Т.Уламбаатар:Гэрээр ажиглалтад байгаа иргэдийн эрүүл мэндийг хянах гар утасны апплейкшныг туршиж байна

Дэлхий дахинаа тархаад байгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд улс орнууд технологийн шийдлийг ашиглаж байна. Монгол улс тэр дундаа Онцгой байдлын байгууллагаас энэ тал дээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар ОБЕГ-ын Орон зайн мэдээлэл, технологийн тасаг-ийн мэргэжилтэн, ахмад Т.Уламбаатараас тодрууллаа. -Цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд ашиглаж байгаа техник, технологийн шийдлийн талаар яриагаа эхэлье? Гамшгаас хамгаалах тухай хуулийн 5.1.3. хэсэгт Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зарчим нь шинжлэх ухаан, дэвшилтэт техник, технологи, инновацид тулгуурласан байх, мөн 6.1.7. хэсэгт Гамшгийн өмнөх үйл ажиллагаа нь гамшгийн мэдээллийн сан бүрдүүлэх гэсэн төрөлтэй байна гэж заасан байдаг. Үүний дагуу коронавируст халдвар БНХАУ-д гарсан цагаас эхлэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна. Эхлээд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байсан бол одоо тэмцэх чиглэлээр ажиллаж байгаа шүү дээ. Техник, технологийн ажлууд маань ч бас ийм дараалалтай гэж ойлгож болно. Энэ хүрээнд хамгийн эхэнд Гамшгийн орон зайн мэдээллийн систем-ийг ашиглаж эхэлсэн. Коронавирустэй холбоотой мэдээллийг аймаг, нийслэлийн болоод хилийн чанадад ямар байгааг орон зайн мэдээлэлтэй холбон дүрслэн үзүүлж, мэдээллийн санг үүсгэсэн. Мөн УОК-ын Шуурхай штаб, Эрүүл мэндийн яамнаас тогтмол явагддаг мэдээллийг Монмэп ХХК-тай хамтраад иргэд хүргэж байна. Ингэснээр олон нийтийг дэлхийн болон Монгол Улс дахь коронавируст халдварын орон зайн мэдээлэлд суурилсан нөхцөл байдлын тоон мэдээллийг нэг эх сурвалжаас хялбар авах боломжийг бүрдүүлсэн. Түүнчлэн ямар ч төрлийн гамшгийн үед ашиглагдах мэдээллийн систем, гар утасны апплейкшн шаардлагатай байсан учраас үүнтэй холбоотой мэдээлэл технологийн шийдлийг боловсруулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Улсын онцгой комиссын Шуурхай штабын үйл ажиллагаанд коронавируст халдварын бүртгэл, удирдлагын системийг нэвтрүүлсэн. Тус системийн онцлог, давуу талууд юу вэ? Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, УОК-ын Шуурхай штабаас гаргасан шийдвэр, үүрэг чиглэлийг бүх шатны байгууллагад богино хугацаанд дамжуулах, коронавируст халдвараар өвчилсөн болон сэжигтэй, тусгаарлалтад байгаа, гадаад улсаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн мэдээллийн нэгдсэн сан бий болгох зорилгоор энэхүү системийг нэвтрүүлсэн. Мөн шуурхай штабын бүрэлдэхүүнд салбар бүрийн төлөөллүүд ажиллаж байгаа. Тийм учраас ажлын уялдаа холбоо, харилцан ажиллагааг сайжруулах бас нэг зорилготой. Дээрх системийг нэвтрүүлэхэд Интерактив ХХК-ийн хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хамтран ажилласан. Мөн Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яам, Тагнуулын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний дата төв УТҮГ-ийн алба хаагчид энэ ажилд чухал үүрэгтэй, идэвх санаачлагатай оролцсоныг онцолмоор байна. Гадаад улсад байгаа манай улсын иргэд эх орондоо ирэх хүсэлт гаргахаас эхлэн гэрийн ажиглалтын хугацаа дуусгавар болох хүртэлх бүх процессийг энэ систем програмчилсан. Түүнчлэн дотоодод халдвар голомтлон гарсан үед эрүүл мэндийн салбарын хүний нөөц, эмнэлэг, тусгаарлах байр, эм тариа, тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгслийн нөөцийг автоматаар тооцолдог байхаар зохион байгуулснаараа онцлог. Уг системийн хэрэглэгчид нь улс, аймаг, сумдын онцгой комиссын тодорхой тооны гишүүд байгаа. Тийм учраас системийг ашиглах хэрэглэгчдийн сургалтыг цахимаар зохион байгуулаад байна. Одоогоор Дархан-Уул, Дорноговь, Сэлэнгэ, Төв зэрэг аймгуудын хэрэглэгчид буюу улсын хилээр иргэдийг хүлээн авч тусгаарлах байраар ханган ажиллаж байгаа аймгуудын хэрэглэгчид идэвхтэй ашиглаж байгаа. Гэрээр ажиглалтад байгаа иргэдэд зөвлөгөө өгөх, эрүүл мэнд, биеийн байдлыг хянах зорилгоор гар утасны аппликейшныг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэж сонссон. Энэ апплейкшныг хэзээнээс ашиглалтад оруулах вэ? Тусгаарлах байрнаас иргэд маань гэрийн ажиглалтад шилжээд 14 хоног өөрийгөө тусгаарлах журам хэрэгжиж байгаа. Тус журмыг зөрчсөн тохиолдол цөөнгүй удаа гарсан. Тухайн асуудлыг шийдэх, мөн бусад улс орны авч хэрэгжүүлж буй арга хэмжээг харахад дотоодод халдвар голомтлон гарсан үед эрүүл мэндийн салбарын нөөц, боломж хүрэлцэхгүй нөхцөл бүрдвэл гэрээр өөрийгөө тусгаарлан ажиглах зөвлөгөө өгч байна. Энэ тохиолдолд уг апплейкшныг ашиглахаар боловсруулсан. Одоогоор туршилтын ажил явагдаж байна. Хамтран ажиллаж байгаа Юнител, Call pro, Интерактив, Монмэп ХХК-ийнхаа хамт олонд баярлалаа гэж хэлье. Эх сурвалж: Онцгой мэдээ сонин

АТГ-т 494 хэрэг шалгаж байна

Эрүүгийн 491 хэрэгт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны тавдугаар сарын 4-8-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 21 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 68 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 42 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 491 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүллээ. Одоогоор ажиллагаанд 494 хэрэг шалгагдаж байна.

“Remdesivir” эмийг бусад орон руу олон тоогоор илгээнэ

АНУ-ын Засгийн газраас ковид-19-ын эсрэг эерэг нөлөө үзүүлсэн Remdesivir эмийг хэдэн мянгаар нь бусад орон руу явуулах болсон тухай мэдэгджээ. Харин аль улс оронд илгээх тухай энэ долоо хоногт шийдвэрлэнэгэжэм үйлдвэрлэж буй Gilead Sciences компаний захирал Даниел мэдээлсэн байна. Судалгаанаас үзэхэд энэ эмийг хэрэглэсэн өвчтөнүүдийн эмчлэгдэх хугацаа богиносохоос гадна нас баралт багассан байгаа юм. Эмийг бусад орон руу хэрхэн илгээж, ямар үнээр борлуулах тодорхой мэдээллийг хараахан өгөөгүй байгаа юм байна.

Энхийг сахиулагч Б.Цээноров: Гал нээлгүйгээр барьцаалагдсан хүнээ аварсандаа бид баяртай байна

НҮБ-ын мандаттай энхийг сахиулах UNIMISS ажиллагаанд БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний IX ээлжийн мотобуудлагын батальон хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хүний амь аварчээ. Бэнтью хот дахь НҮБ-ын баазын шалган нэвтрүүлэх цэгийн гадна зэвсэглэcэн орон нутгийн долоон иргэн Хил хязгааргүй эмч нар байгууллагын ажилтныг барьцаалах оролдлого хийснийг ажиллагааны ахлах, ахмад Б.Цээноровоор ахлуулсан манай цэргийн албан хаагчид таслан зогсоосон байна. Хүчирхэг дээдсийн морин туурай, хүрч амжаагүй алс хязгаарт, хүний нутгийн амгаланг сахиулахаар үүрэг гүйцэтгэж буй монгол цэргүүдийн төлөөлөл Батсүхийн Цээноровтой ярилцлаа. -Тухайн үед яг юу болсон бэ? -Судан Улсын Бэнтью, Парин хотыг холбосон төв зам дээр Монгол Улсын эргүүлийн бүлэг үүрэг гүйцэтгэдэг. Тухайн үед НҮБ-ын баазын зэвсэггүй бүсэд үүрэг гүйцэтгэж байсан Зүчи эргүүлийн бүлгээс хүч нэмэгдүүлэх шаардлагатай байгаа мэдээ хүлээж авсан юм. Орон нутгийн зэвсэглэсэн иргэд хүмүүнлэгийн байгууллагын ажилтныг хүч хэрэглэн авч явах гэсэн үйлдлийг таслан зогсоож, саатуулаад байгааг удирдлагын төвд илтгэсэн юм билээ. Үүссэн нөхцөл байдлыг үнэлж, батальоны ажиллагааны удирдлагын төвөөс надаар ахлуулсаншуурхай бүлэг томилсон. Тухайн газарт очиход нөхцөл байдал нэлээн хурцадсан байсан. Зэвсэглэсэн этгээдүүдтэй ярилцаж, тохиролцоо хийх боломжгүй байдал үүссэн нь илт. Тэдэнтэй эв зүйгээр ойлголцохыг оролдож, сөргөлдөгч хүчний удирдагчтай ярилцсан. Гэтэл бидэн рүү орон нутгийн хэлээр орилж, буу тулган сүрдүүлэн заналхийлж, хүмүүнлэгийн ажилтныг хүч хэрэглэн мотоцикл дээр суулган авч явах оролдлого хэд хэдэн удаа гаргасан. Бид цагийн байдлыг үнэлж, хүмүүнлэгийн ажилтныг хамгаалахын тулд зэвсэглэсэн этгээдүүдийн эсрэг Хүч хэрэглэх дүрэм-ийн дагуу НҮБ-ын цэргийн сүр хүчийг үзүүлэн анхааруулах, буу цэнэглэх, зэвсэг хэрэглэхэд бэлэн байгааг хэлсэн. Гэсэн хэдий ч зэвсэглэсэн этгээдүүд шаардлагыг үл тоож, эмнэлгийн ажилтныг мотоциклд суулган зугтах оролдлого гаргасаар байлаа. -Хүмүүнлэнгийн ажилтныг яаж аварсан бэ? -Бужигнаан дунд зэвсэгт этгээдүүдийн толгойлогч нь ярилцаж, үймээнээ зогсоож, эв зүйгээр учраа олох тохиролцоонд хүрсэн юм. Гэтэл зэвсэгт этгээдүүд толгойлогчийнхоо үгийг сонсохгүйгээс болоод үймээн үргэлжилсэн. Барьцаалсан хүнээ авч явах оролдлого удаа дараа гаргасан учраас тэдний замыг хаах үүрэг өглөө. Зүчи эргүүлийн бүлэг дөрвөн машинаар давхар хаалт тавьж, хөдөлгөөнийг нь хязгаарласан. Гэтэл тэд эсэргүүцэж, агаар руу хий буудаж, сүрийг үзүүлсэн юм. Замыг нь хаасан ч мотоциклтой учраас нарийхан замаар зугтах оролдлого гаргалаа. Энэ үед манай цэргийн багийн залуучууд барьцаалагдсан эрэгтэйд машинд суух чиглэл өгсөн юм билээ. Тэгээд манай нэг машин мотоциклтой этгээдийн урдуур хөндсөлөж зогсоход, барьцаалагдсан эрэгтэй машинд зугтаж суусан. Тэгээд л аюулгүй газар руу явж, бүрэлдэхүүнээ татах үүрэг өгч, ажиллагаагаа амжилттай дуусгасан. Буун дуу тачигнаж байсан ч манай багийнхан барьцаанд байсан хүнийг аварч чадсан. Энэ бол хамтын ажиллагаа.Зэвсэглэсэн этгээдүүд барьцаалагдсан хүнийг суулгасан машины урд хэсэг рүү хэд хэдэн удаагбуудсан ч бид аюулгүй газарт очсон. -Тухайн үед барьцаалагдсан хүний сэтгэл санаа ямар байсан бэ? -Ажиллагаа дууссаны дараа энэ талаар асуухад, Намайг яагаад ингэж байгаа юм бол гээд маш гомдолтой, сэтгэл санаа нь тогтворгүй байсан. Тэгээд аюулгүй газар очоод тайвширсан байх. Мэдээж түүний оронд хэн ч байсан айх байсан болов уу. -Аврах ажиллагааг явуулж байхад өөрт тань юу бодогдож байв? -Яаж ийж байгаад барьцаалагдсан хүнийг аврах юм сан гэж бодож байлаа. НҮБ-ын мандатаар заасан үүргээ биелүүлэх ёстой гэж бодож, бид хамтдаа тэмцсэн. Дүрэмд гал нээх нь хамгийн сүүлийн арга байдаг. Тэрнээс өмнө шаардлагатай бүх арга хэмжээг авсан байх ёстой. Шат дараалсан арга хэмжээ авч, гал нээлгүйгээр барьцаалагдсан хүнээ аварсандаа баяртай байна. Тэнд ажилласан залуус ч үүргээ мэдэж байсан учраас аврах ажиллагаагаа амжилттай гүйцэтгэсэн. -Одоо нөхцөл байдал ямар байна вэ? -Манай холын эргүүлийн багийн үүрэг гүйцэтгэж буй газарт нөхцөл байдал хүнд байгаа. Судан Улсын зарим газарт цагийн байдал хүндэвтэр байна. Гэхдээ бидний гүйцэтгэсэн аврах ажиллагаа бол байдаг л зүйл. Иймэрхүү ажиллагаа тохиолддог. Бид хүлээсэн үүргийнхээ мандатын дагуу л ажиллаж байгаа. Энд үүрэг гүйцэтгэж байгаа монгол цэргүүдийн тухайд хангалттай сайн ажиллаж байна. -Яагаад цэргийн хүн болсон юм бэ? -Би Монгол цэргийн өдөр буюу гуравдугаар сарын 18-нд төрсөн. Арван жилээ төгсөөд, Батлан хамгаалахын их сургуульд суралцахаар элсэж, үүнээс хойш цэргийн амьдралтай холбогдсон. Яагаад ч юм, арми миний бүхий л амьдрал юм шиг санагддаг. Төрсөн өдрөө бодохоор ч тэр юм уу, энэ л миний орон зай шиг санагдаж, албандаа зүтгэж байна.Жижиг гэлтгүй бүх зүйлд хариуцлагатай хандах юмсан гэж боддог. Удирдаж байгаа хүмүүстэйгээ чин сэтгэлээсээ ойлголцож,ажлаа хийхийг хичээдэг. -Монголд байгаа гэр бүлийнхэндээ энэ тухайгаа хэлээгүй юм билээ? -Бид чинь үүрэг хүлээсэн цэргийн хүмүүс шүү дээ. Цагийн байдал, болж байгаа үйл явдал бүрийг гэр бүлийнхэндээ шаардлагагүй. Гэрийнхэн маань ч үүнийг мэддэг болохоор тэр бүр асуудаггүй. -Манай сониноор дамжуулаад гэрийнхэндээ юу хэлэх вэ? -Охин маань өнгөрсөн жилийн хоёрдугаар сард төрсөн юм. Охиноо төрснөөс хойш бараг цуг байж чадаагүй. Хамт байсан өдрүүдээ тоолоод үзсэн чинь дөнгөж 20 хоног хамт байсан байна лээ. Хаврын марш тактикийн тэмцээн, ажиллагааны бэлтгэл, бусад тэмцээн гээд гэртээ орох завгүй байсаар энд ирсэн. Одоо охиныхоо зураг, бичлэгийг үзэхээр сонин мэдрэмж төрөөд байдаг юм. Охинтойгоо тоглохыг, Аав аа гэж дуудахыг нь сонсохыг маш их хүсэж байна. Эхнэр, охин хоёртоо маш их хайртай шүү гэж хэлмээр байна. Монгол цэргүүд үүргээ нэр төртэй биелүүлж байгаа. Удахгүй уулзахын ерөөл өргөе. Д.Чанцалдулам Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Х.Мандахбаяр: Ерөнхий сайдын шийдвэрийг урж, базаад, ард түмний нүүр рүү шидэх гэж байна

МСНЭ-ийн ерөнхийлөгч, медиа группийн эзэн, сэтгүүлч, байгаль хамгаалагч гэх мэтийн олон тодорхойлолтын эзэн Хархүүгийн Мандахбаяртай ярилцлаа. -Х.Мандахбаяр хэмээх тун олон талтай хүний талаар олон нийт мэддэг болсон. Энэ удаа байгаль хамгаалагч, тэмцэгчийн дүрээр илүү тодроод буй Мандахбаяртай ярилцахаар ирлээ. Яаж яваад байгаль хамгаалагч болчихов оо? -Би ч уг нь олон нийтэд тэгтлээ ил байсан хүн биш л дээ. Одоогийн хашиж буй албыг эс тооцвол нэг их сонирхоод байх зүйлгүй, овойж товойж, тодорч бичигдээд байх ч шаардлагагүй, бусдын л адил амьдралыг туулж яваа жирийн залуу. Харин МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш олон зүйл хийх гэж улайрсан маань хүмүүсийн анхаарлын төвд чамгүй оруулах шиг боллоо. Нэг зүйл бариад авахаараа заавал ард нь гарах гэж зүтгэдэг нь миний багын зан. Болохгүй гэх тусам болгох гэж дайрдаг, өөр гарц гаргалгаа хайдаг зан чанар, өөрийгөө хэзээ ч өөрчилж чадахгүй хэв шинж надад байдаг. Алдсан, оносон аль ч үедээ ямар нэг зүйлийг болгох гэж араас нь хөөцөлдөж явсан байдаг юм. Сэтгүүл зүйн салбарын тэргүүнээр ажиллах хувь тохиосноос хойш олж харсан асуудлуудаа өөрийнхөөрөө шийдэх гэж, гарц гаргалгаа хайж зүтгэсэн. Үүнийг минь ойлгож дэмжсэн нь ч бий, бас эс таалсан нь ч бий. Угаас бүх хүнд таалагддаг зүйл байх биш. Үүнээс үүдээд таны хэлж байгаа олон дүр, олон тал бий болж эхэлсэн болов уу. МСНЭ-ийн ерөнхийлөгч, сэтгүүлч Х.Мандахбаяр гээд явж байтал бизнесмэн, тун хэрүүлч, заргач, цаашилбал шантаажчин ч бололтой болоод явчихсан. Энэ олон дүрийг би бүтээе гэж бүтээгээгүй. МСНЭ-ийн ерөнхийлөгчийн ажлыг хийчих юм сан гэсэн санаа зорилго дээр олон янзын шалтгаанаар ийм дүрүүд гарч ирсэн. Зарим дүрийг нийгэм их тодоор хүлээж авсан байх. Заримыг нь ч төдийлөн мэдэхгүй, явцуу хүрээнд янз бүрээр хардаг болов уу. Тэмцэгч гэх юм уу, байгаль хамгааллын чиглэлээр ажилласнаас хойш олон нийт энэ тал руу нь илүү харах болж. Түрүүнд хэлснээр нэг зүйлийг барьж авахаараа ард нь гарах гэж улайрч зүтгэдэг, аливаа асуудлыг шийдэх гэхээрээ түүнийгээ орхидоггүй, зогсдоггүй чанар маань байгаль хамгаалагч гэх үү, тэмцэгч гэх үү, энэ дүрд хүргэж байх шиг байна. Би ийм дүр бүтээе ч гэж бас бодоогүй л юм. ЧОЙЖИЛСҮРЭН ЯВУУЛСАН УУ, ХЭН ЯВУУЛСАН ГЭЭД ӨӨДӨӨС НЬ БИЧЛЭГ ХИЙХЭЭР НАЙЗ НӨХӨД МААНЬ ЧИ ЧИНЬ ЯМАР БАЛАЙ БОЛЧИХСОН ЮМ БЭ ГЭЭД ГАРДАГ БАЙЛАА -Тэгээд юу нөлөөлөөд энэ хүртэл явчихав? -2017 онд Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дэд даргаар сонгогдож, орон нутагтаа нэг жил ажиллаж, амьдарсан. Тэндээ байр сууцтай болоод гэргий хүүхдээ дагуулж, гэрийн тавилга, хэдэн номоо ачаад шууд нүүсэн. Тэр үед иргэдтэй, намын гишүүдтэй уулзахаар Тост, Тосон бумбын тухай л ярьдаг байлаа. Ялангуяа ахмадууд Тэр сайхан байгалийг ухах гэж байна. Чи сэтгүүлч, аав тань сэтгүүлч, яруу найрагч, энэ нутгийн хүн. Үүнд анхаарлаа хандуулж, дуугараач гэнэ. Тэгээд ер нь нүдээрээ харъя гэсэн бодол төрж, Тост, Тосон бумбын нуруу, Хөвд, Хуршуутын голд очсон. Миний ааваасаа өвлөж авсан хүмүүжил бол ном унших. Миний аав 34 ном бичсэн, хөдөөгийн яруу найраг талдаа Монголын утга зохиолын салбарт өөрийн гэсэн байр суурьтай хүн. Аавын шүлэгнээс уншиж, нүдэндээ төсөөлж, сэтгэлдээ зурж өссөн болохоор нутгийн уул, ус ерөнхийдөө цээжинд байдаг юм. Аавын минь шүлэгт бичигдсэн Хөвд, Хуршуутын гол, Нэмэгтийн хөндий, 13 даац, Тост, Тосон бумбын нуруу, Шаргын хэц, буйлсын ой, зулзаган загийн ой, дэлхийд ховордсон тоорой мод уурхайг тойроод, тун удахгүй ухуулж устах, унаган төрхөө алдах аюулд ороод байгааг хараад хамгаалахаас аргагүй гэдэг итгэл үнэмшил улам батажсан. Тэр сайхан газар нутаг, байгалийн үзэмж, ховор тогтоцыг устгаж, ухаад нүүрс зөөнө гэхэд эмзэглэл төрсөн. Тэгээд уул усандаа хандан Эх нутаг, алтан нар, мөнгөн сар, эцэг тэнгэр, эх дэлхий минь, энэ сайхан нутгаа хамгаална. Чадахгүй бол амиа өргөнө гээд хатуу амлачихсан. Би их сүсэгтэй хүн л дээ. -Нээрэн ингэсэн гэж үү. Төсөөлөхөд бэрх юм? -Бүр яг бодитой болсон явдал. Ийм сүсэгтэй, ингэж амладгийг минь найз, нөхөд маань ч мэднэ. Уулчин, Гавьяат тамирчин Өсөхбаяр бид хоёр хар багын найз. Бид 2011 онд Шилийн богд руу хамт явлаа. Тэгээд уул өөд алхтал би бөглөрч тагларч, ханиалгаад, замдаа хэд амарч, арайхийн оройд нь хүрсэн. Уг нь тэгж хүн зовоогоод байх өндөр уул биш шүү дээ. Өсөхөө тамхи татдаггүй, харин би өдөрт гурван хайрцгийг татчихдаг айхтар тамхичин байв. Намайг Өсөхөө тамхи их татлаа гэж зэмлэнэ. Аахилж уухилсан намайг аанай л Тамхинаас болж байгаа юм хэмээн Шилийн богдын орой дээр зэмлэхээр нь биеэ ийм болгон болгон тамхи татахаа больё гэж шийдээд, Шилийн богд хайрхан минь, би дахиж тамхи татахгүй. Хэрэв тамхи татвал миний нэг ч ажил бүү бүтэг гээд амлачихсан. Ингэхээр хүн өөрийгөө кодлочихдог юм.Ер нь хийе гэвэл амла гэдэг. Би аливаа зүйлийг хийе гэвэл шууд амладаг зантай. Өөрийгөө үүрэгжүүлж байгаа нь тэр. Ор болохгүй зүйлийг амлаж болохгүй л дээ. Амлалтдаа хүрэхгүй бол худлаа ярьсан хэрэгт орж, бурхан буцаагаад надаас нэхэж авна. Тиймээс бүтнэ гэж бодсон зүйлээ амлаж, бүтээхийн төлөө зүтгэдэг. -Нутаг усаа хамгаална гэдгийг хаана амласан гэнэ ээ? -Тост, Тосон бумбын нуруу руугаа харж байгаад тэгээд хэлчихсэн. Зарим хүн үүнийг ойлгохгүй байх. Хүн өөртөө амлалт өгөх, өөртөө үнэнч байх гэдэг бол хамгийн том зүйл. Өөртөө үнэнч байж чадаагүй хүн бусдад үнэнч байх нь юу л бол. -Тост, Тосон бумбын асуудлыг сөхөөд тагнуулынханд баригдаж байсан гэж ярьсныг тань санаж байна. Тэгэхэд юу болсон юм бэ? -Тост, Тосон бумбын тэмцлийг хувь хүнийхээ итгэл үнэмшлээр эхлүүлж байхдаа 2017 онд Тосон бумбын нулимс гэж гурван цуврал нэвтрүүлэг хийсэн. Тэр үед би телевизгүй, хэдэн сайттай байлаа. Нэвтрүүлгээ телевизүүдэд өгч гаргуулах гэтэл авдаггүй, төлбөр төлье гэсэн ч нэмэр болоогүй. Тухайн үед эрх баригч намын нөлөө бүхий гишүүн, Сангийн сайд нь Тост, Тосон бумбад лицензтэй Саус гоби коал транс компанийн хувьцааг би эзэмшдэг гээд ярьж л байдаг, их том хамгаалалттай газар болохоор телевизүүд нэвтрүүлгийг маань аваагүй хэрэг. Би 2017 оны дөрөвдүгээр сарын 25-нд олон нийтийн сүлжээнд эхний нэврүүлгээ тавиад, дөрөвдүгээр сарын 29-нд Номгон сумд уулзалт хийж явахдаа тагнуулын байгууллагад баригдсан. Буу шийдэм агсаж, баг зүүсэн сүрэй хүмүүс ирж билээ, одоо санахад. -Олны анхаарлын төвд төдийлөн ороогүй үе тань болохоор хүмүүс анзаараагүй байх нь? -Тийм. Сэтгүүлчид Зиндаа-гийн Мандах гэдгээр, өмнөговийнхон Хархүү багшийн хүү аймгийн МАН-ын хорооны дэд даргаар ирсэн гэнэ гэж ярих хэмжээнд л мэддэг байсан. Нэвтрүүлэг гараад ирэнгүүт уурхайн эзэд Энэ нөхөр Тост, Тосон бумбыг хамгаалах ажилд эргэж буцахгүй орох нь. Тиймээс эртхэн хашрааж, зогсоо гэсэн байх гэж боддог. Надад ямар ч хамааралгүй асуудлаар хэрэг үүсгээд, барьж хорьсон. Гурав хоног Ганц худагт хориод, дахиад 14 хоног үргэлжлүүлэн хорих санал ТЕГ-аас ирүүлсэн байсан. Сайн өмгөөлөгчдийн буянд хугацаагаа сунгуулалгүй Ганц худагаас гарч, өөрийгөө хамгаалсны хүчинд хоёр сар шалгагдаад, тэдний хилсээр үүсгэсэн хэрэг хэрэгсэхгүй болж байлаа. Тэгж хорьсон нь намайг улам хурцалсан. Эд уурхайгаа хамгаалахын тулд хэнийг ч, яахад ч бэлэн байна, тэгэхээр би илүү хэрсүү, зохион байгуулалттай, хийгүй байж ард нь гарна уу гэхээс ганцаараа үсэрч дэвхцээд болохгүй нь гэдгийг ухаарсан. Тэр үед нэг золтой явдал болсон нь иргэн Сүрэнхүүгийн нэхэмжлэлтэйгээр Саус гоби коал транс-ын асуудал шүүхэд очсоноор юу юугүй ухах гэж байсан үйл ажиллагаа нь зогссон юм. Хоёр жил бүх шатны шүүхээр яваад, 2019 оны гуравдугаар сарын 18-нд Дээд шүүхээс уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, иргэний нэхэмжлэлийг бүх шатны шүүх хэрэгсэхгүй болгосноор Компани хуулийн дагуу ажиллаж байгаа юм байна, Тост, Тосон бумбыг ухаж болно гэж байгаа юм. Ингээд шийдвэртэй хөдөлж тэмцэхгүй бол нутгаа ухуулахаар болсон тул өнгөрсөн хавраас хөдөлж эхэлсэн. Би МСНЭ-ийн ерөнхийлөгч гэдэг сайхан албанд томилогдоод нэг жил ажиллачихсан, тэгэхдээ нэлээд зүйл яриад, том зорилго тавьчихсан байлаа. Гэтэл уурхайнхан намайг олон нийтэд муухай харагдуулах дайралт, гүтгэлэг цацахын хажуугаар энэ сонгуульт албан тушаалтай холбож элдвээр мушгих, зарим сэтгүүлчийг миний эсрэг эргүүлэх, Мандахбаяр гэдэг хүнийг салбараас нь холдуулах, найз нөхдийн дунд ч ад үзүүлэх тактикийн шинжтэй дайралтууд хийгээд болдоггүй. Тэгэхээр нь МСНЭ-ийн ерөнхийлөгчийн албанаас түдгэлзэж байгаад үзэлцлээ шүү дээ. -Олон жил Тост, Тосон бумба гэж яриад улиг болчихсон, аль нь үнэн, аль нь худлыг хүмүүс ялгахаа больж дөжирсөн байхад нь асуудлыг хүчтэй, ул суурьтайгаар хөндөж, үр дүнд хүргэсэн шүү? Яг надтай адилхан эх нутгаа хамгаалъя, Тост, Тосон бумбыг сүйтгүүлэхгүй авч үлдье гэсэн зорилготой хүмүүс Өмнөговьд төдийгүй Монголоор дүүрэн байсан. Үүний хамгийн тод жишээ нь Т.Лхагвасүмбэрэл агсан шүү дээ. Энэ хүүТост, Тосон бумбыг Монголд таниулж, олон нийтийн анхаарлын төвд авч ирсэн. Харамсалтай нь амь үрэгдсэн. Үүнээс хойш хүмүүсийн дунд айдас түгшүүр бий болсон шүү дээ. Тост, Тосон бумбыг хамгаалах ёстой гэсэн үзэл санаатай хүмүүс олон хэсэг, тархай бутархай байсан учраас хүч нь тарамдаж, ягтаа тулсан байлаа. Энэ тэмцлийг нэгтгэхгүйгээр юунд ч хүрэхгүй нь гэж үзээд тэмцэгчдийг нэгтгэсэн. Мөн миний бие өөрөө медиа групптэй байгаа нь хараат бусаар мэдээлэл хүргэж, олон нийтийн анхаарлыг татахад их дэм болсон. Нэг хоноход л нөхцөл байдал хангалттай өөрчлөгдөж байсан тэр үед бид томоохон сонгууль явуулах хэмжээний зохион байгуулалтад орж ажилласан шүү. -Нөгөө тал ч гэсэн таны эсрэг маш зохион байгуулалттайгаар ажиллах шиг харагдсан. Танд ямар нэг дарамт, шахалт ирж байв уу? -Аль болгоныг ярих вэ.Хүн үнэмшихээргүй дарамт шахалт, заналхийлэл, гүтгэлэг, доромжлол, басамжлал, дайралт, халдлага ирсэншүү дээ. Яг тэр тэмцлийн үед тэр болгоныг ярьж болохгүй. Тэгвэл үндсэн асуудал нь сарниад, олон нийт уг асуудлаа ойлгохгүй, нэг хүний, Мандахбаярын тухай сенсацыг хөөгөөд явчихна. Тэгэхээр би бусад бүх зүйлийг орхиод, гол асуудал болох Тост, Тосон бумбаа, хууль зөрчсөн компаниа ярьсаар ард нь гарсан. Үүний үр дүнд асуудал Ерөнхий сайдын анхааралд хүрч, Тост, Тосон бумбын нуруунд нүүрс олборлохоор дайрч байсан Саус гоби коал транс компанийн лицензийг цуцалсан. -Нэгэнт энэ талаар ярьсных асуух нь зөв гэж бодлоо. Тэр үед Мандахбаяр шантааж хийж байна. Хэдэн тэрбумыг нэхсэн гэнэ гэсэн мэдээлэл нэлээд хүчтэй явсан? -Тийм зүйл огт байхгүй шүү дээ.Тост, Тосон бумбын нурууг ухахаар улайрч байсан тэр хүмүүс намайг буулгаж авахын тулд янз янзын арга хэрэглэсэн. Хамгийн хүндэлж хайрладаг хүмүүсээр минь дамжуулж уулзах хүсэлт өчнөөн тавьсан. Энэ бол үнэн. Би тэдэнтэй уулзаж огт болохгүй, уулзлаа л бол маргааш нь Нөгөөх чинь надтай уулзаад мөнгө нэхсэн гэсэн яриа гаргана, эргээд өөрөө шантаажид орно гэдгээ мэдэж байсан учраас хэнтэй ч уулзаагүй. Тийм зүйл ярьж ирсэн хүний өөдөөс шууд утасныхаа камерыг асаагаад барьдаг болсон. За дахиад хэлээдэх. Чойжилсүрэн явуулсан уу, хэн явуулсан гээд өөдөөс нь бичлэг хийхээр найз нөхөд маань Чи чинь ямар балай тэнэг болчихсон юм бэ гээд гардаг байлаа. Тэр үед үнэхээр хамтран зүтгэгчдээсээ өөр хүнд итгэхээ больсон. Утасны камернаас айгаад гарсан нөхөд одоо Чи бас аймаар нөхөр шүү, шууд утас гаргаад ирэхэд чинь гайхсан. Гэхдээ чиний зөв байсан юм билээ. Үнэхээр тэгэхээс аргагүй дарамтад байсныг чинь ойлгосон гэдэг юм. Ингээд байхад л намайг шантааж хийж мөнгө нэхэж байгаа гэсэн гүтгэлэг явуулаад байхаар нь Чойжилсүрээн, чамаас авах нэг ч төгрөг байхгүй. Чи зүгээр л миний нутгийг тайван орхиодох гэсэн видео хийгээд тавьтал нөгөөдүүл аргаа өөрчлөөд, Наадах чинь УИХ-д нэр дэвших гэж байгаа юм гээд эхэлсэн. Сүүлд Ерөнхий сайд чиглэл өгч, лицензийг нь цуцлан уурхайг хаасны дараа Мандахбаяр Чойжилсүрэнг шантаажлаагүй юм билээ. Харин өөр хүмүүстэй тохироод, уурхайг хаалгасныхаа шагналыг авчихсан байна гэсэн. Яаж ч байсан тэр тэмцлийг буруутгах ямар нэг зүйл олж, мушгиад байсан. Асуудлыг яаж ч гуйвуулж болдгийн жишээ л дээ. Зүгээр нэг уул уурхайн компани биш, маш том пиарын баг ажиллаж, яаж мушгиж гуйвуулах вэ, хэрхэн олон нийтэд хүрэх мэдээллийг төөрөгдүүлж бүрхэгдүүлэх вэ гэсэн төлөвлөгөөгөөр үүнийг хийсэн. Харин бид маш сахилга баттай, сэтгэлийн хаттай, хийгүй байж ард нь гарна гээд л багаа зоригжуулаад зүтгэсэн дээ. ТОСТ, ТОСОН БУМБЫН ТЭМЦЭЛ БҮРЭН ДУУСААГҮЙ -Компани лицензийг нь цуцалсан шийдвэрийг шүүхэд өгч, лицензээ сэргээлгэх төлөвлөгөөтэй байгаа гэсэн мэдээлэл байсан. Юу болсон бол? -Харамсалтай нь,Тост, Тосон бумбын тэмцэл бүрэн дуусаагүй, Тост, тосон бумбаа бид бүтэн хамгаалж үлдэж чадаагүй байна. Өмнөговь аймагт найман аж ахуйн нэгжийн 11 лиценз цуцлагдсан. Энэ компаниуд үгсэн хуйвалдсан мэт бүгдээрээ зэрэг Захиргааны хэргийн шүүхэд хандсан байна. Өөрөөр хэлбэл, лиценз цуцалсан шийдвэр Захиргааны хэргийн шүүх дээр унах бүрэн магадлалтай, эрсдэлтэй байна гэсэн үг. Сая Өмнөговь аймгийн баруун сумдаар явах үеэрээ аймгийн МХГ-ын даргатай уулзаж, Тост, Тосон бумбын нуруунд цуцлагдсан лицензийн талбайд нөхөн сэргээлт хийхгүй байна. Үүнд аймаг анхаарал хандуулахгүй байна гэтэл 2019 оны аравдугаар сард Саус гоби коал транс-аас ирүүлсэн бичиг үзүүлсэн. Тэр бичигт Захиргааны хэргийн шүүхэд хандаад, хэрэг үүссэн учраас бид нөхөн сэргээлт хийх боломжгүй гэсэн байна билээ. -Өнгөрсөн намар шүүхэд өгснийг нь одоо л мэдэж буй хэрэг үү? -Хэдхэн хоногийн өмнө л мэдлээ. Аль өнгөрсөн намар шүүхэд өгсөн тухайгаа мэдэгдсэн бичиг ирүүлсэн байхад түүнийг одоо болтол яагаад дарж байгаа юм. Жирийн иргэд бид тэр компани шүүхэд хандсан, үгүйг мэдэхгүй шүү дээ. Төрийн байгууллага нь төрийнхөө шийдвэрийг хамгаалах талаар юу ч хийгээгүй, ийм бичиг ирлээ гэж иргэддээ мэдээлчих ч сэтгэлгүй байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн энэ шийдвэр уг нь шударга ёсны төлөөх тэмцлийг хамгаалах, эх орончдыг зоригжуулах, байгаль хамгаалах үйлсийг түгээн дэлгэрүүлэх асар том үзэл санаатай шийдвэр шүү дээ. Үүнийг мохоох гэсэн үйл явцыг олон нийтэд мэдэгдээгүй дарсан байна гэж би нэлээд бухимдаж, хэдэн үг хэлсэн. Тост, Тосон бумбыг хамгаалаад үлдлээ гэтэл нөгөө бохир тогтолцоо буцаагаад базаад авчихаж. Ерөнхий сайдын шийдвэрийг урж, базаад, ард түмний нүүр рүү шидэх гэж байна. Ийм эрсдэл бодитой нүүрлэсэн шүү. -Таны эхлүүлсэн тэмцэл Тост, Тосон бумбаа хамгаалж, ухаад эхэлж байсан хүмүүсээс ямар ч байсан чөлөөлж чадсан. Таныг тэгээд зогсчих байх, МСНЭ-ийн ерөнхийлөгчийн ажлаа үргэлжлүүлээд явах байх гэтэл 21 аймгаар уул уурхай ярьж тойрсон. Яагаад тэгж явав. Тэгж явахад ямар дүр зураг харагдав? Сэтгүүлч хүн юмыг арай өөрөөр хардаг байх. Тост, Тосон бумбын тэмцэл надад асар үнэтэй хичээл болсон, маш том үзэл санаа суулгасан. Миний үзэл бодол багагүй өөрчлөгдсөн. Хүмүүсийн олонх нь их мөнгөтэй, нийгэмд сайхнаар харагддаг, хэл амнаас хол, амар тайван амьдрахыг илүүд үздэг. Би бол өнөөдрийнхөө замыг сонгосон. Тост, Тосон бумбын тэмцлийн үеэр надад газар, газраас маш олон хүсэлт, мэдээлэл ирсэн. Би сэтгүүлчийнхээ хувьд ямар ч байсан хариуцлагагүй уул уурхайн асуудлаар үндэсний хэлэлцүүлэг хийнэ гэж шийдсэн. Тэгээд 2019 оны наймдугаар сарын 9-нд Төрийн ордны Иргэний танхимд Тост, Тосон бумбын сүүлийн шатны хэлэлцүүлэг дээр 150 хүний өмнө Бидний тэмцэл зогсохгүй гээд амлачихсан. Бидний тэмцлийг тухайн үед нэг компанийг захиалгаар унагахын төлөө, Мандахбаяр нэр дэвшихийн тулд хувийн ашиг сонирхлоор хийсэн гэх мэтээр янз янзаар мушгин гуйвуулж, харлуулсан. Харин би байгаль хамгаалах, уул уурхайг хариуцлагатай болгох, хуульт ёсыг дээдлэх, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх үйлсийн төлөө энэ амьдралаа зориулъя гэж шийдсэн. Нөгөө талаас, бид нэг уурхайн төлөө яваагүй гэдгээ нотлон харуулах шаардлага тулгарсан. Иргэний нийгмийн байгууллагууд байгаль хамгааллын чиглэлээр ажиллаж, өөр өөрийн хэмжээнд тэмцэж ирсэн ч тэдний үг төрд, олон нийтэд хүрдэггүй. Тэднийг шантаажчин, худалч гээд гүтгэчихээр өөрийгөө хамгаалж чадахгүй нэр төр нь сэвтээд, мэдээллийн тэнцвэргүй байдал дунд тэмцэл нь дарагдчихдаг юм байна. Надад байгаа боломж, давуу тал нь би Монголын хэвлэлийн зах зээлд дунджаас дээгүүрт орох медиагийн эзэн. Энэ боломжоо эх нутгийн тэмцлийн төлөө зориулъя гэж шийдсэн. Ингээд л өөрийгөө байгаль хамгаалагч, тэмцэгч гэж итгэчихээд яваа хүн л дээ. Ингээд манай баг 21 аймгаар тойрч, газар дээр нь очиж үзэн, хэнийг нь ч ялгалгүйгээр нээлттэй явсан. Тэгж явахад олон танил, нөхдийн уурхай өртсөн. Нэг шог зүйл хэлэхэд, надтай хамт хөрс хуулалтын бизнес хийдэг танил дүүгийн компани Архангайн Цэнхэрт хаагдчихсан. Тэр Таныг дэмжээд явж байтал таны тэмцлээс болоод манай уурхай хаагдчихлаа гэж байсан. 21 аймгаар тойроход уул уурхайн салбар хэрхэн гажуудсаныг улам тодоор харсан. -Таны харж байгаагаар хэзээнээс эхэлж, юунаас үүдэж уул уурхайн салбар ингэж гажуудчихав? -Иргэд цэнхэр, ягаан тасалбар ярьж байхад энэ хүмүүс лиценз ярьж байсан байна. Тэр үед гадаад дотоод яваад, дэлхийн баячууд, олигархууд уул уурхайгаас хөлжсөнийг сонсож, дуулчихсан хүмүүс мэдээлэлд ойр байгаагаа ашиглаад лицензүүдийг хуваагаад авчихсан. Түүнийгээ гадаад, дотоодод дамлан зарж, өөр хоорондоо шилжүүлж эхэлсэн. Үүнийг дагаад татваргүй, хуульгүй, маш том далд эдийн засаг үүссэн. Авлига гэдэг зүйл эндээс л цэцэглэн хөгжсөн юм байна. Мөнгө нь буруу болохоор бүх үр дагавар, тогтолцоо буруу. Хамгийн том мөнгө эргэлддэг энэ салбарыг авлига, ашиг сонирхлоос ангид, ил тод болгохгүйгээр Монгол Улс хөгжил ярих боломжгүй болсон. Энэ байдлаараа цаашлах тусам бид ангал руугаа явна, авлигын арга улам нарийсаж, хэмжээ нь ихэснэ. Одоо бол үүнийг хамгаалдаг маш хүчтэй тогтолцоо үүсчихсэн, эхлүүлсэн хүмүүс нь ч өөрсдөө зогсоож чадахаа болиод, хяналтаасаа алдчихсан. Үүнийг зогсоох, задлах оролдлогыг хэн нэг нь эхлүүлэх ёстой шүү дээ.У.Хүрэлсүх, Х.Баттулга гэдэг хүмүүс энэ тогтолцоог өөрчлөхийн төлөө тэмцэж байна гэж харж байгаа. -Сая бас говь руу яваад, нэлээд бужигнуулаад ирэх шиг боллоо. Ямар зорилгоор явж, ямар ажил амжуулаад ирэв? -Өнгөрсөн онд 21 аймгаар явж Байгаль эх хариуцлагатай уул уурхай үндэсний хэлэлцүүлэг хийхдээ Өмнөговь аймгийн бүх сумдаар явсан. Өмнөговь аймагт Монгол Улсын уул уурхайн үйлдвэрлэлийн 70-80 хувь нь байдаг учраас тэгж явахаас ч аргагүй байлаа. Намайг ийм тэмцэл хөдөлгөөн хийгээд эхэлснээс хойш нутгийн иргэд итгэж найдаж ханддаг, дууддаг болсон. Дуудахаар нь би очдог, тэгээд тэмцээд эхэлдэг болчихоод байна. Сая бас л нутгийн иргэдийн хүсэлт, дуудлагаар очоод ирлээ. Өмнөговь аймгийн Гурвантэс сумд Торомхоны алтны уурхай гэж Өмнөд Солонгосын 100 хувийн хөрөнгө оруулалттай, АГМ майнинг компани үйл ажиллагаа явуулдаг газар байна. Тэр хавийн уулсын хормойг бүгдийг нь шуугаад ухчихсан, экскаваторын шанага хүрэх бүх газрыг оготно мэрж байгаа мэт онгичиж, хэдэн зуун метр сэглээд хаячихсан, хаа сайгүй, ямар ч хяналтгүйгээр гүний усны цооног гаргачихсан, таван том нуур үүсгэж алт угааж байна. Аймгийн төвөөс 500 км, сумын төвөөс 100 км-ийн алс байдаг учраас хараа хяналтгүй, дураараа дургидаг юм байна. Энэ талаар нутгийн иргэд мэдээлэл өгч, дуудсан. Тэнд хууль зөрчсөн түмэн үйлдэл байна. Мөн Гурвантэс сумын улаан чулууны уурхай буюу Баатар ван транс гэдэг компанийн ажиллаж буй уурхайд очлоо. Тэнд нутгийн иргэд улаан чулуу олборлон, амьдралаа залгуулж байсан юм байна. Гэтэл нутгийн иргэдийн тэр боломжийг нэг компанид нөгөө л лиценз нэрийн дор давуу эрхтэй өгчихсөн. Тэр компани том том тэрэг техникээр ухаж, нүүрсний уурхайгаас дутахгүй отвал, нүх үүсгэчихсэн, эргэн нөхөн сэргээж чадахааргүй болгож, байгаль орчинд хохирол учруулсан байна билээ. Иргэд нь ухаж болохгүй, компани ухаж болно гэсэн хууль байна уу? Ингээд явж байтал Баяндалай сумд манганы хууль бус уурхай эхлэх гээд байна гэсэн дуудлага ирэхээр нь бас очлоо. Хайгуул хийх нэрээр уулын оройг тайрч, бэлийг нь цоолчихсон, маш их хэмжээний зам гаргачихсан, дээж авах нэрээр манганы хүдэр 80 тонныг аччихсан, бичиг баримтын бүрдэл дутуу, хууль бус үйлдлүүд нь нүдэнд ил, хэцүүхэн дүр зураг харагдаж байна. Бас Мандал-Овоо сумд жоншны уурхай нээгдэх гэж байна гэж дуудлаа. Хүрээд очихоор бас л яг адил дүр зураг угтаж байна. Хариуцлагагүй уул уурхайн зовлон энэ мэтээр газар сайгүй байна. Өмнөговь аймгийн хэмжээнд 108 лиценз бий. Бидний хувьд Оюутолгой, Тавантолгой, Нарийн сухайт гэсэн стратегийн гурван орд дахь уул уурхайн компаниудаа дэмжиж ажиллуулъя. Эднийхээ ашиг орлогыг нэмэгдүүлэх, байгаль, хүн, орон нутагт ээлтэй, өгөөжтэй байлгах талаас нь шахъя. Орон нутагт ямар ч нэмэргүй, улсын эдийн засагт ямар хувь нэмэр оруулж буй нь тодорхойгүй, хатуухан хэлэхэд байгаль орчин сүйтгэхээс өөр нэмэргүй жижиг уурхайнуудыг хаая. Энэ баялгийг ашиглах шаардлагатай гэвэл том ордуудын нөөц дууссаны дараа хойч үе ашиглаг. Манай үед бид идээд дуусахааргүй нөөцтэй байна шүү дээ гэсэн байр суурьтай. Зөвхөн Тавантолгойн орд таван тэрбум тонн коксжих нүүрстэй байхад хажууд нь таван сая тоннын нөөцтэй уурхай нээж яах юм бэ. Энэ бол гажуудал шүү дээ. -Байгалиа хамгаалах ёстой гэсэн чиг баримжаатай хүмүүс бол ингэж ярьдаг. Харин эдийн засаг талаас нь хардаг хүмүүс байгалийн баялгаа аль болох ашиглах ёстой, уул уурхайг эсэргүүцэх нь буруу гэдэг? Бид уул уурхайг эсэргүүцээд байгаа юм биш, харин ч уул уурхайн салбарыг аврахын төлөө хариуцлагатай байхыг шаардаад, хариуцлагатай уул уурхайг дэмжээд байгаа юм шүү дээ. Хариуцлагагүй уул уурхайгаас болоод ард түмэн тэр чигтээ уул уурхайн салбарыг үзэн яддаг болчихвол яах вэ. Одоо тийм хандлага руу явж байна шүү дээ. Байгаль орчинд хэрцгий ханддаг хариуцлагагүй уул уурхай бол одоо олж буй мөнгөнөөсөө илүү хохиролтой, үр дагавартай гэдгийг монголчууд ойлгосон. Цаашлаад уул уурхай огт болохгүй байгаа мэт, уул уурхай хөгжил дагуулахгүй байгаа юм шиг ойлголт бий болчихлоо. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг шүү дээ. Монгол орны өнцөг булан бүрт газар сайгүй хариуцлагагүй уул уурхай байгаль сүйтгэж байгаа учраас ард түмэн уул уурхайг буруугаар мэдэрч, буруугаар харж эхэллээ. Тиймээс уул уурхайтай холбоотой сэдвийг барьж авахдаа дор хаяж хоёр өнцгийг заавал харах, олон нийтэд хоёр зүйлийг ойлгуулах ёстой. Нэгдүгээрт, эдийн засаг талаас нь харалгүй яах вэ. Бид мөнгө олох ёстой, улс орны хөгжил уул уурхай дээр тогтож байгаа. Тиймээс стратегийн ордуудад ажилладаг, олон улсын шилдэг технологийг ашигладаг, улсын эдийн засгийг үүрч явдаг томоохон уурхайнуудаа бол ард түмэн ч, төр засаг ч дэмжих хэрэгтэй. Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгой, Нарийн сухайт гэх мэт томоохон ордуудаа ашиглаж, уул уурхайн мега төслүүдээ явуулах нь зөв. Гагцхүү тэднийгээ авлигачдаас хамгаалж, үр ашгийг нь дээшлүүлж, эдийн засагтаа болон хүн арддаа хэрэгтэй, байгаль орчиндоо ээлтэй, олж буй орлого, түүний зарцуулалтыг хяналттай, ил тод байлгах ёстой. Харин байгаль сүйтгэдэг, эдийн засгийн үр өгөөж муутай, орон нутагт хаялгагүй, иргэдийн амьдралд нэмэргүй, хариуцлагагүй уурхайнуудыг хаах ёстой. Ингэж байж байгаль дэлхийгээ авч үлдэнэ. Ийм хариуцлагагүй уул уурхай олон нийтийг уул уурхайн салбараас жигшээгээд, буруу хандлага руу явуулаад байна. Эдэнтэй тэмцэх нь уул уурхайг эсэргүүцэж байгаа бус, харин ч уул уурхайг хамгаалж буй юм. -Танай баг Страто компанийн нүүрс угаах үйлдвэрт очсон байсан. Нүүрс угаана гэдэг байгалийн баялгаа нэмүү өртөг шингээж экспортлох улсын бодлогод нийцэх үйл ажиллагаа биз дээ? Өөрсдөө бол сайхан сайхан юм ярьдаг. Гэхдээ бодит байдал дээр тэнд хууль зөрчсөн маш олон үйлдэл байгааг нүдээр үзлээ. Хил хязгааргүй алхам ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан гэдэг эмэгтэй өнгөрсөн оны тавдугаар сараас эхлээд Страто-д анхаарал хандуулаач гэж хандсан юм. Тэгэхэд нь Эхлээд Тосон бумбынхаа ард гараадахъя. Олон зүйл рүү үсчиж хүч сарнивал үүнийгээ тавьж туучих гээд байна гэсэн. Сая дахин надад хандсан болохоор очлоо. Страто-гийн эхлүүлсэн шороон зам говийн эмзэг, зөөлөн хөрсөн дээр 39 салаа зам үүсгэж, тэр нь гурван аймгийн долоон сум дамнан 430 км үргэлжилж байна. Нийт 54 мянган га орчим талбайг доройтуулжээ. Ганцхан компанийн эрх ашгийн төлөө гурван аймгийн долоон сумын малын бэлчээр, онгон байгаль, говийн эмзэг эко системийг жилийн дотор орвонгоор нь эргүүлсэн нь яах аргагүй хууль бус үйлдэл. Бид хууль бус үйлдлийг нь илчилж, гарц гаргалгааг нь гаргаад Зам тээврийн яам, УУХҮЯ, БОАЖЯ-нд хандсан. Өргөдөл хүлээж аваад шийдэрлэх хугацаандаа шийдвэрлэх болов уу гэж найдаад хүлээж байна. Тост, Тосон бумбаас хойш энэ төрөөс шударга ёсны шийдвэр гарах болов уу гэж найддаг болсон. Өмнө нь бол иргэд энэ итгэлээ гээчихсэн байсан шүү дээ. Страто бол шороон замын хууль бус тээврийн хамгийн том бөгөөд хамгийн муу жишээ. Үйлдвэрийг анх байгуулахдаа Шивээговийн уурхайгаас хаягдсан хаялга нуурын шүүрлийн усыг татаж нүүрс угаана гэсэн боловч хашаандаа хоёр гүний худаг гаргаад угаасан байна. Зам барина гэж ЗТЯ-тай түр гэрээ байгуулчихаад тэр дээгүүрээ тээвэр явуулсан. Энэ мэтчилэн хууль зөрчсөн үйлдлийг нь хараад суугаад байж болохгүй шүү дээ. БОЛОМЖ ГАРВАЛ ДЭВШИНЭ ГЭДГЭЭ ЗАРЛАЧИХЪЯ -Таныг уул уурхайн бизнес эрхэлдэг хэрнээ ийм юм ярилаа, ашиг сонирхлын зөрчилтэй гэж баалаад байдаг? -Тийм ээ, тийм.Юуг нь нуух вэ. Тост, Тосон бумбын тэмцлийг хийж байхад миний цорын ганц бөгөөд бултах аргагүй сул тал, бусдад олзлогдох өнцөг энэ байсан. 2017 онд найзуудтайгаа нийлж, Их шижир баялаг гэдэг компани байгуулан, хөрс хуулалтын бизнес эхлүүлсэн. Уг компани маань Монгол Улсын ууган уурхайнуудын нэг, Өмнөговь аймгийн ууган уурхай Тавантолгой-д хөрс хуулалт хийдэг байлаа. Тавантолгой бол орон нутгийн өмчит, өнөөг хүртэл Өмнөговьд маш олон бүтээн байгуулалт хийсэн, нутгийнхаа олон ч иргэн, айл өрхийг ажил орлоготой байлгадаг буянтай уурхай. Өмнөговийн иргэн хэн ч энэ уурхайд ажиллах, бизнесийн үйл ажиллагаанд нь оролцон ашиг олох боломжтой. Энэ зарчмаар л бүх шаардлагыг нь хангаад ажил гүйцэтгэж байсан. Гэхдээ би нэгэнт байгаль хамгааллын зам сонгосон учраас золиос гаргах, сонголт хийх шаардлага тулгарсан. Нэг гараараа байгаль хамгаална гээд, нөгөө гараараа газар ухаад байж болохгүй гэдгээ ойлгож, багагүй хугацаанд өөртэйгөө зөрчилдсөн. Яг үнэндээ тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийчихсэн, бас найз нөхдийн итгэл байсан болохоор болж өгөхгүй байлаа. Тэгээд хамтарч байсан хүмүүстээ учраа хэлж,2019 оны арванхоёрдугаар сард хурлаа хийгээд, 2020 оны нэгдүгээр сарын 1-нээр тасалбар болгон хөрс хуулалтын бизнесээс гарсан. -Уучлаарай, ашигтай бизнес байсан уу? -Овоо ашигтай байсан. Би эх нутгийнхаа төлөө хийж буй тэмцлээ энэ компанийн ашгаар санхүүжүүлсэн. Олон сайхан залууст тусалсан. Өмнөговь аймгийнхаа 400 оюутанд англи хэлний сургалтын хагас жилийн эрх бэлэглэж байх жишээтэй. Нэлээд хэдэн сэтгүүлчийнхээ орон байрны асуудлыг шийдсэн. ТВ-8 телевиз, Өглөөний сонин гээд медиа группэд хөрөнгө орууллаа. Энэ бүхэн маань Тавантолгой-н уурхайн буян л даа. Гэхдээ цагийн юм цагтаа, одоо болсон. Байгаль хамгаалах, уул уурхайг хариуцлагатай болгох, хуулийг сахин биелүүлэх, эх орноо шүтэх, байгаль хамгаалах үзлийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд энэ насаа зориулна гээд шийдчихсэн учраас цаашид уул уурхайн ямар нэг бизнест оролцохгүй. Хувь хүнийхээ хувьд уул уурхайн бизнесээ хийж, илүү их мөнгө олоод амьдрах зам байгаа боловч нөгөө талд нь эх нутаг минь ингэж сүйдэж, доройтож байгааг хараад зүгээр сууж чадахгүй. Тиймээс сэтгэлийн дуудлагаар бизнесээсээ татгалзсан. -Та бас хараат бус сэтгүүл зүйн төлөө тэмцэнэ гэж ярьдаг. Уул уурхайн асуудал руу ороод сэтгүүл зүйн асуудлаа орхичихоогүй биз дээ? -МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр ажилласан, байгаль хамгаалахын төлөөх тэмцэл хөдөлгөөнд оролцсон хоёр жилийн хугацаанд өөр нэг хатуу итгэл үнэмшил олж авсан нь сэтгүүл зүйг хараат бус болгох. Монголын сэтгүүл зүйн хараат бус байдал алдагдсан. Бохир улстөрчид бохир мөнгөөрөө худалдаж авах нь ихэссэн. Монголд үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо 500 хол давсан. Энэ жижиг зах зээл дээр яаж амьдраад байна вэ. Улстөрчдийн зүй бус аргаар олсон авлигын мөнгөөр тэжээгдэж байгаа нь нууц биш. Зах зээлийн жамаараа, сэтгүүл зүйн зарчмаа баримтлаад явж буй хэвлэл мэдээллийн хэрэгсэл бий л дээ. Тэдний хүчийг юу нь мэдэгдэхгүй энэ олон хэвлэл мэдээлэл тарамдуулаад, хүн хүч, зах зээл, орлогыг нь хуваагаад байна. Зүй бусаар үүссэн хэвлэлүүд эргээд хууль бус үйл ажиллагааг хамгаалахад сэтгүүл зүйн талбарыг зориулдаг. Хууль, шүүх, цагдаад хууль бус үйл ажиллагааг хамгаалдаг томоохон бүлэглэл, тогтолцоо үүссэнтэй адилхан хэвлэл мэдээллийн салбарт ч тодорхой хэмжээнд буруу зүйлийг өөгшүүлэн дэмждэг хар пиар, тархи угаалтын систем үүсэж эхлээд байна. Сэтгүүл зүйг энэ байдлаас нь салгахгүйгээр Монгол Улсын хөгжлийн талаар ярих аргагүй.Тиймээс би хариуцлагатай уул уурхай, хараат бус сэтгүүл зүйн төлөө зүтгэнэ гэж зорьсон. -Та УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэж маш тодорхой хэлж байсан. Гэтэл 2020 оны сонгуульд нэр дэвших хүмүүсийн нэрс дунд таны нэр дуулдах боллоо? -Би2018 оны хоёрдугаар сард МСНЭ-ийн ерөнхийлөгчийн сонгуульт албан тушаалд сонгогдохдоо хувь хүнийхээ хувьд маш том шийдвэр гаргаж, гялалзаж явсан улс төрийн карьераа завсарлуулсан. 2017 оны арванхоёрдугаар сарын 25-нд аймгийн намын хороо, МАН-ын хүний нөөцөд өргөдлөө өгч намын гишүүн, намын Бага хурлын гишүүнээс түдгэлзсэн. Аймгийн намын хорооны дэд даргын албан тушаалаа өгсөн. Тэгээд улс төрийн морийг уяан дээрээ орхиод сэтгүүл зүйн салбартаа орж ирсэн. Ер нь хүн аливаа замыг сонгож байгаа бол зарчимтай байх ёстой. Хувь хүний хувьд ажил амьдралаа босгож, өнөөдрийн Мандахбаярын төлөвшлийг олсон, салбараа хайрладаг хүний хувьд сэтгүүл зүйд зүй бусаар хандах учиргүй. Тиймээс МСНЭ-ийг улстөржүүлэхгүй, аятайхан аваад явчих хүсэл зорилготой, зарчим барьж ажилласан. Яг үнэндээ 2020 оны сонгуульд аль ч шатны сонгуульд нэр дэвшихгүй гэсэн хатуу итгэл үнэмшлээр МСНЭ-ийн ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж байсан ч энэ байгаль хамгаалах тэмцлийн дараа эргээд харахад надад ухрах боломж алга. Их олон дайсантай болсон байна. -Дайсан? -Дайсан л гэж нэрлэх байлгүй дээ. Намайг хэзээ ч уучлахгүйгээр гомдсон олон баян хүн байна шүү дээ. Тэд намайг боломж гарсан үед нухах сонирхолтой гэдгээ олон нийтэд ил тод зарлаж байна шүү дээ. Твиттерт Үхэл дээр чинь бүжиглэнэ гэж улайм цайм жиргэсэн байгааг харсан л байх. Юун өмнөө тавьсан зорилгоо биелүүлэх, амьд явахад ч хүндхэн сорилт амьдралд минь тулгарч байна. Тиймээс би ийм увайгүй, ёс зүйгүй хүмүүст зай тавьж өгмөөргүй байна. Бууж өгмөөргүй байна. Тэмцлийнхээ үр дүнг хармаар байна. -Дэвшинэ гэж ойлгох уу? Би ухрах, зогсох юм бол ямар ч нөхцөлд тэд намайг зүгээр байлгахгүй. Бас би өмнөө тавьсан, олж харсан зорилгынхоо төлөө явмаар байна. Тиймээс надад боломж гарвал би тэмцлийн замаа цааш үргэлжлүүлнэ. Өөрөөр хэлбэл, тодорхой эрх мэдэлд хүрч, шийдвэр гаргах түвшинд очиж байж ярьж буй зүйл минь илүү бодитой болно. Сэтгүүлчийн хувьд хийж буй зүйл минь тодорхой үр дүнд хүрч байна. Төрийн зүтгэлтний хувьд шударга ёсны төлөө зогсвол асуудлыг яаж засах вэ гэдэг бас бодох л зүйл. Тиймээс байгаль хамгаалах, уул уурхайг хариуцлагатай болгох, сэтгүүл зүйн хараат бус байдлыг дээшлүүлэх зорилгынхоо төлөө боломж гарвал дэвшинэ гэдгээ зарлачихъя даа. Сэтгүүлч Х.Уянга ЭХ СУРВАЛЖ: Үндэсний шуудан сонин

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.