П.Бүрэнтөгс ес даван түрүүлж, Монгол Улсын аварга боллоо

​ Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдаандУлсын арсланП.Бүрэнтөгс Улсын аварга Н.Батсууриар ес давж, Монгол Улсын 25 дахь аварга боллоо.Улсын аварга П.Бүрэнтөгс 2012 онд буюу Их Монгол Улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойн үндэсний их баяр наадамд ес давж Улсын арслан цол хүртэж байв. Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Увс аймгийн харьяат, Увс нуур дэвжээний бөх П.Бүрэнтөгсөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Улсын аварга цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэгийг гардуулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг хааж үг хэлэв. Тэрбээр Дэлхий даяарт тархан суурьшсан монгол туургатнууд аа, Өвгөд дээдэс минь тулгар төр байгуулагдсан цаг үеэс эхлэн эрийн гурван наадмаа алгасалгүй хийж ирсэн уламжлалыг баримталж, түүхийг тасалж, ёсыг алдахгүйг хичээн энэ жилийн наадмаа зохион байгууллаа. Монгол наадам бол монгол түмний цэнгэлийн манлай, өв их соёл, барагдашгүй уламжлал, үгүйсгэшгүй ёс заншлын цогц юм.Наадам монголчуудын эв нэгдлийг бататгаж, үндэсний бахархлыг сэрээдэг. Түмэн жилд мөхөөгүй нүүдэлчдийн аугаа их соёлоо үеэс үед уламжлан, Төрийн их сүлдийг цэнгүүлж, наадамчин олноо баясган хүч, хурд, цэц мэргэнээ сорьдог зон олны маань соёл уламжлал билээЭрэмгий бөхчүүдээ үзэн баясаж, шандаст хүлгийнхээ хурд хүчийг сорьж, эрхий мэргэд цэцээ гайхуулахыг харж баясахаас илүү сайхан зүйл үгүй билээ. Монгол үндэстэн байсан цагт монгол наадам тасалдах ёсгүйг бид баттай ойлголоо. Тусгаар тогтнол юуны өмнө өөрийн гэх түүх, өв соёлоор, үндэсний их бахархлаар хэмжигдэнэ. Тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд үндэстний эв нэгдэл юунаас ч илүү үнэтэй бөгөөд үүнийг цаг мөч бүр тордон бататгаж байхын чухлыг энэ жилийн наадам дахин нотлон харууллаа. Үүнийг би энэ жилийн наадмын гол ололт хэмээн үзэж байна. Наадамчин олондоо баярлалаа. Сайхан наадаарай хэмээсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Үндэсний сур болон шагайн харвааны шагнал гардууллаа

​ Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадам 13-р зуун цогцолборт үргэлжилж байна. Энэ жил нийт 540харваач цэц мэргэнээ сорьсноос эмэгтэй 144, эрэгтэй 396 харваач оролцож, дөрвөн улсын цолтон төрөн гарлаа. Харин Үндэсний их баяр наадмын шагайн харваагаар үлэмж дархан мэргэн нэг, гарамгай мэргэн нэг, Монгол Улсын мэргэн хоёр, хошой мэргэн тав төрлөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан нар үндэсний сур болон шагайн харваанд түрүүлсэн багуудад шагнал гардуулав. Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давж, начин цол хүртсэн аймгийн арслан Х.Цогтгэрэл, аймгийн арслан О.Мөнх-Эрдэнэ, аймгийн арслан Ц.Мөнхбаяр, Цэргийн арслан Т.Дүгэрдорж , аймгийн арслан Д.Хүдэрбулга, аймгийн арслан Н.Мустафа, аймгийн арслан Ш.Пүрэвгарьд нарт Монгол улсын eрөнхийлөгч Х.Баттулга үнэмлэх тэмдэгийг гардуулан өглөө. Түүнчлэн Өмнөговь аймгийн харьяат Говийн хүчтэн дэвжээний бөхЦ.Одбаяр, Баянхонгор аймгийн Богд сумын харьяат Хонгор нутаг дэвжээний бөхБ.Бат-орших, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Бөх билэгт дэвжээний бөхБ.Зоригтбаатар нар Улсын Харцага цол тэмдэгээр тус тус шагнууллаа. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Үндэсний их баяр наадмын нээлт боллоо

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт ёслол төгөлдөр боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлж, есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлснээр Үндэсний их баяр наадам албан ёсоор нээсэн юм. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын бөх, сур, шагайн харвааг XIII зуун цогцолбор, зургаан насны морин уралдааныг Хүй долоо худаг-т зохион байгуулж, хүн амын төвлөрөл үүсгэхгүйгээр иргэд олон нийтэд онлайн, теле хэлбэрээр шууд дамжуулан үзүүлж байна. Телевизүүдийн холбооны өргөн нэвтрүүлгийн 16 телевиз, МҮОНРТВ бөхийн барилдаан, сур шагайн харваа болон морин уралдааныг техникийн дэвшил, өндөр хурдны интернетийн сүлжээний тусламжтайгаар тасралтгүй шууд дамжуулан хүргэж байна. Үндэсний Их баяр наадмыг бүхэлд нь Монгол наадам контент болгон боловсруулж, Олон Улсад аялал жуулчлалын бренд бүтээгдэхүүнээр түгээн сурталчлах видео бүтээл болгон авч үлдэхээр Hero энтертайнмент ажиллажээ. Монголчуудын төрт ёсны уламжлал, үүх түүх, эрийн гурван наадам, ард иргэдийн хувцас хэрэглэлийн соёл, ахуй нөхцөл, гэр бараа зэргийг Их Монгол Улсын үеийнхээр үзүүлэхээр дэглэн найруулсан байв.

56 дуут цамхгаар зарлан мэдээлэл хүргэнэ

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх шуурхай штаб байгуулагдан ажиллаж байна. Тус штаб нь болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, шуурхай арга хэмжээ авах чиглэлээр аймаг, нийслэл, дүүрэгт байгуулагдсан шуурхай штабуудыг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах юм. Нийслэлийн хэмжээний зарлан мэдээллийн 56 дуут цамхгаар 3 цаг тутамд иргэдэд цаг агаарын мэдээ, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэнэ. Аадар бороо орж аюултай нөхцөл үүссэн тул Улаанбаатар хотоос Дархан, Арвайхээр, Чойр, Мандалговь, Өндөрхаан чиглэлд зорчихгүй байхыг Улсын Онцгой комиссоос анхааруулж байна.

Мэндчилгээ

2020-07-10 10:44:46 Нийтлэгдсэн: Нийгэм
Мэндчилгээ

Эрхэм хүндэт Нийслэлчүүд, Эрхэм хүндэт Наадамчид Та бүхэндээ Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг хүндэтгэн дэвшүүлье. Төрт ёсны их баяр цэнгэл наадам бол монгол түмний оюун сэтгэхүй, түүх соёл, үндэсний ижилслийн гол дархлааг хадгалсаар ирсэн. Хүн төрөлхтний биет бус соёлын үнэт өвд бүртгэгдсэн дэлхийд ганц Монгол наадмаараа монголчууд бид үндэстний эв нэгдэл, бахархал, омогшил, баяр цэнгэл, төрт ёсны хүндэтгэл, түмэн олны бишрэл бүгдийг нэгэн дор цогцлоон нааддаг билээ. Энэ жилийн хувьд дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахалтай холбогдуулан Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу нэг дор олон хүн цугларуулахгүйн тулд баяр наадмын үйл ажиллагааг телевизийн сувгууд болон олон нийтийн сүлжээгээр дамжуулан орон даяар наадамчин олондоо хүргэж байгаа юм. Хүн төрөлхтний өмнө томоохон сорилт шалгуурыг бий болгож, хүчирхэг эдийн засагтай улс гүрнүүдийг ч барьц алдуулахад хүргэж буй Ковид19 цар тахлыг дотооддоо алдаагүй цорын улс болж чадсан монгол түмэндээ, нийслэлчүүддээ халуун талархал илэрхийлээд, баяр наадмын өдрүүдээр хөл хорионы горимыг дор бүртээ сайтар баримтлахыг хичээнгүйлэн хүсье. Энэ жилийн наадам урьд жилүүдийнхээс илүү хариуцлагатай байхыг биднээс шаардаж байгааг умартах ёсгүй ээ. Хэдийгээр цаг үе амаргүй, эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа ч нийслэл хотын зүгээс урин дулааны улиралд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудаа шуурхай хийж хэрэгжүүлэхээр шат шатандаа өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа билээ. Ялангуяа баяр наадмын амралтаар нийслэлчүүд маань агаар салхинд гарахдаа гол усанд осолдох эрсдэл их байдаг учраас Онцгой, Цагдаа тэргүүтэй нийслэлийн холбогдох байгууллагууд байнгын Эргүүл ажиллуулж байна. Төрт ёсны уламжлалт их баяр цэнгүүн Улсын баяр наадамдаа зодоглосон бөхчүүд нь иртэй бяртай, уясан хүлэг нь хурдан шандастай, унасан хүүхэд нь авхаалж самбаатай, эрхий мэргэн харваачид нь онч цэцтэй байх болтугай. Хотол түмнээрээ сайхан наадаарай. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.