Мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис нэвтрүүлсэн үйлдлийг илрүүллээ

Тагнуулын байгууллагад ирүүлсэн мэдээллийн дагуу 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Гашуун Сухайт боомтоор Монгол Улсын иргэн Б мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлж, таслан зогсоолоо. Тэрбээр мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисыг амны хаалтны дунд нуун далдалж, улсын хилээр нэвтрүүлсэн байнагэж Тагнуулын ерөнхий газраас мэдээллээ.

Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2020 оны наймдугаар сарын 16-ны өдрөөс зогсооно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр 2020 оны аравдугаар сарын 15-нд байна. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу иргэний шилжилт хөдөлгөөнийг 2020 оны наймдугаар сарын 16-ны өдрөөс зогсоох тухай УБЕГ-аас мэдээллээ. Шилжилт хөдөлгөөнийг сонгуулийн санал авах өдрийн маргааш буюу аравдугаар сарын 16-ны өдөр сэргээнэ. Учир нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 24.1-т, Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ гэж заасан байдаг.

Ж.Батбаясгалан: Нийтийн эзэмшилд ариг гамтай хандахыг иргэддээ уриалж ажиллах хэрэгтэй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нарын холбогдох албаныхан өнөөдөр Чингэлтэй уулын энгэр бэлд байрлах олон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбайн үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбай нь 108x72метр,400 метрийн тойрог бүхий гүйлтийн 6 зам, дугуйн зам, галын техникийн спортын олон төрөлт олон улсын тэмцээнийг зохион байгуулах бүрэн боломжтой 2000 хүний суудал, 80 мянган га талбай ногоон орчин бүхий бүтээн байгуулалтын ажил юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан энэ үеэр Энэхүү талбайд олон улсын тэмцээн уралдааныг зохион байгуулах бүрэн боломжтой болж байна. Хөл хорио тавигдсаны дараагаар тэмцээн уралдаан, урлагийн арга хэмжээг зохион байгуулах томоохон цогцолбор бий болсон. Улмаар аялал жуулчлалыг хөгжүүлэх орчиныг бүрдүүлэх бүрэн боломжтой юм. Нийслэлийн зүгээс иргэддээ зориулсан амралт зугаалга, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх ийм бүтээн байгуулалтыг хийхийн төлөө ажиллаж байна. Иргэдийнхээ дэмжлэг, хяналттайгаар тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудыг хийх хэрэгтэй. Солонгорсон эдийн засагтай болохын тулд аялал жуулчлал, спортоор дамжуулан эдийн засгаа хөгжүүлэх зорилго тавьж байгаагийн хүрээнд урлагийн задгай тайз, спортын талбайгаа иргэддээ сурталчлан таниулах хэрэгтэй байна гэсэн юм. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл Бид талбайн аюулгүй байдлыг хангах үүднээс камержуулах ажлыг судалж, анхаарч ажиллаж байна. Энэхүү талбайгаа жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулдаг болгох, аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэхэд анхаарч ажиллах болно. Задгай театрт соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулах, Чингэлтэй уул руу алхах замыг бий болгох гээд төлөвлөсөн олон ажлууд бий хэмээлээ. Иргэдийн зүгээс хог хаях, нийтийн өмчид ариг гамгүй хандах асуудал байгааг холбогдох албаныхан хэлж байлаа. Харин нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хог хаяхгүй байх, нийтийн эзэмшилд анхаарал, хяналттай байхыг иргэддээ уриалж ажиллах, иргэдтэйгээ хамтарч ажиллах шаардлагатай гэдгийг хэлэв. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Тахилт, Цагдаа толгой орчимд баригдаж буй цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын явц 65 хувьтай байна

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилт, Цагдаа толгой орчимд байгуулж буй цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын явцыг шалгалаа. Нийслэл хотод хийгдэж буй таван том цэцэрлэгт хүрээлэнгийн нэг болох энэхүү хүрээлэн нь 4 га талбайг эзэлж байгаа юм. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг Неон гэгээ ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ирэх аравдугаар сард хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын явц 65 хувьтай үргэлжилж байна. Энэхүү тохижилтын ажлын хүрээнд 750м дугуйн болон гүйлтийн зам, 8000м2 явган зам, 54 машины авто зогсоол, хүүхдийн тоглоом, хөлбөмбөг, сагсан бөмбөгийн талбай, худаг гаргах, ногоон байгууламжийн усалгааны систем, 1500 орчим нарс, хайлаас, 22000м2 талбайг зүлэгжүүлэх зэрэг иж бүрэн ажлыг хийж байна. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын явцыг шалгах үеэр Иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилгоор хийж байгаа тохижилтын ажлыг ашиглалтад оруулсны дараагаар заавал эзэнтэй болгох, арчлалт, цэвэрлэгээ, хамгаалалт, аюулгүй байдлыг хангах ёстой. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй гэдгийг хэлж байлаа. Мөн цэцэрлэгт хүрээлэнд ус урсах магадлал байгаа учир усны хаялагуудыг гаргаж өгөх шаардлагатай байгааг захиалагч болон гүйцэтгэгч компаниудад анхаарууллаа. Бүтээн байгуулалтын ажлыг ашиглалтад оруулсны дараагаар арчлалт, хамгаалалтыг хэрхэн хангах асуудлаар санал бэлтгэн нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах үүргийг Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэмд үүрэг болголоо. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын явцыг сонсож, холбогдох газруудад үүрэг даалгавар өгөв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нийслэлд хийгдэж буй тохижилт, авто зам, худалдан авах ажиллагаа, хөрөнгө оруулалтын ажлын явцын талаарх мэдээллийг холбогдох албаныхнаас сонслоо. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хэрэгжүүлж байгаа тохижилт, ногоон байгууламжийн ажлын танилцуулгыг УБЗАА-ны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм хийв. Тэрбээр Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2020 онд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 24000м2 эвдрэл бүхий явган замын судалгаа гарган шинэчлэлт хийх ажлыг зохион байгуулж байна. Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/471 дугаар захирамжийн дагуу Хотын ерөнхий менежерийн А/131 дүгээр тушаалаар төвийн зургаан дүүргийн хэмжээнд нийт 18 байршлын 10290м2 талбайд хийгдэх 12 багц ажлын гүйцэтгэгчийг шалгаруулан ажлыг эхлүүлсэн. Эхний хагас жилийн байдлаар таван байршилд 55м2 явган замыг засварлалаа. Мөн нийслэлийн хэмжээнд 22 байршилд сагсанбөмбөг, хөлбөмбөгийн талбайн тохижилтын ажил хийгдэж байна гээд энэ онд Улаанбаатар хотод хийгдэж байгаа тохижилт, ногоон байгууламжийн ажлуудын талаарх товч мэдээллийг хүргээд бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэний дараа арчлалтын асуудал тулгардаг. Энэ талд цаашид анхаарч шийдвэр гаргаж ажиллах нь зүйтэй гэдэг саналыг хэлсэн юм. Хөрөнгө оруулалтын ажлын явцын талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын ерөнхий инженер Т.Оргил-Эрдэнэ Ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон бороо болон Ковид19-той холбоотой цемент дутагдалтай байгаагаас шалтгаалан зарим барилгын ажлууд удаашралтай байна. Ялангуяа тохижилтын ажлуудад саатаж байна. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраар 514 ажил хэрэгжиж байна. Нийт ажлын явц 59 хувьтай байгаа. Үүнээс он дамжсан 270 ажил, шинээр хийгдэж 244 ажил байна гэсэн мэдээллийг өглөө. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Болормаа Худалдан авах ажиллагааны газарт өнөөдрийн байдлаар 207 ажил эрх шилжиж ирсэн. Үүнээс тендер зарласан 29, үнэлгээ хийгдэж байгаа 25, зураг төсөв, ажлын даалгавар байхгүй 17, гэрээ хийгдсэн 98 ажил байна. Мөн гэрээ байгуулах эрх олгосон 24, тендерийн бичиг баримт боловсруулж байгаа 10, газрын асуудал шийдвэрлэгдээгүй 4 ажил байна гэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Хүн болгоны татварын мөнгөөр хийгдэж байгаа энэ бүтээн байгуулалтын ажлууд ямар нэгэн шалтгаанаар удааширч болохгүй. Бид хотын өмч хөрөнгө бүрийг хайрлаж, хамгаалах ёстой. Иргэдтэйгээ хамт хяналтаа тавьж ажиллана. Бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөртэй холбоотой бүх ажлуудын талаарх мэдээлэл иргэдэд нээлттэй байх ёстой. Иргэд хяналтаа тавьдаг, оролцоогоо нэмэгдүүлдэг, цаашид арчилгаа тордолгоонд хамтарч оролцдог байх нь зүйтэй. Урин дулааны энэ үед бүтээн байгуулалтын ажил зогсож болохгүй. Холбогдох байгууллагууд чиглэл чиглэлдээ ажлаа сайн хий. Хаанаас хэнээс болж ажил гацаж байгааг олон нийтэд нээлттэй мэдээлж, газар дээр нь явж ажиллана хэмээлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.