Д.Сүрэнхор хугацаанаасаа өмнө суллагджээ

Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхор магадлангаар хугацаанаасаа өмнө суллагджээ. Тэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 405 дугаар анги буюу гянданд хорих ял эдэлж байсан юм. Д.Сүрэнхорт 2010 онд гурван шатны шүүхээс эрүүгийн хуулийн 150.3-т заасан үндэслэлээр долоон жил хорих ял ногдуулж, гурвыг нь өршөөл үзүүлэх тухай хуульд багтаан дөрвөн жилийг нь биеэр эдлүүлэхээр болсон. Харин тэрбээр ял эдлэхдээ ажилласан хөдөлмөрийнхөө дүнд магадланд орж өнгөрсөн сар суллагдсан байна. Д.Сүрэнхорыг ҮХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа улсад 108 сая төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгаж байсан. Гэвч мөрдөн байцаах явцад түүний учруулсан хохирлын хэмжээг 93 сая болгон бууруулж, бусдыг залилан мэхэлсэн гэх үйлчлэлийг хэрэгсэхгүй болгон зөвхөн эрүүгийн хуулийн 150.3-т заасан үндэслэлээр буруутгасан байдаг.

 “Зоос” банкны хэрэг тун удахгүй замхарч алга болно

Одоогоос дөрвөн жилийн өмнө Анод банк дампуурлаа зарлаж, нэг хэсэгтээ л хадгаламж эзэмшигчдийг шоконд оруулж байсан. Гэтэл төд удалгүй жилийн 2009 онд ямар ч алдагдалгүй ашигтай ажиллаж байсан Зоос банк дампуурлаа зарлаж, нэг л мэдэхэд Төрийн банк хэмээх сүржин нэрийг гаднаа хадах болсон билээ. Үүнээс хойш хэвийн ажиллагаатай байсан хоёр банктай холбоотой хэрэг хуулийн байгууллагуудаар шалгагдсаар аль аль нь шийдэгдэж чадалгүй өнөөг хүрчээ гэхэд гайхах хүн олон биз ээ. Дээрх хоёр банкны хохирогчид гомдлоо барагдуулах гэж хандаагүй газар үгүй. Тэд жагсаал, суулт, өлсгөлөн зэрэг олон тэмцлийг хийж байсан боловч ямар ч амжилт олж чадалгүй аргагүйн эрхэнд цөхөрсөн. Энэ удаа Зоос банктай холбоотой шүүх хурал яагаад сунжраад байгаа талаар дурдах гэсэн юм. Уг нь албаныхны мэдээллээр бол Зоос банкны 628 хадгаламж эзэмшигч хохирсон гэдэг баримт байдаг юм билээ. Тэгвэл тус банкны удирдлагуудын шүүх хурал ямар нэгэн аргаар хойшлоод байдаг нь тун хачирхалтай. Тухайлбал, Зоос банкийг дампууруулсан хэрэгт буруутгагдаж байгаа тус банкны 113 дугаар салбарын захирал асан Ж.Алтанцаг, Гадаад төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга асан П.Сэлэнгэ нарыг шүүх хурал өнгөрсөн баасан гарагт Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд болох байсан ч дахин хойшилсон. Дээрх шүүх хурал ямар нэгэн байдлаар хойшилсоор гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа юм. Энэ удаагийн шүүх хурал хойшлох болсон шалтгаан нь хурлын ерөнхий шүүгч И.Ганбат гадаадад ажлаар яваатай холбоотой гэсэн. Шүүх хурал уг нь өнгөрсөн долоодугаар сарын 20-нд болохоор товлогдож байсан ч шүүгдэгч Ж.Алтанцагийн өмгөөлөгч Б.Оюунбилэг гадаадад ажилтай явж байгаагаа мэдэгдэж, шүүх бүрэлдэхүүнд бичгээр албан хүсэлт гаргасан тул хурлыг хойшлуулсан гэж байсан юм. Түүнчлэн гуравдугаар сарын 13-нд болох ёстой байсан хурлыг шүүхээс хэргийг нь нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байна гэж бас л хойшлуулсан билээ. Тэгэхээр гурван жил болж буй эл хэрэг шийдэгдэхгүй байгаа нь тун хачирхалтай. Ямар нэгэн арга саам гаргаж байгаад шүүх хурлыг хойшлуулдаг нь цаанаа улстөрийн томоохон бүлэглэл эл хэргийн шүүх хурлыг хойшлуулж байна гэсэн хардлагыг улам бататгаад байх шиг. Учир нь тус банкны гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжий, ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Сангийн яамны Төрийн сангийн газрын захирал Х.