БНХАУ-ын 41 иргэнийг албадан гаргаж, 102 иргэний оршин суух зөвшөөрлийг цуцаллаа

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Гадаадын иргэн, харьяатын газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд орон нутагт уул уурхай, барилга, малын гаралтай түүхий эд, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж буй гадаадын иргэдэд хяналт шалгалтыг энэ оны 09 дүгээр сард зохион байгууллаа. Шалгалтанд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 224 аж ахуй нэгж, байгууллагын 33 улсын нийт 4027 гадаадын иргэн хамрагдсан байна. Шалгалтаар ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн БНХАУ-ын 41 иргэнийг Монгол Улсаас албадан гаргаж, Зөрчлийн тухай хуулийн дагуу 3 сая 700 мянган төгрөгийн торгууль оногдууллаа. Мөн бүртгэлийн болон оршин суух үнэмлэхээ биедээ авч явах журам зөрчсөн, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн БНХАУ-ын 29 иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу 2 сая 980 мянган төгрөгийн торгох шийтгэл оногдууллаа. Түүнчлэн мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Архангай аймгийн Найруулга ХХК-нд Бодонч анар констракшн ХХК, Өвөрхангай аймгийн Өв эко мийт ХХК-нд Энх Эрдэнэ Мөнх ХХК, Бажуалун ХХК, Эйч Кэ Би ХХК дээр НХХЯ-ны харьяа ХХҮЕГ-аас зам, барилгын чиглэлээр хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авсан боловч, мах боловсруулах үйлдвэрт зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлж байсан БНХАУ-ын 102 иргэний зөрчлийг илрүүлж, оршин суух зөвшөөрлийг нь цуцлан хүчингүй болгож Монгол Улсаас гаргасан байна. Эх сурвалж: ГИХГ

ХҮЧИТ ШОНХОР ЗАХАД МАХНЫ БӨӨНИЙ ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДЭД ТОРГУУЛИЙН АРГА ХЭМЖЭЭ АВЛАА

Чингэлтэй дүүргийн 11-р хороонд байршилтай Хүчит шонхор ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар махны худалдаа эрхэлж буй худалдаа эрхлэгчид худалдаалж буй маханд гарал үүслийн гэрчилгээ, дагалдах төлбөрт үйлчилгээний хуудасгүй, бөөнөөр нийлүүлэхдээ бэлтгэн нийлүүлэлтийн гэрээгүй, нийлүүлсэнийг нотлох падаан баримтгүй, ул мөр тогтоох урагш, хойш шатны бүртгэл бүрэн гүйцэд хөтөлж хэвшээгүй зэрэг зөрчилтэй байна. Мөн зориулалтын бус тээврийн хэрэгслээр мах, махан бүтээгдэхүүнийг тээвэрлэж, эрүүл ахуйн шаардлага хангахгүй ил задгай орчинд мах, хүнсний бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээ эрхлэж байгаа иргэдэд зохих арга хэмжээ авч ажиллах тухай Хүчит шонхор ХХК-д улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага өгч ажиллалаа. Эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд нөхцөлд машинаас худалдаа эрхэлж байсан 40 иргэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгууль шийтгэвэр ногдууллаа.

ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЗОХИСТОЙ ДАДАЛ НЭВТРҮҮЛЖ АЖИЛЛААГҮЙ ЗӨРЧИЛД ШИЙТГЭЛ НООГДУУЛЛАА

Олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээллийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн ХЧСХУБ, ЭАХХХУБ нар тус дүүргийн 8 дугаар хороонд байрлах Таванбогдвашёкү ХХК-ийн Нагоми-2 рестораны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхдээ үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлээгүй,холбогдох дүрэм журам дагаж мөрдөөгүй зөрчлийг илрүүлэн Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэл оногдуулан, зөрчил арилгуулах талаар албан даалгавар хүргүүлэн ажиллалаа.

20 гаруй хүнд хордлогын шинж илэрчээ

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинат УТҮГ-ын ажилчид химийн бодисийн хордлогод өртсөн гэх мэдээллийн дагуу МХЕГ-аас газар дээр нь шуурхай ажиллалаа. Үйлдвэрлэлийн жилийн ажил эхлэхтэй холбогдуулан тус үйлдвэрийн газрын даргын тушаалаар Ажлын хэсэг байгуулан ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг энэ сарын 20-ны өдөр хийжээ. Улмаар 09.23-24-ний өдрүүдэд үйлдвэрийн ажиллагсадаас дотор муухайрах, гүйлгэх, суулгах, толгой өвдөх, даралт ихсэх, бие дээр тууралт гарах зэрэг зовиуртайгаар 20 хүн үйлдвэрийн эмчид хандан хордлого тайлах эмчилгээ хийлгэж, 60 орчим хүн тандалтад хамрагдсан байна. Иймд МХЕГ-аас хордлогод өртсөн байж болзошгүй ажилтнуудыг Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд яаралтай үзүүлэх, ажлын байруудад агааржуулалт хийх, байгууллагын үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус комиссыг яаралтай хуралдуулж, хордлогын мөрөөр арга хэмжээ авах талаар үүрэг өглөө. Ариутгал, халдваргүйтгэлд ашигласан гэх бодис нь зөвшөөрөгдсөн бодис байсан бөгөөд Мэргэжлийн хяналтын байгууллагаас хордлогын шалтгаан, нөхцлийг тодруулахаар ажиллаж байна.

АВТОМАШИНЫ ЗОГСООЛЫН БАЙРАНД ЗОХИХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ХҮНСНИЙ ЧИГЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛЖ БАЙСАН ЗӨРЧИЛД ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ НЭЭЛЭЭ

Иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 19 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг иргэн Ц.У-гийн Намуун од хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар тус дэлгүүр нь зориулалтын бус байранд буюу автомашины зогсоолын байранд зохих зөвшөөрөлгүйгээр хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлсэн, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг хөтлөөгүй, холбогдох дүрэм, журам, стандарт хангаагүй,нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан зөрчлийг илрүүлж 1906003612 дугаартай зөрчлийн хэрэг нээн шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.