Ковид-19 цар тахалын халдварын тоо эрчимтэй өсч байгаатай холбогдуулан Холбооны Засгийн газраас 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр халдварын дэгдэлтийг тогтоох зорилгоор хөдөлгөөний хязгаарлалт, бусад нэмэлт арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн талаар нийтэд танилцуулав. Хөдөлгөөний хязгаарлалт, нэмэлт арга хэмжээг 2020 оны 11 дүгээр сарын 3-наас 11 дүгээр сарын 30-ныг дуустал мөрдөнө. Тухайлбал, 1. Оройны 20:00 цагаас өглөөний 06:00 хүртэл гарах хөдөлгөөний хязгаарлалттай бөгөөд дараах нэн шаардлагатай тохиолдолд гэрээс гарахыг зөвшөөрнө. (2020.11.12-ныг дуустал мөрдөж, шаардлагатай тохиолдолд 11 дүгээр сарыг дуустал сунгана.) Хүний амь настай холбоотой, эсвэл эд хөрөнгө аюул, эрсдэлд орсон тохиолдолд, Гэр бүлийн хойшлуулах боломжгүй хэрэгцээ, үүрэг хариуцлагыг гүйцэлдүүлэх, хэн нэгэнд шаардлагатай асаргаа сувилгаа, дэмжлэг үзүүлэх шаардлагатай тохиолдолд, Өдөр тутмын амьдралын хэрэгцээг хангах зүйл дутагдалтай нөхцөлд, түүнийг шаардлагатай хэмжээнд бүрдүүлэх, Нэн шаардлагатай нарийн мэргэжлийн ажилтан үүрэгт ажлаа биелүүлэх шаардлага үүссэн тохиолдолд, Биеийн тамир, физологийн амралт хөдөлгөөн хийх, нохойтой болон нохойгүй гадаа гүйх, дасгал хийх, 2. Харилцан 1 метр зай барих дүрэм сахина. Нэг гэрт амьдардаггүй бол задгай гадаа талбайд харилцан 1 метр зай барих, дотор бол нэмэлтээр хүн бүр маск зүүх үүрэг хүлээнэ. Бага насны хүүхэд (6 хүртэл нас) маск зүүхгүй байж болно. Метро, автобус, автобусны буудал, онгоцны буудал зэрэг нийтийн тээврийн хэрэгсэлд масктай үйлчлүүлнэ. Такси болон автомашинаар зорчихдоо нэг гэрт хамт амьдардаггүй бол нэг эгнээнд 2-оос илүү зорчигч сууж болохгүй. Тусгай хэрэгцээт иргэдийн тээвэр, хүүхдийн цэцэрлэгийн автобусанд энэ дүрмийг мөрдөхгүй. 3. Хуримын үйл ажиллагааг хориглоно. Шашны нийгэмлэгүүд халдварын эрсдлийг багасгах өөрийн дүрэм журамтай байдаг. Дотор танхимд бүгд маск хэрэглэнэ. Харин оршуулах ёслолын үйл ажиллагааг 50-аас илүүгүй хүнтэй зохион байгуулна. Ажлын байранд албан хаагчид хоорондын зайг 1 метрээс багагүй зай барих, зай барих боломжгүй, эсвэл плекси шилэн хаалтгүй бол маск зүүх ёстой. Ажил олгогч боломжтой гэж үзвэл гэрээс ажиллуулна. 4. Үйлчилгээ, зоогийн газар, зочид буудал түр хугацаанд хаалттай. Зоогийн газрууд зөвхөн хүргэлтийн болон бэлэн хоолыг ирж авах хэлбэрээр ажиллаж болно. Бар, шөний клубууд хаалттай. Зочид буудлууд аялал, жуулчлалын зорилгоор ирэх зочдыг хүлээн авахгүй, харин ажил мэргэжлийн шаардлагаар томилолтоор явж буй зочдыг хүлээн авч болно. Худалдааны газруудын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх бөгөөд үйлчлүүлэгч, ажилтан масктай нэвтэрч, 10мкв нэгж талбайд нэг үйлчлүүлэгч байхаар тооцож хязгаарлана. 5. Чөлөөт цаг өнгөрүүлэх төвүүдийг үйл ажиллагааг түр зогсооно. Кино театр, концерт, музей, фитнес төв, нийтийн бассейн зэрэг газрууд бүгд 11 дүгээр сарын 30-ныг дуустал хаалттай. Олон нийтийг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглоно. Үүнд харилцан контакттай спортын төрөл буюу хөл бөмбөг зэрэг хамаарна. Харилцан контактгүй бие даан спортоор хичээллэгчийг зөвшөөрнө, спортын төвүүдэд сонирхогчийн спортыг хориглоно, харин задгай гадаа талбайд бол голф, теннис, хөнгөн атлетик зэрэг төрлийг зөвшөөрнө. Мэргэжлийн спортын үйл ажиллагаа үзэгчгүйгээр зохион байгуулагдана. 6. Цэцэрлэг, бага ангийн сурагчдийн хичээл хэвийн үргэлжилж, 10-14 насны дунд ангийн сурагчид хичээлийн үеэр маск зүүнэ, ахлах ангийн хичээл болон их дээд сургуулиуд зайны сургалтанд шилжинэ. 7. Ахмадын асрамж, сувиллын газрууд ирэх эргэлтийн тоог хязгаарлана. Хоёр өдөрт нэг удаа эргэлт хүлээн авах дүрмийг 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл мөрдөнө. Эргэлтээр очих хүн шинжилгээний бичигтэй байх эсвэл шаардлага хангасан нарийн шүүлтүүртэй масктай нэвтэрч болно. МОНГОЛ УЛСААС АВСТРИ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Б.ШҮРЭНЦЭЦЭГ: “ЭЭЖ” нэвтрүүлэг аймаг бүрээс 9 ээжийг алдаршуулна
2020-11-02 11:22:59 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээТөр мэдээллийн агентлаг ээжүүдийг алдаршуулах ЭЭЖ үндэсний контентийг бэлтгэн хүргэж байгаа. Уг бүтээл нь ээж хүний сургаал залбирал, үр хүүхдээ хүмүүжүүлэх арга ухаан, амьдралын түүх, дурсамжийг мөнхөлж, нийгэмд эерэг өөрчлөлт, хандлагыг бий болгох зорилгоор бүтээгдэж буй хөрөг нэвтрүүлэг юм. Уг нэвтрүүлэг нь эх үрсийн нандин холбоо, ээжийн туулсан амьдрал замнал, хөдөлмөр бүтээл, тэсвэр хажуужил, зан чанар, сургаал, дурсамжийг дуу, дүрсний нийлэмж болоод сэтгүүлчийн өгүүлэмжээр үзэгчдэд хүргэдэг, гэр бүлийн нандин архивыг бүтээх оюуны бүтээл аж. Тэгвэл уг нэвтрүүлгээ орон даяар хэрэгжих төсөл болгон зарлаж, 21 аймаг бүрээс алдар хүндлэлийн дээд болсон 9 ээжийг алдаршуулах юм байна. Тус нэвтрүүлгийн санаачлагч, сэтгүүлч Б.Шүрэнцэцэгтэй ярилцлаа. -Ээж нэвтрүүлэг төсөл болж 21 аймагт хэрэгжих юм байна. Яагаад төсөл болж хэрэгжих болов? -Эх хүн бол үр хүүхдэдээ хамгийн үнэ цэнэтэй эрдэнэ нь байдаг шүү дээ. Ижийн сургаал, үр хүүхдээ хүмүүжүүлэх арга ухаан, ерөөл, залбирлыг мөнхлөх зорилготой Ээж нэвтрүүлэг маань орон даяар төсөл болон хэрэгжих гэж байна. Манай баг 21 аймаг бүрээс 9 ээжийг алдаршуулахаар энэ төслөө эхлүүлж байна. Үр хүүхдээ зөв хүн болгон хүмүүжүүлсэн өнөр гэр бүлийн эзэн болсон тэр л ээжүүдийг оролцуулахыг зорьж байгаа. Ээж хэмээх эрхэм ачтануудыг шалгуур тавьж шүүх нь өрөөсгөл ч бүх ээжийг оролцуулах боломж хязгаарлагдмал. Юутай ч эгэл жирийн мянга мянган сайхан ээжүүдийн төлөөлөл тэд байх болно гэдэгт итгэлтэй байна. -Есийн тооны тухайд? -Монголчууд есийн тоог бэлгэшээдэг ард түмэн. Есийн тоог оюун ухааны хүчний дээд илэрхийлэл гэж үздэг. Бид нэвтрүүлгээрээ дамжуулан оюунлаг, хөдөлмөрч ээжүүдийнхээ үлгэр дуурайлал, сургаал, сургамжийг залуу ээжүүдэд хүргэхийг зорино. Нэг ёсондоо ээжүүдийн агуу ухаанаар дамжуулан нийгэмд эерэг хандлага түгээхийг хүсэж байгаа. -Бүртгэл хэзээнээс эхлэх вэ? Орон нутагт зураг авалт явагдах уу? Бүртгэл 2020 оны 11 дүгээр сарын 01-нээс эхэлж байгаа. Аймаг бүрээс 9 алдарт ээжээ бүртгэж дуусаад бид зураг авалтдаа орно. Ээж нэвтрүүлгийн өмнөх дугаарууд малчдын төв телевиз болох Малчин ТВ, National TV, TV10, OTV зэрэг телевизээр гарч байсан. Энэ удаа илүү олон ТВ-ээр гаргахаар төлөвлөсөн. Дээрх телевизүүдээс гадна Төр.мн (www.tur.mn)мэдээллийн сайтын тусгай буланд байршуулна. Мөн Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбооны гишүүн, мэдээллийн шилдэг 10 сайт дээр давхар нийтлэгдэж олон түмний хүртээл болно. Төсөл маань зөвхөн үздэг нэвтрүүлгээс гадна уншдаг хэлбэртэй байх юм. -Үзэхээс гадна уншдаг гэхээр? -Ээжүүдээ нэвтрүүлгээр алдаршуулахаас гадна номонд мөнхөлнө. Өөрөөр хэлбэл нэвтрүүлгээс гадна ээжүүдэд зориулсан хөрөг нийтлэлээс бүтсэн МОНГОЛ ЭЭЖ номыг хэвлэж, өргөн барина. Энэ хорвоогийн эрдэнэ болсон энэрэлт сайхан ээжүүдээ ЭЭЖ нэвтрүүлэгт оролцуулж, нэр алдар, дүрийг нь мөнхлөөрэй. Хэн бүхэнд нээлттэй байх болно оо. -Төслийн ажилд амжилт хүсье! -Баярлалаа.
"Виз гаргана”, “албадан гаргахаас чөлөөлнө” зэргээр их хэмжээний мөнгө авахыг завдсан гэмт үйлдэл гарч байна
2020-10-26 10:35:55 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээСүүлийн үед Гадаадын иргэн, харьяатын газрын нэрийг ашиглан виз гаргана, албадан гаргахаас чөлөөлнө, давуу байдал олгоно гэх зэргээр гадаадын иргэн, тэдгээрийг уригч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнээс их хэмжээний мөнгө авахыг завдсан гэмт үйлдэл цөөнгүй гарч байна. Тухайлбал, тус байгууллагаас 2019 онд чөлөөлөгдсөн иргэн Т, одоо ажиллаж буй ажилтан Б нар нь гадаадын иргэнд давуу байдал олгохоор үгсэн тохиролцсон нь мэргэжлийн ёс зүйгүй үйлдэл бөгөөд уг ёс зүйгүй үйлдлийг дотоод хяналт шалгалтаар тогтоогоод байна. Иймд Монгол Улсад албан болон хувийн хэргээр зорчиж буй гадаадын иргэн, тэдгээрийг уригч иргэн, аж ахуйн, нэгж байгууллага нь Монгол Улсын хууль тогтоомжийг чанд сахин мөрдөж, энэ мэт худал мэдээлэлд автахгүй байж, гэмт үйлдлийн золиос болохгүй байхыг анхааруулж байна. Цаашид байгууллагын албан хаагчидтай холбоотой авлига, албан тушаалын зөрчлийн талаарх мэдээллийг7013-3444дугаарын утсанд мэдээлнэ үү гэжГИХГ-аас мэдээллээ.
Швейцарын Холбооны Улсын Засгийн газар10 дугаар сарын 18-ны Ням гарагт тусгай хуралдаан хийж, коронавируст халдварын нөхцөл байдалтай холбогдуулан дараах арга хэмжээг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 00 цагаас орон даяар мөрдөхөөр тогтжээ. Үүнд: -Дэлгүүр, худалдааны төв, банк, шуудан, зоогийн газар, тээврийн хэрэгслүүд, онгоцны буудал, захиргааны байгууллагууд зэрэг олон нийтийн бүх газруудад 12-оос дээш насны иргэд амны хаалт зайлшгүй хэрэглэх; -Нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэгт хүрээлэнд нэг дор 15 хүн цуглахыг хориглох; -15-аас дээш 100-аас бага хүнтэй арга хэмжээ зохион байгуулах тохиолдолд хүн тус бүрийн мэдээллийг бүртгэж, оролцогчид амны хаалт хэрэглэн зай барих; -Швейцарын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн аж ахуй нэгж, төрийн байгууллагууд, гадаад улсын дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд иргэдтэй биечлэн харилцаж үйлчилгээ үзүүлэхээс зайлсхийх, -Ажил олгогчид ажилтнуудаа аль болох гэрээсээ ажил үүргээ гүйцэтгэх боломжоор хангах зэрэг болно. Түүнчлэн Холбооны Засгийн газраас коронавируст халдварын 2 дахь давлагаа өмнө урьдчилан таамаглаж байснаас илүү сөрөг үр дагаврыг хүн амын эрүүл мэндэд учруулж болзошгүйг онцлоод нийтээр дагаж мөрдөх арга хэмжээг сайтар хэрэгжүүлэхийг анхааруулав. Иймд иргэд оршин суугаа орноос авч хэрэгжүүлж буй дүрэм журмыг биелүүлж, зайлшгүй яаралтайгаас бусад тохиолдолд консулын үйлчилгээ биечлэн авах хүсэлтээ халдварын дэгдэлт намжтал түр хойшлуулахыг тус улс дахь ЭСЯ-наас мэдээллээ.
Л.ГЭРЭЛМАА: ӨДӨР ӨНЖҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭГ ЗООРИЙН БУЮУ В1, ГУРВААС ДЭЭШ ДАВХАРТ ЭРХЛЭХГҮЙ
2020-10-16 12:31:12 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ МХЕГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Л.Гэрэлмааг Байцаагчийн нэг өдөр буланд урьж, өдөр өнжүүлэх үйлчилгээ, тавигдах шаардлага, анхаарах асуудлын талаар ярилцлаа. -Өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд ямар шаардлагууд тавигддаг вэ. Тогтоосон стандарт байдаг уу? -Энэ оны 3 дугаар сард БСШУСС-ын тушаалаар өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тавигдах нийтлэг шаардлагыг батлан гаргасан. А/152 дугаар тушаалаар. Энэ нийтлэг шаардлага ерөнхий болон тусгай шаардлага гэсэн хэсгээс бүрдэж байгаа. -Ерөнхий болон тусгай шаардлагын талаар та дэлгэрүүлж ярихгүй юу. Жишээ нь, энэ үйл ажиллагааг анх эрхлэх гэж байгаа тохиолдолд хаана хандах ёстой вэ? -Ерөнхий шаардлагад үйл ажиллагаа явуулж байгаа тухайн байгууламжийнхаа гадна талд хаягаа байршуулахаас эхлээд хүүхдийн хөгжлийг дэмжсэн ямар ажил зохион байгуулах вэ гээд үйл ажиллагааны ерөнхий чиглэлийг хамруулсан байгаа. Шинээр өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тухайн аймаг, дүүргийн Засаг даргын байгуулсан ажлын хэсэг урьдчилсан хяналт шалгалт хийж, энэхүү нийтлэг шаардлагыг хангаж байгаа эсэхэд дүгнэлт гаргана. Ажлын хэсгийн дүгнэлтийг нийслэлийн дүүрэг, аймгийн Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөлөөр хэлэлцээд өдөр өнжүүлэх үйлчилгээ зохион байгуулахыг дэмжих эсэх талаарх шийдвэрийг гаргах юм. Дэмжсэн тохиолдолд харьяалах нутаг дэвсгэрийнхээ ЕБС-д хандаж, хамтран ажиллах санамж бичиг байгуулна. Мөн эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлтийн дагуу гэрээ хийж, хүүхдийг хамруулна. -Хүүхдийн тоонд хязгаар тогтоосон уу? -Өдөр өнжүүлэх үйлчилгээ нь бүлгийн зохион байгуулалттай байх ба нэг бүлэг 15 хүртэлх хүүхдийг хамруулна. Бүлэг бүр багш, багшийн туслах ажилтантай байна. -Тэгвэл тусгай шаардлагад ямар асуудал хамаарч байгаа вэ? -Тусгай шаардлагад орчин, үйлчилгээ, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал болон хүний нөөцөд тавигдах шаардлагууд хамаарч байгаа. Тухайлбал, өдөр өнжүүлэх үйлчилгээний өрөө тасалгаа тухайн барилга байгууламжийн 3 хүртэлх давхарт байрласан байна. Зоорийн буюу В1 давхарт өдөр өнжүүлэх үйлчилгээг эрхлэхгүй. Өрөө тасалгааны нийт талбай нэг хүүхдэд 5 мкв-аас багагүй талбай оногдохоор байх зэрэг нарийвчилсан асуудлууд тусгагдсан. -Өнгөрсөн жил нэр бүхий нэг өдөр өнжүүлэхийн багш хариуцлага алдсан тухай мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээн яригдсан. Ер нь хүүхдэд эрсдэл үүсгэхгүй байхын тулд юуг анхаарах хэрэгтэй вэ? -Энэ нийтлэг шаардлага нь хүүхдэд эрсдэлгүй, аюулгүй орчинг бүрдүүлж, чанартай үйлчилгээ үзүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Орчны тухайд гэхэд хүүхдийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом, хичээл давтах, хооллоход зориулсан ширээ, сандал, хувцасны өлгүүр, шүүгээ гээд шаардлагатай тавилга хэрэгсэлтэй байна. Эдгээр тавилга хэрэгсэл нь бүрэн бүтэн, хөдөлгөөнгүй буюу тогтвортой байрлуулсан, хүүхэд бэртэх, гэмтэхээс урьдчилан сэргийлсэн, аюулгүй байдлыг хангасан байна гээд маш нарийн тусгагдсан байгаа. Өрөө тасалгаа нь байгалийн болон зохиомол гэрэлтүүлэг, агааржуулалтын систем, камертай байна. Камерийн бичлэгийг 1 сараас доошгүй хугацаанд хадгална. Ариун цэврийн өрөө нь хүүхдийн нас, хүйсийн онцлогт тохирсон суултуур, гар угаагууртай, байнгын бүрэн ажиллагаатай байна. Ажилтнуудад зориулсан суултуур, ариун цэврийн өрөө тусдаа байх. Өдөр өнжүүлэх үйлчилгээний өрөө тасалгаанд хүн амьдрах, гадны хүн оруулахгүй гээд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн олон шаардлага тусгагдсан. -Орчноос гадна үйлчилгээний асуудал маш чухал. Энэ тал дээр ямар шаардлагууд тавигдаж байгаа вэ? -Өдөрт хүүхдэд нэгээс доошгүй удаа эрүүл, шим тэжээллэг халуун хоол, цайгаар үйлчилнэ. Мэргэжлийн тогоочтой байх ба хүүхдийн хоолны цэсийг эцэг эх, асран хамгаалагчийн саналыг үндэслэн боловсруулж, жор, технологийн дагуу хийнэ. Тухайн хоол хүнсний бүтээгдэхүүн нь гарал үүслийн бичигтэй, шинжилгээ баталгаажилттай, хаяг, шошго бүрэн бүтэн, стандартын шаардлага хангасан байна. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг шаардлага хангасан нөхцөлд хадгалах, бэлтгэсэн хоол, хүнс бүрээс өдөр бүр дээж авч хадгалах, сав суулгыг тогтмол угааж цэвэрлэн ариутгах гээд бүхий л нөхцөлүүд уг шаардлагад бий. -Цар тахлын энэ үед цэвэрлэгээ, ариутгалд илүүтэй анхаарах ёстой байх? -Сургууль, цэцэрлэгүүдэд өнөөдөр ямар шаардлага тавигдаж байна, яг тэр шаардлага өдөр өнжүүлэх үйлчилгээнд тавигдана. Хүүхдэдээ маск зүүлгэж хүргэж өгнө, өглөө бүр халууныг нь хэмжүүлнэ, ханиах, найтаах, халуурах гээд амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрвэл сургууль, өдөр өнжүүлэхэд явуулахгүй байх. Өдөрт нэгээс доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийхдээ шинжилгээ баталгаажилттай, батлагдсан бодисыг ашиглан зааврын дагуу хийнэ гэж заасан. -Багш, ажиллагсдын эрүүл мэндийн асуудал бас их чухал? -Тэгэлгүй яахав. Багш жилд 1 удаа, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалт, боловсруулалт, түгээлтэд оролцдог ажилтнууд 6 сар тутамд эрүүл мэндийн шинжилгээнд орох ёстой. Түүнчлэн ундны усны чанар, аюулгүй байдалд жилд 1 удаа мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулна. Зөөврийн усан хангамжтай тохиолдолд ундны ус зөөх, хадгалах сав нь хүнсний зориулалтын, угааж цэвэрлэхэд хялбар байхаас гадна ундны усны савыг 7 хоногт 1-2 удаа бүрэн суллаж, угааж, халдваргүйжүүлнэ. -Ярилцсанд баярлалаа.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй