Н.Төгсцогтийн медалийг 6000 ам.доллар МҮОХ-ны дээд шагнал “Алтан од”-ын хамт гардуулав
2012-08-23 10:39:27 Нийтлэгдсэн: СпортМонголын үндэсний олимпийн хороо болон Скайтел компанийнхан өчигдөр Лондон-2012 зуны олимпийн наадамд оролцсон үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчдыг хүлээн авч уулзлаа. МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн тус олимпоос мөнгөн медаль хүртсэн гавьяат тамирчин Н.Төгсцогтод МҮОХ-ны дээд шагнал Алтан од-ыг 6000 ам.долларын хамт гардуулсан юм. Харин хүрэл медаль хүртсэн гурван тамирчдад тус бүр 4000 ам.доллар өгч, Алтан од энгэрт нь зүүлээ. Олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Батцэцэгийн хувьд дэлхийн аварга болохдоо Алтан од авч байжээ. Тамирчдаа амжилтад хүргэсэн гавьяатай дасгалжуулагч нарт ч мөн мөнгөн шагнал гардуулж, цаашид олон аваргууд төрүүлэхийг хүсэн ерөөлөө. Скайтел компанийнхан тамирчин тус бүрт Монголын инженерүүдийн ур чадвараар бүтсэн Смарт таб таблет, цоо шинэ үйлчилгээ болох интернэт, кабель, суурин утасны гурвалсан Скай медиа үйлчилгээний эрх, дөрвөн жил үнэ төлбөргүй хэрэглэх 9699.... гэсэн алтан дугаараа бэлэглэв.
Лондон-2012 паралимпийн XIV наадам наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 9-ны хооронд болно. Манай улсаас Лондон-2012 паралимпийн наадмын дөрвөн төрөлд зургаан тамирчин өрсөлдөх бөгөөд жүдо бөхийн -60 кг-д Б.Ууганхүү, -90 кг-д Д.Ганбат, байт харваанд Б.Оюун-Эрдэнэ, Б.Жавзмаа, буудлагын 10 метрт Ц.Лхамсүрэн, хөнгөн атлетикийн төрөлд Д.Бадрал нар эх орноо төлөөлөх юм.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар: Эцсийн минутад яарч мэх хийснээс болж ялагдсан
2012-08-16 09:56:14 Нийтлэгдсэн: Спорт2004 оны Афины Олимпийн хүрэл медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарыг урьж, ярилцлаа. Тэрбээр Олимпийн гайхалтай дэвжээнд нэг нь ялагдаж, медалиас мултарч байхад нөгөө нь ялж, медаль авч байдаг. Ялж, ялагдана гэдэг тамирчин бүрийн туулах, давах ёстой зүйл гэсээр яриагаа эхэлсэн юм. -Лондоны Олимпод Монголын тамирчид үнэхээр сайхан барилдаануудыг үзүүллээ. Жүдочид маань Олимпийн мөнгө, хүрэл медалийг ихэрлүүлж, эх орондоо ганзага дүүрэн ирж байгааг харахад үнэхээр сэтгэл бахадмаар байна шүү? -Лондоны Олимпийн торгон дэвжээнээс манайхан жүдо, чөлөөт бөх, боксын төрлөөр таван медаль хүртэж чамлахааргүй амжилт үзүүллээ. Монголчууд дэлхийд хэр хүчтэйгээ дахин баталсан гэж бодож байна. Сэтгэл маш их өндөр байна. Олимпийн гайхалтай дэвжээнд нэг нь ялагдаж, медалиас мултарч байхад нөгөө нь ялж, медаль авч байдаг. Ялж, ялагдана гэдэг тамирчин бүрийн туулах, давах ёстой зүйл шүү дээ. -Лондоны Олимпоос жүдо бөхийн ОУХМ С.Ням-Очир анхны медалийг хүртэж, монгол түмнээ баярлууллаа? -С.Ням-Очир маань хүрэл медаль хүртсэнд үнэхээр их баярласан. Сайхан ч барилдаж, медалийн салхийг хагалсан. Цаашид олон сайхан барилдааныг үзүүлж, медалийнхаа өнгийг хувиргана гэдэгт нь итгэлтэй байна. -Харин Олимпийн аварга Н.Түвшинбаярыг мөнгөн медалийн болзол хангаж, алтын төлөө барилдаад ялагдахад нь жаахан харамсаж л байлаа. Та үүнийг хэрхэн хүлээж авсан бэ? -Олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр маань үнэхээр сайхан барилдааныг үзүүлсэн. Агуу тамирчин гэдгээ ч баталж чадлаа. Харин алтан медалийн төлөөх барилдаанд бэртлийн улмаас ялагдахад нь үнэхээр харамсалтай, хэцүү санагдсан. -Адилхан тамирчны хувьд Н.Түвшинбаярын бэртэл нь сэдрээгүй байсан бол алтан медаль авах боломж байсан эсэхийг харж шинжиж л суусан биз дээ? -Түвшээ маань яалт ч үгүй Олимпийн алтан медалийг хүртэх байсан юм. Хамгийн сүүлд Оросын тамирчинтай алтан медалийн төлөө барилдсан. Урьд нь манай хүн Оросын тамирчныг дэлхийн аваргын тэмцээнд ялж байсан шүү дээ. Бүр хоёр минутад цэвэр дарж байсан удаатай. Тиймээс Франц, Солонгосын тамирчинтай барилдахаас илүү Оросын тамирчинтай барилдах нь Н.Түвшинбаярт илүү амар байх байсан. Бэртэл гэдэг зүйл хэлж ирдэггүй. Хөлөө бэртээхэд нь маш их харамссан. -Тийм ээ, үнэхээр харамсалтай байсан. Харин таны барилдаан нүд ирмэхийн зуурт болж өнгөрсөн шүү дээ? -Яг тийм, ийм гэсэн шалтаг, шалтгаан хэлмээргүй байна. Цаг хугацааг буцааж болдогсон бол буцаахсан. Гэхдээ одоо олон зүйл ярих нь утгагүй. Ямар ч гэсэн бэлтгэл, сургуулилтаа сайн хийж, дараагийн тэмцээнүүддээ амжилттай оролцох талаар бодож сууна. -Таны барилдаан, Олимпод үзүүлсэн амжилтын талаар хүмүүс янз бүрээр л ярьж байна. Тухайлбал, Таны оронд ОУХМ С.Мяарагчааг явуулах байсан гэлцэх юм? -Яах вэ, хүмүүс янз бүрээр ярьж болно. Би Цаг хугацааг буцааж болдогсон бол гэж дээр хэлсэн шүү дээ. Их харамсалтай байна. Түүнээс биш Олимпод энийг явуулсан бол ингэнэ, тэрийг явуулсан бол тэгнэ гэж ярих нь утгагүй. Бүгд л улсынхаа нэрийг гаргах гэж барилддаг. Ямар ч тамирчин тэмцээнд ялагдах гэж ордоггүй. Ялахын төлөө л барилддаг. Миний хувьд Олимпийн аварга болох цаг нь хараахан болоогүй байж болно шүү дээ. -Өөрийгөө яг юун дээр алдсан гэж бодож байна вэ? -Өрсөлдөгчөө бардсан тал бий. Цаг дуусах мөчид яарч мэх хийснээс болж ялагдсан. -Дэвжээн дээр гарч ирэх мөчид та сэтгэл нь ханачихсан, тайвширчихсан мэт харагдаж байсан? -Сэтгэл ханах биш л дээ. Хэрэв би ялсан бол алтан медаль хүртсэн Гүржийн бөхтэй барилдах байлаа. Өмнө нь хэд хэдэн удаа барилдаж, ялж байсан. Харин Унгарын бөхтэй зургаан удаа барилдаж, бүгдэд нь давж байсан. Тиймээс ялна гэдэгтээ итгэлтэй байсан юм. -Гэтэл ялагдчихсан? -Тийм ээ. -Та ялагдсаныхаа дараа дэвжээнээс буулгүй их удсан байх аа? -Тэгсэн. -Шоконд орчихсон уу? -Шоконд орох нь ч хаашаа юм. Санаж бодоогүй юм болчихсон болохоор жаахан хэцүү байсан. Хамгийн гол нь жижигхэн алдаа гаргаснаас болж ялагдсан. Тиймээс энэ алдаагаа давтахгүйн төлөө цаашид бэлтгэлээ сайн хийнэ. Хэдийгээр харамсалтай санагдаж байгаа ч бэлтгэлээ улам сайн хийж, ялагдсан тамирчиндаа дахин өвдөг шороодохгүйн төлөө хичээх болно. Дараагийн удаа ялах итгэл эрмэлзлээр дүүрэн байна. -Цагийн зөрүү ч бас нөлөөлсөн болов уу? -Бид Лондонд долоодугаар сарын 23-нд очоод, 29-нд барилдсан. Долоон цагийн зөрүүтэй байсан. Нэг хоногт нэг цагийн зөрүү гардаг гэж ярьдаг. Тиймээс цагийн зөрүү гараагүй байж болох юм. Хамгийн гол нь боломж байсан. Даанч боломжоо ашиглаж чадсангүй. -Барилдааны үеэр багш тань юу гэж зөвлөсөн бэ? -Хамгийн гол нь өрсөлдөгчөө дутуу үнэлж болохгүй. Ухаан гаргаж, сайн барилдаарай гэж хэлсэн. Барилдаад бууж ирсний дараа Чи хэт хянамгай барилдаж байгаад, цаг дуусах мөчид алдаа гаргачихлаа гэсэн. -Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж таныг дэвжээнээс бууж ирэхэд сэтгэл санаагаар дэмжиж, урмын үг хэлсэн гэж сонссон? -Намайг ялагдчихаад дэвжээнээс бууж ирэхэд Ерөнхийлөгч, хамба лам хоёр маань их сэтгэлийн дэм өгсөн. Тэр хэцүү мөчид Чи Монгол Улсын төлөө олон гавьяа байгуулсан. Олон ялалт, амжилтыг бидэнд авч ирсэн. Чи залуу хүн. Цаашид олон тэмцээнд оролцоно гэж хэлсэн. Маш олон хүн энэ мэтээр сэтгэлийн дэм өгсөн л дөө. Хэдийгээр олон тэмцээнд түрүүлсэн ч хамгийн чухал, том тэмцээнд алдаа гаргачихлаа гэж бодохоор л хэцүү санагдаад байсан. Нөгөө талаар ялагдал маань дараа дараагийн тэмцээний медалийн замыг зассан байх. -2016 оны Олимпийн эрх олгох хамгийн эхний тэмцээн манай улсад болно. Та хэдэн килограммын жинд барилдах вэ? -Дараагийн Олимпийн эрх авах онооны тэмцээн Монголоос эхэлнэ. Яг одоогоор барилдах эсэх нь шийдэгдээгүй байна. Яагаад гэвэл, Монголын жүдо бөхийн холбооноос тамирчдын нэрсийг гаргадаг. Нэрс гаргасны дараа л орох эсэх нь шийдэгдэнэ. -Ярилцсанд баярлалаа.
