Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт шинэ инновацийн төслийг хэрэгжүүлэх боломж бүрдлээ
2020-10-09 10:10:28 Нийтлэгдсэн: Эдийн засаг Байгальд ээлтэй дахин боловсруулах үйлдвэрийн технологийг Монголд нутагшуулж, хаягдал нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсад экспортлох төслийн эхлэл өнөөдөр /2020.06.10/ тавигдаж байна. Эрдэнэс Монгол ХХК болон БНКАЗУ-ын Эрдэс түүхий эд боловсруулах иж бүрэн цогцолбор төв, ХБНГУ-ын Металл хайлш боловсруулах ICMD интернэйшнл холдинг компани, Коэус консалтинг компани хооронд 4 талт санамж бичиг байгууллаа. Эрдэнэс Монгол ХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал П.Ганхүү, ХБНГУ-ын Металл хайлш боловсруулах ICMD интернэйшнл холдинг компанийг төлөөлж Монгол дахь төлөөлөгч Н.Цэнд-Аюуш нар гарын үсэг зурлаа. Санамж бичиг байгуулснаар Монголын уул уурхайн салбарт байгаль орчинд ээлтэй, шинэ инновацийн төслийг хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа юм. Нүүрсний уурхайн ашиглалтын явцад цахилгаан станц болон хувь хэрэглэгчийн шаардлагад нийцэхгүй бага илчлэгтэй нүүрс их гардаг. Тухайлбал, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайгаас гэхэд жилд 300 мянга орчим тонн цахилгаан станцад ашиглах боломжгүй нүүрс гардаг байна. Харин тэрхүү нүүрсийг ашиглан төмөр, хөнгөн цагаан, цахиурын нэгдэл болох метал хайлш үйлдвэрлэх боломжтой. Тиймээс төслийн хүрээнд хайлшийн үйлдвэр болон цахилгаан станц барих бөгөөд техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх зорилгоор уг санамж бичгийг байгуулж байна. Үйлдвэрийн түүхий эд болох хаягдал овоолсон нүүрсийг Шивээ-Овоо нүүрсний уурхайгаас бүрэн хангана. Байнгын алдагдалтай ажиллаж ирсэн Шивээ-Овоогийн уурхайн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд энэхүү ажил чухал ач холбогдолтой гэдгийг Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү тодотгосон. Төслийн хүрээнд баригдах цахилгаан станцын Техник, эдийн засгийн үндэслэлийг Эрдэнэс Монгол компани боловсруулах бол Казакстан, Германы тал хайлш боловсруулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах юм байна. Дашрамд дурдахад, метал хайлш нь ган төмөрлөгийн үйлдвэрт хэрэглэх гол түүхий эд болохын хувьд ОХУ, БНХАУ, Япон, Энэтхэг зэрэг орны төмөрлөгийн үйлдвэрийн салбарт ихээхэн хэрэгцээ шаардлагатай байгаа аж. Эх сурвалж:Эрдэнэс Монгол
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэдэх нэгдлийн зөвлөлийн удирдлагууд Багануурын уурхайд ажиллав
2020-10-02 16:33:49 Нийтлэгдсэн: Эдийн засаг Эрдэнэс Монгол ХХК-ийн дэргэдэх нэгдлийн зөвлөлийн ээлжит хурал Багануур ХК-д болж, Гүйцэтгэх захирал П.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг уурхайд ажиллан өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, техникийн шинэчлэл болон охин хараат компаниудын ашигт ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг хэлэлцлээ. Багануур, Шивээ-Овоогийн уурхайд 22 жилийн дараа техник, технологийн томоохон шинэчлэл хийв Төвийн бүсийн эрчим хүчний системийг нүүрсээр хангадаг Багануур, Шивээ-Овоогийн уурхайн өвөлжилт 90 гаруй хувьтай, хэвийн үргэлжилж байна. Тус хоёр уурхайн хувьд, машин механизмын ашиглалтын хугацаа дуусч, насжилт хэтэрснээс хөрс хуулалт, олборлолтын ажил удааширч, хүндрэл үүсээд байсан. Харин Засгийн газар болон толгой компани Эрдэнэс Монгол-ын зүгээс энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны экспортын зээлийн санхүүжилтийг ашиглан 18.3 сая ам.долларын үнэ бүхий 20 ширхэг техник худалдан авч, эхний шатны шинэчлэлийг тус уурхайнуудад хийж эхэллээ. Тухайлбал, Багануурын уурхайд нүүрсний 60 тоннын машин, хөрс овоолгын бульдозер зэрэг 10 гаруй машин механизм нийлүүлсэн. Ингэснээр цаг агаарын хүндрэлээс шалтгаалж саатсан хөрс хуулалтын ажлыг нөхөж, нүүрсний нөөцийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой болжээ. Мөн Шивээ-Овоогийн уурхайд технологийн 5 автомашин, 2 эксковатор худалдан авч, техник технологийн шинэчлэл хийлээ. Энэ нь өвөлжилтийг найдвартай давж, технологийн автомашины үйл ажиллагааг 100 хувь хүндрэлгүй ажиллахад томоохон түлхэц болж буйг нэгдлийн зөвлөлийн хурлын үеэр уурхайн удирдлагууд онцолсон юм. Уг зээл нь хүү багатай бөгөөд Японы технологи, тоног төхөөрөмжийг ашиглах, цаашид JBIC-тэй хамтран Хөрөнгө оруулалтын сан байгуулах замаар Эрдэнэс Монголын охин, хараат компаниудын төслүүдэд хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх юм. Эрдэнэс Монгол нэгдлийн бизнесийн үйл ажиллагаа сүүлийн хоёр жилийн хугацаанд нэг дахин нэмэгдэж, мөн нэгдлийн үйл ажиллагаа бэхжихийн хэрээр охин компаниудыг ашигтай ажиллуулах хариуцлага ногдож буйг Гүйцэтгэх захирал П.Ганхүү хурлын үеэр анхааруулав. Эрдэнэс Монгол нь Рио Тинто, Газпром, Стэйт Грийд зэрэг дэлхийн цараатай томоохон компаниудтай хамтран ажилладгаас гадна төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Бэрэн групптэй хамтран гангийн үйлдвэрийн төсөл хэрэгжүүлж байна. Тиймээс эдгээр стратегийн ач холбогдол бүхий төслүүдийг эрчимжүүлэхийн тулд Монгол Улсын эдийн засагт өгөх үр өгөөжийг нэмэгдүүлэх нарийн тооцоо судалгаанд үндэслэж ажиллах шаардлагатайг хурлаар хэлэлцэв. Мөн COVID-19 цар тахлын хүндхэн энэ цаг үед богино хугацаанд орлогын эх үүсвэр бүрдүүлэх алт, мөнгөний салбар руу онцгой анхаарч ажиллах хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн байна. Дэлхий нийт ч алт, мөнгөний салбарыг бодлогоор дэмжин ажиллаж буй нь компанийн хувьд бас нэг боломж бөгөөд Эрдэнэс Силвер Ресурс, Эрдэнэс Алт Ресурс ХХК-ийн лицензүүдийг богино хугацаанд эргэлтэнд оруулах талаар санал солилцлоо.
Монголбанк есдүгээр сард 2.3 тонн үнэт металл худалдан авлаа
2020-10-02 10:11:03 Нийтлэгдсэн: Эдийн засаг Монголбанк 2020 оны 9 дүгээр сард 2.3 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 17.1 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 6.0 тн-р өссөн үзүүлэлт юм. Монголбанкны нийт худалдан авсан 17.1 тн үнэт металлын 15.4 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна. 2020 оны 9 дүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 123.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 154.5 кг үнэт металл худалдан аваад байна. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны 2 хэлтэс нийт 1.4 тн үнэт металл худалдан авлаа. Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 9 дүгээр сард 176,494.48 төгрөг байлаа. График 1. 2018-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг) График 2. 1990-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн) График 3. 2020 оны 9 дүгээр сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)
Ч.Хүрэлбаатар: “Саарал жагсаалт”-аас гарах эсэхийг шийдэх шалгалт эхэллээ
2020-10-01 11:16:18 Нийтлэгдсэн: Эдийн засаг Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын газар дээрх шалгалт өнөөдөр өглөө албан ёсоор эхэлснийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалт буюу Саарал жагсаалт-аас Монгол Улс гарах эсэхийг шийдэх эцсийн шийд гарахын өмнөх газар дээрх шалгалт энэ юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан болон шүүх, прокурор, АТГ, ТЕГ, ЦЕГ, гааль татварын байгууллагын удирдлагууд оролцож байна. Манай улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад 2019 оны аравдугаар сард орсноор нийт дөрвөн шууд хэрэгжилтийн зөвлөмж дээр 6 үүрэг даалгавар авсан. Өнгөрсөн тавдугаар сардМонгол Улсыг саарал жагсаалтад оруулсан зургаан нөхцөл байдлыг бүгдийг нь арилгаж чадсан болохыг Монголбанкнаас мэдээлсэн. Хэдий тийм боловч шинэкоронавирусийн халдвартай холбоотойгоор газар дээрх шалгалтыг хийгээгүй байсан билээ.
"ЗҮҮНБАЯН ТӨМӨР ЗАМ" ХХК-ИЙН 66 ХУВИЙГ "ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ" ХК ЭЗЭМШИНЭ
2020-09-23 08:31:48 Нийтлэгдсэн: Эдийн засагМонгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2020.09.23/ ээлжит хуралдаанаар Эрдэнэс - Тавантолгой ХК-ийн үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал, 1. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн ажлын санхүүжилтэд нэн шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх зорилгоор Зүүнбаян төмөр зам ХХК-ийг байгуулах шийдвэр гаргалаа. Зүүнбаян төмөр зам ХХК-ийн 66 хувийг Эрдэнэс-Тавантолгой ХК, 34 хувийг Монголын төмөр зам ТӨХК эзэмшинэ. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтэн байгуулалтад Эрдэнэс-тавантолгой ХК одоогоор 750 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгээд байна. Энэхүү хөрөнгө оруулалт ийнхүү хамтарсан компанийн 66 хувиар баталгаажиж байна. 2. Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгойн ордыг цогцоор нь хөгжүүлэх, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хоорондын уялдааг хангасан гадаргуугийн нэгдсэн төлөвлөлтийг баталлаа. Энэхүү Гадаргуугийн нэгдсэн төлөвлөлтөд Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн эзэмшиж буй ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 68 мянган га талбай доторх олборлолт, барилга байгууламж, төмөр зам, автозамын трасс, цахилгаан станц, усан хангамж, нүүрс баяжуулах үйлдвэр, нүүрс ачилтын нэгдсэн төв зэрэг багтаж байгаа бөгөөд төлөвлөлт батлагдсанаар эдгээр төслүүдийн уялдаа холбоо сайжирч эдийн засагт оруулах үр өгөөж нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа юм. 3. Үүнээс гадна Засгийн газрын хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг Тавантолгой-Зүүнбаян чиглэлтэй холбох 22 км төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг Тавантолгой төмөр зам компанид олголоо. Инженерийн нарийвчилсан зураг төсөл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэж, ажлаа энэ онд багтаан эхлүүлэхийг холбогдох сайд нарт даалгав. Шаардагдах хөрөнгийг зураг төслийн магадлал хийсэн дүнгээр Эрдэнэс-Тавантолгой ХК санхүүжүүлэх юм.Дээрх хоёр чиглэлийг холбосноор төмөр замын гол магистраль шугамтай шууд холбогдоно. Цаашид Тавантолгойн нүүрсний бүлэг орд, Цагаан суварга, Адуунчулуун, Чандгана, Талбулаг, Хөөт зэрэг зэс, нүүрс, вольфрам, цайр, жоншны ордоос экспортод гаргах бүтээгдэхүүний хэмжээ жилд дунджаар 50 орчим сая тонн болж, төмөр замаар тээвэрлэх ачаа 3.5 дахин нэмэгдэнэ гэж тооцоолж байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй