Эрдэс баялгийн салбарын гэрээнүүдийг ил тод болголоо

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Нээлттэй нийгэм форум, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн, ОҮИТБС-ын ажлын алба, Олон улсын санхүүгийн корпораци, Мерит төсөл хамтран Эрдэс баялгийн салбарын гэрээний ил тод байдал сэдэвт цуврал арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ сарын 22-24-ний өдрүүдэд болж буй тус арга хэмжээ нь уул уурхай, газрын тосны гэрээний мэдээллийн цахим санг олон нийтэд танилцуулах зорилготой юм. Тодруулбал, эрдэс баялгийн салбарт ил тод байдлыг хангах, тэр дундаа гэрээний ил тод байдлыг хуульчлан баталгаажуулах боломж, орон нутагт тусгай зөвшөөрөл эзэмшигч ба нутгийн захиргааны байгууллагын гэрээний хэрэгжилт, үр нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын шийдлүүдийг тодорхойлоход дээрх цуврал арга хэмжээний үндсэн зорилго оршиж байна. Эрдэс баялгийн салбарт хариуцлага, хуулийн хэрэгжилтийг сайжруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэлийг бууруулах зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Нээлттэй нийгэм форум, Олборлох үйлдвэрлэлийн засаглалыг сайжруулах төслийн ажлын алба хамтран энэхүү мэдээллийн санг байгууллаа. Энэхүү сайтад уул уурхай, газрын тосны салбарт байгуулагдсан бүх гэрээ (14 төрлийн 400 гаруй гэрээ) байршуулаад байна. Ингэснээр Хөрөнгө оруулалтын гэрээ, Бүтээгдэхүүн хуваах гэрээ зэрэг Засгийн газрын түвшинд байгуулагддаг томоохон гэрээнээс эхлээд тусгай зөвшөөрөл эзэмшигчээс нутгийн захиргаатай байгуулдаг гэрээ хүртэлх энэ салбарын бүх гэрээг иргэд татан авч, талуудын үүргийн хэрэгжилтэд хяналт тавих боломж бүрдэж байна. Эрдэс баялгийн салбарын гэрээний ил тод байдал сэдэвт цуврал арга хэмжээг УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав нээж хэлсэн үгэндээ Уул уурхай, газрын тосны салбарт төв орон нутгийн хэмжээнд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээ, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ болон Засгийн газрын түвшинд байгуулагддаг томоохон гэрээнээс эхлээд тусгай зөвшөөрөл эзэмшигчээс нутгийн захиргааны байгууллагатай байгуулдаг 14 төрлийн 440 гэрээ нийтэд ил тод болсноор сонирхсон хэн боловч хяналт тавих бүрэн боломжтой боллоо. Энэ салбарын бүх гэрээг агуулсан энэхүү нээлттэй мэдээллийн сан нь эрдэс баялгийн салбарт хариуцлага, хуулийн хэрэгжилтийг сайжруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлийн эрсдлийг бууруулахад томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэлээ. Эрдэс баялгийн салбарын гэрээний ил тод байдал сэдэвт цуврал арга хэмжээний эхний өдөр Эрдэс баялгийн салбарын гэрээний мэдээллийн цахим сан болох www.iltodgeree.mn веб сайтыг олон нийтэд танилцуулсан бол хоёр дахь өдөр нь Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ- ний хэрэгжилт, үр нөлөөг орон нутгийн бодит туршлага, сургамжид тулгуурлан хэлэлцэж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох бодлогын зөвлөмж, шийдлийг тодорхойлох юм. Харин сүүлийн өдөр Монгол Улсад 2006 оноос амжилттай хэрэгжиж байгаа Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын хэрэгжилт, үр нөлөөг нэмэгдүүлэх асуудлаар төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөлөл санал бодлоо хуваалцаж, цаашид авах арга хэмжээний чиглэлийг тодорхойлно. Манай улсын нэгдэн орсон ОҮИТБС-ын стандарт 2019 оны 6 сард шинэчлэгдэж, гэрээний ил тод байдлыг хэрэгжүүлэгч орнуудын заавал биелүүлэх үүрэг болгон батлах гэж байна. Харин Монгол Улс ийнхүү www.iltodgeree.mn вэб сайтаар дамжуулан бүх гэрээг нийтэд ил тод болгосноор олон улсын өмнө хүлээсэн үүргээ шинэ стандарт батлагдахаас хэрэгжүүллээ.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нөхөн сэргээлтийн талбайгаа нэмэгдүүлнэHarin y

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос хэрэгжүүлж эхэлсэн Бүх нийтийн мод тарих өдөр жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь бямба гаригт тохиодог. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ Бүх нийтийн мод тарих өдөр-т нэгдэж, нөхөн сэргээлтийн талбайгаа нэмэгдүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах, нөхөн сэргээх энэ ажлын үр дүнд 2018 оны байдлаар улсын хэмжээнд нийт 7.8 сая мод тарьж ургуулжээ. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс

“Дархан цаазат газрыг улс чөлөөлөх эрхтэй”

-Цэцээ гүний оргил өөд гарахын тулд аялагчид Богдхан уулын дэд бүтэц хамгийн сайн хөгжсөн зам буюу Зайсан Дугуй цагаан Баруун ширээт чиглэлийг сонгодог. Энэ замын эхлэл нь Энигма компанийн жуулчны баазын хашаагаар дамжиж явдаг. Амралтын хоёр өдөр гэхэд 4-5 мянган хүн, 500 гаруй машин энд ирдэг. Гэтэл машины зогсоол хүрэлцдэггүй, бие засах газар, хогийн цэг байхгүй гээд бэрхшээл олон тулгардаг гэв. Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ч.Гал -Газрын судалгаа хийж үзэхэд, Зайсан Дугуй цагаан Баруун ширээт гэсэн маршрутад Энигма компанийн газар болох 41 га газрыг хашчихсан байсан. Аялалын бүс, чиглэлийн гол газрын авто зогсоолын асуудлыг шийд гэсэн Засгийн газрын үүрэг даалгаврын дагуу Нийслэлийн газрын алба, Ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдал, цагдаа гээд бүх чиглэлээр хамтарч, шалгалт хийсэн. Шалгалтаар энэ компани тэнцэхээргүй дүгнэлтүүд гарсан. Тухайлбал 481 сая төгрөгийг Улсын төсөвт төлөөгүй, өртэй гэх мэтчилэн тодорхой судалгаан дээр үндэслэн бид 41 га газраас 3 га газрыг чөлөөлсөн. Чөлөөлсөн уг 3 га газар дээр их сургуулийн үйл ажиллагаа явуулах зүйл огт байхгүй. Сургууль барихаар батлагдсан ямар ч зураг төсөл байхгүй. Үнэн хэрэгтээ тэнд жуулчны бааз, гэр, ресторан, зугаа цэнгээний газрууд ажиллуулж байсан. Тэгсэн хэрнээ Энигма компани нь газраа хоёр, гурав хувааж, их сургууль барина гэх нэрийн дор газрын төлбөрөөс зугтаасаар ирсэн юм билээ. Газрын төлбөрийн тухай хууль дээр бүх шатны боловсролын байгууллагыг газрын төлбөрөөс чөлөөлнө гэсэн байдаг. Энэ мэтчилэн хуулийн цоорхойг ашиглах байдлаар үйл ажиллагаагаа явуулж байсан гэв. Улсын тусгай хэрэгцээний газар буюу дархан цаазат газрыг улс өөрөө зохицуулалт хийж, чөлөөлөх бүрэн эрхтэй байдаг аж. Чөлөөлсөн гэх дээрх 3 га газарт Засгийн газраас өгсөн үүргийн дагуу 264 автомашины зогсоол, нийтийн бие засах газар, дугуйн зогсоол, автобусны буудал зэргийг барихаар төлөвлөжээ.

”Алтайн Хүдэр” компанийн амлалт, ажлын хэсгийн гаргасан дүгнэлтийн алд дэлэм зөрүү

Алтайн хүдэр компанийн үйл ажиллагаанд ажлын хэсэг гарч хяналт шалгалт хийсэн. Ажлын хэсэг Таян нуурын төмрийн хүдрийн уурхайгаас Бургастай хилийн боомт хүртэлх 168.3 км авто замд хатуу хучилт хийгээгүйгээс, түүнчлэн уурхай, баяжуулах үйлдвэрийн тоосжилтоос Цээл сумын байгаль орчин бохирдож, хөрс бэлчээр доройтох, хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, авто замын осол аваар гарах үндсэн нөхцөл бүрдсэн байна гэсэн дүгнэлт гаргаж албан шаардлага хүргүүлээд байгаа билээ. Энэ удаа манай сайтын зүгээс Алтайн Хүдэр компаний өөрийн вэб сайтад байрлуулсан компанийн эрхэм зорилго, үнэт зүйлсийг хүргэж байна. Энд бичсэнээс харвал маш хариуцлагатай компани юм гэсэн итгэл үнэмшил төрөхүйц байгаа ч чухам ачир дээрээ ямар байж мэргэжлийн байгууллага хэрхэн дүгнэснийг зэрэгцүүлэн нийтэллээ. Алтайн Хүдэр ХХК-ийн эрхэм зорилго: Монгол Улсад уул уурхайн салбарыг хөгжүүлэх, уул уурхайн боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх, улмаар хүнд металлургийн цогцолбор байгуулах юм. Алтайн Хүдэр ХХК-ийн үнэт зүйлс: Ажилчид Бид нийт ажиллагсдынхаа аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгаалал, хувь хүний өсөж хөгжих боломжид онцгой анхаарна. Техник технологи Бид байгаль орчинд ээлтэй, дэлхийн дэвшилтэд уул уурхай тоног төхөөрөмжийг ашиглаж, үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлнэ. Байгаль орчин Бид үйл ажиллагааныхаа бүхий л үе шатанд хүн, байгаль орчин, орон нутагт сөрөг нөлөөгүй ажиллах, байгалийн баялгийг зохистой ажиглах, экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй, байгалийн унаган төрхийг хадгалах, нөхөн сэргээх, нутгийн ард иргэдийн уламжлалт соёл, өвөрмөц зан заншлыг хүндэтгэн, хамгаалж ажиллаж байна. Нийгмийн хариуцлага Бид орон нутагт чиглэсэн боловсролыг дэмжих, эрүүл мэндийн хүртээмжийг сайжруулах, дэд бүтцийн хөгжил, ажлын байрыг нэмэгдүүлэх, байгаль хамгаалал, хүмүүнлэгийн зэрэг үндсэн чиглэл, салбарын хөгжилд бодитой дэмжлэг үзүүлэх үүднээс тодорхой үе шатуудтайгаар төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Алтайн хүдэр компанид ажлын хэсгээс хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах улсын байцаагчийн албан шаардлага: 1. Таян нуурын уурхайгаас Бургастайн хилийн боомт хүртэлх 168.3 км авто замаас 2013 онд барихаар төлөвлөсөн 80 км замын эхний хэсгийг 2013 оны 06-р сарын 15-ны дотор, үлдэх хэсгийг 2013 ондоо багтааж, 2014 онд замыг бүрэн хэмжээгээр барьж ашиглалтад оруулах; 2. Авто замын хийц, технологи, трасст өөрчлөлт орсон учир өмнө хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд нэмэлт тодотгол хийлгэх ажлыг 2013 оны 05-р сарын 01-ний дотор гүйцэтгүүлэх; 3. Таян нуурын уурхайн дотоод зам талбай, Бургастай боомт хүртэлх 168.3 км авто замын дагууд малчин айл өрхүүд олноор суурьшсан болон экологийн ач холбогдол бүхий газруудын орчимд тоосжилтийг бууруулах зорилгоор замын усалгааг тогтмол хийж байх; 4. Авто замын дагууд зэрлэг амьтдын нүүдэллэх, дамжин өнгөрөх гарцыг тодорхой судалгааны үндсэн дээр, тухайн амьтны онцлогт тохирсон байдлаар байгуулах шийдлийг тусгайлан боловсруулж гүйцэтгэх; 5. Хүдэр тээвэрлэлтийн авто замын дагуух тэмдэг, тэмдэглэгээг хүртээмжтэй болгож, авто тээврийн осол, аваараас урьдчилан сэргийлэх, жолооч чанарын ур чадварыг сайжруулах, хариуцлагыг өндөржүүлэх сургалтыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн хэлтэс, Тээврийн газартай хамтран 2013 оны 04-р сарын 15-ны дотор зохион байгуулах; 6. Таян нуурын уурхайн баяжуулах үйлдвэрийг 2013 оны 05-р сарын 15, шинээр барьж буй бохир ус цэвэрлэх байгууламжийг 2013 оны 06-р сарын 01-ний дотор Улсын комисст хүлээлгэж өгөх ажлыг зохион байгуулах; 8. Баяжуулах үйлдвэрээс үүдсэн тоосжилтийг тухайн газрын байгаль, цаг уурын онцлог, шинжлэх ухаан, техник, технологийн дэвшлийг ашиглан хамгийн боломжит хэмжээнд бууруулах арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх зэрэг асуудлууд багтжээ. Энэхүү хугацаатай үүрэг даалгаврыг хэрэгжүүлээгүй тохиолдолд уурхайн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээг авах болсноо ажлын хэсэг уурхайн захиргаанд мэдэгдсэн байна.Шалгалтын ажлын хэсэгт Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Улсын мөрдөн байцаах газар, Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн хэлтэс, Шинэ зууны Цээл ТББ-ийн төлөөлөл болон сумын ИТХ, ЗДТГ, Улаанбаатар, Говь-Алтай аймаг дахь Цээл сумын нутгийн зөвлөл, орон нутгийн иргэдийн төлөөлөл багтжээ. WORD.MN Г.Инжир

 Ашигт малтмалын газраас хэзээ мэдээлэл авч болох вэ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газраас ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар мэдээлэл авахаар хэдэнтээ очоод ч бүтсэнгүй. Ашигт малтмалын газрын хэвлэлийн төлөөлөгчөөр дамжуулан мэдээлэл авах гэж байгаа албан тушаалтнаас цаг авах ёстой гэсэн дүрэмтэй гэнэ. Гэтэл сүүлийн хэдэн сар хэвлэлийн төлөөлөгч нь ажилдаа ирэхээ больж, бид ч мэдээлэл авч чадахгүй явсаар өдийг хүрлээ. Харин өчигдөр Ашигт малтмалын газарт очтол юутай ч хэвлэл мэдээлэл хариуцах хүнтэй болчихож. Гэсэн ч хэдэн сар хөөцөлдсөн мэдээлэлдээ бас л хариулт авч чадсангүй. Үүний гол шалтгаан нь Ашигт малтмалын газрын аль нэг албан тушаалтнаас мэдээлэл авахын тулд даргын зөвшөөрөлтэй байх хэрэгтэй. Даргадаа энэ тухай хүсэлтээ албан бичгээр хүргүүлж зөвшөөрөл авна. Үүний дараа л ярилцлага, тодруулга авч болно гэсэн хариулт байлаа. Тэгэхээр нь олон сар мэдээлэл авах гэж яваад өдийг хүрсэнээ учирлаж үзлээ. Тусыг эс олов. Ямар асуудлаар мэдээлэл авах гэж байгаагаа хэлтэл Үүнийг хүмүүс мэднэ, юуг нь лавладаг юм гэж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд хайгуулын 2572, ашиглалтын 1198, нийт 3770 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр үйлчилж байна гэж зарим хэвлэлд дурджээ. Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл хориглосон. Энэ мэтчилэн ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн тухай хангалттай мэдээлсэн гэж үзээд тодруулахаа болье гэхэд Ховд аймгийн Мянгад сумын нутаг дахь газрын ховор элементийг хууль бусаар ашиглах гэж байгаатай холбоотойгоор ховор элементийн тусгай зөвшөөрөл олгосон эсэхийг тодруулах шаардлага байсан юм. Учир нь манай сонины өчигдрийн дугаарт Ховдынхон Халзан бүрэгтэй, Ар хүрэн уулаа аврахаар С.Оюун сайдад ханджээ гэсэн нийтлэл гарсан. Ховд аймагт Монголиан нэшнл рийр ийрт корп компанийхан М-006911, М-012335 гэсэн тусгай зөвшөөрлөөр далайлган дураараа авирлаж байгаа тухай уг нийтлэлд бий. Мөн энэхүү орд газарт ашиглалтын хоёр, хайгуулын хоёр лиценц олгосныг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тогтоосон бөгөөд аймгийн Засаг дарга болон ард иргэд эх нутаг, байгаль дэлхийгээ хамгаалж, хууль бус үйлдлийг зогсоохоор тэмцэж байгаа тухай өгүүлсэн юм. Энэ тухай Ашигт малтмалын газрын шинэ хэвлэлийн төлөөлөгчид нь хэлээд үзүүлтэл, М-006911, М-012335 тусгай зөвшөөрлийг компьютерт шүүлгэв. Хоёулаа хүчинтэй юм байна гэхээс өөр ямар ч дорвитой юм хэлсэнгүй. Үүнээс өөр тодорхой мэдээлэл хэрэгтэй байгаагаа тайлбарласан боловч Албан бичгээр асуултаа бичээд өг. Дараа нь даргадаа танилцуулж байгаад зөвшөөрөл авъя. Үүний дараа л ярилцлагаа авч болно гэх өнөөх л хариултаа хэлсэн юм. Үнэндээ гурав дөрөвхөн асуултад хариулт авахын тулд ийм шат дамжлага туулна гэдэг арай л дэндсэн хэрэг. Аливаа ажлыг ийм байдлаар явуулах юм бол байнга ярьж зарлан тунхаглаад байдаг өнөөх ил тод тунгалаг нээлттэй засаглалдаа хэзээ хүрэх юм бэ. Ашигт малтмалын газарт бүтцийн өөрчлөлт орж, хөл хөдөлгөөн ихтэй байгаа ч мэдээлэл өгөхөөс ийм маягаар татгалзаж боломгүй санагдана. Ер нь ч Ашигт малтмалын газарт ажлаа мэддэг хүн байдаггүй юм байна гэсэн ойлголтыг шинэ хэвлэлийн төлөөлөгч нь төрүүлээд авав. Г.Дэлгэрцэцэг

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.