Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартуудад хийх улсын үзлэг эхэллээ

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Монгол улсад мөрдөгдөж байгаа 6200 гаруй стандартад хийх улсын үзлэгийг 2013 оны нэгдүгээр сард багтаан хийхээр болоод байгаа. Тэгвэл Хөдөлмөрийн яамнаас эрхлэх асуудлынхаахүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн холбогдолтой 120 гаруй үндэсний стандартад шинжлэх ухаан, техникийн түвшинд улсын үзлэг хийхээр Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаад байна. Улсын үзлэгийн зорилго нь Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бодлого, зорилт, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чиглэлээр гарсан үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд үндэсний стандартыг олон улсын стандартчилал, тохиролын үнэлгээний талаар гаргасан зарчим, стандарт, баримт бичгүүдэд нийцүүлэх, стандартчилалын хөгжлийн оновчтой бодлогыг тодорхойлоход үндсэндээ чиглэгдэж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйнстандартыг боловсруулахад Хөдөлмөрийн яамны мэргэжилтнүүдээс гадна Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөр, эрүүл ахуйн улсын байцаагч, Стандартчилал, хэмжил зүйн газрын асуудал хариуцсан мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид, Хөдөлмөрийн судалгааны институтын эрдэм шинжилгээний ажилтнууд, их дээд сургуулийн багш нар гээд нийтдээ 34 хүнтэй ажлын хэсэг байгуулагдан, ажиллаж байна. Стандартын үзлэгийн дүн, ажлын хэсгээс гаргасан үнэлэлт, дүгнэлтийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулахаар болоод байна.

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав барилгын салбарынхантай уулзлаа

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр-ийн хүрээнд Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхантай уулзаж, санал бодлоо солилцлоо.Уулзалтанд барилгын салбарын томоохон компаниудын төлөөлөл болон мэргэжлийн холбоод, МСҮТ-ийн захирлууд оролцож, Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр-ийг хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээл, тулгамдаад байгаа асуудлуудыг хөндөж ярилцсан юм. Уулзалтын эхэнд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав хэлсэн үгэндээ Миний бие мягмар гарагт МСҮТ-ийн захирлуудыг хүлээн авч уулзаж, мэргэжилтэй ажилтан бэлтгэх шатанд тулгамдаж буй асуудлууд, ажлын байрны хүрэлцээ хангамж зэрэг асуудлаар санал солилцсон. Тэдний ярианаас барилгын салбарыг онцгойлон авч үзэх учиртай юм байна гэж ойлгосон. Учир нь Улирлын чанартай салбар учраас бэлтгэж байгаа мэргэжилтнүүдийнхээ ажлын байрыг тогтмолжуулах, байнгын ажлын байртай байлгах тал дээр засгийн газар, БХБЯ-тай хамтарч ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байна. Тиймээс өнөөдөр салбарын сайд Ц.Баярсайхан болон барилгын компаниуд, мэргэжлийн холбоо, МСҮТ-ийн захирлуудтай уулзаж, асуудлуудаа тал талаас нь ярилцах нь зүйтэй гэж үзсэн. Эндээс та бүхэн тулгамдаж байгаа асуудлуудаа салбарынхаа сайдад ярьж, мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд чухал шаардалгатай байгаа асуудлуудыг дэлгэн тавина гэдэгт итгэлтэй байна гэлээ. Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй тус уулзалтанд барилгын салбарын томоохон компаниудын төлөөлөл, ажил олгогчид, барилгын чиглэлээр ажилтан бэлтгэдэг МСҮТ-ийн захирлууд, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож байгаагаараа энэ удаагийн уулзалт онцлог байлаа. Үүний дараагаар БХБ-ын сайд Ц.Баярсайхан үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ Барилгын салбарт 2016 он хүртэлх бүтээн байгуулалтын төслийг нэг дор батлуулж, барилгын компаниудад ижил тэгш хуваарилах нь тэднийг тогтмол ажилтай байлгах гарц хэмээн харж байгаагаа хэллээ. Мөн бүтээн байгуулалтын ажлыг нээлттэйгээр хуваарилсанаар Тендерийн ченж-үүд үгүй болж, Би чадна багууд тогтмол нэг компанид харьяалагдах боломж бий гэдгийг онцолсон юм. Шинэчлэлийн засгийн газрын мөрийн хөтөлбөрт 150 000 ажлын байр бий болгоно гэсэн амилалтын хамгийн хүндийг үүрч байгаа Хөдөлмөрийн яамыг ажилдаа тун шуурхай хандаж, ханцуй шамлаж орсонд талархалтай байгаагаа илэрхийлэн цаашид хамтарч ажиллахад бэлэн байгаагаа хэллээ. Уулзалтын үеэр барилгын компаниуд, ажил олгогчдын зүгээс сайд нарт хандаж барилгын компаниудын хувьд тендер авна гэдэг бүтэшгүй мөрөөдөл болж, тогтмол ажилтай байх боложмгүй байдаг. Тогтмол ажилгүй компани байнгын ажилчинтай байх ямар ч нөхцөлгүй байдгийн дээр энэ чиглэлээр ажилтан бэлтгэдэг МСҮТ-үүдээс захиалга авах аргагүй байдагаа хэллээ. Хэрвээ засгийн газар, салбарын яамнаас барилгын компаниудыг тогтмол ажилтай байлгах тал дээр бодлого боловсруулж ажиллавал компаниуд байнгын ажилтай болохын дээр, байнгын мэргэжилтэй ажилтантай болж, МСҮТ-үүдийн бэлтгэж байгаа төгсөгчдийг ажлын байраар хангахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Томоохон бүтээн байгуулагч компаниудыг дагаад ЖДҮ ч хөгжих учиртайг хэлж байсан юм. Мөн сүүлийн үед барилга барихад гадна тохижилт, ногоон байгууламжыг орхигдуулж байгааг шүүмжилж, барилгын яамнаас энэ талаар бодитой бодлого баримталж, ажиллахыг хүсч байлаа. Харин МСҮТ-өөс зарим нэг ховор мэргэжлээр ажилтан бэлтгэх боломж бий эсэхийг тодруулж, зарим нэгэн мэргэжлийн томьёоллыг өөрчлөхгүй бол нийгмийн даатгалд ажилчидаа бүртгүүлэх, цаашлаад тэтгэвэр тэтгэмж тогтоолгоход барилгачид хохирч мэдэх талтай байгааг анхааруулж байлаа. Ийнхүү Хөдөлмөрийн яам болон Барилга хот байгуулалтын сайд нарын зохион байгуулсан уулзалтын үр дүнд барилгын салбарт компаниуд нь тогтмол ажилтай, мэргэжилтэй ажилтантай, мэргэжлийн сургуулиуд нь ажилтан бэлтгэхэд, ажлын байрны хүрэлцээ муу гэдэг зүйл үгүй болно гэдэгт итгэлтэй байгаагаа уулзалтанд оролцогчид энэ үеэр илэрхийлж байсан юм.

Япон улсын сургалтын стандартаар өндөр зэрэглэлийн үсчин бэлтгэж эхэллээ

Мэргэжлийн боловсрол, сургалтыг шинэчлэх зорилтын нэг чухал чиглэл нь төгсөгч бүрийг ажилтай болгох тэр дундаа тэднийг өндөр шаардлагатай ажлын байранд тэнцүүлэх явдал болоод байна. Энэ нь сургууль,багш, сурган хүмүүжүүлэгчдийн ажлын үр дүнг харуулах гол шалгууруудын нэг юм. Энэ ажлын хүрээнд Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехникийн коллежид 2 жилийн өмнөөс Японы мэргэжлийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, арга зүйд суурилсан өндөр зэрэглэлийн мастер үсчин бэлтгэх анхны ангийг нээн хичээллүүлж, өнөөдөр төгсөх ангийн оюутнуудаасаа шалгалт авч байна. Шалгалтыг Япон улсад хэрэглэгддэг аргачлалаар авч байгаа нь орчин үеийн нийгмийн шалгуурт тэнцэнхүйцүйл явдал болж буйг сургуулийн хамт олон онцолж байна. Тус сургуулийнхан шалгалтыг зөвхөн оюутан, багш нарын оролцоотой, нуугдмал хэлбэрээр явагддаг үеийг халж оюутнуудаас гадна тэдний эцэг, эх, мэргэжлийн үсчин, гоо засалч, мастерууд, ажил олгогчдыгоролцуулах боломж олгосон нь энэхүү арга хэмжээний онцлог байлаа. Мэргэжлийн үсчин гоо, засалчдын хувьд мэргэжлийн талаас үнэлгээ өгч байгаа бол эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн суралцаж, ямар чадвар эзэмшсэнийг бодитоор харах боломж энд нээлттэй байв. Японы ЖАЙКА байгууллагаасэнэхүү сургалтыг санхүүжүүлж, мэргэжлийн зөвлөх багшаар хангах, сургалтад зориулсан орчинг бүрдүүлэх, сурах бичгээр хангахад нийтдээ 130орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Оюутнууд Япон улсын өндөр чанартай багаж төхөөрөмж дээр хамгийн сүүлийн технологийг амжилттай эзэмшсэнийг мэргэжлийн үсчин, гоо засалчид өндрөөр үнэлж байв. Шинэ арга технологийг эзэмшсэн төгсөгчид бүгд манай улсын урдаа барьдаг гоо сайханы салонуудад ажлын байртай болсон нь энэхүү сургалтын үр дүнг харуулсан юм. Зарим төгсөгчдийн хувьд дадлагын хугацаандаа хувийн салоноо нээснээ энэ үеэр дуулгаж байлаа. Японы ЖАЙКА байгууллагын ахмад сайн дурын мэргэжилтэн, зөвлөх багш Мочи Зүки Нобуко тус сургалтыг удирдан явуулсан бөгөөд түүний 2 жилийн зүтгэл, хүч хөдөлмөрийн үр дүн ийнхүү биелэлээ олж, Монголын хөдөлмөрийн зах зээлийг өндөр ур чадвартай, мэргэжилтэй ажилтнаар хангах зорилтыг биелүүлэхэд нэгэн шинэ боломжийг нээж өглөө. Тэрээр энэ үеэр Япон, Монголын багш нарын хамтын хүч, хөдөлмөрөөр бид тавьсан зорилгоо ийнхүү амжилттай биелүүлж чадсандаа би өнөөдөр туйлын баяртай байна. Миний шавь нар удахгүй Монголын, улмаар дэлхийд нэрээ гаргах тийм үсчид болно гэдэгт илтгэлтэй байна хэмээн Монгол шавь нараараа бахархаж ярьсан юм.

 Автобусаар үнэгүй зорчих эрхийн үнэмлэхийг шинэчилнэ

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчдог. Эдгээр иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчих эрхийн үнэмлэхийг ирэх сарын нэгнээс эхлэн шинэчилэн олгохоор боллоо. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар 2013 оны 2 дугаар 1-нээс эхлэн үнэгүй зорчих эрхийн үнэмлэхийг олгож эхлэх бөгөөд ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд харъяа дүүргийнхээ нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст очин эхний удаа үнэ төлбөргүйгээр шинэ үнэмлэхээ авах юм. Шинэ үнэмлэх олгож эхлэх хүртэл буюу 2 сарын нэгэн хүртэл хуучин үнэмлэх хүчинтэй байнагэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 Өвөрхангай аймагт өвөлжилт хүндэрчээ

Өнөөдрийн байдлаар монгол орны нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй, 12 аймгийн 48 суманд өвөлжилт хүндэрч, дээрх нутгаар цасны зузаан 20-60 см, хунгарлаж шуурсан газраа 60-130 см зузаан нягтарч хатуурч цасан бүрхүүл тогтжээ. Цаашид цас нэмж орж хүйтэрвэл 16 аймгийн 83 суманд малын бэлчээрлэлт хүндрэх төлөвтэй байна. Өвөлжилт хүндрээд байгаа аймгуудын нөхцөл байдал ямар байгаа, цаашид авах арга хэмжээг тодорхойлохын тулд Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амараар ахлуулсан Ажлын хэсэг орон нутагт өчигдрөөс эхлэн ажиллаж байна. ОБЕГ-ын даргын удирдамжаар ажиллаж буй уг ажлын хэсэг өвөлжилт хүндэрсэн Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ аймгуудад 01 дүгээр сарын 10-ныг дуустал ажиллах юм байна. Өнөөдрийн байдлаар уг Ажлын хэсгийнхэн Өвөрхангай аймгийн Зүйл, Бүрд, Хархорин, Хужирт, Зүүнбаян-Улаан, Арвайхээр суманд ажиллаж байна. Ингээд Ажлын хэсгийн ахлагч, онцгой байдлын хурандаа М.Энх-Амараас утсаар тодруулга авсан юм. - Өвөрхангай аймгийн дээрх сумдад нөхцөл байдал ямар байна вэ? - Ажлын хэсэг өчигдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл, Бүрд, Хархорин суманд ажиллалаа. Өнөөдөр Хужирт, Зүүнбаян-Улаан, Арвайхээр сумдад ажиллана. Эдгээр сумдад цас ихээр орж, өвөлжилт туйлын хүндэрсэн байна. Цасны зузаан их, нягт нь 0,20-0,30 гр/см3 байгаа нь олон жилийн дундажтай харьцуулахад 2 дахин их байна. Мал бэлчээрлэх боломжгүй болж цас их орж, нягтаршсанаас малын шилбэ шархлах, туурай бэртэх хүндрэлүүд гарч байна. - Өвс, тэжээл хэр хүрэлцээтэй байна вэ? - Тус аймагт байрлах Улсын нөөцийн цэг, салбаруудаас өвс, тэжээлийг худалдан борлуулж эхлээд байна. Нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулж цаашид нөөцийн өвс, тэжээлийг нэмж байршуулах шаардлага тулгарч байна гэсэн хариултыг өгсөн юм. Өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах уг Ажлын хэсэг нь гамшгийн эрсдлийн үнэлгээ хийж, гамшгийн хэмжээнд хүрсэн аймаг, сумдын тоог тодруулах, шаардлагатай тохиолдолд газар дээр нь асуудлыг шуурхай шийдвэрлэж, цаашид малчдад хэрхэн туслах, төр засгаас орон нутаг руу хандсан ямар арга хэмжээ авахыг тодруулах юм. Өнөөдрийн байдлаар өвөлжилт хамгийн их хүндэрч, олон сумдыг хамарсан аймаг нь Өвөрхангай аймаг юм. Тус аймгийн хувьд 19 сумын 11-д нь ийнхүү өвөлжилт хүндэрсэн мэдээтэй байна. Ажлын хэсгийнхэн томилолтынхоо үеэр цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг ард иргэдэд цаг хугацаанд нь шуурхай, оновчтой, хүртээмжтэй зарлан мэдээлж байгаа эсэх, аймаг, орон нутаг дахь Улсын нөөцийн цэг, салбарын үйл ажиллагаа, өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч буй аймгуудын дулааны шугам сүлжээ, эрчим хүч, цахилгаан станцуудын бэлтгэл бэлэн байдлыг шалгаж заавар зөвлөгөө өгөх юм. Үүнээс гадна өвөлжилт хүндэрсэн аймгуудын отор нүүдэл хийж байгаа малчдад төрийн болон эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээ хэрхэн хүрч байгаад үнэлэлт дүгнэлт өгөх юм байна. Мөн мал өвөлжилт, үүссэн нөхцөл байдал, тохиолдож буй хүндрэл, бэрхшээлтэй танилцаж, хаагдсан зам давааг нээх, цэвэрлэх зориулалттай техник хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг шалгаж шаардлагатай тохиолдолд газар дээр нь шийдвэр гаргаж ажиллана.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.