Монгол Улсын харцага О.Хангай түрүүлэв

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул Ард олныхоо дунд Нарийн бэлхүүст хэмээн алдаршсан Монгол Улсын начин Түвдэнжамбын Бат-Эрдэнэ агсаны нэрэмжит Ховд дэвжээ-ний 2020 оны нээлтийн барилдаан Хан-Уул дүүргийн Хан жаргалант спорт цогцолборт боллоо. Тус барилдаанд Улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцсон 56 бөх хүч сорьсноос Ховд аймгийн Буянт сумын харъяат Хан-уул дүүргийн ОБГ, Зорчигч тээврийн нэгтгэл, Од групп, Их Монгол сан, Ховд дэвжээний бөх Монгол Улсын харцага Оргихын Хангай түрүүлж, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат Ховд дэвжээ, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэсийн бөх Монгол Улсын өсөх идэр начин Цогтоогийн Лхагвасүрэн үзүүрлэв. Их шөвөгт Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Ховд дэвжээний бөх, Монгол Улсын начин Чулуунбатын Цогбаяр, Ховд аймгийн Дарви сумын харьяат, Алдар спорт хороо, Зэвсэгт хүчний 032-р анги Ховд дэвжээ, Сутай до ХХК-ийн бөх, аймгийн арслан Балдиржамцын Тайван нар шалгарсан юм.

Жүдо бөхийн 2021 оны ДАШТ Ташкент хотод болно

Жүдо бөхийн ирэх оны ДАШТ Узбекистаны нийслэл Ташкент хотод болохоор тогтсоныг Олон улсын жүдо бөхийн холбооноос мэдээллэв. Ташкентэд ҮОХ-ны байранд өчигдөр IJF холбоо Узбекистаны жүдогийн холбоотой ДАШТ-ийг зохион байгуулах гэрээ байгуулах ёслол болж, талууд гарын үсэг зурснаар 2021 оны ДАШТ-ийг анх удаа Олон улсын харааны бэрхшээлтэй иргэдийн спортын холбоотой хамтран зохион байгуулахаар болжээ. Узбекистаны жүдогийн холбооны тэргүүн Азиз Камилов Манай холбоо жүдо бөхийн олон том тэмцээн, Гран Приг зохион байгуулж байсан. Ирэх жилийн ДАШТ ч түүхэн дэх хамгийн шилдэг тэмцээний нэг болох болно хэмээсэн байна. Ташкент хот 2013 оноос хойш жил бүр гран при тэмцээн зохион байгуулаад байгаа билээ.

Аймгийн заан М.Лхагвагэрэл түрүүллээ

Монгол Улсын Ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ой, Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болж, Завхан аймгийн Яруу сумын харъяат, аймгийн заан М.Лхагвагэрэл түрүүлж, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр үзүүрлэв. Их шөвөгт улсын харцага Б.Бат-Өлзий, улсын начин Э.Даш нар шалгарсан юм. Энэ удаагийн барилдаанд Монгол Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Д.Анар, Ө.Даваабаатар, Б.Одгэрэл, М.Бадарч, О.Хангай, Н.Золбоо тэргүүтэй хүчит бөхчүүд барилдсан билээ. Сонирхуулахад, дархан аварга Б.Бат-Эрдэнэ уг барилдаанд хамгийн олон буюу дөрвөн удаа түрүүлсэн бол улсын гарьд И.Доржсамбуу гурав, дархан аварга А.Сүхбат хоёр түрүү, гурван үзүүр, дархан аварга Г.Өсөхбаяр, улсын арслан Б.Ганбат нар тус бүр 2 түрүүл байв.

Сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлсэн шатарчдад дэд мастер цол олголоо

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойд зориулан Улсын Их Хурлын даргын ивээл дор Улсын Их Хурлын Тамгын газраас Монголын шатрын холбоотой хамтран уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шувтаргын тоглолтөнөөдөр /2020.01.12/ өндөрлөв. Төрийн ордонд хоёр өдөр болсон энэхүү тэмцээнд эрэгтэй 102, эмэгтэй 36, нийт 138 шатарчин швейцарь системээр долоон өрөг тоглосон. Эрэгтэйчүүдээс Дорнод аймгаас оролцсон Д.Дүүрэнжаргал түрүүлж, нийслэлийн Баянгол дүүргээс оролцсон А.Аръяабадрал хоёр дугаар байр, Өвөрхангай аймгаас оролцсон М.Баатар гуравдугаар байранд шалгарлаа. Шагнал байрт Сүхбаатар аймгаас оролцсон Б.Очирсүх, Дархан-Уул аймгаас оролцсон Д.Сүх-Очир, Хэнтий аймгаас оролцсон Г.Баяраа, нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс оролцсон Б.Цоггэрэл нар орлоо. Эмэгтэйчүүдээс Нийслэлийн шатрын холбооны нэр дээр оролцсон Б.Халиун түрүүлж, хоёрдугаар байранд Баян-Өлгий аймгаас оролцсон К.Жаннур, гуравдугаар байранд нийслэлийн Баянзүрх дүүргээс оролцсон Д.Мөнхсайхан шалгарсан бол шагналт байранд нийслэлээс оролцсон Б.Батцэнд, Хэнтий аймгаас оролцсон Э.Батсувд, Увс аймгаас оролцсон Ж.Алтанцэцэг нар орлоо. Тэмцээнд амжилттай оролцож, шагналт байрт шалгарсан шатарчдад шагналыг нь Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан, Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Даваахүү болон Удирдах зөвлөлийн гишүүн Б.Наранбаатар, тэмцээний ерөнхий шүүгч, олон улсын шилэгдмэл шүүгч, УИХ-ын Тамгын газрын референт Г.Алтан-Оч нар Төрийн ордонд гардуулж, баяр хүргэлээ. Харин тэмцээний аваргуудад буюу эхний гурван байранд шалгарсан эрэгтэй, эмэгтэй шатарчдын шагнал болон Монгол Улсын спортын дэд мастерийн цол, тэмдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын дэд дарга, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Я.Санжмятав, дэд ерөнхийлөгч Ц.Эрдэнэбат, Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал М.Ганбаатар нар Монгол бөхийн өргөөнд болж байгаа Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааны үеэр гардуулж, баяр хүргэсэн юм. Мөн тус тэмцээнээс Оюунлаг түшээ-гээр тодорсон Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, шилдэг ахмад эрэгтэй тоглогчоор шалгарсан Ардын Их Хурлын депутат Ж.Лхагва нарт Улсын Их Хурлын дэд дарга, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Я.Санжмятав өргөмжлөл гардуулж, баяр хүргэв. Тэмцээнд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй хоёр шатарчинд уламжлал ёсоор насанд хүрэгчдийн ази тив болон дэлхийн сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгосон юм. Үндсэн хуулийн өдөрт зориулсан, УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах энэхүү тэмцээн жилээ с жилд өргөжин, сонирхогчдын хүсэн хүлээдэг тэмцээн болсон төдийгүй оролцогчид насны хувьд залуужиж, эрэгтэй, эмэгтэй ангилалд хоёуланд нь дээгүүр байр эзэлж буй шатарчин 19-21 насныхан байгаа талаар тэмцээний шүүгчид ярьж байв. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Дэлхийн аварга М.Уранцэцэгийн АМЖИЛТ Гиннест бүтгэгдлээ

Дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Гиннесийн номонд Монголын жүдо бөхийн шилдэг тамирчин, Дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамрчин М.Уранцэцэг бүртгэгдлээ. Дэлхийн дээд амжилтын эзэн бол тэрбээрОлон улсын жүдо бөхийн холбооноос /IJF/ зохион байгуулдаг IJF World Tour тэмцээнүүдэд 2010.12.17-2019.04.05-ны хооронд нийт 35 медаль хүртжээ. Үүнд 11 алт, 11 мөнгө, 13 хүрэл медаль багтаж байгаа бөгөөд хамгийн олон медаль хүртсэн амжилтаар Гиннесийн амжилтыг эзэмших боллоо.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.