ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН АЖИЛ ЭРЧИМТЭЙ ӨРНӨЖ БАЙНА

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд 2020.09.22-ны өдөр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцлаа. Одоогоор тус чиглэлийн бүтээн байгуулалтын ажлын газар шорооны ажил 99.6 хувь, хоолойн ажил 98 хувьтай үргэлжилж байгаа бол дээд бүтцийн 100 км төмөр замыг угсраад байна. Энэ төслийн нэг онцлог нь цар тахалтай холбоотой хил орчмын дэглэм барьж гүүрийн ажлыг дотоодын компаниуд гүйцэтгэж байгаа юм. Эхний гүүрнүүдийн дам нурууг амжилттай угсраад байна.Энэ талаар Улаанбаатар төмөр зам ХХК-ийн төслийн удирдагч З.Отгонтөрөөс тодруулахад, Энэ төслийн газар шороо болон хоолойн ажил дуусах шатандаа орж гол нь гүүрийн ажлууд үлдсэн. Үүнд бид чанар, техникийн шаардлагыг сайн тавих хэрэгтэй. Төслийн хэмжээнд нийт 27 гүүр байгаагаас 13 гүүрийн дам нуруунуудыг бүрэн тавьсан. Бусад гүүрэнд дээд бүтэц тавихад бэлтгэх ажлууд хийгдэж байгаа гэв. Гүүрийн ажлын гүйцэтгэл 09 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар 83.5 хувьтай явагдаж байгаа бөгөөд дотоодын компаниуд амжилттай гүйцэтгэж байна.Бүтээн байгуулалтад дотоодын 94 аж ахуйн нэгж, 6000 гаруй инженер, техникийн ажилчин, 2900 техник оролцож байна. Доод бүтцийн газар шорооны ажил 99 хувь, хоолойн ажил 97, зөрлөгийн барилга 73, өртөөний барилга 41 хувийн явцтайү үргэлжилж байна. Дээд бүтцийн 54 км-ын ажлыг Улаанбаатар төмөр зам ХНН, 15.8 км-ыг Зэвсэгт хүчний жанжин штаб гүйцэтгэж байгаа аж. Төмөр замын 27 байршилд тавих 2500 орчим метр урт гүүрийн ажлын явц 73 хувь, эрчим хүчний шугамын ажил 60 хувь хүрчээ. Улаанбаатар төмөр зам ХНН 11 дүгээр сарын 30-ны дотор дээд бүтцийн барилга, угсралтаа дуусгахаар төлөвлөжээ. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км төмөр замын доод бүтцийн ажил дуусч дээд бүтэц буюу 221 км замын угсралтын ажил өрнөж байгааг албаныхан мэдээлэв.

Г.Ууганбаяр: Тохижилтын хувьд жил бүр жижиг ажлуудад хөрөнгө зарж байхаар цогцоор нь чанартай, стандартын дагуу хийх нь оновчтой

Нийслэл хотын тохижилт,ногоон байгууламж, хог хаягдлын асуудлыг хэрхэн оновчтой шийдвэрлэх нь талаар Жишиг хотын төлөө төрийн бус байгууллагын тэргүүн Г.Ууганбаяртай ярилцлаа. Тэрбээр 2016-2019 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байв. -Таны хувьд нийслэл хот ямар байх ёстой хэмээн тодорхойлж байна вэ? Энэ талаар яриагаа эхэлье? -Хүн амьдрахад таатай орчныг бүрдүүлсэн хотыг л жишиг хот гэж байгаа юм. Өглөө гараад гүйх гүйлтийн замтай, хүүхэд, залуучуудад зориулсан спорт, тоглоомын талбайтай, ахмадууд амраад суух цэцэрлэгт хүрээлэнтэй зэргээр иргэний сэтгэл ханамжийг чухалчилсан байх нь жишиг хотын хэмжүүр гэж болно.Мэдээж хэрэг нийтийн тээвэр, түгжрэл, агаарын бохирдол, хог хаягдал зэрэг наад захын асуудлуудыг шийдвэрлэсэн, эрүүл, аюулгүй орчин бүрдсэн байх учиртай. Ер нь сүүлийн үед дэлхий нийтийн чиг хандлага хотын хөгжлийг өндөр шилэн барилгаар хэмжихээ больсон. Тэрхүү хотын ногоон байгууламжийн хэмжээ, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлсэн байдал, иргэддээ хэр зэрэг том талбайг зориулж хэрхэн яаж тохижуулсан зэргээр тодорхойлдог болоод байгаа. Хот төлөвлөлт гэдэг бол газар зохион байгуулалт, эсвэл байшин биш. Харин салбар хоорондын уялдааг хангаж буй систем юм. Дэлхийн хотуудаас хүн амьдрахад таатай газруудын жагсаалтыг жил бүр эрэмбэлэн гаргадаг. Нийт 234 хотыг эрэмбэлэхэд Канадын Ванкувер, Австрийн Вена хотууд жагсаалтыг тэргүүлэн жишиг хотод тооцогддог бол манай улсын нийслэл Улаанбаатар хот жагсаалтад багтдаггүй. Бид ажлуудаа хооронд нь уялдуулж чадвал үүсээд байгаа асуудлуудыг шийдэж болно гэж хардаг. Хот төлөвлөлт гэдэг цаасан дээр төлөвлөгөө зохиохыг хэлдэггүй. Бүх салбарыг зэрэг төлөвлөж, нийт хөрөнгө оруулалтыг тооцож гэмээнэ байгаа нөөцөө хэрхэн хамгийн зохистой, үр ашигтай зарцуулахыг хэлдэг. Хот төлөвлөлт гэдэг бол газар зохион байгуулалт, эсвэл байшин биш. Харин салбар хоорондын уялдааг хангаж буй систем юм. Үүн дээрээ л бид алдаад байна. Бид асуудлын шийдлийг зөвхөн хатуу дэд бүтэц буюу зам, байшингаар шийдчих гээд байдаг. Уг нь Улаанбаатар хот маань Азийн бусад хотуудтай харьцуулбал дэд бүтэц, эдийн засгийн боломж талаасаа муугүйд тооцогдоно. Бас тийм айхтар асуудалд орсон хот биш. Энд менежмент, бодлого, төлөвлөлт, зохицуулалт хэрэгтэй байна. Мөн бүх шатанд иргэдийн оролцоог сайн хангаж өгмөөр байна. Ингэж байж хүртээмжийн тухай ярьж эхэлнэ. Иргэд асуудал, шийдэл ярьдаг системийн зохицуулалт гэдэг зүйл бүх шатанд байхгүй, эсвэл их сул байгаа санагддаг. -Ногоон байгууламжийн талаар тодруулмаар байна. Улаанбаатар хотын нэг иргэнд хэдэн м.кв талбай ногоон байгууламж оногдож байгаа вэ. Энэ талаар судалгаа байдаг уу? -Нэг хүнд 25-30 м.кв ногоон байгууламж оногдох ёстой гэх дундаж үнэлгээ дэлхийд бий. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ажиллаж байхдаа буюу 2016 онд Нийслэлийн нэг иргэнд хэдэн м.кв ногоон байгууламж оногдож байгааг Улаанбаатар их сургуультай хамтран тооцоолж үзсэн. Энэ үед 2.3 м.кв гэсэн дүн гарч байлаа. Энэ нь дэлхийн дунджаас бараг 10 дахин бага байсан гэсэн үг. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба богино хугацаанд Нийслэлийн ногоон байгууламжийн хэмжээг нэмэхээр ажилласан. Ингэж анхаарч ажилласны үр дүнд одоо нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээ 2-2.5 дахин нэмэгдсэн. Төрийн зүгээс цаашдаа ч энэ хэмжээг дэлхийн дундаж руу ойртуулахад чиглэсэн бодлого шийдэвэр гаргах хэрэгтэй. Ногоон байгууламжийн талбайг нэмэгдүүлснээр агаар орчны бохирдлыг бууруулах, хотын өнгө үзэмж нэмэгдүүлэх гээд олон талын ач холбогдолтой. Ер нь ногоон байгууламжийн хувьд арчилгаа маш чухал байдаг учраас энэ тал дээр мэргэжлийн үүднээс анхаарч ажиллах чухал байдаг. -Улсын томоохон эмнэлгүүдийн гадна талбайг тохижуулах, нисдэг тэрэг буух талбай байгуулах санааг та анхлан гаргасан юм байна лээ. Энэ талаараа ярихгүй юу? -Эмнэлгийн байгууллага бол онцгой бүс. Хүний амь нас минут секундээр хэмжигддэг учраас гадна тохижилт, орц гарц, зогсоолын асуудлыг цогцоор нь шийдэх зайлшгүй шаардлагатай байсан. 1980-аад оноос хойш улсын томоохон эмнэлгүүдийн гадна талбайд засвар, тохижилтын дорвитой ажил хийгдээгүй юм билээ. Энэ нь эмнэлгээр үйлчлүүлж буй хүмүүс, ар гэрийнхэнд маш хүндрэлтэй улмаар өндөр эрсдэлийг дагуулдаг байсан учир сайжруулах зорилгоор уг ажлыг хамт олонтойгоо эхлүүлсэн. 2016 онд Улсын гуравдугаар төв эмнэлгээс эхлээд нийт 17 эмнэлгийн орц гарцыг нэмэгдүүлж, гаднах зам талбай, зогсоолын тохижилтын асуудлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хийсэн. Энэ ажлын хүрээнд 2017 оны хавар Гэмтлийн эмнэлэгт нисдэг тэрэгний зогсоолыг анхлан байгуулсан бөгөөд үүний дараа ЭХЭМҮТ, ХӨСҮТ-д нисдэг тэрэгний зогсоол байгуулж, тохижуулаад байгаа. Санаачилсан, гар бие оролцож хийсэн ажлаараа бахархах сайхан. Сулинхээрийн отрядад 2018 онд нэгэн жирэмсэн эмэгтэйн биеийн байдал хүндэрч, эх үр хоёрын амь дээсэн дөрөөн дээр ирсэн. Энэ үед Хил хамгаалах ерөнхий газраас нисдэг тэрэг илгээж, ЭХЭМҮТ-д авчран, эмнэлгийн тусламж үйлчилгээг яаралтай хүргэсэний ачаар эх, үр аврагдаж чадсан юм. Энэ мэтчилэн олон жишээ хэлж болно. Улаанбаатар хотоос жилд гарч байгаа хог хаягдлын 85 хувь нь дахин боловсруулах боломжтой хаягдал -Хог хаягдлын тухай асуудлыг хөндмөөр байна. Зарим газрын хогийг тогтмол ачихгүй байгаагаас иргэдийн амьдрах орчин бохирдож, халдварт өвчин тархаж ч болох нөхцөл байдал үүсдэг? 21-р зуунд хогон дундаа амьдарч болохгүй биз дээ. -Аливаа үйл ажиллагаа, хөтөлбөрийг шат шатандаа дэмжин ажиллаж байж үр дүн гардаг. Хотын гол гудамж,алслагдсан зам, замын байгууламжийн цэвэрлэгээг Хот тохижилтын газар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай гэрээтэй ажилладаг мэргэжлийн байгууллагууд хариуцан ажилладаг. Байшин хороолол, гэр хорооллын доторхи гудамж зам талбайн цэвэрлэгээ, айл өрх, аж ахуй нэгжийн хог тээвэрлэлтийг тухайн дүүрэг нь хариуцан ажилладгийг та бүхэн мэдэх байх. Нийслэлээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэг, долоо хоногийн хоёр өдөрт цаг тухайд нь хогоо тээвэрлэдэг бол ийм асуудал үүсэхгүй. Тухайлбал, Баянзүрх дүүрэг нь Нийтлэг үйлчилгээний гурван газартай. Гурван байгууллагын хогны машинууд нь бүгд нэг гараашинд байдаг. Гурван байгууллага байна гэдэг нь гурван дарга, нягтлан гэх мэт орон тоо, тэднийг дагаад зардал гарч байгаа. Түүний оронд байгууллагуудаа нэгтгэн зардлаа танаж, хэрэгцээт засвар үйлчилгээ, тоног төхөөрөмждөө хөрөнгөө зарцуулбал хогоо цаг хугацаанд нь тээвэрлэх бүрэн боломжтой. Ер нь хотын ажил гэдэг ажлынхаа араас уйгагүй явж байж үр дүн гардаг аж ахуйн ажил байдаг. Улаанбаатар хотын хөгжлийг хэдэн шатаар ахиулахын тулд нийслэл, дүүргийн Засаг дарга нар, шат шатны удирдлагууд нэг зүрх сэтгэлтэй, санаачлагатай зүтгэлтэй ажиллах юм бол хот богино хугацаанд хөгжих бүрэн боломжтой гэж харж байгаа. Ярих биш гардаж хийж үр дүнгээ үзэх нь хотын ажилд чухал байдаг даа. -Нийслэлчүүд жилд хэдэн тонн хог үйлдвэрлэж байна вэ? Дэлхий нийтэд хогийг нэг талаас эдийн засгийн баялаг гэж хардаг. Гэтэл манайд хог бол хог хэвээр л байна? -Улаанбаатар хотод жилд 1.4 сая тонн хог хаягдал гардаг.Эдгээрийн 70 гаруй хувийг төвлөрсөн гурван хогийн цэг дээр тээвэрлэн аваачин ландфилын аргаар шороогоор булж устгаж байна, 22 хувийг хоёрдогч түүхий эд цуглуулдаг хүмүүс боловсруулах үйлдвэрт хүргэдэг. Үлдэж буй найман хувь нь гуу жалга орчимд ил задгайгаар хаягдаж байгаа тухай судалгаа гарсан.Улаанбаатар хотоос жилд гарч байгаа хог хаягдлын 85 хувь нь дахин боловсруулах боломжтой хаягдалбайгаа ч үүний 25 хүрэхгүй хувийг дахин боловсруулж байна. Одоогоор хоёр том хогийн цэгийн ашиглалт 85 хувьтай байгаа. Тэгэхээр дахин нэг хогийн цэг нээгдэх ёстой болчихоод байгаа гэсэн үг. Гэвч энэ нь байгаль орчноо бохирдуулах, хөрсний бохирдол үүсгэх зэрэг олон сөрөг нөлөөтэй. Хогийг дахин боловсруулж чадвал эдийн засгийн баялаг гэдэг нь үнэн. Тиймээс хог боловсруулах үйлдвэр байгуулах, эх үүсвэр дээр нь ангилан ялгах тогтолцоог нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм л даа. Улаанбаатар хотын хог хаягдлын хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөрт хогийг ангилах, дахин ашиглах, дахин боловсруулах зорилтуудыг тусган ажиллаж байгаа бөгөөд 2017 оны намраас эхлэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилан ялгах туршилтын төслийг эхлүүлж иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулсан. Ер нь хог хаягдлын асуудал дээр нийгмийн сэтгэл зүйтэй ажиллах, нөлөөллийн ажлууд хийх нь чухал. Иргэдэд дадал зуршил суулгах гэдэг удаан үйл явцтай ч хамгийн үр дүнтэй арга. -Одоо үйл ажиллагаагаа явуулж буй хог дахин боловсруулах үйлдвэрүүдээ өргөтгөх, дэмжих талаар ямар ажил хийсэн бэ. Үүнийг хувийн хэвшлийнхэн л хариуцаж байна гэхэд болох уу? -Улаанбаатар хотын есөн дүүрэгт 20 гаруй үйлдвэр цаас, хуванцар, хуучин дугуйг дахин боловсруулах чиглэлээр ажиллаж байна. Эдгээр үйлдвэр үйл ажиллагаагаа өргөжүүлж, хүчин чадлаа нэмэгдүүлэх гэхээр газрын асуудал гардаг. Үүнийг шийдвэрлэхийн тулд Нарангийн энгэр, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэг дээр хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн газар олгосон. Одоогоор барилгын ажлаа хийж байна. Гэвч тог цахилгаан татах, зам тавих зэрэг дэд бүтцийн асуудлаар төрөөс тусламж дэмжлэг шаардагддаг. Дэд бүтцийг нь шийдчихвэл үйлдвэрүүд өргөжиж, хаягдлын хэмжээ багасна. -Хогоо ангилан ялгадаг айл өрх нэг үеэ бодвол нэмэгдсээр байгаа. Гэвч ангилж ялгасан хогийг нь нэг машинд л ачиж аваад явдаг шүү дээ. Тэгэхээр хогоо ангилсаны ач холбогдолгүй мэт харагддаг? -Тийм ээ. Хог тээвэрлэлтийн асуудалд онцгой анхаарах цаг нь болсон. Учир нь ангилсан хогийг тээвэрлэхэд машин төхөөрөмж дутмаг байдаг. Нийслэлд хамгийн сүүлд 2012 онд хогны машинуудаа шинэчилж байв. Дахин шинэчлэх хугацаа хэдийнэ болсон. Үнэхээр таны хэлснээр иргэний сэтгэл гаргаад нэг бүрчлэн ангилсан хогийг нэг машинд ачиж явснаар тэдний урмыг хугалж, ямар ч шаардлагагүй юм бишүү гэсэн сэтгэгдэлийг үлдээж байгаа нь нууц биш. Иргэдийн итгэлийг мохоохгүй байх, илүү олон хүнийг хогоо сайтар ангилдаг болгохын тулд мэдээлэл, сурталчилгаа хийх, сонирхолтой хэлбэрээр нөлөөллийн ажлууд хийх гэх мэтчилэн зохион байгуулалтын ажил ихээхэн шаардлагатай байгаа. Мөн хүүхдүүдийг бага наснаас нь эхлэн хогоо ангилан ялгаж хаядаг дадал зуршилтай болгох, энэ нь эх дэлхийгээ хайрлаж хамгаалахад оруулж буй нэгэн том хувь нэмэр юм шүү гэдгийг ойлгуулж суулгаж өгөх нь их чухал юмаа. Нийслэл хот маань томоохон асуудлуудаа шийдэхийн тулд эдийн засгийн хувьд бие даасан байх ёстой -Хотын тохижилт үйлчилгээг хариуцан ажиллаж байсны тань хувьд тохижилтын ажлын стандартын талаар тодруулмаар байна. Чанаргүй маш олон тохижилтын ажил хийгдэж жил хүрэхгүй хугацаанд эвдэрч байна. Тохижилтын ажилд Нийслэлээс жилд хэдэн төгрөг төсөвлөдөг вэ? -Улаанбаатар хотод хийгдэж байгаа тохижилтын ажил дээр хяналт тавих тогтолцоо сул байсан нь үнэн. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба энэ тал дээр анхаарч ажиллан мэргэжлийн төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж өдөр тутмын хяналтыг тавиулахаас гадна, Ерөнхий менежер, хариуцсан мэргэжилтнүүд тохижилтын ажлын талбай дээр нь очин байнгын хяналтыг тавьж ажилладаг болсон. Мөн УИХ-ын гишүүн С.Амарсайхан Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа Нэг хот-Нэг стандарт бодлогын хүрээнд Хотын стандарт, орчны аюулгүй байдал, хяналтын газрыг байгуулсан. Тухайн байгууллага нь төсвийн хөрөнгөөр хийгдэж буй ажил дээр гүйцэтгэгч компани ажлаа эхлэхээс Улсын комисс хүлээж авах хүртэл бүх үйл явцад стандартыг мөрдүүлнэ. Ингэснээр тохижилт, зам засварын ажил чанартай хийгдэх учиртай. Нийслэл, дүүргүүд жилд дунджаар төсвийн хөрөнгөөр 20-25 тэрбум төгрөгийн тохижилтын ажил хийж байна.Энэ нь шаардлагатай бүх газарт тохижилт хийж хүрдэггүй. Төсвийн задаргаагаар нь авч үзвэл ихэнхи нь 40-50 сая төгрөгийн төсөвт өртөгтэй жижиг тохижилтын ажлууд байдаг. Энэ нь тухайн дугаар хорооны нэг хэсэг талбайд хийгдэж ард иргэдэд хүртээмжтэй байж чаддаггүй. -Үүнийг шийдвэрлэх зөв гарцыг та юу гэж харж байна? -Төсвийн мөнгийг үр дүнтэй ашиглахын тулд олон жижиг ажил хийж байхаар гудамж талбайн тохижуулалтыг иж бүрнээр нь буюу ус зайлуулах шугамтай, гэрэлтүүлэгтэй, явган хүний болон дугуйн замтай гэх мэтээр цогцоор нь шийдэх хэрэгтэй. Бага зайд ч гэсэн иж бүрэн төлөвлөж, тохижуулбал урт хугацаандаа үр дүнтэй. Товчхондоо, олон жижиг тохижилтын ажил хийж байхаар нэг чанартай, стандартын дагуу ажил хийх нь оновчтой. Жишээлбэл, Налайхын зам шиг иж бүрэн тохижуулалттай байх хэрэгтэй. Мөн Зүүн дөрвөн замаас Эвтэй дөрвөн амьтны хөшөө хүртэл зам. Өмнө нь гудамж, зам талбайн тохижилтгүй, үйлчилгээний байгууллага их байв. Тэр хэсэгт авто машины зогсоол, иргэдийн амарч суух талбай, ногоон байгууламжтайгаар иж бүрэн тохижуулсан. Энэ мэтчилэн бүтэн гудамжаар нь тохижуулбал илүү үр дүнтэй. Гэхдээ жил бүрийн арчлалт, тордлогоог мартаж болохгүй. -Цаашид нийслэлийн иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулж, жишиг хот болгохын тулд яах ёстой вэ? Хууль эрхзүйн хүрээнд тулгамдаад байгаа ямар асуудал байна вэ? -Нийслэл, дүүрэгтэй холбоотой аливаа ажилд мэргэжлийн туршлагатай , хотын ажлын сайн мууг мэддэг хүмүүсийг түлхүү ажиллуулах хэрэгтэй гэж боддог. Ер нь хотын жишиг стандартыг тодорхой болгох ёстой. Явган хүний зам хэдэн метрийн өргөнтэй байх, авто зам дагуу ус зайлуулах хоолойг яаж шийдсэн байх ёстой вэ гэх зэргээр стандартаа тодорхой болгон, түүнийгээ баримтлан ажиллавал нөхцөл байдал сайжирна. Мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд аймаг ба нийслэл, сум дүүрэг нэг ижил статустай байхаар заасан нь учир дутагдалтай юм. Нийслэлийг хурдацтай цогцоор нь хөгжүүлэхийн тулд хуулиасаа эхлэх хэрэгтэй. Улаанбаатар бол улсын нийслэл хот. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгжийн 75 хувь энд төвлөрч, хүн амын тал хувь амьдарч байна шүү дээ. Тиймээс нийслэл хот маань томоохон асуудлуудаа шийдэхийн тулд эдийн засгийн хувьд бие даасанбайх ёстой. Улсын төсвийг харахгүйгээр хотоос бонд гаргадаг, гадаадын төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх гэх мэт. Нийслэлд татан төвлөрүүлж буй татварын орлогын 70-80 гаруй хувь нь улсын төсөвт ордог. Үлдсэн хэсгээр нь нийслэлийн асуудлуудаа шийдэхэд зарцуулж байгаа нь хангалтгүй байгаа. Хэрэв нийслэл эдийн засгийн хувьд бие дааж, хөрөнгө санхүү босгох эрх зүйн орчинтой болчихвол нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хийх, хогны машинуудаа шинэчлэх, тээвэрлэлтийн системээ сайжруулах, камер гэрэлтүүлэгийн орчин үеийн тоног төхөөрөмжүүд ашиглах зэрэг наад захын тулгамдаад байгаа асуудлуудаа шийдээд явах боломжтой болно. ikon.mn

МЭДЭГДЭЛ

2020-09-18 11:57:43 Нийтлэгдсэн: Эдийн засаг
МЭДЭГДЭЛ

Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн өмнөх удирдлагуудтай холбоотой нүүрсний гэрээнээс зуучлалын хөлс нэрээр ашиг хүртдэг байжээ гэсэн агуулга бүхий мэдээллийг зарим телевиз, сайт, сошиал сүлжээнд зохион байгуулалтай цацаж буйтай холбогдуулан энэхүү няцаалт мэдэгдлийг гаргаж байна. Мэдээлэлд, тухайн үед Тэргүүн дэд захирал буюу Уул уурхайн бодлого, уурхайн үйл ажиллагаа хариуцан ажиллаж байсан Б.Ганхуягийг нүүрс борлуулах үйл ажиллагаанд огт хамааралгүй байхад гарын үсэг зурдаг байсан мэтээр гүтгэж, ямар нэг байдлаар хууль бус зүйлд хамаатуулах, харлуулж гутаах гэж дахин дахин оролдож байгаад харамсч байна. Компанийн журмын дагуу Нүүрс борлуулалтын гэрээний саналын хуудсанд Маркетинг хариуцсан газрын захирал, Геологи уул уурхайн газрын захирал, Ерөнхий нягтлан бодогч, Хууль эрх зүйн газрын захирал, Захиргаа Удирдлагын газрын захирал гэсэн албан тушаалтнууд гарын үсэг зурж, Борлуулалт хариуцсан газрын захирал болон Гүйцэтгэх захирал гэрээ байгуулж, гарын үсэг зурдаг байсан. /Баримт болгон мэдээлэлд нэр дурьдсан гэрээний зургийг хавсаргав/ Тухайн үеийн гэрээнүүдээс харахад Б.Ганхуяг тэргүүн дэд захирал байхдаа нүүрсний гэрээнд гарын үсэг зурж, зуучлалын хөлс нэрээр онц их ашиг хүртдэг байжээ гэдэг нь ор үндэсгүй гүтгэлэг бөгөөд тэрбээр борлуулалтын үйл ажиллагаанд оролцдоггүй, гэрээтэй танилцдаггүй байсан нь дээрх баримтаас тодорхой харагдана. Харин КомпанийнТөлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 5 дугаар тогтоолоор Б.Ганхуяг нь Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж эхэлснээс хойш нийгэмд яригддаг нүүрсний гэрээний зуучлал гэгддэг хууль бус үйл ажиллагаа байгаа эсэхийг тогтоолгох, таслан зогсоохын төлөө хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж, тодорхой арга хэмжээ авснаар өнөөдөр Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн нүүрс борлуулалт ил тод, нээлттэй болсон. Эрдэнэс-Тавантолгой ХК нь сүүлийн 2 жил дарааллан өндөр ашигтай ажиллаж, анх удаа иргэдэд ногдол ашиг өгөн, 1072 хувьцааг амь оруулсан-ы зэрэгцээ төмөр зам, дэд бүтцийн томоохон төслүүд, Улаанбаатар хотын утааг арилгах ажлыг санхүүжүүлэн, улсын төсөв, татварт багагүй хэмжээний мөнгө төвлөрүүлж, улс орны хөгжилд онцгой хувь нэмэр оруулж,амжилттай яваа компани юм. Худал ташаа мэдээлэл, гүтгэлгийг олон нийтийн сүлжээгээр цацаж, уурхайчин хамт олон болон гүйцэтгэх удирдлагын нэр хүндэд халдаж буй асуудлыг шалгуулахаар хуулийн байгууллагад хандахаа мэдэгдэж байна. ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ ХК

“ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН” ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ГҮҮРИЙН АЖЛЫГ ДОТООДЫН КОМПАНИУД АМЖИЛТТАЙ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтад Тавантолгой төмөр зам ХХК захиалагчийн хяналт, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Одоогоор тус чиглэлийн бүтээн байгуулалтын ажлын газар шорооны ажил 99.6%, хоолойн ажил 98%-тай явагдаж байгаа бол дээд бүтцийн 100 км төмөр замыг угсраад байна. Энэ төслийн нэг онцлог нь цар тахалтай холбоотой хил орчмын дэглэм барьж гүүрийн ажлыг дотоодын компаниуд гүйцэтгэж байгаа юм. Эхний гүүрнүүдийн дам нурууг амжилттай угсраад байна. Энэ талаар Тавантолгой төмөр зам ХХК-ийн замын инженер Ж.Отгонбаяраас тодруулахад: Энэ төслийн газар шороо болон хоолойн ажил дуусах шатандаа орж гол нь гүүрийн ажлууд үлдсэн. Үүнд бид чанар, техникийн шаардлагыг сайн тавих хэрэгтэй. Төслийн хэмжээнд нийт 27 гүүр байгаагаас 13 гүүрийн дам нуруунуудыг бүрэн тавьсан. Харин Туулын гүүр далай ХХК-ийн ПК+369 дэх км дээр баригдсан гүүрэн дээгүүр төмөр замын дээд бүтэц тавигдаад байна. Бусад гүүрнүүдэд дээд бүтэц тавихад бэлдэх бэлтгэл ажлууд хийгдэж байгаа хэмээн төслийн талбайгаас мэдээллээ. Гүүрийн ажлын гүйцэтгэл 09 дүгээр сарын 13-ны байдлаар 83.5 хувьтай явагдаж байгаа бөгөөд дотоодын компаниуд амжилттай гүйцэтгэж байна.

ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД, ШИВЭЭХҮРЭН-СЭХЭЭ, БИЧИГТ-ЗҮҮНХАТАВЧ ГЭСЭН ГУРВАН ТӨМӨР ЗАМЫН БООМТ НЭЭГДЭЖ БАЙНА

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нар 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний үеэр Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх, бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах болон бүс нутаг, олон улсын харилцааны холбогдолтой өргөн хүрээний асуудлаар ярилцаж, олон асуудлаар тохиролцоонд хүрлээ. Ойрын хугацаанд хэрэгжүүлэх боломжтой дээд, өндөр түвшний харилцан айлчлал, хамтын ажиллагааны голлох механизмуудын уулзалтын талаар ярилцлаа. Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээн идэвхжүүлэхэд гарч буй ахицыг бататгах, хоёр талын томоохон төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэхэд анхаарч ажиллахаар боллоо. Хоёр талын худалдааны эргэлтийг улам бүр нэмэгдүүлэх зорилгоор цаашид идэвхтэй хамтран ажиллах, энэ хүрээнд уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг тогтвортой өсгөх, хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Талууд соёл, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхийг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Сайд нар бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, Монгол, Хятад, Оросын гурван талын хамтын ажиллагаанд гарч буй бодит ахицыг улам бататгах чиглэлээр хүч чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв. Айлчлалын хүрээнд Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр-т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ноот бичиг солилцож, Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, Гадаад харилцааны яам хоорондын 2021-2022 оны хамтран ажиллах төлөвлөгөө, Монгол Улсаас БНХАУ-д гурил экспортлох үеийн хяналт шалгалт, хорио цээрийн шаардлагын тухай Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын Протокол гэсэн баримт бичгүүдийг байгууллаа. Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр-т нэмэлт, өөрчлөлт оруулснаар Замын-Үүд Эрээн төмөр замын боомтоос гадна Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч гэсэн гурван төмөр замын боомт нээгдэж байгаа нь манай экспорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлэх юм.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.