Бичил уурхайгаа хаяад уул уурхай хөгжсөн түүхтэй улс орон байдаггүй

​ Монголын бичил уурхайчиддаа Уул уурхайн салбарын 98 жилийн ойн мэнд хүргэе. Хүн төрөлхтөн хөгжиж эхэлсэн цагаасаа ашигт малтмалыг амьдрал ахуйдаа хэрэглэсэн ба анхны тэр уурхайчид гар аргаар олборлодог бичил уурхайчид байсан. Өнөө ч уул уурхай гэдэг дэлхийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж буй салбарт бичил уурхай нь зайлшгүй том орон зай эзэлж байна. Бичил уурхайгаа хаяад уул уурхай хөгжсөн түүхтэй улс орон байдаггүй. Өнөөдөр зөвхөн Монголд ч төдийгүй дэлхий нийтэд тулгарч байгаа том асуудал бол газар дэлхийгээ нөхөн сэргээх. Тэгвэл жинхэнэ бичил уурхайчид олборлоод, нөхөн сэргээхэд ач холбогдол өгдөг. Том гэгдэх уул уурхайн компаниудаас илүү. Судалгаа харахад олборлолт хийсэн газар, нөхөн сэргээлт хийсэн талбайн хувь тэнцүүлсэн хэмжээгээр бичил уурхайчид хавь илүү байдаг юм. Эдийн засаг талаасаа Монголд хариуцлагын хүндийг уул уурхайн салбар үүрч яваа. Тэгвэл энэ салбарын томоохон ачаа нь бичил уурхайд оногддог. Монгол банканд жил бүр тушаадаг 20 орчим тонн алтны 20-25 хувь буюу 4-5 тонн алтыг бичил уурхайчид олборлож тушаадаг. Энэ бол олборлосон алтаа хууль бусаар хил давуулдаггүй бичил уурхайн салбарынхны эх орныхоо эдийн засагт оруулж буй бодит хувь нэмэр билээ. Бичил уурхайн салбарыг бүрэн хүлээн зөвшөөрч, байгаль дэлхийгээ хууль бус олборлолтоос эвдэрч сүйдэн, эзэнгүйдэж орхигддог байдлыг таслан зогсоож, зөв олборлон, найдвартай нөхөн сэргээхэд бидэнтэй хамтарч ажиллахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл нарт Монголын бичил уурхайн салбарын 100,000 гаруй иргэний өмнөөс хүсье. МОНГОЛЫН БИЧИЛ УУРХАЙН НЭГДСЭН ДЭЭВЭР ХОЛБООНЫ ТЭРГҮҮН Л.ДЭЛГЭБАЯР

“Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” чуулган хариуцлагыг ШИНЭ ТҮВШИНД хүргэнэ

Монгол орныг хамарсан Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай Үндэсний хэлэлцүүлэг үр дүнгээ хэлэлцэж байна 2019 оны есдүгээр сараас эхэлж орон даяар үргэлжилсэн Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай үндэсний хэлэлцүүлгийн үр дүнг нэгтгэн хэлэлцэх чуулган өнөөдөр /2019.12.18/ Төрийн ордонд болж байна. Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга, Босоо хөх Монгол, Эрс шинэчлэл хөдөлгөөн ТББ-аас хамтран зохион байгуулж буй Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай үндэсний чуулганыг Шадар сайд Ө.Энхтүвшин нээж, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат илтгэл тавив. Чуулганы Үндсэн илтгэлийг Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга ТББ-ын тэргүүн Х.Мандахбаяр тавьж, 21 аймагт зохион байгуулсан хэлэлцүүлгийн тайлан, үр дүнг танилцууллаа. Сануулахад, Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга, Босоо хөх Монгол, Эрс шинэчлэл хөдөлгөөн зэрэг төрийн бус байгууллагууд, сэтгүүлчдийн хамтын тэмцлийн үр дүнд Тост, Тосон бумбын нурууг бүтэн авч үлдэж чадсан. Хоёр гаруй жил үргэлжилсэн тэмцлийг үргэлжлүүлж, 2019 оны наймдугаар сарын 9-ний өдөр Тост, Тосон бумба үндэсний хэлэлцүүлгийг Төрийн ордны Иргэний танхимд болсон билээ. Хэлэлцүүлгээс томоохон үр дүн гарч, таван зүйл бүхий санаачилга, шаардлага боловсруулан ҮАБЗ, Засгийн газарт хүргүүлсэн. Тухайлбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Д.Оюун-Эрдэнээр ахлуулсан шударга, олон талт, хараат бус ажлын хэсгийг байгуулж, урт хугацаатай ажиллаж, 22 булаг шандад нэг бүрчлэн судалгаа явуулж, нэгдсэн дүгнэлт гарган, акт тогтоож ажиллах шаардлага гаргасан. Хэлэлцүүлгийг зохион байгуулагчдын хүсэлт, шаардлага Засгийн газарт хүрч, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ахлуулсан Шадар сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, ЗГХЭГ-ын дарга нарын багтсан Ажлын хэсэг Монгол Улсад олгогдсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензийн олголтод дахин хяналт тавих, бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн, лиценз олгохдоо хууль зөрчсөн байх магадлалыг шалгах үүргийг нийгмийн өмнө хүлээн, ажиллаж байгаа юм. Түүнчлэн Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай үндэсний хэлэлцүүлгийг орон даяар зохион байгуулах санал санаачилгыг өнгөрсөн наймдугаар сарын 9-ний өдөр болсон Тост, Тосон бумба үндэсний хэлэлцүүлгээс гарсан. Санаачилга ажил хэрэг болж, Хэнтий аймгаас эхлүүлэн дөрвөн сарын хугацаанд нийт 21 аймагт зохион байгуулсан Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай үндэсний хэлэлцүүлэг өнөөдөр үр дүнгээ нэгтгэж байна. Хэлэлцүүлгийг зохион байгуулагчид Тост, Тосон бумбын төлөө тэмцсэн жишгээр Монгол орноо тойрч, иргэдээ сонсож, хууль зөрчсөн зүйлс байгаа бол төрийн сонорт хүргэх, байгаль хамгаалах үзлийг, эх оронч үзлийг дэлгэрүүлэх зорилготой юм. Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай үндэсний хэлэлцүүлэг 2019 оны есдүгээр сарын 24-нд Хэнтий аймгийн Чингис хотоос эхэлж, зүүн гурван аймагт үргэлжлэхдээ уул уурхайг хариуцлагатайгаар эрхлэх шаардлага тулгарсныг ил тод болгон гаргаж ирж байсан билээ. Тухайлбал, Хэнтий аймаг дахь Гутайн давааны орчимд байрлах Гутайн бүлэг ордтой холбоотой асуудал юм. Гутайн давааны бүлэг ордыг ашиглахын тулд Батширээт сумын нутаг дэвсгэрт урсах Шургадагийн болон Гутайн голуудыг кадастрын зураглал болон газрын зураг дээр байхгүй болгосон зэрэг анхаарал татсан асуудлууд Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай үндэсний хэлэлцүүлгээр нийгмийн сонорт хүрсэн. Үндэсний хэлэлцүүлэг Дорнод аймагт болоход дорнодчууд Мэнэнгийн талаа төрийн хамгаалалтад авах саналыг төрийн чихэнд хүргэж өгөхийг хүсэж байсан бол Сүхбаатар аймгийн иргэд хариуцлагатай уул уурхайн төлөө нэгдэж буйгаа илэрхийлсэн. Говь-Сүмбэр аймагт болсон хэлэлцүүлгийн үеэр 17 000 хүн амтай Чойр нүүх үү, эндэхийг эзэгнэсэн уул уурхай нүүх үү гэдэгтээ тултлаа ноцтой байдал үүссэн нь ил болж байсан. Нутгийн иргэд Эйкүсора нүүрсний уурхайд шүүмжлэлтэй хандаж байв. Аймгийнх нь төвөөс 6 километрт нүүрсний уурхай нээгдсэн нь хариуцлагагүй уул уурхайн жишээ гэж байлаа. Өмнөговь аймгийн тухайд улсын хэмжээний уул уурхайн 80 хувь нь энэ нутагт бий. Өмнөговьчууд уурхай бүхнийг эсэргүүцнэ гээгүй. Тавантолгойгоо ашигла. Оюутолгойгоо ашигтай болго гэж буй. Гэхдээ нэмж олон уурхай хэрэггүй гэдгийг дуу нэгтэй хэлж байсан. Үндэсний хэлэлцүүгийн үеэр олон чухал асуудал яригдсан. Тус аймгийн нутаг дэвсгэрт ачаа тээврийн байнгын ажиллагаатай авто замын Цагаан дэл уул боомт баригдахаар болж буйг нутгийн иргэд эсэргүүцэж байсан. Гашуунсухайт, Шивээхүрэн гээд хоёр боомтоор автотээврээр нүүрс тээвэрлэхэд эдийн засагт мөнгө дагуулж буй ч байгаль орчинд, нийгмийн талаасаа ихээхэн сөрөг дагавартай байгаа. Тэгэхээр дахиад нэмж боомт бидэнд хэрэггүй гэж Өмнөговьчууд үзэж байна. Хилийн шинэ боомт хөгжил бус гамшиг дагуулна гэж Хүрмэн сумынхан үгээ хэлсэн. Цогт-Овоо сумаас Цогтцэций хүртэлх замд нүүрс ачсан машинууд олон салаа замаар давхиж, үргэлжилсэн цагаан тоос манарч буй нь хүн, малын эрүүл мэндэд олон жил заналхийлж буй дүр зураг. Өмнөговь аймгийн Манлай сумын иргэд хэлэхдээ аргаль, янгир, хулан, хар сүүлт гээд ховор зэрлэг амьтадтай нутагт нь төмөр замын зураг төсөл хийхдээ ард түмэнтэй огт уулзаагүй. Төмөр замын трассыг хаагуур явуулахыг нарийвчилж шийдэх ёстой гэдгийг хэлцгээж байсан. Оюутолгойн уурхайг дэрлэн оршдог Ханбогд суманд хамгийн их хомсдож буй зүйл нь ус болохыг сумын Засаг дарга болон нутгийн малчид, иргэд хэлж байв. Тэгвэл Үндэсний хэлэлцүүлгийн багийнхан Мандал-Овоо суманд Олон овоотын алтны уурхайн сүйтгэж хаяад орхисон газар, Зөв зүг компанийн жонш олборлох уурхайн байдалтай танилцсан юм. Монгол газар-ын Ц.Мянганбаяр Олон овоотын уурхай нээж, алт ухаж байгаад Алтжин компанийн Г.Алтанд шилжүүлж, лиценз нь одоо банкны барьцаанд бий. Алтыг нь аваад авдрыг нь хаясан нөхцөл байдал буюу хариуцлагагүй уул уурхайн тод жишээ эндээс харагдаж байсан. Алдарт Ханын хэц уулыг сүйтгэж энд тэндгүй нүх, овоолго үлдээсэн нь уул уурхай эрхлэгчид дэндүү хариуцлагагүй байгааг илтгэж байлаа. Тэгвэл Сэлэнгэ аймгийн 13 суманд хайгуулын болон ашиглалтын 180 лиценз хүчин төгөлдөр байгаагаас 21 нь л хууль, журмыг дагаж, мөрдсөн үйл ажиллагаа явуулж буй тухай нутаг орны удирдлагууд хэлж байсан. Товч тодорхойлон хэлэхэд Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай үндэсний хэлэлцүүлгийн баг өнгөрсөн хугацаанд 12 000 км зам туулан, 35 хэлэлцүүлгийг 21 аймагт зохион байгуулахдаа Монголын нийт ард иргэдийн үгийг, байр суурийг төрд хүргэх гүүр боллоо. Монголын ард түмэн уул уурхайн салбараас ХАРИУЦЛАГА нэхэж буйг 35 удаагийн хэлэлцүүлэг харуулж байна. Өнөөдөр болж буй Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай үндэсний хэлэлцүүлэг орон даяар үргэлжилсэн хэлэлцүүлгийн үр дүнг нэгтгэн, Төрийн ордонд хэлэлцэж буй нь уул уурхайн хариуцлагыг ШИНЭ ТҮВШИНД гаргах зорилготой юм. Дашрамд тэмдэглэхэд, эхэнд дурдсан ТББ-уудын эхлүүлсэн Тост, Тосон бумбын төлөөх тэмцэл өмнө нь Монгол Улсад шударга ёс тогтоох, хууль сахиулах, уул уурхай хариуцлагатай байх, хэвлэл мэдээлэл хараат бус ажиллах, байгаль эхийг хамгаалах жишиг тэмцэл болж байсныг дурьдах нь зүйтэй. Үүнээс үндэслэн хууль бус, хариуцлагагүй уул уурхайн талаарх мэдээллийг төр, түмэнд нээлттэй, ил тод болгож хуулийн дагуу үнэн, зөвөөр шийдвэрлүүлэхийн төлөө ийнхүү Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай үндэсний хэлэлцүүлгийг орон нутагт цувралаар зохион байгуулсан юм. Чуулган Уул уурхайн салбарт орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийг сайжруулахад авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний тухай БОАЖЯ-ны мэдээлэл, Ашигт малтмал, газрын тосны салбарын мэдээлэл сэдвээр УУХҮЯ-ны мэдээллээр үргэлжилж байна. Мөн чуулганд Уул уурхайн салбарын тулгамдсан асуудал сэдвээр Эрс шинэчлэл хөдөлгөөн ТББ-ын тэргүүн Д.Энхбат, Эх дэлхий, хүн төрөлхтөн, Монгол Улс, бодлогын шинэчлэл сэдвээр Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо ТББ-ын тэргүүн Б.Долгор, Лиценз олгоход нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллагын хооронд үүсч буй зарим асуудлууд сэдвээр Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг дарга Б.Батболд, Эх орон, газар шорооныхоо эзэн нь байцгаая сэдвээр Босоо хөх Монгол ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг, Боомтын хөгжил ба байгаль экологийн асуудал сэдвээр эрдэмтэн судлаач Х.Түмэнгэрэл, Уул уурхайд тавих хяналтыг өндөржүүлэх нь сэдвээр Монгол Улсын маркшейдерийн зөвлөх инженер Д.Гэрэлгуа нар илтгэл тавих юм. Чуулган 18.00 цаг хүртэл үргэлжилж, төгсгөлд нь зөвлөмж, шаардлага гаргана.

Сэлэнгэ аймаг ашигт малтмалын 122 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал гаргав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан Ажлын хэсэг Архангай, Сэлэнгэ аймагт хууль бусаар алт олборлож байсан аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцалж, нөхөн сэргээлт хийлгэж эхэлсэн. Энэ хүрээнд БОАЖЯ, УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газар, тагнуул, цагдаагийн байгууллагын төлөөлөл бүхий Ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж 12 цэгт агаараас хяналт, тандалт хийлээ. Энэ удаа уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн зургийг авч баримтжуулан, хууль, хүчний байгууллагууд координатаар нь бүртгэлээ. Ажлын хэсгийнхэн мөн аймгийн удирдлагуудтай уулзаж хууль бус уул уурхай эрхлэлтийг таслан зогсоохтой холбоотой мэдээлэл солилцож, үүрэг, даалгавар өгөв. Тухайлбал бүртгэлгүй техник хэрэгслийг шууд журамлах эрх, үүргээ орон нутаг хэрэгжүүлж ажиллах ёстойг анхаарууллаа. Хууль бус уул уурхай эрхлэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хяналт шалгалт явуулахаа улам чангатгана гэдгийг Ажлын хэсгийн ахлагч, сайд Н.Цэрэнбат хэлэв.Ойрын үед Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж зарим хийдэл, давхардлыг арилгахаар төлөвлөж байна. Тухайлбал техник хэрэгслээ бусдад түрээслүүлсэн бол тухайн техник хэрэгслийг хурааж улсын орлого болгох, улмаар түрээслэгч этгээд түрээслүүлэгчийн хохирлыг барагдуулдаг байх төслийг УИХ-аар хэлэлцүүлэх юм. Хууль бус уул уурхай эрхэлж байгаатай тэмцэхэд хүн хүч, техник хэрэгсэл , хөрөнгө дутмаг зэрэг хүндрэл байгааг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил хэллээ. Тусгай зөвшөөрөл эзэмшигч газрын төлбөрөө төлдөггүй, зөвшөөрөлтэй талбайгаа бусдад түрээслүүлдэг, өөр компаниуд оруулж ирдэг зэрэг зөрчил гардаг байна. Түүний танилцуулснаар Сэлэнгэ аймагт 14 аж ахуйн нэгж хуулийн хүрээнд ажиллаж байна. Аймгийн удирдлагууд хууль бусаар ажиллаж байгаа нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн 122 тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналаа Ажлын хэсэгт өглөө.2019 оны байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын 180 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшигч байна. Энэ нь аймгийн 13 сумын 105,790.85 га талбайг хамардаг юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ерөнхий сайд газрын тос олборлолтын байдалтай танилцав

Дорнод аймагт томилолтоор ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Петро Чайна Дачин Тамсаг компанийн 19, 21 дүгээр талбайгаас газрын тос олборлож байгаатай танилцав. Засгийн газар газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар эрчимтэй ажиллаж байгаа энэ үед тус компанитай цаашид хэрхэн хамтран ажиллах болон олборлолтын өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар ярилцав. Петро Чайна Дачин Тамсаг компани Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулснаас хойш буюу 2005 оноос хойш 7.5 сая тонн газрын тос олборлоод байна. 19 дүгээр талбайгаас олборлосон тосоо Сүхбаатар аймгийн Бичигтийн боомт, Тамсаг 21 дүгээр талбайнхыг Баянхошуу боомтоор экспортолж байна. Оргил үедээ буюу 2015 онд нэг сая тонн давж байсан олборлолтын хэмжээ сүүлийн жилүүдэд 800 мянган тонноос дээш байгаа талаар компанийн удирдлага танилцуулав.Тус компани газрын тосоо боловсруулж, шатахууны хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах Засгийн газрын зорилтын хүрээнд олборлолтоо нэмэгдүүлж, шинээр байгуулагдах үйлдвэрт бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой гэлээ. Энэ үеэр Мэргэжлийн хяналтын байгууллагаас тус компанид хийсэн хяналт шалгалтын дүнг танилцуулав. Химийн аюултай хог хаягдлын хадгалалт, хаягдал шингэнийг байгальд аюулгүй болгох, бүтээгдэхүүн хуваах гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн байна. Тухайлбал газрын тосонд рояалти буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх, компани болон туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд гаалийн татвараас чөлөөлөгдөж байгааг өөрчлөх, гадаад ажилчид Монгол Улсад Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг болгох хэрэгтэй гэжээ. Дотооддоо газрын тосоо боловсруулж хэрэгцээгээ хангахад Петро Чайна Дачин Тамсаг компанийн оролцоо их гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ. Ерөнхий сайд өнөөдөр Дорнод аймаг дахь Зүүн бүсийн эрчим хүч түгээх станцад ажиллана гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

“Уул уурхайн үйл ажиллагаан дахь химийн хорт болон аюултай бодис, хог хаягдлын менежмент ба нөхөн сэргээлтийн асуудал” сэдэвт сургалт болов

Шведийн Байгаль Хамгаалах Агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй Байгаль Орчны Засаглал Хөтөлбөрийн хүрээнд Уул уурхайн үйл ажиллагаан дахь химийн хорт болон аюултай бодис, хог хаягдлын менежмент ба нөхөн сэргээлтийн асуудал сэдэвт сургалт зохион байгуулагдаж байна.Энэ удаагийн сургалт нь Монгол улсад химийн хог хаягдлын хорт нөлөөнөөс хамгаалах, бууруулах нэгдсэн зохицуулалт, хяналтын тогтолцоог бэхжүүлэх бодит хэрэгцээ шаардлага тулгарсан үед зохион байгуулагдаж, 21 аймаг болон нийслэл хотын мэргэжлийн хяналтын улсын байцаагчдыг хамруулж буйгаараа онцлог юм. Гурван өдрийн турш үргэлжлэх уг сургалт, хэлэлцүүлгийг нээж НҮБХХ-ийн Монгол дахь орлогч суурин төлөөлөгч хатагтай Нашида Саттар үг хэлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ Монгол орон шиг байгалийн баялагаас хамаарал бүхий хөгжиж буй олон улс оронд тулгамдаж буй онцгой чухал асуудал болох олборлох аж үйлдвэрээс учрах байгаль орчны нөлөөллийн талаар хэлэлцэж буйд талархууштай. Монгол улс эдийн засгийн хувьд өсөн дэвжиж, аж үйлдвэрлэл цэцэглэн хөгжиж буй өнөө үед хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, тогтвортой хөгжлийг бий болгох нь туйлын чухал юм хэмээнонцлов. Уг сургалтаар уул уурхайн салбар дахь химийн хорт болон аюултай бодисын ангилал, эрсдэл, хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөө, хөдөлмөрийн аюулгүй байдал, хогийн менежмент, хариуцлагатай уул уурхай зэрэг цогц мэдлэгийг оролцогчдод олгох юм. Монгол Улсад НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр нь Байгаль Орчны Засаглал Хөтөлбөрийн хүрээнд Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Уул Уурхай Хүнд Үйлдвэрийн Яам, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Хүний Эрхийн Үндэсний Комисс зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж уул уурхайн салбар дахь байгаль орчны бодлого, эрхзүйн орчныг сайжруулах, байгаль орчны хуулиудыг хэрэгжүүлэхэд оролцогч талуудын чадавхи, хамтын зохицуулалтыг нэмэгдүүлэх, уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой хүний эрхийн зөрчлийг бууруулах, уул уурхай болон хууль бус олборлолтоос үүссэн эвдэрсэн болон орхигдсон газрын тоо хэмжээг бууруулах, цаашид шинээр үүсэхээс сэргийлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлээд байна. Тухайлбал, төслийн хүрээнд Мэргэжлийн хяналтын газартай хамтран уул уурхай бүхий бүс нутгуудад хамтарсан үзлэг хяналт явуулануул уурхайн үйл ажиллагаанаас үүссэн байгаль орчны хохирлыг тооцох, эвдэрсэн болон орхигдсон газрын тооллого хийх, шинээр батлагдсан Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлэх зэрэг сэдвүүдээр шат дараалсан сургалтуудыг зохион байгуулсны зэрэгцээ Хариуцлагатай уул уурхайн жишиг шаардлага, үнэлгээний аргачлал гарын авлагыг боловсруулж хэвлүүлэх зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлжээ. Хариуцлагатай уул уурхай болон химийн бодисын менежментийн асуудал нь дан ганц талын оролцоогоор шийдэх асуудал биш бөгөөд засгийн газар, уул уурхайн компаниуд, иргэний нийгмийн байгууллагууд зэрэг холбогдох бүх талуудын хамтын хүч оролцоог хангасан тохиолдолд л урт хугацаанд тогтвортой, байгаль орчинд ээлтэй, цогц бөгөөд системтэй шийдэлд хүрэх боломжтой юм.Химийн хорт болон аюултай бодис, хог хаягдлын менежмент, уурхайн нөхөн сэргээлтийн талаарх энэ 3 өдрийн сургалт нь Монгол Улсын уул уурхайн салбарт хуулийн хэрэгжилтийг хангах, байгаль орчны засаглалыг бэхжүүлэх, хүний эрхийг дээдлэх, байгалийн нөөцийн тогтвортой менежментийг бий болгоход чухал ач холбогдолтой юм. Нийтэлсэн:Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.