3000 орчим хүнийг ажилгүй болгох шийдвэрээ цуцлахыг хүслээ

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ё.Отгонбаяр, Д.Хаянхярваа болон зарим сургууль, цэцэрлэгийн төлөөлөл хамтран өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Долоодугаар сарын 16-нд гаргасан уг тушаалын дагуу орон нутагт голдуу боловсролын байгууллагын багш, ажилтан нийлсэн 3000 орчим хүнийг орон тооны цомхтголд оруулахаар болоод буй аж. Хүн хүч цөөтэй, жижиг байгууллагад энэ нь асуудал үүсгэж эхэлжээ. Сумын сургуулийн дотуур байрны галч, тогооч, хөгжмийн багшийг халчихаар үлдсэн хэд нь хаана ч хүрэлцэхгүй ажил нь доголдож, улмаар хүүхдийн сурах, тав тухтай амьдрах эрх ашиг зөрчигдөж буйг тэд мэдээлсэн. БШУЯ-ны мэдээгээр уг тушаалын дагуу 1200, үйлдвэрчний эвлэлийн байгууллагын хийсэн тооцоогоор 2700 хүн ажилгүй болохоор байгаа гэнэ. Тиймээс УИХ-ын нэр бүхий гишүүд гарын үсэг зурж, уг тогтоолыг цуцлах шаардлагыг Сангийн сайдад хүргүүлжээ. С.УУЛ

 Луйварчин Мобикомоос монголчууд ам асууж байна

Өчигдрөөс Луйварчин Мобиком гэсэн гарчиг бүхий самбар facebook-ээр хэрэн тэнүүчлэх боллоо. Учир нь энэ сарын 10-ны өдөр буюу өчигдөр МҮОНРТ-ээр шинэ байр, машин хожих Мобикомын тохирол явагдахаас 2-3 цагийн өмнө 99178881 гэсэн дугаар бүхий хэрэглэгч азтан болно гэсэн шум facebook-ээр тарсан байна. Гэтэл үнэхээр л 99178881 гэсэн дугаарын хэрэглэгч Мобикомын азтан боллоо. Үүнийг юу гэж ойлгох вэ, үнэхээр ийм азтан тодрохыг далдыг хардаг эрхэм таав уу, эсвэл Мобиком луйвар хийсэн нь илчлэгдэв үү. Харамсалтай нь Мобиком луйвар хийсэн нь үнэн аж. Тодруулбал энэхүү бичлэгийг өмнөх өдөр нь буюу есдүгээр сарын 9-ний өдөр МҮОНРТ-д хийж, яг л шууд нэвтрүүлэг мэт харагдуулах бэлтгэлийг хангасан аж. Монголчууд цөөхүүлээ. 2.7 сая хүнийг хуурах бэлтгэлээ тэд хийсэн ч МҮОНРТ-д тухайн цагт ажиллаж байсан зарим хүн мэдэж байсан учраас Мобикомд туйлын гомдолтой, харамсч байгаагаа facebook зарласан сурагтай. Ингээд л 2.7 сая хүнийг хуурах гэсэн Мобикомын луйвар илэрч, монголчууд японы хөрөнгө оруулалт бүхий уг байгууллагаас ам асуух боллоо. Арай ч дээ, Мобикомыг баяжуулж, хөрөнгөжүүлж, мөлжүүлж буй хүмүүс бол монголчууд. Гэтэл луйвардаж, мөлжих нь хэрээс хэтрээд байр, мөшин өгнө гэдэг хошгируулалтаар монголчуудыг хуурах боллоо. Тэгэхээр ядуу гэх эмзэг сэдэв дээр тоглолт хийж, байр, машин өгнө хэмээн луйвардаж, доромжилж буй Мобикомоос татгалзах цаг болжээ, монголчууд аа.

 Н.Энхбаярыг суллуулах өргөдөлд 35400 хүн гарын үсгээ зуржээ

МАХН-ын дарга Н.Энхбаярт шүүхээс ял өгсний дараа МАХН-ынхан шүүхийн шийдвэр хууль бус, улс төрийн хэлмэгдүүлэлт байсан хэмээн мэдэгдсэн. Ингээд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг хилс хэргээс аврах ард түмний гарын үсэг аяныг өнгөрсөн сарын 24-нөөс улс орон даяар өрнүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар тус аянд нэгдэж буйгаа илэрхийлж 35400 хүн гарын үсгээ өгөөд байна хэмээн аяныг зохион байгуулагчид мэдэгдлээ. Цугларсан гарын үсгийг одоогоор МАХН-ын удирдлагуудад хүргүүлээд байгаа бөгөөд тун удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад хүргүүлэх юм байна. Аян хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг дуустал улс орон даяар үргэлжлэх юм байна.

Өөрийг нь хүчиндсэн эрийг хөнөөжээ

Туркийн баруун өмнөд нутаг дэвсгэр орших Ялвач хотын иргэн 26 настай бүсгүй Невин Йилдирим өөрийг нь найман сарын турш хүчиндэж, доромжилж, сүрдүүлсэн эрийг хөнөөж, толгойг нь хотын төв талбайд хаясан хэрэг гарч, дуулиан дэгдээгээд байна. Бүсгүйн гарт үрэгдсэн 35 настай Нуреттин Гидер гэгч нь нөхрийнх эгчийн нөхөр байжээ. Невин Йилдирим 2, 6 настай хоёр хүүхэдтэй юм байна. Нөхөр нь өөр хотод ажиллаж, мөнгө олохоор явсан хойгуур гэмт этгээд бүсгүйд буу тулган сүрдүүлж, найман сарын турш удаа дараалан хүчиндэж байсан аж. Тиймээс бүсгүй нэр төрөө хамгаалах үүднээс нэгэн удаа гэмт этгээд дээврээр нь дамжин гэрт нь орж ирэх үед буудан хөнөөгөөд, олон удаа хутгалж, сүүлдээ толгойг нь тасдан хотын төв талбайд аваачиж хаясан байна. Амиа алдсан эр бузар явдлаа бусдад хэлбэл ална хэмээн сүрдүүлдэг байсан тул олон сарын турш эрхэнд нь байсан гэж Невин хэлжээ. Тэрээр эцэстээ тэсвэр алдаж, өөрийг нь доромжлох эрээс өшөөгөө авахаар шийдсэн байна. Түүний төв талбайд толгойг нь барьж очиход хүмүүс балмагдан өвөр зуураа шивнэлдэж эхлэхэд Невин Битгий ард минь шивнэлдээд бай. Миний нэр төрөөр битгий наад. Миний нэр төрийг гутаахыг оролдсон эрийн толгой энэ байна гэж хэлсэн ажээ. Невин амийг нь егүүтгэсэн эрдээ хүчиндүүлэхдээ хүүхэд олсон юм байна. Тэрээр хүүхдээ авахуулахыг хүсч буйгаа орон нутгийн захиргаанд дуулгасан ч одоо таван сартай жирэмсэн тул төрүүлэхээс өөр аргагүй гэж хариулсан гэнэ. Невин Йилдирим өөрийнхөө хийсэн үйлдэлд огт харамсахгүй байгаагаа мөн хэлсэн байна. Би өөрийнхөө нэр төрийг л хамгаалсан гэж тэрээр өгүүлжээ. Мөн олон удаа миа хорлохыг хүссэн ч чадаагүй гэдгээ хэлжээ. Туркт байрлах Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагынхан Невиний үйлдлийг бузар этгээдэд хатуу шийтгэл ногдуулсан баатарлаг үйлс гэж үзэж буй гэнэ. Р.Гэгээ

 Хариуцлага алдсан НМХГ-ын дарга Л.Бямбасүрэнг ажлаас нь халжээ

Дөрөв хоногийн өмнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гуравдугаар эмнэлгийн баруун талд баригдаж буй Төгс бүрэн ХХК-ийн барилгад зуурмаг шахаж байсан кран унасны улмаас гэр бүлийнхэнтэйгээ гарцаар гарч явсан бяцхан охины амь эрсэдсэн. Осол гаргасан тус компани нь барилгын ямар нэгэн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан билээ. Үүнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/ хяналт тавьж ажиллах ёстой байсан. Иймээс хотын дарга шуурхай хурал зарлаж, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохоо мэдэгджээ. Улмаар нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ажилдаа хариуцлагагүй хайнга хандсан хэмээн НМХГ-ын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь албан ёсоор чөлөөлсөн байна. Тус газрын дарга Л.Бямбасүрэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа Тус барилгын үйл ажиллагааг зогсоох шаардлага хүргүүлж байсан. Гэтэл компанийн удирдлагууд бидний үгийг хүлээж авалгүйгээр барилгын ажлыг долоон давхар болгосон. Бид хуулийн хүрээнд ажлаа явуулдаг. Түүнээс бусдын өмнөөс хариуцлага хүлээж, албан тушаалаасаа огцрох шаардлагагүй гэж байсан юм. Харин дээрх хэрэгт холбогдуулж, цагдаагийн байгууллагаас холбогдох хүмүүсийг эрүүгийн хэрэгт татан шалгаж эхэлсэн байна. Эл хэрэгт тус компанийн нэр бүхий гурван хүнийг сэжигтнээр тооцож, хавтаст хэрэг нээжээ. Тухайлбал, барилгын зуурмаг шахагч автомашины менежер Б.Баттулга, жолооч Г.Гантөмөр, туслах ажилтан Б.Дашням нарыг хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар шалгаж эхэллээ. Дээрх зүйл ангид Уул уурхай, барилга, тэсэрч дэлбэрэх аюул гарч болзошгүй үйлдвэр болон бусад аж ахуйн нэгжид аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас хүний амь нас эрсэдсэн, бусад хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэлх хугацаагаар хасах буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл таван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ хэмээн заасан байдаг байна. Одоогийн байдлаар зуурмаг шахагч автомашин хоёр талын барилгын хоорондын зай бага, мөн стандарт зөрчиж баригдсан учраас хоёр талын тулгуураа гүйцэд сунгаж чадалгүй зуурмаг шахагч хоолойгоо сунгах үеэр сул шороотой газар цөмөрч, автомашин хөмөрсөн гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ. Ямартай ч хотын удирдлагууд нийслэлд зөвшөөрөлгүй баригдаж эхэлсэн 78 барилгын үйл ажиллагааг бүрмөсөн зогсоохыг НМХГ, цагдаагийн газруудад үүрэг болгосон. Түүнчлэн хууль бусаар баригдсан барилга байгууламжуудыг нураах хүртэл арга хэмжээ авах гэнэ. Мөн сая гарсан осолтой холбогдуулж, энэ сардаа багтаан барилгын ажил гүйцэтгэж буй компаниудын машин техникт үзлэг хийж, гэрчилгээжүүлэх ажлыг хийж дуусгахыг НМХГ-т албан ёсоор үүрэг болгожээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.