Г.Бадамрагчааг цаазаар авна гэж сүрдүүлжээ

Тэрбээр сэтгэцийн гүн шоконд ороод байгаа гэнэ Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсээс төрийн эрхийг хууль бусаар авах, хуйвалдаан зохион байгуулсан гэх үндэслэлээр кино найруулагч Г.Бадамрагчааг Ганц худагт саатуулаад сар гаруй болж байна. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Г.Бадамрагчаагийн ах Г.Нороврагчаа, уран бүтээлийнх нь хамтрагчид болох Дорждагва, Р.Анхням, тулааны урлагийн багш М.Алдар нар мэдээлэл хийлээ. Тэд асуудлыг улс төрийн хэлмэгдүүлэлт хэмээн үзэж байгаа аж. Г.Нороврагчаа Миний дүү, кино найруулагч Г.Бадамрагчааг тавдугаар сарын 7-нд Тагнуулынхан баривчлан хорьсноос хойш сар гаруй өнгөрч байна. Энэ хугацаанд хүний санаанд багтамгүй, ардчилсан нийгэмд баймгүй хууль бус олон үйлдэл гарсан учраас олон нийтэд хандахаас өөр аргагүйд хүрлээ. Үндсэн хууль батлалцаж, ардчилсан нийгмийн төлөө зүтгэж явсан хүний хувьд хууль хяналтын байгууллагын ажлыг хүндэтгэн үзэж ямар нэгэн асуудал тавиагүй. Гэтэл ТЕГ-аас Г.Бадамрагчаагийн зохион байгуулсан хэргийг баримтаар нотолж байна гэж бичсэн байна лээ. Уг нь аливаа хэргийг шүүхээр шийдээгүй байхад хэргийг нотоллоо гэж хэлэх эрх байхгүй. Г.Бадамрагчааг баривчилсан цагаас өмгөөлөгчийг нь мөрдөн байцаалтын ажиллагаанд оролцуулахгүй байх хаалт тавьсан. Үүнийг бид эсэргүүцэж, хуулийн дагуу шаардлага тавьснаар одоо өмгөөлөгчтэй уулздаг болсон. Гэтэл энэ хооронд хэд хэдэн удаа өмгөөлөгчид нь хэлэлгүй хулгайгаар байцаах гэж оролдсон байгаа юм. Үүнээс болж дүүгийн маань эрүүл мэнд эрс муудаж, шоконд орсон. Сэтгэц нь ч өөрчлөгдөж байна. Хамгийн ноцтой нь ТЕГ-ын байцаагч Энхтөр Хорих 461 дүгээр ангийн төлөөлөгч Бат-Эрдэнийг удаа дараа оруулж Ах чинь намайг явууллаа, би ахыг чинь танина. Хэргийг чинь зохицуулж ярих гээд байна. Чи ийм маягаар байцаалт өг гэж шаардлага тавьсан байгаа юм. Мөн ТЕГ-ын Чингүүн гэх нөхөр хэдэн хэдэн удаа очиж албан ёсоор тулгалт хийсэн байна лээ. Тухайлбал, чи энэ хэргийг хийсэн ч, хийгээгүй ч 20 жилийн ял авна. Тиймээс ингэж ярих нь зөв. Мөн өмгөөлөгчдөөсөө татгалз гэсэн байна. Тэрбээр бас дүүтэй маань уулзахдаа Одоо Энхтөр байцаагчид байцаалт өгнө. Тиймээс сургуулилт хийх ёстой гэх зэргээр хэлэх үгийг нь зааж өгч сургуулилт хийхийг шаардаж дарамталсан. Эсэргүүцэхэд нь Тэгвэл чамайг Төв аймгийн хорих рүү шилжүүлнэ. Бүр болохгүй бол цаазаар авах асуудлыг ярина гэсэн байгаа юм. Өмгөөлөгч Пүрэвбаатар уржигдар Г.Бадамрагчаатай уулзахаар 461-т очиход түүнийг аль хэдийнэ авчирчихсан байсан. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгчид нь хэлэлгүйгээр байцаалт авсан. Ингээд өмгөөлөгч нь ирэхэд Бадамрагчаа байцаагч Энхтөрийн үг бүрийг тоть шиг давтсан гэсэн. Өмгөөлөгч нар нь хүртэл гайхаад Ийм байцаалт байдаг юм уу. Энэ хүн сэтгэцийн хувьд зүгээр байна уу гэдэг асуудлыг тавьсан. ТЕГ ийм маягаар хэрэг тулган нотлохыг оролдож байна. Би өмнө нь нийгмийг улстөржүүлж донсолгохыг хүсээгүй. Гэхдээ жирийн иргэдийг ингэж хэлмэгдүүлдэг байдлыг зогсоомоор байна. Тавдугаар сарын 7-ны өдөр 11.00 цагийн үед гэрээсээ гарч ирэхэд нь хар хувцастай, бүрэн зэвсэглэсэн залуус толгойд нь уут углаж авч явсан байгаа юм. Тэгээд намайг орой 19.00 цагийн үед очиход толгойд нь угласан уутыг аваагүй байсан. Харин өдөр нэг удаа авсан гэж байгаа. Авахад нь хоёр талд хоёр залуу буу тулгаад Ярь гээд зогсож байсан гэсэн. Ямар нэг аюултай юмны золиосонд миний дүүг чихэх үйл ажиллагаанд өргөн цар хүрээтэй бэлдээд ийм хэмжээнд хүрснийг үүссэн нөхцөл байдлаас харж болно. Жүжигчин Дорждагва: Энхбаяр, Нямдорж нар яаж ч чадахгүй байхад Бадамрагчаа яаж төр эргүүлэх юм бэ? Бид 1993 оноос хойш хамтарч ажиллаж байна. Би түүнийг 20-иод жилийн өмнөөс мэдэхийн хувьд ийм хэрэг өдүүлэх хүн биш гэдгийг хэлмээр байна. Гайгүй уран бүтээл хийчих юмсан гэж бодож шаналж явдаг эгэл жирийн уран бүтээлч болохоос биш бохир заваан улс төр рүү орох жижиг хүн биш. Шударга байя л даа гээд нэг нөхөр яриад байдаг. Тэр хүнээс би тэр шударга ёс чинь хаана байна гэж асуумаар байна. Миний гарт Г.Бадамрагчаагийн өөрийнх нь бичсэн тэмдэглэл байна. ТЕГ-ын Энхтөр гэж байцаагч Чамайг Төв аймгийн мөрдөн рүү явуулна, цаазаар авна гэсэн байгаа юм. Цаазаар авах асуудлыг энэ хүн мэддэг юм уу. Цаазаар авна гэдэг үгийг дуртай нь хэлж ард түмнээ дарамталдаг юм уу. Өнөөдрийн энэ засаг бол Монголын түүхэнд байгаагүй хамгийн арчаагүй төр. Хэний тушаалаар яваад байна. Энэ хилс хэрэг хэний захиалга юм. Хийгээгүй хэргийг нь хүнд тохох хэнд ямар ашигтай байна вэ. Үүнийг ард түмэн мэдэх хэрэгтэй. Уран бүтээл хийгээд явж байсан хэдэн хүүхдүүдийг төр эргүүлчихнэ гэж айдаг ямар арчаагүй төр вэ. Хийгээгүй хэргийг нь тохож амь насанд нь заналхийлдаг ямар хөгийн төр вэ. Юу болоод байна вэ. Би төр ард түмнээ хамгаалахын тулд байдаг гэж ойлгодог. Аягүй бол биднийг одоо хорих байлгүй. Төр эргүүлэх байтугай улс төрийн төсөөлөл ч үгүй хүнийг буу тулгаад аваад явж байгааг юу гэж ойлгох вэ. Харин үүний оронд улс орныг зараад хэдэн хэсэг болгочихсон тэр хэдэн нөхдүүдээ тэгдэг болоосой. Эрүүл ухаанаар бодоод үзэхэд Энхбаяр, Нямдорж нарын эрүүлэх гээд чадахгүй байгаа төрийг Бадамрагчаа яаж эргүүлэх юм бэ. Р.Анхням: Бэлтгэсэн гээд байгаа хүмүүсийн нэг нь би -Би найруулагч Г.Бадамрагчаатай 2007 онд анх Үнсэлт кинонд хамтран ажилласнаас хойш уран бүтээлийн төдийгүй гэр бүлийн анд нөхөд болсон. Бид байнга холбоотой байж хийхээр төлөвлөсөн, хийж бүтээсэн уран бүтээлээ байнга ярилцдаг байв. Г.Бадамрагчааг баривчлагдсаныг эхнэртэй нь утсаар ярьж анх мэдсэн. Ийм зүйл болсонд үнэхээр харамсаж байна. Уран бүтээлч хүн нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлд байнга сэтгэл нь зовж түүнийгээ уран бүтээлээрээ олон нийтэд үзүүлдэг. Г.Бадамрагчаа бол тийм л уран бүтээлчдийн нэг. Цагдаагийн тангараг- 2 кинонд би байцаагч бүсгүйн дүрд тоглосон. Л.Алдар багш 2003 оноос эхлэн надад таэквондогийн урлагаар багшилсан. Энэ киноны орлон тоглогчдыг бэлтгэж байхад би ч бас хамт сургуулилт хийж байсан. Өнгөрсөн 2011 оны өдийд бид зоорь, үйлдвэрүүдэд кино зураг авалт хийсэн. Бэлтгэсэн гээд байгаа хүмүүсийн нэг нь би. Л.Алдар: Бид төр эргүүлэх бодол тээдэг ухамсаргүй хүмүүс биш -Би Г.Бадамрагчаад 1992 оноос тулааны урлаг зааж байна. Сүүлийн таван жил уран бүтээл дээр хамтарч ажиллаж байгаа. Бид залуучуудыг тулаантай кино хийхийн төлөө бэлтгэсэн болохоос төр эргүүлэх гээгүй. Төр эргүүлэх бодол тээдэг ухамсаргүй хүмүүс биш. Тулааны урлаг хувь хүнийг төлөвшүүлдэг. Би шавь нартаа эх оронч сэтгэлтэй, шударга, зарчимч , тууштай бай гэж хэлдэг. Ингэлээ гээд эх орныхоо эсрэг төр эргүүлэх хүн гарах уу, та бүхэн бод доо. Тулааны урлагаар хичээллэснээр хүн өөрийгөө төдийгүй бусдыг таньж сурдаг. Тэр утгаараа олон жил багш шавь, уран бүтээлийн хамтрагчид явсны хувьд төрийн эсрэг гэмт хэрэг хийх хүн биш гэдгийг нь хэлж чадна. Уран бүтээлдээ бүхнээ зориулдаг үнэнч сэтгэлтэй хүн. Найруулагч хүн кино хийхийн тулд их судалгаа хийдэг. Баримтат хэд хэдэн кино хийснийг нь сайн мэднэ. Биднийг хөдөө, хээр газар 70 хүн бэлтгэсэн гээд цуураад байна гэсэн. Тийм зүйл хийх мөнгө бидэнд байхгүй. Одоогоос долоон жилийн өмнө намайг баривчилж хүн амины хэрэг тулгаж байсан. Азаар хэргийн учир олдсон. Жаахан юман дээр дөрөөлж хүнийг гүтгэдэг юм билээ. Одоо бол түүнээс ч илүү юм болоод байна гэв. Хурлын төгсгөлд тэд эхний ээлжинд Г.Бадамрагчааг батлан даалтад гаргаж эмнэлгийн тусламж авахуулах, ТЕГ-ын мөрдөн байцаагч Энхтөрөөс татгалзах арга хэмжээ авахаа дуулгасан юм.

  Иргэдэд 500 мянган төгрөгийг хишиг хувь болгон олгожээ

Иргэн бүрт 2010 онд 120 мянга, 2011 онд 252 мянга, 2012 оны эхний таван сард 105 мянга /зургадугаар сард 23 мянга/, нийт 500 мянган төгрөгийн хишиг, хувийг cap бүр 21 мянган төгрөг олгох хэлбэрээр бэлнээр олгожээ. Нэг сая 532 мянган иргэн хувьцаагаа худалдах хүсэлт гаргажээ Эрдэнэс Таван толгой хувьцаат компанийн 1072 ширхэг хүртэл хувьцааг эзэмших болсон.Засгийн газарт нэрлэсэн үнээр хувьцаагаа худалдах иргэдийн хүсэлтийг тавдугаар сарын 7-20-ны хооронд хүлээн авахад нийт нэг сая 532 мянган иргэн хувьцаа худалдах хүсэлт гаргажээ. Хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлт гаргаагүй иргэний хүсэлтийг нөхөж хүлээн авахгүй. Засгийн газарт хувьцаагаа зарах иргэдийн хүсэлтийг наймдугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна Өмнө нь Засгийн газарт хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэн шийдвэрээ өөрчлөн хувьцаагаа эзэмшихээр хүсэлтээ илэрхийлбэл хүсэлтийг 2012 оны наймдугаар сарын 01-ний өдөр хүртэл хүлээн авахаар боллоо. Ийм хүсэлт гаргасан иргэн одоогоор 5 мянга орчим байна. Сургалтын төлбөр болон нэг сая төгрөгөө авах хүсэлтийг 5000 орчим иргэн гаргасан байна Засгийн газарт хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан оюутан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн шийдвэрээ өөрчилж, сургалтын төлбөр болон нэг сая төгрөгөө авах хүсэлт гаргавал 2012 оны наймдугаар сарын 01-ний өдөр хүртэл хүлээн авахаар болжээ. Одоогоор ийм хүсэлт ирүүлсэн мянга орчим иргэн байна. Хувьцаагаа худалдах хүсэлт гаргаагүй болон хувьцааныхаа тодорхой хэсгийг худалдаж, үлдэх хувийг эзэмшихээр болсон нийт нэг сая 238 мянган иргэн байгаа ажээ. Хүний хөгжил сангийн дэвтэрт эзэмшиж буй хувьцааг баталгаажуулах ажил улс орон даяар эхэллээ Хүний хөгжил сангийн дэвтэрт Эрдэнэс Тавантолгой хувьцаат компанийн эзэмшиж байгаа хувьцааны тоо, хөрөнгийн дүнг бичиж, баталгаажуулах ажил улс орон даяар эхэлсэн байна. Гэхдээ эхний ээлжид Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв-өөс баталгаажуулан ирүүлсэн, хүний хөгжил сангийн 1072 ширхэг хувьцаагаа /нэг сая төгрөг/ бүтнээр нь эзэмшиж байгаа 750 мянган иргэний дэвтэрт бичилт хийх гэнэ. Дараагийн удаад өмнө нь бэлэн бусаар хишиг, хувиа хүртсэнээс шалтгаалан 1072-оос бага хувьцаа эзэмшиж байгаа иргэдийн дэвтэрт үе шаттайгаар бичилт хийж, баталгаажуулахаар болжээ. Энэ ажил он дуустал үргэлжлэх юм байна. Иргэн та жагсаалттайгаа танилцаж гарын үсэг зурснаар хувьцаа тань баталгаажна Иргэн Та Хүний хөгжил сан-гийн дэвтэрт хувьцааны бичилт хийлгэхээр харьяалагдах сум, хорооны халамжийн нийгмийн ажилтанд дэвтрээ өгөхдөө өмнө нь бэлэн бусаар хишиг, хувиа хүртэж байсан жагсаалттайгаа танилцаж гарын үсэг зурах аж. Түүний дараа нийгмийн ажилтан дэвтрийг хурааж авч бичилтийг хийж нэгдсэн журмаар баталгаажуулан иргэнд буцаан өгөх учиртай юм байна.

Авто ослоор дөрвөн хүн амиа алдсаны нэг нь гурван сартай хүүхэд байжээ

Хэнтий аймгийн Жаргалант сумын нутагт Хамар давааны ойролцоо автомашины ноцтой осол гарчээ. Ослын улмаас жолооч А-гаас гадна 23-33 насны хоёр хүн, гурван сартай хүүхэд газар дээрээ амиа алдсан байна. Хэргийг аймгийн цагдаагийн хэлтсээс шалгаж байна. Тэд ослын шалтгааныг одоогоор тодруулаагүй байна. Хэргийн газрын анхны үзлэгээр жолооч нь архи уусан байж болзошгүй. Түүнээс гадна хурд хэтрүүлснээс осол гарсан бололтой гэжээ.

Гаалиар их хэмжээний сум оруулах гэж байгаад баригджээ

Улаанбаатар хот дахь гаалийн газрын Туушин дахь гаалийн хяналтын бүсэд АНУ-аас илгээгдсэн зорчигчдын түүвэр ачаанаас 2012.06.04-ний өдөр иргэн Н-ийн нэр дээр ирсэн хувийн эд зүйлс дотор гаалийн байгууллагад мэдүүлээгүй, холбогдох байгууллагын зөвшөөрөлгүй их хэмжээний сум /84995 ш/, РЕМИНГТОН маркийн ангийн буу 2ш, МАРЛИН маркийн ангийн буу 1ш, САВАЖЕ маркийн ангийн буу 1 ш-ийг эд зүйлс дотор нуун хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсаныг гаалийн газрын байцаагч нар мэргэжлийн ур чадвар гарган илрүүлж, хойшлуулшгүй ажиллагаа явуулан материалыг УМБГ-т эд мөрийн баримтын хамт эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар шилжүүллээ. WORD.MN Б.Инжир

Тиранозаурус монголынх гэдгийг албан ёсоор мэдээлнэ

Тиранозаурус Батаарыг Монголынх гэдгийг АНУ-тай хамтарсан эрдэмтэдийн багийнхан тогтоогоод байгаа талаар мэдээллэж байсан. Өнөөдөр энэ талаар албан ёсны мэдээллийг АНУ-д хийхээр болжээ. Манай улсаас БСШУЯ-ны Соёл урлагийн газрын дарга Б.Наранзун даргатай хэсэг эрдэмтэд АНУ-д Батаарийн асуудлаар ажиллаж байгааюм. Тэд ирэх даваа гарагт эх орондоо ирэх юм байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.