Баян-Өлгий аймагт АТГ-ын зөвлөмжийг хангалтгүй хэрэгжүүлж байна
2019-10-24 11:09:14 Нийтлэгдсэн: Халуун сэдэвАвлигатай тэмцэх газрын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллах хугацаандаа удирдамжийн дагуу тус аймагт хүргүүлсэн хоёр удаагийн Зөвлөмжийн биелэлттэй танилцав. АТГ-аас 2017, 2018 онд орон нутагт ажилласан дүнгээр илэрсэн зөрчил, дутагдалд тулгуурлан авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл, төрийн үйлчилгээний хүнд суртлыг арилгах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаарх Зөвлөмжийг 21 аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт хүргүүлсэн билээ. Энэ хүрээнд Баян-Өлгий аймагт 2017 онд 12, 2018 онд 13 чиглэлээр Зөвлөмж хүргүүлсэн байна. Баян-Өлгий аймгийн хувьд хууль бус төлбөр хураамж тогтоож, түүнийгээ хяналтгүй захиран зарцуулдаг, худалдан авах ажиллагааг хууль бусаар зохион байгуулдаг, танил тал, хамаарал бүхий этгээдээ тендерт шалгаруулан давуу байдал олгодог, төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас чөлөөлсний улмаас улсын төсөвт хохирол учруулсан, Сум хөгжүүлэх сан болон Орон нутгийн хөгжлийн сан, Засаг даргын нөөц хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулдаг зэрэг нийтлэг зөрчил, дутагдал өмнөх онуудад илэрч байв. АТГ-ын ажлын хэсэг өмнө хүргүүлсэн Зөвлөмжийн биелэлттэй танилцахад зарим зөрчил, дутагдал арилаагүй хэвээр байна. Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх зардлыг хэтрүүлэн хэрэглэх явдал давтагдсаар байна. 2019 онд тус аймаг баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэхдээ 16 сая төгрөг зарцуулжээ. Түүнчлэн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан үйлдэл гарсаар байна. Тухайлбал, 13 сумын Засаг даргыг гадаадад туршлага судлах нэрийдлээр 22 сая төгрөг, сургуулийн барилгын зураг төсөл хийлгэхээр 9.3 сая төгрөг зарцуулжээ. Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын хэмжээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг хуульд заасан хугацаанд шалгаж шийдвэрлэдэггүй, иргэнд үндэслэл бүхий хариу өгдөггүй зэрэг зөрчил дутагдал таслан зогсоогдоогүй байна. Тухайлбал, төрийн албаны сул орон тооны сонгон шалгаруулалтад орж тэнцэн, улмаар нөөцөд бүртгэгдсэн иргэн Х-ийн 2019 оны 1 дүгээр сард гаргасан ажилд орох хүсэлтийг өнөөг хүртэл шийдвэрлээгүй, иргэнд үндэслэл бүхий хариуг өгөөгүй байна. Уг асуудлыг Ажлын хэсэг нарийвчлан хянан шалгаж байна. Түүнчлэн Засаг даргын нөөц хөрөнгийг зориулалтын бусаар захиран зарцуулах, төсвийн мөнгөөр дайлж цайлах явдал үргэлжилсэн хэвээр байв. Харин хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, мэдэгдэл, тайлбар гаргах, бүртгэх, хянах, үндэслэлгүй дүрэм журмуудыг цэгцлэх ажлыг АТГ-аас өгсөн Зөвлөмжийн дагуу хийж гүйцэтгэж байгаа аж. АТГ-ын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт хүргүүлсэн Зөвлөмжийн биелэлтээр нэгдсэн тайлан, дүгнэлт гаргахаар ажиллаж байна. Нийтэлсэн:Авлигатай Тэмцэх газар
Сангийн дэд сайдаар Х.Булгантуяа гэх шавилхан бүсгүй томилогдсоныг сонсчихоод Ийм мундаг толгойг тиймхэн албан тушаалд ашиглах ч гэж дээ, МАН-ынхан хэмээн нэлээд нэр хүндтэй нэгэн эдийн засагч толгой сэгсэрч байж билээ. Тэр үед Дэд сайдын талаар мэдэхгүй байсан учраас чухамдаа яагаад тэгж үнэлснийг нь сонирхож, намтрыг нь хэрэг болгон уншсан юмдаг. Х.Булгантуяа тун ч энгийн бүсгүй. Элдвийн гоёл чимэглэлгүй, энгийн л нэг төрийн албан хаагч. Сайн танихгүй нэгэнд том яамны дэд сайд ч гэж харагдахгүй байх шүү. Тийм л энгийнээр амьдардаг бас ажилладаг. Гэхдээ эзэмшсэн мэргэжил, төгссөн сургуулийнх нь жагсаалтыг харвал энэ шавилхан бүсгүй өнөөгийн төрд суугаа олон арван улстөрчдөөс тохой илүү мэдлэгтэй гэдгээ өнгөрсөн гурван жилийн хугацаанд нотлон харуулсан юм. Дэд сайд Х.Булгантуяа бүрэн дунд боловсролоо Австрали улсын Канберра хотын Лейнем дунд сургууль, мөн Монгол-Туркийн хамтарсан сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд эзэмшжээ. Дараа нь МУИС-д элсэн суралцсан бөгөөд үүнээс гадна БНХАУ-ын Дундад Хятадын Их сургууль, АНУ-ын Ейлийн Их сургуулийг Олон улсын эдийн засагч, хөгжлийн эдийн засагч мэргэжлээр тус, тус төгсчээ. 5000 ханз үсгэнд хятад хэлээр цэвэр ярьдаг, мөн англи хэлтэй гээд түүний өргөн мэдлэгийг олон хүн үнэлдэг. Ярилцлага авахад урамтай, ажлаа мэддэг эх сурвалж хэмээн сэтгүүлч бид ч түүнийг ихэд тооно. Ийм л толгой улс төрд хэрэгтэй. Тиймдээ ч МАН-ынхан түүнийг онилж, Х.Булгантуяа 2016 оны сонгуулийн үеэр Ардын намд Нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байлаа. Улмаар сонгуулийн дараа Сангийн яамны дэд сайдын албан тушаалд очсон юм. Харин ирэх онд Их хуралд өрсөлдөх нь тодорхой аж. Тиймээс намынхаа дэргэдэх НАМЭХ-ны тэргүүний сонгуульт албан тушаалд өрсөлдөхөөр хүсэлтээ албан ёсоор өгсөн байна. Түүнтэй өрсөлдөх эмэгтэйчүүдийн нэр эхнээсээ дуулдаж байгаа ч миний үнэлсэн шиг тохой илүү мэдлэгтэй нь ховор харагдана билээ. Х.Булгантуяаг тийм ч сайн танихгүй. Олон газар ажлын шугамаар уулзаж, нэлээд хэдэн удаа нийтлэлдээ ашиглах тоо баримт салгаж явсан юм. Тэр бүхэнд энэ бүсгүйг өнөөгийн улстөрчдөөс хавьгүй чамбай мэдлэгтэй, дэргэдэх сайдаасаа ч үнэ цэнтэй намын кандитат хэмээн үнэлж байлаа. Цаашдаа ч ингэж л үнэлнэ. Намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын сонгуульт албан тушаал байтугай сайд, даргын албан тушаалыг ч түүртэхгүй хийх боловсролтой, чадалтай олон зуун эмэгтэйчүүдийн төлөөлөл, бидний дуу хоолой учраас дэмжсээр ч байх болно.
"Sunshine village" хотхоны гүний худаг болоод усан бассейнаас гэдэсний бүлгийн савханцар илэрсэн
2019-10-17 09:39:23 Нийтлэгдсэн: Халуун сэдэвБаянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст Саншайнь Виллаж комплекс ХХК-иас ирүүлсэн Саншайнь виллаж хотхоны спорт цогцолборын усан бассейны усыг шинжилгээнд хамруулж, дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийн дагуу 2019.09.16-ны өдөр эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр лабораторийн шинжилгээтэй хяналт хийлээ. Шалгалтын үеэр усан бассейн болон гүний худгийн уснаас2 дээж авч, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Төв лабораторид шинжилгээнд хамруулсан. Лабораторийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн сорилтын дүнгээр тухайн өдрийн шинжлэгдсэн үзүүлэлтээр гүний худгийн ус нь нян судлалын шинжилгээний үзүүлэлтээр бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1 мл-т 54-өөр их, усан бассейны усанд /100мл-т/ халуунд тэсвэртэй гэдэсний савханцар 14, гэдэсний бүлгийн савханцар 6 илэрсэн. Иймд 10 дугаар сарын 10-ны өдөр тус хотхоны 4 цэгээс дахин давтан шинжилгээ авч, НМХГ-ын Төв лабораторид шинжилгээнд хамруулахад гүний худгийн ус нь нян судлалын шинжилгээний үзүүлэлтээр бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1 мл-т 110-175-аар их, халуунд тэсвэртэй гэдэсний савханцар E.coli 100мл-т 25-45 илэрсэн. Мөн Спорт цогцолборын усан бассейны усанд хийсэн нян судлалын шинжилгээний үзүүлэлтээр /100мл-т/ халуунд тэсвэртэй гэдэсний савханцар E.coli 2 илэрсэн нь зохих стандартыг хангахгүй байна. Иймд лабораторийн сорилтын дүнг үндэслэн улсын ахлах байцаагчийн 2 дүгнэлт үйлдэн Саншайнь виллаж комплекс ХХК болон Голд компас Орон сууц ашиглалтын албанд тус тус хүргүүллээ. Голд компас Орон сууц ашиглалтын албанаас гүний худгийн ус нөөцлөх 2 савыг мэргэжлийн байгууллагаар горимын дагуу угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийлгэж, халдваргүйжүүлэлтийн үр дүнг хянах зорилгоор лабораторийн шинжилгээтэй хяналтыг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хийж, 20 арчдас авч, шинжилгээнд хамруулсан. Лабораторийн шинжилгээний дүн гараагүй байна. Улсын ахлах байцаагчийн дүгнэлтүүдийг үндэслэн Саншайнь виллаж комплекс ХХК, Голд компас Орон сууц ашиглалтын алба, Ус Сувгийн удирдах газар хамтран ажилласнаар тус хотхоны ундны усны шугамыг төвлөрсөн ус хангамжийн нэгдсэн системд холбуулан хэвийн үйл ажиллагааг хангууллаа.
14 БОДГАЛЬ ТАРВАГАНЫ АРЬСТАЙ ХӨЛДӨӨСӨН, БОЛОВСРУУЛААГҮЙ МАХЫГ УЛААНБААТАР ХОТ РУУ НЭВТРҮҮЛЭХИЙГ ТАСЛАН ЗОГСООЛОО
2019-10-14 09:49:30 Нийтлэгдсэн: Халуун сэдэвМэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01/26 тоот Ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамж, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын даргын баталсан хуваарийн дагуу Эмээлт-ийн авто тээврийн шалган бүртгэх товчооны хяналт шалгалтаар 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 15 цагт иргэн Б нь Ховд аймгийн Жаргалант сумын захаас 14 бодгаль тарваганы арьстай хөлдөөсөн, боловсруулаагүй махыг Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн хяналт шалгалтыг хийж байна.
Н.Нэргүй: Иргэдэд шахмал түлшний хэрэглээний зөвлөмж мэдээллийг хүргэснээр угаартсан гэх дуудлага цөөрлөө
2019-10-14 09:40:18 Нийтлэгдсэн: Халуун сэдэвНийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас угаарын хордлогын үед авч хэрэгжүүлсэн ажлын явцын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй 2019 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 09.00 цагаас аравдугаар сарын 11-ний өдрийн өглөөний 06.00 цаг хүртэл угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх 15 өрхийн 32 иргэнээс дуудлага ирсэн. 32 иргэний 13 хүүхэд, 19 том хүн байсан. Өнөөдөр өглөөний 06.00 цагийн байдлаар эмнэлэгт найман том хүн, хоёр хүүхэд хэвтэн эмчлүүлж байна гэв. Мөн түүнчлэн иргэдийн өгсөн дуудлагын дагуу түргэн тусламжийн эмчийн үзлэг хийхэд ихэнх нь угаарын хийнд хордоогүй, урьдчилан сэргийлэх, болгоомжлох үүднээс дуудлага өгөх нь элбэг байгаа хэмээв. Шахмал түлшний буруу хэрэглээнээс болж иргэд угаартаж эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал гарсантай холбогдуулан нийслэлийн удирдлагууд, холбогдох албаныхан, дүүрэг хорооны 5000 гаруй ажилтнууд төвийн зургаан дүүргийн айл өрхүүдээр явж түлшийг зөв хэрэглэх, зуухны зөв галлагааны талаарх зөвлөмж, мэдээллийг хүргэж ажиллаж байна. Зөвлөмжийг хүргэснээр угаарын хийнд хордсон гэх дуудлага цөөрч, иргэд харьцангуй мэдээлэлтэй болж, зөв дадал хэвшилд суралцаж эхэлсэн тул өдөрт нэг удаа хэвлэлийн хурал хийж мэдээлэл өгч байхаар болсон гэдгийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн хэллээ. Тэрбээр Зөв галлагааны зөвлөмж хүргэж ажилласнаар олон нийт мэдээлэлтэй болж иргэдийн дуудлага нэлээд багассан. 24 цагаар ажиллаж байгаа шуурхай албаны албан хаагчид айл өрх бүрт зөвлөмж хүргэхээс гадна ханан пийшингийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаа. Гадагшаа явуулсан шинжилгээний хариу хараахан ирээгүй байна гэв. Сайжруулсан түлшийг хэрэглэснээс хойш нийслэлийн агаарын чанар хэрхэн өөрчлөгдөж байгаа талаарх мэдээллийг нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал хийлээ. Тэрбээр Нийслэлийн хэмжээнд 12 автомат агаарын чанарын станц ажиллаж байна. Есдүгээр сарын 30-наас энэ сарын 10-ны өдөр хүртэл агаарын чанарын үзүүлэлт PM агаарын тоосжилт хоёр дахин өссөн бол өнгөрсөн оны энэ үетэй харьцуулбал стандарт хэмжээнээс бага, хүхрийн хэмжээ стандарт хэмжээнд байна. Агаарын чанарыг өнгөрсөн оны аравдугаар сартай харьцуулбал хамгийн их агаарын бохирдол ихтэй Толгойт, Баянхошуу, Зурагтын орчинд агаарын чанар хэвийн хэмжээнд байгаа судалгаа гарсан гэлээ. Угаарын хийнд хордсон гэх дуудлагаар ирсэн иргэдийн биеийн байдал тогтвортой, хөнгөн хэлбэрийн хордлогод орсон иргэд анхан шатны эмчилгээг хийлгээд эмнэлгээс гарч өрхийн эмчийн хяналтад байгаа талаар нийслэлийн Эрүүл мэндийн газраас мөн мэдээлсэн юм. Сайжруулсан түлшний зөв хэрэглээг айл өрхүүдэд тараах ажил төвийн зургаан дүүргийн хэмжээнд 90 хувьтай байна. Угаарын хийнээс сэрэмжлүүлэх, зөв галлагааны талаарх зөвлөмж мэдээллийг үүрэн телефоны оператор компаниудаас иргэдэд мессэжээр хүргэхээс гадна томоохон худалдааны төв, олон нийтийн газруудад тараагдаж байгаа аж.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй