Д.Даваасүрэн: Гадаадын хөрөнгө оруулалтыг хэмжээ бус тухайн улсад оруулсан тогтвортой хөгжлийн хувь нэмрээр нь үнэлдэг жишиг тогтож байна

Гадаад Харилцааны Яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнгийн ярилцлагыг хүргэж байна. - Засгийн газрын энэ сарын 6-ны өдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр-ийн загварыг хэлэлцэн, баталлаа. Тусзагвар хэлэлцээрийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажилласны хувьд ийм загвар боловсруулах болсон шалтгаан, ач холбогдлын талаар товч тодруулга өгнө үү? СУРТАЛЧИЛГАА - Монгол Улс 1990 оноос хойш Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын нийт 44 хоёр талт хэлэлцээр байгуулснаас өнөөдрийн байдлаар 36 нь хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байна. Монгол Улсаас бусад улстай байгуулсан хөрөнгө оруулалтын эдгээр хэлэлцээрийг НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурал (ХХБХ)-тай хамтран 2016 онд судалж, дүн шинжилгээ хийсэн бөгөөд судалгааны үр дүнгээс харахад манай хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүд дотоодын эрх зүйн зохицуулалт хийх бүрэн эрхээ хадгалаагүй, хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалсан гол гол заалтуудыг нарийвчлан томьёолоогүй байна гэсэн дүгнэлт гарсан. Энэхүү зөрчлийг арилгах, хариуцлагатай хөрөнгө оруулалтыг татах зорилгоорхолбогдох яамдын төлөөлөл, олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүйгээр мэргэшсэн гадаадын болон дотоодын эрдэмтэн судлаачидтай хамтран уг загварыг боловсруулж, НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурал, Тогтвортой хөгжлийн олон улсын хүрээлэн зэрэг олон улсын байгууллагаар хөндлөнгийн дүгнэлт хийлгүүлсэн. Гадаадын шууд хөрөнгө оруулалт бол үндэсний эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх гол хөдөлгүүр, чухал арга хэрэгслийн нэг юм. Манай улс Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал -2030 хөгжлийн баримт бичгийг 2016 онд баталсан.Энэхүү үзэл баримтлалд тусгасан зорилго, зорилтод хүрэхэд гадаадын хөрөнгө оруулалтыг зохистой ашиглах зорилгоор хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүдийг шинэчлэх шаардлага бий болсон. Хөгжиж буй улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хангахаас гадна үндэсний аюулгүй байдал, олон нийтийн эрх ашиг сонирхлыг эн тэнцүү хамгаалах шаардлага зүй ёсоор тулгардаг. Шинээр болон шинэчлэн байгуулах Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг Засгийн газраас баталсан уг загварын дагуу байгуулснаар гадаадын хөрөнгө оруулалтыг оруулсан хөрөнгийн хэмжээгээр нь бус тухайн улсын тогтвортой хөгжилд оруулсан хувь нэмрээр нь үнэлдэг жишиг тогтож эхэлнэ гэж үзэж байна. - Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүд учир дутагдалтай байна гэж хэллээ. Эдгээр хэлэлцээрийн талаар цаашид ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ? - Олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин сүүлийн жилүүдэд хурдацтай өөрчлөгдөж байна. Дэлхийн улс, орнууд 1960-аад оноос эхлэн 2000 оныг хүртэл хоёр талт улс төрийн харилцаагаа шат ахиулах, хөрөнгө оруулалт татах зорилгоор, мөн олон улсын зарим судлаачийн үзэж буйгаар зураг авахуулах зорилгоор Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж эхэлсэн байдаг. Өнөөгийн байдлааролон улсын хэмжээнд 3,350 гаруй хөрөнгө оруулалтын хэлэлцээр байгуулсангэсэн тоо бий. Харин 2000 оноос хойш хөрөнгө оруулалтын эдгээр хэлэлцээрт үндэслэсэн маргаан ихээр гарч эхэлсэн учир ийм төрлийн хэлэлцээр байгуулах нь багассан байдаг. Тухайлбал,НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлаас гаргасан судалгаагаар 1994-2018 оны хооронд олон улсын хэмжээнд хөрөнгө оруулагч- хөрөнгө оруулалт хүлээн авагч улс хоорондын нийт 904 маргаан гарч, нэхэмжлэлийн хэмжээ нь олон зуун саяас хэдэн тэрбум ам.доллараар хэмжигдэх болсон. Мөн хөгжиж буй Хятад, Энэтхэг, Солонгос зэрэг улсаас өндөр хөгжилтэй улсуудад оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэнээр өндөр хөгжилтэй улсууд ч мөн адил хөрөнгө оруулалт хүлээн авагч улс болж, хөрөнгө оруулалтын орчин хурдацтай өөрчлөгдөж байна. Үүний үр дүнд дэлхий нийтээрээ, өндөр хөгжилтэй болон хөгжиж буй улсын аль аль нь хөрөнгө оруулалт хүлээн авагч улс болон хөрөнгө оруулагчийн эрх, үүргийг тэнцвэржүүлэх бодлого барьж эхэлж байна. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтыг хүлээн авагч улсын дотоодын эрх зүйн зохицуулалт хийх бүрэн эрхийг илт хязгаарласан хуучин хэлэлцээрүүдийг цуцлан тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх боломжийг хангасан шинэ хэлэлцээр байгуулах үйл ажиллагаа эрчимжиж байна. Жишээ нь, Энэтхэг Улс 2017 онд нийт 50 улстай байгуулсан хөрөнгө оруулалтын хэлэлцээрээ цуцлан, 2018 онд 5 хэлэлцээр шинэчлэн байгуулсан бол Европын Холбоо гишүүн улс хоорондын хөрөнгө оруулалтын хэлэлцээрээ цуцлан, 2010 оноос хойш 13 улстай хөрөнгө оруулалтын хэлэлцээр шинээр байгуулсан байна. Олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин ийнхүү шинэчлэгдэн улс бүр өөрийн тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх боломжийг хангасан хөрөнгө оруулалтын шинэ загвар хэлэлцээртэй болж, хуучин хэлэлцээрээ цуцлах үйл ажиллагаа эрчимтэй явагдаж байна. Манай улс ч мөн адил олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүйн шинэтгэлийн үйл явцад идэвхтэй оролцон эрх зүйн орчингоо өнөөгийн чиг хандлагад нийцүүлэн ийнхүү өөрчлөхөөр ажиллаж байна. Өнөөгийн байдлаар хөрөнгө оруулалтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулах саналыг Энэтхэг, Өмнөд Солонгос, Чех зэрэг долоон улсаас манайд ирүүлсэн. Эхний ээлжид эдгээр улстай яриа хэлэлцээгээ эхлүүлж, хуучин хэлэлцээрээ шинэчлэх, эсхүл нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг шат дараатай шийдвэрлэх юм. - Хөрөнгө оруулалтын хэлэлцээрээ ийнхүү шинэчилснээр хөрөнгө оруулалт буурах зэрэг сөрөг үр дагавар бий болох уу? - Хэлэлцээрийн загвар ийнхүү өөрчлөгдсөнөөр шинээр болон шинэчлэн байгуулах хэлэлцээрээ энэхүү загварт тусгагдсан зорилго, зарчмын дагуу байгуулна. Одоо үйлчилж буй хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн хүрээнд хамаарах гадаадын хөрөнгө оруулалтад шууд нөлөөлөх эрсдэл байхгүй. Хуучин хэлэлцээр цуцлагдсан ч уг хэлэлцээрийн хүрээнд өмнө оруулсан гадаадын хөрөнгө оруулалтын хувьд 15-20 жилийн хугацаанд хүчин төгөлдөр хэвээр мөрдөгдөж, хөрөнгө оруулагчид тухайн хэлэлцээрээр олгосон давуу эрхээ эдэлдэг учир хуучин хөрөнгө оруулагчдад эрсдэл учрахгүй. Нөгөөтэйгүүр, хэрэглэгчид компанийн нийгмийн хариуцлагын түвшин, байгаль орчин, хүн, амьтан ургамлын эрүүл мэндэд ээлтэй техник, технологи ашигладаг эсэхийг харгалзан сонголт хийдэг болж байгаагаас үүдэн үндэстэн дамнасан корпорацууд төдийгүй жижиг, дунд бизнес эрхлэгчид ч нийгмийн хариуцлагыг сайн дураар хэрэгжүүлж байгаа сайн жишиг тогтож байна. Иймээс хариуцлагатай хөрөнгө оруулалт болон хөрөнгө оруулагчид тус хэлэлцээрээр олгох давуу эрхээ аливаа хязгаарлалтгүйгээр эдлэх бүрэн боломжтой. Харин үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн, амьтан, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө бүхий үйл ажиллагаа явуулсан, авлигын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон хөрөнгө оруулагчийн хувьд хэлэлцээрээр олгох давуу эрхийг эдлэх боломжгүй.

Эрдэнэзууд Майдар эргэх ёслол болно

Хаврын дунд сарын шинийн найман буюу 2019 оны гуравдугаар сарын 14-ний өдөр Эрдэнэзуу хийдэд Майдар эргэх ёслол болох юм байна. Тус хийдийн удирдлагууд сүсэгтэн олныг нүүдэлчин Монголын өв уламжлал, шашин соёлоо дээдлэн үндэсний гоёл дээл хувцсаа өмсөж, арга хэмжээнд оролцохыг уриалжээ. Майдар эргэх ёслол-ын хөтөлбөр 09.00 цагт Цогчэн хурал, Майдарын чого 12.00 цагт Майдар бурхан Лавран дуганаас гарна 12.00 цагт Маналын дончид, Оройн ерөөл 16.00 цагт Чойжоо дүгжү /Сор/ гаргана.

Гамшгийн дуут дохио маргааш 16.00 цагт дуугарна

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам, Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх журам-ын дагуу жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаригийн 16.00 цагт гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохиогоор дадлага сургууль зохион байгуулдаг. Эхний дуут дохиогоор төрийн захиргааны байгууллага, аж ахуй нэгж, гамшгаас хамгаалах улсын албад, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, ард иргэд газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагааны Нуугд- Суу-Хүлээ зарчмыг баримтлан өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогсоно. Хоёр дахь дохио дуугарсны дараа барилга, объектыг орхин гарахдаа гараараа болон гарын доорхи зүйл ашиглан толгойгоо хамгаалан Гүйхгүй, Эргэж буцахгүй, Хашгирахгүй, Түлхэлцэхгүй гэсэн зарчмаар барилгын аврах гарцаар гарч, аюулгүй зай талбайд цугларч, дадлага сургуульд оролцох юм.

С.Амарсайхан: Өглөөний 04.00 цаг хүртэл архидан согтуурдаг явдал байж болохгүй

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Ниймгийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа уриалга гаргах тухай асуудлыг танилцууллаа. Өнгөрсөн онд нийслэлийн Цагдаагийн газраас архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр шат дараатай олон ажлыг авч хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд давхардсан тоогоор 79.3 мянган аж ахуй нэгж, 51.8 мянган иргэнд шалгалт хийжээ. Мөн 25.652 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 1116 буюу 11.3 хувийг согтуугаар үйлдсэн гэмт хэрэг эзэлсэн байна. Гэмт хэргийн дийлэнх хувь нь 22.00-06.00 цагт үйлдэгдсэн гэсэн судалгаа байдаг аж. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 7 сарын 9-ны өдрийн А/609 захирамжаар архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг шөнийн 04.00 цаг байхаар тогтоож, худалдан борлуулдаг аж ахуй нэгжийн цагийг зааж өгөөгүйгээс худалдаа эрхэлдэг аж ахуй нэгжүүд 24 цагаар архи худалдан борлуулдаг. Иймд нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүд, амралт, зугаалга аливаа баяр ёслол, арга хэмжээг архи согтууруулах ундаагүй тэмдэглэн, хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийн амь насыг эрсдэлд оруулах нөхцөлийг бүрдүүлэхгүй, архигүй орчин амьдралын зөв хэвшилтэй байхыг нийслэл Улаанбаатар хотын иргэн, аж ахуй нэгж байгууллагад уриалах санал танилцууллаа. Архигүй орчин амьдралын зөв хэвшил уриалгыг гаргах тухай нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан холбогдох албан тушаалтнуудад үүрэг өглөө. Тэрбээр үүрэг чиглэл өгөх үеэрээ: -Цэнгээний газруудын зэрэглэл болон ажиллах цагийн хуваарийн хязгаарыг тогтоох хэрэгтэй. Өглөөний 04.00 цаг хүртэл архидан согтуурдаг явдал байж болохгүй. Хотын дүрэм батлах тухай ажлын хэсгийн саналыг авч оршин суугчид, иргэд рүү чиглэсэн, өдөр тутмын амьдралын хэмнэлийг тусгасан товч тодорхой боловсруулан дараагийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх нь зүйтэй. Иргэдэд чиглэсэн зөв амьдрал, дадал хэвшилд уриалсан уриалга байх ёстой гэж хэллээ хэмээнНийслэлийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Баянзүрх дүүрэг нийгмийн даатгалын нэг цэгийн төвтэй боллоо

Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс Нийгмийн даатгалын нэг цэгийн үйлчилгээ, зөвлөгөө мэдээллийн төв-ийг өнөөдрөөс эхлэн ажиллуулж эхэллээ. Тус нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт болон холбогдох байгууллагуудын төлөөллөөс оролцлоо. Энэхүү нэг цэгийн үйлчилгээний төв нь Нийгмийн даатгалын бүх төрлийн үйлчилгээг тохилог таатай орчинд, нэг дороос түргэн шуурхай, чирэгдэлгүй, үзүүлэх зорилгоор Дэлхийн банкны төслийн санхүүжилтийн дэмжлэгээр байгуулагдаж байгаа билээ. Баянзүрх дүүрэг нь нийслэл хотын хэмжээнд хүн амын тоогоор тэргүүлдэг дүүрэг бөгөөд тус дүүргийн нутаг дэвсгэрт 2018 оны байдлаар 343.6 мянган хүн оршин сууж байна. Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь 2018 онд 5.0 мянган аж ахуйн нэгж байгууллагад ажиллаж буй 103.0 мянган ажиллагчдыг албан журмын даатгалд, 21.9 мянган иргэдийг сайн дурын даатгалд даатгуулсан байна. Түүнчлэн дүүргийн нийт хүн амын 57 хувь буюу 195.0 иргэнийг эрүүл мэндийн даатгалд хамруулан ажилласан. Мөн онд тус хэлтэс нь 38.5 мянган тэтгэвэр авагчдад, 21.6 мянган тэтгэмж авагчдад нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэсэн байна. Мөн тус дүүрэг нь өдөрт дунджаар 1500 гаруй иргэд, даатгуулагчид нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө мэдээллээр ханган ажилладаг ачаалал ихтэй дүүрэг юм. Нийгмийн даатгалын нэг цэгийн үйлчилгээ, зөвлөгөө мэдээллийн төв-ийг байгуулсанаар иргэд даатгуулагчдад нийгмийн даатгалын үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүйгээр хүргэж, шат дамжлага багасах давуу талтай юм. Эх сурвалж: ХНХЯ

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.