Төвийн бүсийн эрчим хүч үйлдвэрлэгчдийн нүүрсний хэрэглээний 90 гаруй хувийг хангадаг Багануур болон Шивээ-Овоогийн уурхайн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 75 хувьтай, хэвийн үргэлжилж байна. Багануур болон Шивээ-Овоогийн уурхайн техник тоног төхөөрөмжийн 60-70 хувь нь насжилт хэтэрсэн бөгөөд үүнийг шат дараатай шийдвэрлэх хүрээнд Эрдэнэс Монгол ХХК арга хэмжээ авч, Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны банкны санхүүжилтээр техникийн шинэчлэл хийхээр болсон. Өнөөдрийн байдлаар 20 ширхэг техник худалдан авах гэрээг байгуулахаар ажиллаж байна. Энэхүү техникийн шинэчлэл хийснээр уурхайнуудын үйл ажиллагаа хэвийн, тасралтгүй явах боломж бүрдэж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд дулааны цахилгаан станцуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх замаар өр авлагыг богино хугацаанд барагдуулахаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар дулааны цахилгаан станцуудаас Багануурын уурхай 5.8 тэрбум төгрөг, Шивээ-Овоогийн уурхай 3.4 тэрбум төгрөгийн авлагатай байна.
Стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил эрчимжиж байна
2020-10-09 10:47:26 Нийтлэгдсэн: Эдийн засагЭрдэнэс Монгол ХХК-ийн удирдлагууд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр болон компанийн үйл ажиллагаа, цаг үеийн сэдвээр сэтгүүлчидтэй уулзаж мэдээлэл өглөө. Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү Газпром компанитай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд дараагийн шатанд хоёр компанийн хооронд энэ долоо хоногт нууцлалын гэрээ байгуулж, харилцан мэдээлэл солилцох, холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн ажиллана гэдгийг хэллээ. Өнгөрсөн оны 12 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айчлалын үеэр тус улсын төрийн тэргүүн В.Путин Монголын талтай хийн хоолой төслийг хэрэгжүүлэх хамтын судалгааг эхлүүлэх ажлыг албажуулсан билээ. П.Ганхүү захирлын онцолж буйгаар хийн хоолойг төмөр замын дагуу байгуулахаар тогтсон аж. Ингэснээр төслийн нийт өртөг буурахын зэрэгцээ хийн хоолойн хүчин чадал жилд 50 тэрбум шоо метр болж нэмэгджээ. Хийн хоолой нь манай улсын дотоодын эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлж, агаарын бохирдлыг бууруулахын зэрэгцээ бүс нутгийн эрчим хүчний интеграцад чухал байр суурь эзэлнэ. Умард хөршийн эрчим хүчний мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хийн хоолойн дорнод маршрутын хөгжил нь Хятад болон Азийн бусад орон Газпром-ын урт хугацааны хэрэглэгч болох учир ойрын 10 жилд байгалийн хийн ашиглалт эрс нэмэгдэнэ гэж тооцож буй аж. Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил эрчимтэй өрнөж байна Өнгөрсөн долоо хоногт ээлжит бус чуулганаар хэлэлцэн баталсан Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаснаар эдийн засгийн өсөлтийг хангах стратегийн мега төслүүдийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрүүдийг бүрэн дайчилж, ашиглалт үр өгөөжийг дээшлүүлэхэд анхаарахаар болсон. Сүүлийн хоёр жилд Засгийн газраас Эрдэнэс Монгол ХХК-ийн мэдэлд тодорхой лиценз, компаниудын хувьцааг эзэмшүүлэх замаар бодит хөрөнгөтэй болгож, тодорхой төслүүдээ хэрэгжүүлж эхэлжээ. Тухайлбал, сүүлийн 30 жилд хөрөнгө оруулагчдыг татах оролдлого хийж байсан Асгатын мөнгөний ордыг 2019 оны долдугаар сард Эрдэнэс Монгол-ын мэдэлд шилжүүлсэн. Ингэснээр малталт хийж байсан босоо амуудыг нээж үйлдвэрлэлийн дээж 20 тонныг авсан бөгөөд одоогоор ТЭЗҮ-гээс шинэчлэх зэрэг бусад ажлууд эрчимтэй хийгдэж буй. Мөн энэ оны эхээр зургаа хүртэлх сая төгрөгийн тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг тэглэсэнтэй холбоотойгоор Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил эрчимтэй, бас цаг хугацааны хувьд шахуу өрнөж буй аж. Уг ажлыг Эрдэнэс Силвер Ресурс компани хариуцаж, ирэх оны тавдугаар сард тэтгэврийн зээлгүй 200 орчим мянган ахмадад зориулсан Эрдэнэс бонд-ын санхүүжилтийг олгохоор зорьж байна. Улс орны хөгжилд хамгийн бодитой хувь нэмэр оруулсан ахмадууддаа байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш, шударга зарчмаар хүртээж буй төрийн бодлогын илрэл нь Салхит-ын мөнгөний орд хэмээн компанийн удирдлага онцолсон. Хэдийгээр дэлхий нийтэд цар тахал дэгдэж, хөл хорионы улмаас хөрөнгө оруулагчидтай хийх бодит уулзалт, олон улсын арга хэмжээ хязгаарлагдаад буй ч энэ хугацаанд Эрдэнэс метан компанийн хэрэгжүүлж буй Тавантолгойн бүлэг ордын нүүрсний давхаргын метан хийн хайгуулын ажил урагштай явж буй аж. Өнгөрсөн оны тавдугаар сард Австралийн Жейд метан компанитай Нүүрсний давхаргын метан хийн эрэл, хайгуулын хөрөнгө оруулалт-ын гэрээ байгуулснаас хойш Тавантолгойн бүлэг ордын Бортээгийн хэсэгт эрлийн ажлууд гүйцэтгэж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд тайлангаа илгээжээ. Одоо нарийвчилсан хайгуул хийхээр бэлтгэл хангаж байгаа юм байна. Багануур, Шивээ-Овоо төсвөөс татаас авахаа больжээ Дотоодын эрчим хүчний эх үүсвэрийг нийлүүлдэг Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн техникийн шинэчлэл шувтрах шатандаа оржээ. 2013 оноос хойш тус хоёр уурхайн төрийн мэдлийн хувийг Эрдэнэс Монгол ХХК-д хариуцуулснаас уурхайн найдвартай, хэвийн үйл ажиллагааг тасралтгүй хангах зорилгоор Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны экспортын зээлийн шугамын санхүүжилтийг ашиглан 18.3 сая ам.долларын үнийн дүн бүхий 20 ширхэг техник худалдан эхний шатны шинэчлэлүүдийг хийгээд дуусчээ. Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн техник тоног төхөөрөмжийн 60-70 хувийнх нь насжилт хэтэрсэн бөгөөд эдгээрийг үе шаттай шийдвэрлэхэд толгой компанийн зүгээс жил бүр 3-4 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр зарцуулж, улсын төсөвт учруулдаг дарамтыг шийдвэрлэснээ гүйцэтгэх захирал П.Ганхүү тайлбарлалаа. Том төслүүдийг цомхон бүтцээр явуулж байна Эрдэнэс Монгол ХХК-ийн нэгдлийн хэмжээнд 2022 хүн ажилладаг. Толгой компанийн хүний нөөцийн 25 орчим хувь нь гадаадын их дээд сургууль төгссөн, олон улсын түвшний мэргэжилтнүүд ажилладаг нь үе үеийн захирлуудын бий болгосон хүний нөөцийн чадавх юм. Тус нэгдэл одоогоор 10 охин компани, хоёр төслийн нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Компанийн мэдэлд байдаг стратегийн 16 ордоос өдгөө Оюутолгой, Тавантолгой, Багануур, Шивээ-Овоо, Асгат, Салхит гэсэн зургаан орд л эргэлтэд ороод буй. Нөгөөтэйгүүр, олон улсад Монгол Улсыг төлөөлөн, бизнесийн том төслүүдийг хөдөлгөж, улсын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилготой байгууллагын хувьд Засгийн газрын дэмжлэггүйгээр үйл ажиллагаа урагшлахгүй. Тиймээс ч сүүлийн хоёр жилд Асгат болон Салхитын мөнгөний орд, Мон Атом, Багануурын 400 орчим сая тоннын нүүрсний ордын тусгай зөвшөөрөл, тодорхой алтны ордуудыг Эрдэнэс Монгол ХХК-ийн мэдэлд шилжүүлж, компанийг бодит хөрөнгөтэй болгосон юм. Эдгээр хөрөнгийг зөв удирдаж, олон улсад үлгэр жишээ манлайлах шийдэл нь Баялгийн сан байгуулах явдал. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Монгол Улс баялгийн сантай байна гэж тусгасан. Ирээдүйн өв сан болон Төсвийн тогтворжуулалтын сангаас ялгаатай нь хөгжлийн сан байхаар яригдаж байгаа юм. Норвегийн баялгийн сангийн орлого газрын тосны гол компанийн ордуудын төвлөрүүлэх орлого, ногдол ашигорлогод тулгуурлан бүрддэг. Үүн шиг баялгийн сангийн гол эх үүсвэр нь томоохон орд газрын ногдол ашиг байх юм хэмээн П.Ганхүү захирал ярив. Баялгийн сангийн удирдлагыг оновчтой авч явах, компанийн засаглалыг сайжруулах, дотоод гадаад эх үүсвэрээс хөрөнгө босгох бэлтгэл ажлыг тус компани хангаж буй аж. Энэ хүрээнд Австралийн олон улсад данстай BDO аудитын компаниар бизнесийн үнэлгээгээ шинэчлүүлж, нийт 15.7 их наяд төгрөгийн үнэлгээтэй гэж тогтоолгоод буй аж. Монгол Улсын Засгийн Газраас өнгөрсөн 2 жилийн хугацаанд Эрдэнэс Монгол компанийг бодитоор дэмжиж, хамтран ажилласны үр дүнд стратегийн томоохон төслүүд хөдөлж, тодорхой үр дүнд хүрч байна. Гүйцэтгэх захирал П.Ганхүү мэдээлэл хийсний дараа харъяа охин, хараат компанийн удирдлагууд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
Хийн хоолой барих төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах Монгол, Оросын хамтарсан тусгай зориулалтын компанийг байгууллаа
2020-10-09 10:43:40 Нийтлэгдсэн: Эдийн засагОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийг хэрэгжүүлэх хүрээнд төслийн ТЭЗҮ боловсруулах Монгол, Оросын хамтарсан тусгай зориулалтын компанийг байгуулах баримт бичгийг үзэглэв. Баримт бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, ОХУ-ын Засгийн газрыг төлөөлж Газпром НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар өнөөдөр/2020.08.25/ 15:00 цагт гарын үсэг зурлаа. Ингэснээр ОХУ-аас БНХАУ-д жилдээ 50 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах Сибирийн хүч-2 хийн хоолой Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдах төслийн ажил бодит биелэлээ олоход нэг шат ахилаа хэмээн хуралдаанд оролцогч талууд онцлон тэмдэглэж, харилцан баяр хүргэлээ. Хурлаар хоёр талын хамтарсан төлөвлөгөөний биелэлтийг дүгнэн хэлэлцэж, цаашид талуудын авах арга хэмжээ, үйл ажиллагааны чиглэлийг тохиролцлоо. Мөн ирэх долоо хоногт Газпром НХН болон Эрдэнэс Монгол ХХК хооронд нууцлалын гэрээг байгуулахаар болов. Гарын үсэг зурах ёслолын цахим хуралд Оросын талын хүсэлтээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож амжилт хүсэж, үг хэлэв.Тэрбээр,Энэхүү төслийг хэрэгжүүлэх боломжийг хамтран судлах талаар харилцан ойлголцлын Санамж бичиг-т гарын үсэг зурсан нь миний ОХУ-д 2019 оны 12 дугаар сард хийсэн албан ёсны айлчлалын чухал үр дүнгийн нэг болсон юм. Хэрэв Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийг амжилттай хэрэгжүүлвэл энэ нь Монгол Улс болон Оросын Холбооны Улс хооронд тогтоосон иж бүрэн стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах юм. Иймд манай Засгийн газар энэ төслийг онцгой анхаарч, холбогдох дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллана. Бид 2021 онд Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг өргөн хүрээтэй тэмдэглэхээр төлөвлөж байна. Энэхүү түүхэн ойг уг төслийн хэрэгжилтийг эхлүүлсэн байдлаар тэмдэглэхийг та бүхэнд санал болгож байна гэв. Уг төслийг хэрэгжүүлэх ажлыг ОХУ-аас Газпром НХН, БНХАУ-аас CNPC корпораци, Монгол Улсаас Эрдэнэс Монгол ХХК тус тус хариуцан ажиллаж байна. Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар өнгөрсөн баасан гарагт /2020.08.21/ Эрдэнэс Монгол ХХК дээр ажиллаж, ОХУ-ынГазпром НХН-ийн төлөөлөлтэй цахим хурал хийж,Газпром НХН болон Эрдэнэс Монгол ХХК хооронд байгуулагдах нууцлалын гэрээний талаар харилцан санал солилцсон юм.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн харъяа үйлдвэр, уурхайнуудад ажиллалаа
2020-10-09 10:40:20 Нийтлэгдсэн: Эдийн засагУул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Эрдэнэс Монгол ХХК-ийн харъяа Салхит, Багануур, Шивээ-Овоогийн уурхайд ажиллаж, энэ хүрээнд 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцан, төлөвлөгөөний биелэлт, техник технологийн шинэчлэл болон бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд холбогдох үүрэг, чиглэлүүдийг өглөө. Салхитын мөнгө-алтны ордын нөөц нэмэгдэнэ Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Салхитын мөнгө-алтны орд нь нийт 2,920 мян.тн нөөцтэй, жилд 600 мян.тн хүдэр олборлох хүчин чадалтай. Энэ онд тус уурхай мөнгөний хүдрийн ил овоолгоос нийт 200 мян.тн хүдэр борлуулахаар төлөвлөснөөс одоогоор 110 мян.тн мөнгөний хүдрийг 31.7 тэрбум төгрөгөөр борлуулжээ. Ингэснээр толгой компани болох Эрдэнэс Монгол-оос санхүүжүүлсэн зээлийн төлбөрийг барагдуулан, Эрдэнэс Силвер Ресурс ХХК өөрийгөө санхүүжүүлэх хэмжээнд хүрсэн байна. Салхитын мөнгө-алтны ордын анх батлагдсан нөөц нэмэгдэх тооцоолол гарчээ. Нийт 2890 орчим га талбайг хамрах тус ордод уурхайчид дахин өрөмдлөг, уул сувгийн ажил хийсний дүнд нөөц 2-3 дахин өсөхөөр тооцоолол гарсныг Эрдэнэс Силвер Ресурс компанийн захирал Т.Мөнхбаяр танилцуулсан. Түүнчлэн баяжуулах үйлдвэрийг өргөтгөж, хүдэр боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг 600 мян.тн-д хүргэхээр ажиллаж эхэлжээ. Үүнийг дагаад чанар хяналтын лабораторийг өргөтгөхөөс гадна үйлдвэрийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх хүрээнд Мандалговь хотоос ЦДАШ татах аж. Мөн 300 орчим хүн байрлах боломжтой 6 хэсэг ажилчдын кемпийг нэмж барих ажил 60 хувьтай байна. Салхитын мөнгө-алтны ордын анх батлагдсан нөөц болон одоо хийгдэж буй өрөмдлөгөөр нэмэгдэх нөөцийн тооцоог нарийвчлан шалгаж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулах, нэмэгдсэн нөөцөөр ТЭЗҮ боловсруулах, баяжуулах фабрикийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг ажилд яамны мэргэжилтнүүдийн зөвлөгөө, дэмжлэг чухал шаардлагатай байгааг салбарын сайд Г.Ёндон анхаарууллаа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас нөөцийн талаар нэг тоо өгдөг. Гэтэл төсөл хэрэгжүүлэгч компани бас нэг зөрүүтэй тоо өгдөг байж болохгүй. Тиймээс ордын нөөц болон ашиглалтын үндсэн үзүүлэлтүүдээ нэг мөр болгож цаашдын амжилт бүтээлийн төлөө нягт хамтран ажиллах хэрэгтэй. Мөн шинэ баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн сонголтыг зөв хийж, нарийн мэргэжлийн ажилтнуудын үүрэг оролцоог нэмэгдүүлж, мэдлэг ур чадварыг бүрэн гүйцэд ашиглах шаардлагатай гэдгийг салбар яам болон компанийн удирдлагуудад сайдын зүгээс чиглэл болголоо. Г.Ёндон: Багануур, Шивээ-Овоогийн уурхайд зардал хэмнэх боломж их байна Шивээ-Овоо ХК нийт 20 машин, техниктэй ажиллахаар төлөвлөсөн ч одоогоор хөрс тээвэрлэх, нүүрс олборлон борлуулах ажлыг 10-14 машин гүйцэтгэж байна. Техник, тоног төхөөрөмжийн элэгдэл, олон жилийн насжилт ихтэйгээс хөрс хуулалтын ажил хоцрогдолтой явж байгаа аж. Мөн 1 тонн нүүрсний үнийг жилийн өмнөөс 2000 төгрөгөөр нэмэгдүүлж 29,060 төгрөг болгосон бөгөөд тонн тутамд 3,843 төгрөгийн алдагдал хүлээж байгаа учраас техникийн шинэчлэл хийх мөнгөн хөрөнгийн хомсдол хүлээж буйг Шивээ-Овоо ХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Энхтүвшин хэллээ. Иймээс нүүрсний үнийг олборлолтын бодит өртөгт хүргэж байж техникийн шинэчлэл хийх боломж бүрдэнэ гэв. Тус уурхайн олон жилийн турш хуримтлагдсан нийт өр төлбөр нийт 120 тэрбум төгрөгт хүрсэн учраас юуны түрүүнд нүүрсний өртөг үнийн зөрүүг шийдвэрлэх нь тулгамдсан асуудал болсныг учирлалаа. Зардал бууруулах чиглэлд уурхайн зүгээс COVID-19 цар тахалтай холбоотой цалингийн санг хэмнэж, цахилгааны чадлын тариф нэмэгдсэнтэй холбогдуулан ид оргил ачаалалтай цагт цэвэрлэгээ үйлчилгээ засварын ажлыг хийсэн байна. Салбарын сайдын зүгээс нийт өр төлбөрийг шийдвэрлэхийн тулд уурхайн удирдлагууд санаачилгатай, шинэ гарц хайж ажиллах шаардлагатай байгааг анхааруулав. Уул уурхай бол мэргэжлийн бөгөөд сэтгэлтэй хүний ажилладаг салбар. Шивээ-Овоогийн уурхайн хувьд машин техникийн эд анги, техник хэрэгслээ хэмнэсэн жолооч нарт урамшуулал олгохоос эхлээд хүн бүр, хэсэг бүр, цех бүрээс зардлаа хэмнэх арга барилд шилжиж, бүтээмж өндөртэй ажиллах боломж харагдаж байна. Зардал хэмнэе гэхээр нийгмийн халамж, цалин мөнгө хасах тухай ярих биш, эрчим хүч, техникийн зардлаа хэмнэх арга барилаас эхлэх учиртай-г сануулж, 14 хоногийн дараа зардал хэмнэх бодит төлөвлөгөө танилцуулахыг компанийн удирдлагуудад үүрэг болголоо. Мөн удирдлагуудын танилцуулсан санал болох вагон ачилтын төмөр замыг 5.7 км сунгаж нүүрс ачилтын талбай, складыг шинээр байгуулж өртөг зардал бууруулах судалгааг хийж хэрэгжүүлэх нь зүйтэйг онцолсон. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 132 дугаар тогтоолын хүрээнд Шивээ-Овоогийн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх үүднээс Сангийн яамнаас Багануур, Шивээ-Овоогийн уурхайд тус бүр 20 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгохоор болсон. Тус зээлийг Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх юм байна. Шивээ Овоо ХК-ийн хувьд Амгалангийн ДЦС-ын өргөтгөлтэй холбоотойгоор 2021 оноос нүүрс олборлолт жилд 300 мян.тонноор нэмэгдэх тооцоолол гарсан. Тиймээс Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны зээлийн эргэн төлөлтийг бүрэн барагдуулж, өр төлбөр буурах боломжтой гэв. Шивээ-Овоогийн уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажил 60 хувьтай байна. Багануурын уурхайн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн 63 хувь нь ашиглалтын хугацаа дуусчээ Багануур ХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажил 45 орчим хувьдаа оржээ. Бэлтгэл ажил хугацаандаа дуусч, өртгөө бууруулан, хэмнэлтийн горимд ажиллахаар зорьж, энэ хүрээнд эрчим хүч, эд анги сэргээн засварлах болон ЭШ 10/70 экскаваторын шанага үйлдвэрлэхээр ажиллаж байна.Он дуустал 4 чиглэлээр нийт 4,7 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргахаар төлөвлөснөө танилцуулав. Сүүлийн жилүүдэд уурхайн техник технологийг боломжийн хэрээр үе шаттайгаар шинэчилж байгаа ч, үндсэн үйлдвэрлэлийн нийт тоног төхөөрөмжийн 63 хувь нь ашиглалтын хугацаа дууссан учраас техникүүдийг сэлбэж шинэчлэн, зардал бууруулах шаардлагатайг ярьж байна. Үүний тулд мөн л нүүрсний үнийг нэмэгдүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад шаардлагатай санхүүжилт болох 25 тэрбум төгрөгийг төсвийн зээлээр шийдэж өгөхийг холбогдох яамдаас хүсчээ. Тус уурхайгаас Эрчим хүчний зохицуулах хороонд үнэ нэмэгдүүлэх саналаа хүргүүлсэн байна. Хэрэв ийм арга хэмжээ авахгүй бол орлого 5.9 тэрбум төгрөгөөр буурах тооцоолол гараад байгаа аж. Гол хүндрэлтэй асуудал нь хөрөнгө оруулалтыг зээлээр шийдэж байгаа учраас өр төлбөр нэмэгдсээр байгааг Багануур ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулуун хэлсэн. Багануурын уурхайн өртөг зардлыг бууруулахын тулд ажлын цаг ашиглалтыг сайжруулж, техникийн ашиглалт ажиллагааны түвшинг өндөрсгөхөд анхаарах хэрэгтэй. Мөн инженерүүдийнхээ оюуны бүтээлийг уурхайн ажилд өргөнөөр нэвтрүүлэх цаг болсон. Зөвхөн Засгийн дэмжлэгийг хүлээх биш сайн менежерийн түвшинд ажиллах ёстой-г Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд зөвлөж, мөн л зардал хэмнэх бодит төлөвлөгөө боловсруулах хугацаатай үүрэг даалгавар өглөө. Эрдэнэс Монгол ХХК-ийн хувьд Багануурын уурхайн өртөг зардлыг бууруулж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд жил бүр анхаарч ажилладаг байна. Энэ хүрээнд ус шүүрүүлэх байгууламжийг шилжүүлэх, шинэ байгууламжтай болгох, дэд станц нүүлгэх, мөн нүүрсний чанарыг барих зэрэгт анхаарч ажиллаж буйгаа Газрын захирал Б.Элбэгзаяа хэллээ. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 132 дугаар тогтоолын хүрээнд уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх үүднээс 24.8 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээр тооцсон. Техникийн шинэчлэлийг хоёр үе шаттай санхүүжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний ээлжинд хөрс болон нүүрс тээврийн автосамосвал, экскаватор, 2 гинжит бульдозер, засвар үйлчилгээний машин зэргийг авахаар төлөвлөж, тендэр зарлагдаад байгаа аж. Боловсруулсан Д.Доржмаа
Эх орныхоо гал голомтыг мөнхөд бадраах ариун үйлсэд нэр төртэй зүтгэж яваа Шивээ-Овоо ХК-ийн үе үеийн уурхайчид, инженер техникийн ажилтнууд, оршин суугч иргэд та бүхэнд түүхт 30 жилийн ойн мэндийг Эрдэнэс Монгол нэгдлийн хамт олны зүгээс болон хувиасаа өргөн дэвшүүлье. Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний бүлэг орд газрыг анх монгол инженер, геологичид илрүүлэн нээж, нөөцийг тогтоон, улмаар Эрчим хүч, уул уурхайн Үйлдвэр, геологийн яам Налайх дахь уурхайн барилга трестийн харьяанд Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг байгуулахаар шийдвэрлэсэн түүхтэй. Хувьцаа эзэмшигчдийн 1995 оны хурлаар тус уурхайг төрийн өмч давамгайлсан Шивээ-Овоо ХК болгон өөрчлөн зохион байгуулсан бөгөөд өнөөдөр Монгол Улсын дотоодын эрчим хүч, дулааны нүүрсний хэрэглээний 28.3 хувийг дангаараа нийлүүлж байна. Улс орны амин судас болсон эрчим хүч, уул уурхайн салбарт томоохон хувь нэмэр оруулж буй Шивээ-Овоогийн уурхайн 90 хувийг төрийн өмчит Эрдэнэс Монгол ХХК-д шилжүүлэх шийдвэр Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 100 дугаар тогтоолоор батлагдсан билээ. Энэ хүрээнд Эрдэнэс Монгол ХХК-ийн зүгээс уурхайн техник, технологийн шинэчлэл, өр төлбөрийг барагдуулахад анхаарч, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 132 дугаар тогтоолын дагуу техникийн баазад шинэчлэлт хийж, үүний үр дүнд өнөөдөр нүүрс борлуулалт, хөрс хуулалт, уулын цулын ажил төлөвлөгөөний дагуу явагдаж, эдийн засагт үзүүлэх үр нөлөө нэмэгдээд байна. Мөн уурхайн үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг найдвартай, тасралтгүй хангах зорилгоор Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны банкны экспортын зээлийн шугамын санхүүжилтийг ашиглан тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхээр ажиллаж байна. Шивээ-Овоо ХК зөвхөн нүүрс олборлогч бус эдийн засгийн өндөр чадамжтай үйлдвэрүүдийн цогцолбор болох ирээдүйтэй бөгөөд Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн эрчим хүчний экспортын Шивээ-Энержи цогцолбор байгуулах бодлого барин ажиллаж байна. Цаашид Монгол Улсын эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг хангах, төвийн эрчим хүчний системийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй, олон улсад өрсөлдөх чадвартай шинэ техник технологи нэвтрүүлэх чиглэлд та бүхэн түүчээлэн ажиллана гэдэгт итгэлтэй байна. Монгол орны гал голомтыг мөнхөд бадрааж, илч гэрлээр тасралтгүй найдвартай хангах их үйлсэд зүтгэж ирсэн үе үеийн удирдлагууд, инженер техникийн ажилтнууд та бүхэнд түүхт 30 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье. ЭРДЭНЭС МОНГОЛ ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ П.ГАНХҮҮ
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй