Соёлын өв, дурсгалыг сэргээн засварлах чиглэлээр БНСУ-тай хамтран ажиллана

Солонгосын Соёлын өвийн сангийн ерөнхийлөгч Жин Ук Саб болон тус сангийн төлөөлөл Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэнтэй уулзаж, Монгол-Солонгосын соёлын өвийг хадгалж хамгаалах, сурталчлах, чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов. Мөн Монгол Улсын Соёлын өвийн үндэсний төвтэй Хамтын ажиллагааны санамж бичиг-т гарын үсэг зурлаа. Талууд хоёр улсын соёлын биет болон биет бус өвийн хадгалалт, хамгаалалтын чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлж, техник, технологийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм. Солонгосын Соёлын өвийн сан нь соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах, бүтээлч байдлаар хөгжүүлэх, сурталчлан таниулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэргэдэх төрийн байгууллага юм. Энэхүү байгууллага нь анх 1980 онд Солонгосын соёлын дурсгалыг хадгалж хамгаалах нийгэмлэг нэрээр байгуулагдсан бөгөөд 1990 оноос Соёлын өвийн сан нэрийн дор үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс өмнө манай улсын Соёлын өвийн үндэсний төвийн санаачлагаар хоёр байгууллагын төлөөлөл 2019 оны дөрөвдүгээр сард БНСУ-д танилцах, туршлага солилцох уулзалтыг зохион байгуулж байжээ.

Чингэлтэй дүүрэгт энэ онд сургууль, цэцэрлэгийн 10 барилга шинээр ашиглалтад орно

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа тэргүүтэй албаныхан өнөөдөр Чингэлтэй дүүрэгт ажиллав. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар боловсролын салбарт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэв. Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны 74 дүгээр цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгын ажил 2018-2019 он дамжин баригдаж байгаа юм. Барилгын ажил өнөөдрийн байдлаар 72 хувийн гүйцэтгэлтэй байна. Барилга барьж буй газар нь намагтай учраас бага зэргийн суулт өгчээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа энэ асуудлыг мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл, барилгын гүйцэтгэгч компанийн удирдлагуудыг оролцуулан энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэж үзлээ. 1.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тус цэцэрлэгийн өргөтгөлийн ажлыг Грийн ресурс констракшн ХХК гүйцэтгэж байна. Чингэлтэй дүүрэгт он дамжсан 13, 2019 оны төсөвт тусгасан есөн барилгын ажил явагдаж байна. Он дамжин хийгдэж буй барилгууд дунджаар 65 хувийн гүйцэтгэлтэй байна. Он дамжин хийгдэж байгаа ажлуудаас энэ хичээлийн жил эхлэхээс өмнө 10 ажлыг нь хүлээлгэн өгнө хэмээн Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль ярилаа. Үүний дараа тус дүүргийн 17 дугаар хорооны 103 дугаар цэцэрлэгийн 150 ортой өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцав. Уг өргөтгөлийн барилгын ажил мөн он дамжин хийгдэж буй юм. Барилгын ажлын нийт өртөг 1.5 тэрбум төгрөг. Гүйцэтгэгчээр Глобал рост ХХК ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар барилгын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй. Төлөвлөгөөт хугацаанаасаа бага зэрэг хоцрогдолтой байгаа ч ирэх сарын 20-нд бүрэн ашиглалтад хүлээлгэн өгнө. Уг өргөтгөлийн барилгын тендерийг зарлахдаа бохирын асуудлыг тусгаж өгөөгүй. Тиймээс бохирын асуудлыг шийдвэрлэхийн тулд дахин 270 сая төгрөг шаардлагатай хэмээн Глобал рост ХХК-ийн удирдлагууд хэлж байв. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа холбогдох албан тушаалтнуудад энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж, төлөвлөгөөт хугацаанд нь ашиглалтад оруулахад анхаарахыг үүрэг болгов. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа 2016-2020 оны Засгийн газрын болон нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт цэцэрлэгийн хүртээмжийг 85 хувьд хүргэх, гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг хоёр ээлжинд шилжүүлэх зорилтыг тавин ажиллаж байгаа. Энэ жилийн хувьд нийслэлийн боловсролын салбарт бүтээн байгуулалтын 182 төсөл хэрэгжиж байна. Үүнээс энэ онд 73 цэцэрлэг, 30 сургуулийн барилга шинээр ашиглалтад орно. Өнөөдрийн тухайд Чингэлтэй дүүргийн хэмжээнд боловсролын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлуудтай танилцаж, зарим асуудлуудыг шийдвэрлэхээр боллоо. Компаниудын барилгын гүйцэтгэл харилцан адилгүй байна. Барилгын ажлын явц 50-70 хувьтай байна хэмээв.

Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 25-нд эхлэнэ

Цэцэрлэгийн насны багачуудыг энэ сарын 25-ны мягмар гарагт http://tsetserleg.ulaanbaatar.mn/registerсайтаар бүртгэж эхлэх юм байна. Хүүхдээ бүртгүүлэхдээ регистрийн дугаарыг нь хийхэд аль дүүргийн аль цэцэрлэгт хамрагдах тухай мэдээлэл гарч ирэх бөгөөд үүний дараа эцэг, эхчүүдийн гар утсанд бүртгэлийн тусгай дугаар ирэх аж. Цахим бүртгэлд 2015 онд төрсөн буюу шинээр цэцэрлэгт орох хүүхдүүдийг хамруулах бөгөөд анги дэвших орох хүүхдүүдийг цахимаар бус цэцэрлэг дээр нь наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд бүртгэх юм байна. Цахимаар бүртгэснээр цэцэрлэгийн хүүхэд элсүүлэх орон тоо болон бүртгүүлсэн хүүхдийн тоо нь нээлттэй байх аж. Харин анги дүүргэлт хэтэрсэн бол сугалааны аргаар цахимаар сонгон шалгаруулах юм байна. Бүртгэл явагдах хугацаа, хамрах хүрээ Цэцэрлэгт шинээр элсэх хүүхдүүдийн бүртгэл цахим хэлбэрээр 2017 оны 07 дугаар сарын 25-наас 08 дугаар сарын 24-нийг дуустал; Өмнөх хичээлийн жилийн суралцагчид, шинээр элсэх зорилтот бүлгийн хүүхдүүдийн бүртгэлийг хамтатган уламжлалт аргаар 2017 оны 08 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд ажлын цагаар; Шаардлагатай цэцэрлэгүүдэд Элсэлтийн тасалбар үйл ажиллагааг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр товлосон цагт нэгэн зэрэг Боловсролын хэлтсүүдийн удирдлага дор тус тус зохион байгуулна. Эцэг эх, асран хамгаалагчдад дараах шаардлагыг хангасан байх Оршин суугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй. Цахимаар бүртгүүлэхдээ зөвхөн оршин суугаа хорооны хамран сургах тойргийн цэцэрлэгийг сонгох Зорилтот бүлэгт хамаарах дараах иргэд холбогдох материалыг бүрдүүлсэн байх Цэцэрлэгийн эрхлэгч нарт 2015 оны 9-12 сард төрсөн хүүхдүүд элсэн орох эрх авсан тохиолдолд хоёр нас хүртэлх хугацаанд цэцэрлэгт явах эсэх асуудлыг шийдвэрлэх (2 нас хүрэх хугацаа хүртэл цэцэрлэгт яваагүй тохиолдолд орон тоо нь хадгалагдахаар зохицуулалт хийж болно) гэж заажээ.

​ЕБС төгсөгчдөд боловсролын баримт бичгийг сестемээс шууд хэвлэн олголоо

2018-2019 оны хичээлийн жилийн төгсгөлд суурь боловсролын 42140 гэрчилгээ, бүрэн дунд боловсролын 17222 үнэмлэхийг Боловсролын салбарын мэдээллийн системээс хэвлэн олголоо. Өөрөөр хэлбэл, өнгөрөгч хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн 9, 12 дугаар ангийг төгсөгчдөд боловсролын баримт бичгийг сургууль дээр нь Боловсролын салбарын мэдээллийн систем-ээс шууд хэвлэн олгодог болсон. Ингэснээр гэрчилгээ, үнэмлэхийг гараар бичих, бичилтийн техник алдаа гарах эрсдэл арилж, бичилт хийх, баталгаажуулахад зарцуулах хугацаа, явдал чирэгдэл, зардал багассан, багшийн ачааллыг бууруулсан зэрэг олон давуу тал бий болж байгаа юм. Мөн боловсролын баримт бичгийн эх хувийг цахим хэлбэрээр мэдээллийн санд хадгалдаг болсноор тухайн баримтад хэвлэгдсэн QR кодыг ашиглан лавлагааг түргэн шуурхай авах боломжтой боллоо.

Хүүхдийн зуслангийн багш нарт экологийн хичээлийн хөтөлбөрийг танилцуулах сургалт зохион байгууллаа

Зуны амралтаараа зусланд амарч байгаа хүүхдүүдэд экологийн боловсрол олгох, тэдэнд байгаль орчноо хамгаалах, хайрлах эерэг хандлагыг төлөвшүүлэхийн зэрэгцээ хувь хүний болон нийгмийн чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн хүүхдийн зусланд зориулсан сургалтын хөтөлбөрийг боловсруулан гаргасан байдаг. Нийслэлийн Байгаль орчны газар болон Иргэний боловсролын төв хамтран нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг зуслангийн багш нарт зориулан боловсруулсан экологийн хичээлийн хөтөлбөрийн зорилго, агуулгыг танилцуулах сургалтыг долдугаар сарын 05-ны өдөр Маргаашийн хөгжил хүүхдийн зусланг түшиглэн зохион байгууллаа. Тус сургалтад нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг Сэлбэ, Нарс, Ундраа болон Маргаашийн хөгжил зуслангуудын багш нар хамрагдав. Сургалтаар ус, ой мод, түүний экосистемд гүйцэтгэх үүрэг, ач холбогдолын талаарх хичээлүүдийг оролцооны арга дээр үндэслэн тоглоомын аргаар заах арга барилыг багш нарт эзэмшүүлэвгэж нийслэлийнБайгаль орчны газраас мэдээлэв.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.