Өнөөдөр буюу 2012-01-21-ний өдөр 10 цагаас Нийслэлийн татварын газрын ажил байдалтай нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид танилцлаа. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулгын захирамжаар НИТХ-ын төлөөлөгчид нийслэлийн харьяа агентлагуудтай танилцаж байгаа юм. Танилцах уулзалтад НИТХ-ын төлөөлөгч Л.Шагдаррагчаа, Ц.Алтанцэцэг, Д.Хүрэлбаатар, Б.Төмөрулуун нар оролцлоо. Нийслэлийн татварын газрын дарга С.Энхбаатар дээрх төлөөлөгчдөд байгууллагынхаа хийж байгаа ажлыг танилцуулав. Нийслэлийн татварын газар нь одоогийн байдлаар 831 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дөрвөн төрлийн албан татварыг аж ахуй нэгжүүдээс татаж төвлөрүүлдэг юм байна. Нийслэлийн татварын газар нь улсын төсвийн 18.5 хувь, нийслэлийн төсвийн 80 хувь, орон нутгийн төсвийн 98 хувийг бүрдүүлдэг аж. Тус газар хураасан нийт татварынхаа 50 орчим хувийг улсын төсөвт, 38 хувийг нийслэлийн төсөвт, 11 хувийг орон нутгийн төсөвт тушаадаг бөгөөд өнгөрсөн онд 684 тэрбум төгрөгийн татварыг хураажээ. Сүүлийн жилүүдэд нийслэлийн татварын орлого эрс нэмэглэж байгаа бөгөөд өнгөрсөн онд л гэхэд тус газар төлөвлөгөөгөө 4 хувиар давуулан биелүүлж, зөвхөн нийслэлд л гэхэд 244.4 тэрбум төгрөгийг тушаасан байна. Нийслэлийн татварын газар 2011 оноос эхлэн Хувь хүний орлогын албан татварыг иргэдэд буцаан олгох ажлыг хийж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 16000 гаруй иргэнд 9.9 тэрбум төгрөгийг эргүүлэн олгожээ. Түүнчлэн далд эдийн засагтай тэмцэх зорилгоор ногдуулалтын хяналтын ажлыг хийж эхэлсний дээр татвар төлөгч иргэний бүртгэлийн журмыг хэрэгжүүлснээр шилжилт хөдөлгөөн хийх замаар татвараас зайлсхийдэг явдлыг таслан зогсоосон байна. Нийслэлийн татварын газар 2013 онд 308.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэх зорилттойгоор ажиллаж байгаа хэмээн С.Энхбаатар дарга танилцууллаа. Үүний дараа Л.Шагдаррагчаа төлөөлөгч хэдэн зүйлийг тодруулсан юм. -Л.Шагдаррагчаа: Нийслэлийн засаг даргын 2013 оны мөрийн хөтөлбөр батлагдан гарсан. Энэхүү мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд шаардагдах хөрөнгийг Нийслэлийн татварын газар 100 хувь бүрдүүлж чадах уу? -С.Энхбаатар: Нийслэлийн засаг даргын мөрийн хөтөбөлрт хэрэгжүүлэх нийт ажлын төсвийн санал бидэнд орж ирсэн. Бид тэрхүү төсвийн мөнгийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Гэхдээ анхаарах зүйлс бас хэд хэд байгаа. Тухайлбал НИТХ төрийн сангаас ирсэн төслийг огт задлахгүйгээр батлаад байгаа. Сүүлийн хэдэн жил ийм байдал байнга давтагдсан. Цаашдаа сайтар задалж хэлэлцэхгүй бол төсвийн орлого бүрдэхгүй дутах хандлага гарч магадгүй байгаа. Яагаад гэхээр усны татварын хуулийн орчныг сайн бүрдүүлээгүйгээс үүдэн 8.2 тэрбум төгрөгийн татвар тасарч магадгүй байгаа. Бид энэхүү хуулийн орчныг нэг мөр болгохоор өнгөрсөн жилээс эхлэн тасралтгүй ажиллаж байгаа. Дээрх нь Оюутолгой компани 6 тэрбумын татвараа өнөөг хүртэл өгөхгүй байгаа. Өнгөрсөн онд засгийн газраас 250 сая долларыг тус газраас зээлсэн. Энэхүү зээлээс тэр мөнгөө суутгаж ав гэж гүрийгээд байгаа учраас нийслэлд хуримтлагдах мөнгө 6 тэрбумаар тасрахаар байгаа. -Л.Шагдаррагчаа: Орон нутгийн сонгуулиас хойш нийслэлийн харьяа байгууллагуудад халаа сэлгээ их хийгдэж байгаа. Харин танай байгууллагад халаа сэлгээ хэр явагдаж байгаа вэ? -С.Энхбаатар: Ер нь бол хийгдээгүй. Нэг дүүргийн татварын газрын дарга солигдсон. Мөн ТЕГ-ын дарга, дэд дарга нь л солигдсон өөр өөрчлөлт ороогүй. -Л.Шагдаррагчаа: Татвар хураалтын ажил урирлын байдлаар шалтгаалан ихсэн буурах зйүл байдаг уу? Энэ талаарх динамик судалгааг гаргасан уу? -С.Энхбаатар: Бид орлого зарлагын динамик судалгааг өмнө нь хийж байсан. Ер нь улирлын сезоны нөлөөлөл бага байдаг. Яах вэ манайхан юмыг тулгаж хийдэг хойно. Он гарахын өмнө татварын орлого бусад сараа бодвол жаахан их байх нь бий. -Л.Шагдаррагчаа: Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хүсэх хүсэлт юу байна. нийслэлийн татварын газарт тулгамдаад байгаа гол асуудлууд юу байна. С.Энхбаатар: Саяхан гарсан журмаар Нийслэлийн татварын газар хогны мөнгө хураадаг ажлыг хийхээр болж байгаа юм байна. манай ажилчид маш их ажилтай байдаг атлаа дээр нь тийм ажил хийнэ гэхээр ихээхэн бэрхшээлтэй учирч байгаа юм. Түүнчлэн нийт ажилтан ажиллагсдын маань 80 орчим хувь нь авсан цалингийнхаа 20 гаруй хувийг утасны нэгжинд зарцуулдаг гэсэн судалгаа гарсан. Хувь хүн, албан байгууллагаас татвараа нэхэж залгасаар байгаад тэгж их хохирдог. Энэ асуудлыг шийдэж өгөөч гэж хүсч байна. мөн манай ажлын байр их засварт оролгүй удсан өнгө үзэмж таарууханы дээр ажиллагсдад өрөө хүрэхгүй байх тохиолдол гарч байгаа. Татварын хуулийг олон нийтэд таниулах ажил ихээхэн дутагдалтай явдаг. Тухайлбал Япон улс хүүхдүүдэд бага ахуйгаас нь эхлэн татвараа төлөхийг зааж, оюун ухаанд нь суулгаж өгдөг юм байна лээ. Манай улс ч гэсэн иймэрхүү болвол зүгээр байгаа гэв. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид нийслэлийн татварын газрын үйл ажиллагаа хэвийн сайн явуулж байгаад баяр хүргэж цаашдынх нь ажилд амжилт хүслээ.
Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг 2012 оны 08 дугаар сарын 26-нд төрийн ордныг иргэдэд нээлттэй болгож, төрийн түүхийн музейгээр иргэдийг танилцах боломжтой болгосон. Энэ өдрөөс хойш төрийн түүхийн музейтэй танилцах иргэдийн цуваа огт тасраагүй бөгөөд өнөөдөр 100 мянга дахь зочноо хүлээн авч байгаа юм байна. Зуун мянга дахь зочныг Ерөнхий сайд Н.алтанхуяг 11 цагаас өөрийн биеэр хүлээн авч уулзахаар болжээ.
Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр амжилттай хэрэгжиж, өнгөрсөн хоёр долоо хоногийн туршид бүртгэлийн арга хэмжээгээ зохион байгуулж нийтдээ 3600 гаруй иргэн суралцах хүсэлтээ Хөдөлмөрийн биржэд гаргажээ. Тэгвэл өнөөдөр буюу 2013 оны 1-р сарын 17-ны Пүрэв гарагаас эхлэн Аж ахуй нэгж байгууллагууд суралцах хүсэлтэй иргэдтэй уулзалт ярилцлага хийж эхэлнэ. Өнөөдрийн хувьд эхний ээлжийн 600 иргэн, 12 ажил олгогч, аж ахуй нэгж байгууллагын удирдлага, хүний нөөцийн мэргэжилтнүүдтэй ярилцлага хийн, сонгон шалгаруулалтанд оролцох юм. Ажил олгогч, аж ахуй нэгж байгууллагууд ярилцлаганд орсон иргэдээс ярилцлагын дүнд сонголт хийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд суралцуулах хүсэлтээ гаргах ажээ. Түүнчлэн маргааш буюу Баасан гарагаас энэхүү арга хэмжээ үргэлжлэн ажил хайгч иргэд, ажил олгогчидтой уулзалт хийх бөгөөд энэхүү уулзалтын үр дүнд а.а.н-үүд мэргэжилтэй ажилтантай, харин ажил хайгч иргэд мэргэжилтэй, ажилтай болох нөхцөл бүрдэх юм. Дашрамд сонирхуулахад Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн эхний ээлжийн сургалт 2-р сард эхлэх юм.
Өнөөдөр Хангарьд ордонд Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчид агаарын чанарын албаны ажил байдалтай танилцлаа. Танилцах уулзалтад НИТХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Баяраа, МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан, төлөөлөгч Б.Саранчимэг, Г.Ганхүү, С.Үнэн, Г.Ганбаяр, Д.Одонтунгалаг болон агаарын чанарын албаны ажилчид оролцлоо. Хурлын эхэнд Агаарын чанарын албаны дарга Ч.Батсайхан нийт төлөөлөгчдөд доорх мэдээллийг хийлээ. Агаарын чанарын алба нь одоогоор 22 хүний бүрэлдэхүүнтэй байгаа. Бид бүхэн агаарын чанарыг тодорхойлж, хэмжилт шинжилгээ хийж, агаарын чанартай холбоотой мэдээллээр иргэдийг хангах үндсэн үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд агаарын чанарт шинжилгээ хийхэд хорны хэмжээ нь 5-18 хувь буурсан гэсэн үнэлгээ гарсан. Манай утааны хорыг шинжилдэг 4 төхөөрөмж маань баруун 4 зам, хоёрдугаар эмнэлэгийн тэнд, МҮОНТ-ын дэргэд, Яармагийн дэнжид байрладаг. Энэ багажуудаас ирсэн мэдээллээс харахад ийм үзүүлэлт гарсан. Утаагүй зуухыг тараах ажлын хүрээнд 100000 айл зуухыг тараасан байгаа. Одоо 50000 мянган айлд зуух тараачихвал нийслэлийг 100 хувь утаагүй зуухаар хангасан үзүүлэлт гарна гэв. Ч.Батсайхан даргыг дээрх мэдээллийг хийсний дараа төлөөлөгчдийн зүгээс хатуухан зэмлэлүүд хөвөрсөн юм. НИТХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Баяраа Агаарын чанар 18 хувь хүртэл буурлаа гэж байгаа чинь юу гэсэн үг вэ? Хаана агаар цэвэршиж эрүүлжээд байгаа юм. Би налайхаас ажил руу гаа гарахад нартай байдаг. Харин Баянзүрх руу ороод ирэхээр эргээд харанхуй болчихдог. Энэ тэгээд буурсан үзүүлэлт үү. Утаагүй зуухыг тараачихвал агаар цэвэршинэ гэж ирээд баахан мөнгө авсан. Энэ зуухыг гэвч өндөр үнээр гадаадаас оруулж ирдэг гэсэн. Заавал улсын мөнгийг гадаад руу үр ашиггүй зүйлд зарцуулах шаардлагатай юм уу. Шахмал үртсэн нүүрсийг нүүрснээсээ илүү хор уршигтай байна гэж иргэдээс их гомдол ирж байгаа. Энийг та бүхэн судалж шинжилж үзсэн үү. Ойрын хугацаанд энэ бүх асуултанд бичгээр манай бүлгэнд хариу ирүүлнэ үү хэмээн үүрэгдлээ. Үүний дараа МАН-ын төлөөлөгч Г.Ганбаяр үг хэллээ. Агаарын чанарын албанд би онц муу гэсэн үнэлгээг шууд тавимаар санагдлаа. Манай бүлэг хэдхэн хоногийн өмнө энэ асуудлаар хуралдахад танай нэг ажилчин бид 75 мянган зуух тараахаар төлөвлөсөн хэдий дөнгөж 25 мянгыг л тараасан гэж байсан. Гэтэл та шал өөр юм яриад явж байна. Чухам яг хэн нь үнэн яриад байгаа юм. Агаарын чанарын албанд Нийслэлийн чамгүй их мөнгийг өгдөг. Та нар хэлэхдээ айлуудад дулаахан туурга авч өгнө тэгэхээр утаа тэдэн хувь буурна, одоо тэдэн төгрөг өгчихвөл хөнгөлөлттэй зуух тараая тэгэхээр утаа 25 хувь буурна. Тэгэнгүүтээ тогны мөнгийг хөнгөлье эдэн хувь буурна гэж баахан мөнгө авч үрчихээд ямарч үр дүнгүй худлаа мэдээлэл өгөөд л байж байна шүү дээ. Энийгээ одоо боль. Агаарын бохирдол буурсан юм бол хотын энэ хэсэгт ингэж буурлаа, баянхошуунд тэгж буурлаа гэж хэлээч. Худлаа амны бангаар ярихаа боль гэв. Д.Одонтунгалаг төлөөлөгч Агаарын чанарын албанаас өгсөн бүх мэдээлэл худлаа. Дандаа ингэж худлаа ярьж байдгаа боль. Хамгийн утаа багатай байдаг 4 газарт төхөөрөмжөө байршуулчихаад худлаа мэдээлэл өгөөд сууж байдгаа боль. Би хороололд амьдардаг. Гандан өнгөрөхөөр л зам харанхуйлаад юу ч харагдахаа больчихдог ш дээ. Энийг тэгээд буурсан гэх үү. Хоолой хорсгосон гашуун утаа нь улам л ихсээд байхад яагаад багассан гэж яриад байгааг тань ойлгохгүй байна. танай ажилчин чинь сая яг үнэн мэдээллийг өгвөл ард түмэн айна шүү дээ гэсэн юм ярилаа. Ийм байж болохгүй ээ. Ард түмэн аймаарч гэсэн үнэнийг мэдэх эрхтэй. Тэгж байж л тэд өөрсдийгөө хамгаална. Тэгж байж л тэд утааг бууруулах ажилд гар бие оролцоно. Утаанаас болж ургийн зогсолт болсон хүүхэд жил бүр өсч байна. утаанаас болсон өвчин зовиур өдрөөс өдөрт ихсэж байхад та нар худлаа хэлээд сууж байж даанч болохгүй. Хэрвээ цаашид алдаа дутагдлаа засаж, үнэн мэдээлэл гаргахгүй бол таныг наад суудалд чинь байлгах эсэх асуудлыг ярина шүү. Танай ажилчид орон тооны хувьд хангалттай байна харин мэдлэг боловсролын хувьд ямар байхыг би мэдмээр байна гэлээ. Энэ мэтчилэнгээр агаарын чанарын албаны ажлыг шүүмжилж цаашид алдаа дутагдлаа засаж ойрын хугацаанд агаарын бохирдол чухам хэдэн хувьтай, ямар үзүүлэлттэй байгаа талаарх мэдээллийг гаргахыг үүрэг болголоо.
Монгол улсад болж байгаа хэлмэгдүүлэлтийг зогсоо хэмээн мэдэгдэж 11 ээж өлсгөлөн зарлаж байгаа. Тэгвэл өлсгөлөн зарлаад 130 гаруй цаг болсон Г.Шархүү гуайн бие өнөөдөр өглөөнөөс эхлэн эрс мууджээ. Гэнэтийн хямралаас үүдэн түргэн тусламжийн эмч нар түүний биед үзлэг хийгээд Эрчимт эмчилгээ хийлгэх хэрэгтэй хэмээн зөвлөсөн хэдий ч Г.Шархүү гуай эмчилгээ хийлгэхээс татгалзсан байна. Өлсгөлөн зарласан ээжүүдийн биеийн байдал хямарч байгаатай холбогдуулан энэхүү хэлмэгдүүлэлтийг нэн даруй зогсоохоор УИХ-ын гишүүд Засгийн газрын сайдууд гүйлдэж байгаа ч эрх баригчид өнөөг хүртэл гүрийсээр байгаа юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй