Бадминтончид Монголд өрсөлдөж байна

Токио-2020 олимпийн эрхийн оноо цуглуулах бадминтоны олон улсын тэмцээний нээлт Спортын төв ордонд боллоо. Нээлтийн арга хэмжээнд БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхбилэг, Монголын бадминтон сонирхогчдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Зулбаатар, тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч Mines up-Total Mongolia компанин захирал Б.Чинзоригтэргүүтэй албаныхан оролцсон юм. Зургаан өдөр үргэлжлэх тус тэмцээн Mines Up-Total Mongolia International Challenge нэрийн дор 25 мянган ам.долларын шагналын сантайгаар зохион байгуулагдаж буй. Уг тэмцээнд АНУ, Канад, Англи, Герман, Австрали, Япон, Тайвань, Тайланд, Малайз зэрэг бадминтоны өндөр хөгжсөн 24 орны 160 гаруй шилдэг тамирчин өрсөлдөхөөр манай улсад иржээ. Тухайлбал, дэлхийн чансааны 40-д эрэмбэтэй Энэтхэгийн тамирчин Субханкар Дэе, 2018 оны залуучуудын дэлхийн аварга, Тайландын тамирчин Варот Урайвонг, мөн дэлхийн чансааны 73-т жагсаж байгаа Оросын тамирчин Сергей Сирант зэрэг олон шилдэг тамирчид оролцож байгаа юм. Тэгвэл манай улсыг төлөөлж 10 гаруй тамирчин оролцохоос дэлхийн чансааны 260 дугаарт эрэмбэтэй М.Батдаваа 32-ын үндсэн тойрогт багтсан бол Энхбат, Хувьтөгөлдөр, Б.Сумьяасүрэн зэрэг нар урьдчилсан шатанд өрсөлдөнө. Мөн эрэгтэйчүүдийн хос, эмэгтэйчүүдийн хосын төрөлд өрсөлдөх оноолтод манай тамирчдын нэр нь багтжээ. Дэлхийн бадминтоны холбооноос 2019 оны дөрөвдүгээр сарын 30-наас 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны хооронд болох бүх чэлленжер, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, мастерс, супер цом, алтан гранпри, гранпри ангиллын бүх тэмцээнд олимпийн оноо олгох юм. Эдгээр тэмцээний нэг болох олимпийн эрхийн оноо олгох Mines Up-Total Mongolia International Challenge Монголд болж буйгаараа онцлогтой. Уг тэмцээнд түрүүлсэн тамирчин чансааны 4000, мөнгөн медальтан 3400, хүрэл медаль хүртвэл 2800 оноо авна. Харин шилдэг 32-т багтвал үзүүлсэн амжилтаас нь хамаарч 920-2200 олгох ажээ. Дашрамд сонирхуулахад, одоогийн байдлаар эрэгтэйчүүдийн чансааг Японы Кенто Момота, эмэгтэйчүүдийг Тайванийн Тай Зү Инг тэргүүлж байна. Эрэгтэй хосын төрөлд Индонезын Маркус Ферналди Гидеон, Кевин Санжая Сукамулжо нар манлайлж байгаа бол эмэгтэй хосыг Японы Маюү Мацүмото, Вакана Нагахара нар тэргүүлсэн хэвээр. Түүнчлэн холимог хосын төрөлд Хятадын Зен Шивэй, Хуан Якион нар хошуулж байгаа юм. Багийн дүнгээр Япон, БНХАУ, Индонез гэсэн эрэмбэтэйгээр дэлхийн чансааг тэргүүлж байна.

Наадмын сорилго барилдаанд Д.Анар түрүүлэв

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын сорилго 126 бөхийн барилдаанд улсын начин Д.Анар түрүүлж, улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэсэн юм. Харин их шөвөгт улсын харцага Х.Гантулга, улсын начин Б.Даваа-Очир нар шалгарсан юм. Уг барилдааныг Ховд аймгийн Буянт сумын харьяат, 1940 оны улсын наадмын түрүү бөх, улсын арслан Ш.Ванчинхүү агсны нэрэмжит болгон зохион байгуулав. ТАВЫН ДАВАА: Улсын арслан П.Бүрэнтөгс Цэргийн арслан Г.Жамбалдорж Улсын харцага Х.Гантулга Аймгийн арслан О.Наранбаатар Улсын начин Л.Лха-Очир Улсын начин Б.Даваа-Очир Улсын начин Д.Анар Улсын начин Б.Серик ЗУРГААГИЙН ДАВАА: Улсын арслан П.Бүрэнтөгс-Улсын начин Б.Даваа-Очир Улсын харцага Х.Гантулга Улсын начин Д.Анар ДОЛООГИЙН ДАВАА: Улсын арслан П.Бүрэнтөгс Улсын начин Д.Анар

 Нур-Султаныг зорих Монголын бөхчүүд тодров

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 56, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 21-23-нд Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спорт хорооны зааланд боллоо. Нур-Султан-2019 бөхийн төрлүүдийн ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцож Токио-2020 зуны олимпийн наадмын эрхийн төлөө хүч үзэх Монголын баг тамирчдыг сонгох тэмцээнд Аварга, Аврагч, Алдар, Алдартан, Архангай, Баянзүрх, Баянхонгор, Говийн бөх, Даян, Женко, Ирээдүйн одод, МУБИС, Приус, Сүлд, Сонгинохайрхан, Төгс, ҮБТДС, Хангай хүчтэн, Хангарьд, Харгант цамхаг, Хасу-Мегастарс, Хилчин, Хүч, Хангай хайрхан уул, Цастын барс, Эрч спорт хороо гэсэн 26 байгууллагын 241 тамирчин (эрэгтэй 159, эмэгтэй 82) тамирчин 20 жинд өрсөлдөв. Энэ жингийн жин тус бүрийн аваргууд Казахстаны дэлхийн аваргад зодоглох бөгөөд өнөөдөр эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 97, 125, эмэгтэйчүүдийн 53, 59, 62, 65, 72 кг-ын жингийн дагах болон шигшээ барилдаан шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Улсын аваргын сүүлийн өдрийн эргэн тойрон дахь мэдээллийг хүргэе. ТАВАН БӨХ ХОЁРООС ДЭЭШ ТҮРҮҮГЭЭ ХҮРТЭВ Эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд Жакарта-2018 Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт ОУХМ О.Үйтүмэн дөрвөн жил дараалж зургаа дахь түрүүгээ хүртэв. Тэгвэл хүнд жинд 2014 оны Азийн аварга ОУХМ Д.Хүдэрбулга гурван жилийн дараа улсын аваргаас дөрөв дэх алтан медалиа зүүлээ. Тэрбээр шигшээ барилдаанд энэ жингийн лидер ОУХМ Н.Золбоог оноогоор цэвэр (11:0) ялж олимпийн эрхийн төлөө дэлхийн аваргад зодоглоно. Будапешт-2018 ДАШТ-ий медальтнууд болох ОУХМ Т.Түвшинтулга гурав, ОУХМ Б.Шоовдорж тав дахиа аваргалснаар өнгөрсөн жилийн медалийнхаа өнгийг Нур-Султанд хувиргах боломж той болсон юм. 97 кг-д дэлхийн чансааны гуравдугаар бичигдэж буй ОУХМ Ө.Батзул улсын хошой аварга болсноор гурав дахь дэлхийн аваргадаа хүч үзэхээр болов. ЕСӨН ЖИЛИЙН ДАРААХ ХОЁР ДАХЬ ТҮРҮҮ Стамбул-2011 ДАШТ-ий мөнгөн медальт, Женко клубийн тамирчин ОУХМ Б.Оюунсүрэн 2011 онд Монголиа Опен ОУТ-д үзүүрлэснээс хойш хүнд бэртлийн улмаас дэвжээнд гараагүй. Тэгвэл найман жилийн дараа дэвжээндээ эргэн ирэв. Зүгээр ч нэг эргэн ирсэнгүй, 72 кг-ын жинд түрүүлж насанд хүрэгчдийн ДАШТ-д хоёр дахь удаагаа зодоглох эрхтэй боллоо. Тэрбээр улсын аваргын шигшээ барилдаанд Хернинг-2009 ДАШТ-ий хүрэл медальт, эмэгтэй бөхчүүдээс улсын аваргад хамгийн олон алтан медальтай (11 удаа) хашир туршлагатай ОУХМ Б.Одончимэгийг 7:6-гаар ялж есөн жилийн дараа улсын аваргын хоёр дахь түрүүгээ хүртэв. ДАХИН ДӨРВӨН ШИНЭ АВАРГА ТӨРЛӨӨ Өчигдөр улсын аваргадгурван шинэ аварга мэндэлсэн бол сүүлийн өдөр дөрвөн аварга төрлөө. 74 кг-ын жинд 2018 оны улсын дэд аварга ОУХМ З.Сумъяабазар гавьяат тамирчин П.Өнөрбат, өсч яваа залуу тамирчид болох Б.Бат-Эрдэнэ, Э.Бямбадорж, М.Тэмүүжин нарыг ялж өнгөрсөн жилийн амжилтаа ахиулж анх удаа түрүүлэв. Эмэгтэйчүүдийн 53 кг-д Баянхонгорын М.Пүрэвтунгалаг, 62 кг-д Хилчин-ий Э.Гантуяа, 65 кг-д Аврагч-ын Х.Болортуяа нар анх удаагаа Монгол Улсын аварга болцгоолоо. Э.СУМЪЯА ЖИНГЭЭР ХАСАГДАЖ ЖИНД НЬ ШИНЭ АВАРГА МЭНДЛЭВ Ташкент-2014 ДАШТ-ий мөнгөн медальт, Хилчин спорт хорооны тамирчин ОУХМ Э.Сумъяа хоёр дахь өдрийн жингээ үзүүлэхэд 50 граммаар илүү байснаар тэмцээнээс хасагдсан. Ингэснээр түүнд хагас шигшээд ялагдсан Алдар-ын Г.Мөнхцэцэг алтан медалийн төлөө барилдахаар болсон юм. Түүний жинд шинэ аварга төрөх нь тодорхой болж, энэхүү боломжийг энэ жилийн залуучуудын улсын аварга 18 настай тамирчин М.Пүрэвтунгалаг ашиглаж давхар цохилт хийлээ. 62 кг-д Цастын барс клубийн тамирчин М.Хишигмаа мөн жингээр хасагдаж Женко-гийн Ө.Пүрэвсүрэн барилдалгүйгээр ялалт авав. АХ ДҮҮ, ЭГЧ ДҮҮ БӨХЧҮҮД МЕДАЛЬ ЗҮҮВ Энэ удаагийн улсын аваргад ах дүү, эгч дүү бөхчүүд медаль хүртэв. 74 кг-ын жинд түрүүлж дэлхийн аваргад зодоглох болсон З.Сумъяабазарын төрсөн ах ОУХМ З.Занабазар 57 кг-д хүрэл медаль хүртсэн. З.Занабазарын эхнэр Г.Мөнхцэцэг 53 кг-д мөнгөн медаль хүртэж, гэрийнхээ хойморт хоёр өөр өнгийн медаль өлгөхөөр болсон юм. 53 кг-ын жинд Алтайн барс-ын Чука хэмээх П.Чулуунбаатарын шавь Батбаатарын Энхцэцэг, Батбаатарын Энхзул гээд төрсөн эгч дүүс хүрэл медалийн тавцанд зэрэгцэн зогссон нь ховорхон тохиолдол. Эгч нь өнгөрсөн жилийн Трнавад болсон залуучуудын ДАШТ-ий хүрэл медаль хүртсэн бол дүү нь Буэнос-Айрес-2018 залуучуудын олимпод зодоглож тавдугаар байрт орж байв. АЛДАР, ЖЕНКО ӨНГӨРСӨН ЖИЛИЙН АМЖИЛТАА БАТАТГАЛАА Эрэгтэйчүүдийн багийн дүнгээр гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр дасгалжуулагчтай Алдар спорт хороо 125 оноогоор тэргүүлж, Мөнх-Эрдэнэ дасгалжуулагчтай МУБИС 105 оноогоор удаалж, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан дасгалжуулагчтай Хасу-Мегастарс клуб 96 оноогоор гутгаар байр оров. Эмэгтэйчүүдийн багийн дүнг гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар дасгалжуулагчтай Женко клуб 200 оноогоор нэг, Ц.Хосбаяр дасгалжуулагчтай Алдар спорт хороо 163 оноогоор хоёр, ОУХМ Н.Түмэннаст дасгалжуулагчтай Хилчин спорт хороо 147 оноогоор гуравдугаар байрыг эзэллээ. Сонирхуулахад, Алдар, Женко клубүүд өнгөрсөн жил багийн дүнгээр тэргүүлсэн бөгөөд энэ жил амжилтаа бататгасан. СҮҮЛИЙН ӨДРИЙН ДҮН: Эрэгтэйчүүдийн 61 кг (14):1. Түмэнбилэгийн Түвшинтулга (МУБИС) 2. Бямбадоржийн Хаш-Эрдэнэ 3. Цэвээнсүрэнгийн Цогбадрах (хоёул Алдар), Алтансувдын Мөнх-Эрдэнэ (Хасу-Мегастарс) 74 кг (18):1. Занданбудын Сумъяабазар (Хангарьд) 2. Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Хилчин) 3. Бямбадоржийн Бат-Эрдэнэ (Алдар), Мэндбилэгийн Тэмүүжин (МУБИС) 86 кг (7):1. Оргодолын Үйтүмэн (Алдар) 2. Ганбаатарын Ганхуяг (МУБИС) 3. Баярсайханы Билгүүн (Хасу-Мегастарс) 97 кг (8):1. Өлзийсайханы Батзул (Аврагч) 2. Төмөрбатын Мөнгөншагай (Харгант цамхаг) 3. Болдбаатарын Баянсүх (Аварга), Пүрвээгийн Өсөхбаатар (Хилчин) 125 кг (12):1. Доржхандын Хүдэрбулга (Сүлд) 2. Нацагсүрэнгийн Золбоо (Хүч) 3. Мөнхтөрийн Лхагвагэрэл (Даян), Буянтогтохын Ганзолбоо (Хангай хүчтэн) Эмэгтэйчүүдийн 53 кг (9):1. Мөнхбатын Пүрэвтунгалаг (Женко) 2. Ганболдын Мөнхцэцэг (Алдар) 3. Батбаатарын Энхцэцэг, Батбаатарын Энхзул (хоёул Хилчин) 59 кг (9):1. Баатаржавын Шоовдор (Хасу-Мегастарс) 2. Наранцацралын Энхтуяа (Аврагч) 3. Сандагдоржийн Наранцэцэг (Хилчин), Пүрэвийн Отгонбаяр (Женко) 62 кг (7):1. Энхбатын Гантуяа (Хилчин) 2. Пүрвээгийн Номин-Эрдэнэ (Алдар) 3. Өлзийсайханы Пүрэвсүрэн (Женко) 65 кг (8):1. Хүрэлхүүгийн Болортуяа (Аврагч) 2. Дэлгэрцогтын Түмэнхүслэн (Женко) 3. Энхбаярын Цэвэгмид (Алдар), Зоригтын Болортунгалаг (Хангай хайрхан уул) 72 кг (11):1. Банзрагчийн Оюунсүрэн (Женко) 2. Бадрахын Одончимэг (Алдар) 3. Тамирын Оюун-Эрдэнэ (Хилчин), Найгалсүрэнгийн Загардулам (Хангай хайрхан уул)

Ойн баярын нэрэмжит шатрын тэмцээн зохион байгуулав

Ардын Хувьгалын 98 жилийн ой, Монгол Улсад Хөнгөн аж үйлдвэрийн салбар байгуулагдсаны 85 жилийн ой угтаж ХХААХҮЯ-ны Ахмадуудын дунд 2019 оны шатрын спортын аварга шалгаруулах тэмцээнийг 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаман дээр зохион байгууллаа. Тэмцээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, худалдааны салбарын шатрын спорт сонирхогч ахмадуудын төлөөлөл идэвхтэй оролцлоо. Хүнсний үйлдвэрийн салбарын ахмад инженер, зохион бүтээгч Ж.Дашдаваа шатрын тэмцээний үйл ажиллагаанд амжилт хүсч Яамны Ахмадын хороонд өөрийн оюуны бүтээлүүдийн дээж Он цагийн дуртгал түүхэн баримтын цуврал ном 5-ыг бэлэглэв. Тэмцээнд амжилттай оролцсон хөнгөн үйлдвэрийн салбарын ахмад ажилтан, шатрын спортын мастер Ц.Зундуй, хөдөө аж ахуйн салбарын ахмад ажилтан В.Оюунцэцэг нар алтан медаль, хөдөө аж ахуйн салбарын ахмад ажилтан, шатрын спортын 1-р зэрэгтэй Ц.Гэлэгжамц, худалдааны салбарын ахмад ажилтан Н.Нямбаяр нар мөнгөн медаль, хөдөө аж ахуйн салбарын ахмад ажилтан, Монгол Улсын гавьяат мал зүйч Д.Буянхишиг хүрэл медаль, мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.

Спортын гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Спортын гимнастикийн насанд хүрэгчдийн найм дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Буянт-Ухаа спорт цогцолборт эхэллээ. Уг тэмцээн нь Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа аж. Тэмцээнд 19 орны 139 тамирчин, 64 дасгалжуулагч, 46 шүүгч оролцож байна. Тэмцээний нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан оролцож үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ Улаанбаатар хотын оршин суугчдын талаас илүү хувийг хүүхэд, залуус эзэлдэг. Тийм учраас бүх нийтийн биеийн тамирын үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бид анхааран ажиллах ёстой. Биеийн тамир спортыг хөгжүүлэх хөдөлгөөнийг хот даяар өрнүүлэх зорилгоор мөсөн спортын ордон, дүүрэг бүрт хөлбөмбөгийн талбай, нийтийн эзэмшлийн спорт талбай, цогцолбор байгуулах зэрэг ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран эхлүүлээд байна. Бид Улаанбаатар хотноо чөлөөт бөх, жүдо, бокс, сагсан бөмбөг зэрэг багийн болон ганцаарчилсан спортын 20 орчим төрлийн тив, дэлхийн хэмжээний тэмцээнийг удаа дараа амжилттай зохион байгуулж ирсэн бол энэ удаад нийслэлчүүддээ спортын гимнастикийн тэмцээнийг анх удаа зохион байгуулж Азийн шилдэг гимнастикчдийн үзүүлбэрийг хүргэхэд бэлэн боллоо. Тив дэлхийн тэмцээний шилдэг тамирчдын үзүүлбэрийг дэргэдээс нь харж, тэднээр бахархаж, тэднийг үлгэр дуурайлал болгож, спортын гимнастикаар хичээллэх, бие бялдараа өв тэгш хөгжүүлэх, чийрэгжүүлэх, амжилтад хүрэх зориг эрмэлзлэл манай хүүхэд, залуусын дунд бий болно гэдэгт итгэж байна. Азийн гимнастикийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор хүрэлцэн ирсэн тамирчид, дасгалжуулагчид та бүхнийг нарлаг Монгол улсад, бидний хот Улаанбаатарт тавтай зочлохыг хүсье хэмээлээ. Энэ сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулах тэмцээнийг дэлхийн 220 гаруй оронд онлайн болон телевизээр шууд дамжуулахаар БНХАУ-ын AOSHI компанийн 18 хүнтэй баг ажиллаж байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.