Лондон-2012 зуны XXX олимпийн наадмын бөөрөнцөг түлхэлтийн эмэгтэйчүүдийн төрөлд түрүүлсэн Назея Остапчукийн сэргээшийн шинжилгээний сорьцоос хориотой төрлийн бодис илэрсэн тул алтан медалиа хураалгажээ. Беларусь улсын тамирчид Лондонгийн олимпийн хөнгөн атлетикийн төрөлд цорын ганц алтан медаль хүртсэн нь Остапчукийн амжилтын үр дүн. Гэтэл Остапчукийн сэргээшийн эсрэг шинжилгээний А, В хоёр сорьцоос хоёулангаас нь метенолон гэх хориотой бодис илэрчээ. Ингэснээр Шинэ Зеландын Валери Адамст аваргын алтан медаль шилжиж байна. Харин мөнгөн медалийг ОХУ-ын Евгения Колодко, хүрлийг БНХАУ-ын тамирчин Гун Лижьяо хүртэж байгаа юм. Наймдугаар сарын 6-нд олимпийн талбарт өрсөлдөж, аваргын алтан медаль хүртсэн Беларусийн тамирчин өмнөх өдөр нь буюу 5-нд сэргээшийн шинжилгээнд хамрагджээ. Улмаар шинжилгээний хариу нь олимпийн наадмын хаалтын ёслолоос хойш хэдхэн цагийн дараа гарсан байна. С.ЦЭЛМЭГ
Лондонгийн олимпийн бөхийн дэвжээнд эх орноо төлөөлсөн дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин С.Батцэцэг хүрэл медалийн төлөө Канадын бөхтэй барилдаж, ялалт байгууллаа. Олон улс, тив, дэлхий, олимпийн тавцанд гаргасан амжилт, дуудуулсан суугаар Монголын топ дөрвөн спортын нэг гэгдэх чөлөөт бөхийн төрөлд дэлхийн аварга анхны эмэгтэй тамирчин болж, Монголын спортын түүхэнд нэрээ мөнхөлсөн тэрбээр чөлөөтийн тамирчдын 32 жилийн хүлээлтийг тайлж, олимпийн медалийн буухиаг үргэлжлүүлээд зогсохгүй олимпийн хурц өрсөлдөөний талбараас медаль зүүсэн Монголын чөлөөт бөхийн анхны ЭМЭГТЭЙ тамирчин болж байна. С.Батцэцэг Лондонгийн олимпийн дэвжээнд эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойргийн барилдаанд Төв Африкийн Бүгд найрамдах улсын бөх Силви Датти-Нгонга Тара-Агоуиг 4-0; 4-0 харьцаатай, дараа нь Европын аварга, Латвийн тамирчин Анастасия Григорьеваг 5-0; 5-4 харьцаатай буулган авснаар хагас шигшээд шалгарч, мөнгөн медалийн төлөө Японы бөхтэй барилдсан юм. Олимпийн хошой аварга, дэлхийн долоон удаагийн аварга Каори Ичотой барилдсан тэрбээр 1-0; 4-0 харьцаатай хоёр үед ялагдал хүлээснээр хүрэл медалийн төлөө өрсөлдөх болсон. Ингээд 67 кг-ын жинд дэлхийн аваргаас гурван алт, гурван мөнгөн медаль хүртэж байсан Канадын тамирчинтай хүч үзэж, 2-0; 1-0 харьцаатай хоёр үед ялснаар медалийн тавцанд гарах эрхтэй болсон юм. С.Батцэцэг ийнхүү Лондонгийн олимпийн наадмаас Монголын гурав дахь медалийг эх орондоо авчирлаа. Монголын олимпийн тамирчдаас жүдо бөхийн төрөлд ОУХМ С.Ням-Очир хүрэл, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр мөнгөн медаль зүүсэн билээ. Мөн боксын 52 кг-ын жинд залуу гавьяат Н.Төгцогт хүрэл медалийн болзол хангаад байгаа. Мөнгө, цаашлаад аваргын алтан медалийн төлөө тоглох түүний амжилтыг оруулж тоолбол монголчууд Лондонгийн олимпиос нийт дөрвөн медаль хүртээд байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй