Д.Отгонжаргал: Сайхан хоолойтой ч гоо сайхангүй бол амжилт олохгүй

Монгол Улсын филармонийн гоцлол дуучин, Voice группийн дуучин Д.Отгонжаргалтай ярилцлаа. -Ану хатан киноны Ану хатны дүрд тоглож байгаа. Киноны зураг авалт хэр явагдаж байна вэ? -Арай дуусаагүй байгаа. Дөрөвдүгээр сарын 1-нээс зураг авалт эхэлсэн. Одоо нэг сарын л ажил үлдээд байна. -Анх удаа кинонд тоглож байгаа болохоор хэцүү зүйл гарч байна уу? -Гайгүй ээ. Гэхдээ мэргэжлийн хүмүүс чинь тэс өөр байдаг юм байна. Мундаг хүмүүсийн зааж зөвлөснөөр бүх чадвараа дайчлаад л тоглож байна. -Киноны зураг авалт, уран бүтээл гээд охиндоо зав гаргаж амжихгүй байгаа байх? -Харин тийм ээ. Сүүлийн үед их ажилтай байгаа болохоор бараг л зав гаргаж чадсангүй. Өнөөдөр /уржигдар/ л гадуур дагуулж явсан. Гуравхан настай байж Ээжээ реском орж хоол идье гэдэг. Ресторан гэдгээ ч сайн хэлж чадахгүй байж шүү. Би завтай үедээ охиноо дээд зэргээр эрхлүүлдэг. Охин маань Ээжээ та хэзээ амрах юм гэж асууна. Охиндоо яг хэзээ амарна гэж хэлсэн тэр өдрөө яаж ч байсан амарч хамт цагийг өнгөрүүлэхгүй л бол болдоггүй. -Тэгвэл гоо сайхандаа хэр их цаг зав зарцуулж чаддаг вэ? -Надад гоо сайхны газраар үйлчлүүлэх зав гардаггүй л дээ. Би Гоолингоо бүжгийн клубт долоо дахь жилдээ явж байгаа. Манай клубийнхэн өвөл харзны усанд орж, саунд суухдаа мөсөөр нүүрэндээ иллэг хийдэг. Клубт маань олон сайхан эмэгтэй хичээллэдгийн нэг нь гавьяат жүжигчин С.Сарантуяа эгч. Би түүнийг маш их хүндэлдэг. Ер нь, миний гоо сайхны нууц бүжиг байх шүү. -Таныг тайзнаас харахад их ихэмсэг, эмэгтэй хүний олон сайхан чанар анзаарагддаг л даа. Ингээд яриад суусан чинь миний төсөөлж байснаас тэс өөр ааш зантай юм? -Баярлалаа. Мэдээж урлагийн эмэгтэй хүн болохоор өөрийгөө зөв авч явах ёстой, зан аашаа тайзан дээр гаргана гэж байхгүй шүү дээ. Жишээ нь, дэлхийн алдартай сапрона Мария Каллс гээд дуучин байдаг. Түүнийг 100 гаруй кг жинтэй байхад түүнтэй ямар ч театр гэрээ хийж уриагүй. Хоёр жилийн дараа тэрээр 60 кг болтлоо жингээ хасаад л од болсон. Эндээс хоолойтой байгаад гоо сайхангүй л бол амжилт олохгүй гэдгийг харж болно. Би шийдэмгий, түргэн, тээнэгэлзээд байдаггүй зантай. -Дуучин болохоо ч маш хурдан шийдсэн гэдэг. Энэ нь таны түргэн зантай холбоотой байх нь? -Аравдугаар ангиа төгсөөд л За за би дуучин боллоо гэж шийдээд шууд СУИС-д шалгалт өгсөн. Гэрийнхэн маань дуучин удам байхгүй гээд их эсэргүүцэж байсан. Анх тайзан дээр зогсоод дуулахад даашинзны хормой жинхэнэ чичирнэ гэдгийг үзүүлж байсан шүү. Дуулаад эхэлсэн чинь удалгүй гайгүй болчихсон. Дуулах техникийн шалгалтад маш өндөр оноо авч байлаа. Би ер нь аливаа шийдвэрийг хурдан гаргадаг. Бодоод л байвал буруудах талтай. Тэгээд ч гаргасан шийдвэртээ хэзээ ч харамсч байгаагүй. -Дуучин удам байхгүй гэснээс таны өвөө, аав хоёр тань их сайхан дуулдаг байсан гэж сонссон? -Өвөө гэдэг нь ээжийн маань аав л даа. Говь-Алтай аймгийн Цээл сумандаа цагаан гарт Тэрбиш гээд нэртэй эмч хүн байсан гэдэг. Найр, хурим манай өвөөгүйгээр эхэлдэггүй, их сайн уртын дууч байсан гэж ярьдаг юм . Аавыг маань биднийг төрөөгүй байхад Баянхонгор аймгийн театрт дуучин байсан гэж ээж ярьдаг. Тэр үеийн урлагийнхны цалин гэж олигтой юм авдаггүй л байсан юм байлгүй. Эхнэр хүүхдээ тэжээхийн тулд аав Техникумд сураад тракторын жолооч болж дуучны ажлаа орхисон юм билээ. -Гадаад явж сурах төлөвлөгөөтэй байгаа гэсэн үү? -Тийм төлөвлөгөө бий. Гэхдээ ойрын үед амжихгүй нь. Маш олон ажил төлөвлөсөн болохоор хүмүүсийн ажлыг алдагдуулж болохгүй. Мөн гадаад хэлээ сайжруулах хэрэгтэй байна. -Италид сурах уу? -Олон сургууль судалж үзсэн. Цаг нь болохоор сонголтоо хийнэ. -Дуурийн дуучин болохоор Тэр дуурьд дуулах юмсан гэж хүсдэг биз дээ? -Мэдээж тэгэлгүй яахав. Монголд өмнө нь тавигдаж байгаагүй В.Беллиний гэдэг зохиолчийн дууриудыг их сонсч, дуулах юмсан гэж хүсдэг. Монголд тавигдаж байснаас Дж.Вердийн гурвалсан дуурьт дуулахыг хүсдэг. Турбадур дуурийн Леонараг боломж олдвол дуулна. Маш сайн бэлтгэсэн байгаа. Гэхдээ одоо ч сайхан болж дээ. Дуучин өөрөө төлөвлөгөөгөө боловсруулаад тоглолт хийе гээд очиход хаана ч байсан дуртай зөвшөөрдөг болсон. Хэрэв би санхүүгийн асуудлаа шийдчихээд УДБЭТ-т очвол тоглолт хийхийг шууд л зөвшөөрнө. -Ингэхэд Voice группээр сонин юутай байна вэ. Шинэ уран бүтээл гээд л...? -Сүүлийн үед хамтлагаараа уран бүтээл хийгээгүй. Бид гурав соло уран бүтээл хийдэг. С.Баттулга маань цомог гаргаж байгаа. Намайг кинонд тоглож байх хооронд өөр өөрсдийнхөө ажлыг амжуулж байна. Удахгүй хамтлагаараа уран бүтээл хийнэ. -ТВ коктейль хамтлагийн Өөскө, Цоомоо хоёр хамтлагийн ажлаа бодоод Аюушийг хувийн амьдралаас нь маш их харамладаг гэсэн. Танай хамлагийн хоёр таныг хэр харамладаг бол? -Үгүй шүү. Тийм зүйл огт гарч байгаагүй. Яагаад гэвэл бид чинь тус тусдаа амьдралтай хүмүүс. Нөгөө хоёр маань хоёулаа эхнэр хүүхэдтэй. Би ч бас хөөрхөн охинтой. Тэглээ гээд хувийн амьдралаа хөөгөөд хамтлагийн ажлаа цалгардуулж байсан удаагүй. -Хамтлагийн хоёр гишүүнтэйгээ хэр ойлголцож чаддаг вэ? -Сайн ойлголцдог. Манай хоёр чинь гэр бүлтэй хүмүүс учраас мэдрэмж сайтай. Ихэнх хамтлаг, дуучид мөнгөний асуудлаас болж хагаралддаг гэсэн. Бидний хувьд иймэрхүү асуудал гардаггүй. -Тэгвэл хамтлагийн санхүүжилтээ хэрхэн зохицуулдаг вэ. Сүүлийн үед санхүүжилтгүй л бол шинэ уран бүтээл хийх аргагүй болсон гэх юм? -Өөрсдийгөө санхүүжүүлдэг. Уран бүтээлээс олсон орлогынхоо 50 хувийг хамтлагийнхаа фондонд хийдэг. Үлдсэнийг нь хувааж аваад амьдралдаа зарцуулна. Фондонд орсон мөнгө маань эргээд шинэ уран бүтээл хийхэд зарцуулагддаг. Энэ бүхнийг маш ухаалгаар зохицуулж байдаг хүн бол хамтлагийн менежер Баттулгын маань гэргий Цээгий. -Филармонийн гоцлол дуучдад өндөр шаардлага тавьж, ур чадвар шаарддаг юм шиг санагддаг. Морин хуурын чуулга, БаянМонгол чуулга, Жазз найрал хөгжимтэй бүгдтэй нь дуулдаг шүү дээ? -Нэг поп дуулаад л, нэг сонгодог дуулаад явдаг. Гэхдээ хуваариуд нь өөр өөр байдаг болохоор амжуулаад л байна. -Дуурийн дуучдыг хамаагүй дуу дуулж болдоггүй. Хоолой нь эвдэрдэг гэх юм билээ? -Тийм зүйл байдаг л даа. Гэсэн ч би Монгол Улсын филармонийн дуучин учраас манай дээр ямар концерт болно тэр болгонд нь дуулах ёстой. Хоолой эвдрэх асуудал дуучны ур чадвараас л хамаарна гэж бодож байна.

Хийлч Дээгий П.И.Чайковскийн бүтээлд ”халдах нь”

Хөгжмийн хатан хаан гэгддэг хийл хөгжмөөрөө овоглогдсон Дээгий зургаа дахь бие даасан тоглолтоо хийх газраараа мөн л Тусгаар тогтнолын ордныг сонгожээ. Энэ сарын 7-нд буюу урианхай сурын харваатай давхцан тохиох энэхүү тоглолтод нь дэлхийн алдартай хийлчдийн нэг Женсон Дилана оролцохоор ирээд байгаа аж. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ч.Дэлгэрцэцэгийн энэ тоглолтыг дэлхийн хэмжээний тоглолт гэж үнэлж байгаа гэнэ. Учир нь хатан хөгжимчдийн тэр бүр зүрхлэн тоглодоггүй П.И.Чайковскийн хийлийн концертын гурван хэсгийг тэрбээр үзэгч олондоо сонордуулах юм байна. Алс хол, хилийн чанадаас ирснийхээ дараа этгээд чамин хөг аялгуугаар уран бүтээлийн гараагаа эхлүүлж байсан түүнийг одоо дэлхий мэддэг болж хэмээн багш нар нь ч үнэлдэг. Тэрбээр тоглолтын бэлтгэлийнхээ нөр их ажлын хажуугаар Женсон Диланагийн хамт Хөгжим бүжгийн коллежийн утсан хөгжмийн ангийнханд зөвлөгөө егөөд амжжээ. Түүний хамтрагч Ж.Дилана Монгол хүүхдүүдийн авьяасыг бахдсан сурагтай. С.Туул Нийгмийн толь

Lumino хамтлагын 15 жилийн ой болно

Lumino хамтлаг өөрсдийн 15 жилийн ойд зориулан шинэхэн цомог гаргахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Та бидний сайн мэдэх Намайг дагаад цэнгэ,Хүнийх,Надтай цуг баяс гээд олон уран бүтээлээрээ залуусыг байлдан дагуулж байгаад нэлээдгүй хугацааг чимээгүй өнгөрүүлсэн тус хамтлаг 15 жилийн ойн баяраараа Бут авна гэнэ шүү.

Виктор Цой хорвоог орхиход Петрбургийн тэнгэр хүртэл уйлж байлаа

Энэ хорвоод үгүй болсон ч эцгийгээ тэжээсээр Оросын рок дуучин агсан, солонгос гаралтай Виктор Цойгийн аав 74 настай Роберт Цой хэвлэлийнхнээс үргэлж зугтсаар байдаг. Гэхдээ талийгаачийн 50 насны ойн босгон дээр тэрээр сурвалжлагчидтай уулзахыг зөвшөөрсөн байна. Мэдээж ийм олон хүн хүүг минь дурсан санаж байгаад би бахархалгүй яах вэ. Түүнийг нас барсны дараа нэг, хоёр, за цаашлаад таван жилийн дараа л бүгд мартана хэмээн олон хүн ярьж байсан. Гэсэн ч тэгсэнгүй. Тэр минь өөд болоод 22 жил өнгөрсөн ч мартагдах нь бүү хэл алдар нэр нь жил ирэх бүр өссөөр байна. Миний Витька шиг ийм алдартай хүн байхгүй л болов уу хэмээсээр тэр яриагаа эхэлсэн юм. Түүнчлэн түүнийг Петрбургт Виктор Цойгийн хөшөө босгохын эсрэг байр суурьтай гэсэн цуу яриа гарч байгаа талаар лавлахад Харин ч хоёр гараа өргөөд ч болов дэмжинэ. Хүүгийнхээ эсрэг байж болно гэж үү. Харин ч хүүгээрээ бахархаж, дэргэдээ байгаа юм шиг санаж амьдарч байна. Одоо хүүг маань дэмжигч, шүтэн бишрэгчид амьдарч байсан гудамжийг нь түүний нэрэмжит болгох талаар хөөцөлдөж байгаа юм гэсэн. Энэ ч бас сайхан хэрэг. Би ийм санал ирдэг л юм бол шууд зөвшөөрнө гэсэн юм. Үхсэний дараах амьдрал Үнэхээр үхсэний дараа амьдрал гэж байдаг бол Виктор Цойг л нэрлэмээр байна. Хэдийгээр тэр өнөөдөр бидний дунд амьд сэрүүн байхгүй ч гэсэн түүний зурагтай футболка, Кино хамтлагийн бэлэгдэл бүхий бусад эд зүйлс болон цомгийн борлуулалтаас олсон ашиг нь хөгшин эцэгт нь хүн шиг амьдрахад нь хүрэлцэж байгаа. Тийм ээ, би хүүгийнхээ буянаар багагүй мөнгө авдаг шүү. Хоёр амьдарсан ч хүрэлцэхээр хэмээн тэтгэвэрийн хөгшин даруухнаар хүүрнэсэн юм. Роберт Цой хүүгээсээ хойш хэцүүхэн амьдралыг туулж яваа ажээ. Би ч хэцүүхэн хувь заяатай хүн дээ. Аймшигтай уй гашуу ар араасаа л гарч ирсээр байна. Яг л миний дээр аадрын бөөн хар үүл хуйлраад тэнгэр цэлмэхгүй байгаа мэт. Гурван жилийн өмнө эхнэр Валентина маань хорвоог орхисон. Викторын эхнэр Марианна ч өөд болсон. Ганц ач хүүтэйгээ л үлдсэн дээ. Хөгшин хонины насгүй болсон би загасчилж л өдрийг өнгөрөөж байна даа. Бүтэн өдөржин голын хөвөө сахих ч жирийн үзэгдэл шүү гэсэн юм. Виктор Цой Ленинградад төрж, өсчээ. Түүний ээж биеийн тамирын багш мэргэжилтэй, Петрбургийн унаган иргэн, харин аав нь инженер мэргэжилтэй солонгос хүн байв. Тэрээр айлын ганц хүү байсан юм. Тиймдээ ч ээж нь цус холдсон болохоор хүүгээ ямар нэгэн талаараа тун авъяаслаг хүн болно доо хэмээн итгэж байсан гэдэг. Гэхдээ тэр сурагч байхдаа сурлагаараа бусад хүүхдүүдээс нэг их онцгойрдоггүй, харин зураг зурах тун дуртай байжээ. Цой нэгэнтээ сурагч байх үеэ дурсахдаа Би ер нь тавдугаар анги хүртлээ л гайгүй сурсан байх. Гэвч анги ахих тусам сурлага муудсаар, сургуулиа арай л гэж төгсч билээ гэсэн байдаг. Үхэл дуулагчийн үхлийн шалтгаан 1990 оны наймдугаар сарын 15-нд Виктор Цой автын ослоор өөд болсон юм. Албан ёсны дүгнэлтээр Цойг жолооныхоо ард зүүрмэглэснээс ийм эмгэнэлт байдалд хүрсэн хэмээсэн. Шүүх эмнэлгийн тархины эсэд хийсэн шинжилгээ Цойг ядарснаас болж жолооны ард унтсан гэдгийг баталсан байна. Тэгэхэд ойр дотныхон болон шүтэн бишрэгчдийнх нь эмгэнэлийн захидал, цэцэгс түүний амьдардаг байсан байрных нь цонхон доор агшин зуур л уул овоо шиг ихээр овоорч билээ. Цойтой салах ёс хийх гэсэн хүмүүсийн цуваа хэдэн км урт үргэлжилж байсныг Кино хамтлагийнхан одоо дурсч байна. Түүнийг оршуулахад хөгшин, залуу, хүүхэд, хамаатан садан гээд шүтэн биширдэг хайрлан хүндэлдэг хүн бүр л уйлж байв. Бүр Петрбургийн тэнгэр хүртэл шүү. Сонирхолтой нь өглөөнөөс авахуулаад уйлагнасан тэнгэр Виктор Цойн авсыг бунханд хийх тэрхүү 20 минутад түр зогсч, дараа нь үргэлжлүүлэн орсон гэдэг. Түүнийг сайн дуучин төдийгүй эр хүн шиг эр хүн байсан талаар найз нөхөд, хамтлагийнхан нь одоо ч дурссаар. Цой тусламж хүссэн нэгэнд хэзээ ч татгалздаггүй байжээ. Тэр сайхан чанар нь түүнийг өдийг хүртэл амьд байхад нь тусалсаар байгаа ч юм билүү. Виктор Цойн нэгэн дуунд: Дахин нэг жил улиран одлоо. Бидэнд амьдрах хэдэн жил үлдсэн бол гэсэн бадаг байдагсан. WORD.MN А.Одсар

Хакүхо аварга кинонд тоглоно

2012-06-20 14:37:57 Нийтлэгдсэн: Урлаг
Хакүхо аварга кинонд тоглоно

Сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал кинонд тоглох гэнэ. Түүний тоглох кино Монголд ажиллахаар ирсэн бейсболлын дасгалжуулагч япон залуугийн тухай аж. Одоогоос хэдэн жилийн өмнө Секине Жүн хэмээх бейсболлын дасгалжуулагч Монголд ажиллаж байх үедээ бичиж байсан өдрийн тэмдэглэл дээр үндэслэж дээрх киноны зохиолыг бичжээ. Кинонд ерөнхийдөө бейсболлын спортыг Монголд хөгжүүлэх зам яаж тавигдсан, бейсболлыг талбай барих ажлыг япончууд хэрхэн санхүүжүүлсэн, монголын залуу үеийнхэн энэ шинэ спортод хэрхэн суралцаж буй тухай өгүүлэх ажээ. Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулан Японы Earl Grey Film студи киног бүтээж буй бөгөөд хил дамнан зургаа авч байгаа ажээ. Киноны Монгол дахь зураг авалт ирэх сард дуусах бол Япон дахь сүүлчийн зургаа есдүгээр сард Анан хотод авах юм байна. Ирэх оны гуравдугаар сард нээлтээ хийх энэ кинонд Хакүхо зүгээр нэг туслах дүрд тоглоод өнгөрөхгүй гэж уран бүтээлчид нь мэдэгджээ. Эх орондоо бейсболлын спортыг хөгжүүлэхийн тулд төрөлжсөн сургууль хүртэл нээх хүсэл эрмэлзэлтэй явдаг Хакүхо аварга киноны гол дүрүүдийн нэгд тоглох юм байна. Тэрээр зөвхөн кинонд тоглоод зогсохгүй, хоёр улсын найрамдалт харилцааг харуулсан энэхүү киног олон нийтэд сурталчлан түгээх элчээр өргөмжлөгджээ. Тус киног бүтээхэд Японы Токүшима мужийн Аннан хот дэмжин оролцож байгаа бөгөөд их аварга энэ мужаас гэргий авч, хүргэн нь болсон учир давхар бэлгэдлийг нь бодолцож түүнийг киноныхоо элчээр сонгожээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.