Зургаа дахь жилийн оюутан цэргүүдийн сургалтын нээлт боллоо
2019-07-04 10:05:00 Нийтлэгдсэн: БоловсролҮндэсний батлан хамгаалахын их сургуулийн Шархад хээрийн сургалтын төвд Оюутан цэрэг сургалтын зургаа дахь ээлжийн цэргийн сургалтын нээлтийн арга хэмжээ боллоо. Оюутан, залуучуудыг эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт бэлтгэх, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох, ахмад үеийн дайчин уламжлалаар хүмүүжүүлэх, шаардлагатай үед дайчилгааны бэлтгэл нөөцийг бэлдэх зорилго бүхий оюутан цэргийн сургалтад энэ жил 1000 оюутан хамрагдаж байна. Оюутан цэрэг сургалт нь хугацаат цэргийн нэг жилийн сургалтыг дөрвөн сард багтаасан цэргийн албаны шинэ төрөл бөгөөд цэргийн 11 бага мэргэжлийг эзэмшүүлдэг байна. 2014 онд эхэлсэн тус сургалтад зургаан жилийн хугацаанд 5500 гаруй оюутан хамрагдаж, эх орныхоо өмнө эр цэргийн тангараг өргөжээ. Цэргийн сургалтын нээлтэд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, Зэвсэгт хүчин жанжин штабын удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг нарын зэрэг төрийн болон сургалтын байгууллагын удирдлагууд оролцлоо. Бид эх орондоо хэрэгтэй, жинхэнэ иргэн, эр цэрэг болон хатуужиж байна энэ үгийг оюутан цэргүүдээ төлөөлж үг хэлсэн байлдагч Ариунболд хэллээ. Дараа нь байлдагч Ариунболд, Билгүүтэй нар гоцлон нийт оюутан цэргүүд Эх орон эрчүүдээр дутна дууг дуулав. Мөн энэ үеэр сургалтын төвд шинээр баригдсан цэргийн байрнуудын нээлт боллоо. Төвхөн трейд компаний гүйцэтгэсэн долоон байр нээгдсэнээр тус төв оюутан, цэргүүдээ бүгдийг нь байршуулах боломжтой болсон юм.
Чингис хааны музей байгуулах Засгийн газрын тогтоол гарлаа
2019-07-04 09:59:38 Нийтлэгдсэн: БоловсролМонгол Улсын Засгийн газрын 2019 оны долдугаар сарын 03-ны өдрийн ээлжит хуралдаанаар Чингис хааны музей байгуулах, Байгалийн түүхийн музейг Үлэг гүрвэлийн музейтэй нэгтгэх тухай тогтоол баталлаа. Хуралдааны дараа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг хийсэн мэдээлэлдээ Байгалийн түүхийн музейн барилга ашиглалтын хугацаа дуусаж, нурахад бэлэн болсон. Үүний улмаас 12 мянган үзмэрийг агуулахад хадгалж байгаа. Уг музейн шинэ барилга ашиглалтад орох хүртэл өнөөгийн Үлэг гүрвэлийн музейн байранд үзмэрийг нээх юм. Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг буулгаж, Чингис хааны музейг байгуулах бөгөөд өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар зураг төслийг нь танилцууллаа. Уг музей Чингис хаантай холбоотой бүхий л судалгаа, шинжилгээ, эрдэм шинжилгээ болон аялал жуулчлалын төв байх юм. Энэ бол хүүхэд, залууст эх түүхээ танин мэдэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, түүгээр бахархах үзлийг төлөвшүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх түүхэн шийдвэр юм гэлээ.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙГ ХАМТ ОЛОНД ТҮШИГЛЭН ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГЫН ҮР ДҮН ГАРЧ БАЙГААГ ОНЦОЛЛОО
2019-07-04 09:57:35 Нийтлэгдсэн: БоловсролМонгол Улсын ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн 4 дүгээр Конгресс манай улсад анх удаа зохион байгуулагдаж, 43 орны 600 гаруй төлөөлөгчид оролцож байна. Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлагаар дамжуулан тогтвортой нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтийг дэмжих нь сэдвээр энэ удаагийн чуулга уулзалт явагдаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг эдийн засгийн хувьд эрх мэдэлжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаа, Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлага -ын сайн туршлага, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог хангахад чиглэсэн Бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагаа:2015 оноос хойших ололт амжилт болон тулгарч байгаа бэрхшээл гэсэн гурван сэдвээр нэгдсэн хуралдаан, 18 салбар хуралдаан хийж, 72 илтгэл хэлэлцүүлж байна. Конгрессын хоёр дахь өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан Орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулан сургаж буй байдал, асуудал, шийдэл сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр илтгэлдээ Монгол улс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхийг зөвхөн тусгай сургуулиар сургах байдлаар хангаж байсан хандлагаас татгалзаж, тэднийг ерөнхий боловсролын сургуульд тэгш хамруулан сургах шинэлэг үзэл санааг 1998 оноос эхлэн нэвтрүүлж эхэлсэн. 2003 оны 12 дугаар сард Боловсрол,соёл, шинжлэх ухаан, Эрүүл мэнд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 435/302/173 тоот хамтарсан тушаалаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулан сургах хөтөлбөрийг баталсан нь энэ салбарт маш том ахиц өөрчлөлт, туршлага, сургамжийг бий болгосон талаар дурдаад, орон нутагт тэгш хамруулан сургах талаар авч хэрэгжүүлж байгаа сайн жишгийг олон улсын төлөөлөгчдөд хуваалцлаа. Монгол улсад 2018 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 1,087 хүүхэд цэцэрлэгт, 6,518 хүүхэд ерөнхий боловсролын сургуульд тус тус суралцаж байна.
Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын төлөөллийн уулзалт Монгол-Солонгосын политехник коллежийн уулзалтын танхимд боллоо. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нар оролцож, коллежийн цахилгаан, сантехник механикийн дадлагын газартай танилцаж, Мэргэжлийн боловсрол гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж сонирхов. Хот, хөдөөгийн МСҮТ, ПТК-ийн багш нарын төлөөлөл оролцсон уулзалтыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нээж хэлсэн үгэндээ улсын хэмжээнд мэргэжлийн болон техникийн боловсролын түвшинд сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй төрийн болон төрийн бус өмчийн 84 МСҮТ, Политехник коллежид 4624 багш, ажиллагсад ажиллаж байгаагаас 2469 нь багш, 38,5 мянган суралцагч 16 салбарын 200 гаруй мэргэжлээр суралцаж, төгсөгчдийн 72,3 хувь нь төгсөнгүүтээ шууд ажлын байранд очиж, дараагийн шатны сургалтад хамрагдаж буй болон мэргэжлийн боловсрол сургалтын салбарын тогтолцоог хөгжүүлэх, боловсронгуй болгох зорилгоор Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийг шинэчлэхээр ажиллаж байгаа зэрэг мэдээллийг өглөө. Тэрбээр мөн Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багшийн техник мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, давтан сургах, багшийн нэр хүнд, ёс зүй, шаардлага, хариуцлагыг өндөржүүлэн, хөдөлмөрийг бодитой үнэлэх тогтолцоог бүрдүүлэх үүднээс Багшийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж энэ хүрээнд мэргэжлийн багш нарыг мэргэшүүлэх, шинэ техник технологийг эзэмшүүлэх давтан сургах сургалтыг төсөл хөтөлбөрүүдийн дэмжлэгтэйгээр 2600 гаруй багш, ажилтны мэргэжил ур чадварыг дээшлүүлээд ажиллах орчныг нь сайжруулахад анхааран ажиллаж байгааг дуулгалаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраас мэргэжлийн боловсрол сургалтын салбарт хэрэгжүүлж буй бодлого, цаашид авах арга хэмжээний талаар товч танилцуулсан. Ерөнхий сайд хэлэхдээ Монгол Улсын аль ч цаг үеийн хөгжлийн бүтээн байгуулалтыг сахилга хариуцлагатай, санаачилга зохион байгуулалттай, мэргэжлийн өндөр ур чадвартай ажилчид манлайлж явсан түүхтэй. Энэ манлайлагчдыг мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагууд, тэдгээрийн гол хүч болсон багш, сурган хүмүүжүүлэгч та бүхэн сургаж бэлтгэж ирсэн уламжлалтай. Улс орны хөгжил та бүгдийн нуруун дээр явж ирсэн. та бүгдийн гавьяа зүтгэлд Монгол Улсын Засгийн газар мэхийн ёсолж байна гэсэн юм. Засгийн газраас мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг дэмжих талаар тодорхой арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж байна.Багш нарын түвшин зэрэглэлийг ахиулж, түүнийг даган цалин хөлсийг өсгөж, үр дүнгийн мөнгөн урамшууллыг10 хувьболгон нэмэгдүүлсэн. Суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгож, шаардагдах 41.0 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусган хэрэгжүүлж байна. Тэтгэлгийн хэмжээг ирэх оноос дахин нэмэгдүүлэх зорилт тавьж байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг хөгжүүлэх талаар Монгол Улсын Ерөниийлөгч, УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүн нар нэгдсэн байр суурьтай байгаагаа мэдэгдэе гэсэн юм. Мөн уулзалтад оролцогч багш нарын хүсэл, санаачлагыг үндэслэн Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын нэгдсэн зөвлөгөөн-ийг ирэх аравдугаар сард өөрийн ивээл дор зохион байгуулж өгнө гэдгээ амлалаа. Уулзалтад оролцсон багш, сурагчдын төлөөлөл Ерөнхий сайдад хандан үг хэлж санал бодлоо илэрхийллээ. Тэд МСҮТ, Политехник коллежид 2018-2019 оны хичээлийн жилд 24.9 мянган суралцагч шинээр элссэн нь өмнөх жилийнхээс 28.1 хувиар өссөн төдийгүй энэ үзүүлэлт гурван жилийн өмнөхөөс даруй 5000 гаруйгаар өссөн дүн гэдгийг хэлж, залуус өөрийн сонирхол, авьяас чадвараа хөгжүүлж баялаг бүтээгч байхыг эрмэлзэх болсныг мэргэжлийн боловсролын салбарт суралцаж байгаа залуусын сонголтоос харж болохоор байгааг ярьж байлаа. Ерөнхий сайдын уулзалтын үеэр төлөвлөсөн нэг арга хэмжээ нь багш нарт компьютер гардуулах байлаа. Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг Багшийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж, хэрэгжүүлэх зарим арга хэмжээг баталсан юм. Энэ хүрээнд Засгийн газрын 145 дугаар тогтоол гарч Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн хөгжлийг дэмжих төв байгуулах, Цахим засаглал үндэсний хөтөлбөрийн хүрээнд багш нарыг компьютержуулахаар төлөвлөсөн бөгөөд эхний ээлжинд 1000 багш сургалтын үйл ажиллагаандаа хэрэглэх зөөврийн болон суурин компьютертэй болж буй юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт жил бүр Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаа-г хийж байна. Энэ судалгаагаар, Хөдөлмөрийн зах зээлийн богино хугацааны ажиллах хүчний эрэлтийг ажил мэргэжил, эдийн засгийн үйл ажиллагааны салбараар тодорхойлж, бодлого боловсруулагчид, судлаачид болон хэрэглэгчдэд хүргэдэг. Энэ судалгаанаас харахад, 2019 онд хөдөлмөрийн зах зээлд 69.4 мянган ажлын байр бий болох хүлээлттэй байна. Ажиллах хүчний эрэлтийг салбараар тодруулбал барилга, бөөний болон жижиглэн худалдаа, боловсруулах үйлдвэрлэлийн салбаруудад хамгийн их эрэлт бий болох хандлагатай байгаа аж.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд шинэ сургууль, цэцэрлэгийн шав тавилаа
2019-06-20 09:04:04 Нийтлэгдсэн: БоловсролНийслэлийн 133 дугаар сургууль 2017 онд шинээр байгуулагдсан. Нийт 1540 хүүхэд суралцдаг ч өөрийн гэсэн байргүйгээс БСШУСЯ-ны харьяа олон улсын хөтөлбөрийн сургалттай Монгол тэмүүлэл лаборатори сургуулийн 1, 2 дугаар давхарт хичээлийн 15 танхимд гурван ээлжээр хичээллэдэг байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр захирамж гаргаж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 мянган ам метр газрыг нийслэлийн Боловсролын газарт сургууль, цэцэрлэгийн цогцолборын зориулалтаар 15 жил эзэмшүүлэх эрх олгосон юм. Тэгвэл өнөөдөр 920 хүүхдийн суудалтай сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгын шав тавих ёслол боллоо. Ёслолын ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон холбогдох албаныхан, иргэдийн төлөөлөл оролцлоо. Шав тавих ажиллагааны үеэр хотын Захирагч С.Амарсайхан Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэд, сурагч багачууд, багш сурган хүмүүжүүлэгчдийн хувьд өнөөдөр түүхэн өдөр болж байна. энэ сургуулийн газрын асуудал олон жил яригдаж ирсэн. Төсөв нь батлагдаад гүйцэтгэгч компани нь ч шалгарсан байхад газар нь шийдэгдээгүй удсан. Өнөөдөр газрын асуудлыг шийдэж, барилгын шавыг тавьж байна. Гүйцэтгэгч компанийн хувьд асар өндөр хариуцлага ирж байна. энэ ондоо багтааж сургуулийн байрыг ашиглалтад оруулах хэрэгтэй. Нийслэлээс бүх асуудлыг шийдэж өгсөн байгаа хэмээв. Түүнчлэн Нийслэлээс гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг 2019 ондоо багтааж хоёр ээлж болгох зорилт тавин ажиллаж байна. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 73 цэцэрлэгийн барилга, өргөтгөлийг барьж хүртээмжийг 85 хувьд хүргэх, 33 сургуулийг шинээр барих, найман спорт заалыг барих гэх мэт төслүүдийг хэрэгжүүлж байна гэдгийг онцлов.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй