Хоногт 1000 тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орлоо
2024-12-17 08:00:21 Нийтлэгдсэн: Уул уурхай2024-05-10 Тавантолгой түлш ХХК Зүүн үйлдвэрийнхээ гуравдугаар цехэд өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийж, албан ёсоор нээлээ. Тавантолгой түлш ХХК-ийн хувьд өнгөрсөн хугацаанд гурван үйлдвэрийн 20 шугамаар шахмал түлш үйлдвэрлэж байсан бол 2022 оноос эхлэн үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар эхлүүлжээ. Тодруулбал, Төвийн үйлдвэрийн хүчин чадлыг 2,5 дахин нэмэгдүүлж, Зүүн үйлдвэрийнхээ 1, 2-р цехээ техникийн хүчин чадалд хүргэх ажлыг хийсэн бол өнгөрсөн өвлөөс эхлэн гуравдугаар цехийн өргөтгөлийн ажлыг эхлүүлсэн байна. Өөрсдийн инженер техникийн ажилчдын ур ухаанаар шинэчлэлийн ажлыг хийсэн бөгөөд хоногт 800-1000 тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай болгосон байна. Энэ үйлдвэр лашиглалтад орсоноор Зүүн үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 80 орчим хувийг дангаараа хийх боломж бүрдсэн байна. Цаашид үндсэн 1, 2-р цехийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг хийх аж.
Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэр бие даасан халаалтын системтэй болно
2024-12-17 07:58:05 Нийтлэгдсэн: Уул уурхай2024-05-02 Тавантолгой түлш компани зүүн үйлдвэртээ бүрэн автомат дулааны станц барих ажлыг эхлүүлээд байна. Зүүн үйлдвэрийн дулаан хангамжид ашиглах энэхүү станц нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн тус бүр 7,5 мвт хүчин чадалтай SZL765-1/95/70-All загварын гурван зуухнаас бүрдэх бөгөөд нийт 22,5мвт хүчин чадалтай. Энэ дулааны станц нь түлшийг туузан дамжлагаар тээвэрлэн зуухны нүүрсний бункерт хийж, үнсийг гинжит конвейроор татаж гаргах бөгөөд хүний оролцоо багатай гэдгээрээ онцлогтой юм. Энэхүү станц нь жижиг аймгийн төвийг ч бүрэн хангахаар хүчин чадалтай бөгөөд усыг 95 градусын хэм хүртэл халааж, халаалтын системд сүлжээний насосоор дамжуулан үйлдвэрийн гурван барилга, цайны газар, агуулах зэрэг үйлдвэрлэл технологид шаардлагатай ус, хэрэглээний халуун ус, халаалтыг бүрэн хангах юм. Мөн ус цэвэршүүлэх хэсэгтэй бөгөөд усны шинж чанар, хатуулаг, механик хольцыг шүүж технологийн ус болгон боловсруулж шугам сүлжээндээ ашигласнаар зуух болон шугам сүлжээний гадаргууг бохирдол, зэврэлтээс хамгаалах, ажиллах хугацаа буюу насжилтыг уртасгах ач холбогдолтой юм. Дулааны станцыг ирэх намар бүрэн ашиглалтад оруулна.
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
2022-02-08 13:10:25 Нийтлэгдсэн: Уул уурхайЭрдэнэс Тавантолгой ХК2021-2025 онд хэрэгжүүлэх А6-20 дунд хугацааны бизнес төлөвлөгөө батлуулан хэрэгжүүлж байна. Уг бизнес төлөвлөгөөнийн дагуу үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг эхлүүлээд байгаа юм. Төслүүд хэрэгжиж эхэлснээр 7200 орчим ажлын байр шинээр бий болно хэмээн тооцож байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан нээлттэй ажлын байрыг зарлах, залуусыг ажлын ажлын байранд зуучлах зорилгоор ETT Events 2022 арга хэмжээг зохион байгуулах гэж байна. ETT Events 2022 арга хэмжээг 2022 оны 02 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд White Rock Center-д зохион байгуулна. Эхний өдөр онлайн хэлбэрээр 2022 оны 02 сарын 11-ны өдөр 18:00 - 20:30 цагийн хооронд явагдах бөгөөд: Компаниас зарлах гар утасны аппликейшн нээлтээ хийнэ. А6-20 бизнес төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдийг олон нийтэд танилцуулна. Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг технологийн шинэ шилжилт болох Metaverse орчинд хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна. Шинэ гишүүд бүхий Бизнесийн зөвлөлөө танилцуулна. Арга хэмжээний 2 дох өдөр буюу 2022 оны 02 сарын 12-ны өдөр 11:00 - 18:00 цагийн хооронд White Rock Center-д Ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулна. Энэ үеэр А6-20 дунд хугацааны бизнес төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдтэй холбоотойгоор Эрдэнэс Тавантолгой ХК болон бүрэлдэхүүн компаниудаас нээлтэй ажлын байруудыг танилцуулах юм. Ингэснээр компаниудын Хүний нөөцтэй шууд харилцаж сонирхсон ажлын байран дээрээ анкет бөглөн ажлын байр, компанийн талаар мэдээллийг авах боломжтой. ETT Events арга хэмжээг цаашид жил бүр тодорхой сэдвийн хүрээнд уламжлал болгон зохион байгуулна. Ажлын байрны нээлттэй өдөрлөгтэй холбоотой мэдээллийг: 1800-1072 тусгай дугаар /энгийн утасны тарифаар/ https://www.facebook.com/events/651994315938313 фэйсбүүк хаягнаас аваарай.
Эрдэнэс тавантолгой ХК-ийн ЭТТ бондын анхдагч зах зээлийн захиалгыг албан ёсоор эхлүүлж, цан цохих арга хэмжээ өнөөдөр /2021.03.30/ Монголын Хөрөнгийн Биржид боллоо. ЭТТ бондын хувьд Санхүүгийн Зохицуулах Хорооны 2021.03.26-ны өдрийн 96 тоот тогтоолоор Үнэт цаасыг бүртгэх, 2021.03.29-ний өдрийн 1/1181 тоот зөвшөөрлөөр Анхдагч зах зээл дээр арилжаалах албан ёсны зөвшөөрлүүдийг тус тус олгоод байна. ЭТТ бонд нь Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө-ний нэг хэсэг бөгөөд Засгийн Газар, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Монгол Банкны зүгээс тус үнэт цаасыг олон нийтэд санал болгон хөрөнгө оруулалт татах ажлыг дэмжиж байна. Мөн уг бонд нь дотоодын хөрөнгийн бирж дээр анх удаагаа гадаад валютаар буюу ам.доллараар гарч байгаа учраас ханшийн уналтаас хамгаалагдсанаараа давуу талтай юм. Бондын санхүүжилт нь Тавантолгой дулааны цахилгаан станц, Нүүрс баяжуулах үйлдвэр, Усан хангамж, Төмөр зам зэрэг үндэсний томоохон бүтээн байгуулалтад зарцуулагдана. Дээрх бүтээн байгуулалтууд хийгдсэнээр компанийн үр ашиг илүү нэмэгдэж, 2025 он хүртэл нийт 11.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөж байна. Иргэд, аж ахуйн нэгжүүд энэхүү бондын санхүүжилтэд хөрөнгө оруулснаар Монголын хөрөнгийн зах зээлд томоохон эерэг нөлөө үзүүлж, өөрийн хөрөнгийг тогтмол үр өгөөжтэй өсгөхийн сацуу эх орны тусын тулд томоохон бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах юм. Банкны хадгаламжаас харьцангуй өндөр хүүтэй, үйл ажиллагаа нь тогтвортой, ашигтай ажиллаж байгаа, нээлттэй, итгэлтэй компанийн бондыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд гурван үе шаттайгаар санал болгоно. Эхний захиалга 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр эхэлж, 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хаах бөгөөд гадаад, дотоодын иргэд, аж ахуй нэгжүүд, арилжааны банкууд, даатгалын компаниуд, хөрөнгө оруулалтын сангууд худалдан авах боломжтой. Мөн Бонд худалдан авагчид нь Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгаа авахдаа нээлгэсэн Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй Үнэт цаасны компаниар дамжуулан бондыг худалдан авч болно.
“Баян айраг эксплорэйшн” ХХК-ийн натрийн цианид ашиглах дүгнэлтийг түдгэлзүүллээ
2020-12-29 13:10:02 Нийтлэгдсэн: Уул уурхай Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөл өнөөдөр цахимаар хуралдлаа. Хурлаар Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт үйл ажиллагаа эрхэлдэг Баян айраг эксплорэйшн ХХК-ийн уурхайд натрийн цианид алдсан осол болон түүнд холбогдуулан авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Манай улсын уул уурхайн салбарт натрийн цианид ашиглах тусгай зөвшөөрлийн дагуу таван аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдгийн нэг нь Баян айраг эксплорэйшн ХХК юм. Энэ сарын 11-ний өдөр тус компаний боловсруулах үйлдвэрт натрийн цианидын сулруулсан уусмалыг 813 м2 талбайд алдсан осол гарсан. БОАЖ-ын сайд, ХХБАББЗАЭҮЗ-ийн дарга Д.Сарангэрэл Баян айраг эксплорэйшн компаний хувьд маш хариуцлагагүй алдааг удаа дараа давтан гаргаж байгаа. Хэдийгээр энэ удаагийн осол нь хүний эрүүл мэнд, амь насыг хохироогоогүй ч цаашид ийм эрсдэл гарахгүй гэх баталгаа алга. Өмнөх ослуудад нь холбогдох газрууд хамтран ажлын хэсэг байгуулж, алдаа дутагдлуудыг залруулах байдлаар хариуцлага тооцож ирсэн байна. Миний хувьд энэ удаа натрийн цианид ашиглах дүгнэлийг цуцлах арга хэмжээ авах саналтай байна. Нэг талаараа 430 гаруй хүний амьжиргаа, ажлын байрны асуудлыг бодолцох хэрэгтэй боловч нөгөө талаараа бүхэл аймаг, сумдаараа хордож эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдлийг мөн зайлшгүй тооцох хэрэгтэй. Тиймээс Монгол улсад ашиглах хязгаарласан химийн хорт болон аюултай бодис болох натрийн цианид ашиглах тухай дүгнэлтийг тодорхойгүй хугацаагаар цуцлаж МХЕГ-аас өгсөн 12 үүрэг, даалгаврыг биелүүлж, дахин ийм осол гаргахгүй байх нөхцлийг бүрэн дүүрэн хангасан үед натрийн цианид ашиглах дүгнэлтийн асуудлыг дахин хэлэлцэх саналыг гаргаж байна гэлээ. Үндэсний зөвлөлийн гишүүд дээрх саналыг бүрэлдэхүүнээрээ бүрэн дэмжиж Баян айраг Эксплорэйшн ХХК-ийн боловсруулах үйлдвэрт натрийн цианид ашиглах тухай дүгнэлтийг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа. Эх сурвалж: БОАЖЯ
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй