“Агтана хүрээт-2019” Шилийн богд хайрхны энгэрт боллоо

Агтана хүрээт-2019 Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шилийн богд хайрхны энгэрт хоёр дахь жилдээ боллоо. Энэ удаа Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Дорноговь аймгийнхнаас гадна БНХАУ-ын ӨМӨЗО-оос уяач, адуучид ирж оролцов. Наадмын хүрээнд өнгөрсөн жилийн гэрэл зургийн уралдаанд шалгарсан шилдэг бүтээлүүдээр үзэсгэлэн гаргажээ. Мөн адууг уналга, эдэлгээнд ашигласан түүхийг харуулах эд өлгийн зүйлс, аймгийн Угсаатны зүйн музейн үзмэрүүдийг дотоод, гадаадын жуулчдад дэлгэн харуулав. Үүнээс гадна галын наадам, тойрон бүжиг, язгуур урлагийн тоглолтыг аймгийн Жаахан шарга театрын уран бүтээлчид толилуулжээ. Монгол адуутай холбоотой өв соёл, уламжлалаа залууст өвлүүлэх, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх нь Агтана хүрээт-ийн гол зорилго аж. Түүнчлэн хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёл, уламжлал, ахуйгаа гэрэл зургийн хальсанд мөнхлөн, дэлхий нийтэд сурталчлах төлөвлөгөө бий гэнэ. Цаашид улсын хэмжээний, өвлийн аялал жуулчлалын нэг бүтээгдэхүүн болгох төлөвлөгөөтэй байгаа гэж гэж зохион байгуулагчид хэлж байна.

Боксын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

ОБЕГ-ын харьяа Аврагч биеийн тамир, техник спортын хорооны тамирчин О.Есүгэн залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээний 57 кг-ийн жинд хүрэл медаль хүртлээ. Тус тэмцээн энэ сарын 10-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо анх удаагаа зохион байгуулагдсан юм. Тэмцээнд 20 орны 200 гаруй тамирчин оролцож, төрөл тус бүрээр аваргуудаа шалгаруулсан байнагэж ОБЕГ-ын харъяа Аврагч биеийн тамир техник спорт хорооноос мэдээллээ.

Уламжлалт спорт, тоглоом наадгайн олон улсын зөвлөлтэй хамтран ажиллана

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон ЮНЕСКО-гийн дэргэдэх Уламжлалт спорт, тоглоом наадгайн олон улсын зөвлөлтэй санамж бичиг зурлаа. Талууд Монголын уламжлалт спорт, тоглоом наадгайг хамгаалах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах чиглэлд хамтран ажиллахаар санамж бичигт тусгажээ. Энэ хүрээнд уламжлалт спорт, тоглоом наадгайн хөгжлийн асуудлаар хамтарсан судалгаа, сурталчилгааны үйл ажиллагаа явуулж, тухайн асуудлаар зохион байгуулагдаж байгаа олон улсын хурал зөвлөгөөн, сургалтад асуудал эрхэлсэн төрийн сайд, Засгийн газрын төлөөлөгч, судлаач, мэргэжилтнүүдийг харилцан урих, мэдээлэл өгөх үүргийг харилцан хүлээв. Санамж бичигт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, ЮНЕСКО-гийн дэргэдэх Уламжлалт спорт, тоглоом наадгайн олон улсын зөвлөлийн Ерөнхийлөгч Халил Ахмед Хан нар гарын үсэг зурж, холбогдох албаныхан байлцлаа.

Олон улсын гимнастикийн тэмцээнд 48 дугаар цэцэрлэгийн баг тэргүүлжээ

БНСУ-ын Сувон хотноо зохион байгуулагдсан аэробик гимнастикийн Korea Open олон улсын тэмцээний цэцэрлэгийн насны ангилалд нийслэлийн Баянгол дүүргийн 85 дугаар цэцэрлэгийн хүүхэд багачууд тэргүүн байр эзэлж Шилдэг баг-аар шалгаржээ. Тэргүүн байрыг эзэлсэн шилдэг багийг өнөөдөр нийслэлийн Хүний хөгжил нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул нар хүлээн авч уулзан баяр хүргэлээ. Нийслэлийн Хүний хөгжил нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Хүүхэд залуучууд гимнастикийн спортоор хичээллэж дэлхий дахинд эх орныхоо нэрийг дуурсгаж байгаад бахархаж байна. Цаашид гадаад дотоодын олон тэмцээнд оролцож Монгол Улсынхаа нэрийг дэлхийд цуурайтуулаарай гэв. Энэхүү тэмцээнд Япон, Солонгос, Вьетнам, Тайланд, Монгол, БНХАУ, Камбож, БНХАУ-ын Хонг Конг, Франц зэрэг 9 улсын 200 гаруй тамирчин авьяас билэг, хүч чадал, техник ур чадвараар өрсөлджээ. Олон улсын гимнастикийн тэмцээний цэцэрлэгийн насны ангиллын тэргүүн байрт шалгарсан шилдэг баг тамирчдыг Монголын Хүүхдийн ордны Эрдэм алтан медалиар шагналаа. Мөн тус цэцэрлэгийн зарим багш нарт боловсролын Хүндэт тэмдэг, Шилдэг ажилтан, Багшийн алдар, Ахлах багшийн медиалаар тус тус шагнаж урамшууллаа. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” тэмцээний аваргууд тодорлоо

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд нийслэлийн Засаг даргын нэрэмжит нийслэлийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын Их нүүдэл тэмцээн аравдугаар сарын 29-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Баянгол дүүргийн Монгени цогцолбор сургуулийн шатрын танхимд болсон тус тэмцээн гурван үе шаттай явагддаг бөгөөд I шат буюу сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 6000 гаруй бүлгийн 30 гаруй мянган сурагч, II шат буюу дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд 9 дүүргийн 98 сургуулийн 2376 сурагчид, III шат буюу нийслэлийн шигшээ тэмцээнд 9 дүүргээс шалгарсан 18 багийн 432 хүүхэд уран нүүдэл, оюун ухаанаараа өрсөлдөн аварга шатарчин багууд тодорлоо. 1 дүгээр байрыг Баянзүрх дүүргийн 33 дугаар сургууль 2 дугаар байрыг Баянгол дүүргийн Монгени цогцолбор сургууль 3 дугаар байрыг Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургууль тус тус байр эзлэв. Уг тэмцээнийг жил бүр зохион явуулснаар хүүхэд багачуудын оюуны чадамжийг дээшлүүлэн, улс эх орон, гадаад дотоодын тэмцээнд тогтмол оролцох боломжийг нээж, олон мянган хүүхдийн оюуны хөгжилд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт болдог юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.