Ерөнхийлөгч Х.Баттулга гадаадад байгаа иргэдийг эх оронд нь татан авчирах ажлаа өргөтгөх үүрэг, чиглэл өгөв
2020-07-10 09:38:43 Нийтлэгдсэн: Нийгэм![Ерөнхийлөгч Х.Баттулга гадаадад байгаа иргэдийг эх оронд нь татан авчирах ажлаа өргөтгөх үүрэг, чиглэл өгөв](/uploads/40b87b7eb882f2e0eb7b66fbba46fac61bc80dea.jpg)
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Засгийн газрын зарим гишүүд, холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, гадаадад байгаа монгол иргэдээ эх оронд нь татан авчирах асуудлыг илүү өргөн хүрээнд үргэлжлүүлэх үүрэг, чиглэл өглөө. Тухайлбал, Монгол Улс өнөөдрийг хүртэл 12853 иргэнээ 40 гаруй улсаас татан авсан ч цаана нь ирэх хүсэлтэй 10 орчим мянган иргэний нөхцөл байдал хүнд байгаа тул цаашид тусгай нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, илүү шуурхай ажиллахыг үүрэг болгов. Ингэхдээ дараа, дараагийн тусгай нислэг үйлдэх хуваарь, боломж нөхцөл, эрүүл мэндийн салбарын хүчин чадал, тусгаарлах байр зэрэг холбогдох судалгааг нарийн гаргаж танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатарт үүрэг болгов. Мөн өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж байсан наймдугаар сарын 1-н хүртэл үргэлжлэх иргэдээ татан авах эхний төлөвлөгөөг тасралтгүй хэрэгжүүлж, салбар, салбарын бэлэн байдлаа хангахыг сайд нарт даалгав. Уулзалтад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Т.Бадрал, Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг нарын холбогдох хүмүүс оролцлоо. Нийтэлсэн:Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба
Ихэнх нутгаар хүчтэй аадар бороо орох тул иргэдийг сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна
2020-07-10 09:16:24 Нийтлэгдсэн: Нийгэм![Ихэнх нутгаар хүчтэй аадар бороо орох тул иргэдийг сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна](/uploads/6fa9c5138a1d9b84a464e80602d6ae95c8accd76.png)
НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар, НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй нар үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Төв аймгийн зүүн хэсэг, Зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгаар усархаг бороо орно. Энэ сарын 11, 12-ны өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орох тул үер, ус, нөөлөг салхины аюулаас болгоомжлохыг ард иргэддээ сэрэмжлүүлж байна. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хэлэхдээ Баяр наадмын өдрүүдэд амралт зугаалгаар явж байхдаа хамт явж буй хүмүүстээ тавих анхаарлаа нэмэгдүүлэх, ялангуяа бага насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулж байна. Машин техникийн аюулгүй байдлыг бүрэн хангах, хөдөө орон нутагт зорчсон талаарх мэдээллийг ар гэрийнхэндээ өгч байх, утсан холбооны найдвартай байдлыг хангах зайлшгүй шаардлага үүсч байна. Энэ сард ихэнх нутгаар аадар, усархаг бороо орох төлөвтэй байна. Одоогийн байдлаар Төв аймгийн ихэнх нутгаар үргэлжилсэн усан бороо орж, нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байна. Төв аймгийн Лүн сумын замд машин зорчих боломжгүй нөхцөл байдал үүссэн учир замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан. Мөн Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдэд үер, усны дуудлагатай байна. Геодези, усны барилга байгууламжийн газраас үзлэг шалгалт, хэмжилтүүдийг хийж, замын усыг соруулах, аюулгүй болгох ажлыг зохион байгуулан ажиллаж байна гэсэн юм. НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар Улсын Онцгой комиссоос шийдвэр гарч, теле баяр наадмыг зохион байгуулахаар болсон. Иймд иргэд усархаг, аадар бороотой баяр наадмын өдрүүдэд аль болох гарахгүй байж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна. Туул, Хэрлэн, Тэрэлж гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүлийг хүч нэмэгдүүлэн ажиллуулж байгаа. Онцгой байдлын газраас нийслэл хотод байгаа гамшгийн зарлан мэдээлэх самбарт иргэддээ сэрэмжлүүлэг мэдээг хүргэх болно. Бид 09:00, 12:00, 15:00, 18:00 цагуудад үер, усны аюулаас сэрэмжлүүлэх мэдээг хүргэнэ. Иргэдийн хувьд сэрэмжлүүлэг мэдээнд анхаарч, ажил, амьдрал, амралт зугаалгаа зохицуулахыг хүсч байна хэмээлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
![ХАБЭА-ЫН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЖ ЭХЭЛЛЭЭ](/uploads/514665aa09eac9b4e8dc5774c883c4192828438e.jpg)
ХНХЯ-наас БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн агентлагтай хамтран ХАБЭА-ын сургагч багшийн сургалтыг 2019 оны 12 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Нийт 5 өдрийн 45 цагийн сургалтад холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагын мэргэжилтэн, багш, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан нийт 28 хүн суралцаж, ХАБЭА-ын сургагч багш нар боллоо. БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн агентлаг /КОША/ нь ХАБЭА-ын сургагч багшийн сургалтыг хариуцан зохион байгуулдаг төрийн байгууллага бөгөөд сургалтын энэ төрлийг олон жил хариуцан зохион байгуулсан туршлагатай, мэргэшсэн, чадварлаг багш мэргэжилтнүүдтэй, БНСУ-даа эрэлт, нэр хүнд өндөртэй сургалтад ордог байна. Сургалтад КОША-гаас ХАБЭА-ын сургалтын төвийн ерөнхий захирал Шин Инжэ, ХАБЭА-ын сургалтын төвийн профессор Бён Жунхан, ХАБЭА-ын сургалтын төвийн газрын дарга, профессор Жо Минхван болон ХАБЭА сургалтын төвийн ахлах менежер Ким Жёнсоп нар ирж оролцон, мэдлэг, туршлагаа хуваалцлаа. Сургалтын хийчээлийн гол агуулга нь багшийн заах арга зүй, насанд хүрэгчдийн сургалтын онцлог зэрэг сэдэв байлаа.Амжилттай төгссөн суралцагчдад БНСУ-ын КОША агентлаг болон ХНХЯ-ны хамтарсан сертификатыг ХНХ-ийн дэд сайд С.Мөнгөнчимэг, КОША-гийн ХАБЭА-ын сургалтын төвийн ерөнхий захирал Шин Инжэ нар гардууллаа.
12-р сарын 23-24 ны өдрүүдэд HRD Korea байгууллагын дарга, менежер, K-Star төслийн төслийн менежер мужаан, өрөг, сантехникийн эксперт багшийн хамт Монгол ур чадвар-2019 багийн амжилт болон сайжруулах шаардлагатай зүйлсийг дүгнэн ярилцахаар 2 хоногийн сургалтыг зохион байгуулж байна. ХНХЯ-ны МБСБХЗГ-ын дарга А. Халиунаа хурлыг нээж, 2019 онд Дэлхийн ур чадварын тэмцээнд Монголын багийн гагнуурын мэргэжлийн амжилтыг онцолж, дараа дараагийн тэмцээнд амжилт гаргахын төлөө хичээнгүйлэн ажиллахаа илэрхийлэв. Сургалтын үеэр дараах илтгэлүүд тавигдана: 1. K Star төслийн менежер Монгол ур чадвар тэмцээний өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд 2. Монгол ур чадвар баг-2019-ыг хариуцан ажилласан МБСТ нь Казаны тэмцээн дэх Монгол ур чадвар багийн оролцоо, SWOT шинжилгээ, HRD Korea-тай хийх дараагийн хамтын ажиллагаа 3. Мужаан, өрөг, цахилгаан гэсэн 3 мэргэжлийн үндэсний тэмцээний даалгавар боловсруулах кэйс ажил Сургалтын үр дүнд бид нар Монгол ур чадвар тэмцээн-2020-ын товыг гаргаж, Дэлхийн ур чадварын тэмцээн-2021-д HRD Korea-тай ямар байдлаар хамтран ажиллах, хэрхэн яаж бэлтгэл хийх зэрэг асуултуудын хариулт тодорхой болгонo.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 60 дугаар зарлигийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гудамж талбайд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй эмзэг цэгүүдийг иргэд, олон нийтийн оролцоотой хяналтад авах зорилгоор Хүүхэд хамгаалагч төслийг 2020 онд хэрэгжүүлэхээр Санамж бичиг-т гарын үсэг зурах арга хэмжээ энэ оны 02 дугаар сарын 19-ний өдөр боллоо. Арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир нээн үг хэлж, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирч байгаа нөхцөл байдал, Хүүхэд хамгаалагч төслийг 2019 онд хэрэгжүүлсэн үр дүн, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл танилцуулж, оролцогч байгууллагуудын удирдлагууд болон өнгөрсөн онд Хүүхэд хамгаалагч-аар ажилласан ахмад ажилтан нар төслийн хэрэгжилт, үр дүн, анхаарах асуудлын талаар харилцан санал солилцов. Санамж бичигт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Бадрахбаяр, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал нар гарын үсэг зурлаа. Энэхүү Санамж бичиг нь талууд хууль тогтоомжид заасан чиг үүргийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны Засгийн газарт чиглэл өгөх тухай 60 дугаар зарлиг, Засгийн газрын 2019 оны 2019-2020 оныг хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгон зарлах тухай 210 дугаар тогтоол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/116 дугаар тушаалаар баталсан Хүүхэд хамгаалагч төсөл-ийг хэрэгжүүлэх, хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангахад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах зорилготой юм. Хүүхэд хамгаалагч төслийг 2019 онд анх туршилтаар хэрэгжүүлж, 21 аймгийн төв, нийслэлийн 9 дүүргийн 152 хороонд сайн дураар ажиллах хүсэлт гаргасан өндөр настны тэтгэвэрт гарсан 194 хүнийг ажиллуулсан бол энэ жил хүүхэд хамгаалагчийн тоог нэмэгдүүлж байгаа бөгөөд цагдаа, цэрэг, эрүүл мэнд, боловсрол, хүүхдийн байгууллагаас өндөр настны тэтгэвэрт гарсан 65 хүртэлх насны иргэдээс сонгон шалгаруулж, нийслэлийн 172 хороонд тус бүр 1, 21 аймагт тус бүр 2, улсын хэмжээнд нийт 214 хүүхэд хамгаалагчтай гэрээ байгуулж ажиллуулна. Хүүхэд хамгаалагч эргүүлүүд 2019 онд ажлын өдрүүдэд 1550 чиглэлд ажиллаж, давхардсан тоогоор 150259 хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хүчирхийлэлд өртсөн 12 хүүхдийн мэдээллийг хамтарсан багт, гэмт хэрэг, зөрчлийн болон цаг хэтрүүлэн ажиллаж байгаа цахим тоглоомын газруудын талаар цагдаагийн байгууллагад тус тус мэдээлж, төөрсөн 79, цасан болон шороон шуурганы үеэр хараа хяналтгүй явсан бага насны 183 хүүхдийг гэрт нь хүргэж, хүүхэд шууд эрсдэж болзошгүй 128 тохиолдлоос урьдчилан сэргийлж, зөвшөөрөлгүй газар тамхи татсан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан зэрэг 161 зөрчлийг таслан зогсоосон байна. Уг төсөл хэрэгжсэнээр 2019 онд хүүхэд хохирсон гэмт хэрэг 5.3 хувиар буурсан эерэг үр дүн гарчээ. Төсөл хэрэгжсэнээр хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, хүүхдийг аливаа эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, үүнд иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй