Дөрвөн вагон хөгцөрсөн цагаан будааг илрүүлэн, буцаалаа

Энэ сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор Вьетнам улсаас Монгол Улсын нэр бүхий компанийн импортолсон 290 тонн буюу 4 вагон цагаан будаа нь тээвэрлэлтийн горим зөрчигдсөний улмаас чанар, аюулгүй байдал алдагдаж хөгцөрсөн байсныг мэргэжлийн хяналтын байгууллагаас илрүүлэн экспортлогч оронд нь буцаалаа. Өнгөрөгч 06, 07 дугаар саруудад мөн энэ төрлийн зөрчлийг илрүүлж, будааг экспортлогч улсад буцааж байсан бөгөөд хамгийн сүүлд энэ сарын 05-ны өдөр 60 тонн будааг хилээр нэвтрүүлэлгүй буцаасан билээ.

Хууль бусаар алт олборлосон гэх хятад иргэдийг холбогдох байгууллагад нь шилжүүлжээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хууль бусаар, хятад иргэд алт олборлож байна гэх мэдээллийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Прокурор, Цагдаагийн байгууллага хамтран 2019.07.29-ний өдөр газар дээр нь очиж хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар Ерөө сумын Бугант тосгонд Сэлэнгэ Эрдэнэ вангийн хошуу нөхөрлөл нь 3.96 га талбайд АМГТГ-аас олгосон дүгнэлт, сумын Засаг даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр бичил уурхайн үйл ажиллагааг явуулахаар хөрс хуулалтын ажил хийж байсан. Мөн БНХАУ-ын 8 иргэн алт угаах тоног төхөөрөмжийг угсрах ажил гүйцэтгэж байсныг шалгахад ямар нэг бичиг баримтгүй ажиллаж байв. Иймд тус нөхөрлөлийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг битүүмжлэн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн, гадаадын иргэдтэй холбоотой асуудлыг аймгийн Гадаадын иргэн харъяатын газраас шалгаж байгаа аж. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Ерөө сумын нутагт ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг үргэлжлүүлэн хийж байна.

АТГ хэрэг бүртгэлтийн 346 хэргийг шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны 7 дугаар сард гэмт хэргийн шинжтэй 41 гомдол мэдээлэл хянан үзсэнээс 6 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлж, одоо 16 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 61.0 хувьтай байна. Мөрдөн шалгах хэлтэст хүлээн авч шалгасан 41 гомдлын 27 нь Улаанбаатар, 14 нь орон нутгийн харьяаллын гомдол эзэлж байна. Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд 2019 оны 7 дугаар сард хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 440 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнээс 9 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар, 30 хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, одоо 395 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна. Үүнээс 346 нь хэрэг бүртгэлтийн, 49 нь мөрдөн байцаалтын хэрэг байна. Тус хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн 10.0 хувийг шийдвэрлэжээ. Нийтэлсэн:Авлигатай Тэмцэх газар

ТҮЦ-д худалдаалж байсан хавчуургатай талхнаас хордсон иргэд ХӨСҮТ-д эмчлүүлж байна

2019 оны 07 дугаар сарын 18-наас 22-ны өдрийн 16 цагийн байдлаар ХӨСҮТ-д ТҮЦ-ээр худалдаалагдаж байсан хаяг, шошгогүй хиам, өндөгтэй хавчуургатай талх худалдан авч хэрэглэсэн 22 иргэн хоолны хордлого гэсэн оноштойгоор оношлогдож, одоогийн байдлаар 3 хүн эрчимт эмчилгээний тасагт, бусад өвчтөн энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Дээрх хугацаанд бусад шалтгаанаар 20 хоолны хордлого, халдварын тохиолдол бүртгэгджээ. Шалгалтын явцад Баянзүрх дүүргийн харъяат иргэн Т,Т нар хиам, өндөгтэй хавчуургатай талхыг Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Гэрэлт СӨХ-ийн байранд оршин суугч иргэн А-ын гэрт бэлтгэж тараасныг илрүүлэн, таслан зогсоолоо. Мөн түргэн үйлчилгээний цэгүүдэд тарааж, худалдаалж байсан хавчуургатай талхыг хураан авч, зохих журмын дагуу устгаж Зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна. Иймд иргэд та бүхэн Түргэн үйлчилгээний цэг болон ил задгай гар дээрээс түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байх, хүнсний худалдаа эрхлэгч нар хаяг, шошгогүй, шошгын зөрчилтэй, хадгалалтын горим зөрчсөн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүн худалдаалахгүй байхыг онцгой анхааруулж байна. НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Түймрийн улмаас 24.2 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар байдлаар Улаанбаатар хот, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн 43 суманд нийт 89 удаагийн ой, хээрийн гал түймэр гарчээ. Түймрийн улмаас байгаль экологид 23.7 тэрбум төгрөг, түймрийг унтраахад 449.6 сая төгрөгийн зардал гарч,нийт 24.2 тэрбумтөгрөгийн хохирол учирсан байна. Урьдчилсан байдлаар 49.5 мянган га ой, 250 мянган га хээрийн талбай, нийт 300 мянган га талбай түймэрт өртөж, 13 байшин, гурван гэр шатсан. Дээрх түймэрт Онцгой байдлын байгууллагаас 1790 алба хаагч, 186 автомашин, Хилийн цэргийн байгууллагаас 146 алба хаагч, 16 автомашин, Цагдаагийн байгууллагаас 27 алба хаагч, 2 автомашин, орон нутгаас 1887 иргэн, 245 автомашин, 35 мотоцикль, 118 морь, нийт 3850 хүн, 484 техник хэрэгсэл, 118 морьтойгоор, Зэвсэгт хүчний жанжин штабын МИ-171Е загварын нисдэг тэргээр 9 удаа хүн, хүч хэрэгслийг зөөвөрлөн ажиллажээ. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд дөрөв, Мандал суманд нэг, Алтанбулаг суманд нэг, нийт зургаан түймэр асч байна. Баяр амралтын өдрүүдээр тус аймагт нийтдээ долоон түймэр гарснаас нэгийг бүрэн унтраасан бөгөөд дээрх зургаан түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 101 алба хаагч, 8 автомашин, орон нутгаас 56 иргэн, 4 автомашин, нийт 157 хүн, 12 техник хэрэгсэлтэй түймрийн голомтод ажиллаж байна гэжОнцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.