Нэг сая тонн газрын тос импортложээ

Газрын тосны газрын тайлангаас үзэхэд манай улс энэ онд нэг сая орчим тонн газрын тосны бүтээгдэхүүнийг 1.16 тэрбум ам.доллараар импортолжээ. Харин өнгөрсөн онд 866 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүнийг 800 орчим сая ам.доллараар худалдан авч байсан байна. Цаашид газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жилд 10 хувийн өсөлттэй байх бөгөөд боловсруулах үйлдвэр ойролцоогоор 40 жилийн хугацаанд ажиллана гэж үзвэл үйлдвэрийн хүчин чадлын доод хэмжээ жилд 2.5 сая тонн байх тооцоо гарчээ. Тиймээс дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг түргэвчлэх хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа аж. Өнгөрсөн тавдугаар сард Засгийн газрын хуралдаанаар Дорнодын сав газрын нөөцөд тулгуурласан, төрийн өмчит Дорнод газрын тос компанийг байгуулахаар шийдвэрлэсэн аж. Тус компани Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний хэрэглээг тасралтгүй, найдвартай хангахаар гол зорилгоо болгожээ.

 “Саутгоби Ресорсез”-ийн хувьцаа доод түвшиндээ хүрлээ

Өмнөговь аймагт нүүрсний хэд хэдэн томоохон төсөл эзэмшиж буй Саутгоби Ресорсез компанийн хувьцаа одоогийн байдлаар Хонконгийн бирж дээр (HKG:1878) 20.15 хонконг доллар болж буураад байна. Харин Торонтогийн биржид (TSE:SGQ) 2.69 канад доллар болжээ. Тус компани дээрх хоёр биржид бүртгэлтэй бөгөөд одоогийн хувьцааны үнэлгээ нь хувьцаагаа биржид гаргаснаас хойшхи хамгийн доод түвшиндээ хүрээд байгаа юм. Энэ жилийн хувьд тус компанийн хувьцаа өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр 7.60 канад долларт хүрсэн нь энэ оны хамгийн өндөр үзүүлэлт байв. Харин тэр үеэс хойш 64 хувиар үнэлгээ нь буурчээ. Хонконгийн бирж дээрх хувьцааны үнэлгээ ч мөн адил оны эхэн үеийнхээсээ 66 хувиар буураад байна. Тодруулбал өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр тус компанийн хувьцаа Хонконгийн бирж дээр 59.4 хонконг долларт хүрч байсан юм. Гэхдээ Хонконгийн бирж дээр өглөөний 09:40 цагийн байдлаар Саутгоби-ийн хувьцаа 21.55 хонконг доллар болж, 4.6 хувиар дээшлээд байгаа бол Торонтогийн бирж дээр өсөлт ажиглагдахгүй байна. Саутгоби-ийн хувьцаа өнгөрсөн оны хоёрдугаар сард хамгийн дээд үнэдээ хүрч байсан бөгөөд Хонконгийн биржид 127 хонконг доллар, Торонтогийн бирж дээр16.56 канад доллар болж өсч байжээ. Чалко Саутгоби-ийг худалдаж авах санал тавих болсноо зарлах үеэр тус компанийн хувьцаа одоогийнхоос гурав дахин өндөр үнэлгээтэй байсан юм. Гэхдээ цаашид нүүрсний зах зээл сэргэж эхэлбэл Саутгоби-ийн хувьцаа төдийлөн унахгүй байх боломжтой. Учир нь тус компанийн эзэмшилд нүүрсний үлэмж их нөөц бүхий ордууд байгаа билээ.

3710 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн мэдээллээр энэ оны эхний улирлын байдлаар 22.4 сая га талбайг хамарсан ашигт малтмалын 3710 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Үүнийг тусгай зөвшөөрлийн төрлөөр нь авч үзвэл 0.7 сая га талбай бүхий ашиглалтын 1205, 21.7 сая га талбай бүхий 2505 хайгуулын тусгай зөвшөөрөл байгаа юм. Улсын нийт нутаг дэвсгэрийн 14.3 хувийг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбай эзэлж байгаагаас 0.4 хувь нь ашиглалтын, 13.9 хувь нь хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай аж. 2009 оны эцэст 4744 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байсан бол энэ оны гуравдугаар сарын 1-ний байдлаар 3710 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрлийн тоо сүүлийн гурван жилийн байдлаар 10.4 буюу 21.8 хувиар буурсан гэсэн үг. Мөн хугацаанд тусгай зөвшөөрөлтэй талбайн хэмжээ 39.5 сая га-гаас 22.4 сая га болж 17.1 сая га талбай буюу 43.2 хувиар багасчээ. Тусгай зөвшөөрөлтэй талбай 2009 оны эцэст Монгол Улсын нийт газар нутгийн 25.2 хувийг эзэлж байсан бол одоо 14.3 хувь болж 10.9 хувиар буурсан байна. Дурдсан хугацаанд 1838 аж ахуйн нэгж, байгууллага 3710 тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа ба үүний 68.9 хувийг дотоодын, 31.1 хувийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд эзэмшдэг. Нийт 1838 эзэмшигчийн 76.1 нь дотоодын, 23.9 хувь нь гадаадын аж ахуйн нэгж аж. Гадныхны дийлэнхийг БНХАУ, Виржиний арлууд, Өмнөд Солонгос, ОХУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд эзэлж байна. 2011 онд ашигт малтмалын ашиглалтын 79 тусгай зөвшөөрөл олгосон нь 2009 онд олгож байснаас 8 дахин, 2010 онтой харьцуулахад гурав дахин бага үзүүлэлт юм. Тусгай зөвшөөрлийн талбайг буцаасан, цуцалсан, дуусгавар болсон тусгай зөвшөөрлийн тоо сүүлийн хоёр жилийн хугацаанд буурч байгаа бол хугацаа сунгах, барьцаалах тусгай зөвшөөрлийн тоо өсөх хандлага ажиглагдаж байна. Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтийг чангатгаж, хууль хэрэгжүүлдэггүй тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй хариуцлага тооцож тусгай зөвшөөрлийг нь цуцлах, дуусгавар болгох, талбайг нь буцааж авах замаар 2009-2011 онуудад нийтдээ 2600 гаруй зөвшөөрлийн эрхийг хүчингүй болгожээ.

Уул уурхайнхныг 222 сая төгрөгөөр торгожээ

Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн энэ оны эхний хагас жилийн шалгалтын үр дүнд илрүүлсэн зөрчлөөр 222.3 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Нийт 20 хууль тогтоомжид хяналт таньж төсвийн 1292 байгууллага, төрийн өмчийн оролцоотой 231 байгууллага, 4579 аж ахуйн нэгж, 5868 иргэнийг шалгалтад хамруулсан байна. Судалгаагаар уул уурхай, геологийн салбарын хууль, тогтоомжийн хэрэгжилт 85.1 хувьтай байгаа аж. Хяналт шалгалтаар илэрсэн 6418 зөрчилд улсын байцаагчийн 436 акт, 6852 заалт бүхий 1539 албан шаардлага үйлдэж, 298 дүгнэлт гаргасан байна. Тус салбарт өгсөн албан шаардлагын гүйцэтгэл 66.1 хувьтай байна. Шалгалтаар 60 аж ахуйн нэгж, объектын үйл ажиллагааг бүрмөсөн зогсоож, 148 аж ахуйн нэгжийн ажиллагааг түр зогсоон, 43 аж ахуйн нэгжийн эрхийг сэргээж, 4.5 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг барагдуулжээ. Мөн 134 702 000 төгрөгийн үнэ бүхий хууль бусаар ашиглаж, олборлосон түүхий эд материалыг улсын орлого болгосон талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлж байна.

Монголчуудад нефтиэр гулгиж, шатахуунаар цатгалдах цаг ирэх үү

Газрын тосны үнэ зах зээлд хэт мэдрэмтгий дэлхийн улс төр, эдийн засгийн байдлаас шалтгаалж огцом хэлбэлздэг. Үнийн энэ хөдөлгөөн улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлдөг. Ялангуяа, манайх шиг газрын тосны бүтээгдэхүүнээ импортолдог оронд илүү мэдрэгдэж, үнийн шилбүүрт нь ширвүүлдэг билээ. Тухайлбал, литр шатахууны үнэ 50-100 төгрөгөөр нэмэгдэхэд инфляц хөөрч, өргөн хэрэглээний бараа дагадаг жамтай. Гэтэл манай улсын шатахууны хэрэглээ жил бүр өссөөр ирлээ. Хоёр, гурван жилийн өмнө жилд 600-700 орчим мянган тонн бүтээгдэхүүн импортолдог байв. Өнгөрсөн жилийн байдлаар 900 мянган тоннд хүрлээ. Газрын тосны мэргэжилтнүүд 2015 онд 1.5 сая тонн болох тооцоо хийсэн байдаг. Манай улсын шатахууны хэрэглээ өнгөрсөн жилийнхээс 88 хувиар өссөн статистик мэдээлэл бий. Одоогоос таван жилийн өмнө Газрын тосны салбарт төрөөс баримтлах бодлого, 2015 он хүртэлх үйл ажиллагааны үндсэн чиглэл гэсэн баримт бичиг боловсруулж, Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэн баталсан. Гэвч өнөөг хүртэл шатахууны асуудлаа зохицуулж амжаагүй л явна. Уг баримт бичигт нефтийн хайгуул судалгааны ажил эрчимжүүлэх, олборлолт нэмэгдүүлэх, дотоодын түүхий эдэд тулгуурлан боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг олон зүйл тусгажээ. Үүнээс гадна газрын тосны борлуулалтын гучин хувийг Газрын тосны салбарыг хөгжүүлэх сан-д төвлөрүүлж инженер техникийн ажилтан, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд зарцуулахаар төлөвлөсөн. Мөн Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, эрх зүйн орчинг шинэчлэх шаардлага ч тулгарч буй аж. 120 мянган шоо метрийн багтаамжтай шатахууны агуулахтай болно Монголчууд сард 200 гаруй сая ам.долларын шатахуун импортлон хэрэглэж байна. Өсөн нэмэгдэж буй эл хэрэглээг хангахын тулд Хойд хөршийн Засгийн газартай жилд нэг сая тонн шатахуун тогтвортой, найдвартай нийлүүлэх гэрээ хэлцэл энэ оны эхээр манайх хийсэн. Тэгээд 2015 он хүртэл бага багаар нэмэгдүүлж, 1.2-1.5 сая тоннд хүргэхээр тохирчээ. Он гарснаас хойш нэг тонн шатахууныг дунджаар 1100-1200 ам.доллараар авч буй гэдэг. Ингээд жижиглэнгийн үнийг өсгөхгүй байх арга хэмжээ авч шатахуун импортлогчдыг татвараас чөлөөлсөн. Литр шатахууны үнийг өсгөхгүй байх нэг арга нь улсын нөөц бүрдүүлэх. Энэ оны төсөвт шатахууны нөөц бүрдүүлэхэд зарцуулахаар таван тэрбум төгрөг суулгасан талаар Монгол Улсын эдийн засгийн чуулган дээр яригдаж байсан. Эдүгээ улсын нөөцөд нэг ч литр шатахуун алга. Учир нь, хадгалах сав байхгүй аж. Уг нь, өнгөрсөн оноос сарын хэрэглээний арван хувьтай тэнцэх хэмжээний шатахуун нөөцлөх сав барьж эхэлсэн. Энэ нь оны төгсгөлөөр ашиглалтад орох сураг бий. Өөрөөр хэлбэл, нийт 120 мянган шоо метрийн багтаамжтай агуулах байх бөгөөд 15 хоногт хүрэлцэх тооцоо гарчээ. Үүнд, шатахуун импортлогчдын нөөцийг нэмбэл улсын хэмжээнд 40-50 хоногийн хэрэглээгээ одоохондоо элбэг хангана гэж үзэж буй юм. Боловсруулах үйлдвэр ба түүхий эд Монголчууд өөрийн нутаг дэвсгэрээс олборлож буй газрын тосыг боловсруулах тухай олон жил ярилаа. Эдүгээ газрын тос боловсруулах үйлдвэр барих зөвшөөрөл авсан зургаан компани бий. Тэдний хоёр нь хөрөнгө оруулагчаа олж, үйлдвэрийн зураг төслөө боловсруулж байгаа аж. Үлдсэн нь мөнгө санхүүгийн асуудлаа шийдэх гэрээ хэлцэлийн шатандаа яваа гэдэг. Уг нь, дээр дурдсан баримт бичигт 2015 онд гэхэд газрын тос боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орох төлөвлөгөө бий гэсэн. Мөн Саудын Арви, Казахстан, ОХУ-аас газрын тос авч боловсруулах төлөв байдаг. Гэтэл түүнийгээ татаж авах зам харилцаа, тээврийн зардал, хөрөнгө мөнгөнөөс өгсүүлээд түмэн бэрхшээл зовлон бий. Нөгөө талаар, шатахууны хараат байдлаас түүхий эдийн хараат байдалд орж мэднэ гэсэн болгоомжлол ч байдаг. Монголчууд Айлаас эрхээр авдараа уудал гэдэг дээ. Мэргэжилтнүүд Дорнод аймгийн Тамсагийн сав газрын Тосон-Уул, Дорноговь аймгийн Зүүнбаянгийн Цагаан элс болон бусад ордоос олборлож буй газрын тосоо нэгтгэн тооцоход том ч биш, жижиг ч биш боловсруулах үйлдвэр байгуулбал түүхий эд хангалттай хүрэлцэх судалгаа гарсан байдаг. Жишээлбэл, жилийн хэрэглээгээ 800 орчим мянган тонн гэж бодоход үүний 40 гаруй хувийг хангах нь. Иймд одоо олборлож буй газрын тосоо хадгалах сав бэлдэх шаардлагатай хэмээж буй. Ингээд зүүн болон төвийн бүсэд газрын тос хадгалах агуулах барих талаар ярих болсон. Гэвч одоогоор ямар нэг ажил эхэлсэн зүйл алга. Газрын тосны нөөцөөр 33 жагсдаг Монгол орны зүүн ба өмнөд хэсэг, Их нууруудын хотгорт газрын тос бий. Геологичид нийт 1.6 тэрбум тонн газрын тостой хэмээн тогтоожээ. Энэ нөөцөөрөө Монгол Улс 100 орноос 30 жагсч буй билээ. Өнөөгийн байдлаар газрын тосны нөөцтэй 25 талбайн 18 нь бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулаад байна. Одоогоор 813 цооног өрөмдөж, жилд 2.2 сая гаруй баррель газрын тос урд хөршид экспортолж буй ажээ. Дорнод аймгийн Тамсагийн сав газарт 119 сая гаруй гаруй тонн газрын тосны нөөц тогтоож, Монгол Улсын Эрдэс баялгийн санд бүртгээд буй. Монголчууд энэ нөөцөө бага ч атугай өөрсдөө боловсруулж шатахуун үйлдвэрлэж чадвал гадагшаа сая саяараа гарч буй валютын урсгал татрах, ажлын байр нэмэгдэх, хямд шатахуун хэрэглээ гээд эдийн засгийн үр ашигтай олон үзүүлэлт гарах нь тодорхой. Өнөөдөр олон жил ярьсан, цаасан дээрх төсөл хөтөлбөрөө амьдрал дээр босгож ирэхийг цаг үе шаардаж байна. Дэлхийн зах зээлд газрын тосны үнийн өсөлт, хойд хөршөөсөө шатахуун өгөөч гэж хэдий болтол гуйх вэ дээ.

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.