16 настай хүүг гэмтээсэн Хятадын иргэнийг цагдан хорьжээ
2012-06-20 16:22:01 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйНалайх дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Топ тоосгоны үйлдвэрийн хятад ажилтан Lang Ruizhang нь 16 настай А.Казарбек хүүгийн араас чулуу шидэж, зүүн хөлний шилбэний тахилзуур ясыг хугалсан гэмт хэрэг энэ сарын 08-нд гарсан. Энэхүү хэрэгт эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасанаар хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа ажээ. БНХАУ-ын иргэн Lang Ruizhang-г энэ сарын 07-нд баривчлан цагдан хорьсон байна. Хэрэв Lang Ruizhang-д дээрхи заалтаар ял сонссвол таваас долоон жилийн хорих ял авах юм байна. Бэртэл авсан А.Казарбек хүү нь өнгөрсөн долоо хоногт хагалгаанд орсон бөгөөд одоогоор ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм.
ХААН банкны теллер 230 хүний данснаас мөнгө залилжээ
2012-06-20 15:22:22 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйБагануур дахь арилжааны банкны салбарын ахлах теллерээр ажиллаж байсан Н.Эрдэнэ-Уянгыг цагдаагийнхан баривчилжээ. Тэрээр 2008-2010 онд 230 иргэний харилцах данснаас 13,8 сая төгрөгийг завшиж ашигласан гэмт хэрэг үйлдсэнийг дүүргийн цагдаагийн хэлтсээс тогтоосон байна. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгаж эхэлжээ. Хэргийн байдлаас дүгнэлт хийхэд банкны салбарын удирдлагууд их хэмжээний хохиролтой гэмт хэрэг гарсан байхад хуулийн байгууллагад мэдэгдэхгүй, нуун дарагдуулж, хариуцлагагүй байдал гаргасан бөгөөд энэ байдлыг ч хамтад нь шалгаж байна хэмээн эх сурвалж хэллээ.
Долоон сартай жирэмсэн эмэгтэйд хүчээр үр хөндөлт хийжээ
2012-06-18 14:20:29 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйХятадын Шаанси мужийн Анкан хотын гэр бүл төлөвлөлтийн албаныхан долоон сартай жирэмсэн эмэгтэйд үр хөндөх ажилбар хүчээр хийжээ. Хохирогч эмэгтэйг Фен Жианмей гэдэг, 23 настай, хоёр дахь хүүхдээ төрүүлэх гэж байжээ. Хятадын нэг хүүхэд бодлогын дагуу хоёр дахь хүүхдээ төрүүлэх гэж байгаа гэр бүл 40 мянган юань буюу 6300 ам.доллар улсад төлөх ёстой. Гэтэл Фен Жианмейгийн гэр бүл хадам эхийнхээ хорт хавдрын эмчилгээг хийлгэх гээд энэ мөнгийг төлөх чадвар байгаагүй учир хотынх нь захиргаанаас үр хөндүүлэхийг шаардсан байна. Уг нь, Хятадын хөдөө нутгийн гэр бүлд анхны хүүхэд нь охин гарвал дахин нэг хүүхэдтэй болохыг зөвшөөрдөг. Фен Жианмейгийн том хүүхэд нь охин учир дээрх хуулийн заалтын дагуу хоёр дахь хүүхдээ төрүүлэх гээд тээж байжээ. Гэвч үр хөндөх хугацаа аль хэдийнэ хэтэрсэн байхад 20 гаруй хүн авчирч, хүчээр эмнэлэг рүү авч явж, үр зулбуулах тариа тарьсан байна. Түүнийг эмнэлэгт аваачсаны дараа нүдийг нь боож байгаад үл мэдэгдэх цаасан дээр хурууны хээг нь даруулж авсны дараа үр хөнджээ. Энэ тухай мэдээлэл Хятадын интернэт сайтуудаар тарж, Фен Жианмейгийн дутуу гарсан хүүхдийн цогцосны зураг хүртэл олон нийтэд хүрсэн байна. Энэ явдал нэгэнт олон нийтэд мэдэгдсэн тул Анкан хотын гэр бүл төлөвлөлтийн албаныхныг ажлаас нь чөлөөлж, хэргийг шалгаж эхэлжээ. Олон нийтийн шүүмжлэлийг намжаах гэхдээ Анкан хотын дарга Фенгийн гэр бүлээс уучлал гуйсан ч энэ хэрэг үүгээр өнгөрөхгүй нь бололтой. Интернэтээр хурц шүүмжлэл өрнөж, гэм буруутнуудад хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна. Фен Жианмей үр хөндөлтийн дараа ухаангүй байх үед энэ зургийг авчээ Ер нь, Хятадад хоёр дахь хүүхдээ тээж буй эмэгтэйчүүдийг хүчээр үр хөндөх мэс ажилбарт оруулах явдал цөөнгүй байдаг гэлцдэг. Өнгөрсөн сард АНУ-аас улс төрийн орогнол хүсч, одоо Америкт ирээд байгаа Хятадын хараагүй хуульч Чен Гуанчен ийм хэрэг дээр түлхүү ажилладаг байсан юм. Тэрээр үр хөндүүлэх тариа хүчээр хийлгэсэн, мэс засалд орсон Шандон мужийн эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалан шүүхэд хандсанаас болж долоон жил шоронд суусан юм. Б.Сэвжидма
Японы цагдаа нар 1995 онд Токиогийн метронд хий дэлбэлж 13 хүний аминд хүрсэн хэрэгт холбоотой хамгийн сүүлчийн сэжигтэнг баривчиллаа. Аум Синрикё гэмт бүлэглэлийн удирдагчдын нэг Кацуя Такасакийг Токиогийн нэгэн кафегаас баривчилсан аж. Тэрээр ийнхүү 17 жилийн турш оргон зайлсны эцэст зохих ялаа хүртэхээр болж байна. Дашрамд сануулахад тус гэмт бүлэглэлийн удирдагч Сёко Асахари 11 гишүүний хамт цаазын ял сонссон билээ. Word.mn А.Одсар
-Төлөөлөн удирдах болон Хяналтын зөвлөлийн гишүүд нь цалингаа 800 мянгаас нэг сая 300 мянган төгрөг болгожээ Монголчуудыг алтанд умбуулж, амьдралыг нь сайжруулна гэсэн Таван толгой компанийн ТУЗ-ийнхөн цалингаа нэмжээ. Тэгэхдээ ажилчдынхаа биш өөрсдийнхөө. Үнэндээ баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү маньд ямар хамаа байна хэмээн өнгөрөөж болох мэт. Гэвч Монгол Улс Үндсэн хуульдаа газрын хэвлий дээрхи болон доорхи баялаг ард түмний өмч гэж хуульчлан заасан байдаг. Гэтэл хоёр сая 800 мянган хүнийхээ амьдралыг хангалуун болгоно хэмээн амласан Таван толгой компанийн ТУЗ нь цалингаа нэмэхээр гэрлийн хурдаар үйл ажиллагааг нь дэвжүүлсэн гэж үү. Дэлхийн томоохон коксжуулсан нүүрсний ордын нэг гэгдэх Таван толгой нь 300 метр гүн хүртэл 7.5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй болохыг Норвест корпораци урьдчилан тооцоолох гаргасан байдаг. Жилд 50-иас багагүй тн нүүрс олборлох Таван толгой компани нь төрийн өмч давамгайлсан компаниудын нэг. Олборлолтоо 2010 оны наймдугаар сарын 27-нд эхэлж, өнгөрсөн оны наймдугаар сарын 4-нд бүтээгдэхүүнээ экспортолж эхэлсэн эл компани нь 2012 онд 3-4 сая тн нүүрс экспортлохоор байгаа. Энэ нь дөнгөж 70 гаруй хувьтай ажиллана гэсэн үг. Харин 2016-2017 онд бүрэн хүчин чадлаараа ажиллана хэмээн Эрдэнэс Таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш хэлж байсан. Хэтийн төлөвлөгөө ёсоор нүүрсээ гар аргаар олборлох болон боловсруулах үйлдвэрээ 2013-2014 он гэхэд ашиглалтад оруулна гэж буй. 2017 онд жил тутамд гар аргаар боловсруулах ROM нүүрс боловсруулалтыг 20 сая тн хүртэл нэмэгдүүлэх зорилго тавьсан. Түүгээр ч барахгүй эрчим хүчний хангамжийн тухайд 300МВ хүчин чадалтай цахилгаан эрчим хүчний үйлдвэр байгуулах гээд хийхээр төлөвлөсөн ажил их. Гэтэл байгуулагдаад хоёр жил гаруй болж буй эл үйлдвэрийн ТУЗ нь 2010 оны тавдугаар сарын 12-ны өдрийн тогтоолоороо даргынхаа сарын цалинг 390 мянгаас нэг сая 500 мянган төгрөг буюу 3.8 дахин нэмжээ. Түүгээр ч барахгүй гишүүдийнхээ цалинг 320 мянгаас нэг сая 300 мянган төгрөг буюу 4,1 дахин, хяналтын зөвлөлийн гишүүнийхийг 220 мянгаас 800 мянган төгрөг болгож 3,6 дахин нэмжээ. Ингэснээр ТУЗ болон хяналт шалгалтын зөвлөлийн зардал огцом өсчихөж. Бодвол нэг тогооноос хоол идэж буй нөхдийн хэн нь хэнийгээ хянаж, ховлох вэ дээ хэмээн чимээгүйхэн нэмсэн юм байгаа биз. Гэвч даравч дардайна, булавч бултайна гэгчээр тэдний хөөрхөн нууцыг МХЕГ-ынхан шалгалтаараа илрүүлчихэж. Уг нь, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2009 оны 51 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтад хяналтын зөвлөлийн гишүүдийн урамшууллын доод хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин өсгөснөөр буюу 220 мянган төгрөгөөр тогтоосныг дөрөв дахин өсгөсөн нь хууль бус үйлдэл аж. Түүгээр ч зогсохгүй хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2011 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 05 тоот тогтоолоор үр ашигтай ажиллуулах бодлого боловсруулж ажилласан ТУЗ-ийн гишүүдийн үр дүнгийн шагналыг цэвэр ашгийн нэг хувиар бодож, гишүүн бүрт тэнцүү хуваарилан олгосугай... гэсний дагуу цэвэр ашгийн нэг хувь 765257.5 мянган төгрөгийг зөвлөлийн есөн гишүүдэд хувааж, хүн тус бүрт 85028,6 мянган төгрөг олгосон байх юм. Гэтэл энэ нь, бусад төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдээс хэт өндөр тогтоосон нь Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4.2-д Төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлж байгаа хуулийн этгээдийн эд хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах талаар санал боловсруулж Төрийн өмчийн хороонд оруулах; 4.3-д Олгогдсон эрх хэмжээнийхээ дотор төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх зэрэг заалтыг хэрэгжүүлээгүй хөрөнгө мөнгөнд үрэлгэн хандсан гэсэн үг. Үнэндээ дэлхийд нэгд орохоор нөөцтэй Таван толгой ХК нь 2011 онд нийт 144276,5 сая төгрөгийн орлого оруулахаар төлөвлөснөөс 201238,3 сая төгрөг оруулж, нийт орлогын төлөвлөгөөг 38,6 хувиар давуулан биелүүлсэн хэмээн ЭБЭХЯ-ныхан саяхан сайшааж байсан. Тэгэхдээ нийт давсан орлогын 87,6 хувь нь нүүрсний борлуулалт гэсэн. Гэвч орлого нь нийт дүнгээр давж биелсэн ч коксны борлуулалтын орлогын төлөвлөгөөг 38,9 хувиар тасалсан аж. Тус компани өнгөрсөн онд 194004,5 сая төгрөгийн нүүрс, кокс борлуулж, үйл ажиллагааны бус орлогоор 1179,3 сая төгрөгийн ашигтай ажиллажээ. Ингээд борлуулсан бүтээгдэхүүний өртөгт 88055,6 сая, удирдлагын зардалд 1094,8 сая төгрөг зарцуулж, нийтдээ 80058,0 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан хэмээн тайлан мэдээндээ дурджээ. Гэвч өнөөх өөрөө өөртөө тушаал гарган цалингаа нэмэгсэд буюу Төлөөлөн удирдах, Хяналтын зөвлөлд удирдлагын зардлын 41,6 хувь буюу 455,8 сая төгрөг зарцуулсан байх юм. Гэтэл үйлдвэр сайн ажиллаж байгаа юм уу гэхээр тийм биш ээ. Тухайлбал, 2011 оны жилийн эцсийн байдлаар нийт авлага 71079,8 сая төгрөг болж өмнө оны мөн үеэс 52681,4 сая төгрөгөөр өсчээ. Нийт авлагын 98,0 хувь нь харилцагч байгууллагуудаас авах авлага гэнэ. Түүнчлэн 5822,3 сая төгрөгийн өртэй гарч, нийт өглөгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 13078,1 сая төгрөгөөр буурсан хэмээв. Өглөгийн 90,4 хувь нь байгууллагад өгөх, 3,7 хувь нь ногдол ашгийн, 3,3 хувь нь татвар, төлбөрийн өр, 1,4 хувь нь цалин болон бусад өр төлбөр байгаа гэнэ. Уг нь, Таван толгой компани нь Өмнөговь аймгийн эрдэс баялаг ихтэй Таван толгой хэмээх ордыг түшиглэн байгуулагдсан. Эл орд нь олон хүнийг ажлын байртай болгож, эдийн засгийн хурдыг ч нэмэгдүүлнэ хэмээсэн удаатай. Монгол Улсын өмч эл ордыг дэлхийд таниулан, монголчуудад үр өгөөжийг нь өгөх учиртай ТУЗ-ийн гишүүд хоёр жилийн ажлынхаа үр дүнг дүгнэн өөрсдийгөө л шагнасан бололтой. Харин монголчуудаа хэзээ шагнах юм бол... Асууя.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй