Өвлийн паралимпын наадамд манай улсаас гурван тамирчин оролцоно

​ ​ Бээжин-2022 өвлийн паралимпын наадам гуравдугаар сарын 3-14-нд болно. Тус наадамд манай улс гурван тамирчнаа илгээхээр болжээ. Тодруулбал, гүйлтийн цанын төрөлд Б.Ганболд, Ц.Дашдоржийн паралимпын наадамд оролцох эрх албан ёсоор баталгаажсан юм. Ингэснээр Б.Ганболд, Ц.Дашдорж нар Бээжин-2022 өвлийн паралимпын наадмын гүйлтийн цанын холын зайн 20 км, дундын зайн 10 км, спринт гараанд уралдана. Тэд гүйлтийн цанын ДАШТ-д хоёр, Дэлхийн цомд гурван удаа оролцож, дээрх нормативыг биелүүлсэн байна. Ц.Дашдорж паралимпын наадамд анх удаа оролцох гэж буй нь энэ. Харин Б.Ганболд Сочи-2014, Пёнчан-2018-д оролцож, Бээжин-2022 гээд гурав дахь паралимпын наадамдаа өрсөлдөх гэж байна. Монголын гүйлтийн цанын паралимпын эрх авсан баг тамирчдыг Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Дашдондог удирдан бэлтгэл сургуулилалтаа хангаж байна.

Б.Цэрэнпунцаг паралимпын уулын цанын төрөлд өрсөлдөх анхны тамирчин боллоо

​ Бээжин-2022 өвлийн паралимпын наадмын уулын цанын төрөлд Монгол Улсаас анх удаа төлөөлөн Б.Цэрэнпунцаг өрсөлдөхөөр болжээ. Тэрбээр гүйлтийн цанын төрлөөр 2012-2016, уулын цанын төрлөөр 2016-2022 он хүртэл хичээллэхдээ 2019 онд АНЭУ-ын нийслэл Дубай хотод болсон Азийн өвлийн наадамд VII, 2021 оны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн юм. Бээжингийн өвлийн паралимпын наадамд гүйлтийн цанадЦ.Ганболд, Ц.Дашдорж, уулын цанад Б.Цэрэнпунцаг нар эх орноо төлөөлөн өрсөлдөхөөр боллоо.

Энэ сард хүчит бөхийн таван удаагийн барилдаан болно

​ ​ Үндэсний бөхийн холбооноос мэдээлснээр энэ сард Бөхийн өргөөнд таван удаагийн барилдаан болох нь. Хоёрдугаар сарын 18-нд 12:00 цагаас Сумын цолтон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан Хоёрдугаар сарын 19-нд 12:00 цагаас Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан Хоёрдугаар сарын 20-нд 12:00 цагаас Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат, улсын өсөх идэр начин Ц.Улаанхүүгийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан Хоёрдугаар сарын 26-нд 12:00 цагаас Ховд аймгийн Манхан сумын харьяат, Аймгийн хурц, бадрангуй, хичээлт арслан Б.Ичинхорлоогийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан Хоёрдугаар сарын 27-нд 12:00 цагаас Бизкон аудит ХХК-ийн20 жилийн ойд зориулсан Монгол Улсын начин цолны хүндэтгэл улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болох аж. Үзэгчид болон бөхчүүдэд халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, эрсдэлээс сэргийлэхюм байна.

Камила Валиева ганцаарчилсан богино үзүүлбэрийн төрөлд нэгдүгээр байрт шалгарлаа

​ ОХУ-ын уран гулгагч 15 настай Камила Валиева өчигдөр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан богино үзүүлбэрийн төрөлд нэгдүгээр байрт шалгарлаа. Сэргээшийн асуудалтай холбогдсон ч Спортын арбитрын шүүх түүнийг Бээжингийн олимпын тэмцээнд өрсөлдөхийг зөвшөөрсөн юм. Валиева хориотой бодис болох триметазидин яагаад түүний биеэс илэрсэн талаар анх удаа тайлбар өгсөн. Тэрээр энэ нь өвөөгийнх нь хэрэглэдэг зүрхний эм байсан гэж хариулжээ. Богино үзүүлбэрийн төрөлд өчигдөр нийт 25 уран гулгагч оролцжээ.Валиева талбай дээр гарч ирээд гуравласан аксель хийхдээ алдсан ч хамгийн өндөр 82.16 оноо авсан юм. Тэрээр үзүүлбэрийнхээ дараа нулимсаа барьж дийлээгүй байна. Нутаг нэгтэн Анна Щербакова 80.20 оноотойгоор хоёрдугаарт, Японы уран гулгагч Каори Сакамото 79.84 оноо авчгуравдугаарторсон байна. Маргааш буюу хоёрдугаар сарын 17-ны өдөр чөлөөт үзүүлбэрийн тэмцээн эхэлнэ. Хэрвээ Камила Валиева шагналт байрт шалгарч үлдвэл Олон улсын олимпын хороо шагнал гардуулах ёслол зохион байгуулахгүй гэдгээ мэдэгдсэн. Эх сурвалж: ВВС

Б.Ачбадрахын дээлийг Швейцар улс дахь ОУОХ-ны Олимпын музейд тавина

​ Олон улсын олимпын хорооны Соёлын өвийг хамгаалах сангаас тавьсан хүсэлтийн дагуу Бээжин-2022 олимпын наадмын нээлтэд өмссөн тамирчин Б.Ачбадрахын үндэсний дээл, малгайг Швейцар улсын Лозанн хотноо байрлах ОУОХ-ны Олимпын музейд хандивлахаар болжээ. Манай тамирчин хаалтын ёслолд дээлээ өмсөөд маргааш нь Олимпын музейд хүлээлгэн өгөхөөр тохирсон байна. МҮОХ-ны удирдлагууд Олон улсын олимпын хорооны Үндэсний олимпын хороод болон Эв санааны нэгдлийг хариуцсан захирал Жеймс Маклеод, ҮОХ-дын харилцааны албаны Байгууллагын харилцаа ба засаглал хариуцсан захирал Жероме Поуэ нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. МҮОХ нь байгууллагын гадаад харилцаагаа өргөжүүлэх, олон улсын хурал, сургалт семинарыг Улаанбаатар хотноо зохион байгуулах хүсэлтээ илэрхийлж, цаг үеийн бусад асуудлаар санал солилцлоо гэж МҮОХ-ноос мэдээлжээ. Гэрэл зургийг С.Энхжаргал /Монголын спортын сэтгүүлчдийн холбоо/

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.