ЕРӨНХИЙ САЙД МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛТАН МОНГОЛД УС АГААР МЭТ ХЭРЭГТЭЙ БАЙГААГ ОНЦОЛЛОО

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар зохион байгуулсан Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын улсын анхдугаар зөвлөгөөний нэгдсэн хуралдаан аравдугаар сарын 3-нд Төрийн ордонд боллоо. Салбар хуралдаанаар эхэлсэн улсын зөвлөгөөнд төрийн болон хувийн хэвшлийн 84 МСҮТ, Политехник коллежийн 2469 багшийг төлөөлж 600, төрийн болон иргэний нийгмийн байгууллагынхан, мэргэжлийн боловсрол сургалтын салбарын түнш ажил олгогчид, аймаг орон нутгийн удирдлага, мэргэжлийн холбоод, олон улсын донор байгууллага, төсөл хөтөлбөрийн ажилтнуудын төлөөлөл 200-гаад төлөөлөгч оролцсон. Зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлсэн. Тэрбээр Засгийн газар эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх тогтолцоог хөгжүүлэх, багш, суралцагчдын ур чадварыг дээшлүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг үр өгөөжтэй болгох, төгсөгчдийг байнгын ажлын байраар тогтмол хангасан аж ахуйн нэгжүүдийг дэмжих зэргээр ажиллаж байгааг үгэндээ онцлоод Газрын тос боловсруулах үйлдвэр, дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламж, сайжруулсан түлшний үйлдвэр, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, Чингис хаан музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн театр, орон сууцны хороолол, Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэгдүүлэх, уул уурхай, авто зам гээд томоохон бүтээн байгуулалтад оролцох мэргэжилтэй ажилчид ус, агаар мэт хэрэгцээтэй байна хэмээсэн. Ерөнхий сайд мөн цаашид аж ахуйн нэгжүүд, ажил олгогчид Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудтай хамтран ажиллах, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох төвүүд байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй залуусыг сургах зэргээр идэвхтэй ажиллах шаардлагатай байгааг ч хэллээ. Улсын анхдугаар зөвлөгөөнд оролцогчдод УИХ-ын дарга илгээлт ирүүлж амжилт хүссэн. Мөн УИХ-ын НББШУ-ы байнгын хорооны дарга Д.Оюунхорол үг хэлж төрөөс мэргэжлийн боловсрол сургалтын салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, багш нарын нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэсэн бодлого үйл ажиллагааны талаар ярилаа. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын өнөөгийн байдал тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаар дэлгэрэнгүй өгүүлсэн Мэргэжлийн боловсрол сургалтын хөгжлийн хандлага-Мэргэжлийн багшийн шинэ дүр төрх илтгэлийг тавьсан. Сайд илтгэлдээ мэргэжлйин боловсрол сургалтын салбарт түншлэл, салбар дундын зохицуулалт хангалттай биш байгааг дурдаад ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийг бодитой тодорхойлох, зохистой нийцлийг хангах нь тулгамдсан асуудлын нэг болсон бөгөөд сургалтын агуулга, арга зүйн шинэчлэлийг өргөжүүлж гүнзгийрүүлэх, санхүүжилтийн тогтолцоог шинэчлэх нь чухал байгааг онцолж байлаа.

“Залуучууд солилцооны хөтөлбөр” хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахаар санал солилцлоо

Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр БНСУ-ын Чүнь Чон хотын орлогч дарга Ким Ман Ги тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд БНСУ-ын Чүнь Чон хотын орлогч дарга Ким Ман Ги 2020 онд Чүнь Чон хотод зохион байгуулагдах Залуучууд солилцооны хөтөлбөр-т Улаанбаатар хотын залуучуудыг хамруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа тавьсан саналыг талархалтайгаар хүлээн авч Монгол Улс, БНСУ өнгөрсөн хугацаанд олон салбарт харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлж ирсэн. Манай улс Сөүлийн өдрүүд арга хэмжээг жил бүр зохион байгуулж байна. Сөүл хотын боловсролын газартай ч мөн нягт уялдаа холбоотой ажилладаг. Өнөөдрийн уулзалтын үр дүнд манай хоёр хотын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна хэмээлээ. Уулзалтын төгсгөлд талууд ирэх онд хэрэгжүүлэх Залуучууд солилцооны хөтөлбөр-т хамтарч ажиллахаар санал солилцсон юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Оюуны бэрхшээлтэй хүүхдийг биеийн тамир спортын үйл ажиллагаанд тэгш хамруулна

Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны дэмжлэгээр Монголын тусгай олимпын хорооноос хэрэгжүүлж буй оюуны бэрхшээлтэй хүүхэд, залуусыг бүх нийтийн биеийн тамир спортын үйл ажиллагаанд тэгш хамруулах зорилготой Хамтарсан фитнесс хөтөлбөрБаянзүрх дүүрэгт 7 хоног тутам хэрэгжиж байна. Тодруулбал, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн хөл бөмбөгийн талбайд тус хамтарсан фитнесс хөтөлбөрийн нээлттэй өдөрлөг боллоо. Өдөрлөгт дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Амартүвшин, Монголын тусгай олимпын хорооны эрүүл мэндийн хөтөлбөрийн захирал Г.Жавзандулам, дүүргийн ерөнхий боловсролын 55 сургууль болон бусад сургуулиудын төлөөлөл болох 70 гаруй хүүхэд, эцэг эхчүүд оролцлоо. Хөтөлбөрийн хүрээнд оюуны бэрхшээлтэй болон бэрхшээлгүй хүүхэд багачуудыг хамтрагчид болгож биеийн тамирын сонирхолтой хичээлд хамруулсан юм. Ингэснээр энгийн хүүхдүүд оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг илүү сайн ойлгож, тэднийг ялгаварлан гадуурхах хандлагаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдол билээ. Иймд та бүхэн тус фитнесс хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч, хүүхэд, багачуудаа хамруулах хүсэлтэй байгаа бол Тусгай олимпын хорооны 99053350 дугаартай холбогдоно уу.

Мэдээллийн технологи гадаад хэлний анхан шатны сургалтыг төлбөргүй зохион байгуулж эхэллээ

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллийн технологи, гадаад хэлний анхан шатны сургалтыг нийслэлийн залуучуудын хөгжлийн төвд 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Эхний ээлжинд фотошоп программын анхан шатны сургалт, солонгос хэлний анхан шатны сургалтууд хичээллэж эхлэх бөгөөд цаашид сургалтын төрөл, анги нь нэмэгдэх юм. Энэхүү ангиуд нь оюутан залуучууд болон ажил хийдэг залуучуудад зориулж оройн цагаар буюу 18:00 цагаас хичээллэж байгаа юм. Тус сургалтад хамрагдахыг хүссэн залуучууд доорх хаягаар орж сургалтын анкетыг татан авч [email protected] хаягаар сургалтын анкетыг ирүүлэх юм. Мөн нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байранд өөрийн биеэр ирж бүртгүүлж болох юм. Бүртгэлийн тоо хязгаартай тул амжиж бүртгүүлнэ үү. Холбоо барих: НГБХЗХГ-ын мэргэжилтэн: О.Буяндэлгэр 8877-4344

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.