"The Hu" хамтлаг ирэх гуравдугаар сараас Европын орноор аялан тоглолтоо хийнэ
2021-11-04 10:51:24 Нийтлэгдсэн: Урлаг The Hu хамтлагийн 2021 оны анхны аялан тоглолт АНУ-аас эхэлсэн бөгөөд өнгөрсөн аравдугаар сарын 31-нд өндөрлөжээ. Тэд энэ удаа Хүн нэртэй аялан тоглолтоо өнгөрсөн есдүгээр сарын 1-нд эхлүүлсэн байна. Тэд дараагийн тоглолтоо Европын орноор хийхээр төлөвлөжээ. Тодруулбал, ирэх гуравдугаар сард Герман, Дани, Чех, Швед зэрэг улсад 15-50 мянган үзэгчэй битүү стадионд тоглолт хийх гэнэ. Тус хамтлагийнхан 2019 оноос хойш аялан тоглолт хийхдээ одоогоор 13 оронд 23 тоглолт хийсэн бол Хойд Америкийн нутгаар 90 хоногийн турш аялан, 56 хотоор 60 гаруй тоглолтыг хийгээд байна.
Германы Мюнстер хотод ирэв. Жихүүн салхи хацар илбэж, наран авхай үүлний цаанаас цухуйхад бүдэг саарал өнгө ноёлсон эртний барилга олонтой энэхүү хот гэрэлтэй болсон мэт мэдрэмж төрүүлэв. Хотын төв хэсэгт Монголын элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Б.Бэхбат, зураач Ц.Ган-Эрдэнэ нар тосч авлаа. Тэд биднийг дагуулан хотын төв хэсгээр алхаж, үүх түүхээс хуучилж, алдарт Энхтайвны танхим (Friedenssaal) -д орцгоов. Мюнстер хотын түүхэн дэх хамгийн алдартай үйл явдал болох 30 жил үргэлжилсэн дайныг дуусгасан Вестфалийн энх тайвны гэрээг 1648 онд энэ танхимд байгуулсан түүхтэй. Түүхийн олон үзмэрүүдийг сонирхож, нүдээ хужирлав. Цагийн зүү үдээс хойшоогоо заахад хоттой танилцах аялалаа өндөрлөж зураач Ц.Ган-Эрдэнийн урланг зорилоо. Тэнд УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвын Герман улсад хэвлэгдсэн УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин номын танилцуулгыг хийхээр төлөвлөсөн юм. Уран бүтээлийн урлангийн хаалгаар оронгуут хананд өлгөсөн зурагнууд эрхгүй хараа булаана. Саарал өнгийн сүүдэр давамгайлахаас гадна дүрслэл нь их содон. Усан дээр тусах хүний сүүдэр ганцаараа биш гэсэн санааг илтгэх мэт. Магадгүй энэ дүрслэл нь хүний дотоод сэтгэлд нуугдаж байдаг өөр нэгнийг ч илэрхийлсэн байх. Бас алхаж яваа бүсгүйг араас нь янз бүрээр дүрсэлж зуржээ. Эмэгтэй хүн чинь урдаасаа биш араасаа илүү үзэсгэлэнтэй юм биш үү гэсэн бодол зурсхийв. Түүний зургийг зэрвэс хараад ойлгоход амаргүй ч удаан ширтэх тусам нэг түүх, санааг өгүүлдэг учраас европ хүмүүс дурладаг байх гэсэн бодол төрж байлаа.Уран бүтээлч Рефлекшн буюу Тусгал арга барилаар уран бүтээлээ туурвидаг юм байна. Хүн бүр нэг талдаа гадны материаллаг, бие махбодийн амьдрал нөгөө талдаа бодол, дурсамж, уран зөгнөл, сэтгэлийн мэдрэмж, бодлын холбоо, төсөөлөл, хүсэл тэмүүлэл, айдсаар илэрдэг оюуны дотоод ертөнцийн хоёр өөр амьдралаар амьдардаг юм гэсэн санааг тусгалаар дамжуулж харуулахыг зорьдог гэж зураач тайлбарлав. Ц.Ган-Эрдэнэ ХБНГУ-ын Мюнстер хотод 20 шахам жил ажиллаж амьдарч байгаа бөгөөд тус хотын Урлагийн академид суралцан төгссөн, бүтээлээрээ европт нэрд гарч байгаа чөлөөт уран бүтээлч. Түүний гэргий Б.Намуунаа уран барималч. Хос уран бүтээлч Мюнстер хотын төвд олон орны уран бүтээлчид төвлөрсөн соёл урлагийн ордонд урлангаа нээжээ. Номын уулзалт эхлэхээс өмнө зураач Ц.Ган-Эрдэнэ номын зохиогч Д.Тэрбишдагвыг энэхүү соёл урлагийн төвлөрсөн төвийн барилгыг эзэмшигч, Coppenrath Verlag GmbH Co KG хэвлэлийн газрын эзэд болох Вольфганг Холкер болон гэргий Сигги Шпигельбургтай нартай танилцуулав. Энэ гэр бүл урлагт дуртай, уран бүтээлчдийг дэмждэг хүмүүс аж. Coppenrath Verlag GmbH Co KG хэвлэлийн газар нь шинжлэх ухааны хэвлэн нийтлэгч гэдгээрээ алдартай төдийгүй хүүхдийн номын цувралууд нь эрэлт ихтэй. Феликс хүүхдийн цуврал ном, Лиллифи гүнж-ээр нэрд гарчээ. Coppenrath Verlag GmbH Co KG хэвлэлийн газрын эзэн Вольфганг Холкер 1995 онд 11 сая евро байсан хэвлэлийн газрын мөнгөн эргэлтийг 2005 онд 55 сая евро болгон нэмэгдүүлсэн түүхтэй юм байна. 1992 онд эхнэртэйгээ Die Spiegelburg брэнд гаргажээ. Номын зохиогч Д.Тэрбишдагва Вольфганг Холкертэй цаашид хамтран ажиллах гарц болон Монгол Улсын түүх, соёлын талаар ярилцлаа. Энэ гэр бүлийнхэн номонд хүндэтгэлтэй ханддаг болохоор үдээс хойш эхэлсэн Д.Тэрбишдагвын номын танилцуулах уулзалтад зорьж ирж оролцон УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин номон дээр зохиогчоор гарын үсэг зуруулж авав. Зураачийн урланд номын танилцуулга хийх нь орчны зохицолын хувьд донжтой. Номын хэсгээс уншихад уншигчдад тухайн үйл явдлын талаарх тодорхой төсөөлөл, зураглал буухын зэрэгцээ хаашаа ч харсан утга, агуулга гүн зураг угтах нь таатай байсан биз ээ. Мюнстер хот нь соёл урлагийн төв учир энэ удаагийн номын танилцуулгад урлаг сонирхогчид хүрэлцэн ирсэн юм. Вестфеалише дээд сургуулийн багш бүсгүй Андреа Волф олон улсын соёлын харилцааны хичээл дээрээ жишээ болгон УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин номын тухай танилцуулая, Монгол Улсын түүх, соёлыг харуулсан богино хэмжээний видео, үндэсний хувцастай зургаа илгээгээч гэсэн хүсэлт тавьж байлаа. Үргэлжлэл дараагийн дугаарт ... Д.Доржпагма
Арваннэгдүгээр сарын 1-н буюу өнөөдрөөс эхлэн урлаг соёл, спортын арга хэмжээг нээхээр болсон талаар Засгийн газраас мэдээлсэн. Ингэхдээ танхимын үзэгчдийн дүүргэлт 50 хувьтай байх ёстой юм. Дээрх шийдвэрийг аравдугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргасан. Түүнчлэн ААН-үүдтэй хийх хариуцлагын гэрээг шинэчилж, дөрвөн төрлийн буюу улаан, улбар шар, шар, ногоон түвшний зэрэглэлийн журмыг шинэчлэхээр болсон юм.
Германы хувийн театрт болсон Монгол үдэш УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвын Герман улсад хэвлэгдсэн УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин номоо танилцуулах уулзалт амжилттай үргэлжилсээр байна.Номын зохиогч болон багийнхан маань нэг хотоос нөгөө хотруу хурдны замаар давхиж, зам зууртаа дараагийнхаа уулзалтын бэлтгэл ажлаа базааж, амсхийх завгүй явцгааж байна. Номын танилцуулгыг хэрхэн сонирхолтой хийх, уншигчдыг залхаахгүй, уйдаахгүй байх, Монголд очиж үзэх юмсан, ямар агуу түүх, соёлтой ард түмэн юм бэ гэсэн бахархалын гал герман хэлтэй уншигчдын сэтгэлд жаахан ч гэсэн асаачих юмсан гэсэн бидний хичээл зүтгэл Монголоо гэсэн нэгэн үзүүрт уягдаастай. Замын алжаал, герман чанга төлөвлөлт, цагийн нарийн хуваартай байгаа ч номын танилцуулгад хүрэлцэн ирсэн уншигчдын алга ташилт, дулаахан үгс, сонирхсон цоргисон харц, зорьж ирсэн элэг нэгт монголчуудын маань дэмжлэг бүхэн урам зориг хайрласаар, цааш үргэлжлүүлэх тэмүүлэл бадраасаар л явна. Германы Норд Райн Вэстфален Бундесландын нийслэл Дюссельдорф хотод ирэв. Берлин, Франкфурт, Мюнхен, Гамбургтай хамт Дюссельдорф нь Германы эдийн засаг, санхүү, улс төр, боловсрол, соёлын гол төвүүдийн жагсаалтад багтдаг. Загварын олон дэлгүүр, бизнесийн төвүүд, ресторан, дуурийн болон кинотеатруудтай маш цоглог, орчин үеийн, хөл хөдөлгөөн ихтэй хот юм байна. Номын танилцуулга хийх арга хэмжээг НРВ дахь Герман-Монголын үүд ТББ-ын тэргүүн Э.Ариунсайхан болон тус бүсийн өргөмжлөлт консул С. Шмитц нар хамтран зохион байгууллаа. НРВ дахь Герман-Монголын үүд ТББ нь тус хотод амьдардаг монголчуудаа нэгтгэн олон чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг юм байна. Монгол хүүхдүүдийнхээ эх хэлээ мартахгүй суралцахад анхаарч, өөрсдийнхөө санаачлагаар Монгол сургууль хүртэл нээжээ. Энэ жил 50 гаруй хүүхэд суралцахаар бүртгүүлсэн аж.Бид Дюссельдорф хотын Театркантинед 2021 оны 10-р сарын 22-ны өдрийн 18 цагт зорьж очлоо. Хуучны үйлдвэрийн өндөр таазтай том барилгыг засаж, соёл урлаг, үйлчилгээний том том танхим болгон өөрчилжээ. Хувийн театр болоод ч тэрүү дотоод засал нь өвөрмөц, хананд өлгөсөн зурагнууд нь хараа булаахын зэрэгцээ улаавтар өнгө зонхилсон учир сүрлэг харагдуулна. Хаалгаар ороход намуухан аяз эгшиглэж, бүдэг гэрэлтэй орчин угтлаа. Энд өдөр алгасахгүй арга хэмжээ болдог, захиалга ихтэй ч номын танилцуулгад зориулан нэгэн үдшийг өнгөрүүлэх боломж олгожээ. Тусгай тайз зассан байсан ба түүний голд номын зохиогчийг Д.Тэрбишдагвыг хүндэтгэлтэйгээр урин суулгаж, НРВ дахь Герман-Монголын үүд ТББ-ын тэргүүн Э.Ариунсайхан болон тус бүсийн өргөмжлөлт консул С. Шмитц нар арга хэмжээг нээн үг хэлцгээв. Зохиогч Д.Тэрбишдагва:Би номондоо зөвхөн өөрийнхөө хувийн амьдралыг өгүүлэхийг зориогүй. Нэг хүний амьдралын түүх өгүүлэхийн зэрэгцээ уламжлалт зан заншил, өв соёл, байгаль дэлхийгээ хайрлан харьцаж байгаа монгол хүний сэтгэлгээний онцлог, Монголын эртний ба одоогийн түүхийн хэсгээс уран сайхны аргаар шигтгэж бичихийг зорьсон юм. Түүх, археологи, палентологи, соёлын талаар намайг бичвэл Тэрбишдагва их мэдэгч болчихож гэж гайхна шүү дээ, тиймээс Монголын нэрт эрдэмтэд, судлаачидтай хамтран ажиллаж, сонирхол татсан товч түүх, шигтгээг дэлхийд танигдсан, оюуны бядтай эдгээр хүмүүсийн хүүрнэсэн, дүгнэснээр номондоо шинэлэг зохиомж болгон оруулсан юм. Монголд палентологийн чиглэлээр хамгийн урт хугацаандсудалгаа хийж буй хүн бол билгүүн номч Б.Ринчений хүү палентологич Р.Барсболд, Төрийн шагналт, шинжлэх ухааны гавъяат ажилтан, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Монголын нууц товчоо судлалын төвийн захирал, академич Д.Цэрэнсодном гээд бүхий л насаа, амьдралаа, цаг хугацаагаа, оюунаа судалгаа, шинжилгээнд чилээж яваа буурал эрдэмтэд мөн залуу судлаачид гээд оролцсон хүн бүрийн нэрийг дурдвал уртаас урт жагсаалт гаргана. Энэ номыг бүтээхэд олон хүний хөдөлмөр, ур ухаан, зүтгэл шингэсэн юм гэж онцлов. Монголын эзэнт гүрэн Дорно, Өрнийг холбож хангай, тал, элс манхан хосолсон Евразийн уудам нутагт хэрхэн оршин тогтносон тухай, дэлхийн түүхэнд хамгийн том эзэнт гүрэн байгуулсан болон Чингис хааны дэлхийн шинэ дэг тогтолцоог илбэн тохинуулах гадаад бодлогын тухай зэрэг түүхийн хэсгүүдийг номноос уншихад герман уншигчид чих тавин анхааралтай сонсож байлаа. Өмнөх сурвалжлагын холбоос:ЭНДээс үзнэ үү. Үргэлжлэл дараагийн дугаарт Д.Доржпагма
Д.Тэрбишдагвын Германд номоо танилцуулах уулзалт үргэлжилсээр байна
2021-11-01 10:03:55 Нийтлэгдсэн: УрлагФранкфуртын Таунус дүүргийн уншигчдад үлдээсэн сэтгэгдэл УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвын Герман улсад хэвлэгдсэн УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин номоо танилцуулах уулзалт үргэлжилсээр байна.Германы Ойленшпигель паблишинггрупын Нойес лебен хэвлэлийн үйлдвэрт хэвлүүлсэн энэхүү ном нь 2019 оны сүүлээр уншигчдын гарт очсон бөгөөд цар тахлын хүнд үеийн давааг амжилттай давж туулж, уншигчдад болон Монголыг сонирхогчдод сайн хүрч байгаа төдийгүй 2021 оны 10-р сарын 20-24-нд болсон Франкфуртын олон улсын номын яармагт уригдан оролцсон юм. Тус үзэсгэлэн яармагт оролцон номоо танилцуулснаас гадна Герман уншигчидтайтай уулзах уулзалтыг хэвлэлийн газрын тусламжтайгаар олон хотуудад зохион байгуулж байгаа билээ. Зохиогч Д.Тэрбишдагва Баваар мужийн Грефелинг хотоос анхны уулзалтаа 2021 оны 10-р сарын 12-нд эхэлснээс хойш Герман нутаг даяар хотоос хот дамжин өөрийнхөө ном болон Монгол Улсын түүх, өв соёлыг сурталчилсаар явна.Олон улсын номын яармагийн нээлтэнд оролцож, номоо албан ёсоор танилцуулсны дараа Франкфуртын Хофхайм ам Танус тойргийн дарга М.Циряксын урилгаар захиргааны төв байр Таунус-Крайсд уулзалт хийв. Майн-Таунус тойрог нь Франкфурт хотын бүсийн нэг хэсэг юм. Энэ нь ХБНГУ-ын хүн ам шигүү суурьшсан хоёр дахь хөдөөгийн дүүрэг гэдгээрээ онцлог. Цар тахлын хорио цээрийн дэглэм Германд ч хатуу мөрдөгдөж, оролцох хүний тоог хязгаарлах, танхимд олон хүн цуглуулахгүй байх, вакцинд хамрагдсан гэрчилгээг үзэж нэвтрүүлэх зэрэг хяналт шалгалт ихтэй ч уулзалтууд амжилттай үргэлжилж байна. Монголын байгаль, өв соёл, ахуйг танилцуулсан бичлэгүүдийг сонирхсон уншигчдын харц, номын ишлэл хэсгийг гадаад хүний аялгагүйгээр цэвэрхэн унших монгол охиныг анхааран сонсож буй байдал, номын зохиогчийн ярианд хөгжин хөхрөлдөх чимээ зэрэг нь уулзалтын уур амьсгалыг дотно болгож байлаа. Германд 20 гаруй жил уран бүтээлээ туурвин, Монгол Улсын үндэсний урлагийг сурталчилж байгаа Хөх Монгол хамтлаг Д.Тэрбишдагвын номын танилцуулгыг дэмжихээр Баваарын Инголштадт хотоос хүрэлцэн ирж, морин хуураар нутгийнх нь аялгууг хуурдаж толилуулахад уншигчдын сэтгэл хөдөлж, хөлөө товшин, уухайлан хамтдаа дуулцгаав. Дэлхийд улам бүр ховордож буй нүүдэлчний өвөрмөц соёл, зан заншил, уламжлал нь герман уншигчдын сонирхолыг ихэд татдаг аж. Тэд Монголд аялахад нөхцөл байдал ямар байгааг лавлаж, заавал очиж үзэх орон юм байна хэмээн сэтгэгдэлээ хуваалцаж байв. Зохиогч Д.Тэрбишдагва өөрийнхөө муруй хурууг хүүхэд байхдаа шуурганд төөрч хөлдөөгөөд тахийж эдгэсэн тухай түүхээ ярьж, түүнийгээ засч, янзлуулах бодол огт төрдөггүй, харин ч ямарч бэрхшээлд нугарч болохгүй гэж надад сануулдаг хэмээн өгүүлэхийн зэрэгцээ Монголын байгалийг нүдэнд харагдтал дүрслэн ярив. Монгол хүн эрс тэс уур амьсгалд хэрхэн зохицон амьдарч, буух газар, өвөлжөө, хаваржаагаа сонгох гээд олон зүйлийг байгалиа харан шинжиж шийддэг, шагайгаар мэргэлдэг, хүүхдийг цочиж айхаар ширгэлдэг, төрсөн газраа хөрвөөж, өөрийгөө цэнэглэн эрч хүч авдаг гэж өгүүлэх нь герман уншигчдад содон байгаа бололтой дэлгэцэн дээр гарах богино хэмжээний киноноос нүдээ салгахгүй ширтэх нь олонтаа. Монгол хүнийг тодотгож, бусдаас ондоошиж, гадаадынхны сонирхолыг татдаг зүйл бол яах аргагүй өвөг дээдсийн маань үеийн үед өвлүүлэн үлдээсэн агуу их өв соёл, уламжлал, зан заншил, түүх юм гэдгийг уулзалт бүр дээр улам илүүтэйгээр мэдрүүлж байлаа. Цэцгэн дунд нээгдсэн монгол хүний ном Танус дүүргийн төв захиргаанд болсон уулзалтын дараа Цэцгэн хүрээлэнг зорьцгооё гэж Монголын өргөмжлөлт консул Д.Файл өгүүлэв. Цэцэгсийн хүлэмж, цэцгийн дэлгүүр дотор номын танилцуулга хийж, унших нь өвөрмөц санагдсан төдийгүй олон зуун төрлийн цэцэгсийн анхилам үнэр хамар цоргиж, өнгө бүрийн тансаг өнгө солонгорч, бүх хүний анхаарал төвлөрсөн нам гүнд Т.Одсүрэнгийн үйл явдалдаа тохируулан донжийг нь тааруулан унших айзам хэмнэл танхимыг чимж байлаа. Д.Файл нь Монгол Улсын өргөмжлөлт консулаар 25 жил ажиллаж байгаа бөгөөд Германы Хессен мужийн Парламентын дэд ерөнхийлөгч, мужийнхаа Чөлөөт ардчилсан намын дарга зэрэг алба хашиж байсан нэртэй улстөрч, хуульч хүн юм билээ.Д.Файл гуай монгол үндэсний хөх пүүсүү материалтай дээл өмсч, тоорцгон малгай духдуйлан, хэт хутга зүүж, монгол гутлаар гоёсон байлаа.Тэрээр энэ удаагийн номын уулзалтыг Шёнек хотод Блюменхаус Мюллер цэцгэн хүрээлэнд зохион байгуулсан юм. Сарын өмнөөс номын танилцуулга арга хэмжээ болно хэмээн цэцгийн дэлгүүрийнхээ үүдэнд зар тавьж, сонирхсон хүн болгон ирэхэд нээлттэй гэж бичжээ. Цар тахлын үе учир 50-иас илүү хүн ирэхгүй байх гээд суудал засч бэлдсэн байсан ч 100 гаруй уншигч, сонирхогчид зорьж ирсэн бөгөөд урт сандлууд нэмэлтээр тавьж, зарим нь зогсоогоороо оролцов. Шинэ номтой танилцах, түүний хэсгээс уншиж сонирхох соёл энэ оронд өргөн дэлгэр тархаж, үнэхээр номонд дуртай хүмүүс юм гэсэн бодол төрүүлж байлаа. Герман уншигчдын номын зохиогчтой уулзах хүсэл, номондоо гарын үсэг зуруулах тэмүүлэл, номонд хандах хүндэтгэл зэрэг нь үнэхээр гайхалтай. Номын зохиогч Д.Тэрбишдагва уулзалтын эхэнд Д.Файлын өмссөн хувцас бүрийг нэгбүрчлэн танилцуулсан юм. Мөн монгол хүн хэт хутгыг хэрхэн зүүдэг талаар номондоо бичснээ бас нэгэн хөгжилтэй дурсамж хүүрнэв. Тэрээр Монгол Улсаас ХБНГУ-д суух бүрэн эрхэт элчин сайдаар томилогдон ирээд итгэмжлэх жуух бичгээ Германы ерөнхийлөгчид бараалхан өргөн барихаар монгол хувцасыг иж бүрнээр нь өмсөн хэт хутга зүүж очжээ. Гэтэл хамгаалалтын албаныхан хутга зүүсэн хүн дотогш өргөөнд нэвтрүүлэхгүй гэхэд номын зохиогч муугийн дэггүй үйлдэл биш, Монголын соёл гээд монгол эр хүн хэт хутга хэрхэн зүүдэг уламжлалыг нарийн тайлбарлаж, зочноо, тухайн айлаа хүндэтгэн хутгаа бүснээсээ сугалж, унжуулж ордог тухайгаа учирлахад удирдлагадаа танилцуулан зөвшөөрчээ. Тухайн цаг үед АНУ-д халдлага болж хоёр өндөр цамхагийг бөмбөгдсөн эмгэнэлт үйл явдал болоод удаагүй байсан учир Германы төр захиргааны байгууллагын хяналт илт чангарсан байсан ч Монгол соёл, зан заншил хэмээн хүндэтгэн нэвтрүүлснийг германы уншигчид сонсоод инээлдэж, та тэгээд хүссэнээрээ орж чадсан гэж үү хэмээн лавлаж байлаа. Сэтгүүлч: Д.Доржпагма
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй