Шумахер нисэхээ болихоор шийджээ

Дэлхийн долоон удаагийн аварга Михаэль Шумахер Формула-1 автомашины уралдааны энэ улирлыг дуусгаа зодог тайлна гэдгээ өнөөдөр зарлалаа. Тэрбээр Японы Гран-при уралдааны өмнө ийм мэдэгдэл хийв. Mercedes баг Шумахерыг 2008 оны дэлхийн аварга, Британийн харьяат, McLaren багийн Льюис Хэмилтоноор солих гэж байгаа нь өнгөрсөн долоо хоногт тодорхой болсон билээ. Бид энэ улиралд тавьсан зорилтоо биелүүлээгүй, гэхдээ би өөрийн хүрсэн амжилтандаа сэтгэл хангалуун байна. Надад итгэл хүлээлгэсэн удирдлага, инженер, механикч нартаа талархлаа илэрхийлье. Одоо улирлаа дуусгахад анхаарлаа хандуулж, үлдсэн тэмцээнээс хөгжөөн дэмжигчдийн хамт таашаал авмаар байна гэж Шумахер хэлжээ. Тэрбээр 2006 онд спортоо орхисон боловч 2009 оны 12 дугаар сарын сүүлээр Mercedes багтай гурван жилийн гэрээ байгуулж, спортдоо эргэн орсон юм. Германы иргэн тэрбээр Формула-тай 21 жил холбоотой байж, 300 гаруй тэмцээн уралдаанд оролцсон байна. Одоо цааш нисэх хүсэлгүй байгаагаа тэрбээр хүлээн зөвшөөрчээ. 2006 онд би их ядарсан, одоо бас тийм байдалд ороод байна. Хүчээ дахин сэлбэх хэрэгтэй эсэхийг мэдэхгүй байгаа ч одоо юу юунаас илүүтэйгээр чөлөөтэй баймаар байна гэж Шумахер ярьжээ.

 Өсөх идэр начин Э.Энхбат түрүүлэв

Одоогоос жилийн өмнө буюу 2011 оны есдүгээр сарын 17-25-ны өдрүүдэд 6016 бөх Монголын өнцөг булан бүрээс Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, Монгол бөхөө Гиннесд бүртгүүлэх барилдаанд зодоглосон билээ. Монгол бөхийг Гиннест бүртгүүлсний нэг жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан өчигдөр /2012.09.30/ Бөхийн өргөө-нд боллоо. Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, харцага Т.Амартүвшин, Ц.Содномдорж, Э.Батбаатар, А.Бямбажав, өсөх идэр начин Э.Энхбат, Б.Гончигдамба, улсын начин Ду.Батбаяр, П.Ганхүү, Л.Гантулга, Б.Батмөнх, М.Эрдэнэбат, Б.Сангисүрэн, Ц.Одбаяр, Р.Пүрэвдагва нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой хүчит 192 бөх энэхүү барилдаанд зодоглосноос улсын өсөх идэр начин Э.Энхбат түрүүлж, гарьд Ж.Бат-Эрдэнэ үзүүрлэжээ. Харин их шөвөгт улсын харцага Ц.Содномдорж үлдсэн байна. Б.ЭНХ

Гавьяат тамирчин Б.Наранбаатар дарга болов

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийн тушаалаар Спортын бэлтгэлийн төвийн даргаар Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Баяраагийн Наранбаатарыг томилжээ. Лондоны олимпод зодоглосон шавилхан биетэй Намбаа гавьяат софт теннисний Ч.Наранбаатарын халааг авч, чөлөөтийн дэвжээгээ даргын суудлаар солив. Дотооддоо болж буй тэмцээнийг зохион байгуулах, шигшээ баг, тамирчдын бэлтгэл сургуулилалтыг хариуцан ажиллах үүрэгтэй энэхүү төвийг хуучин БТСГ-т ажиллаж байсан 66 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. Мөн тус яаманд найман хүний бүрэлдэхүүнтэй Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрыг байгуулсан бөгөөд даргаар нь Монголын оюутны спортын холбооны дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайханыг томилсон байна. Р.Манлай

 С.Ням-Очир, Г.Мандахнаран нар Казахстаныг зорино

Энэ сарын 28-нд Казахстан улсын Тараз хотод чөлөөт бөхийн олон улсын тэмцээн зохиогдох билээ. Энэхүү тэмцээн нь төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, академич Динмухамед Кунаевийн мэндэлсний 100 жилийн ойд зориулагдснаараа онцлог юм. Тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Лондоны Олимпийн хүрэл медальт, ОУХМ С.Ням-Очир, 66 кг-д Азийн наадмын аварга ОУХМ Г.Мандахнаран нар оролцохоор болжээ. Харин дасгалжуулагч багшаар Ц.Баярсайхан ажиллах юм байна. Олон улсын чөлөөт бөхийн тэмцээний жин тус бүрийг мөнгөн шагнал дагалддаг бөгөөд алт 5000, мөнгө 3000, харин хүрэл медалийн эзэн 1000 ам.доллараар шагнуулах аж.

 Олимпын аварга Н.Түвшинбаярын наадам

Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, зуны олимпын алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр медалийнхаа угаалгыг төрсөн нутаг болох Булган аймгийн Сайхан сумын нутаг Өрөмийн цагаан нуур хэмээх газар болж өнгөрчээ. Уг наадамд, Булган аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Сайхан сумын нутгийн зөвлөл, аймгийн удирдлагуудаас гадна, Монголын жүдо бөхийн холбооны төлөөлөл, нутгийн бөхчүүд, жүдочид гээд олон хүн оролцсон байна. Наадамд улс, аймгийн цолтой хүчит 128 бөх зодоглож Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат Хилчин спорт хороо, Хөвсгөлийн хүчтэн дэвжээ, Монос группийн бөх улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, Говь-Алтай аймгийн Цээл сумын харъяат Хилчин спорт хороо, Хантайшир дэвжээ, Алтай констракшины бөх улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ үзүүрлэлээ. Их шөвгийн дөрөвт Увс аймгийн Сагил сумын харъяат Алдар спорт хороо, Увснуур дэвжээ, Монголросцвэтмет нэгдлийн бөх улсын харцага А.Бямбажав, Булган аймгийн Могод сумын харъяат Хангарьд спорт хороо, Булганхангайн хүчтэн дэвжээ, Мэдээлэл сүлжээ холбооны бөх улсын өсөх идэр начин Э.Энхбат нар шөвгөрчээ. Наадмын үеэр олимпын аваргад нутгийн зөвлөлөөс 1000 цагаан хонь бэлэг болгон өгчээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.