Сироп найруулагчид үнэнээ өчив

Хатуу ширүүн уур амьсгалтай, эргэх дөрвөн улиралтай атлаа манайхан өвөл зунгүй 100 хувь жимсний жүүсээр амны цангаагаа тайлдаг азтай хүмүүс гэлтэй. Өөрсдийн хэрэгцээг хангаж чадахуйц алим тарьж чаддаггүй атлаа үндэсний үйлдвэрлэгчид маань энд тэндхийн төрөл бүрийн жимсээ шахаж ундаа, шүүсээ найруулсаар байдаг. Хэрвээ хүмүүс анзаарсан бол Bio juice гэхэд жимсээ бараг л таван тивээс л импортолдог мэтээр сурталчилдаг. Харин хэрэглэгчид маань арай ухаантай юм болохоор ШӨХТГ-т энэ талаар удаа дараа санал гомдлоо ирүүлжээ. Үүний дагуу жүүс үйлдвэрлэгч компани, аж ахуй нэгжийн удирдлагуудтай ШӨХТГ-ын дарга О.Магнай уулзаж ярилцлаа. Хэрэглэгчдээс удаа дараа гомдол ирсэн байна аа. Зурагтаар гарч байгаа рекламаар бол жимс шахсан ямар ч хольцгүй цэвэр шүүс гэх юм. Гадаадаас жимс оруулж ирээд шахаад байдаг юм уу, эсвэл сироп оруулж ирээд устай найруулж зардаг юм уу гэдэг нь яах аргагүй асуудал. Үүний дагуу би гаалиас мэдээлэл авахад дандаа нектар орж ирдэг гэх юм. Жүүсийг стандартын дагуу бол цэвэр, өтгөрүүлсэн, сэргээсэн гэх зэргээр ангилдаг. Манай жүүснүүд бол хуурай жүүсийг усаар найруулдаг тул сэргээсэн жүүс гэсэн шошго тохирох юм байна гэсэн бодол надад байна. Цэвэр жүүс бол шинэхэн байдлаа хадгалж ирсэн жимс, жимсгэнэ, ногооноос механик аргаар боловсруулж гаргаж авдаг. UFC гэх мэт тодорхой хэдэн компани бол чацарганыг байгалийн цэвэр бүтээгдэхүүн шахаж байгаа. Энэ бол тусдаа гэдгийг хүмүүс ойлгох байх. Сэргээсэн жүүс хэмээн шошгоо өөрчлөх нь зөв биз дээ. Та нар надад санал гомдлоо хэлээч гэв. Витафит компанийн үйлдвэр эрхэлсэн дэд захирал Т.Сайнбилэг Та бүхэн хаяг, шошгоо өөрчилж, ойролцоогоор арав хоногийн дараа мөрдөнө гэлээ. Хөгжилтэй оронд ийм төрлийн стандарт журмыг найман сарын дараанаас хэрэгжүүлдэг. Өнөөдөр хяналтын байгууллагууд биднээс шаардах нь зөв. Гаргаад баталчихсан хуулийг биелүүлнэ. Гэхдээ 14 хоног дэндүү бага хугацаа. Зөвхөн манай компанид байгаа үлдэгдлээ би хэлье л дээ. Манай компанид өнөөдрийн байдлаар гэхэд 51 нэр төрлийн 46 сая шошго байна. Энэ нь үнийнхээ дүнгээр ойролцоогоор 940 мянган ам.доллар буюу нэг тэрбум 320 сая төгрөг болно. Хуулиа биелүүлбэл бид үүнийг устгах хэрэгтэй болно. Энэ хөрөнгө мөнгийг яах вэ гэсэн юм. О.Магнай дарга үүнд шуудхан л бухимдав. Би таниас нэг юм асууя. Танай компани гадаадаас жимс оруулж ирдэг юм уу гэхэд тэрээр Ямар ч компани монголд жимс оруулж ирдэггүй гэлээ. О.Магнай Энэ яах аргагүй хэрэглэгчдийг төөрүүлж байгаа хэлбэр. Тэгэхээр одоо Монгол Улсад мөрдөгдөж байгаагаар бол цэвэр жүүс гэж болохгүй. Сэргээсэн жүүс гэж нэрлэе ээ гэж байна. Сүүлийн үед үйлдвэрлэгч нартай ярихаар өөдөөс хугацаа яриад байгаа байхгүй юу. Би хугацаа батлаагүй. Тэр хугацааг чинь хуулинд заасан байдаг. Хуулийг мөрдөх гэж л гаргаж байгаа шүү дээ. Тэгэхээр нэг л асуудал байгаа юм. Европ, Хойд Америкт асуудал ямар байдаг билээ. Монгол ч гэсэн адилхан болох болсон. Хууль батлагдвал тэрийг бүгдээрээ дагаж мөрддөг. Урьд нь ямар байсан нь хамаагүй. Одоо батлагдсан дүрэм журмаа л мөрддөг болъё. Нэг сарын хугацаа өгөөд, батлагдсан стандартаас зөрсөн жүүснүүдийнхээ алдааг зас. Бид нарт ямар эрх байна вэ гэхээр хэрэв алдаа засаагүй бол бүх дэлгүүр, хүнсний зах руу бичиг явуулаад энэ бүтээгдэхүүнүүдийг заруулахгүй. Мэдээж, сироп найруулж зарахыг монголд зөвшөөрч байгаа. Тэрийгээ бич л гэж байна шүү дээ гэсэн юм. Тоёота зах зээлээс 7.5 сая автомашин татаж болоод байхад та нар яагаад супермаркетуудаас жүүсээ буцаагаад авчихаж болдоггүй юм гэлээ. Компаниудын төлөөлөл хэвлэлийнхнийг гаргаад асуудлыг хэлэлцье хэмээн хэлэлцээрийн ард дахин суухаар үлдэцгээсэн юм. Мэдээж хэрэг шийдвэр хэрэглэгчийн талд гарах байх. Сүү үйлдвэрлэгч компаниуд ч алдаагаа засч реклам сурталчилгаагаа хүртэл шинэчилчихэж. Golden milk хуурай сүүгээ худалдан аваарай гээд шторк явж байх жишээтэй. Юутай ч үндэсний үйлдвэрлэгчид маань сироп найруулж тэрбум, тэрбумаар нь олдгоо зөвшөөрөв. У.Бадам

 “Авзага трейд”-ын  захирал П.Мэндбаярын 15 давхар байшинг нураах шийдвэр гарлаа

Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл зөвшөөрөлгүй хууль зөрчин барьсан барилгуудыг эхнээс нь нураахаар болж, үүнд хамгийн түрүүнд Сүхбаатар дүүргийн зургадугаар сургуулийн хажууханд байрлах Авзага трейд, Сонгинохайрхан дүүргийн Таван шард байрлах Тэмүүлэнбаатар ХХК-ийн орон сууцны барилга өртсөн. Гэвч тэд нийслэлийн Засаг даргын гаргасан энэхүү шийдвэрийг хүндэтгэж наашаа харж инээж, цаашаа харж уйлан барилгаа нураалгах уу. Эсвэл олон зуун сая төгрөгийнхөө хөрөнгийг хамгаалж эсэргүүцэн босох уу. Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжтай холбоотойгоор зөвшөөрөлгүй газарт барьсан хоёр барилгыг буулгахаар болсон билээ. Үүний нэг нь Сүхбаатар дүүргийн V хороо зургадугаар сургуулийн хажууханд барьж байгаа Авзага трейд компанийн барилга юм. Манайдаа л нэр хүндтэй, барилгын салбартаа тэргүүлэгч гэгддэг тус компанийнхан гоомой юм хийж, зөвшөөрөлгүйгээр дуртай газраа байшин сүндэрлүүлнэ гэж байхгүй мэт. Гэвч холбогдох албаныхан бүгдийг нягталж, энэ бүгдийг тогтоосноор нураах шийдвэрийг гаргасан биз. Аль эсвэл хэн нэгний шургуу оров уу, хэн мэдлээ. Өнгөрсөн мягмар гаригт УИХ-аас томилогдсон ажлын хэсгийнхэн барилгын компаниудад хийсэн дүгнэлтээ танилцуулах үеэр олон ноцтой баримтыг дэлгэсэн. Тухайлбал, барилгын компаниудтай дайн зарлаад байгаа хотын захирагч Э.Бат-Үүл маань явж явж зөвшөөрөлгүй, хэл амтай байранд амьдардаг, УИХ дахь цөөн эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон Монос-ын гэх Эрдэнэчимэг ч зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар барьсан барилгад нэр нь холбогдсоныг гишүүд илчилж орхисон. Мөн энэ үеэр АТГ-ын дэд дарга Б.Хурцын эхнэрийн ОХУ-ын ЭСЯ-ны орчим байрлах Сарнайх гоо сайхны салоныг буулгаж чадвал хотын мээр Э.Бат-Үүлийг жинхэнээсээ тэмцэл өрнүүлжээ гэж итгэе гэсэн мессеж нийгэмд тарж эхэлсэн. Тиймээс энэ удаад хэл ам татлаад өнөө маргаашгүй нураагдахдаа тулаад байгаа дээрх хоёр компанийн барьсан барилгыг зорьж, газар дээрээ байдал ямар байгааг үзлээ. Авзага трейд компанийн барьж буй барилга дээр очлоо. Эрж хайж очсон ч манаачийг эс тооцвол тэнд амьд хүн алга, барилгын ажлыг хэдийнэ зогсоожээ. Тэр хавийн хүмүүсээс асуухад барилга угсралтын ажлыг зогсоогоод арав гаруй хонож байна гэж байлаа. Блокон хашааны завсраар доторхийг ажиглахад барилгын суурийг л цутгаад зөнгөөр нь орхижээ. Харин хүмүүсийг нь ажлаа хийж байхад албадан хүчээр зогсоосон гэлтэй хаа сайгүй арматур төмөр хөглөрч, эмх замбараагүй байдал харагдаж байлаа.Төлөвлөлтөөрөө энд 15 давхар орон сууцны барилга барих байсан ч угсралтын ажлыг зогсоосноос хойш Авзага трейд компанийнхан барилгаа эргэж тойроогүй юм гэлтэй. V хорооны иргэдийн хэлж буйгаар барилгын суурийг 2004 онд тавьсан ч ажлаа хийлгүй байсаар өдийг хүрчээ. Харин энэ жилээс үргэлжүүлэн барьсан ч мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөлгүй угсралтын ажлаа эхлүүлсэн хэмээн ажиллагааг нь ийнхүү зогсоосон гэж байх юм. Манаачаас барилгыг нураана гэсэн шүү дээ. Тэгвэл яах вэ гэхэд За, гайгүй байлгүй дээ. Зөвшөөрөлтэй болоод л барилга барьж байгаа шүү дээ. Дуртайдаа хийгээд байгаа юм биш гэж хэгжүүрхэх аж. Тэгснээ Авзага трейд компанийнхан зүгээр харж байгаад барилгаа нураалгачихгүй, хийсэн ажлаа орхихгүй байлгүй дээ гэв. Ингээд тус барилгын үйл ажиллагааг зогсоосонд Авзага трейд компанийнхан ямар байр суурьтай байгаа талаар тодруулахаар Их дэлгүүр-ийн ард байрлалтай оффисийг нь зорив. Очиход оффисийн ажилтан нь П.Мэндбаяр захирал хөдөө томилолтоор явсан хэд хоногтоо ирэхгүй. Тиймээс захирлын өмнөөс дур мэдэж яриа өгөхгүй. Манай компаниас асууж байхаар зогсоох шийдвэр гаргасан хүмүүсээс нь асуу гээд халгаасангүй. Харин Нийслэлийн газрын албаны ерөнхий инженер Эрдэнэтуяагийн хэлж буйгаар Авзага трейд компанийнхан 2004 онд газрын зөвшөөрлөө авсан юм бол газрын захирамж нь гарсан байх ёстой. Учир нь, газрын захирамж хоёр хувь хэвлэгддэг. Тус компанийн захирал газрын захирамжийн эх хувиа аваад ирвэл бид архиваас шүүгээд олоод өгч болно. Хэрвээ архиваас шүүгээд захирамж нь гараад ирвэл барилгын ажлыг цаашид үргэлжлүүлэх талаар нь ярилцана. Харин гарч ирээгүй тохиолдолд зохих ном журмын дагуу хариуцлага тооцно гэлээ. Авзага трейд компанийн захирал П.Мэндбаяр: ЭНЭ БАЙШИНГ НУРААВАЛ МАНАЙД ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРНА -Танай компанийн барилгыг нураах шийдвэрийг Хотын мээр гаргалаа. Үүнд та ямар байр суурьтай байна вэ. Шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа юу? -Хүлээн зөвшөөрөхгүй. Манай компани 2004 онд тухайн барилгыг барих газрын зөвшөөрлөө авчихсан. Харин Нийслэлийн газрын албанаас захирамж гаргахгүй удсаар өнөөдрийг хүрлээ. Ямар учиртайг нь асуутал, тухайн үед одоогийн манай барилга барьж байгаа газрыг өөр хүний нэр дээр гаргасан байна лээ. Үүнээс үүдээд газрын маргааны асуудал үүссэн хэрэг. Тэгэхээр үүнийг залруулахын тулд жаахан хугацаа хэрэгтэй гэсэн. -Анх энэ барилгыг эхлүүлэхдээ энэ тухай мэдээгүй юм уу? -Хэн гэдэг хүний нэр дээр байсныг нь үнэхээр хэлж мэдэхгүй байна. -Уг барилгыг эхлүүлээд удаж байгаа юм уу. Ойр хавийн оршин суугчид аль эрт 2004 онд сууриа тавьсан. Тэгээд орхигдуулж байснаа саяхнаас ажлаа эхлүүллээ гэх юм. Энэ нь өчнөөн барилга барьчихаар хугацаа биз дээ? -Одоо цагт барилга барина үнэхээр хүндрэлтэй. Тэгээд ч барилгын салбарын хүнд суртал хэрээс хэтэрлээ. Та нар мэдэх үү, бид барилга барих зөвшөөрөл авахын тулд 172 албан тушаалтны гарын үсгийг цуглуулдаг. Үүний тулд 2-3 жил шаарддагддаг гээд бод доо. -Хэрвээ барилгыг нураавал яах вэ. Угаасаа шийдвэр нь гарчихсан шүү дээ? -Манай энэ барилгын суурийг 1.6 метр битүү бетоноор цутгаж хийсэн. Нэг давхартаа олон мянган арматурын төмөр орсон байгаа. Хэрвээ барилгыг нураавал манай компани ойролцоогоор нэг тэрбум гаруй төгрөгийн хохирол амсах болоод байна. Гэхдээ нийслэлийн удирдлагуудын энэ асуудалд нухацтай хандах байлгүй дээ.

 Олон улсын түвшинд ажиллах ажлын хэсэг байгуулав

Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/ болон Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын хооронд Аюулгүй ажиллагааны олон талт аудит шалгалтын хөтөлбөрийн хүрээнд хоёр тал өмнө нь санамж бичиг байгуулж байсан. Тэгвэл ICAO-ын аудит шалгалт нь тасралтгүй мониторчилсон аудит шалгалтын горимд шилжиж байгаатай холбогдуулан Иргэний нисэхийн шинэчилсэн дүрмийн хүрээнд Чикагогийн конвенцийн Аnnex-ын үл тохирлын асуултад онлайн горимоор хариулах Ажлын хэсгийг ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны даргаар ахлуулан томилсон байна. Дээрх ажлыг гүйцэтгэх ажилтан болон хяналтын асуултын тоог баталж, ажлын хэсгийн үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг зохих журмын дагуу гарган зарцуулахаар төлөвлөсөн байна. Ажлын хэсгийн үйл явц, үр дүнг удирдлагад тайлагнахыг Ажлын хэсгийн даргад ИНЕГ-ын дарга даалгажээ.

 Хятадад БЗХӨ, ДОХ-той гадаадын 8366 иргэн бий

БНХАУ-д оршин сууж буй гадаадын иргэд БЗХӨ, ДОХ-ын эмчилгээнд үнэгүй хамрагддаг. Тус улсад одоогийн байдлаар БЗХӨ, ДОХ-той гадаадын 8366 иргэн бүртгэгдээд байгаа бөгөөд тэдний 200 нь үнэгүй эмчилгээнд хамрагдаж буй аж. Ийнхүү тэднийг эмчилгээнд үнэгүй хамруулдаг ч энэ чиглэлийн хууль эрх зүйн орчинг болоовсронгуй болгох шаардлага байсаар байгаа юм байна. Эх сурвалж: www.peopledaily.com.cn

УБТЗ-ын дарга Т.Очирхүүг ажлаас нь чөлөөлжээ

УБТЗ-ын ерөнхий хорооны удирдах зөвлөлийн хурал өнгөрсөн баасан гаригт болжээ. Хуралд Оросын талаас УБТЗ-ын ерөнхий хорооны дарга В.Н.Морозов, Тээврийн яамны дэд сайд А.С.Цыденов, Оросын төмер замын Монгол дахь төлөөлөгч В.В.Морозов нар болон Монголын талын төлөөлөгчид оролцсон байна. Тэд хурлаараа УБТЗ-ын дарга Т.Очирхүүг ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн байна. Ийн асуудлыг хэлэлцэж түүний оронд УБТЗ-ын ерөнхий инженер асан Д.Сэрээнэндоржийг сонгон ажиллуулахаар болжээ. Харин санал хураах явцад Д.Сэрээнэндоржийг ажиллуулах нь зүйтэй гэдэг дээр бүх хүмүүс санал нэгдэж 100 хувиар дэмжсэн нь олон хүнийг хардуулахад хүргээд байгаа гэнэ. Учир нь энэ хурлыг зориуд зохион байгуулсан, үгсэн хуйвалдсан байж болзошгүй хэмээж байгаа аж.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.