БНХАУ, МУ-ын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажил 2018 онд 90%- тай хийгдэж 11 сарын 2-ны өдөр төслийн нийт замын хөдөлгөөнийг нээсэн. Төслийн үлдсэн ажил буюу ногоон байгууламжийн ажил, гэрэлтүүлгийн ажил, борооны ус зайлуулах шугамын ажлуудыг 2019 оны 04-р сарын 15-ны өдрөөс үргэлжлүүлэн хийж байгаа. Харин Авто замын өнгөн хучилтын ажлыг 05-р сарын 11-ны өдрөөс эхлүүлж байгаатай холбоотойгоор тус гүүрний чиглэлүүдийг хуваарийн дагуу хэсэгчлэн хаахаар болж байна. Тус ажил 05-р сарын 23-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд замыг хэсэгчлэн хааснаар замын хөдөлгөөнд саад учрахгүй ч ачаалал нэмэгдэх тул тус чиглэлд зорчигчидод хэсэгчлэн хаах хуваарийг танилцуулж байна.
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:Өнөөдөр Баян-Өлгий, Говь-Алтайн нутаг, Ховд, Баянхонгор, Дундговийн хойд, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 2019 оны тавдугаар сарын 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 9-14 градус дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Орхон-сэлэнгийн сав газар, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 6-11 градус дулаан байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 10-12 градус дулаан байна. ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 9-14 метр, өдөртөө нутгийн хойд хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ:Үүлэрхэг. Бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна. 2019 оны тавдугаар сарын 11-15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд зүүн аймгуудын нутаг болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи 11-нд ихэнх нутгаар, 12-нд говь, зүүн аймгуудын нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 12-нд нутгийн баруун хагаст, 13-нд нутгийн төв хэсгээр, 14-нд нутгийн зүүн хэсгээр дулаарна.
Нийслэлийн Онцгой байдлын газрын нийслэлийн Аврах анги 105-ын түүхт 50 жилийн ой маргааш тохионо. Нийслэлийн Аврах анги 105 нь анх БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Ойн аж ахуй, мод боловсруулах үйлдвэрүүдийг удирдах ерөнхий газрын харьяа Түймэр эсэргүүцэх агаарын харуулын алба нэртэйгээр 1969 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулагджээ. Тус анги нийслэлийн хэмжээнд тохиолдож байгаа үер, ус, гал түймэр, зуд, үйлдвэрийн болон зам тээврийн, химийн хорт бодис, тэсэрч дэлбэрэх бодис, амиа хорлох оролдлого, нуранги, мөсөнд цөмрөх, хүн, малын гоц халдварт өвчин зэрэг аюулт үзэгдэл, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Энэ хугацаанд 1.6 га ой, хээрийн түймрйиг унтраан, 115,202 хүний амь насыг авран хамгаалж, төрийн болон хувийн аж ахуйн нэгж, иргэдийн 230,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалаад байгааг гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Тагнуулын ерөнхий газар 2.5 сая төгрөгийн шагналын сантай эссэ бичлэгийн уралдаан зарлалаа
2019-05-09 11:46:58 Нийтлэгдсэн: НийгэмЭХ ОРОНЧ ҮЗЭЛ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАТАЛГАА СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН (2019 ОН) Нэг. Зорилго, сэдэв, хамрах хүрээ Монгол Улсад орчин цагийн тагнуулын байгууллага үүсч, байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд хүүхэд залуусын дунд эх оронч үзэл санааг төлөвшүүлэх, эх орноо хайрлах, үндэсний аюулгүй байдлыг хангах талаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгох зорилгоор энэхүү уралдааныг зарлаж, 2022 он хүртэл жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байна. Эссэ бичлэгийн уралдааныг 2019 онд Эх оронч үзэл Үндэсний аюулгүй байдлын баталгаа сэдвийн хүрээнд зохион байгуулах бөгөөд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн /X-XII/ сурагчид оролцох боломжтой. Хоёр. Эссэнд тавигдах шаардлага Агуулгын шаардлага: Сэдвийн нэр, агуулгад нийцсэн байх; Бүтээлч хандлага, үндэслэлтэй тоо баримт, жишээнд тулгуурласан байх; Өөрийн байр сууриа тодорхой, ойлгомжтой илэрхийлсэн байх; Монгол хэлний дүрмийн болон утга найруулга, логикийн алдаагүй байх; Ашигласан ном, зохиолын эх сурвалжийг заавал дурдсан байх. Хэлбэрийн шаардлага: Хуудасны тоо 2-3 нүүр; Цаасны хэмжээ: А4, цаасны дээд захаас 20 мм, доод захаас 20 мм, зүүн захаас 30 мм, баруун захаас 15мм; Үсгийн фонт: Arial, хэмжээ 12, мөр хоорондын зай 1.5; Эссэний нүүрэнд овог, эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, сургууль, анги, холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаягаа тодорхой бичсэн байх. Гурав. Уралдааныг дүгнэх, шалгаруулах Уралдаанд ирүүлсэн эссэг зохион байгуулах Комисс агуулгын болон хэлбэрийн шаардлага хангасан эсэхийг харгалзан тодорхой шалгуур үзүүлэлтүүдийн дагуу дүгнэж, шалгаруулах бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр дүнг зарлана. Шалгарсан бүтээлүүдийг Тагнуулын ерөнхий газрын албан ёсны цахим хуудас (www.gia.gov.mn)-аар олон нийтэд сурталчилна. Дөрөв. Шагнал урамшуулал I байр: 1,000,000 төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл (1 сурагч) II байр: 700,000 төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл (1 сурагч) III байр: 500,000 төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл (1 сурагч) Тусгай байр: Тус бүр 200,000 төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл (3 сурагч), Шагналт байр: Тус бүр 100,000 төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл (6 сурагч) Тав. Эссэ хүлээн авах хугацаа, хэлбэр Уралдаанд ирүүлэх эссэг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1730 цаг хүртэл хугацаанд[email protected]хаягаар хүлээж авна. Эссэг Тагнуулын ерөнхий газрын иргэдийг хүлээж авах байранд биечлэн ирж, өгөх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг ТЕГ-ын албан ёсны цахим хуудас болон (11)321802 дугаарын утсаар лавлана уу. ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
БОАЖЯ, ЭМЯ хамтран мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлдээ Баян-Өлгий аймагт 2019 оны 4 дүгээр сарын 30-нд тарваган тахлын хүний өвчлөлийн хоёр тохиолдол гарч тус аймагт хорио цээрийн дэглэм түр тогтоогоод байсан. Өвчний голомтонд тандалт судалгаа хийн, мэргэжлийн баг ажиллаж, эцсийн халдваргүйтгэл хийсний үр дүнд өвчлөл тархахаас урьдчилан сэргийлсэн болно. Таргаван тахлын голомтыг бүрэн цомхотгосон тул хорио цээрийн дэглэмийг 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр цуцалж, бүх үйл ажиллагааг хэвийн явуулж эхлээд байна. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд болон нийгмийн сүлжээний хэрэглэгчдийг буруу ташаа мэдээлэл олон нийтэд түгээж, түгшүүрт автуулахгүй байхыг хүсэе. Үүнээс гадна буруу ташаа мэдээллийг гадны хэвлэл мэдээллийн байгууллагууд эх сурвалж болгон ашиглаж, Монгол орныг зорих жуулчдын тоо эрс буурч байгааг анхаарч, холбогдох мэдээллийг баримттай эх сурвалжаас тодруулна уу гэжээ. Иймд иргэдийг буруу ташаа мэдээлэл түгээхгүй байхыг хүсч байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй