Япон улсад орон даяар “онц байдал” зарлалаа

Япон Улсын Засгийн газраас дөрөвдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн шинэ төрлийн коронавирусний халдвар тархалтын эсрэг авах арга хэмжээний хүрээнд тавдугаар сарын 6-ны өдрийг хүртэл онц байдал зарлаж, Япон Улсын 47 муж хотоос Токио, Осака, Чиба, Сайтама, Канагава, Хёого, Фүкүока мужуудыг хамруулаад байсан бол өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 16-ны 20:42 цагт Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ нийт орон даяар онц байдал зарлаж буйг мэдээлэв. Онц байдал энэ онытавдугаар сарын 6-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Японы эрх баригчЛиберал ардчилсан намын зарим гишүүд шинэ төрлийн коронавирусний халдварын тархалтаас шалтгаалан орлого нь мэдэгдэхүйц буурсан иргэдэд нэг удаа 100.000 иенийн дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэж буй бөгөөд Комей намын зүгээс онц байдал зарлагдсан хүнд хэцүү үед иргэн бүрт ялгаварлахгүйгээр 100.000 иен олгох ёстой гэв. Японы Ерөнхий сайд Ш.Абэ Шадар сайд бөгөөд Сангийн сайд Т.Асо, Либерал ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга T.Никай, Либерал ардчилсан намын Бодлогын хорооны дарга Ф.Кишида нар Ерөнхий сайдын өргөөнд хэд хэдэн удаа хуралдаж, Япон Улсын иргэн бүрт 100.000 иенийг олгох нь зүйтэй гэсэн шийдэлд хүрч, энэ оны төсвийн тодотголд өөрчлөлт оруулахаар ажиллаж эхлэв.

ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан турк иргэнээс “COVID-19” халдвар илэрлээ

ХӨСҮТ-д тусгаарлагдан хянагдаж байсан турк иргэнээс COVID-19 халдвар илэрчээ. Ингэснээр Монгол Улсад лабораторийн шинжилгээгээр батлагдсан халдвартай хүний тоо 15 болж байна. Үүнээс 13 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа бол хоёр хүн эдгэрч тусгаарлалтад байгаа юм. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 248 хүн ажиглалтад байна. Мөн Токио-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн 184 хүнээс шинжилгээ авахаар төлөвлөж байгаа аж.

Хүүхэд хохирогчтой хүчирхийллийн гэмт хэргээс сэргийлэх, хохирогчийг хамгаалахад нийгмийн дуу хоолой болон ажиллана

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл /МСНЭ/ болон Хүүхэд хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөн /ХХЭҮХ/ хамтран ХҮҮХЭД БҮРИЙН ТӨЛӨӨ уриан дор хамтран ажиллах талаар мэдээлэл хийлээ. Монголын нийгэм эдийн засгийн тогтворгүй байдал, хот суурин газар дахь хүн амын нягтаршил, ажилгүйдэл, архидалт, зан үйлийн сөрөг хандлага зэргээс үүдэн аливаа төрлийн хүчирхийлэл, гэмт хэрэг, нийгмийн сөрөг үзэгдэл тэр дундаа бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо ихсэх хандлагатай байгаа ба 18 хүртэлх насны хүүхдүүд хамгийн ихээр өртөж байна. Сүүлийн жилүүдэд ард иргэдийг цочроосон хүчирхийллийн гэмт хэргүүд олноор гарч, энэ төрлийн гэмт хэрэгт бага насны хүүхдийг хүчирхийлсэн жигшүүрт хэргүүд багагүй хувийг эзэлж, Монгол улсын ирээдүй болсон балчир үрс миньНАСАН ТУРШИЙН ХОХИРОГЧболсоор байна. 2019 онд хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 610, үүнээс хүчиндэх гэмт хэрэг 481 гарч, 17 хүртэлх насны 1598 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон ба сурагч 1137, сургууль завсардсан 11 хүүхэд, 17 хүртэлх насны 1356 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон байна. 2020 оны хоёрдугаар сарын байдлаар хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 114, үүнээс хүчиндэх гэмт хэрэг 86 гарсан бөгөөд 17 хүртэлх насны 264 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна. Мөн оюутан 165, сурагч 185, сургууль завсардсан зургаан хүүхэд, 17 хүртэлх насны 76 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон байна. Төр засгийн зүгээс хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг бууруулах, хүүхдийн эрх хамгааллын асуудлаарх хууль эрх зүйн орчин сайжруулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг зарим нэг үр дүн гарч байгаа хэдий ч гаргасан хууль тогтоомж, дүрэм, журам, үндэсний хөтөлбөр, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хийсэн тайлан, дүн шинжилгээ газар дээрх нөхцөл байдлаас зөрүүтэй, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах,ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙУЛС орон, орчныг бүрдүүлэх, эрсдэлд нөхцөлд байгаа хүүхдэд үзүүлж байгаа хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ зэрэг ажлууд төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа нь Монгол иргэн бүрийн, эцэг эх бүрийн санааг зовоосоор байна. Төрийн бүх шатны байгууллага, төрийн албан хаагчид хуулиар хүлээсэн үүргээ хангалттай биелүүлэхгүй, энэхүү ажлыг хийж гүйцэтгэх нөхцөл бололцоог төрийн зүгээс бүрэн хангаагүй, төрийн байгууллагуудын салбар хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа, хохирогчийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдал, гэрч хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх цогц бодлого, нэг цэгийн болон түр хамгаалах байрны санхүүжилт, орон тооны бүтэц, хохирогчид үйлчилгээ үзүүлэх үйлчилгээний тариф гэх мэт хохирогчийн эрхийг хангах нэгдсэн бодлого учир дутагдалтайгаас үүдэлтэй гэж үзэж байна. Хүүхдийг хүчирхийлэх үйлдэл нь улам бүр харгис болж, хэргийн гаралт, давтамжийн тоо ойртсоор байгаа нь МОНГОЛ УЛСЫН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ санаа зовнидог, эцэг эхийн үүргээ ухамсарладаг 10.000 гаруй иргэд, 40 гаруй төрийн болон төрийн бус байгууллагууд 21 аймаг, 9 дүүргээс нэгдэжХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛЭХИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГулс орон даяар өрнүүлэхЗАЙЛШГҮЙ НӨХЦӨЛИЙГ бүрдүүлээд байна. Энэхүү хөдөлгөөний зорилго нь:Хүүхдийн эрх, ялангуяа хамгаалуулах эрхийг хангахад үүрэг хүлээгчид нөлөөлөх замаар хүүхэд хүчирхийлсэн этгээдийг ял завшуулахгүй байх, ялын бодлогыг оновчтой болгох, эцэг, эх, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, олон нийт рүү чиглэсэн нөлөөллийн ажлуудыг шат дараатайгаар зохион байгуулах, урьдчилан сэргийлэх, хохирогчийн эрхийг хангах, ард иргэдийг соён гэгээрүүлэх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн сэтгэл зүйг бий болгох, хүчирхийллийг таслан зогсоох юм. Энэхүү зорилгын хүрээнд Хүүхэд хүчирхийлэхийн эсрэг үндэсний хөдөлгөөн болон Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хүүхэд хүчирхийлсэн мэдээ мэдээллийг бэлтгэн, хэвлэл мэдээлэл, сошиал сувгаар түгээх явцдаа хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, сэтгүүлчид, ажилтнууд хохирогч-хүүхдийн эрхийг дээдлэх, мэргэжлийн алдаа гаргахаас сэргийлэхийг уриалан хамтран ажиллахаар боллоо. СЭТГҮҮЛЧ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд-хохирогч болон энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой мэдээ мэдээллийг бэлтгэхдээ хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч та бүхэн дараах удирдамжийг мөрдөнө үү. - Насанд хүрээгүй хохирогч бол хүрэнгүүт хагардаг савангийн хөөс шиг эмзэг гэдгийг ямагт санах. - Хохирогчийн сэтгэл зүй, нэр төр, алдар хүнд, ар гэрт нөлөөлж болзошгүй хүчин зүйлийг мэдээлэхгүй байх. Үүнд: 1. Хохирогчийн овог нэр 2. Онцгой шинж төрх 3. Гэрийн болон тухайн газрын байршил, тодорхой хаяг 4. Хувийн амьдрал (сургууль, найз нөхөд бусад холбоотой мэдээлэл) 5. Эцэг эх болон гэр бүлтэй нь холбоотой, шууд хамаарах мэдээллийг аль болох нууцлах - Болсон үйл явдал, хохирогчийн биеэ авч яваа байдал, хувцаслалт зэргийг мэдээлэхээс татгалзах. Ийм төрлийн мэдээлэл нь нийгэмд хохирогчийн буруутгах сэдэл төрүүлдэг. -Нэг хохирогчийг нөгөө хохирогчтой жишиж огт болохгүй. Гарч буй кейс бүр онцгой тул шинээр харах хэрэгтэй. -Хохирогчид тохиолдсон явдал, хувийн амьдрал, зан хандлагыг нь өөрийнхөө амьдралаар, ертөнцийг үзэх үзлээр шүүж болохгүй. Энэ бол хохирогчийг насан туршийн хохирогч болгодог хамгийн буруу хандлагын нэг. Хохирогчийн оронд өөрийгөө болон ойр дотныхоо хэн нэгнийг орлуулж бодож үзнэ үү. Хэрэв миний дүү, эгч, хүүхэд байсан бол бидний хувийн мэдээллийг ингээд олонд дэлгэвэл бидэнд ямар санагдах вэ гэж өөрөөсөө асуугаарай. - Хохирогчоос болон ар гэрийнхнээс нь мэдээлэл авахаас татгалзах. Бие болоод сэтгэл зүйн маш өндөр стресстэй байдаг, мөн сэтгүүлчтэй анх удаа харилцаж байгаа тул буруу зөрүү ярих, болгоомжгүй үг хэллэг ашиглах гэх мэт эргээд өөрөө өөрийгөө хүнд байдалд оруулах тохиолдол элбэг байдаг учир шаардлагатай тохиолдолд зөвхөн хохирогчийн өмгөөлөгчтэй харилцана уу. - Хохирогчийн ар гэртэй харилцахаас зайлсхийх. Зайлшгүй тохиолдолд ар гэрийнхний өгсөн мэдээлэлд мэргэжлийн хүнээр дүгнэлт хийлгэх. Учир нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн ихэнх нь ураг төрлийн холбоотой хүний хохирогч болсон байдаг бөгөөд цусан төрлийн энэ хамаарал нь хүүхдийн эцэг, эх, хууль ѐсны асран хамгаалагчид эрх ашгийн зөрчил үүсгэдэг. - Хохирогчтой ярилцах тохиолдолд болсон явдлын талаар бус харин хэрхэн хүнд үеэ даван туулсан, хэн тусалсан, цаашид ямар үйлчилгээ шаардлагатай байгааг асуух нь бусад хохирогчид үнэ цэнтэй мэдээлэл болохоос гадна нийгэмд ч эерэг хандлага бий болгодог. - Одоогийн хуулийн тогтолцоо хохирогчийг зөвхөн гэмт хэрэгтнийг яллахад ашиглахад үйлчилдэг бөгөөд хохирогчийг нөхөн сэргээх, эргээд нийгмийн харилцаанд оруулах, хөгжлийн үйлчилгээг үзүүлж, санхүүгийн аюулгүй байдлыг нь хангаж чадахгүй байна. Тиймээс Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэхийг шаардах, -Судалгаагаар хүүхдийн эрх гэр бүлийн̆ орчинд хамгийн их зөрчигдөж байна. Иймд үүнээс сэргийлэх үүднээс эцэг эхийн үүрэг оролцооны асуудлыг хөндөх, цаашлаад Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад уг асуудлыг тусгуулах талаар нийтлэл нэвтрүүлэг, контентоо бэлтгэх, - Гэр бүлийн орчноос гадна боловсролын байгууллага, эмнэлэг, цахим орчинд хүүхдийн эрх зөрчигддөг. Тиймээс багш, эмч, сургуулийн нийгмийн ажилтныг хүүхэд хамгаалах үүргээ биелүүлэхийг уриалах, үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхэд хохирсон бол Зөрчлийн болон холбогдох хуулийн дагуу ямар хариуцлага хүлээдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ анхааруулж, сэрэмжлүүлэх, - Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиар үүрэг хүлээсэн хамтарсан багууд хэчнээн хүүхдийн эрх зөрчигдөж, хохирогч болохоос сэргийлсэн талаарх ажлын тайланг нь цаг ямагт асууж, шалгаах, мэдээлэх, - Хүүхэд, түүний хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилтөд, сөрөг нөлөө үзүүлэхүйц тоглоом мэдээ, мэдээлэл зар сурталчилгаа, контентыг хэвлэл мэдээлэл, цахим сүлжээнд нийтлэхээс татгалзах. Цахим орчноос хүүхдийг хамгаалах үүрэгтэй хууль ѐсны асран хамгаалагч, багш, төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан, цагдаа, харилцаа холбооны зохицуулах хорооноос үүргээ биелүүлэхийг тогтмол шаардах, Медиа компаниуд хүүхдэд зориулсан тусгай үйлчилгээний багцтай байх ѐстой гэсэн хуулийн зохицуулалт байдгийг сана, Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, цахим контент үйлдвэрлэгчид хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал ялангуяа бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг хамгаалах тухай асуудлыг улс төржүүлэхээс, олон нийтийн сөрөг хандлагын бай болгохоос сэргийлэх, Мэргэжлийн ёс зүйн дүрмээ баримтлах, Мэдээллийн эх сурвалжаа баталгаажуулах. ХҮҮХЭД БҮРИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛЭХИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ

Ш.Үнэнбат: Урт цагаан үйлчилгээний төвийн “ард” томоохон албан тушаалтнууд байна

Урт цагаан үйлчилгээний төвийн түрээслэгчид өнгөрсөн долоо хоногт зам хааж жагссан. Тэд тус үйлчилгээний төвийн ус болон цахилгааныг тасалсанд бухимдаж, Энэ сарын 23-наас эхлээд хэрэглээний халуун, хүйтэн усхааж, өнөөдөр тог тасалсан. Урт цагааны үйл ажиллагааг зогсоохтой холбоотой асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад ингэж байгаад бид дургүйцэж байна. Дэлхий дахинд коронавирус эрчимтэй тархаж байгаа энэ үед ус, цахилгааныг маань тасласнаар бидэнд гараа угаахаас эхлээд хүндрэл үүсэж байна хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн. Энэ талаар нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбаттай ярилцлаа. -Өнгөрсөн долоо хоногт Урт цагаан үйлчилгээний төвийн түрээслэгчид зам хааж, хэрэглээний ус, цахилгаан тасарсныг эсэргүүцсэн. Тэд нийслэлээс Урт цагааныг нураахын тулд ийм арга хэмжээ авлаа гэж мэдэгдсэн? - Урт цагааны үйлчилгээний төв дээр өнгөрсөн хоёрдугаар сарын 21-ны өдөр Засаг даргын 216 дугаар захирамж гарсан. Энэ захирамжийн дагуу тус үйлчилгээний төвийн зөвхөн үйл ажиллагааг нь зогсоосон. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахыг хориглосон. Өмч хөрөнгөтэй холбоотой асуудал бол тусдаа яригдах зүйл. Түрээслэх үү эсвэл буулгаж байгаад шинэчлэх үү гэдэг нь НИТХ болоод Тэргүүлэгчдийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэгдэх асуудал. Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын хувьд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газар зэрэг газруудын 10 гаруй удаагийн дүгнэлттэй ийм газрыг цаашид түрээслэх боломжгүй гэдэг байр суурьтай байсан. Улмаар Засаг даргын захирамжийн дагуу үйл ажиллагааг нь зогсоосон. Өнгөрсөн сарын хугацаанд албан ёсоор түрээсэлдэг 30 түрээслэгч болоод дам түрээсэлдэг 300 гаруй иргэнд мэдэгдэл хүргүүлсэн. Үйл ажиллагааг нь хааж байна, цаашид дахин түрээслэхгүй, 3 дугаар сарын 23-наас эхлээд хэрэглээний ус, цахилгаанаар хангуулах гэрээгээ цуцалж байгаа шүү, та бүхэн эд хөрөнгө, бараа материалаа хамгаалаарай гэж бид бүх талаар мэдэгдсэн. Бүтэн сарын өмнө гэсэн үг шүү дээ. Албан бичгээр мэдэгдсэн, хүлээж аваагүй. Шуудангийн байгууллагад хандсан. Гэвч ихэнх түрээслэгчид бас л мэдэгдлийг аваагүй, зарим нь авахгүй гээд шууданчдыг загнаад явуулсан байсан. Тэгэхээр бид Монгол шуудан компанид хандсан. 4-5 удаагийн үйлдлээр өгөх гэж оролдсон, бүтэлтэй зүйл болоогүй. Нөгөөх л сарын өмнө өгөх гээд байсан мэдэгдлээ хүргүүлээд байна шүү дээ. Аргаа бараад нөгөөх 30 түрээслэгчид болоод Урт цагаан үйлчилгээний төвийн хана, хаалга гээд харагдах боломжтой бүх газарт наасан. Ингэхдээ бид бүгдийг баримтжуулсан. Өөрөөр хэлбэл бид Урт цагаан үйлчилгээний төвийн түрээслэгчдэд сонсгох ажиллагаагаа хангалттай хийчихсэн гэж ойлгож байгаа. - Тэгэхээр захирамжийн дагуу, мэдэгдлийн дагуу ус болоод цахилгааныг хязгаарласан гэж ойлгож болох уу? - Ер нь тийм. Урт цагааныг цахилгаан, дулаан, усаар хангах ажиллагааг манай байгууллага хариуцдаг. Гэрээгээ цуцалж байгаатай холбогдуулан энэ сарын 23-ны өдөр усаа тасалсан. Усаа таслах бас нэг шалтгаан нь тус үйлчилгээний газар дор байрладаг төвийн цэвэр усны шугам задарсан байсан. 8 сая төгрөгийн ус хөрсөн доогуур урсчихсан байсныг төлбөр гарахад л мэдсэн. Маш их хэмжээний ус шүү дээ, энэ чинь. Хүйтний улирал дуусаагүй байна. Удахгүй хөрс гэснэ, овойно. Тэгэхээр эрсдэлийн зэргийг улам нэмэгдүүлчихэж байгаа юм. Нөгөө талаар Ус сувгийн удирдах газар усны алдагдал гаргасан гэж акт тавьсан. Хэрвээ энэ шугамаа засварлахгүй бол манайх гэрээнийхээ дагуу цаашид ус, дулаанаар хангах боломжгүй гэсэн. Засвар хийх ямар ч боломжгүй учир ус, цахилгаанаа хязгаарласан. - Тэгэхээр цаашид Уртцагаан үйлчилгээний төв үйл ажиллагаагаа явуулах ямар ч боломжгүй болж байгаа юм байна. Тэгвэл энд үйл ажиллагаагаа явуулж, амьдралаа залгуулж байсан иргэд яах вэ? - Өнөөдрийн байдлаар Урт цагаанд 300 гаруй түрээслэгчид байгаа гэх тоо бий. Гэхдээ энд дамын дамын түрээслэгчид ч бас байна. Эдгээр иргэдээ хохироохгүй байх тал дээр нийслэл болоод нийслэлийн Өмч ашиглалтын удирдлагын газар ямар бодлого барьж ажиллаж байна вэ гэхээр юуны түрүүнд эдгээр түрээслэгчдээ хүлээж авч уулзаж байна. Гэхдээ өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан олон хүн цуглуулж болохгүй тул хуваарь гарган, тэдгээр иргэдэд урилга хүргүүлж, хүлээж авч уулзаж байна. Сая гэхэд л хоёр хүн уулзаад гарлаа. Нийтдээ 150 гаруй иргэнтэй уулзчихаад байна. Эдгээр хүмүүст бид эхлээд бүртгэлжүүлье, эргэх холбоотой ажиллая, хэрвээ Урт цагаан үйлчилгээний төвийн шинэчлэлийн ажил явагдаад ямар нэг аюул осолгүй байр баригдах юм бол та нарыг тэргүүн ээлжид дам биш шууд түрээсээр буюу Өмч ашиглалт, удирдлагын газартай гэрээ хийх маягаар хамтарч ажиллая гэсэн санал тавьж байна. - Түрээслэгчид энэ саналыг хэрхэн хүлээж авч байгаа вэ? - Түрээслэгчид дунд Урт цагааныг 20 жил хүртэл дам түрээсэлсэн иргэд байна. Тэд маш зөв зүйтэй санал байна, шууд Өмчийнхөө газартай гэрээ байгуулаад явбал бидэнд ч гэсэн нэмэртэй байна гэцгээж байгаа. Нэг үгээр хоорондоо ойлголцож байна. Харин өмчийн газартай өмнө нь гэрээтэй байсан 30 ААН-тэй манайх ямар нэг байдлаар уулзалт хийхгүй. Тэд Нийслэлийн Засаг даргын захирамжид гомдоод шүүхэд өргөдөл гаргаад явж байгаа. Урт цагааны үйл ажиллагаанд хяналт тавихаар нийслэлийн Тагнуулын газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар гээд бүх төрийн байгууллагууд хамтарч ажиллаж байгаа. Дээр нь хангагч байгууллагууд бий. -Түрээслэгчидтэйгээ ойлголцолд хүрч байгаа юм байна. Ажлын байраа суллаж өгсөн газрууд байна уу? -Байна. Зургаа, долоо байгууллага нүүсэн. Барилгачдын холбоо гэж том байгууллага байсан. Тэд ирж уулзаад, нүүх нь зөв байна гээд нүүсэн. Мөн эмийн сан, хоёр оёдлын цех, цайны газар, Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хороо, Монголын барилгачдын нэгдсэн холбоозэрэг газрууд нүүгээд байна. Давхар түрээсэнд өгч байгаа мөнгөөрөө хаана ч түрээслээд явж болох юм байна гээд байраа сулласан. Цаашид ч олон байгууллагууд нүүнэ гэдэгт итгэлтэй байна. -Одоо Урт цагааныг цаашид хэрхэх вэ. Мэдээж НИТХ-аар хэлэлцэгдэж таарна. Танай байгууллага энэ тал дээр ямар саналтай байгаа вэ? -Манайхаас төсөл сонгон шалгаруулъя гэсэн саналтай орж байгаа. Урт цагааныг буулгаад оронд нь нийслэлд хэрэгтэй ямар төсөл байна, түүнийг нь хэрэгжүүлье гэж. Жуулчны гудамж болохоор жуулчиндаа зориулсан үйлчилгээний газар байх юм уу эсвэл цэцэрлэгт хүрээлэн болгох юм уу. Энэ тал дээр уралдаан зарлахаар Ерөнхий төлөвлөгөөний газартай хамтарч ажиллаж байна. Ингэхдээ олон нийтээс санал авна. Өөрөөр хэлбэл шилдэг санааг нь худалдаж авна гэсэн үг. Хамгийн шилдэг гурван санааг НИТХ-д оруулаад төсөл сонгон шалгаруулах замаар шийдвэрлэхээр ярилцаж байна. Гэхдээ НИТХ ямар шийдвэр гаргахыг түрүүлж хэлж мэдэхгүй байна. -Асуухгүй өнгөрч болохгүй нь. Иргэдийн дунд Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоож байгаа нь хэсэг бүлэг хүмүүс газарт нь шунаж байгаагийнх. Хотын А бүсэдбайршилтай энэ төвийн газарт санаархсан нийслэлийн удирдлагуудын зүй бус үйлдэл үйлчилгээ эрхэлдэг 400 гаруй иргэн, тэдгээрийн ар гэр 20 мянган хүний эрх ашгийг зөрчиж байна гэх ойлголт бас байна. Энэ талаар өмнө нь хэсэг түрээслэгчид мэдээлэл хийж байсан санагдаж байна? -Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болоод Өмч ашиглалтын удирдлагын газар ашиглалтын шаардлага хангахгүй барилга дотор үйлчилгээ эрхэлж байгаа болон түүгээр үйлчлүүлж байгаа иргэдийг эрсдэл оруулахгүй байхыг л юуны түрүүнд чухалчилж байгаа. Аюул, гай гамшиг хэлж ирдэггүй, хийсч ирдэг. Хэзээ нэг өдөр нийслэлийн иргэд хохирох нөхцөл энд хамгийн дээд зэргээр үүсгээд байгаа юм. Тиймээс үүнийг эхний ээлжид таслан зогсооё. Нарантуул, Бөмбөгөр худалдааны төв шиг эрсдэл бүү гараасай гэдэг үүднээс л хандаж байгаа. Харин шинэчлэх, өөрчлөх эрх нь НИТХ-ын бүрэн эрхийн асуудал. Сонирхлын зөрчил гарч магадгүй гэж байна. Урт цагааныг шинэчлэх ажил ил тод нээлттэй явагдана. Шилдэг санаа, төсөл сонгон шалгаруулах гэх уралдаан зарлана. Бүх гэрээг НЗДТГ болон НИТХ хариуцна. -Урт цагааны түрээслэгчид тухайн барилгаа түүхийн дурсгалт барилга гэж ярьдаг? -Манай байгууллагад түүхэн дурсгалт барилга байгууламжуудын бүртгэл байдаг. Энэ бүртгэл Урт цагаан үйлчилгээний төв багтаагүй байдаг. Тэгэхээр 1990 онд Засгийн газрын тогтоолын дагуу нийслэлд шилжиж ирсэн өмч. Бетон чулуун суурьтай, тоосгон ханатай, модон хучилттай, модон дээвэртэй. Галын маш өндөр эрсдэлтэй. Газар хөдлөлтийн чичирхийлэл даахгүй. Нийслэл газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд ордог. Тэгэхээр яах аргагүй эрсдэл өндөртэй барилгын нэг. -Шүүх дээр маргаан үүссэн гэсэн. Ямар шатандаа явж байгаа вэ? -Шүүхэд Нийслэлийн засаг даргын 216 дугаар захирамжийг хүчингүй болгохоор хоёр байгууллага хандсан. Урьдчилсан хэлэлцүүлэг болж, Засаг даргын захирамжийг түр түдгэлзүүлсэн. Нийслэлээс үүний эсрэг гомдол мэдүүлсэн. Тэгэхээр захирамжийн үйлчлэл нь хэвээрээ байгаа гэсэн үг. Мөн шүүхэд гомдол гаргасан хоёр байгууллага дам түрээслэгчдэдээ шүүхийн шийдвэрийг буруугаар тайлбарлаж, турхирсан зүйл бий. Үүнд нь бас гомдол гаргасан. Ер нь тэдний зүгээс манай ажилчдыг заналхийлсэн тохиолдол байсаар байна. Тодруулбал Урт цагаан үйлчилгээний байгууллагыг өмнө нь түрээсэлж байсан 30 ААН-үүдээс манай Өмчийн ашиглалт удирдлагын газрын албан хаагчдад дарамт шахалт үзүүлж, утсаар байнга заналхийлж байна. Тиймээс бид Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж, зарим хүмүүст зөрчлийн, заримд нь эрүүгийн хэрэг үүсгээд явж байна. Саяны жагсаал цуглаан зохион байгуулсан хүмүүст Зөрчлийн хэрэг үүсгэсэн байгаа. -Тагнуулын Ерөнхий газар энэ хэрэг дээр ямар оролцоотой байгаа юм бэ? -Өмнө нь гэрээгээр түрээсэлдэг байсан 30 ААН мэдээллийг нарийвчлан судалж байгаа юм. Цаашилбал эдгээр ААН-үүдийн цаана томоохон албан тушаалтнууд ч байхыг үгүйсгэхгүй. Учир нь өмнөх жилүүдэд урт цагааны асуудал дандаа шийдвэр гаргах төвшинд замхардаг байсан. Энэ нь гурав, дөрвөн удаагийн үйлдлээр нотлогдчихсон зүйл. Түүнчлэн шүүх дээр Урт цагааныг хэргийг байнга унагадаг шүүгч хүртэл байна. tovch.mn

Б.ОТГОНСҮХ: Хотын зам гүүрийн бүхий л бүтээн байгуулалт шинэ стандартаар хийгддэг болсон

Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхтэй ярилцлаа. -Нийслэлийн зам талбайн тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх ажил эхэлсэн байна. Энэ хүрээнд хийгдэх ажлуудаас мэдээлэл өгөхгүй юу? -Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2020 оныг Нэг хот-Нэг стандарт зорилтот жил болгон зарласан. Энэ хүрээндээ бид гудамж талбайд байрлуулсан хөдөлгөөн зохицуулах тэмдэг, заалтыг хөдөлгөөнд оролцогчдод илүү ойлгомжтой, хүртээмжтэй болгох ажлыг эхлүүлээд байна. Эхний ээлжинд хотын төв хэсгүүдийн тэмдэглэгээг шинэчилж, явган хүн, жуулчдад гудамж талбайн мэдээллийг харуулах тэмдэглэгээг хийж байна. Шинэчилсэн тэмдэг, тэмдэглэгээний хувьд хэд хэдэн давуу талтай. Тухайлбал, нэг газар хоёр, гурван тэмдэг ойлгомжгүй байсныг нь нэг шон дээр хоёр салаалуулж буюу жолооч, явган зорчигчдод үзэгдэх орчинг ойлгомжтой болгон сайжруулсан. Явган хүний гарц шар хүрээтэй. Анхааруулах тэмдэг, зам тавьж өгөх тэмдэг мөн адил шар хүрээтэй, шар тэмдэглэгээтэй байна. Ингэснээр явган хүнд зам тавьж өгөх юм байна гэдэг нь илүү ойгомжтой болж ирнэ. Мөн уг ажлын хүрээнд хуучин байсан гэрэл ойдоггүй, харласан, бүдгэрсэн, арилсан тэмдэглэгээнүүдийг сэргээн засварлана. Шаардлага хангаагүйг нь хуулаад буцааж шинээр тавина. Энэ ажлыг Улаанбаатар зам ашиглалтын газар, Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар гэрээгээ байгуулаад нийслэлийн гудамж талбайн тэмдэг, тэмдэглэлээг шинэчлэх ажлыг эхлүүлээд явж байна. Тэмдэг, тэмдэглэгээг сайжруулах, засварлах ажил цаг агаарын хувьд +5 хэмээс дээш хийх боломжтой тул ойрын өдрүүдэд дээрх ажлыг эрчимтэй хийж гүйцэтгэнэ. -Энэхүү шинэчлэлийн голлох өөрчлөлт юу вэ? -Энэ удаа тэмдэглэгээнүүдийн ойлтыг сайжруулах тал дээр илүү анхаарч байна. Мөн бид илүү үзэгдэх орчин, байрлал дээр нь анхаарч байна л даа. Ойролцоогоор жилд гурван мянган тэмдэг шинэчлэдэг. Энэ ажлууд хийгдэж байгаа. Шинэ стандарт хэрэгжүүлэхэд иргэн бүрийн оролцоо чухал.Шинээр ажил гүйцэтгэхээр тендерт орж байгаа компаниудыг ч тодорхой стандарттай байхыг шаардаж байгаа. -Шинэ тэмдэг, тэмдэглэгээнүүд хийгдэхтэй холбогдуулан шинээр барьж байгаа замуудад мөн ийм шаардлагыг тавьж байгаа юу? -Шинээр баригдаж байгаа замуудад энэ стандартаа баримталж шинэ тэмдэг, тэмдэглэгээнүүдийг тавина. Мөн тэмдэглэгээнүүдээ хотын төвөөр тавиад хотын захаар тавихгүй гэсэн ойлголт байхгүй. Ялгаагүй л хотын төв болон захуудаар ижил түвшинд тэмдэг тэмдэглэгээгээ тавиад хийгээд явна. Бид тэмдэг, тэмдэглэгээ сайжруулах ажлаа Тээврийн цагдаагийн албатай хамтраад хийж хэрэгжүүлдэг. Дүүрэг дүүрэгт байдаг тээврийн цагдаагийн албаны хэлтсээс хамтарсан үзлэг шалгалт хийгээд, тэр ажлынхаа хүрээнд тээврийн цагдаагийн албанаас замын цагдаа нарыг аваад захиалгын дагуу хийж гүйцэтгүүлдэг. Хотын захад ихэвчлэн гарцын тэмдэглэгээг хийгээд түүнтэйгээ хамт гарцын тэмдэгийг шар хүрээтэй тэмдэг тавиад эхэлчихсэн байна. Тэмдэг, тэмдэглээ гэдэг өөрөө авто замаар зорчиж байгаа автомашин явган зорчигчдод ойлгомжтой байх ёстой. Үүнийг л баримталж хөдөлгөөнд оролцдог шүү дээ. Одоо бүр илүү ойлгомжтой болгох үүднээс л ажиллаж байна. -Авто-замын хичнээн стандарт байдаг вэ? -Бид стандартын дагуу ажлыг хийж гүйцэтгэдэг. Автозамын салбарт 300-гаад стандарт, дүрмийг мөрдөж ажилладаг. Энэ ажлын хүрээнд засварын ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Стандартын хүрээнд хийгдсэн замын жишээг дурьдвал? Жишээ нь, томоохон бүтээн байгуулалтын хүрээнд, Замын цагдаагийн гүүрэн гарц, Яармагийн гүүрэн гарцыг нэрлэж болно. Түүнчлэн түгжрэлийг бууруулах чиглэлийн хүрээнд автозамын нэвтрүүлэх чадварыг огтлолцохгүй, гэрлэн дохиогүйгээр зохицуулах байдлаар нэмэгдүүлнэ. Тэр ажлынхаа хүрээнд төмөр зам, авто замтай огтлолцчихсон байгаад хүндрэл бэрхшээл үүсч байна гэж үзэж, замын цагдаагийн гүүрэн гарцыг төлөвлөсөн. Үүнтэй уялдуулан энэ жилээс хоёр нүхэн гарцийг нэмж хийж байгаа. Дүнжингаравын нүхэн гарц, Тахилтын замаас хорин хоёрын товчоотой холбогдох нүхэн гарцны 1.5 км замыг төлөвлөж гэрээ байгуулах шатандаа явж байгаа. -Зам барихад тулгамдсан ямар асуудлууд байдаг вэ? - Төслийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын асуудал бол үндсэн бэрхшээл болдог. Өөрөөр хэлбэл, зам, гүүрийн бүтээн байгуулалтын төлөвлөлтийг хөрөнгө оруулалт, санхүүжилтийн бэрхшээлээс болоод зарим хэсгийг нь хасах, танах тохиолдол байдаг. Энэ нь өөрөө хэсэг хугацааны өөр нэг хүндрэл, бэрхшээлийн шалтгаан болдог. Тухайлбал, ус зайлуулах хоолойд төлөвлөсөн зардалаа танах, гэрэлтүүлэгтэй ажлыг гэрэлтүүлэггүй хийх, ус зайлуулах хоолой суурилуулсан ч үндсэн ус зайлуулах хоолойндоо холбогдож чадахгүй байх зэрэг асуудал, хүндрэл үүсдэг. Бидний хувьд дээрх асуудлыг цаашид гаргахгүйн тулд зам, гүүрийн төлөвлөлтийг иж бүрэн хийж, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг батлагдсан зураг, төслийн хүрээнд хийхийг зорьж байгаа. Одоогоор төлөвлөсөн замууд дугуйн замтай, гэрэлтүүлэг, ус зайлуулах шугам нь иж бүрнээрээ тусгагдсан байгаа. Налайхын замыншинэчлэлтийн талаар мэдээллийг өгөхгүй юу? Налайхын зам шинэчлэгдээгүй олон жил болсон. Өмнө нь, сөрөг хөдөлгөөнтэй, хоёр урсгалтай байсан. Осол их гардаг, ачаалал өндөртэй зам байсан. Одоо бол нэг талдаа хоёр эгнээтэй эсрэг урсгалтай нийт дөрвөн эгнээ бүхий голоороо тусгаарлах бетонон зурвастай, явган хүний зам болон дугуйн замтай болж байгаа. Энэ зам хуучин долоон метрийн өргөнтэй байсан. Одоо 14 метрийн өргөнтэй болгосон. Нийтдээ Гачууртын уулзвараас налайх ороход 20.9 км зам шинэчлэгдсэн. Энэ ажлын хүрээнд мөн таван суурьшлын хэсэгт явган хүний таван гүүрэн гарц барихаар төлөвлөж байгаа. -Энэ онд автозамын салбарт ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна? Бид томоохон бүтээн байгуулалт хийхээс гадна хотын хуучин замуудаа шинэчлэх, орон сууцны доторх холбоос замуудыг шинээр бий болгох. Гэр хорооллын дотор авто замууд барих зэрэг ажлуудыг давхар хийж байгаа. Энэ замуудыг хийх ач холбогдол маань хотын төв гудамж замуудынхаа хөдөлгөөний ачаалаллыг багасгах зориулалттай учраас үүн дээр их анхаарч ажиллаж байна.Энэ жилийн хувьд, найман байршилд 50 километр замыг хийхээр төлөвлөсөн. Тэгэхдээ орон зайтай газар нь тусгай замуудыг хийнэ. Хотын төвөөр дугуй унах нөхцөлийг нь бүрдүүлж байгаа. Явган замын хажууд дугуйн эгнээ гаргана. Хотын төвийн бүх эргэлт, гарцан дээр байгаа хашлагыг хэвтүүлээд зөвхөн дугуй унахаас гадна хүүхдийн тэрэг түрээд явах боломжтой, хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй хүмүүсийн зорчих замыг хангаж өгч байна. Хотод зам талбай засварлах барих их онцлогтой. Хөдөлгөөний эрчимтэй, холбоо, цахилгаан, дулаан, бохир цэврийн шугам гээд тэр бүх байгууллагуудтай зөвшөөрөл авч зурган дээрээ тусгаж байж. Зөвхөн замаа биш шугам сүлжээгээ зайлуулна гэх мэт уялдуулж хийдэг учраас хүндрэл бэрхшээлүүд жаахан гардаг.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.