ЕБС-ийн сурагчдын хичээл хоёрдугаар сарын 1-нээс теле болон цахим хэлбэрээр эхэлнэ

Ерөнхий Боловсролын Сургуулийн/ЕБС/ сурагчдын II улирлын хичээл 2021 оны хоёрдугаар сарын 1-нээс теле хичээлээр эхлэх шийдвэр үргэлжлэхийг ЗГОНХХ-ийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ. Манай улсад коронавирусийн халдварын тархалт зогсоогүй тул теле хичээл хэвээр байх нь.БШУЯ-наас Хичээл сургалтын үйл ажиллагааг теле болон цахим хэлбэрээр явуулахад бэлэн байгаа. Теле хичээлүүдийг бэлдсэн гэв. Тус яамнаас гуравдугаар сарын 1-нээс сурагчдыг танхимаар хичээллүүлэх саналаа УОК-т Даваа гарагт хүргүүлсэн байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд уг саналыг танилцуулахыг хойшлуулжээ.Улсын Онцгой Комиссын 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Нийслэлийн хэмжээнд бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын телевизүүдийн холбоо хамтран теле хичээлийг хуваарь гарган явуулж байгаа билээ. Их, дээд сургуулийн оюутнуудын амралт хоёрдугаар сарын 15-н хүртэл үргэлжилнэ.

ЗГ: Боловсролын ерөнхий хуулийн төслийг УИХ-д өргөн барихыг дэмжлээ

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2021.01.20/ хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөл, түүнийг дагалдан гарах хуулиудын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихыг дэмжлээ. Боловсрол, шинжлэх ухааны яам бүх шатны боловсролын сургалтын болон мэргэжлийн байгууллага, багш, ажилтан, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг байгуулан ажилласан бөгөөд хуулийн төсөлд цахимаар санал авах, салбарын хэмжээний хэлэлцүүлгийг улсын хэмжээнд зохион байгуулж ажиллалаа. Боловсрол, шинжлэх ухааны яамны веб сайтад байршуулсан үзэл баримтлал болон хуулийн төсөлтэй 57654 иргэн хандалт хийн танилцаж, цахимаар 24381, цаасаар 5319, нийт 29700 хүн саналаа ирүүлсэн. Албан бичгээр төрийн 50 байгууллагын 4988 санал, иргэний нийгмийн 14 байгууллагын 331, нийт 5319 санал ирүүлсэн байна. Хуулийн төслийн хэлэлцүүлгийг анх удаа цахимаар нийт боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан, мэргэжлийн байгууллага, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын саналыг авч тусгасан болно. Цахим хэлэлцүүлэгт 21 аймаг, 9 дүүргийн боловсролын байгууллагын хамт олны төлөөлөл болох 5632 багш, ажилтан, бусад их дээд сургууль, шинжлэх ухааны болон харьяа байгууллагын 505 төлөөлөл, нийт 6137 хүн оролцож саналаа илэрхийллээ. Боловсролын ерөнхий хуулиар салбарын нийтлэг зохицуулалтуудыг зохицуулж, дагалдан гарах хуулиудаар бүх шатны харилцааг нарийвчлан зохицуулахаар боловсруулсан. Боловсролын зорилгыг төрт ёс, түүх, соёл, уламжлал, үнэт зүйлсийг өвлөсөн, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахисан, дэлхийд өрсөлдөхүйц мэдлэг, чадвартай, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулдаг, эрүүл, хариуцлагатай, төлөвшсөн иргэнийг бэлтгэхэд оршино гэж томьёолсноор цаашид хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа нийгэмд амьдрах Монгол хүний хүмүүжил төлөвшил, хүмүүнлэг ёс суртахуун, мэдлэг, чадвар, хөгжлийг онцлон үзсэн. Түүнчлэн боловсролын агуулгыг суралцагчийн нас, хөгжлийн онцлог, авьяас, сонирхол, хувийн болон нийгмийн хэрэгцээ, үндэсний өв уламжлал, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хандлагад нийцүүлэн боловсролын зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэнэ гэж тус тус тодорхойлсон. Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, боловсрол дахь цахим шилжилт, цахим, зайны сургалт, сургалтын байгууллагын ангилал, хэв шинжийг шинэчлэн тогтоож, боловсролын удирдлагын тогтолцоо, санхүүжилтыг боловсронгуй болгох шинэ зохицуулалтууд хуулийн төсөлд туслаагэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Их, дээд сургуулийн захирлууд цахим сургалт, оюутны төлбөрийн асуудлаар ярилцлаа

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуулийн төлөөлөлтэй цахим болон зайн сургалт, чанар, үр дүн, сургалтын төлбөрийн асуудлаар уулзлаа. Яамнаас зохион байгуулж байгаа теле, цахим, зайн, холимог сургалтын талаар болон оюутны сургалтын төлбөрийн зээл, тусламжтай холбоотой авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг уулзалтын эхэнд товч танилцуулан, сургуулиудын энэ талаар хийж байгаа ажлын мэдээлэл сонслоо. Этүгэн их сургуулийн ТУЗ-ийн дарга академич С.Нямзагд Сургуулиуд асар их зардал гаргаж, өөрийн программтай, системтэй, хүн хүчтэй цахим сургалтыг босгож ирж байна. Анх цахим сургалт эхэлж байсантай харьцуулахын аргагүй том алхам хийж чадлаа. Манай оюутнуудын 80 хувь нь цахим сургалтад сэтгэл хангалуун байгаа гэсэн. Тодорхой хувийн шүүмжлэлийг нийт оюутны асуудал болгон дэвэргэж, улстөржүүлж, оюутнуудыг турхирах нь зохисгүй гэдгийг хэд хэдэн захирал нэмж хэллээ. МУБИС-ийн захирал Д.Мандах Манай сургуулийн хувьд 2019-2020 оны хичээлийн жилд хамаарах зээлтэй холбоотой маргаантай асуудал байхгүй. Энэ хичээлийн жилийн хувьд сая гарсан Засгийн газрын шийдвэрийн дагуу зээлд хамрагдах оюутнууд бий. Сургууль бүр удирдах зөвлөлтэй, өөрсдөө төлбөрөө тогтоож, оюутнуудаа элсүүлсэн. Тиймээс төлбөртэй холбоотой асуудлыг сургуулиуд өөрсдөө шийдэх нь зөв гэсэн байр суурьтай байв. Санхүү, эдийн засгийн их сургуулийн ректор Б.Мөнхбаяр цаашид оюутны зээлийг улсын төсвөөс санхүүжүүлээд байх нь хүндрэлтэй. Тиймээс зах зээлийнх нь зарчмаар арилжааны банкаар дамжуулах нь урт хугацаандаа зөв гарц болно гэсэн санал хэлэв. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн уулзалтын төгсгөлд захирлуудад дараах үүрэг, чиглэл өглөө. 1.Цахим, зайн сургалтын үр дүнг сайжруулах, багш нар оюутан нэг бүртэй эргэх холбоотой байж тэдэнд хичээл бататгах, ойлгуулах, зөвлөгөө өгөх 2.Багш нарын цахим, холимог хичээл бэлтгэх, заах арга зүйг сайжруулахад сургуулийн удирдлага дэмжлэг үзүүлж туслах 3.Оюутны төлбөр төлөлтөд хэрэглэж болох бүх уян хатан зохицуулалт хийх, олон үе шаттай хуваан төлөх боломж олгох, хөнгөлөлтийн бусад хэлбэрийн дэмжлэг үзүүлэх 4.Засгийн газраас үзүүлж байгаа оюутны төлбөрийн зээл олгох асуудлыг Боловсролын зээлийн сан, оюутантай хамтран зохион байгуулах 5.Удирдах зөвлөлөө хуралдуулан 2019-2020 оны хаврын улиралд төлөгдөөгүй сургалтын төлбөрийн асуудлыг хэлэлцэж, оюутанд санхүүгийн дарамт үүсгэхгүй хэлбэрээр шийдэх 6.Энэ хичээлийн жилийн 2 дугаар улирлын хичээл сонголт хийн баталгаажуулахад оюутнуудаас сургалтын төлбөр нэхэхгүй байхаар дотооддоо зохицуулалт хийх 7.Дотуур байранд амьдардаг оюутны байрны зардлын зөрүү болон илүү төлөлтийг оюутантай тохиролцон буцаан төлөх, дараагийн улирлын төлбөрт шилжүүлэх 8.Ирэх нэг дэх өдрөөс сургууль тус бүр цахим, зайн хичээлийн үр дүн, төлбөрийн асуудлаар оюутан, багш нарын хамтын уулзалт хийж, дотоод зохион байгуулалтаа идэвхжүүлэх 9.Оюутныг тасралтгүй суралцах нөхцөл боломжоор хангах, тодорхой шалтгаанаар тухайн улиралд суралцаж чадаагүй хөтөлбөр хичээлийг дараагийн улиралд судлуулах, төлбөрийг шилжүүлэх зохицуулалт хийх Уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, БШУЯ-ны Дээд боловсролын газрын дарга Г.Батнэмэх, Боловсролын зээлийн сангийн захирал Ж.Ариунболд зэрэг албаны хүмүүс оролцож, захирлуудын асуултад хариулав.

Сурагчдын амралтад зориулсан теле хичээлийн энэ долоо хоногийн хуваарь

Цэцэрлэгийн хүүхдүүд, ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчдын өвлийн амралтад зориулсан2021 оны нэгдүгээр сарын 11-15-ныцахим контентын хуваарь болон эцэг эхчүүдэд зориулсан насан туршийн боловролын теле хичээлүүдийн хуваарийг хүргэж байна. Эх сурвалж: БШУЯ

Хүүхдийн номын сан, Хүүхэлдэйн театрын барилгын ажил энэ онд эхэлнэ

Үр хүүхдээ ялгаж, хайрладаг, зааглаж ханддаг эцэг эх үгүй биз ээ. Тиймдээ ч хүүхдийн төлөө гэсэн зүйлд чин сэтгэлээсээ нэгдэн оролцож, дэмжин зүтгэсэн ард олныхоо сэтгэлийн үр шимээр бий болох Хүүхдийн төлөөх цогцолбороор хэн ч улс төр бүү хийгээсэй. Хар, хир, хор бүү наагаасай. Итгэж ядаад, баригдахгүй гэж бодоод зүрх чинь базлаад байвал хэлээ хазаад урин дулааны зах л хүргээд өгөөч гэж хүсье. Утасны товчлуур, компьютерийн гартайгаа ноцолдож байх зуур тань ажил үргэлжилж, амьдрал буцалж байдгийг бүү мартаарай. Соёлын яамнаас танилцуулсан Хүүхдийн төв номын сан болон Хүүхэлдэйн театрын цогцолборын загвар зургийг та харж байна. Чингэлтэй дүүргийн V хороонд байрлах 1.1 га газар буюу та бидний хэлж заншсанаар Тасганы овоон дээр баригдах энэ цогцолборын бүтээн байгуулалт ирэх хавар эхэлнэ. Хүүхдийн төв номын сан зургаан давхар, 27 метрийн өндөртэй бол Хүүхэлдэйн театр нь дөрвөн давхар байхаар төлөвлөжээ. МОНГОЛД ӨМНӨ НЬ ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ИЙМ ЦОГЦОЛБОР БАЙГААГҮЙ Байсан бүхнээ үгүй хийчихээд дахиж барих гэлээ хэмээн шүүмжилж байгаа хүмүүст нэг түүх сануулъя. Хүүхдүүдэд тусгайлсан номын сан хэрэгтэй тухай анх 1957 онд анхааралдаа авч 862 мянган хүн амтай Улаанбаатар хотын иргэд эхний ээлжинд үйлчлүүлнэ хэмээн тооцож Улсын нийтийн номын санд хүүхдийн уншлагын танхим нээж байжээ. Цаашилбал 1964 онд хүүхдэд зориулсан бие даасан номын санг 40 мянган ном, 50 уншигчийн суудалтайгаар 40 мянгатын орон сууцны хорооллын нэгдүгээр давхарт оруулсан байна. Хүүхдийн номын санг бий болгох ёстой гэдгийг 2000 оноос хойш Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулсаар байсан ч төсөв мөнгөгүйн улмаас хойшлогдсоор өдий хүрсэн. 1979 оныг Олон улсын хүүхдийн жил болгон зарласантай холбогдуулж, тухайн үеийн Хүүхдийн төлөө фондын санаачилгаар өмнө нь Болгарын элчин сайдын яам байрлаж байсан хоёр давхар барилгад нэг дор 100 хүүхэд үйлчлүүлэх боломжтой болгож Хүүхдийн номын сангаа өргөжүүлсэн ч, харамсалтай нь 1990 онд нүүлгэн шилжүүлэх Засгийн газрын тогтоол гарч МХЗЭ-ийн Төв хорооны байрны нэгдүгээр давхарт оруулсан бараан түүхтэй. Эрдэм мэдлэгийн үүсгэлийг ингэж хойш тавиад зогсохгүй байрыг нь хувьчилж, статусыг нь үгүй хийгээд Улаанбаатар хотын нийтийн номын сангийн хүүхдийн уншлагын танхимд фондыг нь шилжүүлээд 13 жил таг мартсан. 2000-2004 оны Засгийн газар Хүүхдийн номын ордон байгуулахаар үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгаснаар Соёлын төв өргөөнд байрлаж байсан Улсын төв номын сангийн салбарын чиг үүргийг өөрчилж хүүхэд багачуудад зориулан 2003 оны тавдугаар сарын 9-нд нээж байсан аж. Ингээд л гүйцээ. Яг өнөөгийнх шиг Хүүхдийн номын санг бий болгох ёстой гэдгийг 2000 оноос хойш Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулсаар байсан ч төсөв мөнгөгүйн улмаас хойшлогдсоор өдий хүрсэн. Тэгвэл мөнгөгүй гээд гараа хумхиад суух уу, өөр гаргалгаа хайж шийдэлд хүрэх үү гэдэг замын үзүүрт л энэ хандив, фондын санаачилга эхэлсэн юм. Хүүхэлдэйн театр ч гэсэн ижил түүхтэй. Ард кино театрын хуучин барилга буюу Барилгачдын талбайн өмнөх хоёр давхар байшинд нэг тайз хуваан оршиж байгаад 1959 онд барилга нь нурах аюултай болсноор өдий хүртэл УДЭТ-ын зүүн бөөрөнд байрласаар өдий хүрлээ. (Тухайн үедээ Монголын залуучуудын ордны цэнхэр танхим). Байгуулагдсан цагаасаа хойш буюу 73 жилийн турш өөрсдийн байртай болж, зориулалтын тайзнаас хүүхэд багачуудтайгаа мэндчилэх ирмүүн хүсэл тэмүүлэлтэй ажилладаг хамт олон 150 үзэгчийн суудалтай танхимдаа жилд 18 мянга орчим хүүхэд хүлээн авч, үзвэрээ хүргэж байна. Хүүхдэдээ хайртай ч тэднийг хөгжүүлэх, өөрсдийгөө нээх байгууламжид гар татаж, хойш тавьж алгуурласаар ирсэн түүхийг XXI зуунд ч бид давтах ёстой гэж үү. Хийе гэвэл арга нь олддог, хийхгүй гэвэл шалтаг олддог гэдэг байх аа. ХҮН БОЛ, ӨӨРИЙГӨӨ ОЛ, НҮДЭЭ НЭЭ Харанхуй мунхаг, оюун санааны хоцрогдолгүй, бие даасан, эрх чөлөөтэй, үзэл бодлоо хамгаалдаг зөв монгол иргэнийг бий болгохын тулд хүүхдүүдийнхээ оюун санаа, бие бялдрыг эрүүл байлгах нь эцэг эхийн ч тэр, энэ улс эх орны ч тэр үүрэг нь. Гэр бүлийн орчиндоо юугаар ч дутаалгүй өсгөх нь эцэг эх таны хариуцлага. Харин энэ нийгмийн дунд хөгжих боломжоор тэднийг хангах нь бүх хүний л үүрэг юм. Тэр дундаа Төр засаг бодлогоор энэ бүхнийг дэмжих учиртай. Энэ удаагийн Засгийн газар ч яг ийм зорилгоор соёлын салбарын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, ойрын үед олгоогүй хөрөнгө оруулалт хийж буй нь сайшаалтай. Харамсалтай нь харах нүд, бодох оюунаа боомилуулсан хэсэг нь хүнд хэцүү цагт театраа боль, соёлын ордноор яах юм, музейд хэн очих юм бэ гэх маягаар хар сүүдэр тусгах гэж санаархсаар л байна. Соёлын салбарын 7000 ажилтан тэднээр үйлчлүүлдэг сая сая хүмүүс үүний эсрэг байгаа гэж найдна. Шинэ оны өмнөхөн Засгийн газар Хүүхдийн төлөө фонд байгуулахыг дэмжиж, цаашид нэмэгдэх төсөв хуваарилсан ч ийм учиртай. Төрийн өндөрлөгүүдээсээ эхлээд хүүхдийн төлөө хамтдаа зүтгэх гэж нэг зүгт хараад байна. Театрын уран бүтээл хүүхдүүдийг уран сэтгэмжтэй, бүтээлч болгож өөрчилдөг бол номын санд очсон хүүхдүүд оюунаа тэлэхээс гадна бусдыг хүндэлдэг, соёлтой болно гэдгийг ширхэг бүрчлэн тайлбарлах нь илүүц биз. Гар утас, телевиз ширтэн цахим хамааралтай боллоо хэмээн бид ирээдүйн иргэдийнхээ өмнөөс гасалж, очоод цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх газар байдаг сан бол гэж шаагилддаг. Дайны үед ч бүтээн байгуулалт хийж их сургууль барьж байсан ард түмэн хүүхдийн төлөөх бүтээн байгуулалтад гар татах учиргүй. Хүн болж, өөрийгөө танин мэдэх ухаанд та ч үлгэрлэнэ, тэдний орчин ч нөлөөлнө гэдгийг бүү мартаарай. МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН 38 ХУВЬ НЬ ХҮҮХДҮҮД Иргэдийнхээ 38 хувьд хамаатай бүтээн байгуулалтын төлөө энд ярьж, бичиж буй. Бас ирээдүйн Монгол Улсыг жолоодогчдын тухай ч цаана нь хөндөгдөж байгаа. Эрдэм мэдлэг, соёл боловсролыг эрхэмлэгчдийг бий болгох уу эрх мэдэл, эд хөрөнгөний боолуудыг төрүүлэх үү. Хатуухан хэлэхэд хоёр дахь сонголтод арай ойр яриа л эдүгээ өрнөөд байх шиг. Баталгаат эх сурвалжаас мэдээлэл хүлээн авах дадалгүй, хөөсөрсөн, худал мэдээлэлд амархан итгэдэг, хүний үгэнд оромтгой, өөрийн гэсэн бодолгүй хэсэг нь өнөөдөр нийгмийн дунд дэндүү давамгайлсан нь оюун санааны боловсролыг хойш тавьсантай холбоотой хэмээн мэргэжлийн хүмүүс, эрдэмтэн мэргэд дүгнэдэг. 1.2 сая хүүхдүүдийн минь 528 мянга нь буюу 42 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна. Тэгэхээр 800 гаруйхан мянган хүн амтай байхдаа л Хүүхдийн номын сан байгуулах хэрэгцээг тодорхойлж байсан хэрнээ өнгөрсөн түүхийн алдааг давтан нэгэн жарны дараа ч гар хумхин сууж болохгүй. Номын санд сургуулийн өмнөх насныхан болон бага, дунд ангийнханд зориулсан танхимыг тусгайлан шийдэж, өрнө, дорно хэлний 6-7 танхимтай байлгахаар төлөвлөжээ. Таны, бидний, олон нийтийн өгсөн хандив бүр нээлттэй, шилэн данстайгаар бүтээн байгуулалтын ажилд зарцуулагдаж Хүүхэлдэйн театр, Хүүхдийн төв номын сангийн цогцолборыг удахгүй бүтээнэ. ХҮРЭХЭД ОЙР НОМЫН САН, ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ТЕАТР Тасганы овооны налуу байдал болон газрын нөхцөл байдал уялдуулан төслийн зургийг боловсруулсан билээ. Байршил нь ч хаанаас ч хүрэхэд ойр байгаа нь таатай. Тухайлбал Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг хүүхэд Баянхошуунаас зурагтын замаар уруудан номын санд ирэх боломжтой бол нэгдүгээр хороолол орчмоос энэ хүртэл тав хүрэхгүй километр байдаг. Түүнчлэн төв талбайгаас 1.5 км зайтай энэ цогцолбортой 50, 5, 24, 23, 1-р сургууль ойр байрладаг. Мэдээж бүх хүүхдэд хүртээмжтэй байх үүднээс салбар номын сан хаа сайгүй л байх учиртай. Эхний ээлжинд Хүүхдийн төв номын сангаа зориулалтын барилга байшинтай болгоод авчихвал дараагийн алхмуудыг ч хийх боломжтой болох нь дамжиггүй. Энэ цогцолбор нь архитектур төлөвлөлтийн хувьд ч түүх дурсгалын байгууламжтай ойр, цэцэрлэгт хүрээлэн байгуулах талбайтай учраас бас нэгэн давуу талтай. Номын санд сургуулийн өмнөх насныхан болон бага, дунд ангийнханд зориулсан танхимыг тусгайлан шийдэж, өрнө, дорно хэлний 6-7 танхимтай байлгахаар төлөвлөжээ. Мөн хүүхдийн амрах, тоглох орон зай, хичээл хийх орчинг бий болгож, кафе хурлын танхимтай орчин үеийн номын сан байгуулах юм. Харин Хүүхэлдэйн театр нь 600 хүүхдийн суудалтай их танхим, 150 хүүхдийн суудалтай бага танхимтайгаас гадна 5D танхим, энтертайнмент төв, хүүхэлдэйн музей болон дулааны улиралд ашиглаж болох задгай театртай төлөвлөгдсөн байна. Хүүхдийн зохиолч О.Сундуй Ном бол миний бодлоор ухаарахуйн тулах цэг. Хүүхэд номд дурлахгүй өсөх аваас тулах цэггүй жингүйднэ хэмээн бичсэн байдаг. Ухаарахуйн тулах цэг болсон Номын сангаа, уран сэтгэмжээ хөгжүүлдэг театраа байгуулчихвал та бидний эндүүрэл ч дараагийн хэдэн жилдээ багасах биз ээ. Хүүхдийн хөгжлийн төлөө зориулсан сэтгэл, бүтээх гэж ажлыг бүү харлуулаарай хэмээн эрх олон түмнээсээ энэ завшааныг ашиглан хүсье. Ж.Солонго Эх сурвалж:Соёлын яам

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.