ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Эрдэнэс-Тавантолгой ХК нийгмийн хариуцлагын чиглэлээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах санамж бичгийг 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр байгууллаа. Санамж бичгийг Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нар үзэглэж, санамж бичгийн хүрээнд хийгдэх ажлуудын талаар ярилцлаа. Талууд хамтын ажиллагааны хүрээнд томоохон ажлууд хийхээр төлөвлөснөөс эхний ээлжинд Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан Хүүхэд бүр цэцэрлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх, дүүргийн соёл урлаг, эрүүл мэнд, боловсролын салбарт нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллана. Тухайлбал, нийслэлийн Чингэлтэй дүүргийн 33 дугаар цэцэрлэгт Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн ажилтнуудын хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлж, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллаж, компанийн ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, талуудын ажилтнуудын нийгмийн идэвх, санаачилгыг дэмжих, спорт соёлын арга хэмжээг зохион байгуулах юм.

ХАР АЛТАНД НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭЭЖ МОНГОЛ УЛС КОКСЫН ТАЛБАРТ ХӨЛ ТАВИЛАА

Мэдээ -ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ШИВЭЭГОВЬ СУМАНД ЖИЛДЭЭ 1.5 САЯ ТОНН ТҮҮХИЙ НҮҮРС БАЯЖУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО- Хөдөө нутгийн буйдхан суманд их бүтээн байгуулалтын өрнүүлж залуучууд, ахмадуудыг хөдөлмөрийн амтанд оруулсан СТРАТО компанийн нүүрс боловсруулах үйлдвэрийн нээлт долдугаар сарын 2-ны өдөр боллоо. Монгол Улсын нүүрс гуравдагч орны зах зээлд гарах боломжийг нэг алхам урагшлуулсан үйлдвэрийн нээлтэд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, сум орон нутгийн удирдлагууд оролцсон юм. Жилдээ 1.5 сая тонн түүхий нүүрс баяжуулах хүчин чадалтай тус үйлдвэр нь дэд бүтэц орсон анхны үйлдвэр гэдгээрээ онцлогтой. Томоохон бүтээн байгуулалтын түүчээ болсон нүүрс боловсруулах үйлдвэр нь Улаанбаатар хотоос 250 км зайтай Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын хоёрдугаар багийн нутагт байршилтай. Сум орон нутгийн 50 гаруй хүнийг ажлын байраар хангажээ. Мөн ашигт малтмалын түүхий эдийг боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг орчин үеийн технологиор үйлдвэрлэж, дотоодынхоо болон Ази, Европын орныг бүтээгдэхүүнээр хангах зорилготой аж. Бид СТРАТО компанийн гүйцэтгэх захирал А.Баттүшигээс үйлдвэрийн бүтээн байгуулалт болон цаашид хийгдэх төсөл хөтөлбөрийнх нь талаар тодруулга авсан юм. -СТРАТО компани хэдэн онд байгуулагдсан бэ. Жилд нийт хэчнээн тонн түүхий нүүрсийг боловсруулах хүчнн чадалтай вэ? -Манай СТРАТО компани 2015 онд байгуулагдсан. Монгол, Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай компани байгаа юм. Өнгөрсөн жилээс Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт нүүрс баяжуулах төслөө эхлүүлэн үйлдвэрээ амжилттай барьж дуусган өнөөдөр ийнхүү нээлтээ хий байна. Манай үйлдвэр нь жилд 1.5 сая тонн түүхий нүүрс баяжуулах хүчин чадалтай. Бид баяжуулсан нүүрсээ Хятад болон Европийн зах зээлд гаргах зорилготой ажиллаж байгаа. Туршилтын журмаар БНХАУ руу 30 мянган тонн нүүрс экспортолсон. Бид үйлдвэрийн төсөл гурван үе шаттай байхаар төлөвлөгдсөн. Нэгдүгээр шатанд:1.5 сая тонн коксжих нүүрс боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барьж ашиглалтад орууллаа. Хоёрдугаар шатанд:Хүчин чадлаа 4.5 сая тонн хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Гуравдугаар шатанд:Шинээр 2.7 сая тонн кокс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барих төлөвлөж байгаа. Эхний ээлжид 600 мянган тонны хүчин чадалтай коксын үйлдвэрийг 2021 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Кокс үйлдвэрлэснээрээ бид гангын үйлдвэр хөгжихөд суурь бүтээгдэхүүн болдог коксыг дотоодоосоо хангах бүрэн боломжтой болох юм. Түүхий нүүрсээ Тавантолгой компаниас зөөвөрлөдөг юм байна. Замынхаа асуудлыг яаж шийдэж байгаа вэ? -Манайх Тавантолгой компаниас нүүрсээ зөөдөг. Одоохондоо Цогтцэций сумаас энэ хүртэл ердийн хөрсөн замаар тээвэрлэж байна. Тээврийг хариуцсан түнш компани маань Зам тээврийн яамтай гэрээ байгуулахаар ажиллаж байна. Хэрвээ гарын үсэг зурагдвал Цогтцэций сумаас энэ хүртэл хатуу хучилттай зам тавигдах юм. -Түүхий нүүрсийг усаар баяжуулж байна. Усны асуудлаа хэрхэн шийдвэрлэж байгаа вэ? -Одоогийн байдлаар эхний ээлжид гүний ус ашиглаж байна. Бид манай үйлдвэрээс 5 км-ийн зайд байрладаг хүрэн нүүрсний уурхай Шивээ-Овоо ХК-иас гарч буй хаягдал усыг худалдаж авахаар санамж бичигт гарын үсэг зурсан. Тус компаниас жилдээ хоёр сая тонн хаягдал ус худалдаж авахад манай компани бүх усныхаа хэрэгцээгээ хангах боломжтой.Хүрэн нүүрс олборлоход их хэмжээний шүүрнэл ус гардаг. Тиймээс хаягдал усыг нь худалдаж авахаар төлөвлөсөн юм. -Усыг дахин боловсруулдаг гэсэн. Та бидэнд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? -Манай үйлдвэрийн нэг онцлог нь шинэ технологиор нүүрсийг угааж баяжуулж байгаа усыг дахин боловсруулдаг. Түүхийг нүүрсийг боловсруулахад хаягдал ус гарахгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл эргэлтэнд саарал усаа ашиглаж, нүүрсээ боловсруулдаг. -Баяжуулсан нүүрснийхээ хэдэн хувийг экспортод гаргаж байна. Мөн хичнээн хүнийг тогтвортой ажлын байраар хангаж байгаа вэ? -Эхний ээлжид бид 100 хувь экспортолно. Коксны үйлдвэр барьсны дараа аль болох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх, ажлын байр бий болгохоор зорьж байна. Одоогийн байдлаар манай үйлдвэр 80 ажилчидтай, үүнээс 60 нь орон нутгийн ажилчид ажиллаж байна. Бид бүрэн хүчин чадлаар ажиллаж эхлээгүй байна. Хоёр ээлжээр ажиллаж байгаа. Бүрэн хүчин чадлаар ажиллаж эхлэхээр ажиллагсдын тоо мөн нэмэгдэнэ. С.БАТБОЛД:СТРАТО КОМПАНИ ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨРӨӨ ЦОГТЦЭЦИЙГЭЭС ЧОЙР ХҮРТЭЛ 405 КМ ЗАМД ХАТУУ ХУЧИЛТТАЙ ХАР ЗАМ ТАВИНА Монголчууд бид зам дагаж хөгжил ирдэг гэж ярьцгаадаг. СТРАТО компанийн нүүрс боловсруулах үйлдвэр нь БНХАУ-ын Эрээн хотоос 425 км бөгөөд нүүрс тээвэрлэх дэд бүтэцтэйгээ ойр буюу Орос, Хятадыг холбосон авто зам, төмөр замаас 400 метрийн зайтай оршдог. Тус үйлдвэр нь 22,5 га талбайтай, хоёр км-ийн урттай салаа төмөр замтай учраас нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд саадгүй гаргах дэд бүтэцтэй. Тус компани Тавантолгой компаниас нүүрс тээвэрлэдэг шороон замаа хоёр жилийн хугацаанд хатуу хучилттай хар зам болгох юм байна.. Энэ талаар үйлдвэрийн нээлтэд оролцсон Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд ярихдаа Цогтцэцийгээс Чойр хүртэл 405 км зам байгаа. Энэ замыг СТРАТО компани өөрийн хөрөнгөөрөө хоёр жилийн хугацаатайгаар хүнд даацын хатуу хучилттай авто замыг барьж байгуулахаар Зам тээврийн хөгжлийн яамтай гэрээ байгуулсан. Хоёр жилийн дараа 18 тоннын хүнд даацын авто машин явдаг хар зам ашиглалтад орно. СТРАТОкомпанийн баяжуулсан нүүрсийг Замын-Үүдийн төмөр замын боомтоор гаргахад хүчин чадал нь хүрэлцэхгүй байна. Эрээн өртөөний хүчин чадал нэмэгдүүлэх ажил ирэх жилээс эхэлнэ. Ингэснээр экспортод гаргах хэмжээ нэмэгдэнэ гэж үзэж байна гэв Г.НАНДИНЖАРГАЛ: ГАНГЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖИХӨД ИХЭЭХЭН ЧУХАЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭНЭ Нүүрсний импортоос Монгол Улсад орж байгаа орлого хэдийн нэг их наяд төгрөгийг давсан. Энэ хэрээрээ төсөвт төвлөрөх орлогын багагүй хэсгийг хар алтны экспортоосоо оруулдаг. БНХАУ-ын хувьд одоогоор манай нүүрсний цорын ганц зах зээл бөгөөд түүхий нүүрсээ баяжуулсан тохиолдол ОХУ-ын зах зээлээр дамжуулан Европийн орнууд руу гаргах үүд хаалга нээгдэнэ гэдгийг УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал үйлдвэрийн нээлтэд оролцох үеэрээ хэлж байлаа. Тэрээр цааш нь ярихдаа Уул уурхайн экспортын 72 хувийг түүхий нүүрс эзэлж байна. Түүхий нүүрсийг боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн нэмэгдсэнээр Монгол Улсын эдийн засагт ихээхэн нөлөөтэй. Нэн тэргүүнд гангын үйлдвэрлэл хөгжихөд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэнэ гэж байв. Г.ТЭГШЖАРГАЛ: НҮҮДЛИЙН ШУВУУ МЭТ НУТГААСАА ДАЙЖСАН ЗАЛУУЧУУД МААНЬ МАНАЙ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАХААР ЭРГЭН ИРЖ БАЙГААГ ХАРАХ САЙХАН БАЙНА Сум орон нутагтаа цалин хангамж сайтай, тогтвортой ажлын байртай байна гэдэг хэн бүхэнд олдоод байх сайхан боломж биш. Би ажилдаа хайртай, хамт олонтой болсондоо маш их баяртай байна хэмээн яриагаа эхлүүлсэн түүнийг Б.Тэгшбаяр гэдэг. Тэрбээр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын хоёрдугаар багийн иргэн эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Тэр хоёр сарын өмнө Монгол, Хятадын хамтарсан СТРАТО компанийн Нүүрс боловсрох үйлдвэрийн ажилтан болж амьдрал ахуйгаа дээшлүүлэх сайхан боломж нээгджээ. Өмнө нь сумаасаа ажлын байр олно гэдэг өвсөн дундаас зүү хайхтай ижилхэн байлаа. Орон гэрээсээ хол явж ажил хийнэ гэдэг амаргүй. Нүүдлийн шувуу мэт нутгаасаа дайжсан залуучууд маань манай үйлдвэрт ажиллахаар эргэн ирж буйг харах сайхан байна гэх тэрээр СТРАТО компанийн үйлдвэрт ээлжийн инженерийн ажилтай. Б.БАЯРСАЙХАН: НҮҮРС БАЯЖУУЛАХ ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ДЭМЖИЖ ТОГТВОРЖУУЛАХ ГЭРЧИЛГЭЭГ ОЛГОЛОО Аливаа томоохон бүтээн байгуулалтыг босгосны дараа татвар хууль эрх зүйн орчин маш чухал байдаг. Манай улсын хувьд татварын орчин нь тогтвортой биш савалгаатай байдаг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тиймээс Үндэсний хөгжлийн газраас гадна, дотны хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтад тогтворжуулах гэрчилгээг олгодог. Энэ талаарЗасгийн газрын тохируулагч агентлаг, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан:Манай агентлаг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг ижил түвшинд хамгаалан ажилладаг. Томоохон бүтээн байгуулалтыг дэмжиж ажиллахын тулд тогтворжуулах гэрчилгээг олгодог. Энэ гэрчилгээг олгохдоо тухайн салбар хөрөнгө оруулалтын нөхцөлөөсөө шалтгаалаад 5-24 жилийн хугацаанд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар Нэмэгдсэн өртгийн албан татвар Гаалийн албан татвар Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тогтвортой байлгахын тулдСТРАТО компанид есөн жилийн гэрчилгээг олгож байна. Товчоор хэлбэл энэ хугацаанд татвар нэмэгдэхгүйесөн жилийн хугацаанд хадгална гэсэн үг. СТРАТО компанийн нүүрс боловсруулах үйлдвэр Шивээговь суманд баригдсан том бүтээн байгуулалтын нэг. Тэр ч утгаараа ажлын байр хомс тус сумын 50 гаруй хүнийг тогтвортой ажлын байраар хангажээ. Цаашид олон, олон ажлын байрыг шинээр бий болгож залуучуудыг нутагтаа ажиллаж амьдрах боломжийг нэмэгдүүлсэн гэдгийг Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Эрдэнэбат хэлж байлаа. Тэрбээр цааш нь ярихдааҮйлдвэр бүрэн ашиглалтад орвол манай сумын 400-450 хүн ажлын байртай болно. Манай сумын хувьд томоохон хөрөнгө оруулалт, мөн малчдын амьжиргааны түвшнийг дээшлүүлэхэд олон арга хэмжээ хамтран зохион байгуулна гэж байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд оюутан залуучууд спортын амжилт гаргасан тамирчдад дэмжлэг үзүүлнэ гэж хэллээ. Энэ бол аймаг орон нутагт үзүүлж буй томоохон хөрөнгө оруулалт. Манай сум мал аж ахуй, уул уурхай, үйлдвэрлэлийг хослуулан хөгжүүлж буй. Тэр тусмаа хүнд үйлдвэр буюу нүүрс боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор эхний ээлжид манай сумаас 50 гаруй хүнийг ажлаар байраар хангалаа. Үүнийгээ дагаад сумын нийгэм, эдийн засгийн байдал нэмэгдэнэ. Үйлдвэрийг дагасан дараачийн бүтээн байгуулалтад ТЭЗҮ төслийн хүрээнд сумын дэд бүтцийн асуудлыг шийдэхээр компанийн удирдлагуудтай сумын удирдлагын зүгээс тохиролцож хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна. Бид энэ үйлдвэрийг бариулахдаа байгаль орчинд хэр сөрөг нөлөөтэй вэ гэдгийг нэлээд сайн судалсан, судалгаа хийсэн. Одоогоор энэ үйлдвэр байгаль орчинд хамгийн эерэг нөлөөтэй, усыг 98.2 хувь ашиглаж хаягдал ус гаргадаггүй гэдэг нь говь нутагт хамгийн их тулгамддаг усны асуудалд онцгой анхаарсан байна. Эхний ээлжид сум орон нутгаар дамжин өнгөрдөг шороон замыг хатуу хучилттай хар зам болгохоор гэрээ хийж байгаа нь бэлчээр тахлахгүй, газрын доройтолд хүргэхгүй байх хамгийн том бүтээн байгуулалт гэж харж байна хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Эрдэнэт үйлдвэрийн их бүтээн байгуулалтын туршлагаас суралцана гэв

Өчигдөр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар Монголын уул уурхайн салбарын чадавхи дээшлүүлэх, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх, харилцан мэдлэг, мэдээлэл солилцох, шилдэг арга туршлагаасаа хуваалцах зэрэг чиглэлээр хоёр талын мэргэжилтнүүд хамтран ажиллана. Cанамж бичгийн хүрээнд талууд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны бодлого, дүрэм журмыг чанд мөрдөн уул уурхайн үр ашгийг дээшлүүлэх, өндөр хүчин чадалтай техник, технологи нэвтрүүлэх зорилгоор үйлдвэрлэлийн технологи, инноваци, менежмент, арга туршлагаасаа харилцан солилцох юм. Уг санамж бичгийг гурван жилийн хугацаанд мөрдөн ажиллах бөгөөд уурхайн үйл ажиллагаа, баяжуулах үйлдвэрийн төслийн хүрээнд бүтээн байгуулалт, дэд бүтэц, усан хангамжийн шийдэл, нөхөн сэргээлт, байгаль орчны удирдлагын тогтолцоо, орчны хяналт шинжилгээ, олон нийтийн оролцоот мониторинг, аюултай хог хаягдлын менежмент, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ажлын байр гэх мэт 18 чиглэлд хамтран ажиллахаар боллоо. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлсэн үгэндээ: Манай хоёр үйлдвэр, үйлдвэрлэлийн техник технологи, хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр хамтарч ажиллана. Стратегийн ач холбогдолтой ордуудыг ашиглаж буй энэ хоёр үйлдвэрийн үйл ажиллагаа улс орон, бүс нутагт ил тод, үр өгөөжтэй байх талыг хамтын ажиллагааныхаа чиг шугам болгож байна. Эрдэнэт хүдэр олборлон баяжуулж, боловсруулдаг үйлдвэр. 40 гаруй жил амжилттай, дурсамж дүүрэн ажиллаж байна. Эрдэнэс таван толгойн хувьд нүүрсний нөөц баялаг, чанараараа дэлхийд гайхагддаг орд. Эрдэнэт үйлдвэр хангайн бүсэд, Эрдэнэс таван толгойн орд говийн бүст оршдог. Тэгэхээр Монгол Улсын стратегийн ач холбогдолтой ордуудыг улс орон, бүс нутгийн хөгжил дэвшил, ард түмний тусын тулд хангай, говийн бүсэд хөгжүүлж буй нь онцлог. Бид стратегийн ач холбогдолтой ордуудыг ашиглахдаа хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх учиртай. Нийгмийн хариуцлагыг өндөрт авч явах ёстой гээд олон зүйлийг тэмдэглэж болно. Нийт ард иргэд, уурхайчдынхаа төлөө ашиг тустай, үйлс зорилготой ажиллана гэдэгт итгэл төгс байна хэмээн онцлов. Эрдэнэс таван толгой ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хэлэхдээ,Манай компанийн хөгжлийн түүчээ нь Эрдэнэт үйлдвэр. Бид үйл ажиллагаагаа эхлээд есөн жил болж байна. Гэвч манай үйлдвэрийн төсөл эхлэх шатандаа явна. 2018 онд Монгол Улсын Их Хурлын 73-р тогтоолоор дагалдах төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлж эргэлтэд оруулах үүргийг бидэнд өгсөн. Үүний дагуу бид нүүрс баяжуулах хөтөлбөр, усан хангамж, хими технологи, төмөр болон авто замынхаа төслийг амжилттай эхлүүлсэн. ТЭЗҮ боловсруулах, барилгын ажил ид явагдаж байна. Манай компани 2018 онд 807.1 тэрбум төгрөгийн ашигтай ажиллалаа. Манай компани хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар Эрдэнэт үйлдвэрийн их бүтээн байгуулалтын туршлагаас суралцана гэв. Уг ёслолын арга хэмжээнд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ болон Эрдэнэс-Таван Толгой ХК-ийн удирдлагууд оролцлоо. Т.Батчулуун Фото: Б.Баттөгс Сүүл

Уул уурхайн нөхөн сэргээлтийн сургалт явагдлаа

Нийслэлийн Байгаль орчны газраас БНСУ-ын төрийн өмчит Миреко компанийн Монгол дахь төлөөлөгчийн газар, БНСУ-ын хөрөнгө оруулалтыг дэмжих Котра агентлаг, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвтэй хамтран зургадугаар сарын 10-12-ны өдрүүдэд Уул уурхайн тогтвортой хөгжил ба уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах технологи сэдэвт сургалт, семинарыг зохион байгууллаа. Сургалтад зохион байгуулагчдаас гадна Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар, Ашигт малтмал газрын тосны газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Налайх, Хан-Уул, Багануур зэрэг 9 дүүргийн байгаль орчны мэргэжилтнүүд, Чүннам их сургууль, Ионсей их сургуулийн 60 гаруй төлөөлөл хамрагдлаа. Сургалтад оролцогчид уул уурхайн нөхөн сэргээлт, уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй сөрөг нөлөөлөл, хөрсний хүнд металын бохирдол, зайнаас тандалт судалгаа хийх арга аргачлалын талаар олон улсын туршлагатай танилцав. Зочин багшаар БНСУ-ын Чүннам их сургуулийн профессор Юү Жэ Хён, Ионсей их сургуулийн профессор Ү нам Чил нар хүрэлцэн ирсэн юм. Нийслэлийн Байгаль орчны газар нь 2017 оноос түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолт ашиглалтаас үүдэлтэй орчны бохирдол, доройтлын асуудалд онцгой анхаарч аж, ахуйн нэгжүүдийн болон төрийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг дотоод, гадаадад сургалтад хамруулж мэргэшүүлж байна. Үүний үр дүнд нөхөн сэргээлт хийгдсэн талбайн хэмжээ 2018 онд 2016 онтой харьцуулахад 3 дахин нэмэгдсэн байна. Мөн нийслэлийн нутаг дэвсгэр дэх эвдэрсэн газрын тооллогыг явуулан экологийн хохирол тооцож, буруутай этгээдүүдээр нөхөн сэргээлгэх ажил явагдаж эхэлсэн. Төр, хувийн хэвшил болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон сургалтын төгсгөлд Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга болон БНСУ-ын төрийн өмчит Миреко компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга ноён Ён Гю Хүн нар оролцогчдод гэрчилгээ гардуулж, цаашид энэ төрлийн сургалт болон олон улсын туршлага судлах ажлыг үе шаттай зохион байгуулж ажиллахаар боллоо.

Харааны бэрхшээлтэй иргэд цахимаар мэдээлэл авах боломжтой болно

Харааны бэрхшээлтэй иргэд цахимаар мэдээлэл авах боломжийг эрэлхийлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн хүртээмжийг сайжруулах семинар боллоо. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 47 дугаар тогтоолд зааснаар Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого 2017-2025-ын 3.4.5 дэх хэсэгт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ гэсэн зорилт тусгасан байдаг байна. Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэний мэдээллийн хүртээмжийн тухай семинар Holiday Inn зочид буудлын хурлын танхимд өнгөрсөн долоо хоногт боллоо. Семинарт Телевизүүдийн холбоо, цахим сайтуудын холбоо, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-ууд, тусгай хэрэгцээт боловсролын байгууллага, харилцаа холбооны компаниуд гэх мэт 80 орчим хүний бүрэлдэхүүнтэй байв. Энэ удаагийн семинараар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн хүртээмжийг сайжруулах чиглэлд бодит арга хэмжээ авахын тулд телевизийн мэдээ дэх дохионы хэл хадмал бичгэн тайлбар нэмэх болон цахим хуудасны хүртээмжийг сайжруулах дээр төвлөрч ажиллах зорилго бүхий уулзалт болж өнгөрлөө. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн амьдралд оролцоход нь барилга байгууламжийн түгээмэл загвар, мэдээлэл, харилцаа холбооны хүртээмжийн асуудал маш чухал байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцоо бүхий нийгэмд өөрсдийн эрхээ бүрэн дүүрэн эдлэхэд орчин, нийтийн тээвэр, мэдлэг, мэдээлэл болон харилцааны хүртээмжийг бүрдүүлж өгөх шаардлагатай билээ. Монголын нийгэмд цахим орчин эрчимтэй хөгжиж байна. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэд цахимтай харилцах зайлшгүй шаардлага үүсээд байгаа юм. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэд дундаас харааны бэрхшээлтэй иргэд технологи дээр ажиллах боломж нөхцөлийг нь бүрдүүлж өгөхөд нэн тэргүүн анхаарах шаардлагатай гэдгийг тус семинарын үеэр онцолж байлаа. Харааны бэрхшээлтэй иргэд цахим мэдээллийн сайтаас мэдээлэл авах боломж яг одоогийн байдлаар огт байхгүй байгааг мөн онцолж байсан юм. Тиймээс харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан цахим мэдээллийн сайтуудад WCAG2.1 программыг нэмж оруулах талаар хэлэлцэж, тухайн ажлыг хэрэгжүүлэхэд Монголын хараагүйчүүдийн холбооноос туслалцаа үзүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Өнгөрөгч оны Үндэсний статистикийн хорооны судалгаагаар Монголд нийт 46 958 төрөлхийн, 58 733 олдмол хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас харааны бэрхшээлтэй 11 519, сонсголын бэрхшээлтэй 8439 иргэд байдаг. Эдгээр иргэдэд мэдээ, мэдээлэл авах эрхийг хангах нь хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг юм. Цахим мэдээллийн сайтын хүртээмжийг сайжруулахад цахим хөгжүүлэгч програм болох Dreamweaver, Wordpress программууд дээр ажиллах шаардлагатай юм байна. Цахим мэдээллийн сайтууд харааны бэрхшээлтэй иргэдэд мэдээлэл хүргэхдээ хуудасны гарчиг, хуудасны бүтэц, өнгөний тодосголт, зургийг тайлбарласан текст, энгийн бүтэцтэй хүснэгт, линкийн тайлбар, үсэг зургийн хөдөлгөөнт мэдээлэл, видеонд бичигт тайлбар дээр анхаарах хэрэгтэй байдаг байна. Тэгвэл телевизийн мэдээллийг хүргэхдээ сул сонсголтой болон огт сонсголгүй иргэнд зориулсан хадмал тайлбар, дохионы орчуулга, дуут тайлбарыг нийтлэл нэвтрүүлэгтэй оруулсан байх ёстой аж. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд мэдэх, мэдээлэл авах өргөн боломж нээгдэнэ хэмээн үзжээ. Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөлд Япон улсын ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран оролцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн хүртээмжийг сайжруулахад туршлага, судалгаа солилцон ажиллаж байгаа юм.

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.