Соёлын салбарын залуучуудын зөвлөгөөн боллоо

​ Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд салбарын залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, Соёлын бүтээлч сар аяны үйл ажиллагаануудад салбарын залуучуудын оролцох боломжийг бүрдүүлэх зорилгоор Соёлын бүтээлч үйлдвэрлэл-Залуучуудын оролцоо соёлын салбарын залуучуудын зөвлөгөөн Улсын Хүүхэлдэйн театрд 11 дүгээр сарын 11-нд зохион байгуулагдлаа. Соёлын яамны Залуучуудын хөгжлийн зөвлөлөөс санаачлан зохион байгуулсан соёлын салбарын залуучуудын зөвлөгөөнөөр, Монгол Улсад соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр соёлын яамнаас баримталж буй бодлого болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагааны талаар салбарын залуучууддаа дэлгэрэнгүй танилцуулав. Түүнчлэн, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд салбарын залуучуудын үүрэг оролцооны талаар хэлэлцэж нэгдсэн ойлголтод хүрэхийн зэрэгцээ, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, олон улсын болон манай улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлсэн сайн туршлагыг хэлэлцлээ. Зөвлөгөөнд Соёлын яамны Залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүд, Соёлын яамны харьяа байгууллагууд, соёл урлагийн төрөл чиглэлүүдэд байгуулагдсан салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлүүдийн удирдлагууд, тэргүүлэгчид, гишүүд болон аймаг, нийслэл, сум, дүүрэг, хилийн чанад дахь соёлын салбарын залуучуудын төлөөллүүдийг оролцуулах зорилт тавин ажилласан бөгөөд урьдчилсан бүртгэлд танхимаар оролцохоор 81 хүн, цахимаар оролцохоор 929 хүн мэдээллээ ирүүлсэн. Улмаар зөвлөгөөнд танхимаар 86, цахимаар 428 оролцогчид оролцсон бөгөөд зөвлөгөөнийг сонирхсон бүхий л талуудад хүртээлтэй байлгах үүднээс дохионы хэлмэрчийн орчуулгатай зохион байгуулсан. Зөвлөгөөний нийт хамрах хүрээг өнөөдрийн байдлаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарт хөдөлмөр эрхэлж буй 33,931 хүний 71 хувь нь буюу 24,198 нь 15-39 насны залуучууд бөгөөд тэдгээрт соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хөгжилд залуучуудын оролцоо чухал үүрэгтэй гэдгийг хүргэх юм. Зөвлөгөөнийг албан ёсоор нээж Соёлын дэд сайд М.Батбаяр үг хэлж мэндчилгээ дэвшүүлсэн бол, IWFCI Mongolia-ын Ерөнхийлөгч О.Байгаль Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын олон улсын хөгжлийн чиг хандлага, СУИС-ын дэд захирал Ж.Эрхэмтөгс Соёлын бүтээлч үйлдвэрлэлд-Залуучуудын манлайлал, СУИС-ын Соёлын сургуулийн Соёл, судлалын тэнхимийн эрхлэгч, Монголын Соёлын аялал жуулчлалын холбооны Тэргүүн Б.Мөнхбадрал Бүтээлч аялал жуулчлал сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ. Түүнчлэн судлаач Д.Дайриймаа Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн үзэл санаа-ны талаар танилцуулга хийсэн бол Соёлын яамны Залуучуудын хөгжлийн зөвлөлийн дарга Э.Цэнд-Аюуш Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарын залуучуудын оролцоо сэдвээр илтгэл хэлэлцүүлж, хуралд оролцсон салбарын залуучууд Соёлын бүтээлч үйлдвэрлэл, хөгжлийн талаарх өөрсдийн байр сууриа илэрхийлэн хэлэлцүүлэг өрнүүлэв. Зөвлөгөөний үр дүн: Соёлын яамны Залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүд, Соёлын яамны харьяа байгууллагууд болон соёл, урлагийн төрөл чиглэлүүдэд байгуулагдсан залуучуудын хөгжлийн зөвлөлүүдийн гишүүд, аймаг, нийслэл, сум, дүүрэг, хилийн чанад дахь соёлын салбарын залуучууд нэгэн зорилго дор нэгдэж, санал санаачилга, идэвхи оролцоо нь нэмэгдэж, хамтын ажиллагаа нь албан ёсоор эхэлсэн. Монгол Улсад соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр Соёлын яамнаас баримталж буй бодлого болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагааны талаар салбарын залуучууд дэлгэрэнгүй мэдээлийг авч соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд салбарын залуучуудын үүрэг, оролцооны талаар хэлэлцэж нэгдсэн ойлголтонд хүрсэн. Олон улсын болон өөрийн орны соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлсэн сайн туршлагуудтай танилцаж цаашдын хөгжлийн талаар хоорондоо хэлэлцэж санал, зөвлөмжөө гаргасан. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд салбарын залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, Соёлын бүтээлч сар аяны үйл ажиллагаануудад салбарын залуучуудын идэвхитэй оролцох боломжийг бүрдүүлсэн. Цар тахлын хүнд цаг үед соёлын салбарын залуучууд нэгдэж, олон нийт тэр дундаа залуучуудын сэтгэл зүйг дэмжсэн. Зөвлөгөөний үеэр салбарын залуучуудаас гарсан зөвлөмж: Соёлын салбарын залуучуудын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сантай болох, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын залуучуудын нэгдсэн HUB төв байгуулах, Соёлын салбарын залуучуудыг дотооддоо туршлага солилцуулах, мэргэшүүлэх сургалтуудыг жил бүр тогтмол зохион байгуулах, Соёлын салбарын залуучуудаас жил бүр сонгон шалгаруулалттайгаар гадаад улс орнуудад мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтанд тогтмол хамруулах, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хөдөлмөр эрхлэгч залуучууд, залуучуудын гаргасан бүтээгдэхүүн, нэвтрүүлсэн үйлчилгээний нэгдсэн цахим платформтой болох. Тус платформоороо дамжуулан соёлын бүтээлч үйлдвэрлэлийн залуусын бүтээлийг дотоод болон олон улсад сурталчлан таниулах, худалдаалах, эдийн засгийн эргэлтэнд оруулах, Соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлүүдийг бүх аймаг, нийслэл, сум, дүүрэг, холбогдох байгууллагуудад албан ёсоор байгуулах үйл ажиллагааг Соёлын яам бодлогоор дэмжих, эрчимжүүлэх. Байгуулагдсан зөвлөлүүдийн гишүүнчлэл, бүртгэлүүдээр дамжуулан соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын 24,198 залуучуудыг бүртгэлжүүлэн хамтран ажиллаж, хамтдаа хөгжих боломжийг бүрдүүлэх, Соёлын Сайдын аймаг, нийслэлийн засаг дарга, харъяа байгууллагуудын дарга нартаа байгуулдаг гэрээнд жил бүр соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хөдөлмөр эрхэлж буй залуучуудыг дэмжих чиглэл, төсвийг тусган оруулах, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих сан байгуулж тус сангаас соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарт хэрэгжүүлж буй салбарын залуучуудын төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаануудыг Соёлын яам бодлого, санхүүгээр дэмжиж хамтран ажиллаж салбарын хөгжүүлэлтэнд бодитой хувь нэмэр оруулах, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт ажиллаж буй ажилчдын ажлын байр, ажиллах нөхцлийг дахин үнэлүүлж хүнд, хортой ажлын байрны жагсаалтанд шинэчлэн оруулах. Ингэснээр хөдөлмөрийн тухай хууль, НД-ийн тухай хууль зэрэг холбогдох хууль тогтоомжийн дагуух хөнгөлөлт, тэтгэлэг нэмэгдэл цалин урамшуулалд хамрагдах боломж үүснэ. Тухайлбал: Дүрслэх урлагийн салбарын залуучууд насан туршдаа химийн бодистой ажилладаг. Мөн урлагийн байгууллагын уран бүтээлчдийн ажиллах цаг тоглолттой үед өглөө 08:30 цагт эхэлж ажил 19:00 цагт үндсэн тоглолтондоо орж орой 22:00 цагт тарж уртасгасан цагаар тогтмол ажилладаг гэх мэт асуудлуудыг Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулинд тусган оруулах, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарт хөдөлмөр эрхэлж буй залуучуудыг аймаг, нийслэл, сум, дүүрэг, хилийн чанад дахь байрлалаар нь бүсчлэн ангилж тухайн бүс нутгийн бүтээлч үйлдвэрлэлийн онцлогтой уялдуулсан хөгжлийн нэгдсэн бодлого, үйл ажиллагаагаар дэмжиж ажиллах.

Алсын зайнаас бүтээсэн"Сүүдэр" анимейшны нээлт боллоо

​ Хатуу хөл хорионы үед алсын зайнаас бүтээсэн Сүүдэр анимейшны нээлт 2021 оны 11-р сарын 19-нд Prime Cineplex кино театрт боллоо. Соёлын бүтээлч сарын хүрээнд дэлхийн 12 орны 114 уран бүтээлч хамтран дөрвөн сарын хугацаанд хийж бүтээсэн Сүүдэр анимэйшн нээлтээ хийлээ. Монголын уран бүтээлчид Холливудын мэргэжлийн кино уран бүтээлчдийн холбоотой хамтран бүтээсэн энэхүү анимейшн АНУ-д зохион байгуулагддаг 30 дахь удаагийн St.Louis олон улсын кино наадмын Шилдэг богино хэмжээний кино төрөлд шалгарч, анхныхаа наадамд амжилттай оролцжээгэж Соёлын яамнаас мэдээллээ.

“Соёлын бүтээлч сар” аян ээлжит семинараа зохион байгууллаа

Соёлын яамнаас зохион байгуулж байгаа Соёлын бүтээлч сар аяны хүрээнд урлаг соёлын салбарыг хамарсан томоохон арга хэмжээнүүд болж байна. Тус аяны хүрээнд Бүжгийн сургалтын заах арга зүй, улсын болон олон улсын уралдаан тэмцээний чиг хандлага сэдэвт семинар энэ сарын 18-ны өдөр боллоо. Сургалт семинарт танхимаар мэргэжлийн байгууллагын төлөөлөл, цахимаар орон нутгийн болон хувийн хэвшлийнхэн мөн МБҮС-ийн багш нар оролцсон байна. Сургалтаар бүжгийн сургалтын төвүүдийн баримтлах заах арга зүйн чигийг тодорхойлох, үндэсний болон олон улсын бүжгийн уралдаан тэмцээний ач холбогдол, чиг хандлага, оролцогчдын ур чадварын ахиц дэвшлийг тодорхойлох зэрэг цаг үеийн олон чухал асуудлуудын талаар мэргэжлийнхэн зөвлөлдсөн юм.Уг арга хэмжээнд Соёлын яамны урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн, Монголын балетын хөгжил сан, Монголын балетын үндэсний сургуулийн захирал, Балетын тэмцээн зохион байгуулах хорооны тэргүүн МУГЖ, Монгол улсын Соёлын элч Д.Алтанхуяг, Монголын Балетын Урлагийн Холбоо ТББ-ын захирал, Монголын балетын үндэсний сургуулийн багш МУСТА Ц.Жаргалан, Монгол улсын консерваторийн Бүжиг циркийн мэргэжлийн сургуулийн захирал МУГЗ Н.Оюун, сонгодог бүжгийн эрхлэгч, МУГЖ Х.Мөнгөнхөлөг, сонгодог бүжгийн багш МУГЖ профессор Г.Туул, сонгодог бүжгийн багш МУГЗ, Хүндэт профессор Н.Энхтуяа, УДБЭТ-ын гоцлол бүжигчин, Номадик продакшны бүжиг дэглээч Г.Батчимэг, СУИС-ийн бүжгийн урлагийн сургуулийн ахлах багш Д.Алтантуяа гээд салбарын шилдэг төлөөллүүд оролцлоо.Тэд мэргэжлийн урлагийн байгууллагын алсын хараа, МУК-ийн бүжгийн сургалтын заах арга зүй, сургалтын программын тухай, сонирхогчдын балетын арга зүй, хөгжил, Ковидын үеийн сургалт ба байгууллагуудын уралдаан тэмцээн дэх оролцоо, боловсон хүчний хэтийн асуудал гээд олон чухал сэдвийг хөндлөө. Нэг өдрийн турш бүжиг урлагийн салбарынхан өмнөө тулгамдсан дээрх асуудлаар санал бодол, туршлагаа солилцсон юм. Салбарын олон талт оролцоо болоод сургагч багш нараа хөгжүүлэх, Олон Улсын тэмцээн уралдаанд оролцогчдоо бодлогоор дэмжих талаар тэд санал нэгджээ.

А.Бөртэ-Үжин “Дэлхийн мисс”-т эх орноо төлөөлөн оролцохоор Пуэрто Риког зорилоо

Дэлхийн мисс-2021 тэмцээн ирэх арваннэгдүгээр сарын 21-нээс эхний үйл ажиллагаа эхэлж, арванхоёрдугаар сарын 16-ныг хүртэл Латин Америкийн Пуэрто-Рико арал дээр болно. Үүнд манай улсаас А.Бөртэ-Үжин хэмээх бүсгүй оролцоно. Тэрбээр өдгөө 23 настай бөгөөд бүжгийн багш мэргэжилтэй. Биеийн өндөр нь 175 см, биеийн харьцаа 93/57/90. А.Бөртэ-Үжин нь хамгийн анх 2017 онд Miss world Mongolia тэмцээнд оролцож байсан бол олон улсын хувьд БНСУ-д бослон Miss Supertalent of the World record тэмцээн аж. Уг тэмцээнд тэрбээр нэгдүгээр байрт шалгарч байжээ. Харин уран нугаралтын төрлөөр 2007 оноос эхэлж Герман, Япон, Арабын Нэгдсэн Эмират улс Дубай, Франц, Сингапур, Солонгос, Хятад, ХонгКонг, Турк, Швед зэрэг оронд аялан тоглолт хийж байсан аж.

Вилли Бергер: Д.Тэрбишдагвын НОМЫН АЧААР сайхан Монгол орноор аялаад ирсэн юм шиг боллоо

​Хоф хотоос 3 цаг гаруй давхисаар Берлин хотод ирж, зохиолчийн хамт бэлтгэлээ хангаж аваад хөрш зэргэлдээ орших Бранденбург мужийн Цойетен руу гарлаа. 2021 оны 11-р сарын 5-ны өдөр 18 цагт энэ хотод болох арга хэмжээний тухай аль хэдийн хэвлэлийн газрын сайтаар болон орон нутгийн мэдээллийн хэрэгслээр зар тарж, зохион байгуулагчид уншлагын танхим, техник хэрэгслээ бэлдсэн байлаа. Д.Тэрбишдагвын УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин ном танилцуулах уулзалт ийнхүү Берлин хотын зүүн өмнө Цойетен нуурын эрэг дээр орших нуурынхаа нэрээр нэрлэгдсэн газар болов. Биднийг Монголд олон удаа зочилсон, манай зан заншил, соёлын талаар шаггүй мэдлэгтэй Вилли Бергер хэмээх инээд алдсан нэгэн эрхэм угтаж аван, энэ удаагийн ном танилцуулах арга хэмжээг өөрийнхөө эзэмшлийн зочид буудлынхаа ресторанд зохион байгуулав.Тэрээр Монголд их элэгтэй хүн болох нь ярианы өнгөнөөс шууд мэдэгдэж байв. Таван монгол хүүхдийг үйлчилгээний чиглэлээр өөрийнхөө байранд амьдруулан, эзэмшлийнхээ зочид буудал, ресторанд сургаж, ажиллуулж байжээ. Тэр хүүхдүүдийн нэг нь алдартай тогооч болсон хэмээн бахархан ярив.Энэхүү номын уулзалтыг зохиогчийн эртний анд, Герман-Монголын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Бранденбург мужийн Шёнефелд хотын засаг даргаар 29 жил ажилласанУдо Хаазе нээж үг хэлсэн юм.Д.Тэрбишдагвын УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин номын хэсгээс уншиж сонирхуулахаар нэгэн герман зохиолчийг урьсан байв. Уншигчдад ихэд сонсголонтой санагдсан бололтой алга ташилт тасрахгүй нижигнэнэ. Хэд хэдэн ном хэвлүүлж гаргасан герман зохиолч Хүний танин мэдэхүйд хязгаар байхгүй юм. Өмнө нэр төдий л сонсч байсан Монгол орны талаар энэхүү сайхан арга хэмжээний ачаар нэлээд мэдлэгтэй боллоо. Одоо Д.Тэрбишдагвын номыг нухацтай уншина аа. Энэ ном олон хүний Монголтой танилцах гүүр болно гэдэг итгэл дүүрэн байна гэлээ. Уулзалт халуун дулаан уур амьсгалын дор болж, Монголд очиж аялмаар, түүх, байгалийн сайхныг үзмээр байна гэсэн хүмүүс цөөнгүй байлаа. Билли Бергер гуай цар тахлаас улбаалаад сүүлийн үед Монголдоо очиж чадахгүй байгаагаа хүүрнээд Өнөөдрийн номын арга хэмжээний буянд сайхан Монгол орноор тань аялаад ирсэн шиг боллоо. Улаанбаатар их сүрлэг болжээ. Хөдөө нутаг, малчин айлууд ямар сайхан амар амгалан байна вэ хэмээн хоолой чичрүүлэн ярьсан нь бидний сэтгэлийг маш их хөдөлгөв. Хүний хүн ингэж эх орон, ард түмнийг минь хайрлан ярьж байгааг хараад Бид чинь агуу сайхан үндэстэн, бахархам сайхан нутагтай, үүнийгээ хайрлаж, хамгаалж, дээдлэх нь бидний бүх дэлхийн өмнө хүлээх үүрэг юм даа гэж бодогдож байв.Мянга ярихаар, нэг үз гэсэн үг манайд бий. Монголын сайхан оронд маань тавтай морилоорой хэмээн номын зохиогч Д.Тэрбишдагва урьж, Монголын түүх, соёлыг мэдэхгүй алгасвал дэлхийн түүхийг бүрэн мэдэхгүй, Монгол бол археологи, палеонтологи, түүхийн баян бүрд юм шүү гэж онцлон хэллээ. Үргэлжлэл дараагийн дугаарт Д.Доржпагма​

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.