Нийслэлийн дэд бүтцийн салбарт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудыг түргэвчлэхийг үүрэг болгов

Улаанбаатар хотын авто замын ачаалал, зам тээврийн ослыг бууруулах, иргэдийг ая тухтай орчинд амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын болон нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгасан авто зам, гүүрийн бүтээн байгуулалтын ажил нийслэлд өрнөж байна. Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өнгөрсөн амралтын өдрүүдэд тус бүтээн байгуулалтын ажлцуудтай танилцаж, үүрэг чиглэл өглөө. Налайхын замын шинэчлэл, өргөтгөлийн ажил 25 хувийн гүйцэтгэлтэй байна Эхлээд Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн хүрээнд баригдаж буй 20,9 км авто замын явцын байдалтай танилцсан юм. Энэ зам нь 2 эгнээ байсныг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэж байгаа юм. Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын авто замын ажил 25 хувийн гүйцэтгэлтэй төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Замын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын Синохайдро Лимитед Корпорейшн, туслан гүйцэтгэгчээр Монголын Тэгштплант, Гашууны гол, Дардан-Говь зэрэг дөрвөн компанийн 310-аад ажилчин ажиллаж байгаа. Ирэх арваннэгдүгээр сарын 30-нд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ зам дээр үерийн ус зайлуулах хоолойг 36 газарт хийж байгаа. Мөн авто машины хоёр тунель, мал амьтны нэг тунелийг хийж байгаагаараа онцлогтой хэмээлээ. Уг замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэснээр алслагдсан дүүргийг нийслэлтэй холбох, Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон талын давуу тал бий болох юм. Мөн босоо тэнхлэгийн авто зам буюу Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн авто замын транзит ачаа тээврийг нэвтрэн өнгөрүүлэх чадварыг дээшлүүлэх аж. Монголд анх удаа бүрэн цутгамал гүүр барьж байна Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 м төмөрбетон гүүрийг шинээр барих төслийн ажилтай мөн танилцсан юм. Бусад гүүрийн байгууламжийг дам нуруу тавьдаг бол манайх шууд газар дээр нь цутгаж хийж байгаагаараа онцлогтой. Даацын хувьд Монгол улсад хэрэглэгдэж буй бүх төрлийн машин механизм бүрэн зорчих боломжтой. Бид энэ гүүрэндээ 100 жилийн баталгаа өгч чадна хэмээн Бээжин Юни констракшн групп ХХК-ийн зүгээс хэлж байв. Энэ гүүрийн дам нурууг шууд газар дээр нь цутгаж хийж байгаагаараа онцлог. Монголд анх удаа ийм гүүр баригдаж байгаа. Налайхын замтай холбогдоно. Гүүрийн ажил төлөвлөгөөт хугацааны дагуу 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж байна. Ирэх наймдугаар сард зорчих хэсгийг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна хэмээн Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх ярилаа. Хайлаастын уулзвараас Дарь эхийн зам хүртэл 1.4 км замын ажил дөрвөн айлаас болж нэг жил гацсан Хайлаастын уулзвараас Дарь эхийн зам хүртэл 1.4 км замыг 57 у/м гүүрийн хамт шинээр барих бөгөөд авто замын зорчих хэсгийн өргөн 14м, 4 эгнээ хатуу хучилттай, 2 талдаа 2м өргөн ногоон байгууламж, 3м өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамтай иж бүрэн авто зам байхаар төлөвлөсөн. 2017 оны зургаадугаар сард эхэлсэн уг замын ажил одоо 85 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх Дулааны улиралд зуслан чиглэл рүү түгжрэл ихэсдэг. Энэ зам нь түгжрэлийг 30 хувиар бууруулах ач холбогдолтой. Замын трассын дагуу 108 нэгж талбар нөлөөлөлд өртсөн байсныг чөлөөлсөн. Дөрвөн айл газраа чөлөөлж өгөхгүй байснаас бүтээн байгуулалтын ажлыг бүтэн жил гаран гацаасан байсан. Бид тухайн иргэдтэй уулзаж, тохиролцож чадсан. Нэг айл үлдсэн байгаа. Ирэх долоо хоногт үлдсэн нэг айлын газрын асуудлыг шийд гэсэн үүрэг даалгаварыг холбогдох газруудад өгсөн. Нийслэлээс холбогдох бүх арга хэмжээг авсан. Улсын баяр наадмаас өмнө ашиглалтад оруул хэмээн үүрэг болгов. Төлөвлөгөөт хугацааны дагуу бол энэ замыг ирэх наймдугаар сарын 1-нд ашиглалтад өгөх ёстой. Нийслэлээс долоодугаар сарын 10-наас өмнө дуусгах үүрэг өгч байгаа. Бид үлдсэн нэг айлын асуудлаа түргэн шийдчихвэл энэ хугацаанд нь замыг бүрэн хүлээлгэж өгөх боломжтой хэмээн Мотор Сервис ХХК-ийнхан хэллээ. Б.Отгонсүх: Ажилтнуудынхаа тоог нэмж, 2 ээлжээр ажилла Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх Замын цагдаагийн ойролцоох гүүхэн гарц барих төслийн ажлын явцтай танилцаж, хугацаатай үүрэг даалгавар өглөө. Төслийн хүрээнд баригдах гүүрэн гарц нь нийт 6 хэсгээс бүрдэх ба Олимпын гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух үндсэн гүүр 4 эгнээ, 470 м урт, 16.5 метр өргөн байх юм. Мөн Зүүн хойд талд үндсэн гүүрнээс Нарны зам руу холбогдох С хэсэг, Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын В хэсэг, Нарны замын баруун талаас ирэх автомашин үндсэн гүүрээр дамжиж, Их Монгол улсын гудамж руу буух А хэсэг багтаж буй юм. Түүнчлэн төмөр зам дээгүүр явган хүний гүүр, Дунд гол дээгүүр усан паркийн замтай холбогдох төмөрбетон гүүр барина. 2017 онд эхэлсэн төсөл удаашралтай байгаагийн бас нэгэн шалтгаан нь гүүр барих чиглэлд байрлаж байсан зарим аж ахуйн нэгж газар чөлөөлөхийг зөвшөөрөөгүй удсантай холбоотой аж. Бүтээн байгуулалтын ажил 62 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, Нийслэлийн удирдлагууд бүхий л боломжийг дайчлан газруудыг бүрэн чөлөөлсөн. Одоо цаг агаар муудахгүй л бол өөр асуудал байхгүй. Санхүүжилт бэлэн, газар бэлэн. Тиймээс ажилтнуудынхаа тоог нэмж, 2 ээлжээр 24 цаг ажиллаж, энэ оны наймдугаар сарын 15-ны дотор ашиглалтад оруулах ёстой. Есдүгээр сард хичээл сургууль эхэлж, нийслэлийн автозамын ачаалал нэмэгдэнэ. Тиймээс иргэдийг ая тухтай зорчих боломжийг бүрдүүлэхийн тулд шахуу ажиллах ёстой юм. Харин ажилтнуудынхаа тоог нэмэхдээ монгол хүн ажиллуулах хэрэгтэй гэлээ. Улаанбаатар хотыг хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Төмөр замтай огтлолцсон зам, уулзварт томоохон гүүрэн гарц барих ажлын хүрээнд Их Монгол улсын гудамжнаас Дунд гол, Төмөр зам, Нарны зам дээгүүр Олимпийн гудамж руу буух гүүрэн гарц нь баригдсанаар төмөр замаар тусгаарлагдсан хотын төвийн хэсгүүдийг холбосон саадгүй нэвтрүүлэх чадвар бүхий босоо тэнхлэгийн гол замын сүлжээг бий болгож, хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, иргэдээ ая тухтай саадгүй зорчуулах, зорчигч тээвэрлэгчдийн цаг хугацааг хэмнэх эдийн засгийн өндөр үр ашигтай, нийслэл хотын өнгө үзэмжийг сайжруулах чухал ач холбогдолтой юм.

“БАЯН АЙРАГ ЭКСПЛОРЭЙШН” КОМПАНИЙН НУРУУЛДАН УУСГАХ ТАЛБАЙ ҮЕРТ АВТАВ

Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө үргэлжилсэн усархаг бороо орсны улмаас тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Баян Айраг Эксплорэйшн ХХК-ийн нуруулдан уусгах үүрийн хойд хэсэгт уулын үерийн ус орж, 1693 м.кв талбайд үүрийн ёроолын хэсэгт дэвссэн плёнкноос хальж хуримтлагдсан. Энэ дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга А.Даваадоржоор ахлуулсан мэргэжлийн хяналтын улсын байцаагчид газар дээр нь шуурхай арга хэмжээ аван ажиллаж бөгөөд МХЕГ-аас мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж байна. Тус компани цианид ашиглан нуруулдан уусгах технологиор алт олборлодог бөгөөд хуримтлагдсан үерийн усыг хөрсөнд шингээхгүй байх арга хэмжээ авч, насосоор соруулан бусад үүр руу шилжүүлэх ажил хийгдэж байна. Компанийн олборлолтын үйл ажиллагааг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас түр зогсоож, ус хөрс, уснаас дээж авч лабораторийн шинжилгээнд өгөөд байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2019 оны нэгдүгээр сард уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлсэн бөгөөд Тус зөвлөмжийн 9 дүгээр заалт Хур тунадас ихтэй газрын уулын овоолгуудад зуны улиралд суулт гулсалт гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, болзошгүй үер, усны аюул бүхий уурхайд хаалт, хамгаалалтын арга хэмжээг урьдчилан хийж, үерийн уснаас хамгаалах суваг, далан хаалт байгуулах, үерийн урсгалыг уурхайд нэвтрүүлэхгүй арга хэмжээг авах, тухай тодорхой заасан хэдий ч урьдчилсан байдлаар тус компани ТЭЗҮ-д тусгагдсан үерийн ус зайлуулах суваг шуудуу, даланг байгуулаагүйгээс тухайн нөхцөл үүссэн гэж үзэж байна. Үүнээс гадна нуруулдан уусгах 2, 14, 15 дугаар үүрийн овоолгод хагарал үүсч нуралт, гулсалт болох эрсдэлтэй нөхцөл үүссэн байна. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус компанид 2019 оны гуравдугаар сард хийсэн хяналт шалгалтаар тодорхой зөрчлүүдийг илрүүлж Улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн боловч Баян Айраг Эксплорэйшн компанийн зүгээс албан шаардлагын хариу ирүүлээгүй, үр дүнд хүрсэн ажил зохион байгуулж ажиллаагүй байна. Үерийн улмаас байгаль орчинд учруулсан байж болзошгүй хохирлын хэмжээг тооцох, хөрсөнд алдагдсан байж болзошгүй химийн бодисыг саармагжуулах, нөхөн сэргээх ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд Цианидын агуулахыг лацдаж, Зөрчлийн хуулийн дагуу аймгийн Прокурорын зөвшөөрлөөр Улсын байцаагчийн актаар зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар уурхайн үйл ажиллагааг түр зогсоогоод байна. Ойрын өдрүүдэд бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа бөгөөд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж ажиллах шаардлагатай байна. МХЕГ-ын Хэвлэл мэдээллийн алба

ТОЙМ МЭДЭЭ: Нийслэлийн ажил өнгөрсөн долоо хоногт

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны зургаадугаар сарын 08-наас зургаадугаар 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийж хэрэгжүүлсэн гол ажлууд болон Хотын захирагч С.Амарсайханы өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын гишүүд, Хотын дарга С.Амарсайхан нар Багануур дүүрэгт ажиллалаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон бусад албаны хүмүүс нийслэлийн Багануур дүүрэгт ажиллалаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан энэ үеэр Бүх төрийн албан хаагчид шат шатандаа хариуцсан дүүрэг, хороондоо очиж, иргэндээ хүрч үйлчилж ажиллах шаардлагатай байна. Өрөөндөө суугаад, бичиг цаас бие биен рүүгээ шидээд улс орон, нийслэл дүүргийн ажил, амьдралд ахиц гарахгүй. Бидний төлөвлөн боловсруулж гаргасан ажлууд амьдрал дээр ямар шатанд хэрэгжиж байгааг нөхцөл байдал дээр нь үзэж танилцах, ам ажил хоёрын зөрүүг арилгахыг хүсье. Төрийн албан хаагчид та бүхэн бол төр, иргэн хоёрыг холбосон гүүр гэдгээ санаж хариуцлагатай, санаачлагатай, үр дүнтэй ажиллаарай хэмээн төрийн албан хаагчдад хандан хэлсэн юм. Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн долоо хоногийн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хүргэлээ. Дараагаар нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим удирдлагуудаас хотын Захирагч цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж гүйцэтгэж байгаа ажлын явцыг тодруулж асуусан юм. Шуурхай зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд 2019 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, үйл ажиллагааны үр дүнгээ дүгнэх, тайлан мэдээгээ Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/335 дугаар захирамжийн дагуу НЗДТГ-т болон дээд шатны байгууллагуудад хугацаанд нь хүргүүлэхэд анхаарч ажиллах-ыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад үүрэг болгов. Мөн Нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөөг тасалдуулсан байгууллагууд орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж, орлогын тасалдлыг энэ сардаа багтаан нөхөн төвлөрүүлэх ажиллах, Улаанбаатар хөрөнгө оруулалт-2019 форум зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах зэрэг үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өгч төлөвлөсөн хугацаанд хариуцлагатай хийж хэрэгжүүлэхийг үүрэг болголоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хотын дарга С.Амарсайхан нар Налайх дүүрэгт ажиллалаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон бусад албаны хүмүүс нийслэлийн Налайх дүүрэгт ажиллалаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан энэ үеэр 100 айл орчмын барилгын материалын үйлдвэрүүдийг Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркад нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэгдсэн байгаа. Нийслэлийн төсвөөр 40-50 тонн автомашин явах зориулалттай төв замтайгаа холбосон гурван эгнээ бүхий хүнд даацын бетонон зам тавьж байна. Үйлдвэр технологийн паркийг хуулийн хүрээнд ашиглалт менежмэнт, хөрөнгө оруулагч иргэн, аж ахуйн нэгжүүд, паркын захиргаа нарын хооронд эрх зүйн харилцаа тодорхойгүй байдал үүсэхээс сэргийлж гадны улс орны үйлдвэрлэлийн паркыг судалж байна гэлээ. Нийслэлийн Засаг даргын Явуулын байр Сонгинохайрхан дүүрэгт ажиллав Нийслэлийн Засаг даргын Явуулын байр Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөрийн газар, Нийгмийн халамжийн газар, Цагдаагийн газар, Боловсролын газар, Бүртгэлийн газар, Эрүүл мэндийн газрын холбогдох албан тушаалтан мэргэжилтнүүд явуулын оффист ажиллаж, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч мэдээлэл зөвлөгөө өглөө. Энэ өдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг явууллын оффисынхонтой хамтран ажиллаж, Харилцааны хөгжил төв ТББ-ын үйл ажиллагаатай танилцан, Улаанчулуутын хогийн цэг дээр ажиллаж амьдарч байгаа иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонссон юм. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Улаанбаатар хотын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Улаанбаатар хотын телехяналтын нэгдсэн системийг төлөвлөх, зохион байгуулах, мэдээллийг ашиглах журам батлах тухай байв. Мөн Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай, Нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээ тогтоох тухай асуудлуудыг хэлэлцсэн юм. Тус асуудлаас Нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээ тогтоох тухай асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй гэсэн зургаан дүүргийн нийт 30 байршлын нийтийн эзэмшлийн амралт, зугаалгын талбай, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг Нийтийн эдэлбэр газарт хамруулан тогтоох асуудлыг дэмжиж, НИТХ-д оруулахаар болов. Төв талбайн урд хэсгийн 2.5 га газарт тохижилтын зураг төсөл боловсруулах уралдааны шилдгүүд тодорлоо Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/439 дугаартай захирамжийн дагуу Д.Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрын тохижилтыг мэргэжлийн байгууллага, иргэд, олон нийтийн оролцоотой шинэчлэх, шинэ санаа, шилдэг шийдлийг тодорхойлох зорилгоор зураг төсөл боловсруулах уралдааныг өнгөрсөн сарын 15-29-ний өдрийн хооронд явууллаа. Уралдаанд нийт 16 баг оролцож, шинэлэг, бүтээлч олон санааг дэвшүүлсэн бүтээл ирүүлжээ.Уралдаанд оролцож буй багуудын ирүүлсэн бүтээлд нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын http://uda.ub.gov.mn цахим хуудсаар дамжуулан тав хоногийн хугацаанд иргэд, олон нийтийн саналыг авсан бөгөөд нийт 15563 иргэн саналаа өгсөн байна. Тэргүүн байранд Төвшингүүд Констракшн ХХК багийн төсөл шалгарч өргөмжлөл, 20 сая төгрөгөөр шагнууллаа. Шагналт байруудад Кью Эл Скейл ХХК, Эн Эс Партнерс ХХК багийн бүтээлүүд шалгарч, өргөмжлөл, 5 сая төгрөгөөр шагнуулав. Ж.Батбаясгалан: Хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулаагүй иргэн, ААН-ийн газрыг нийслэл эргүүлэн авна УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан нараар ахлуулсан албаны хүмүүс Туул голын дагуу зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа болон олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй газруудын нөхцөл байдалтай танилцаж газар дээр нь ажиллав. Туул голын эрэг орчимд амралт зугаалгын бүс байгуулахаар зөвшөөрөл авсан 18 ААН өнөөдрийг хүртэл ямар ч ажил хийгээгүй байна. Аж ахуйн нэгжүүдэд олгосон газрыг эргээд төрд авахаар болж байгаа. Нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах зорилгоор эргээд хэн нэгэнд олгохгүйн тулд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд шилжүүлэхээр болсон байгаа. Учир нь төсвийн хөрөнгөөр хувийн эзэмшилд хөрөнгө оруулах боломжгүй. Бид хууль зөрчсөн газруудыг цуцлахыг нь цуцлаад явж байна. Эргээд бүгдээрээ шүүхэд хандаж, тохижилт хийх, ажил хийх хугацааг алдагдуулж байна хэмээн нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан ярилаа. Туул голын онцгой хамгаалалтын бүсэд хамаарагдаж байгаа зарим газруудын эрхийг 2018 онд цуцалсан боловч тухайн газрыг эзэмшигч ААН, иргэн нь шүүхэд хандаад шүүхийн шатандаа явж байгаа аж. Наадамчдын зам дагуух тохижилт, ногоон байгууламжийн ажил үргэлжилж байна Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Наадамчдын зам дагуу хийгдэж байгаа ногоон байгууламж, зүлэгжүүлэлтийн ажилтай газар дээр нь очиж танилцлаа. Наадамчдын замын урд талд тохижилт, ногоон байгууламж, зүлэгжүүлэлтийн ажил явагдаж байхад замын ард талд дулааны шугам сүлжээ нэрээр газар ухсан, эргээд хучилтаа хийгээгүй, орчны ногоон байгууламжийн ажлыг сүйтгэсэн байв. Уг ажилтай танилцсан Хотын захирагчийн зүгээс ажлыг гүйцэтгэж буй холбогдох байгууллагад яаралтай мэдэгдэн, орчин тойрноо бохирдуулсан ийм зүй зохисгүй ажил хийж болохгүй, энэ асуудлыг холбогдох хууль дүрмийн дагуу шийдэх шаардлагатай гэдгийг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт үүрэг болгосон юм. Мөн зам дагуух ногоон байгууламж, зүлэгжүүлэлтийн ажлыг стандартын дагуу тохижуулах, тэр орчимд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд ногоон байгууламжийн ажилд саад учруулахгүй байх, хамтарч тохижилтын ажилд оролцох шаардлага хүргүүлэх, дүүрэг, нийслэлийн холбогдох байгууллагууд хамтраад энд хяналтаа тавиад явахыг холбогдох албаныханд үүрэг чиглэл болгов. Хотын захирагч С.Амарсайхан Хууль дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдтэй хот хамтраад дэмжээд явна. Харин нийгмийн хариуцлагагүй үйлдэл гаргасан, тохижилтийн ажилд саад учруулсан асуудлыг хууль дүрмийнхэн дагуу шийдэх болно гэдгээ онцолж хэлсэн юм. Улаанбаатар хотын банк ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцаллаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Улаанбаатар зочид буудлын урд талд байрлах цэцэрлэгт хүрээлэн болон, Монгол Улсын их сургуулийн хичээлийн хоёрдугаар байрны урд талд байрлах нийтийн эдэлбэр газруудын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамж гаргалаа. Захирамжид Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байгаа Улаанбаатар зочид буудлын урд талд байрлах 10800 м квадрат талбай, МУИС-ын хичээлийн хоёрдугаар байрны 1200 метр квадрат оюутны талбай, цэцэрлэгт хүрээлэн, тохижилт бүхий газруудад эзэмшил ашиглалтад олгохыг хориглосон байршилд газар эзэмшүүлж эрхийн гэрчилгээг олгосон, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй,газар эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй учраас Улаанбаатар хотын банк ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай гэжээ. Үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлийн Онцгой байдлын комиссын үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанд нийслэлийн Онцгой байдлын газар, авто зам хөгжлийн газар, Ус суваг удирдах газар, Геодизи усны барилга байгууламжийн газар, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн мэргэжилтэн албан хаагчид оролцов Ажлын хэсгийн ахлагч Захирагчийн ажлын албаны дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр нөхцөл байдалтай холбогдуулж, үер усны гамшгийн үеэр шуурхай албаныхан хүн хүч тоног төхөөрөмжний бэлэн байдлыг бүрэн хангаж ажиллахыг даалгав. Мөн нийтийн тээврийн замын хөдөлгөөнийг төлөвлөгөөний дагуу зохицуулж, иргэд оршин суугчдад үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх мэдээ мэдээллийг шуурхай өгч ажиллахыг үүрэг болголоо.

Иргэд, тээвэрчдийн анхааралд

2019-06-17 09:59:58 Нийтлэгдсэн: Нийгэм
Иргэд, тээвэрчдийн анхааралд

Төв аймгийн Лүн сумын нутагт энэ сарын 15-ны өдрөөс эхлэн хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж, Төв аймгийн Баянхангай сумаас Лүн сум хүртэлх 110-113 км-т засмал зам цөмөрч, зорчих боломжгүй болсон тул ЗТХ-ийн сайдын тушаалаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 17-ны өдрийн 18 цаг хүртэл хязгаарласан. Мөн Дундговь аймгийн Сайнцагаан сум чиглэлийн авто замын 64-75 дахь км-т үерийн усны улмаас зорчих хэсгийн хоёр талын хөвөө нийтдээ усанд угаагдаж, хучилтууд хэсэгчлэн эвдэрч, доогуураа усанд идэгдсэнээс тээвэрлэлт гүйцэтгэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн үүссэн тул Төв аймгийн Өндөр Довын уулзвараас Дундговь аймгийн Сайнцагаан сум хүртэлх зам, замын байгууламжийг түр хаасан. Дээрх чиглэлүүдэд бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа бөгөөд замын нөхцөл байдал хүндрэлтэй байгаа учир Авто зам, замын байгууламжийг түр хаах тухай тушаалын хэрэгжих хугацааг сунгаж магадгүй тул иргэд, тээвэрчид та бүхэн амь, нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө эрсдэлд оруулахгүйн тулд дээрх чиглэлүүдэд зорчихгүй байхыг ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА Цаг агаартай холбоотойгоор замын нөхцөл байдал хүндэрсэн тул тээвэрлэлтийн үйл ажиллагаа, замын нөхцөл байдал хүндэрсэн тус өдрүүдэд Автотээврийн үндэсний төвийн Шуурхай бүлэг, Хөдөлгөөний удирдлагын төв, орон нутгийн автотээврийн төв, АЗЗА, Онцгой байдлын ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албатай хамтран ажиллаж байна. Түүнчлэн ЗТХЯ-ны АТБХЗГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Гантулга болон Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзон нараар ахлуулсан баг бүрэлдэхүүн газар дээр нь ажиллав. Цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн эдгээр өдрүүдэд Ховд, Өвөрхангай, Хөвсгөл, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс аймгаас Улаанбаатар хот чиглэлд тээврийн хэрэгслийн тээвэрлэлт гүйцэтгэж байсан 15 аж ахуй нэгжийн 27 тээврийн хэрэгслийн 1033 зорчигийг төв суурин газарт байршуулж, зорчигчдын аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Улаанбаатар-Мандалговь чиглэлийн замын хөдөлгөөнийг хаалаа

Улаанбаатар-Мандалговь, Мандалговь-Улаанбаатар чиглэлийн автозамыг түр хааж, автотээврийн хөдөлгөөнийг зогсоосныг ЗТХЯ-наас мэдээллээ. Их хэмжээний хүчтэй аадар бороо орж, зам, замын байгууламжууд үерт автаж, эвдэрсэн тул Улаанбаатар-Дундговь чиглэлийн А0201 дугаартай Улаанбаатараас Мандалговь, Мандалговиос Улаанбаатар чиглэлийн авто зам, замын байгууламжийг 2019 оны зургадугаар сарын 17-ны ѳдрийн 18:00 цаг хүртэл түр хааж, автотээврийн хѳдѳлгѳѳнийг зогсоожээ. Иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, дээрх чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна. ХуваалцахЖиргэх

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.