"Шүлхийтсэн малыг шинж тэмдэг арилснаас хойш 28 хоногийн дараа хүнсэнд хэрэглэхийг зөвшөөрдөг"

Улсын хэмжээнд 16 аймгийн 98 сумын 181 голомтод шүлхий өвчний хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Эдгээр голомтод шүлхий өвчний ил шинж тэмдэгтэй 22,300 мал бий. 2021 оны арванхоёрдугаар сартай харьцуулахад шинж тэмдэгтэй малын тоо 10 гаруй мянгаар цөөрсөн гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ. Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн дэглэмийг 11 аймгийн 32 сумын 75 голомт бүрэн цуцалжээ. Мал эмнэлгийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Х.БодьсайханСар шинийн баяртай холбогдуулан хөл хөдөлгөөн нэмэгдсэн. Улмаар өвчний тархалт нэмэгдэх хандлага бий болсныг иргэдэд анхааруулмаар байна. Шүлхий өвчний шинж тэмдэг малд нь илэрсэн тохиолдолд мал эмнэлэгт яаралтай мэдэгдэх хэрэгтэй. Өвчнийг эрт илрүүлэх тусам халдвар өргөн хүрээг хамрахаас урьдчилан сэргийлж чадна гэв. ШҮЛХИЙ ӨВЧИН ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД СӨРӨГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХГҮЙ Мөн Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний газрын дарга Б.БолдбаатарХалдвартай мах идэж байна, шүлхийтэй мах худалдаалж байна гэх зэрэг мэдээлэл цахим орчинд түгж байна. Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын хуурай газрын амьтны кодод зааснаар шүлхий өвчин туссан малыг шинж тэмдэг нь арилаад 28 хоносны дараа хүнсэнд хэрэглэхийг зөвшөөрдөг. Ингэхдээ дулааны аргаар боловсруулах, боловсруулалтад зориулсан аргаар худалдахыг зөвшөөрдөг юм. Үүнд сөрөг заалт байдаггүй. Гол нь антибиотикийн үлдэгдэл бий юу гэдгийг тандах ажил хийгдэж байгаа. Түүнээс шүлхий өвчнөөс болоод хүний эрүүл мэндэд сөрөг, аюултай байдал үүсэхгүй гэлээ. БИЧЛЭГ:

А.Ариунзаяа: Хүүхдийг 2 наснаас нь эхлэн цэцэрлэгт хамруулах бодлогоо үргэлжлүүлэх ёстой

​ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хүүхдийг гурван наснаас нь эхлэн цэцэрлэгт хамруулах тухайБоловсролын багц хуульд орсонзаалт эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг бууруулна гэж үзэж байна. Тэрээр өнөөдөр Жендэрийн үндэсний хорооноос зохион байгуулж буй Жендэр ба хөгжил чуулганыг нээж үг хэлэхдээ ийнхүү саналаа хэллээ. ХНХ-ын сайд А.Ариунзаяа: Монгол Улсад Цалинтай ээж хөтөлбөр бий. Энэ хөтөлбөрийн хүрээнд ажил хөдөлмөр эрхлээгүй, 0-3 насны хүүхдээ хараад сууж байгаа ээжүүдэд сард 50 мянган төгрөг олгодог. Гэтэл цагийн ажил эрхэлье, ойр зуурын ажил хийгээд мөнгө олъё гэсэн ээжүүдэд энэ 50 мянган төгрөгийг олгохоо шууд зогсоодог. Энэ нь ээжүүдийн ажил хөдөлмөрийг дэмжинэ гэхээсээ илүүтэй Үгүй ээ, чи хүүхдээ хараад гэртээ сууж бай гэсэн бодлого болж байна. Хоёрдугаарт,21 дүгээр зуунд зөвхөн эмэгтэй хүн хүүхдээ хараад гэртээ суух цаг биш. Нөхөр нь, эрэгтэй хүн хүүхдээ хараад, эхнэр нь ажлаа хийгээд явж болдог нийгэм. МУИС-ийн хуулийн гуравдугаар курсийн оюутан Үндсэн хуулийн цэцэд энэ хөтөлбөр эрэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхсан байна гэсэн гомдол гаргаснаар Цалинтай эцэг эх хөтөлбөр болгон өөрчилсөн. Хүүхэд харах хүртээмжийг нэмэгдүүлж байж эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ. Цаашдаа бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийг ажил хөдөлмөр эрхэлснээс нь үл хамааран тэтгэмж явж байж энэ бодлого нь хөдөлмөр эрхлэлтийг ч, хүүхдийг ч дэмжсэн бодлого болох юм гэж бодож байна. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт бага байна. Учир нь сургууль цэцэрлэг хаагдахад ээжүүд ажлаасаа гараад хүүхдээ харж байна. Өнөөдөр Боловсролын багц хуулийн төсөл хэлэлцэж байна. Эрхэм хүндэт гишүүд минь ээ, гурван наснаас эхэлж хүүхдээ цэцэрлэгт хамруулна гэсэн томъёолол явж байна. Хоёр наснаас нь хүүхдийг цэцэрлэгт хамруулах бодлогыг үргэлжлүүлэх тал дээр Засгийн газрын хуралдаанд үүнийг эсэргүүцэж би бодлоо хэлж байсан. МАН-ын мөрийн хөтөлбөрт Яслийг хөгжүүлнэ гэсэн бодлого бий. Яслийг хөгжүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй. Хүүхэд харах хүртээмжийг нэмэгдүүлж байж эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ. Хүүхэд харах үйлчилгээ манай яаманд эргээд ирж байна. Тэр чиглэлд өөрийн салбарын зүгээс хувь нэмрээ оруулахад хичээн зүтгэнэ гэлээ.

Н.УРТНАСАН: АГНАХ АМЬТДЫН ТОО ТОЛГОЙГ ХОЁР ЖИЛД НЬ ХУВААВАЛ ӨМНӨХ ЖИЛҮҮДИЙНХЭЭС Ч БАГА БАЙГАА

Манай улс 8 төрлийн ан амьтныг агнах зөвшөөрөл олгодог. 2020 онд коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор ховор ан амьтныг агнуулаагүй. Энэ жил Засгийн газраас тогтоосон тоогоор буюу угалз 100, тэх120, халиун буга 60, бор гөрөөс 40, цагаан зээр 160, агнуурын шувуу 250 хүртэл тоогоор агнах зөвшөөрлийг олгоод байгаа юм. Мөн тул загас 540 хүртэл тоогоор барьж, буцаан тавих зөвшөөрөл олгожээ. Харин зэрлэг гахай агнах зөвшөөрөл энэ жил олгоогүй байна. Ховор ан амьтны агнуурын зөвшөөрөл, орлогын асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасангаас тодрууллаа. -Ховор ан амьтныг агнах, агнуурын бүсийг хэрхэн тогтоодог юм бэ? -Амьтны нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах тухай Амьтны тухай хууль 2012 онд шинэчлэгдэн батлагдсан. Энэ хуулийг мөрдөж ажиллаж байгаа. Үүнтэй холбоотой 7 эрх зүйн актыг мөрдөн ажиллаж байна. Засгийн газрын 93 дугаар тогтоолоор батлагдсан Ховор ан амьтан агнах, барих зөвшөөрөл олгох тусгай журмаар зохицуулдаг. 2012 оноос өмнө Монгол орны нийт газар нутгийн 70 орчим хувь нь агнуурын бүс байсан. -Одоо хичнээн агнуурын бүс байна вэ? -Шинэчлэгдэн батлагдсан хуулиар агнуурын бүсүүдийг тогтоож өгсөн. Өнөөдрийн байдлаар нийт 19 аймагт 171 агнуурын бүс байна. Нийтдээ угалз, тахь, бор гөрөөс, цагаан зээр, халиун буга зэрэг 8 амьтанд болон тул загасанд тусгай зөвшөөрөл олгож байгаа. Тул загасыг тусгай сонирхлын жуулчдад агнах биш барих зориулалтаар зөвшөөрөл олгож байна. -Агнуурын бүсийн менежментийг нь тухайн орон нутагт нь хариуцуулсан байдаг байх аа. Тухайн жилийн ан агнуурын тоо толгойг хэрхэн тооцож гаргадаг вэ? -Агнуурын бүсүүдийг 2012 онд батлагдсан шинэ хуулиар тухайн орон нутгийн иргэн, аж ахуйн нэгжүүдэд менежментийг нь хариуцуулж өгсөн. Ингэж менежмеэнт хариуцаж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд тухайн жилийнхээ ан амьтны нөөцийн судалгааг тогтоож, гаргана. Тухайн жилдээ ямар тоо толгойгоор агнах зөвшөөрлийг олгох вэ гэдгээ тогтоохын тулд нэгдүгээрт орон нутгаас ирсэн саналыг үндэслэнэ. Хоёрдугаарт, тухайн ан амьтны нөөцийн судалгаан дээр үндэслэж гаргадаг юм. Жил болгон Засгийн газрын тогтоолоор батлагддаг тоо хэмжээндээ зохицуулалт хийж, 19 аймгийн 171 агнуурын бүсэд хуваарилдаг. -Агнуур олгож байгаа тусгай зөвшөөрлийг олгодог нь олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татдаг. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу? -Зарим тохиолдолд иргэд ховор ан амьтан агнах хүсэлт ирүүлдэг. Мөн тухайн менежментийг хариуцаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хүсэлт ирүүлдэг. Цаашдаа 2013 оны 93 дугаар тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах нэн шаардлагатай болжээ гэдэг нь харагдаж байна. Яагаад гэвэл амьтантай холбоотой, БОАЖ-ын яам төлбөр хураамжийг төвлөрүүлдэг мэтээр ташаа мэдээлэл их гардаг. Үүнд цэг тавьж, эцсийн мэдээллийг үнэн бодит байдлаар гаргаж өгөх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа. -Агнах амьтдын тоо толгойг хэт нэмэгдүүлж зөвшөөрөл олгосон гэх асуудал тайлбар хийх хэрэгтэй болов уу? -Амьтны тоо толгойн хэмжээг хэвлэлээр гарч байгаа шиг эрс өсгөсөн явдал байхгүй. Тухайлбал, 2020 онд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан ховор ан амьтныг агнах ажиллагаа явагдаагүй. 2019 онд угалз 86, тэх 95, халиун буга 40 тоо толгойг агнах тусгай зөвшөөрөл олгогдсон байна. 2021 онд угалз 100, тэх 120, халиун буга 60 гэсэн тоо толгойгоор зөвшөөрөл өгсөн. 2020 онд энэ агнуур хийгдээгүйгээс үүдээд өмнөх хүсэлтүүд байсан. Хоёр онд хуваагаад үзэхээр 2019 оныхоос ч бага хэмжээтэй зөвшөөрөл олгосон байгаа юм. Иймээс баримтгүй мэдээлэл түгээж, ан агнуурын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг гүтгэх, янз бүрийн байдлаар ташаа мэдээлэлд автуулах байдлыг БОАЖЯ-наас эсэргүүцэж, бодит мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзсэн. -Агнуурын амьтдын үнэлгээг хэрхэн тогтоодог вэ? -Засгийн газрын 2017 оны 339 дүгээр тогтоолоор Монголбанкны тухайн жилийн валютын ханшаар тооцдог байгаа. Жишээ нь, угалз 24.000, говийн алтайн тэх 13.000-14.000 гээд үнийг тодорхой тогтоогоод өгчихсөн. -Эдгээр төлбөр тооцоо хаана төвлөрдөг вэ? -Энэ талаар ташаа мэдээлэл их гардаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд энэ орлогыг төвлөрүүлэх чиг үүрэг байхгүй. Энэ бол орон нутагт төвлөрдөг орлого. 2018-2019 оны дүн мэдээгээр 7.5 тэрбум төгрөгийг Орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байгаа. 2018 оны үнийн дүнгээс 2019 онд 1.8 тэрбум төгрөгөөр илүү орлого төвлөрсөн байгаа. -Цаашдаа салбар яамнаас үнэ үнэлгээ, тоо толгойн хэмжээн дээр ямар арга хэмжээ авах вэ? -Энэ талаар БОАЖЯ-ны байр суурь бодлого маш тодорхой байгаа. Нэгдүгээрт 2011 оны үнэлгээг өөрчлөх шаардлагатай. Биологийн олон янз байдлыэн үнэлгээн дээр судалгаа хийж 2021 онд нийцүүлсэн цаашдаа ямар үнэлгээ тавих вэ гэдэг дээр тооцоо судалгаа хийж байна. Нийтдээ 354 биологийн олон янз байдлын үнэлгээг өөрчлөх шаардлагатай гэсэн судалгааг гаргасан.

АРГАА БАРСАН ХҮҮХЭД ААВЫНХАА ТОЛГОЙГ МААЖЛАА

Аргаа барах хэцүү. Энэ зовлонг амсаж яваа хүмүүсийг харахаар өрөвдөөд байдаг юм. Хэдэн сарын өмнө хоёр бүсгүй намайг эрж сурсаар уулзав. Хаана, хэнд хандахаа мэдэхээ байсан компанийн захирал эмэгтэй, түүний ажилтан гэх тулгар биетэй бүсгүй хоёрын яриаг сонсоод дуугүй өнгөрч чадалгүй Гал, ус мэт харшсан газрын маргаан, луйврын үнэн төрх нэртэй нийтлэл бичиж билээ. Нийтлэл гарсны дараа - Танд баярлалаа. Асуудал их нааштай байгаа гэж утсаар талархахад нь -Овоо доо, хөөрхийс гэж бодоод өнгөрсөн. Гэтэл нааштай юм үгүйг Зууны мэдээ сонины шинэхэн дугаар гарчиглаж байгаад олж мэдэв. Богд-Асар ХХК-ийн захирал Д.Анхжаргалаас Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан бичсэн захидлыг тус сонин наймдугаар сарын 30-ны дугаартаа нийтэлжээ. Жирийн нэг компанийн захирал арга нь тасраад Улсын ерөнхийлөгчид хандана гэдэг Аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг маажих-ын үлгэр яалтгүй мөн дөө. Тус компани орон сууц, үйлчилгээний цогцолбор барихын тулд 2007 онд төсөл сонгон шалгаруулалтад оролцон, хуулийн дагуу 25,0 га газар эзэмших эрхтэй болж, дуудлага худалдааны 3.3 тэрбум төгрөгийг нь төлчихсөн атлаа ажлаа эхлүүлэх нь бүү хэл, хууль ёсны дагуу авсан газраа алдахдаа тулан хохирч яваа зовлонгоо тэд Ерөнхийлөгчид илгээсэн захидалдаа тодорхой өгүүлжээ. Энэ захидлыг уншихад Монголын бизнес эрхлэгчдэд тохиолддог саад тотгор, тэдгээрийн буруутан тодорхой харагдана. МАН-ын тодорхой улс төрчид, нийслэлийн Засаг даргын албыг хашиж байсан, хашиж байгаа зарим хүний шударга бус үйлдэл, шүүхийн мафижсан тогтолцоо, төрийн байгууллагынхны увайгүй үйлдэл, ар сайтай компанийн аархал гээд мөн ч олон зүйл эндээс уншигдах аж. Богд-Асар ХХК-д олгосон 25,0 га газар нь Туурайн төвөргөөн ХХК-ийн 140,0 га газартай давхацсан гэх маргаанаас асуудал анх үүсжээ. Кадастрын мэдээллийн сангийн бүртгэлийг будлиулах замаар ийм давхцал санаатайгаар үүсгэсэн нь газрын дээрмийн нэг хэлбэр юм. Хууль бусаар байршил, зориулалтыг нь ижил болгочихсон мөртлөө Төрөөс энэ хоёр компанид хандах хандлага өдөр шөнө мэт ялгаатай. Хоёр компанийн газартаа хандах хандлага ч бас өдөр шөнө мэт өөр аж. Төр Богд-Асар-аас 1 амметр газрын төлбөрийг 132 төгрөгөөр тооцон авна. Туурайн төвөргөөн болохоор 1 амметр газарт 80 төгрөгийн төлбөр төрд төлнө. Богд-Асар 25,0 га газрыг 3.3 тэрбум төгрөгөөр дуудлагаар авч, төлбөрөө хийсэн бол Туурайн төвөргөөн 140,0 га газрыг 3.6 тэрбум төгрөгөөр авч, түүнийхээ 1.1 тэрбум төгрөгийг л төлжээ. Богд-Асар өөрсдийн бий болгосон хуримтлал, зээл, зарим нь амьдардаг байр, орон сууцаа хүртэл банкны барьцаанд тавин байж тус газрыг худалдан авсан ч бүтээн байгуулалтаа эхлүүлж чадахгүй, шат шатны шүүхэд хандсаар 14 жилийн нүүр үзэж, эцэст нь газраа алдахад хүрчээ. Гэтэл Туурайн төвөргөөн болохоор 1 га газрыг 1.3 тэрбум төгрөгөөр үнэлэн хэсэгчлэн зарсан байна. Нэг нь хохирч, нөгөө нь хожихын уг шалтгаан эцсийн эцэстээ төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, нарийн яривал нэр бүхий тодорхой хэдхэн хүмүүстэй холбогдоно. Ер нь Туурайн төвөргөөн ХХК-д олгосон 140,0 га газрын асуудал анхнаасаа ихээхэн будлиантай. Жирийн иргэн 0.7 га газраа олж авч чадахтай үгүйтэй байхад төрийн албан хаагч С.Отгонбат гэгч Туурайн төвөргөөн ХХК-ийг үүсгэн байгуулж 140 га газар эзэмшиж байгаад 2011 онд тус компаниа газрын хамтаар одоогийн захирал Ж.Бямбабаатарт шилжүүлсэн үйлдэл нь төрөөс тэрбумтнууд төрдөг нэг арга механизмыг илчлээд байх шиг. 140,0 га-г бүгдийг нь зарж чадвал хэр их мөнгө болохыг толгойтой болгон бодож чадна. Богд-Асар ХХК-ийн захирал Д.Анхжаргал: - Одоо энэхүү хууль бус ажиллагааг Нийслэлийн Засаг Дарга Д.Сумъяабазар, НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг, хуулийн хэлтсийн дарга Б.Мөнгөншагай нар үргэлжлүүлж, манай Богд-Асар ХХК-д өмнө олгосон НЗД болон шүүхийн шийдвэрт заагдсан байршлаас өөр газар ХУД-ийн 21-р хороонд Морингийн даваанд 25,0 га газар олгосон гэх захирамжийг газрын албанд мэдэгдэлгүйгээр гаргасан. Ингэснээрээ Туурайн төвөргөөн ХХК-ийн хууль бус дээрмийн ажиллагааг хамгаалж, манай компанийг санаатайгаар хохироож байна. Тухайн газарт бодит байдалд сул чөлөөтэй газар байхгүй, кадастрын зураггүй тул тус захирамж нь бодит хөрсөнд буугаагүй агаар-ын шинжтэй байгаа нь бид бүхнийг басамжлан доромжилсон байдлаар гаргасан нь илт байна. Энэхүү хууль бус ажиллагаанд Монгол Ардын Намын хэсэг бүлэг хүмүүс оролцож шүүх, прокурор, АТГ-тай хуйвалдан газрын наймаа хийж байгаа нь бодит үнэнгэж Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандсан захидалдаа өгүүлсэн байна билээ. Монгол Улсын шүүх, Авилгатай тэмцэх газар зэрэг үнэн мөнийг олж тогтоох ёстой байгууллагууд нь хөдөлж өгдөггүй, тэр бүү хэл Богд-Асар ХХК-ийн гомдлыг шийддэг дагнасан шүүгчидтэй, тэднээс татгалзах хүсэлтийг нь хүлээж авдаггүй болчихсон нөхцөлд төрийн тэргүүндээ хандахаас өөр нээрээ яах ч билээ дээ. Төрийн нэр барьсан дарамт сүрдүүлэг, луйвар, дээрмээс бизнесийн салбарынхан ангижирч чадвал улс орны минь эдийн засаг дорхноо л сэргэнэ. Шударга ёс-Хариуцлагатай төр-Шударга нийгэм-ийг бий болгохын төлөө ажиллана хэмээсэн амлалтаа хэрэгжүүлэхийн тулд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч эгэл жирийн иргэдийнхээ энэ мэт хүсэлт, гуйлтад анхааралтай хандана байхаа хэмээн найдаж байна. Монгол төрийн эд эрхтэн болгонд үсэрхийлсэн хорт хавдар-ыг анагаахын төлөө тэмцэлд хүчээ нэгтгэх хүсэл зориг шударга үнэнийг эрхэмлэгч хүн болгонд байгаа болохоор Төрийн тэргүүний зүгээс шийдвэртэй алхам хийвэл уухайлан дэмжих нь харин мадаггүй үнэн шүү. Урианхан Б.Галаарид

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.