Пүрэвсүрэн нарыг буруутайд тооцож, цагдаагийн байгууллагаас хориг тавьж байсан. Гэтэл тун удалгүй дээрх нөлөө бүхий нөхдийг гэмт хэрэгт холбогдолгүй хэмээн Нийслэлийн прокурорын газраас нотолсон билээ. Харин дээрх хэргээс тус банкны гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжийг буруутай хэмээн үзэж, хэргийг тусгаарлан шалгах болсон. Ингэхдээ Ш.Чуданжийн хэргийг шалгаж байна гэж мөн л гурван жил гаруй болж байгаад энэ оны дөрөвдүгээр сард түүнд зургаан жилийн хорих ял оноож, хадгаламж эзэмшигчдийн 1.6 тэрбум төгрөгийг төлүүлэхээр болсон билээ. Гэвч удалгүй түүнийг 2009 онд баталсан Өршөөлийн тухай хуульд хамруулж, хорих ялыг нь хэрэгсэхгүй болгосон юм. Ингээд хадгаламж эзэмшигчдийн хохирол болох 1.6 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах ёстой гэсэн шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр үлдсэн билээ. Дээрх 1.6 тэрбум төгрөгийн хохирлыг төлөхгүй хэмээн Ш.Чуданжий давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч уг хэрэг ямар шатандаа явааг өдгөө хэн ч мэдэхгүй. Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон шүүх хурлын үеэр гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжий хэлэхдээ Манай банк ашигтай ажиллаж байсан. Би уг банкийг үүсгэн байгуулагчдын нэг нь. Ер нь олон мянган хадгаламж эзэмшигчдийн мөнгийг хувьдаа авч үзсэн удаа нэг ч байхгүй. Тиймээс анхан шатны шүүхээс гаргасан 1.6 тэрбум төгрөгийг төлөхгүй. Тэгээд ч Зоос банк дампуураагүй хэмээн мэдэгдэж байсан. Тэгэхээр түүний хэлж байгаагаар эл банк дампуураагүй бол яасан болж таарах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Зарим иргэний хардлага ч байдаг. Тодруулбал, 2008 оны сонгуулиар улстөрчид Анод банкийг санаатайгаар дампууруулсан. Учир нь уг банкнаас их хэмжээний мөнгийг улстөрчид болон бизнесийн бүлэглэлийнхэн гаргуулж авсан. Улмаар авсан мөнгөө найдваргүй зээлдэгчдийн тоонд оруулж, нэг л өглөө Анод банкийг дампуурлаа гэж зарласан. Яг үүнтэй адилаар Зоос-ыг дампууруулсан гэж ярих хүн ч олон бий. Ингээд бодохоор бүхэл бүтэн банк дампууруулсан нөхөд өдгөө гадаад, дотоодод зугаалж, тансаг зэрэглэлийн машин унасан шиг ээ хотын төвөөр салхи татуулан давхиж байгаа нь нууц биш. Хэрвээ жирийн нэгэн иргэн ийм их хэмжээний мөнгөний асуудалд орлоо гэхэд өнөөдөр хавтаст хэргийг нь нээж, маргааш нь л аавынд илгээж байгаа. Ер нь ямар ч эрх мэдэлгүй салбарын захирлуудыг шийтгэсэн болж өнгөрөөд эл хэргийг замхаруулах сонирхол маш олон хүнд байгаа. Тиймдээ ч бүтэн гурван жилийг ардаа орхисон тус банканд холбогдох гол хүмүүсийн хэрэг нь эхнээсээ мөрдөн байцаалтын явцад хэрэгсэхгүй болж, шүүхээс ял авсан нөхөд Өршөөлийн хуульд хамрагдаж сул чөлөөтөй болсон. Ингэж л хадгаламж эзэмшигчдийг хохироож буй эл хэргийн шүүх хурал хойшилсоор байгаад нэг л өдөр мартагдах вий дээ.

Нууц мэдээлэл задруулжээ

Герман улс дахь НАТО-гийн Агаарын хүчний албанаас мягмар гаригт мэдэгдэл хийлээ. Тус мэдэгдэлдээ өнгөрсөн сард албаны дотоод нууц задарсан талаар ярьсан байна. Тэд НАТО-гийн Агаарын цэргийн хүчний нэгэн албан хаагчийг албаны дотоод нууц задруулсан хэргээр буруутгаж байгаа аж. Дээрх хэргээр ял сонсохоор болсон 60 настай Маркус Коелерийг агаарын цэргийн хүчний албан хаагчийн дотоод журмыг зөрчин, одоогоор нэр нь тодорхойгүй байгаа цэрэгт нууц мэдээлэл дамжуулсан хэмээн буруутгаж байгаа бөгөөд одоогоор шоронд хоригдож байгаа гэнэ. Тус ажилтны хувийн компьютерээс нууц мэдээлэл тараасан нотлох баримт олдсон тухай НАТО-гийн хэвлэлийн албанаас мэдээлсэн юм.

 УИХ-ын хамгаалалтаас гарсан гишүүдийг хуулийнхан чангаана

Ард түмэн, эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх гэж төрийн түшээ болдог жишиг сүүлийн үед эвдэгдэж, хувийн ашиг сонирхлын төлөө, хуулийнхнаас бултаж, хамгаалтад орохын тулд УИХ руу зүтгэдэг болсон нь нууц биш. Өнгөрсөн дөрвөн жилд ч ийм байдал ажиглагдаж, төрийн тусгай хамгаалалтад орсон УИХ-ын гишүүд хуулийнхнаас бултаж, мултарч чадаж байлаа. Харамсалтай нь хэрэг хуучирдаггүй гэгчээр аавын хаалга татангаа алдаж байсан гишүүн аснуудын хувь заяа хутганы ирэн дээр ирээд байна. Гишүүн асан Ц.Шинэбаярыг л гэхэд өнгөрөгч долоо хоногоос ТЕГ салавч үзүүлж, үндэсний аюулгүй байдлыг зөрчсөн гэдэг асуудлаар шалгаж эхэлсэн бол түүний араас нэлээд олон хүний амьдрал бүрхэг болж магадгүй байна. Тодруулбал улсын хөрөнгө шамшигдуулсан, улсад болон бусдад их хэмжээний хохирол амсуулсан, залилсан гэх зэрэг но-той, ноцтой асуудлуудад Л.Гүндалай, Х.Наранхүү, Д.Дондог, О.Чулуунбат, Д.Загджав, Ц.Батбаяр, Х.Бадамсүрэн, Л.Гансүх, Д.Дамба-Очир, Д.Зоригт, Д.Очирбат, Ш.Сайхансамбуу, Г.Занданшатар нар яригдаж байв. Тэгвэл УИХ-д сонгогдож амжаагүй эдгээр том тул загаснуудыг хуулийн байгууллагынхан агнахаар шийдсэн нь Ц.Шинэбаяртай холбоотой үйл явдлаас харагдаж байна. Ц.Шинэбаяр зөвхөн салаавч үзүүлснийхээ төлөө ТЕГ-т шалгуулж байхад том том мөнгө идэж уусан, авлигад өртсөн гэх бусад хүмүүсийн хувь заяа ихэд бүрхэг болж байгаа нь ойлгомжтой юм. Тухайлбал Ш.Сайхансамбуу гэхэд л авлига өгч байснаа хэвлэлээр зарласнаас болж АТГ-т дуудагдаж байсан бол Л.Гансүх, Д.Зоригт нар сайдын албан тушаалаа ашиглаж Оюу толгойн гэрээнээс их хэмжээний авлига авсан гэх ярианд орж байлаа. Д.Загджав сонгуульд амжилт олохын тулд Зайсангийн газрыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд давхар олгосон асуудалд өртөж, Д.Дамба-Очир Лүнгийн замыг там болгосныхоо төлөө хуулийнхны анхаарлыг татаж байсан. Харин эдэн дундаас аавынх руу татагдангаа алдсан нь Х.Наранхүү, Д.Дондог, О.Чулуунбат, Л.Гүндалай, Ш.Сайхансамбуу нар бөгөөд тухайн үед хуулийнхнаас мултраад, хорхойтой араанд нь нэгэнт зуугдсан гишүүдийн хэргийг дахин сөхөх тухай шум нисч эхэлсэн нь оргүй гэнэ шүү. Л.Гүндалай: Л.Гүндалай улсын нууц задалсан, Эрүүл мэндийн сайд байхдаа улсын хөрөнгө шамшигдуулсан хэрэгт холбогдож байв. Түүнийг Эрүүл мэндийн яамнаас зарласан MRI аппарат нийлүүлэх тендерт Булгат-Овоо компанийг шалгаруулж, улсад 620 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт сэжиглэсэн. Мөн Тайванийн Тайпэй хотоос тусламжаар илгээсэн түргэн тусламжийн зориулалттай 10 автомашинаас хоёрыг нь ХӨСҮТ-д 11 сая төгрөгөөр, гурвыг нь Батлан хамгаалах яаманд 13.5 сая төгрөгөөр зарсан гэж шалгасан ч хэрэгсэхгүй болгосон билээ. О.Чулуунбат: О.Чулуунбатыг Монголбанкны ерөнхийлөгч байхдаа дансны аргаар мөнгө идсэн хэмээн шалгаж байв. 2006 онд эрх мэдлээ хэтрүүлэн Стоунлей интернэшнл компанитай 200 сая ам.долларын баримтат аккредитив гэрээ байгуулснаас Монголбанк, M and P компанид гурван сая гаруй долларын хүү болон торгуулийн хамт их хэмжээний хохирол учруулсан гэсэн асуудлыг дэлгэж байсан. Мөн 2003, 2004 онд валютын улсын нөөцийг гадаадын банк санхүүгийн байгууллагад байршуулахад тогтоосон таван сая долларын хэмжээг хэтрүүлэн 10 сая долларыг ОХУ-ын Кредит транс банканд байршуулсан гэх мэдээлэл байдаг. Хуулийн байгууллага дээрх асуудлыг нэхэн шалгасан ч УИХ-ын гишүүн гэдгээр нь түдгэлзүүлээд байлаа. Ш.Сайхансамбуу: Ш.Сайхансамбуу өөрийгөө авлигал өгч байсан гэж хэвлэлээр зарласан нь АТГ-т өгөөш, бусад гишүүдэд инээдэм болж байлаа. Тэрбээр Хэнд авлигал өгч байсан бэ гэвэл би нэрлэнэ дээ. Өгч байсан юм чинь нэрлэж чадна. Авлига авч байсан нөхөдтэйгээ би зэрэгцээд л сууж байна гэсэн гэнэн үгнээсээ болж хуулийнханд шалгуулаад авсан. Ц.Батбаяр, Х.Наранхүү: Хамгийн сүүлд АТГ-ын цонхоор шагайсан УИХ-ын гишүүд. Тэднийг МАХН-ын дарга Н.Энхбаярын авлига авсан, хууль бусаар эд хөрөнгө хувьдаа авсан гэх хэрэгт шалгаж эхлээд байна. УИХ-ын гишүүн Ц.Батбаярыг Нийслэлийн засаг даргаар ажиллаж байхдаа Н.Энхбаярыг Өргөө, Дүнжингарав зочид буудлыг өмчилж авахад гар бие оролцсон гэж үзсэн байна. Дээрх зочид буудлуудыг хувьд шилжүүлэхдээ хотын дарга асан ямар ч тендерийн сонгон шалгаруулалт явуулаагүй гэдгийг АТГ-ынхан мэдэгдээд байгаа. Х.Наранхүүгийн хувьд Эрдэнэт үйлдвэр-ийн даргаар ажиллаж байхдаа Н.Энхбаярын үүрэг өгсний дагуу Хонконгод бүртгэлтэй Хэнланд, Грийн глобал интернэшнл гэдэг компанийн захирал Мягмаржаргал гэдэг хүнтэй ган бөмбөлөг нийлүүлэх гэрээ хийсэн гэгдээд байгаа. Тэгэхээр энэ мэт асуудалтай гишүүд ар араасаа аавын хаалга татах нь бараг л ойлгомжтой болоод байна.

Н.Энхбаярын байрны хаалганд төлбөр нэхсэн хуудас наажээ

МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх хурал дээр олонтаа нэр дурьдагдсан орон сууцыг сонирхлоо. Хаана байрладаг, ямаршуухан тансаг харш болоод ийн үнэд хүрээд байгааг нь сурвалжлахаар өнгөрөгч баасан гарагт Сүхбаатар дүүргийн наймдугаар хороог зорьсон юм. Сүхбаатар дүүргийн шүүхээс оноосон ялын тогтоолд 11 дүгээр хорооллын 100 тоот орон сууцны Н.Энхбаярт ноогдох хэсгийг нь хурааж авахаар болсон. Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд тансаг хаус бүү хэл тохитойхон орон сууц ч ховор байдаг болохоор шинэ, содон байр байшин юм болов уу гэж бодсоноо нуух юун. Харин Н.Энхбаярын гэх уг орон сууц нь 11 дүгээр хорооллын гуравдугаар байр буюу Хэвлэлийн хүрээлэнгийн чанх урд орших есөн давхар угсармал орон сууц ажээ. Н.Энхбаяр 1989 оны гуравдугаар сард тус байрыг анх ашиглалтад ороход авсан бөгөөд гуравдугаар байрны гуравдугаар орцны 100 тоот хаалганы од болсон түүх тун энгийн аж. МАХН-ын дарга Н.Энхбаяр тухайн үед Монголын зохиолчдын эвлэлийн хороонд ажиллаж байсан бөгөөд 2004 он хүртэл энэ тоотод амьдарч байсан гэнэ. Мэдээж Ерөнхий сайд болсон хүн төрийн тусгай хамгаалалтад орж, Их тэнгэрийн аманд очсон. Одоогоор 11 дүгээр хороололд орших тус байранд айл амьдарч байгаа эсэхийг мэдэх хүнгүй, биднийг очиход хаалга нь цоожтой, гадна талын хоёр цонх нь нэлээд хуучирч муудсан, ойрд засвар хийсэн, айл амьдарч байгаа шинжгүй байв. Мөн хаалган дээр нь цахилгааны төлбөр нэхэмжилсэн хуудас наасан байсан юм. Энэ байрны оршин суугч, Н.Энхбаяртай олон жил хөрш амьдарсан гэх 70 гаруй настай н.Юмсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр Өвөө нь энэ байранд 20-иод жил амьдарч байна. Н.Энхбаяр амьдралын хүнд хэцүүг үзэж байгаагүй хүүхэд. Нөгөөтэйгүүр нэлээд боловсролтой улстөрчдийн нэг. Энэ байр түүний хувьд амьдралынх нь амжилтыг хурайлсан гэр нь гэж хэлж болно. Тэр энэ цэнхэр байранд орсноос хойш нэр хүнд нь өсч, улс төр, нийгмийн салбарт маш өндөр амжилт гаргаж чадсан хэмээн ярьсан юм. Тэгвэл Н.Энхбаярын өсч өндийсөн гал голомт нь энэ удаа эзэндээ үнэнч байсныхаа төлөөсийг төлж, бусдын хөрөнгө болох нь ээ. Л.Баатархүү Улс төрийн тойм сонин

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.