Т.Мөнхбаяр: Тэтгэврийн зээлгүй байсан ахмадууддаа нэг сая төгрөг олгоход бэлэн боллоо

-Эрдэнэс силвер ресурс ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий Салхитын мөнгөний ордын баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гарсан. Иргэдийн тэтгэврийн зээлийг төлөх баялгийг олборлох тусгай зорилгоор байуулагдсан компани гэж ойлгодог? -Тэгж ойлгож бас болно оо. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 28 дугаар тогтоолыг үндэслэн 2019 оны тавдугаар сард төрийн өмчит Эрдэнэс Монгол ХХК-ийн охин компани болох Эрдэнэс силвер ресурс ХХК-ийг байгуулсан. Манай компани стратегийн ач холбогдол бүхий мөнгөний ордуудыг ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх ерөнхий чиг үүрэгтэйгээс гадна 2020 оны босгон дээр Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг хэрэгжүүлэгч болж хуулиар хүлээсэн үүрэг, зорилго тээн ажиллаад нэг жилийн нүүр үзэж байна. -2018 онд арванхоёрдугаар сарын 29-нд тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Салхитын мөнгөний ордыг хятадуудаас төрийн мэдэлд авч байгаа тухай шуугиант бичлэг цахим орчинд цацагдсан. Энэ шийдвэрийн үр дүнд Эрдэнэс силвер ресурс ХХК байгуулагдсан байх, тийм үү? -Тийм ээ. БНХАУ-ын хоёр иргэн Монгол Улсын Татварын болон холбогдох олон хууль дүрэм зөрчиж үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр улс уг ордыг улс хурааж авсан байдаг. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын хүрээнд Засгийн газрын хуралдааны 2019 оны 26-р тэмдэглэлд тусгаснаар Ашигт малтмал газрын тосны газрын 2019 оны 341-р шийдвэрээр Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Салхит нэртэй 2887 га талбай бүхий Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг манай компанид олгосон. Тусгай зө вшөөрлийг олгосны дараа буюу 2019 оны 12-р сарын 19-нд би энэ ажлыг хүлээн авсан. -Таныг ажлаа хүлээн авахад компанийн нөхцөл байдал ямар түвшинд байв. Та ажлаа юунаас эхэлсэн бэ? -Намайг томилогдож ирэхэд нэг жижиг өрөө түрээсэлсэн, таван ажилчинтай уул уурхайн үйл ажиллагаа эхлээгүй байсан. Тиймээс миний хувьд хэр зэрэг нөөцтэй талбай вэ гэдгийг тогтоохоос ажлаа эхэллээ. Уурхайтайгаа танилцахаар ажилтнуудтайгаа очиход үйлдвэр лацтай, тоног төхөөрөмжүүд нь эвдэрч, тоногдсон. Уурхайг технологийн бус аргаар ажиллуулж, сорчлон өм цөм ухсан байдалтай газар угтсан. Бодит байдалтай танилцаад хэрхэн ажиллах төлөвлөгөөгөө гаргалаа. Юун түрүүнд нөөцөө тодорхойлох зорилгоор уурхайн талбайд гаргаад орхисон хүдрийг боловсруулж үзэхэд, цэвэр мөнгөний гулдмайнууд гарсан. Мөнгөний гулдмай гаргах ажлыг ажлаа авснаас хойших эхний долоо хоногт буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 25-нд хийж байв. Гулдмай гарсан нь ордын нөөц бий гэдгийг илтгэнэ. Бид тэрхүү 16 ширхэг 55,4кг мөнгөн гулдмай болон 1 ширхэг 283,57 гр алтан гулдмай хуулиараа Монгол банкинд тушааж нийт 151,3 сая төгрөгийн орлого олсон. Нөгөө талаар энэхүү гулдмайг Монгол банк гадаад зах зээлд арилжих замаар Монгол улсын гадаад валютын болоод үнэт металын нөөц өсөх боломжтой гэдэг баримжааг тэндээс авч байгаа юм. -Монгол Улс байгалийн баялаг арвинтай ч баялгийг иргэддээ хүртээсэн бодит ажил энэ болсонд иргэд талархан хүлээж авсан байх? -Ахмад настнууд социализмын үед хөдөлмөрлөөд улс орныхоо төлөө чадах бүхнээ зориулсан хүмүүс шүү дээ. Ахмадуудаа баярлуулж, зээлийн өр дарамтаас гаргах шийдвэрийг гаргасан Монгол Улсын ҮАБЗ-ийн гурван гишүүнд талархан хүлээж авч, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт орж ажиллалаа. Энэ ажлын хэсгийг тухайн үед БОАЖ-ын сайд, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол ахалж шуурхай ажилласан. Нийт тэтгэврийн зээлийг тэглэхэд ойролцоогоор 900 тэрбум төгрөг шаардлагатай гэж бид тооцоолсон. Зарим ахмадууд өндөр зээлтэй, зарим нь огт зээлгүй байв. Тиймээс иргэдийн 6 сая хүртэлх зээлийг тэглэж, зээлгүй иргэдэд 1 сая төгрөг өгнө гэж тооцоолоод, Салхитын ордын төрд ногдох өгөөжөөс энэхүү эх үүсвэр, хөрөнгийг гаргана гэж хуульчилсан. Эрдэнэс Монгол ХХК Эрдэнэс бонд 1,2,3 гаргаж, бондын мөнгөөр ахмадуудын зээлийг өөртөө худалдаж аваад, худалдаж аваад үүссэн өрийг Эрдэнэс силвер ресурс-ын орлогоор төлөхөөр төлөвлөсөн. Энэ ажил хоёр үе шаттай явагдах юм. Эхнийх нь Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг УИХ-аар 2020 оны нэгдүгээр сард баталсны дараа буюу хоёрдугаар сард зургаан сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэж, ахмадуудаа баярлууллаа. -Одоо тэтгэврийн зээлгүй болон 1 сая төгрөг хүрэхгүй зээлтэй байсан иргэд 2021 оны тавдугаар сарын 20-нд нэг сая төгрөг болон нэг сая төгрөгийн зөрүүг щ авахаар хүлээж байгаа. Санхүүжилт нь бүрдэж байна уу? -Тэтгэврийн зээлгүй болон нэг сая төгрөгийн зээлийн зөрүүтэй нийт 216 мянган иргэнд тус бүрт эрхийн бичгээр дамжуулан 216,2 тэрбум төгрөг олгох санхүүжилтийг манай компани гаргана. Хуульд ингэж заасан учир хэрэгжүүлэх үүрэгтэй. Тиймээс манай хамт олон бүх хүчин чадлаа дайчлан ажиллалаа. Уул уурхайн үйлдвэрлэл явуулаад нэг жил хүрэхгүй богино хугацаа өнгөрсөн боловч бид шахуу төлөвлөгөө гарган ажилласан. Өнгөрсөн хугацаанд гадна, дотнын олон байгууллагатай гэрээ хэлэлцээр хийлээ. Манай баяжуулах үйлдвэрийн бүтээгдэхүүн маш сайн өндөр агууламжтай гарч байгаа тул баяжмалаа Европын холбоонд гаргаж, Европын банкны магадлан шинжилгээ буюу манайхны хэлдгээр due diligence шаардлагыг давж баяжмалаа нийлүүлэх гэрээ хийж чадсан нь бидний хамгийн том амжилт. Өнгөрсөн 8-12 дугаар сарын турш хэлцэл хийх ажлууд үргэлжиллээ. Европын банк баяжмалын чанарыг өөрийн стандартын дагуу шалгахаас гадна банкны эдийн засаг, техник, уул уурхай, захиргаа болон хуулийн гэх зэрэг бүх талаас шалгаж улмаар урьдчилгаа төлбөрийн гэрээгээ амжилттай байгуулсан. Ингэснээр бид бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх нөхцөлтэй гэрээ байгуулж, урьдчилан 50 сая ам.долларын санхүүжилт авч чадлаа. Гэрээнд заасны дагуу бүтээгдэхүүнээ 2021 оны нэгдүгээр сараас эхлэн нийлүүлж байна. Графикийн дагуу бид дөрөв дэх сардаа бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Дөрөвдүгээр сард нийлүүлэх савлагдсан бүтээгдэхүүн манай уурхайн талбайд бэлэн байгаа. Тавдугаар сард зургаадугаар сарынхыг гаргах зэргээр бид нэгээс хоёр сарын нөөцтэй явдаг. Ийм маягаар графикийн дагуу он дуустал нийлүүлэхэд 50 сая долларын бүтээгдэхүүн төлөгдөж дуусах юм. Мөнгөө урьдчилж авсан боловч нэмэлт хүү, шимтгэлгүйн дээр тодорхой үнэд баригдаагүй. Лондонгийн хөрөнгийн биржийн хөвөгч үнээр тооцохоор гэрээ байгуулсан. -Дэлхийн зах зээл дээр мөнгөний ханш ямар байна вэ? -Анх төлөвлөж байхад нэг кг мөнгөний ханш 577,3 ам доллар байсан бол өнөөдөр 831,9 ам доллар болж байна. Бидний хийж чадсан нэг бахархалтай зүйл нь хөвөгч үнэ буюу Лондонгийн металын биржийн тухайн үеийн ханшаар бүтээгдэхүүнийхээ үнийг тооцно. Нэг үнэд баригдахгүй, хэрэв үнэ өсвөл дагаад өснө, буурвал мөн буурна. Дэлхийн зах зээл дээр ханш өсөж байгаа нь бидэнд давуу тал авчирч байна. Энэ хэлцлийг хийхдээ Монголбанк болон бусад холбогдох газруудаас зөвлөгөө авч байсан. Үүний үр дүнд өнөөдөр манай компанийн дансанд зээлгүй ахмадууддаа олгох 216,2 тэрбум төгрөг бэлэн байна. Энэ амлалтыг биелүүлэх мөнгийг хэдэн сарын өмнө бүрдүүлсэндээ би болон манай хамт олон баяртай, урам зоригтой ажиллаж байгаа. -Уул уурхайн баялгийн үр шимийг ахмад настнууддаа хүртээх бодит боломжийг олгосон танай хамт олонд баяр хүргэе. Тэгэхээр УИХ-ын дарга Г.Занданшатарын 2021 он гаруут зарласан тавдугаар сарын 20-ны өдөр ахмадууд сая төгрөгөө авна гэсэн үг үү? -Тийм ээ. Манай хамт олон хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, цар тахлын энэ үед улсдаа дарамт болохгүйгээр өөрийн үйл ажиллагааны хүчин чадлаар ахмадуудад нэг сая төгрөг олгоход шаардлагатай санхүүжилтийг бүрдүүлснийг ард түмэндээ дуулгахад таатай байна. БИД САЙН АЖИЛЛАВАЛ АХМАДУУД МААНЬ ТЭТГЭВРЭЭ ЗЭЭЛД ӨГӨХГҮЙ ГАР ДЭЭРЭЭ АВНА ГЭЖ БОДОЖ ХИЧЭЭСЭН -Энэ ажлыг танай хамт олон маш богино хугацаанд амжуулжээ. Үйл ажиллагаа эхэлж байх 2019 оны 12-р сард танай компанийн санхүүгийн нөхцөл байдал ямар түвшинд байсан бол? -Анх Эрдэнэс Монгол компани охин компанидаа зээл өгөх маягаар 900 сая төгрөгийг өр төлбөр тавих эрхтэй байснаас миний санаж байгаагаар бид 500 гаруй сая төгрөгийг хэрэглээд эргүүлж төлсөн. 500 сая төгрөгийн өртэй компани байсан бол жилийн дараа буюу өнөөдөр 1.2 их наяд төгрөгийн баланстай, 20 орчим тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, 50,5 тэрбумын цэвэр ашигтай, санхүүгийн хувьд ямар ч доголдолгүй гэсэн дүгнэлтийг Үндэсний аудитын газраас гаргасан байна. Тус газраас манай компанийн 2020 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайланд 2021 оны хоёрдугаар сарын 15-наас эхлэн нэг сарын хугацаанд шалгалт хийж, аудитын тайлангаа саяхан бидэнд танилцууллаа. Бид Улсын төсвөөс нэг ч төгрөг аваагүй, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажилласан. -Та шинээр байгуулагдсан компанийн үйл ажиллагааг ямар менежментээр удирдан чиглүүлэх бодлого барьж ажилласан бэ? -Салхит бол 5-6 жилийн хугацаатай жижиг төсөл. Тиймээс би өөртөө том ачаа үүрч, төрийн данхар бүтэц үүсгэхийг хүсээгүй. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хэрэгжүүлэхийг хүссэн. МҮХАҮТ-тай Санамж бичиг байгуулснаар хувийн хэвшлийн компаниуд манай төсөлд туслан гүйцэтгэгчээр орж ажилласан. Бид ажлын төлөвлөгөөгөө шуурхай гаргаж, ТУЗ-ийн гишүүддээ танилцууллаа. 2020 оны Төлөөлөн удирдах Зөвлөл маань энэ хугацаанд цаг өдөр хязгаарлалтгүй биднийг маш сайн дэмжиж ажилласан. ТУЗ-д ЗГХЭГ-ын Хуулийн хэлтсийн дарга Мягмар, ХЗДХЯ-ны газрын дарга Энхтуяа, УУХҮЯ-ны Бодлого зохицуулалтын газрын дарга Элбэгзаяа, Отгонцэцэг, Аясгалан, мөн хараат бус гишүүд болох Батсүрэн, Энхзул, Алтаннар, нарийн бичгийн дарга Ууганчимэг нар хурлаар хэлэлцүүлсэн асуудалд үргэлж дэмжсэн, санал санаачилгуудаар арвин байсан бөгөөд дээр нь энд дурьдагдаагүй ч олон хүн дэмжиж ажилласны хүчинд бид үйл ажиллагаагаа маш хурдан жигдрүүлж чадсан. -2019 оны 12-р сард Та ажлаа аваад уул уурхайн үйлдвэрлэл, эдийн засгийн эргэлтэнд оруулах ажиллагаагаа хэзээ эхлүүлсэн бэ? -Эхний ээлжинд ТУЗ-ийнхөө шийдвэрээр 200 мянган тонн хүдэр борлуулах маш сайн гэрээ хэлцлийг хийснээр урьдчилж мөнгийг аваад бүтээн байгуулалтын ажилдаа зарцууллаа. Үр дүнд нь 2020 оны тавдугаар сарын 1-нд үйлдвэрээ бүрэн ажилд оруулсан. Үйлдвэрээ ажиллуулж, уулын ажлаа горимд нь оруулан жигдрүүлж, сэргээн засах бусад ажлаа эхлээд явж байхад УИХ-ын дарга Г.Занданшатар ирж, үйл ажиллагаатай танилцаж байлаа. 2020 оны тавдугаар сарын 1-нд уурхайн үйл ажиллагааг эхлүүлснээс хойш техникийн шинэчлэлүүд хийлээ. Үйл ажиллагаа явуулахад нэгдүгээрт хүн буюу ажилчдын ая тухтай орчинд ажиллах нөхцөл тавигддаг. Ажилчдын амьдрах, ажиллах орчин сайн байвал ажлын үр дүнд сайнаар нөлөөлнө, бүтээмж ч өндөр гарна. Тиймээс бид боловсон ариун цэврийн өрөөтэй, халуун хүйтэн устай 150 хүний багтаамжтай кэмп байгуулсан. Мөн уурхайдаа 50 хүн ажиллах оффисын байр барилаа. Энэ оны тавдугаар сарын сүүлчээр ашиглалтад орох хоёрдугаар үйлдвэрийнхээ шавыг тавьж, үйл ажиллагаа жигдрээд явж байна. -Эрдэнэс силвер ресурс ХХК одоо хэчнээн ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна вэ? -Үндсэн ажилтан 130-аад, үүн дээр туслан гүйцэтгэгч компаниудын ажилчдыг оруулбал нийт 350 гаруй ажилтантай. Нийт ажилтнуудын маань ар гэрийнхнийг оруулбал манай төслийн өгөөжөөр 1000-аад хүн амьдарч байгаа юм. Манай хамт олон 2021 оны 5-р сарын 20-нд тэтгэврийн зээл аваагүй 216 мянган ахмадууддаа тус бүр нэг сая төгрөг олгох мөнгийг бүрдүүлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх ойрын гол зорилгодоо хүрсэндээ баяртай байна. -Танд анх нөөц нь бүрэн тогтоогдоогүй жижиг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, өгөөжөөр нь ахмадуудын тэтгэврийн тэглэнэ гэхэд биелэнэ гэсэн итгэл хэр зэрэг байсан бол? -Итгэл үнэмшил байсан. Миний хувьд ямар нэг төслийг зөв удирдлагаар хангаж, үр ашигтай ажиллаж болдгийг харуулах нь чухал байсан.Нэгдүгээрт,Салхит шиг жижиг төслийн үр өгөөжийг тэтгэврийн зээл, эсвэл өөр зүйлд ч гэсэн оруулж, үр өгөөжтэй ажиллаж болдгийг харуулах нь Монгол шиг уул уурхайгаас гол орлогоо олдог оронд жишиг болно гэж харсан. Бусад том ордууд яаж ажиллах боломжтой, ёстой вэ гэдгийг харуулахыг хүссэн.Хоёрдугаарт,Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэж, өрийн дарамтаас гаргана гэж хэлсэн нь надад бурханлаг, буянтай үйл гэж санагдсан. Бид ажлаа сайн хийвэл ахмадууд маань тэтгэврийн мөнгөө зээлд өгөхгүй гар дээрээ авна гэж бодож хичээж, ажлаа аз жаргалтайгаар ажиллаж өдийг хүрчээ. Манай компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал удахгүй болно. Энэ хурал дээр улс орон, хуулийн өмнө хүлээсэн үүрэг даалгавраа амжилттай биелүүллээ гэж ажлын тайлангаа тавихаар бэлтгэж байна. Манай хувьцаа эзэмшигч бол Эрдэнэс Монгол ХХК. Эрдэнэс Монгол ЗГХЭГ-ын харьяанд байдаг. Тэгэхээр хувьцаа эзэмшигч нь Засгийн газар гэсэн үг. -Салхитын мөнгөний орд ямар хэмжээний нөөцтэй вэ? -Үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 2020 онд нэмэлт геологи хайгуулын судалгаа хийж нөөцөө 60 хувиар нэмэгдүүллээ. Анх 2.3 сая тонн хүдрийн нөөцтэй гэж байсан бол одоо 3.2 сая тонн болоод байна. Энэ жил бид дахин хайгуул хийж нөөцөө өсгөх боломжийг хэд хэдэн урьдчилсан цэгүүд дээр хийхээр төлөвлөн бэлтгэн ажлаа хангаад байна. Бид хэд хэдэн биет барьж авсан учир нөөцөө өсгөнө гэж итгэлтэй хэлж байгаа юм. Энэ бол бидний одоогийн ажлыг үргэлжлэл болно. САЛХИТ БОЛ 2887 ГА ГАЗАРТАЙ ЖИЖИГ УУРХАЙ Ч ҮР ӨГӨӨЖ НЬ ИХ САЙН БАЙГАА -Тэтгэврийн зээл тэглэх тухай хууль батлагдах үед Салхитын мөнгөний ордын нөөц бүрэн тогтоогдоогүй байжээ. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд ордын нөөц хүрэх үү? гэсэн эргэлзээ Танд байсан болов уу? -Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг баталсны дараа хэрэв Салхитын ордын нөөц өсөхгүй, тэтгэврийн зээлийг тэглэх санхүүжилтийг бүрдүүлж чадахгүй нөхцөл үүсвэл яах вэ? гэж болгоомжлол байсан. Тиймээс тухайн үеийн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, УУХҮЯ-ны Бодлого зохицуулалтын газрын дарга нь Б.Мөнхтөр дарга нарт хандаж, манай компанид хайгуул хийх нэмэлт талбай өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Бидний хүсэлтийн дагуу Засгийн газрын тогтоолоор Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт орших Овоот хяр, Өлзийт Овоо гэж хоёр талбай өгсөн. Бид өнгөрсөн өвөл Овоот хярд хайгуулын ажил хийж, 53.1 тонн алтны нөөц тогтоосон. Энэ бол манай талбайн Хойд бүргэд гэх багахан хэсэгт бодогдсон. Энэ жил дахин 3-4 газарт хайгуул хийнэ, нөөц илүү нэмэгдэх боломжтой. Манай улсын үнэт метал, гадаад валютын нөөц нэмэгдэх боломж харагдаж байна. Энэ нөөцөд түшиглэн Засгийн газар нэг их наяд төгрөг босгож, эдийн засгийн эргэлтэд оруулах алхам хийхээр яригдаж эхэлсэн нь маш зөв. Уул уурхайн баялаг эдийн засгийн эргэлтэд орж, ХАА, жижиг дунд үйлдвэрлэл, мэдээлэл технилоги, үйлчилгээний салбарын төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлбэл улс орны хөгжилд тустай гэж боддог. -Та бүхний 2021 оны үйл ажиллагааны гол төлөвлөгөө юу байна вэ? -Энэ жил Өлзийт-Овоо, Салхитын ордын нөөцөө нэмэгдүүлэх хайгуул хийнэ. Үйлдвэрлэлийн хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлнэ. Хоёр дахь үйлдвэрээ ашиглалтад оруулснаар тэтгэврийн зээлийг тэглэхэд гаргасан бондын өр төлбөрийг хугацаанаас нь өмнө дуусгаж, дахин Засгийн газрын бодлогоор хэрэгжих төслүүдэд компанийн өгөөжийг оруулах маягаар ажиллана. Салхит бол 2887 га газартай жижиг уурхай. Үүнийхээ багахан хэсэгт үйл ажиллагаа явуулдаг ч үр өгөөж нь их сайн байгаа. Зөв менежментээр ажиллуулбал хэдийгээр жижиг уурхай ч өндөр өгөөжтэй ажиллаж болдгийн жишээ болсон уурхай гэж би энэ төслөө дүгнэж байна. Манай улсын бүх аймагт том, жижиг уурхай байдаг ч аймаг нь хөгждөггүй. Улсын төсвөөс татаас авдаг. Орон нутгийн өмчлөлтэй уурхайнуудыг зөв менежментээр ажиллуулбал орон нутгийн иргэдээ ажилтай, орлоготой болгож, орон нутагтаа тулгамдсан асуудлуудыг шийдэж болохоор харагддаг юм. Гол нь тухайн уурхайн өгөөжөөр юу хийхээ томъёолж сурах хэрэгтэй юм шиг санагддаг. -Салхитын ордын өгөөжөөр тэтгэврийн зээлийг тэглэх зорилт тавин ажилласан шиг зорилгоо тодорхойлох хэрэгтэй гэж Та үзэж байна уу? -Тийм ээ. Бид боловсрол, хөдөө аж ахуй, инноваци, старт-апыг хөгжүүлэх зэрэг шинэлэг зүйлүүд рүү мөнгө хөрөнгө зарцуулбал зүйтэй санагддаг. Жишээ нь, таван жилийн хугацаатай, 1.2 их наяд төгрөгийн Салхит шиг төслийн орлого Дундговь аймагтаа ордог байвал аймгийн хөгжил ямар байх вэ? Зарим нутагт уул уурхайг үзэн ядаж байна, ингэж болохгүй. Уурхайгаас олсон орлогоор илүү сайн, үйлдвэрлэл ажлын байрууд бий болгоход чиглэсэн зөв бодлогоо гаргавал иргэд хамтарч дэмжиж ажиллах нь тодорхой. Ингээд ирвэл аймгууд улсын төсөвт дарамт учруулахгүй. Ийм л бодлогыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Засгийн газар хэрэгжүүлээсэй гэж боддог доо. -Төрийн өмчит үйлдвэрүүд 230 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Ашиггүй ажиллаж буй төрийн өмчит компаниудын татан буулгана гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдлээ. Та энэ талаар ямар бодолтой байна вэ? -Хэрэв үнэхээр ашиггүй ажиллаж байвал татан буулгах нь зүйтэй байх. Эсвэл засаж сайжруулах ёстой. Зам засвар, арчилгаа зэрэг үйлчилгээний компаниуд алдагдалтай ажиллаж болох юм. Миний ажигласнаар төрийн өмчит компаниудын хяналтын тогтолцоо сул, ойлгомжгүй байна. Төрийн өмчит ихэнх ААН-ийн ТУЗ аль нэг яам, тамгын газрын мэргэжлийн бус хүмүүсээр дүүрсэн байдаг. Хэдийгээр төрийн өмч ч гэсэн компани бол ашгийн төлөөх байгууллага. Тиймээс ТУЗ-д компанийг ашигтай ажиллуулахад нөлөө үзүүлэх бодлого боловсруулж, шийдвэрээ гаргах мэргэжлийн хүмүүс байх ёстой. Төрийн өмчит компанийг ашигтай ажиллуулах хамгийн сайн хяналт бол тодорхой хувьцааг хөрөнгийн зах зээлд гаргаж, хувьцаа эзэмшигчид хянаад явах нь маш эрүүл хяналт, тогтолцоо. Сангийн сайд Б.Жавхлан төрийн өмчит компаниудын 34 хүртэлх хувийг хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалж, хувьцаа эзэмшигчдийн хяналтад оруулж, хувьцаат компанийн зарчимд оруулна гэсэн шийдлийг зөв зүйтэй гэж дэмжиж байна. -Уул уурхайн компани орон нутагтайгаа хамтран ажиллах хэрэгтэй гэсэн санааг Та хэллээ. Танай компанийн ажилчдын хэдэн хувь нь орон нутгийн иргэд байна вэ? -Манай ажилтнуудын 40 хувь нь орон нутгийн иргэд. Бид мэргэжлийн хүмүүс авч, мэргэжилтнүүд нь бусдыгаа сургах зарчмаар ажилласан. Уурхайн ажилчид тохилог байр, чанартай хоолоор үйлчлүүлж байна. Ажилчдын маань дундаж цалин 2.5-5 сая төгрөг байна. Ингээд бодоход манай уурхайчид эх нутагтаа, гэр бүл, үр хүүхдийнхээ дэргэд сэтгэл зовох зүйлгүйгээр Солонгост ажиллаж байгаа хүмүүстэй ижил хэмжээний өгөөжтэй ажиллаж чадаж байгаа. Манай хамт олон ч Ахмад настнуудаа тэтгэврийн зээлийн дарамтаас гаргах хөрөнгийг босгохын төлөө ажиллаж байна гэсэн итгэл үнэмшил, урам зоригтойгоор ажилладаг. Салхитын уурхайд ажилладгаараа бахархдаг. -Эрдэнэс силвер ресурс компани Дундговь аймгийг хөгжүүлэхэд ямар дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллаж байна вэ? -Аймаг, сум уурхай гурвалсан гэрээтэй. Манай уурхай Гурвансайхан сумын нутагт байдаг. Гурвансайхан сум байгалийн сайхан тогтоцтой, задгай театртай аялал жуулчлал хөгжүүлэх өгөгдөл ихтэй нутаг. Гэвч орчин үеийн хэрэгцээ шаардлага хангасан жуулчны бааз, гэр кэмп ч байхгүй. Энэ дээр нь орон нутагт тусалж, аялал жуулчлалын сайхан газар байгуулж өгөхөөр болсон. Уул уурхайн баялаг шавхагдана. Нөөц дуусаж, уурхай хаагдахад орон нутагт үлдэх орлого олох газар байгуулахад дэмжлэг үзүүлнэ. Аялал жуулчлалын үйлчилгээ сайн бол аймгийн хөгжил цэцэглэлт болоод дотоод гадаад жуулчдаас орох орлого сайн байна. Нэг үеээ бодоход Монголчууд маань эх орныхоо үзэсгэлэнт байгаль дурсгалт газруудаар маш их аялдаг болсон. Эхний ээлжинд энэ төслийг дэмжинэ. Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат саяхан уулзахад аймагтаа баялгийн сан бүрдүүлж, сангийн хөрөнгөөр орон нутгаа хөгжүүлэх хүсэлт гаргасан. Энэ асуудлыг би ТУЗ-ийн хурлаар оруулж танилцуулна. Шийдээд өгвөл орон нутагтаа хэрэгтэй байгаа юм. -Уул уурхайн салбарт нэг жил хүрэхгүй хугацаанд хийж бүтээсэн их ажлынхаа талаар дэлгэрэнгүй ярилцлага өгсөн Танд баярлалаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсье. Эх сурвалж:Gogo.mn

Гуравдугаар сард 2.9 тонн үнэт металл худалдан авлаа

Монголбанк 2021 оны 3 дугаар сард 917 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 2.9 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2.4 тн-оор буурсан үзүүлэлт юм. 2021 оны 3 дугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 27.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 35.5 кг үнэт металл худалдан авсан. Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны 3 дугаар сард 157,543.30 төгрөг байлаа. График 1. 2018-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг) График 2. 1990-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн) График 3. 2021 оны 3 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)

ЗГ: Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд 2500 орчим зээлдэгч 153 тэрбум төгрөгийн зээл аваад байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр болж,Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө -ний хэрэгжилтийн талаар хэлэлцлээ. Ажлын байрыг дэмжих зээл: 03 дугаар сарын 29-ний байдлаар 343 аж ахуйн нэгж, 2088 иргэнд 152.8 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 38, аж ахуйн нэгжийнх 210 сая төгрөг. Урт хугацаат репо санхүүжилттэй зээл: 1078 аж ахуйн нэгж, 280 иргэн 185.5 тэрбум төгрөгийн зээл авсан. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 123, аж ахуйн нэгжийнх 140 сая төгрөг. Ипотекийн зээл: 2,043 зээлдэгчид 153.8 тэрбум төгрөгийн зээл олгосон. Зээлийн дундаж хэмжээ 75 сая, үүнээс Улаанбаатар хотод 83, орон нутагт 55 сая төгрөг байна. Нийтэлсэн:Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ЭТТ бонд ханшийн уналтаас хамгаалагдсанаараа давуу талтай

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 2 их наяд хүртэлх төгрөгийн ЭТТ Бондын анхдагч зах зээлийн захиалгыг 3 дугаар сарын 30-ны өдөр албан ёсоор эхлүүлсэн. Эхний үе шатанд нийт 600 тэрбум төгрөгийн бондыг төгрөгийн болон ам.долларын сонголттойгоор олон нийтэд санал болгон арилжаалж байгаа бөгөөд энэ шатны худалдан авах захиалга 4 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Бонд худалдан авагчид нь Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгаа авахдаа нээлгэсэн Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй Үнэт цаасны компаниар дамжуулан бондыг худалдан авч болно. Энэхүү бонд нь дотоодын хөрөнгийн бирж дээр анх удаагаа гадаад валютаар буюу ам.доллароор гарч байгаа учраас ханшийн уналтаас хамгаалагдсанаараа давуу талтай юм. Бондын санхүүжилт нь Тавантолгой дулааны цахилгаан станц, Нүүрс баяжуулах үйлдвэр, Усан хангамж, Төмөр зам зэрэг үндэсний томоохон бүтээн байгуулалтад зарцуулагдана. Дээрх бүтээн байгуулалтууд хийгдсэнээр компанийн үр ашиг илүү нэмэгдэж, 2025 он хүртэл нийт 11.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөж байна. Бондын Тэргүүлэх Андеррайтер БиДиСЕК ҮЦК-иар дамжуулан онлайнаар худалдаж авах заавар:

Нийтэлсэн:

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.