“ФАУНД ТАУН” РЕСТОРАНААС ҮДИЙН ЦАЙ НИЙЛҮҮЛДЭГ “УУДАМ МОНГОЛ”СУРГУУЛИЙН 6 СУРАГЧИД ХООЛНЫ ХОРДЛОГЫН ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРЧЭЭ

Баянзүрх дүүргийн 13-р хороо, Цэцээ гүн сургуулийн байранд байрлах Уудам Монгол эдүкейшн ахлах сургуулийн 19 хүүхэд хоолны хордлогын шинж тэмдэгтэйгээр Халдварт өвчин судлалын үндэсний төвд үзүүлжээ. Үүнээс 14 сурагч ХӨСҮТ -д хэвтэн эмчлүүлж, 5 сурагч гэрээр эмчлүүлж байна. БЗД дүүрэг дэх мэргэжлийн хяналтын улсын байцаагчид тус сургуулийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж ажиллалаа. Уудам Монгол эдүкейшн сургуульд 2019.09.11-ний өдөр өдрийн хоолонд тахианы зутан шөл, үхрийн махан котлет олгогдож, нийт 103 сурагч, 9 багш, ажилтнууд хооллосон байна. Тус сургуулийн хоолыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Фаунд таун ресторанаас гэрээний үндсэн дээр нийлүүлдэг болох нь тогтоогдлоо. Хяналт шалгалтын явцад тус сургуулийн 6-11 дүгээр ангийн 4 хичээлийн танхимаас 15 арчдас, коридорт байрлах цэвэр усны төхөөрөмжийн уснаас дээж авч шинжлүүлэхээр НМХГ-ын Төв лабораторид хүргүүллээ. Шалгалтаар хоолны дээж аваагүй, хоол хүнсийг хадгалалтын шаардлага хангахгүй нөхцөлд тээвэрлэн түгээж олгосон зөрчил илэрлээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Шинжилгээнд хамруулсан тарагнаас энтеробактер илэрчээ

Нийслэлийн 84 дүгээр сургуульд үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж Коко десерт ХХК-ний үйл ажиллагааг НМХГ-аас шалгахад хүнсний зориулалтын бус саваар тараг тээвэрлэж, түгээж байсан зөрчил илэрсэн. Зөөвөрлөж ашиглаж байсан сав, таргийг лабораторийн шинжилгээнд хамруулахад гэдэсний халдвар үүсгэгч энтеробактер /enterobacter spp/ илэрчээ. Тус сургуулийг үдийн цайгаар хангагч байгууллагын үдийн цайгаар хангах үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа юм. Мөн Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд байрлах Билгүүн номч сургуулийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл, элсэлтийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийхэд тус сургууль нь зориулалтын байргүй, рестораны хоёрдугаар давхар, дээврийн хэсэгт түрээсээр үйл ажиллагаа явуулж байв. Тус байр нь зориулалтын бус, стандартаас бага хэмжээтэй, дээвэр хэсгийн шат стандарт бус учир хүүхэд унаж бэртэх эрсдэлтэй, сургалтын төлөвлөгөөг Нийслэлийн Боловсролын газраар батлуулаагүй зэрэг зөрчил илэрчээ. Түүнчлэн сурагчдыгнэгдүгээр давхрын ресторанд хооллож буй нь үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж нөхцөлийг хангахгүй, хоол үйлдвэрлэлийн явц, хүнсний эрүүл ахуйн нөхцөлд сургуулийн үдийн цайны хяналтын комисс хяналт тавих боломжгүй байна. Шалгалт үргэлжилж байна гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ

Тарваган тахал өвчний нян илэрчээ

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар зэрэг байгууллагууд хамтран аймгийн Засаг даргын Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай захирамжийн хүрээнд Өлгий сумын авто тээврийн шалган нэвтрүүлэх цэгүүдэд болон хөдөлгөөнт эргүүл гаргаж хяналт шалгалт хийж байна. Хяналт шалгалтын явцад тарвага агнах зорилгоор буу авч явсан,тарвага агнахыг завдсан зөрчлүүдийг илрүүлэн таслан зогсоож, зөрчил гаргасан иргэдэд тарвага агнахгүй байх, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгөв. Мөн энэ сарын 06-ны өдөр Дэлүүн сумын 2-р баг, Ангирлаг уул гэх газарт үхсэн тарваганаас дээж авч аймгийн ЗӨСТ-ийн лабораторид шинжлэхэд тарваган тахал өвчний нян илэрчээ. Баян-Өлгий аймгийн тарваганы нөөц бүхий нутгуудад тарваган тахал өвчний голомттой тул тарвага агнахгүй байх, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлүүлэхийг иргэдэд АНХААРУУЛЖ байна.

Хууль бусаар хайлуур жонш олборлож байв

Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран тус аймгийн Өлзийт сумын нутагт урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж тусгай зөвшөөрөлгүй хайлуур жонш олборлож байсан иргэдийн үйл ажиллагааг таслан зогсоов. Улмаар Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулж, хууль бусаар олборлосон хайлуур жоншийг улсын орлого болгон зөрчил гаргасан иргэдээр техникийн нөхөн сэргээлт хийлгэжээ. Тус сумын удирдлага, холбогдох албан тушаалтнуудад комисс гарган нөхөн сэргээсэн талбайг хүлээж авах, цаашид хууль бус үйл ажиллагааг давтан гаргуулахгүйгээр байнгын хяналт тавьж ажиллах талаар үүрэг чиглэл өглөө.

ЗАЙРМАГИЙН МУХЛАГ НЬ БЭЛДЭЦИЙГ ЗОРИУЛАЛТЫН БУС САВАНД ТЭЭВЭРЛЭЖ БАЙСАН ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛЛАА

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дэд даргын баталсан 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 01/234 тоот Сүүн зайрмагны худалдаалалтын байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамжийн хүрээнд хяналт шалгалт хийгдлээ.Шалгалтаар Чингэлтэй дүүргийн 1-р хороонд үйл ажиллагаа явуулж байсан иргэн Э-ийн зөөлөн зайрмагийн мухлаг нь бэлдэцийг зориулалтын бус саванд тээвэрлэж байсан нь ХБАБХТХуулийн 12.1 дэх заалтыг зөрчсөн тул ЗТХ-иар илэрсэн зөрчилд нь арга хэмжээ авч хугацаатай албан даалгавар хүргүүлж хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллалаа.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.