Боловсрол, Шинжлэх Ухааны яам, АНУ-ын Жорж Мейсоны их сургууль хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ. Энэ хамтын ажиллагааны хүрээнд ШУТИС, Жорж Мейсоны их сургуулиуд 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Жорж Мейсоны их сургууль нь АНУ-ын Виржиниа мужид байрладаг судалгааны их сургууль юм. Санхүү, эдийн засаг, бизнесийн чиглэлээр тэргүүлэгч энэ сургууль 1949 онд байгуулагдсан. АНУ-д дөрөв, БНСУ-д нэг салбар сургуультай. Өчигдөр байгуулсан гэрээний хүрээнд 2+2 хөтөлбөрт хамрагдах оюутны голч дүн 2.75-аас доошгүй, TOEFL IBT 80 болон түүнээс дээш, IELTS 6.5 оноотой байхыг шаардаж байна. Гэрээнд 90 хүртэлх кредитийг сургууль хооронд шилжүүлэхээр тусгажээ. Жорж Мейсоны сургууль гадаад оюутнаас нэг жилд 26 мянган ам. долларын төлбөр авдаг. Тэгвэл өчигдөр байгуулсан гэрээний хүрээнд зөвхөн Монгол оюутнуудад таван мянган долларын тэтгэлэг олгохоор болжээ. Дээр нь тухайн оюутан шилжин суралцсан хоёр дахь улирлаас эхлэн сурлагын амжилтаас хамаарч 12 мянга хүртэлх долларын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой болсон байна. Энэ жишгээр дараагийн гэрээг Боловсрол, Шинжлэх Ухааны яам Канзасын их сургуультай байгуулахаар ажиллаж байна. Эх сурвалж: БШУЯ
Боловсролын байгууллагын багш, ажилтнууд вакцинжуулалтад хамрагдаж эхэллээ. Монгол Улсад COVID-19 цар тахлын эсрэг дархлаажуулалт өнгөрсөн сарын 23-ны өдрөөс эхэлсэн. Энэ хүрээнд боловсролын байгууллагын багш, ажилтан, албан хаагчид вакцинжуулалтад хамрагдаж эхэллээ. Нийслэлийн 9 дүүргийн төрийн болон төрийн бус сургуулийн нийт 34615 багш, ажилтнууд вакцинжуулалтад хамрагдах юм. Тодруулбал, Баянгол дүүрэг 5405, Баянзүрх дүүрэг 8189, Багануур дүүрэг 823, Багахангай дүүрэг 102, Налайх дүүрэг 995, Сонгинохайрхан 6128, Сүхбаатар дүүрэг 4674, Хан-Уул дүүрэг 5080, Чингэлтэй дүүргийн 3219 багш, ажилтнууд хамрагдана. Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу зарим сургууль, Эрүүл мэндийн төвүүд зэрэг нийт 18 цэгт вакцинжуулалт хийж байна. Боловсролын байгууллагын багш, ажилтнууд 2-3 хоногийн хугацаанд вакцинжуулалтад бүрэн хамрагдах юм. Мэргэжлийн байгууллагуудын мэдээлж байгаагаар вакцины эхний тунг хийлгэсний дараа 62, хоёр дахь тунгийн дараа 94 хувийн дархлаа тогтдог байна. Вакцин хийлгэсний дараа хүний биеийн онцлогоос хамаарч толгой өвдөх, дотор муухайрах, халуурах, вакцин хийлгэсэн газарт бага зэрэг хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй. Эдгээр шинж тэмдэг 1-2 хоногоос илүү хугацаанд үргэлжилбэл эмчид хандах хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна. Эх сурвалж: БШУЯ
Л.Энх-Амгалан: 174,000 хүүхэд хичээлийн хоцрогдолд орсон гэх судалгаа бий. Үүнийг арилгах хөтөлбөр хэрэгжүүлнэ
2021-03-10 11:16:53 Нийтлэгдсэн: БоловсролБоловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра тэргүүтэй зохицуулагчийн газрын холбогдох албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа. COVID-19 цар тахлаас үүдэн Монгол Улсын боловсролын салбар олон бэрхшээлтэй тулгарч байгаагийн нэг нь хичээлийн хоцрогдол. Ерөнхий боловсролын сургуульд нийт 650 гаруй мянган хүүхэд суралцаж байгаагаас 174 мянган хүүхэд хичээлийн хоцрогдолд орсон гэх судалгаа бий. Иймд цаашид хичээлийн хоцрогдлыг арилгах чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлнэ. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд болон боловсролын салбарын цахим шилжилтийн чиглэлээр хамтарч ажиллах саналтай байгаагаа салбарын сайд илэрхийллээ. Мөн боловсролын дунд, урт хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх, боловсролын реформыг хийхэд та бүхний дэмжлэг туслалцаа хэрэгтэй гэдгийгсайд Л.Энх-Амгаланонцлов. НҮБ-ын суурин зохицуулагчийн газар нь төрөлжсөн байгууллагуудаа зангидаж, уялдаа холбоогоор хангаж, нэгдмэл байлгах үүрэг хүлээн ажиллаж байгаа суурин зохицуулагч онцлоод Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөр зэрэгт уялдсан бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэгт анхаарч ажиллаж байгаа хэмээлээ. Мөн тэрбээр бүх шатны боловсролын байгууллагуудад тогтвортой хөгжлийн зорилтын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч ажиллахыг хүссэн. Боловсрол, шинжлэх ухааны сайд энэ чиглэлээр хамтарч ажиллах бүрэн боломжтой, дэмжиж ажиллана гэдгээ хэллээ. Эх сурвалж:БШУЯ
Өсвөр насны хүүхдүүдэд сэтгэлзүйн туслалцаа үзүүлэх НҮБ-ын хүүхдийн сантай хамтарна
2021-03-04 11:19:26 Нийтлэгдсэн: БоловсролНҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Алекс Хайкенстай уулзах үеэр санал нэгдсэн хамгийн чухал асуудал бол өсвөр насны сурагчдад сэтгэлзүйн зөвлөгөө өгч, тэднийг нийгмийн нэгэн эд эс болоход нь туслах асуудал байв. Ковидын үед Пандемик стресс гэсэн шинэ ойлголт гарч ирснийг ДЭМБ-аас зарласан. Тэгвэл удаан хугацаанд хөл хорионд байсан сурагчдад ч стресс, бухимдал тулгарна. Үүнийг даван туулахад нь туслах аргыг бид хамтран хайж, ажил хэрэг болгохоор тохирлоо. Үүнээс гадна теле болон онлайн сургалтын хүртээмжийг сайжруулах, өгөөжийг нэмэгдүүлэх, бага ангийн сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгах, үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлэх, орон нутгийн сургуулиудыг боловсон ариун цэврийн байгууламжтай болгох гээд олон чухал асуудлаар санал солилцож хамтрахаар болж байна.
"БНХАУ-д тодорхой мэргэжлүүдээр оюутан элсүүлэх боломжтой"
2021-03-03 10:17:07 Нийтлэгдсэн: БоловсролБоловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг өчигдөр хүлээн авч уулзлаа. Стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаатай хоёр орны хувьд боловсролын салбарын хамтын ажилллагаа хамгийн өргөн бөгөөд чухалд тооцогддог. Хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар долоон сургууль, нэг цэцэрлэг баригдах ёстой. Үүний дөрөв нь ашиглалтад орсон бол энэ онд дөрвийг нь хүлээлгэж өгөх юм. Энэ төсөл хэрэгжсэнээр гурван ээлжээр хичээллэдэг байдлыг бүрэн халж байна. 2021 онд ашиглалтад орох барилгуудыг чанарын өндөр түвшинд, товлосон хугацаандаа хүлээлгэн өгнө гэж Элчин сайд хэллээ. Харин сургууль руу орох орц, гарцыг чөлөөлөх, усны хамгаалалтын далан барих асуудалд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүсэв. Манай Улсын 10 мянга гаруй иргэн БНХАУ-д суралцаж байна. Цар тахлын улмаас энэ оюутнуудад хилээр нэвтрэх, сургалтын төлбөртэй холбоотой бэрхшээл үүссэнийг шийдвэрлэж өгөхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Элчин сайдаас хүслээ. Мөн хамтын ажиллагааны хүрээнд нарийн мэргэжил, тэргүүлэх чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын тоог нэмэгдүүлэх, тэтгэлэгт хамрагдалтыг сайжруулах талаар санал солилцсон. Хятадын тал тодорхой мэргэжлүүдийн жагсаалт гаргаж өгвөл оюутан элсүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжтой гэлээ. Цаашид гурвалсан гэрээ байгуулах байдлаар төгсөгчдийг ажлын байраар хангах чиглэлд хамтран ажиллах боломж байгааг мөн хөндөн ярилцлаа. Хоёр орон өрсөлдөх чадвартай дээд боловсрол төслийг хамтран хэрэгжүүлж байна. Үүнээс гадна шинжлэх ухаан, инновацийн кластерийн төв байгуулж хүрээлэн хоорондын хамтын ажиллагааг сайжруулахаар ажиллаж байна. Боловсролын салбарын хөгжилд дэд бүтэц чухал үүрэг гүйцэтгэнэ. Барилга байгууламжаас эхлээд хамтын ажиллагаа үргэлжилж байгаа бол цар тахлын улмаас суралцах боломж нь хязгаарлагдаж байгаа багш сурагчдад цахим төхөөрөмж нийлүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлэхийг сайд Л.Энх-Амгалан хүссэн юм. Харин ноён Элчин сайд Монголд хувийн зардлаар суралцаж байгаа Хятад оюутнууд цар тахлын үед ямар байдалтай сурч, амьдарч байгаа талаар нарийвчилсан мэдээлэл өгөхийг Боловсрол, шинжлэх ухааны сайдаас хүслээ. Эх сурвалж: БШУЯ
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй