Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал-д Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Хандлагаа өөрчилье сэдвээр үндсэн илтгэл тавилаа. Шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх үйл явцыг эрчимжүүлэх, шинжлэх ухаан, технологи, инновацийн чиглэлээр бодит ахиц дэвшил гаргах, нийгмээс шинжлэх ухаанд хандах хандлагыг өөрчлөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн хурал болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд Хандлагаа өөрчлөх-ийг уриаллаа. Аливаа зүйлд хандах хувь хүний ч бай, нийгмийн оюун санааны ч бай хандлага ямар байхаас тэрхүү зүйл нь цаашдаа сайнаар ч, саараар ч танигдах, хөгжин дэвших, эс хөгжин доройтох, шагшигдан магтагдах, гоочлон муулуулах, хэрэгжиж биелэлээ олох эс бөгөөс гацаж саатан зогсохын салаа замын нэгнээр замнах болдог нь хэнд ч нууц биш юм. Тийм болохоор бид төр засгийн буюу бодлого шийдвэр гаргах түвшиндээ ч, хэрэгжүүлэх түвшиндээ ч шинжлэх ухаанд хандах Хандлагаа өөрчилье гээд хэд хэдэн зүйлийг онцлов. Нэг:Бодлого, шийдвэр гаргах, хөгжлийн бодлого боловсруулахдаа шинжлэх ухааны үндэслэл, судалгаа, тооцоололгүй хандах, гадны хөгжлийн бодлогыг шууд хуулбарлах байдал түгээмэл байна. Үүний зэрэгцээ бодлогын шийдвэрт шинжлэх ухааны үндэслэл, тооцооллыг зөв тусгаж боловсруулахад чиглүүлж ажилладаг төрийн мэргэшсэн институцийн тогтолцоо сул байна. Ийм учраас судалгаа боловсруулалтын ажлын үр дүн, төрийн бодлогын харилцан хамаарал, уялдааг хангах чиглэлд дорвитой алхмууд хийх цаг болжээ. Хоёр:Сүүлийн жилүүдэд Монголын эрдэмтдийн бүтээл дэлхийн түвшинд үнэлэгдэж, хэвлүүлсэн бүтээлийн тоо жилээс жилд тогтмол өссөөр байна. Сүүлийн 10 жилийн дотор Монголын эрдэмтдийн гадаадад хэвлүүлж буй бүтээлийн тоо 5.1 дахин өссөн. Жилийн дундаж өсөлт нь 9 хувь байна. Скопуст /Scopus/ бүртгэлтэй мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлж буй бүтээлийнхээ тоогоор Монгол Улс Азийн эхний 20 улсын эгнээнд орж, манай эрдэмтдийн бүтээлээс 64.0 мянга гаруй удаа ишлэл хийгдээд байна. Шинжлэх ухаан технологийн салбарт маань чадварлаг эрдэмтэн судлаачид олон байгаа ч салбарыг бүхэлд нь авч үзвэл судалгааны бүтээмж, хүртээмж чамлалттай хэвээр байна. Цаашид эрдэм шинжилгээний ажилчдыг чадавхижуулах, ахисан түвшний суралцагсдыг судалгаа боловсруулалтын ажилд татан оролцуулах, сургалтыг нь оновчтой, үр дүнтэй хэлбэрээр шинэчлэн зохион байгуулах шаардлага байна. Энэ чиглэлд их сургуулиуд онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна. Гурав:Улс орны хөгжлийг тодорхойлох нэгэн үзүүлэлт болох нэг хүнд ногдох шинжлэх ухаан, боловсролын хөрөнгө оруулалтын үзүүлэлт АНУ-д 100 ам.доллар, Японд 900 ам.доллар, Финландад 800 ам.доллар бол Монголд 1 ам.доллар байна. Хөгжингүй болон хөгжиж буй орнуудын практикаас харахад, шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилтийн 20 хувийг цалинд, 80 хувийг эрдэм шинжилгээ судалгааны ажилд зарцуулдаг бол, манай улсын хувьд 67,3%-ийг цалин, тогтмол зардалд, үлдсэн 32,3%-ийг эрдэм шинжилгээний ажилд зарцуулж байна. Энэ байдлыг өөрчилье! Дөрөв:Зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойшхи 30 жилийн хугацаанд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Мал эмнэлгийн хүрээлэнгийн лаборатори, Хими, химийн технологийн хүрээлэнгийн Биологийн идэвхтэй бэлдмэлийн туршилт үйлдвэрлэлийн цех болон Шинжлэх ухааны судалгааны нэгдсэн лаборатори гэсэн 3 барилгыг бариулж ашиглалтад оруулсан. Энэ бол маш хангалтгүй үзүүлэлт юм. Засгийн газрын 2019 оны 238 дугаар тогтоолоор Шинжлэх ухааны парк байгуулах ажлыг эрчимжүүлэх шийдвэр гарч, ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг гадаадын төсөл хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэх ажлыг эрэлхийлэн ажиллаж байна. Тав:Төр, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн салбар хоорондын түншлэлийг шинэ шатанд гаргах, үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудал нэн чухал болоод байна. Шинжлэх ухаан, технологийн түншлэлийг хөгжүүлэхэд нэгдүгээрт, төр, шинжлэх ухааны хамтын ажиллагаа, түншлэлийг эргэн харах, хоёрдугаарт, эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн хоорондын түншлэлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг нягтруулах, гуравдугаарт, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн түншлэлийг шинэ шатанд гарган хөгжүүлэх шаардлагатай болжээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг илтгэлийнхээ төгсгөлд Цаашид бид юуг хэрхэн хийх вэ? гэсэн асуулт тавиад, хандлагаа өөрчилж, хамтаараа хийх дараах зүйлсийг уриаллаа. Төр шинжлэх ухаанд хандах хандлагаа өөрчилье, Шинжлэх ухааны салбарт нөөцийг төвлөрүүлье, Судалгааны их сургуулийг байгуулъя, Шинжлэх ухааны салбарт дэлхийн түвшний манлайлагчдыг бэлтгэе, Аж үйлдвэрийн IV хувьсгалд өөрсдийгөө бэлдье, Хамтран ажиллах соёл төлөвшүүлье, Шинжлэх ухаанчаар сэтгэдэг хандлага бий болгоё.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын нээлттэй өдөрлөг эхэллээ
2019-09-27 14:09:24 Нийтлэгдсэн: БоловсролБоловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын үйл ажиллагааг сурталчлан таниулах нээлттэй өдөрлөгийн албан ёсны нээлт Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын хөгжим Сэрсэн тал аялгуугаар ёслол төгөлдөр эхэллээ. Аялгууг Монгол төрийн үндэсний их найрал, сонифони найрал хөгжимчид, Морин хуурын чуулгын уран бүтээлчид Чингис хааны хөшөөний урд эгшиглүүллээ. Салбарын үйл ажиллагааг олон нийтэд хүргэж үйл ажиллагааг БСШУС-ын Сайд Ё.Баатарбилэг нээлээ. БСШУС-ын сайд ЁНДОНПЭРЭНЛЭЙН БААТАРБИЛЭГ: Эрхэм хүндэт иргэдээ! боловсрол соёл шинжлэх ухаан спортын салбарын ажилтан албан хаагчид, үе үеийн ахмадууд, алдартан гавьяатнуудаа! Намрын налгар энэ сайхан өдөр Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг сурталчлах Нээлттэй өдөрлөг-ийн хүрээн БСШУСЯ наас зохион байгуулж буй арга хэмжээнд хүрэлцэн ирсэнд талархал дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе. Өнөөдөр Монгол Улсын 1,5 сая километр хавтгай дөрвөлжин нутагт 21 аймаг, 9 дүүрэг, 330 гаруй суманд үйл ажиллагаа явуулж буй 1500 цэцэрлэг, 800 гаруй ерөнхий боловсролын сургууль, ,80 гаруй их дээд сургууль, 90 мянган багш ажилтнууд ажиллаж, 1 сая 100 мянган хүүхэд багачууд, залуус сурч хүмүүжиж байна. Соёл урлагийн 780 байгууллагад 7140 ажиллагсад ажиллаж, жилд давхардсан тоогоор нийт 5 сая гаруй иргэдэд соёл урлагийн үйлчилгээ үзүүлж байна. Шинжлэх ухааны салбарт 4500 гаруй хүн ажиллаж, эрдэм шинжилгээ, судалгаа бүтээн туурвиж байна. Спортын салбарт төрийн 32 байгууллага, 70 гаруй спорт холбоод, 300 гаруй спортын клуб үйл ажиллагаа явуулж, 4300 гаруй салбарын тамирчид, ажилтан албан хаагчид ажиллаж байна. Манай улсын нийт төрийн албан хаагчдын 54 хувь буюу 105 мянган албан хаагчид Монгол Улсынхаа иргэдэд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын үйлчилгээ үзүүлж, улс эх орныхоо нэрийг тив дэлхийд цуурайтуулж, иргэддээ эх оронч үзэл сэтгэлгээг төлөвшүүлж, ард олныг соён гэгээрүүлэх ажлыг чинхүү сэтгэлээр хийж гүйцэтгэж байна. Энэ чухал салбарт Монгол Улсын Засгийн газраас үеийн үед байнга анхаарч, ард иргэдийнхээ боловсролын асуудалд нэн тэргүүний ач холбогдол өгч ирсний нэг тод жишээ бол жил бүр батлагдаж буй улсын төсвийн хөрөнгө оруулалтын 15-20 хувь, МУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний 4-5 хувийг энэ салбарт хуваарилж ирснээр харагдана. Иргэддээ хүргэж буй бидний үйлчилгээ-г үргэлж дэмжиж байдагт Та бүхэндээ талархал илэрхийлье. Та бүхнийг манай салбар бүрийн хийсэн бүтээн ажлуудтай танилцаж, зөвлөгөө мэдээлэл авч, санал бодлоо хуваалцахыг урьж байна гэлээ.
Нэгдүгээр ангид элсэн суралцаж буй сурагчдад хичээлийн хэрэгсэл гардууллаа
2019-09-26 09:58:51 Нийтлэгдсэн: БоловсролНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын явуулын ажлын байранд холбогдох албан тушаалтнуудын хамт Налайх дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр тус дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын нэгдүгээр ангид элсэн суралцсан сурагчдад хичээлийн хэрэгсэл дүүрэн цүнх бэлэглэлээ. Тус бэлгийг БНХАУ-ын Ядуурлыг бууруулах сангаас хэрэгжүүлсэн Хайрын илгээмж төслийн хүрээнд олгож байгаа аж. Налайх дүүргийн Эрдмийн оргил цогцолбор сургууль, Голомт цогцолбор сургууль, 119-р сургууль, 109-р сургууль, 103-р сургуулиудын нэгдүгээр ангид элсэн суралцаж байгаа 968 хүүхдэд хичээлийн хэрэгсэл бүхий Панда цүнхийг гардууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, БНХАУ-ын Ядуурлыг бууруулах сангийн Дэд ерөнхийлөгч Лю Вэн Күй, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар болон тус сургуулиудын захирал, багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүдийн төлөөлөл, нэгдүгээр ангид элсэн суралцаж байгаа бяцхан сурагчид оролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Энэ жил Налайх дүүрэгт нэгдүгээр ангид 980 хүүхэд элсэн суралцаж байна. Улс орны ирээдүйн хөгжлийн түлхүүр болсон хүүхэд, багачуудынхаа сурч боловсрох их үйлсийн төлөө бид сэтгэл зүтгэл гарган хамтран ажиллаж ёстой. Энэ жил Налайх дүүрэгт олон сургууль, цэцэрлэгийн өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдэж байна. Ингээд бяцхан сурагчиддаа аав, ээжийнхээ ачийг хариулсан, улс эх орондоо ихийг хийж бүтээсэн, эрдэм мэдлэгтэй зөв хүн болж төлөвшихийг хүсэн ерөөе хэмээлээ. БНХАУ-ын Ядуурлыг бууруулах сангийн Дэд ерөнхийлөгч Лю Вэн Күй Монгол, Хятад хоёр улс эртний уламжлалт найрамдалт харилцаатай билээ. Энэхүү Хайрын илгээмж төсөл нь хоёр улсыг холбосон дахин нэг нөхөрлөлийн гүүр болно гэдэгт итгэж байна. Энэ төсөл Монгол улсад албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Налайх дүүрэгт нэгдүгээр ангид элсан орсон бүх сурагчдад цүнх бэлэглэж байна гэв. Панда цүнхэнд үндсэн хичээлийн хэрэгсэл болон дүрслэх урлагийн хэрэгсэл, жуоньсон тоглоом, өдөр тутмын хэрэгцээт зүйлс гэсэн үндсэн таван төрлийн хичээлийн хэрэгсэл багтсан байна. Нийтэлсэн:Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Нийслэлд 26 сургууль, цэцэрлэгийн барилга, байгууламж шинээр ашиглалтад ороод байна
2019-09-26 09:45:44 Нийтлэгдсэн: БоловсролНийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлд гурван ээлжээр хичээллэж байгаа төрийн өмчийн сургуулиудын хүртээмжийг нэмэгдүүлж 100 хувь хоёр ээлжинд шилжүүлэх, зарим хороодод сургууль, цэцэрлэг шинээр барьж байгуулахаар тусгагдсан. Тэгвэл өдгөө Улаанбаатарт 26 сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулаад байгаа юм. Ингэснээр сургуулийн сурагчдын суудлын тоо 6840, цэцэрлэгийн хүүхдийн ор 2500-аар нэмэгджээ. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас нийслэлийн хэмжээнд энэ онд улсын төсвийн хөрөнгөөр ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн барилгын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Хот байгуулалт, хөгжлийн газраас Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Д.Жүрмэддорж Барилга байгууламжийг эхлүүлж, эцсийн шатанд хүлээж авч ашиглалтад оруулах явцад алдаа дутагдал цөөнгүй илэрч байна. Тухайлбал, захиалагч буюу хяналт хэрэгжүүлэгч байгууллага нь барилга байгууламжийн шаардлагатай бичиг баримтыг дутуу бүрдүүлэх, барилгын ажлын явцын дунд зураг өөрчлөх, эрх бүхий байгууллагаас тавьсан шаардлагыг хэрэгжүүлэхгүй асуудал гарч байна. Мөн зарим барилгын зураг төслийг зохиогч байгууллагуудын мэргэжлийн хариуцлага дутмаг байна. Харин гүйцэтгэгч байгууллагууд хяналтаа сул тавьж байгаа бөгөөд зураг төслүүдээс зөрүүтэй гүйцэтгэхийн зэрэгцээ зам талбайн ажил хийхгүй орхих зэрэг асуудал цөөнгүй илэрсэн. Зураг төслийг зохион байгуулагч байгууллагууд цэцэрлэгийн барилгын гал тогооны хэсэг рүү хүнсний бүтээгдэхүүн буулгадаг зайлшгүй шаардлагатай орц гарц талбайг тусгахгүй орхигдуулдаг асуудал ч бий. Эдгээрийг бид дүгнэж цаашид яах хэрэгтэй талаар зөвлөмж өгөн ажиллаж байна гэлээ. Хот байгуулалт, хөгжлийн газар нь наймдугаар сард нийт 73 барилгад шинээр зөвшөөрөл олгож, таван барилга байгууламжийн зөвшөөрлийн хүчинтэй хугацааг сунгасан бол энэ сард нэмж 82 барилгад шинээр зөвшөөрөл олгож, нэг барилгын зөвшөөрлийн хүчинтэй хугацааг сунгаад байгаа аж. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Cөүл хотын их сургуулийн салбарыг Монгол улсад байгуулах асуудлаар санал солилцлоо
2019-09-25 09:38:18 Нийтлэгдсэн: БоловсролБоловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын их сургуулийн ерөнхийлөгч Сун Соон Так тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэтхэг, Индонез, Вьетнам зэрэг Азийн хэд хэдэн оронд судалгаа хийсний үр дүнд Сөүл хотын их сургуулийн гадаад улс дахь анхны олон улсын кампусыг Төв аймагт байгуулахаар төлөвлөсөн, орон нутгийн удирдлагын зүгээс дэмжиж байгаад талархалтай байна гэж Ноён Сун Соон Так яриагаа эхэллээ. 2020 оноос барилга, бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлж, 2023 онд анхны элсэлтээ авах төлөвлөгөөтэй бөгөөд тус сургуулийн оюутнууд 3+1 буюу Монгол Улсад гурван жил суралцаад дадлагажих хөтөлбөрөө БНСУ-д дүүргэнэ. Ухаалаг хот төлөвлөлт, архитектур, ай си ти цахим засаглал, хөдөө аж ахуйн мэргэжлүүдээр боловсрол олгоно гэв. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг гадаад улстай хамтарсан сургууль байгуулж, кампус хэлбэрээр хөгжүүлж буй сайн туршлага бидэнд буй, тухайлбал Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн сургууль гэдгийг дурдаад танай төслийн хувьд орон нутагт хэрэгжүүлэхээрээ онцлог, нийслэлийн төвлөрлийг сааруулахад чухал ач холбогдолтой юм гэлээ. Тиймээс мэргэжил, боловсролын зэрэг олгох сургалтын үйл ажиллагаа эрхлэх, багшлах хүний нөөцийг ажиллуулахтай холбоотой зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу олгож, бодлогын дэмжлэг үзүүлэхэд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлэв. Уулзалтад Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Монгол-Солонгосын эдийн засгийн форумын гүйцэтгэх захирал Т.Буян-Ундрах болон Сөүл хотын их сургуулийн төгсөгчдийн холбооны ерөнхийлөгч Жэ Сонг Ху, мөн сургуулийн хот төлөвлөлтийн олон улсын сургуулийн захирал Пак Хён нар оролцов. Дашрамд дурдахад 101 жилийн баялаг түүхтэй Сөүл хотын их сургуульд өнөөгийн байдлаар 25 монгол оюутан элссэн бөгөөд зарим нь хэдийнэ төгсөөд эх орондоо иржээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй