Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит буудлагын тэмцээнд амжилттай оролцлоо

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулагддаг буудлагын тэмцээн хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн тэмцээнийг Хил хамгаалах байгууллага хариуцан зохион байгуулж явуулсан юм. Төв аймгийн Баянчандмань дахь Хил хамгаалах байгууллагын тусгай бэлтгэлийн цогцолборт болсон тус тэмцээнд нийт 11 байгууллагын 150 гаруй тамирчид өрсөлдөж ур чадвараа сорьсон. Тэмцээнд оролцогчид карбины нэг, хоёрдугаар дасгал, гар бууны нэг, хоёрдугаар дасгал, болон мэргэн буудагчийн гэсэн төрлүүдэд өрсөлдөж Монголын практик буудлагын холбооны мэргэжлийн шүүгч нар шүүн явуулав. Тус тэмцээнд багийн буудлагын төрөлд нийлбэр дүнгээр: Нэгдүгээр байранд:Цагдаагийн ерөнхий газар, Хоёрдугаар байранд:Хил хамгаалах байгууллага, Хилийн 0303 дугаар тусгай салбарын II баг, Гуравдугаар байранд:Тагнуулын ерөнхий газрын баг тамирчид орлоо. Тэмцээний мэргэн буудагчийн төрөлд хүрэл медалийг Зэвсэгт хүчний жанжин штаб, ахлах ахлагч Э.Баясгалан, мөнгөн медалийг Хилийн 0303 дугаар тусгай салбар, ахлах ахлагч Ч.Энхтүвшин, алтан медалийг Дотоодын цэргийн 809 дүгээр тусгай салбарын довтлогч, ахлах дэслэгч Б.Эрдэнэ-Очир тус тус хүртлээ. Харин нийлбэр дүнгээр Цагдаагийн ерөнхий газрын тусгай ажиллагааны газрын баг тамирчид Ерөнхий сайдын нэрэмжит тэмцээнд тэргүүлсэн юм. Байгууллагын удирдлагуудын дундах буудлагын тэмцээнд нэгдүгээр байрт ЦЕГ, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал /14 секунд 19 дойл/, хоёрдугаар байрт ХХЕГ, бригадын генерал Х.Лхагвасүрэн /14 секунд 67 дойл/, гуравдугаар байрт ШШҮХ, бригадын генерал Д.Батжаргал /23 секунд 64 дойл/ орлоо. Тэмцээнд амжилттай оролцон алтан медаль хүртсэн нийт баг, тамирчдад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэрэмжит шагналыг гардуулсан юм. Тэмцээнд оролцсон нийт баг, тамирчдын цаашдын ажил хөдөлмөр, спортод өндөр амжилт хүсье.

Т.МӨНХЗУЛ АЗИЙН АШТ-ЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ

МонголУлсаас анх удаа ДШХ-ны Мастер Төрмөнхийн Мөнхзул Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. 2019 оны 6 дугаар сарын 6-16-ны өдрүүдэд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-д амжилттай зохиогдож өндөрлөлөө. Тэмцээнд 20-иод орны 100 гаруй тамирчид өрсөлдсөнөөс Монгол Улсаа төлөөлөн ИМЭ, ОУМ Б.Мөнгөнтуул, ОУМ Н.Баттулга, ОУМ С.Билгүүн, ДШХ-ны ДМЭ Т.Мөнхзул, ДШХ-ны Мастер Г.Амартүвшин нар оролцсон. Тэмцээний нээлттэй ангилалд Вьетнамын тамирчинИМ Ли Куан Ли, эмэгтэй ангилалд Казакстаны тамирчин ОУМ Динара нар түрүүлсэн бол Монгол Улсаас анх удаагаа ДШХ-ны Дэд Мастер Т.Мөнхзул ТИВИЙН ХҮРЭЛ медалийг эх орондоо авчирлаа. Тэмцээндээ амжилттай оролцсон нийт тамирчид, дасгалжуулагчиддаа баяр хүргэе!!! Монголын Шатрын Холбоо

Бүх цэргийн наадамд Т.Дүгэрдорж түрүүллээ

Бүх цэргийн наадам-ын бөхийн барилдаанд 256 бөх уран мэх уралдуулан, хүчийг үзэн барилдсанаас Завхан аймгийн Отгон сумын харьяат, цэргийн харцага Т.Дүгэрдорж 8 даван түрүүлж, цэргийн арслан цол хүртлээ. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/, Алдар спорт хороо хамтран жил бүр зохион байгуулдаг Цэргийн наадмын дэвжээнд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, аралтай, бяртай арслан Б.Цэдэнсодном дайчин барилдаж үзүүрлэн Жавхлант чимэг нэмсэн байна. Их шөвөгт шалгарсан Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, уран барилдаант арслан Ш.Пүрэвгарьд Хичээнгүй чимэг нэмж, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, аймгийн нэмэх начин Өндөр хэмээх О.Мөнх-Эрдэнэ цэргийн харцага цол хүртлээ. Их шөвгийн дөрвөн бөх Алдар спорт хорооны бөхчүүд байв. Дунд шөвгийн наймд шалгарсан Булган аймгийн харьяат, хурц арслан Ө.Сүхбат, аймгийн арслан Х.Цогтгэрэл нар Нэмэх чимэг нэмж, Увс аймгийн харьяат сумын заан Э.Мөнх-Эрдэнэ /Н.Батсуурь аваргын удмын бөх/, сумын заан Т.Батсүрэн нар цэргийн начин цолны эзэд болжээ.

ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУДЫН АХМАД САГСАН БӨМБӨГЧДИЙН 11 ДҮГЭЭР ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨВ

Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд СПОРТ-НӨХӨРЛӨЛ уриан дор зохион байгуулагдсан тус тэмцээнд 8 орны 30 баг, нийт 250 гаруй тамирчид оролцож, тэмцээн 2 өдрийн турш өрсөлдөөнтэй, сонирхолтой болж өрнөв. Тэмцээний нээлтийн арга хэмжээний үеэр монголын хүүхэд, залуучуудын дунд хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэх чиглэлээр хувиасаа хөрөнгө санхүүжилт гарган олон жилийн турш ажиллаж буй ХБНГУ-ын иргэн В.Белгерт Монгол Улсын Биеийн тамир, спортын газрын хүндэт тэмдэг, Швед Улсаас ирж тэмцээнд оролцож буй Өнөрцэцэгт БТСГ-ын Алтан-Од шагналыг тус тус гардуулав. Энэ үеэр хилийн чанадад мэдлэг, ур чадвараар тэргүүлэн дэлхийд Монгол Улсын нэрийг өндөрт өргөж яваа төдийгүй Монголын кино урлагын салбарт хийсэн ажлууд, оруулж буй хувь нэмрийг өндөрөөр үнэлж Потсдам хотын Кино телевизийн Их сургуулийн профессор Д.Ариунсайханыг Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж урамшуулав. Тэмцээний сүүлчийн өдөр баг тамирчдад зориулсан хаалтын үдэшлэг болов. Тус арга хэмжээний үеэр Берлин хотын Цог клубын тамирчин Ж.Энхбаатарыг сагсан бөмбөгийн спортын дэд мастер цолоор шагнуулж, Берлин хотын Цог клуб амьд хөгжмийн концерт тоглож, зураач, каллиграфич Л.Амарсанаа өөрийн уран бүтээлээс толилуулав.Ирэх жилийн тэмцээн Бүгд Найрамдах Франц Улсад зохион явагдахаар болов. Тэмцээний байр АЛТ, МӨНГӨ, ХҮРЭЛ Медалийн эзэд багуудыг танилцуулж байна. Үүнд: эрэгтэй 50+ ЦОГ (Герман) АЛТ ГЭРЭГЭ (Франц) МӨНГӨ ХӨХ МОНГОЛ (Чех Улс) ХҮРЭЛ Шилдэг тоглогч Спортын мастер М Б.Дашдорж (Герман) эрэгтэй 45-49 MONBER (Герман) АЛТ MGL-OD (Швед) МӨНГӨ ХӨХ МОНГОЛ (Чех Улс) ХҮРЭЛ Шилдэг тоглогч Спортын мастер Д. Баттөмөр (Герман) эрэгтэй 38-44 MONBER (Герман) АЛТ MGL-OD (Швед) МӨНГӨ ЦОГ (Герман) ХҮРЭЛ Шилдэг тоглогч Спортын мастер Д.Эрдэмбаяр (Герман) эмэгтэй 45+ MGL-OD (Швед) АЛТ STARS (Их Британи) МӨНГӨ ЦОГ (Герман) ХҮРЭЛ Шилдэг тоглогч Спортын мастер Гэрэлмаа (Швед) эмэгтэй 35-44 ANDUUD (Польш) АЛТ KRISTALL (Австри) МӨНГӨ ЦОГ (Герман) ХҮРЭЛ Шилдэг тоглогч ОУХМ Намжилмаа (Польш)

Ерөнхийлөгч Х.Баттулга олон улсын 3х3 сагсан бөмбөгийн холбооны захирлыг хүлээн авч уулзав

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3х3 төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 3х3 сагсан бөмбөгийн холбооны захирал Алекс Санчезийг хүлээн авч уулзав. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав, Монголын шигшээ багийн дасгалжуулагч С.Тулга нар оролцлоо. Ноён Алекс Санчез 18 хүртэлх насны сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улс амжилттай зохион байгуулж буй, Монголд энэ төрлийн спорт хурдацтай хөгжиж байгаа талаар ярилаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсад олон улсын нэр хүнд бүхий тэмцээнийг зохион байгуулахад хичээл зүтгэл гаргасанд нь талархал илэрхийлж, Улаанбаатар хотод болох Азийн хүүхдүүд 2020 олон улсын спортын их наадамд хамтран ажиллах, олон улс орны тамирчдыг оролцуулах асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.