ШТС-ууд бензин дутуу шахаж байгаа эсэхэд хяналт хийж байна

Шатахуун түгээх станцууд /ШТС/ шатахуун дутуу шахдаг гэсэн хардлага жолооч нарт байдаг. Тэгвэл жолооч та тухайн ШТС дахь түгээгүүрт Стандарт хэмжил зүйн газрын /СХЗГ/ улсын байцаагчийн баталгаажуулалтын гэрчилгээ байгаа эсэхийг лавлаж, огноог нь харахад л хангалттай юм. Өөрөөр хэлбэл Стандарт хэмжил зүйн газраас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нефть болон шингэрүүлсэн шатдаг хий түгээх бүх станцуудад жилд хоёр удаа баталгаажуулалт хийж, гэрчилгээ олгодог. Гэрчилгээг олгохдоо явуулын хэмжигч багажны тусламжтайгаар MNS-3015-2014 стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг шалгадаг. Ингэхдээ ШТС дахь түлш олгож буй бүх хошууг шалгадаг байна. Шатахуун түгээх станцууд нь баталгаажуулалт хийлгэж, улсын байцаагчийн гэрчилгээ авснаар лац ломбыг хөндөхгүй байх үүрэг хүлээдэг. Стандарт, хэмжилзүйн газраас баталгаажуулалт хийлгэсэн түгээгүүр нь улсын байцаагчийн олгосон гэрчилгээг нийтэд нээлттэй байршуулах үүрэгтэй. Тиймээс иргэд, хэрэглэгчид та бүхэн үйлчлүүлж буй шатахуун түгээх станц нь улсын байцаагчийн гэрчилгээ авсан эсэхийг шалгаж үйлчлүүлэх боломжтой юм. Стандарт, хэмжил зүйн газраас жил бүр ШТС-уудад хавар, намар шалгаж, баталгаажуулалт хийдэг байна. Ээлжит хаврын баталгаажуулалт үргэлжилж байна. Энэ хаврын ээлжит баталгаажуулалтын ажлын хүрээнд Стандарт, хэмжил зүйн газрын улсын байцаагч Петровисийн 16-р шатахуун түгээх станц дээр ажиллаж байхад нь зарим зүйлсийг тодрууллаа. Стандарт хэмжил зүйн төвийн Эзэлхүүн, зарцуулалтыг хэмжих хэрэгслийн улсын шалгагч М.Гомборагчаа:Манай Стандарт хэмжил зүйн төвийн Эзэлхүүн, зарцуулалтыг хэмжих хэрэгслийн албанаас явуулын хоёр машин, нэлээн олон шалгагч, баталгаажуулагч улсын байцаагчдын бүрэлдэхүүнээр жилдээ хоёр удаа энэхүү ажлыг явуулдаг. Энэ удаагийн ээлжит хаврын баталгаажуулалт үргэлжилж байгаа юм. Өнөөдөр Петровисийн ШТС дээр ажиллаж байна. Тухайн ШТС-ын бүх хошууг шалгаж баталгаажуулаад стандарт хангаж байвал лац ломбоо тавьж, гэрчилгээ олгодог. Энэ шалгалт зургаан хугацаатай тогтмол хийгддэг бөгөөд энэ баталгаажуулалт нь дараагийн баталгаажуулалт хүртэл хүчин төгөлдөр байдаг. ШТС-уудын хувтд лац ломбыг хөндөх эрх байхгүй. Нөгөө талаас иргэд, хэрэглэгчид улсын байцаагчийн баталгаажуулсан түгээгүүрээр үйлчлүүлж буй эсэхээ гэрчилгээг нь хараад мэдэж болно гэлээ. Үргэлжлүүлэн Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй бүх шатахуун станцуудыг шалгаж баталгаажуулах юм байна.

Өнөөдөр Ялалтын баярын өдөр

2019-05-09 10:56:13 Нийтлэгдсэн: Нийгэм
Өнөөдөр Ялалтын баярын өдөр

Дэлхийн хоёрдугаар дайн нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан билээ. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 орчим хувь оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Нийт 70 сая хүн амь үрэгдсэний ихэнхи нь энгийн иргэд байв. Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар триллион америк ам.доллар болсон нь хүний түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог байна. (Чөлөөт нэвтэрхий толь, Википедиа) Өнөөдөр дэлхийн II дайн дууссаны 74 жилийн ойн өдөр буюу Ялалтын баяр. Түүхэн тэмдэглэлт эл өдрийг манай хөрш Орос орон даяар урьд өмнөхөөс илүүтэй сүр жавхлантайгаар тэмдэглэн өнгөрүүлсээр байна. Эх орны дайнд Зөвлөлтийн ард түмэн 27 сая хүнээ алдсанаас Улаан армийн нийт хохирол 11.8 сая /6.8 сая хүн ам үрэгдэж, 4.6 сая хүн сураггүй болж, олзлогдсон/ болжээ. Дайны жилүүдэд зөвлөлтийн 34.5 сая цэргийн алба хаагч дайчлагдан дайнд оролцсон ажээ. Дайнд 13.7 сая энгийн хүн амь үрэгдсэнээс 7.4 саяыг нь булаан эзлэгчид зориуд хөнөөж, 2.2 сая хүн Германд хүнд хүчир ажил хийж яваад амь үрэгдэж, булаан эзэлсэн нутагт 4.1 сая хүн өлсгөлөнгөөр нас баржээ. Эх орны дайны жилүүдэд ЗСБНХУ-д 1710 хот, 70 мянга гаруй тосгон, 32 мянган завод, фабрик сүйдэж, 98 мянган хамтрал, 2890 машин-тракторын станцыг дээрэмдсэний улмаас учирсан хохирлын нийт өртөг 128 тэрбум ам.доллар /зарим баримтад 450 тэрбум ам.доллар/ болсон гэж үздэг билээ. Хүн төрөлхтний түүхэнд уй гашуу авчирсан энэхүү дайн төгсгөл болсноос хойш өдгөө 74 жил өнгөрчээ. Энэхүү дайнд хамгийн их хохирол амссан ОХУ өнөөдөр /2019.05.09/ уламжлал ёсоор Москва хотын Улаан талбайд цэргийн сүрт парадаа орон нутгийн цагаар өглөө 10.00 цагт зохион байгуулна. Монголчууд дэлхийн хоёрдугаар дайнд онцгойлон оролцсон. Тодруулбал, 1942 онд БНМАУ-ын Бага Хурлын 25 дугаар чуулганаас Хувьсгалт Монгол танкийн цуваа байгуулж Зөвлөлтийн Улаан армид бэлэглэх шийдвэр гаргаж. Энэ шийдвэрийн талаар нам, засгийн удирдагчид И.Сталинд цахилгаан утас илгээж, уг цувааг байгуулахад зориулан ард түмний хүч хөдөлмөрөөр хуримтлуулсан 30 кг шижир алт, 100 мянган америк доллар, 2,5 сая бие төгрөг шилжүүлснээ мэдэгдэж, фашистын зандалчдыг бут ниргэх нийтийн үйлсэд Монголын ард түмний оруулж буй хувь нэмэр болгон хүлээн авахыг хүсчээ. 1943 онд БНМАУ-ын Бага Хурлын 26 дугаар чуулганаас Монгол ард нисэх онгоцны эскадрилийг Монголын ард түмний хөрөнгөөр байгуулж, Зөвлөлтийн Улаан армид бэлэглэх шийдвэр гаргаж. Богино хугацаанд хэрэгцээтэй хэмжээний хөрөнгө хуримтлуулж, Монгол ард гэсэн бичигтэй Ла-5 сөнөөгч 12 шинэ онгоцыг 1943 оны есдүгээр сарын 25-нд сөнөөгч онгоцны 322 дугаар дивизийн хоёрдугаар хороонд шилжүүлжээ. Дайны жилүүдэд Монголын ард түмний хуримтлуулсан 65 сая төгрөгийн хөрөнгөөр бүтсэн, нийтдээ 600 гаруй галт тэрэгний найман цуваа бэлгийг биечлэн хүргэж гардуулсны дотор Улаан армид 500 мянган агт морьд бэлэглэсэн гэдэг. Ганцхан жишээ дурьдахад, Увс аймгийн Наранбулаг сумын иргэн Бадам хувиасаа 10 мянган төгрөг, 1600 хонь, зургаан тэмээ, 94 морь Улаан армид бэлэглэсэн тул олон түмнээс түүнд фронт Бадам нэр хайрлаж байсан түүхтэй.

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД УГААРТСАН ТАВАН ХҮҮХДИЙГ АВАРЧЭЭ

Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, ахлагч П.Ганпүрэв, ахлагч Б.Мөнх-Эрдэнэ нар иргэн М-ийн 2-16 насны 5 хүүхдийг угаартсан байдалтай байсныг илрүүлэн амь насыг нь аварчээ. Тодруулбал, цагдаагийн алба хаагчид тавдугаар сарын 07-08-ныг шилжих шөнө ажил үүргээ гүйцэтгэх хугацаанд Толхын ойл 2 дугаар байрны орцны үүдний хэсгээс утаа гарч байхыг харсан байна. Тэд дотогш орж шалгахад 03 тоот буюу иргэн М-ийн орон сууцны гал тогооны өрөөнд цахилгаан тогоо шатаж байсныг аюулгүй болгож, улмаар унтаж байсан 5 хүүхдийг утаажилтийн бүсээс гаргаж, эмнэлгийн анхны тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн байна. Одоогийн байдлаар хүүхдүүдийн биеийн байдал сайжирч, зохих эмчилгээ хийж байна гэж албаныхан мэдээллээ. Дээрх алба хаагчид нь өргөсөн тангарагтаа үнэнч байж, эрдэнэт 5 хүүхдийн амь насыг авран хамгаалж ажилласан тул Ховд аймгийн ОБГ, гэр бүлийн гишүүд, хөрш айл өрхүүд талархал илэрхийллээ. Иргэдийг ус буцалгагч, халаагуур, тогоо зэрэг цахилгаан хэрэгслийг залгаатай нь орхихгүй байх, цахилгаанаас үүдэлтэй гал гарахаас сэргийлэх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Эх сурвалж: Ховд Ньюс

Сүхбаатарын талбайн авто зогсоолын орлогыг хотод төвлөрүүлнэ

Жанжин Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газар 13 жилийн турш хувийн компанийн эзэмшилд явж ирснийг хотын Захирагч С.Амарсайхан олон нийтэд ил болгож, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд гэрээг нь цуцлах захирамж гаргасан. Захирамжийн дагуу UB constraction компанийнхан газраа чөлөөлж өгсний дараа хууль журмын дагуу дээрх 2.5 га газрын ашиглалт, арчилгаа, зам засварын үйлчилгээг нийслэлийн өмчит Улаанбаатар АЗЗА ХХК-д хариуцуулсан билээ. Улаанбаатар хотын төв талбайн урд талын 2.5 газар нийслэлчүүдийн мэдэлд нэгэнт ирсэн учраас одоо тус газрыг хэрхэн яаж тохижуулж, иргэдийнхээ амарч тухлах ая тухтай орчин нөхцөлийг цогцоор нь бүрдүүлэхийн тулд ямар бүтээн байгуулалт хийвэл зохимжтой вэ гэдэг талаар төслийн уралдаан зарлах гэж байгаа юм. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар мэргэжлийн байгууллагуудын дунд энэхүү төслийн уралдааныг 14 хоногийн хугацаанд зарлаж, шалгарсан төслийн дагуу бүтээн байгуулалтын ажил даруй эхэлнэ. Сүхбаатарын талбайн урд хэсэгт бүтээн байгуулалтын төсөл сонгон шалгаруулж, ажил эхлэх хүртэл Улаанбаатар АЗЗА ХХК-ийнхан хуучин авто зогсоолыг иргэд олон нийтийн хэрэгцээнд нийцүүлэн түр ашиглуулж байхаар болсон. Тиймээс өнөөдөр өглөөнөөс эхлэн тус талбайд НИТХ-ын 66 дугаар тогтоолын дагуу 30 минут нь 500, нэг цаг нь 1000 төгрөг гэсэн тарифаар тээврийн хэрэгслүүдийг төлбөртэй зогсоож эхэллээ. Улаанбаатар АЗЗА ХХК-иас авсан мэдээллээр өглөө 07.30-10.30 цагийн хооронд тус талбайд 150 автомашин бүртгүүлж ороод байгаа аж. Өмнөхөөс ялгаатай нь эл төлбөртэй зогсоолоос олсон орлого нийслэлийн төсөвт бүхлээрээ орох юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд UB constraction компанийн мэдэлд байсан төлбөртэй зогсоолын орлогоос 30 хувь нь нийслэлд төвлөрөх ёстой байсан боловч нэг ч төгрөг Улаанбаатар хотод орж ирээгүй тул гэрээг нь цуцлах үндэслэл болсон билээ. Дашрамд дуулгахад, нийслэлийн өмчит Улаанбаатар АЗЗА компанийн хариуцаж буй тус зогсоол нь ажлын өдрүүдэд тээврийн хэрэгслүүдээс зогсоолын төлбөр авах боловч амралтын өдрүүдэд иргэд, олон нийтэд үнэ төлбөргүй үйлчлэх юм.

ЗҮЙ БУСААР ХОРОГДСОН МАЛЫН МАХЫГ УСТГАЛД ОРУУЛЛАА

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг, Эмээлт дэхь Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор өнгөрсөн сарын 08-ны өдөр орон нутгаас хүнсний стандартын шаардлага хангахгүй, зүй бусаар хорогдсон байж болзошгүй 20 тонн малын мах тээвэрлэн ирснийг НМХГ-аас саатуулсан. Лабораторийн шинжилгээний энэ мах нь зүй бусаар хорогдсон малын сэг зэм байсан нь тогтоогдсон тул Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаа, Прокурор, Онцгой байдал,Мал эмнэлгийн газар хамтран хураагдсан 20 тонн махыг устгалд оруулж ариутгал халдваргүйжүүлэлт хийлгүүллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.