан идээ болох айрагны соёл, ахуй заншил, тоглоом наадгай, зан үйлийг наадамчин олон болон гадаадын аялагч, жуулчдад сурталчлан таниулах, цаашид наадмын томоохон эвент арга хэмжээ, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох зорилгоор Хөхүүрийн айраг наадмыг гурав дахь жилдээ буюу долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгууллаа. Энэхүү наадам нь хөхүүрийн шилдэг айргыг шалгаруулж ардын уламжлалт ёс, зан үйлийг сэргээх, Үндэсний уламжлалт баяр наадмыг ёслол төгөлдөр, өргөн дэлгэр болгох, ард түмэнд соёлын өв, уламжлалт мэдлэг арга ухааныг дэлгэрүүлэх, хөхүүрт айраг исгэж хэрэглэдэг уламжлалт арга, ёсыг сэргээн хөгжүүлэх ач холбогдолтой билээ. Тус наадмыг зохион байгуулах ажлын хэсэг, шүүгчдийн бүрэлдэхүүнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Эрдэнэчимэг, мэргэжилтэн О.Уянга, Инженерийн байгууламжийн хэлтсийн мэргэжилтэн Б.Мөнхзул, Айрагны нутгаар ТББ-ын тэргүүн, бригадын генерал Ч.Сосорбарам, гүйцэтгэх захирал Б.Тайванжаргал, гишүүн Г.Алтан-Оч, Ц.Ган-Оч, МУШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн дарга, академич С.Чулуун, Байгаль соёлын өвийг хамгаалах сан ТББ-ын судлаач А.Дүүрэнжаргал, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн продюсор Г.Чоглоонамжил, СУИС-ийн Уран бүтээлийн газрын дарга Б.Болормаа, Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ-ын дарга Д.Хатанбаатар нар ажиллалаа. Уг наадамд Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэн С.Доржханд, Булган аймгийн Сайхан сумын иргэн Б.Даваасүрэн, Архангай аймгийн Хотонт сумын иргэн О.Баяндэлгэр, Цэнхэр сумын иргэн С.Самбуудорж, Т.Пагмадулам нар оролцож нийт 3 аймгийн 4 сумаас 5 малчид уламжлалт аргаар хөхүүрт исгэсэн айргаараа оролцсоноос гадна, айрагтай холбоотой соёл, уртын дуу, магтаал, ерөөл, зан үйлийг наадамчин олонд танилцуулав. Наадмын үеэр Сайхан айраг, Шилдэг хөхүүр, Шилдэг гэр-ийг I, II, III байраар шалгаруулж цом, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Сайхан айраг-аар Булган аймгийн Сайхан сумын малчин А.Даваасүрэнгийн исгэсэн айраг шалгарсан бол II байранд Архангай аймгийн Хотонт сумын малчин О.Баяндэлгэр, III байранд Архангай аймгийн Цэнхэр сумын малчин С.Самбуудорж, тусгай байранд Архангай аймгийн Цэнхэр сумын малчин Т.Пагмадуламын исгэсэн айраг шалгарлаа. Шилдэг гэр номинацийн I байранд Булган аймгийн Сайхан сумын малчин А.Даваасүрэн, II байранд Архангай аймгийн Цэнхэр сумын малчин С.Самбуудорж, III байранд Архангай аймгийн Цэнхэр сумын малчин Т.Пагмадулам, Шилдэг хөхүүр номинацийн I байранд Булган аймгийн Сайхан сумын малчин А.Даваасүрэн, II байранд Архангай аймгийн Цэнхэр сумын малчин С.Самбуудорж, III байранд Өвөрхангай аймгийн Уянга сумын малчин С.Доржхандын хөхүүр тус тус шалгарав. Мөн хөдөө орон нутгийн оролцогч болон наадамчин олны дунд дэмбээний тэмцээнийг 2 удаа зохион байгуулж Булган аймгийн Сайхан сумын малчин А.Даваасүрэн, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэн Д.Батдорж нар түрүүллээ.

Налайхын 63 дугаар байрнаас Мянганы зам хүртэлх 1.7 км авто замын шинэчлэлийн ажил наймдугаар сарын 1-нд дуусна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Налайх дүүрэгт ажиллалаа. Хотын Захирагчийг Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, тус дүүргийн Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар болон бусад холбогдох албаны төлөөлөл угтан авч, Улс, нийслэлийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын явцыг танилцуулсан юм. Хотын Захирагч өнөөдөр 63 дугаар байрнаас Мянганы зам хүртэл 1.7 км авто замын шинэчлэлийн ажлын явцыг үзэж, зам дагуу хийгдэж буй дугуйн зам, явган зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажлыг чанар стандартын дагуу хурдан шуурхай хийж гүйцэтгэх үүрэг чиглэл өглөө. Авто замын шинэчлэлийн ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна. Наймдугаар сарын 1-нд бүрэн ашиглалтад орно гэдгийг хотын Захирагчид Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хэлэв. А.Туяабаатар: Найман байршилд явган хүний зам хийгдэж байна Налайх дүүрэгт энэ жил олон бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа бөгөөд энэ талаар тус дүүргийн Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатараас тодруулсан юм. Тэрбээр Налайх дүүрэгт энэ жил Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр олон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ. Улсын төсвийн хөрөнгөөр 1, 3 дугаар хороонд 100 болон 150 хүүхдийн цэцэрлэг баригдаж байна. Мөн 700 хүний суудалтай спорт цогцолборын барилга энэ жил үлдэгдэл санхүүжилт шийдэгдэж, арваннэгдүгээр дүгээр сар гэхэд ашиглалтад орно. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 63 дугаар байрнаас Мянганы зам хүртэлх 1.7 км замын ажил, Налайх-Чойрын 20.9 км авто замын ажлууд эрчимтэй явж байна. 17, 18 дугаар гудамжны хучилтын ажил удахгүй эхэлнэ. Бөмбөрцөгтэй уулзвараас Нарангийн төмөр замын гарам хүртэлх 4.4 км замын ажлууд графикийн дагуу хийгдэж байна. Гэрэлтүүлгийн хувьд 2020 он хүртэлх Налайх дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт дүүргийг 100 хувь гэрэлтүүлэгтэй болгоно гэсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ жил мөн нийслэлийн төсвийн хөрөнгө болон орон нутгийн хөгжлийн сангаараа гэрэлтүүлгийн ажил хийж байна. Түүнчлэн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 52, 53 дугаар байрны гадна фасадны ажил, 35, 39 дүгээр байрны бохирын шугамыг солих ажлыг хийгдэж байгаа. Дөнгөж саяхан нийслэлийн Засаг даргын захирамж гарч, нийслэлийн төсвийн хөрөнгөөр Голомт, Эрдмийн оргил цогцолбор сургуулиудад хүүхдийн хөлбөмбөгийн талбай байгуулахаар тендер зарлагдаад ажил эхлэх гэж байна. Мөн найман байршилд явган хүний зам хийгдэж байна хэмээлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

С.Амарсайхан: Нийслэлчүүдийн хувьд энэ зам нэг цаг, нэг хоногийн өмнө ч гэсэн ашиглалтад орох нь нэн чухал

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Налайх дүүрэгт ажиллалаа. Энэ үеэрээ Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын явцтай танилцаж, холбогдох албан тушаалтнуудад замын ажлыг төлөвлөсөн хугацаанд хурдан шуурхай, чанартай хийж гүйцэтгэх үүрэг чиглэл өгч ажиллав. Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын хүрээнд хоёр урсгалтай, явган болон дугуйн замтай нүхэн гарцыг хийж байгаа бөгөөд энэ гарцын ажлын гүйцэтгэл 18 хувьтай явж байна. Бусад замын ажлууд төлөвлөсөн графикийн дагуу хийгдэж байгааг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Г.Баттогтох хотын Захирагчид танилцуулсан юм. Хотын Захирагч С.Амарсайхан Замын ажлыг хийж гүйцэтгэхэд хяналт тавьж байгаа компаниуд хяналтаа сайн хийж, шаардлагаа өндөрсгөж ажилла. Санхүүжилтийн асуудал шийдэгдсэн байхад ажил удаашрах асуудал байх ёсгүй. Өдөр, шөнийн ээлжээр ажилла. Гол нь чанар стандартад нийцсэн, гүйцэтгэлийг сайн хангаж ажиллах шаардлагатай. Зам дээрх ажиллах хүн хүчээ нэм, ажлаа эрчимжүүл. Нийслэлчүүдийн хувьд энэ зам нэг цаг, нэг хоногийн өмнө ч гэсэн ашиглалтад орох нь нэн чухал байна гэдгийг онцолж хэлэв. Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам нь хоёр эгнээ байсныг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилж байна. Замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилснээр алслагдсан дүүргийг нийслэлтэй холбох, Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон талын давуу тал бий болох юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.