БНСУ-ын хилээр нэвтрэх журамд өөрчлөлт оруулжээ

БНСУ-ын Засгийн газраас COVID-19 вируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ирэх зургадугаар сарын 1-ний өдрийн 00:00 цагаас эхлэн тус улсын хилээр нэвтрэх журамд дараах өөрчлөлтийг оруулахаар болжээ. 1. Дипломат /А-1/, Албан /А-2/, Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу /А-3/ болон Солонгос гаралтай /F-4/-аас бусад урт хугацаанд оршин суух визтэй гадаад иргэд БНСУ-ын хилээр гарахаас өмнө харъяа Гадаадын иргэн харьяатын газраас дахин орох зөвшөөрөл /re-entry/ авах шаардлагатай. Дахин орох зөвшөөрөл авалгүйгээр БНСУ-ын хилээр гарсан тохиолдолд суугаа орны Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37-р зүйлд заасны дагуу урт хугацааны визийг цуцална. 2. Дахин орох зөвшөөрөл авч БНСУ-ын хилээр гарсан иргэд хилээр буцаж нэвтрэх үед сүүлийн 48 цагийн дотор халуурах, ханиалгах, ядрах, толгой өвдөх, амьсгал давчдах, булчин өвдөх зэрэг өвчний шинж тэмдэггүйг гэрчилсэн эмчийн магадлагааг шаардана. Эмчийн магадлагаа нь англи эсвэл солонгос хэл дээр байх ба эрх бүхий эмнэлгийн байгууллагын эмч үзлэг хийж, гарын үсгээ зурж тамга дарсан, огноо тодорхой бичигдсэн байна. Эмчийн магадалгаа аваагүй иргэдийг БНСУ-ын хилээр нэвтрүүлэхээс татгалзах үндэслэл болно. 3. БНСУ-ын хилийн чанад дах дипломат төлөөлөгчийн газрууд тодорхойлолт авсан гадаад иргэдээс эмчийн магадлагаа шаардахгүй боловч эрүүл мэндийн асуулгын хуудсыг бөглүүлнэ. Эх сурвалж:Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайдын яам

Гурвалжингийн гүүрний нэг урсгалыг өнөөдөр нээнэ

Гурвалжингийн гүүрний нэг урсгалыг дөрөвдүгээр сарын 22-ны өдөр хааж, гүүрний гурван холбоосын засварын ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд ирэх даваа гарагт уг замыг нээхээр ажиллаж байна. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, холбогдох мэргэжилтнүүдтэй хамт замын засварын ажлын явцтай танилцаж, газар дээр нь ажиллалаа. Зам засварын ажлын явцын талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх Гурвалжингийн гүүр нь анх 1989 онд баригдсан. 2010 оны үед засвар, шинэчлэлийн ажил хийснээс хойш томоохон хэмжээний засварын ажил огт хийгдээгүй. Гүүр, гүүрэн байгууламжийн засварын ажлыг байнга хийж байх ёстой. Тиймээс бид төлөвлөгөөт ажилд тусган засвар, шинэчлэлийн ажлыг хийж байна. Ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа бөгөөд энэ сарын 27-нд 06:00 цаг гэхэд замын хөдөлгөөнийг нээхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ гүүр нь 108 метрийн урттай, 26 метрийн өргөнтэй. Үндсэн засвар шинэчлэлийн ажлаас гадна замын нөхөөсийн ажлууд давхар хийгдэж байгаа гэв. Иргэд Монос, Таван шарын уулзвар болон Энхтайваны, Нарны гүүрээр явахыг зөвлөж байна Харин замын ачаалал, хөдөлгөөнд ямар зохицуулалт хийж ажиллаж байгаа талаар Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Отгонтамир Замын цагдаагийн хэлтсээс хөдөлгөөн зохион байгуулалт болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр есөн алба хаагч ажиллаж байна. Иргэдэд хандаж хэлэхэд замын ачаалал нэмэгдсэн үед Гурвалжингийн гүүрээр зорчихгүй байх, шаардлагатай бол Моносын уулзвар, Таван шарын уулзвараар болон Энхтайваны гүүр, Нарны гүүрээр хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. Замын цагдаагийн зүгээс хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тал дээр илүү анхааран хяналт тавьж байна. Тиймээс иргэдийн зүгээс замын цагдаагийн тавьсан албан шаардлагыг биелүүлж, шөнө оройн цагаар анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох хэрэгтэй байна. гэв. Гурвалжингийн гүүрний гурван холбоосоос гадна замыг тэр чигт засварлах шаардлагатай байгаа засварын ажлыг хийхээр болжээ. Засварын үеэр урдаасаа хойшоо буюу ТЭЦ-3 Дулааны цахилгаан станцаас Техник импорт хүртлэх урсгалыг хаасан байна. Гурвалжингийн гүүрний авто замын нэг талын урсгал бүрэн хаасан ч эсрэг талын урсгалыг хоёр эгнээ болгон, хөдөлгөөнийг зохицуулжээ. Мөн тэрээр Энэ онд Улаанбаатарт нийтдээ 52.7 км хатуу хучилттай авто зам шинээр баригдана. Мөн уулзваруудыг өргөтгөн шинэчилэх 17.8 км авто замын ажил хийгдэхээр төлөвлөн ажиллаж байна. Гэдгээ Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх замын ажилтай танилцах үеэр онцоллоо.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.